Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 05 сарын 19 өдөр

Дугаар 001/ХТ2022/00617

 

 

******* ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч П.Золзаяа даргалж, шүүгч Г.Банзрагч, Б.Мөнхтуяа, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 184/ШШ2020/00879 дүгээр шийдвэр,

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 1182 дугаар магадлалтай,

 

******* ХХК-ийн нэхэмжлэлтэй

Б.Эрдэнэдондогт холбогдох

 

Гэрээний үүрэгт 7,776,441 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Даваажаргалын хяналтын журмаар гаргасан гомдлоор

 

шүүгч Х.Эрдэнэсувдын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: хариуцагчийн өмгөөлөгч Г.Гантуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгч ******* ХХК-аас*******т холбогдуулан гэрээний үүрэгт 7,776,441 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

 

2. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 184/ШШ2020/00879 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч*******оос 3,966,751 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгон, үлдэх 3,799,690 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 139,213 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагчаас 78,438 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 1182 дугаар магадлалаар: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 184/ШШ2020/00879 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт тус тус заасан үндэслэлгүй тул хариуцагч*******т холбогдох 7,776,441 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэгч ******* ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Даваажаргал хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлд заасны дагуу хяналтын журмаар гомдол гаргаж байна.

******* ХХК болон******* нарын хооронд 2019.07.22-ны өдөр Иргэний хуулийн 343 дугаар зүйлд заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр******* нь Багатэнгэрийн ам дахь 416 тоот амины орон сууцны гадна фасад, лифтний хэсгийн засварын ажлыг мөн өдрөөс 8 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл буюу 15 хоногийн хугацаанд хийж гүйцэтгэхээр, ******* ХХК нь ажлын хөлс 13,332,250 төгрөгийг төлөхөөр тус тус харилцан тохиролцсон бөгөөд талууд дээрх гэрээний хүчин төгөлдөр байдал болон ажлын хөлс 9,099,000 төгрөгийг хүлээлгэн өгсөн, авсан үйл баримтад маргадаггүй.

4.1. Дээрх гэрээгээр, ажил гүйцэтгэгч буюу хариуцагч******* нь Иргэний хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.1-д заасны дагуу гэрээнд заасан ажлыг тогтоосон хугацаанд гүйцэтгэх үүрэг хүлээсэн бөгөөд тэрээр гэрээний үүргээ биелүүлээгүй, өөрөөр хэлбэл гүйцэтгээгүй ажлын төрөл, тоо хэмжээ, ажлыг хугацаандаа хийж гүйцэтгээгүй талаараа маргадаггүй, харин гэрээ байгуулснаас 3 хоногийн дараа нэхэмжлэгч ******* ХХК нь Хай Монголиа хот пот рестораны И-март салбарын заслыг ажлыг хийлгэх болсон учир Н.Золзаяатай тохирч үлдэх ажлыг хийлгэсэн гэж маргасан.

Б.Эрдэнэдондог нь хувиараа гэрээ байгуулж, барилгын заслын ажил гүйцэтгэдэг, улмаар барилгын олон бригад ажиллуулж, олон гэрээгээр хэд хэдэн ажил зэрэг гүйцэтгэдэг бөгөөд фасадны ажлын хажуугаар рестораны заслын ажлыг хийх боломжтой гэж тайлбарлан, хот пот рестораны заслын ажлыг хийж гүйцэтгэхээр 2019.07.25-ны өдөр гэрээ байгуулсан юм. Түүнээс хот пот рестораны заслын ажлыг хийж гүйцэтгэснээр өмнөх фасадны засварын ажил гүйцэтгэх гэрээ дуусгавар болоогүй, түүний дээрх тайлбарт дурдсан 3 хоногийн хугацаанд 9,099,000 төгрөгийн ажил гүйцэтгэх ямар ч боломжгүй юм.

Түүнчлэн, нэхэмжлэгчээс 2019.07.20, 2019.08.04, 06, 08, 12, 16-ны өдрүүдэд фасадны ажлын хөлсийг*******т шилжүүлээд байгаа үйл баримт нь фасадны ажил дуусаагүй болохыг, энэ хугацаанд******* уг ажлыг гүйцэтгэж байсан болохыг, ажил гүйцэтгүүлэгч Иргэний хуулийн 346 дугаар зүйлийн 346.2-т заасны дагуу хийсэн ажлынх нь хэмжээнд тохирсон хөлсийг төлж байсан болохыг нотолж байна.

Ийнхүү хариуцагч*******той гэрээгээр тохирсон хугацаанд ажлыг хийж гүйцэтгэн, ажлын үр дүнг хүлээлгэж өгөөгүй, нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчийн гэрээний үүргээ биелүүлэхийг удаа дараа шаардаж, амаар болон түүний 88073314 дугаарын утсаар холбогдоход элдэв шалтаг тоочин хойшлуулж байсан, бид хүлээгээд ч ямар нэг үр дүн гарахгүй болох нь илт болсон учир нэмэлт хугацаа тогтоож өгөлгүйгээр 2019.08.30-ны өдөр Н.Золзаяатай ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, уг гэрээгээр хариуцагч*******ийн дутуу хийсэн ажлыг 8,200,000 төгрөгөөр гүйцэтгүүлэхээр тохиролцож, Н.Золзаяад ажлын хөлсний зөрүүд төлсөн 3,996,751 төгрөгийг хохиролд тооцож, алдангийн хамт нийт 7,776,441 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн.

4.2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, 6.6-д зааснаар зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нь хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэх бөгөөд нэхэмжлэлийн шаардлагын талаарх тайлбарыг гагцхүү зохигч талууд гаргах ёстой. Хариуцагч******* нь энэ хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүргээ хэрэгжүүлээгүй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т зааснаар хэргийн нотлох баримтад зохигчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг багтах бөгөөд хариуцагч шүүхийн хэлэлцүүлэгт ...гүйцэтгээгүй ажлын төрөл, тоо хэмжээ, ажлыг хугацаандаа хийж гүйцэтгээгүй талаар болон уг ажил дуусгавар болоогүйн улмаас Н.Золзаяагаар ажил гүйцэтгүүлсэн үйл баримтад хариуцагч маргаагүй /хх-145/, мөн гэрээний үүргээ биелүүлсэн гэж үзэж, зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр гэрээгээр тохирсон ажлын хөлс 13,332,250 төгрөгийн үлдэгдэл 4,233,250 төгрөгийг гаргуулахаар захиалагчид болон шүүхэд хандаагүй байхад давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийг ...үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон, ...үүрэг гүйцэтгэхийг урьдчилан сануулсан, ...үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоох буюу урьдчилан сануулах шаардлагагүй болсон, ...хариуцагчийг ажлаа бүрэн хийж дуусгахыг шаардаж байсан талаар нотлоогүй байна гэж, 2019.08.16-ны өдөр 2,100,000 төгрөгийг фасад үлд цалин гэсэн утга бүхий шилжүүлгийн баримтыг үнэлж, ...фасадны ажлын хөлсний үлдэгдлийг хариуцагчид төлж уг гэрээ дуусгавар болсон гэж талуудын маргаагүй асуудлаар, мөн 9,099,000 төгрөгийг төлснөөр ажлын үр дүнг хүлээж авсан гэж тус тус дүгнэж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Иймд хариуцагч гэрээгээр тохирсон хугацаанд үүргээ биелүүлээгүйн улмаас нэхэмжлэгчид хохирол учирсан шалтгаант холбоо тогтоогдож байх тул давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

5. Хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангах үндэслэл тогтоогдсонгүй.

 

6. Нэхэмжлэгч ******* ХХК нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: ...хариуцагч*******той 2019.07.22-ны өдрийн Ажил гүйцэтгэх гэрээгээр Бага тэнгэрийн ам дахь 416 тоот амины орон сууцны гадна фасад ба лифтний өргөтгөлийн заслын ажлыг 2019.08.06-ны өдрийн дотор гүйцэтгэж дуусгахаар, ажлын хөлс 13,332,250 төгрөг байхаар харилцан тохиролцсон, ...гэрээний дагуу төлбөрийн урьдчилгаа, ажлын хөлсөнд нийт 9,099,000 төгрөг авсан боловч ажлаа хугацаанд нь хийж дуусгаагүй тул үлдсэн ажлыг Н.Золзаяагаар гүйцэтгүүлсэн. Нэхэмжлэгч нь Н.Золзаяад ажлын хөлсөнд 8,200,000 төгрөгийг төлсөн. Хариуцагч нь ажлаа хугацаанд нь хийж гүйцэтгэсэн бол 13,332,249 төгрөгөөр ажлыг гүйцэтгэх байтал бид 17,299,000 төгрөгөөр ажлыг гүйцэтгүүлсэн, 3,966,751 төгрөгийн хохирол учирсан. Гэрээний 2.9-д зааснаар үүрэг гүйцэтгэгч үүргийг хугацаандаа гүйцэтгээгүй бол алданги тооцохоор харилцан тохиролцсон тул алдангийг Н.Золзаяагаас ажил хүлээж авсан өдөр хүртэл тооцож /13,332,249х0.5%х57хоног/=3,799,690 төгрөг, нийт 7,766,441 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна... гэжээ.

 

Хариуцагч*******: ...гэрээний дагуу ажлын 70 орчим хувийг гүйцэтгэх явцад захиалагч үлдэгдэл ажлыг Н.Золзаяагаар хийлгэхээр тохирч, намайг дараагийн ажил руугаа ор гэсэн. Тухайн үед хийсэн болон хийгдээгүй ажлын талаар тохиролцож, ажлыг хүлээлгэн өгсөн. Ажлын хөлсөнд 9,099,0000 төгрөгийг аваагүй, үүнээс шат авсан 2,400,000 төгрөгийн тал үнийг гаргахаар тохирсон байтал 1,200,000 төгрөгийг ажлын хөлсөнд өгсөн мэтээр нэхэмжилж буй нь үндэслэлгүй. Б.Мөнхзул нь өөрийн санаачилгаар хийж байсан ажлыг хүлээн авч, өөр хүнтэй гэрээ байгуулан үргэлжлүүлэн гүйцэтгүүлсэн тул хохирол учирсан гэх улмаар алданги нэхэмжилж байгааг зөвшөөрөхгүй... гэж маргажээ.

 

7. Хэрэгт цугларсан баримтаар хариуцагч******* нь ******* ХХК-тай 2019.07.22-ны өдөр Ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, Багатэнгэрийн ам дахь 416 тоот амины орон сууцны гадна фасад, лифтний хэсгийн заслын ажлыг 2019.07.22-ноос 2019.08.06-ны өдрийг хүртэлх хугацаанд хийж гүйцэтгэх, ажлын хөлс 13,332,250 төгрөгийг захиалагч нь хуваарийн дагуу төлөхөөр харилцан тохиролцсон,

 

Гэрээний дагуу гүйцэтгэгч ажлын 70 хувийг гүйцэтгэсэн, захиалагч ажлын хөлсөнд 9,099,000 төгрөгийг төлсөн, ...захиалагч гуравдагч этгээдээр ажлыг гүйцэтгүүлж, ажлын хөлсөнд 8,200,000 төгрөгийг төлсөн,

 

2019.07.25-ны өдрөөс нэхэмжлэгчийн санал болгосноор хариуцагч нь Хая Монголиа хотпот рестораны И-март салбарын интерьер заслын ажлын гүйцэтгэгчээр ажилласан үйл баримт тогтоогджээ.

 

8. Хоёр шатны шүүхийн зохигчийн хооронд ажил гүйцэтгэх гэрээний эрх зүйн харилцаа үүссэн, гэрээ хуулийн шаардлага хангасан хүчин төгөлдөр хэлцэл болох талаарх дүгнэлт Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2, 343 дугаар зүйлийн 343.1-д нийцсэн байна.

 

Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ.

 

Талууд гүйцэтгэсэн ажил, ажлын доголдол болон цалин хөлсний талаар маргаагүй.

 

Харин ажил гүйцэтгэх хугацааг хэтрүүлсэн эсэх нь маргааны зүйл болжээ.

 

Гэрээнд зааснаар гүйцэтгэгч нь ажлыг 2019.07.22-ноос 2019.08.06-ны хооронд гүйцэтгэх үүрэг хүлээсэн.

 

Нэхэмжлэгчээс хариуцагч нь ажлыг гэрээгээр тохирсон хугацаанд гүйцэтгээгүйгээс гуравдагч этгээдэд илүү төлбөр төлж хохирол учирсан, гэрээнд зааснаар алданги тооцох хариуцлага хүлээлгэнэ гэж, хариуцагч нь нэхэмжлэгчийн хүсэлтээр гэрээг цуцалж, ажлыг дуусгавар болгосон, ажил гүйцэтгэх хугацаа хэтэрсэнд хариуцагч буруугүй гэж маргасан байна.

 

9. Анхан шатны шүүх ...хариуцагч нь гэрээгээр хүлээсэн ажлыг хугацаанд нь гүйцэтгэх үүргээ зөрчсөн тул нэхэмжлэгчид учирсан хохирлыг төлнө, ...нийт 13,332,249 төгрөгөөр гүйцэтгэх ажлыг гуравдагч этгээдээр гүйцэтгүүлснээр 17,299,000 төгрөгийн зардал гарсан тул зөрүү 3,966,751 төгрөгийг хохиролд тооцох үндэслэлтэй, харин нэгэнт гэрээг цуцалсан тул алданги нэхэмжлэх эрхгүй... гэж дүгнэн хариуцагчаас 3,966,751 төгрөгийг гаргуулж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

 

Давж заалдах шатны шүүх хэргийг хянаад,...талууд харилцан тохиролцож ажлыг дуусгавар болгосон, нэхэмжлэгч нь гүйцэтгэсэн ажлын доголдолтой холбоотой болон ажлын гүйцэтгэлд төлсөн хөлсийг буцаан шаардаагүй, харин ажлыг хугацаанд нь гүйцэтгээгүйгээс бусдаар гүйцэтгүүлж, илүү хөлс төлж хохирсон гэх шаардлагаа нотлоогүй гэх үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож... шийдвэрлэжээ.

 

Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн нотлох баримт үнэлэх болон хууль хэрэглээний алдааг залруулж, үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийсний үндсэн дээр өөрийн эрх хэмжээний хүрээнд шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2, 166 дугаар зүйлийн 166.4 дэх заалтыг зөрчөөгүй байна.

 

10. Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1-д гэрээний аль нэг тал үүргээ ноцтой зөрчсөн бол энэ хуулийн 225, 226 дугаар зүйлүүдэд заасан үндэслэл журмын дагуу нөгөө тал гэрээг цуцалж учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй гэж,

 

Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 225.2-т талууд гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гаргаагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй, ...нэмэлт хугацаа тогтоож өгөөгүй боловч үүрэг гүйцэтгэгчид урьдчилан сануулсан бол нэмэлт хугацаа тогтоосонтой адилтгаж үзнэ гэж, 226 дугаар зүйлд нэмэлт хугацаа тогтоох, урьдчилан сануулах шаардлагагүй нөхцөл байдлыг дурджээ.

 

Хэрэгт хариуцагчийг гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаандаа биелүүлэх үүргээ зөрчсөн үндэслэлээр нэхэмжлэгч гэрээнээс татгалзсан гэх болон нэхэмжлэгч гэрээнээс татгалзсанд хариуцагч буруутай болохыг нотолсон баримтгүй бөгөөд давж заалдах шатны шүүхийн дүгнэсэнчлэн ...хариуцагчид үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон, үүрэг гүйцэтгэхийг урьдчилан сануулсан, нэмэлт хугацаа тогтоох буюу урьдчилан сануулах шаардлагагүй болсон гэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй байхаас гадна хариуцагчийг ажлаа бүрэн хийж дуусгахыг шаардаж байсан гэх тайлбараа нэхэмжлэгч нотлоогүй... байна.

 

Ажил гүйцэтгэх гэрээ хэрэгжих хугацаанд буюу 2019.07.25-ны өдрөөс нэхэмжлэгчийн санал болгосноор хариуцагч нь нэхэмжлэгчийн гүйцэтгэх Хая Монголиа хотпот рестораны И-март салбарын интерьер заслын ажлын гүйцэтгэгчээр ажилласантай холбоотойгоор гэрээгээр хүлээсэн үүргээ дуусгалгүй орхиж, үлдэгдэл ажлыг гуравдагч этгээдээр гүйцэтгүүлэхээр талууд харилцан тохиролцсоноор гэрээний үүрэг дуусгавар болсон гэх хариуцагчийн тайлбарыг нэхэмжлэгч баримтаар үгүйсгээгүй, улмаар хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Мөнхзулаас 2019.07.26-ны өдрөөс эхлэн ...материал И-март, ...цахилгааны материал, ...сантехникийн материал, ...агааржуулалтын материал, ...цалин НМ... гэсэн гүйлгээний утгатайгаар хариуцагчийн дансанд ажлын хөлс шилжүүлсэн дансны хуулгаар хариуцагч нь нэхэмжлэгчийн зөвшөөрсөн ажлыг гүйцэтгэж байсан болох нь нотлогдсон байна.

 

Иймд зохигчийн хооронд байгуулсан Ажил гүйцэтгэх гэрээ дуусгавар болж, нэхэмжлэгч ******* ХХК Н.Золзаяагаар үлдэгдэл ажлыг гүйцэтгүүлж, ажлын хөлсөнд 8,200,000 төгрөг төлсөнд хариуцагчийг буруутгах үндэслэлгүй тул хариуцагч*******оос хохирол болон гэрээнд заасан алдангийг хариуцуулах үндэслэлгүй гэх давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хэрэгт цугларсан баримтад үндэслэгдсэн, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн байна.

 

11. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...хариуцагч нь фасадны ажлын хажуугаар рестораны засварын ажлыг гүйцэтгэх боломжтой гэж тайлбарлан засварын ажлыг хийж гүйцэтгэхээр гэрээ байгуулсан, ...улмаар энэ хугацаанд фасадны ажлыг хийж байсан нь түүнд ажлын хөлс олгож байсан баримтаар нотлогдоно... гэжээ. /тодорхойлох хэсгийн 4.1/

 

Нэхэмжлэгч нь хариуцагчтай өөр ажил гүйцэтгүүлэхээр гэрээ байгуулахдаа өмнөх гэрээний ажлыг хэрхэн дуусгавар болгох талаар тухайлан тохиролцоогүй тул нэхэмжлэгчийн санал болгосноор өмнөх ажлыг орхиж, дараагийн ажлыг гүйцэтгэж эхэлсэн гэх хариуцагчийн тайлбарыг үгүйсгэх үндэслэлгүй, энэ талаар хийсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь заалтыг зөрчөөгүй байна.

 

Түүнчлэн нэхэмжлэгч нь хариуцагчийн гүйцэтгэсэн ажил, түүнд олгосон ажлын хөлстэй холбогдуулан шаардлага гаргаагүй тул гуравдагч этгээдээр гүйцэтгүүлсэн ажлын хөлсөнд төлсөн төлбөр хариуцагчтай байгуулсан гэрээний үнийн дүнгээс хэтэрч, энэ хэмжээгээр хохирсон гэх үндэслэлээр хохирол гэж шаардсан нь үндэслэлгүй, нэхэмжлэлээ баримтаар нотлоогүй байна.

 

Харин гэрээ цуцлагдсан үндэслэлээр алдангийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн хоёр шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэгч гомдол гаргаагүй болно.

 

12. Дээр дурдсан үндэслэлээр хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 1182 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Даваажаргалын гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс 2020.06.25-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 78,500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ЗОЛЗАЯА

 

ШҮҮГЧИД Г.БАНЗРАГЧ

 

Б.МӨНХТУЯА

 

Д.ЦОЛМОН

 

Х.ЭРДЭНЭСУВД