Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 03 сарын 19 өдөр

Дугаар 184/ШШ2020/00879

 

 

 

 

 

 

          2020          03             19

                                  184/ШШ2020/00879

 

                  

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Нямсүрэн даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “Түм” ХХК /рд:5216/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б.Э /рд:111/-д холбогдох

7,776,441 төгрөг гаргуулах шаардлага бүхий иргэний хэрэг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхзул, нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Даваажаргал, хариуцагч Б.Э, хариуцагчийн өмгөөлөгч Г.Гантуяа, гэрч Х.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Номинжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжин итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Нэг. Ажил гүйцэтгэх гэрээний үүргээ биелүүлээгүйн улмаас учирсан хохирол 3,966,751 төгрөг гаргуулах тухайд: “Түм” ХХК нь 2019 оны 7 дугаар сарын 22-ны өдөр барилгын фасадны ажил гүйцэтгэх гэрээг Б.Этой байгуулсан. Уг гэрээгээр хавсралтад дурдсан ажлыг 2019 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн дотор гүйцэтгэж дуусахаар, ажлын хөлс 13,332,250 төгрөг байхаар тохиролцсон. Энэхүү төлбөрийн урьдчилгаа 3,999,675 төгрөгийг ажил эхлэхэд, 3,999,675 төгрөгийг ажлын явцад, үлдэх 5,332,900 төгрөгийг ажил дуусахад буюу ажил гүйцэтгэх гэрээний үр дүнг хүлээн авахад төлөхөөр харилцан тохиролцон. Ийнхүү гэрээний дагуу ажлын хөлсөнд 2019 оны 7 дугаар сарын 20-ны өдөр 1,000,000 төгрөг, 2019 оны 7 дугаар сарын 20-ны өдөр 2,400,000 төгрөг /гэрээний 2.71, 2019 оны 7 дугаар сарын 26-ны өдөр 1,699,000 төгрөг, 2019 оны 8 дугаар сарын 04-ний өдөр 500,000 төгрөг, 2019 оны 8 дугаар сарын 06-ны өдөр 100,000 төгрөг, 2019 оны 8 дугаар сарын 08-ны өдөр 1,000,000 төгрөг, 2019 оны 8 дугаар сарын 12-ны өдөр 300,000 төгрөг, 2019 оны 8 дугаар сарын 16-ны өдөр 2,100,000 төгрөг нийт 9,099,000 төгрөг төлсөн. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 346 дугаар зүйлийн 346.1-т тус тус зааснаар ажлын үр дүнг хүлээн авч үүний дараа хөлс төлөх үүргийг захиалагч хүлээдэг. Ажил гүйцэтгэх гэрээ нь хариу төлбөртэй хэлцэл тул гүйцэтгэсэн ажлынхаа хөлсийг авахын тулд ажлын үр дүнг захиалагчид шилжүүлсэн байх учиртай. Гэтэл Б.Э нь ажил гүйцэтгэх гэрээний 1.3-т “батлагдсан зураг төслийн дагуу барилгын болон заслын ажлыг чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэх...”, 1.5-д “гэрээний хавсралтад заасан ажил үйлчилгээг чанарын өндөр түвшинд хийх..” 2.8-д "гэрээгээр хүлээсэн хийж гүйцэтгэсэн ажилд чанарын баталгаа олгох...” гэж мөн Иргэний хуулийн 350.1.1-т тус тус заасан үүргээ биелүүлээгүй, зарим ажлыг бүрэн хийж дуусгаагүй, зарим ажлыг огт хийгээгүй учир бид уг ажлыг өөр хүнээр буюу Н.Золзаяатай ажил гүйцэтгэх гэрээ дахин байгуулан хийлгэсэн. Бидний зүгээс Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.2, 225 дугаар зүйлийн 225.1-д заасны дагуу Б.Эийг ажлаа бүрэн хийж дуусгахыг удаа дараа өөрийнх нь барьдаг 88073314 дугаарын утсаар болон амаар байнга шаардаж байсан боловч элдэв шалтаг тоочин Иргэний хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.1-д заасан үүргээ биелүүлээгүй болно. Ингээд бид Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2-т заасны дагуу эдгээр ажлыг дахин өөрийн зардлаар, өөр хүмүүсээр шинээр хийлгэсэн болно. Бид маш их хугацаа алдсан учир богино хугацаанд дээрх ажлыг хийлгэх шаардлагатай болж олон хүнийг 24 цагаар ажиллуулж байж уг ажлыг 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдөр дуусгаж миний бие хүлээн авсан юм. “Түм ХХК”-иас Золзаяад ажлын хөлс гэж нийт 8,200,000 төгрөгийн цалин өгсөн. Хэрвээ уг ажлыг Б.Э нь хугацаандаа хийж гүйцэтгэсэн бол бид нийт 13,332,249 төгрөгөөр хийлгэх байсан хэдий ч ажил гүйцэтгэх гэрээний үүргээ биелүүлээгүй тул 13,332,249 төгрөгөөр хийлгэх байсан ажлыг 17,299,000 төгрөгөөр /Б.Эт 9,099,000 төгрөг, Золзаяад 8,200,000 төгрөг/ хийлгэсэн. Хэрвээ Б.Э ажлаа хугацаанд нь хийж дуусгасан, ажил гүйцэтгэх гэрээний үүргээ шударгаар биелүүлсэн бол бидэнд дээрх хохирол учрахгүй байсан билээ. Иймд Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1-д заасны дагуу бидэнд бодитоор учирсан хохирол 3,966,751 төгрөгийг Б.Эоос гаргуулж өгнө үү.

2. Алданги 3799.690 төгрөг гаргуулах тухайд: Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.1, ажил гүйцэтгэх гэрээний 2.6-д тус тус зааснаар үүрэг гүйцэтгэгч үүргийг гэрээнд заасан хугацаанд буюу 2019 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн дотор мөн хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д заасны дагуу гүйцэтгэх ёстой байсан. Хэрвээ хугацаандаа гүйцэтгээгүй бол Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1, ажил гүйцэтгэх гэрээний 2.9-д зааснаар алданги тооцохоор тохиролцсон. Гэтэл дээрх ажлыг дуусгалгүй орхисон бөгөөд Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.1-д зааснаар үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй тул бид өөрсдийн зардлаар дахин өөр хүмүүсийг өндөр үнээр, богино хугацаанд хийлгэж 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдөр ажлын гүйцэтгэлийг хүлээн авсан. Б.Этой байгуулсан гэрээний 2.9-д “ажилтан талын буруутай үйл ажиллагаанаас гэрээт ажил төлөвлөсөн хугацаанд дуусаагүй тохиолдолд ажил олгогч талд нийт ажил үйлчилгээний үнийн дүнгээс хоног тутамд 1 хувийн алданги тооцуулах үүрэгтэй” гэж тохиролцсон болно. Гэсэн хэдий ч Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр алданги төлөхөөр заасан тул уг заалтад нийцүүлэн хоног тутамд 0.5 хувиар, Золзаяагаас ажил хүлээлгэн авсан өдрөөр буюу 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөр тооцож Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.7-д заасныг үндэслэн нийт 3,799,690 төгрөгийг /13,332,249*0,5*57 хоног=3,799,690/ Б.Эоос гаргуулж өгнө үү гэв.

            Хариуцагч Б.Э шүүхэд ирүүлсэн хариу тайлбараа дэмжин, шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Ажил гүйцэтгэх гэрээний үүргээ биелүүлээгүйн улмаас учирсан хохирол 3,966,751 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн тухайд: 2019 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн гэрээний дагуу ажлуудын ихэнх буюу 70 орчим хувийн ажлыг хийж гүйцэтгэсэн байх үед “Чи хүн хүч сайтайгаараа дараагийн ажил руугаа орчих. Үлдэгдлийг нь өөр хүнээр хийлгэчихье” гээд 2019 оны 7 дугаар сарын 25-ны өдөр “Hi Mongolia” рестораны ажил руу орсон. Тухайн үед хийгдсэн болон хийгдээгүй ажлынхаа талаар тохиролцон, гэрээний ар дээр хийсэн хийгээгүй ажлыг хүлээлгэн өгсөн. Гэрээний үнийн дүн болох 13,322,249 төгрөгөөс нийт 10,399,900 төгрөг хүлээн авсан. Үүнээс 2,400,000 төгрөг нь Б.Мөнхзул бид тохиролцон шат авсан бөгөөд тал тал үнийг гаргахаар тохирсон. 1,200,000 төгрөгийг ажлын хөлсөнд өгсөн мэтээр нэхэмжилж буй нь үндэслэлгүй юм. Алданги 3,799,690 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй. Б.Мөнхзул нь өөрийн санаачилгаар хийгдэж байсан ажлыг хүлээн авч, өөр хүнтэй байгуулсан гэрээг над руу шилжүүлэн ажил хийлгэж эхэлсэн бөгөөд ажлын гүйцэтгэлийг хүлээж авсан, үлдэгдэл мөнгөнд тааруулан өөр хүнээр хийлгэхээр тохиролцсон байтал гэрээний заалт дурдан алданги нэхэмжилж буй нь ор үндэслэлгүй зүйл болно. Иймд Б.Э миний бие нь “Түм” ХХК-ийн нэхэмжилж буй 7,766,441 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

            Хэргийн оролцогчдын тайлбар, цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Түм” ХХК нь Б.Эт холбогдуулан 7,776,441 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлийг ажил гүйцэтгэгч ажлыг хугацаандаа хүлээлгэн өгөөгүйгээс учирсан хохиролд өөр гүйцэтгэгчээр ажил гүйцэтгүүлсний зөрүү 3,966,751 төгрөг, мөн хугацаа хэтрүүлсэн алдангид 3,799,690 төгрөг гаргуулна гэжээ.

Хариуцагч ажил гүйцэтгэх гэрээ байгуулсны 3 хоногийн дараа нэхэмжлэгчийн хүсэлтээр Хая Монголиа хот пот /Hi Mongolia hotpot/ рестораны И-Март салбарын интерьер заслын ажлыг хийх болсон, үлдэх ажлыг Н.Золзаяатай тохирч хийлгэсэн хэмээн татгалзлаа үндэслэжээ.  

 “Түм” ХХК /цаашид “нэхэмжлэгч”, “захиалагч” гэх/ болон Б.Э /цаашид “хариуцагч”, “гүйцэтгэгч” гэх/ нар 2019 оны 7 дугаар сарын 22-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, гэрээгээр Б.Э нь Багатэнгэрийн аман дах 416 тоот амины орон сууцны гадна фасад, лифтний хэсгийн заслын ажлыг 2019 оны 7 дугаар сарын 22-ны өдрөөс 8 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл хугацаанд хийж гүйцэтгэх, “Түм” ХХК нь 1,332,250 төгрөгийг хуваарийн дагуу төлөхөөр харилцан тохиролцжээ. /хх-10-13/

Харилцан тохиролцсон нөхцөлөөс үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн байна. Гэрээг хүчин төгөлдөр бус гэх үндэслэл тогтоогдоогүй тул гэрээнд заасан үүргээ биелүүлэхийг талуудын хэн аль нь шаардах эрхтэй.

Хариуцагч Б.Э гүйцэтгээгүй ажлын төрөл, тоо хэмжээ, ажлыг хугацаандаа гүйцэтгээгүй гэх үйл баримтын талаар маргаагүй. Тэрээр шүүхэд бичгээр өгсөн хариу тайлбарт нэхэмжлэгчээс ажлын хөлсөнд 7,233,719 төгрөгийг авч, 6,088,530 төгрөгийг аваагүй гэсэн боловч шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад нэхэмжлэгчийн нийт 9,099,000 төгрөгийг ажлын хөлсөнд төлсөн гэх тайлбарыг хүлээн зөвшөөрчээ. Үүнтэй холбоотойгоор хариуцагч нь ажлын хөлсийг 2019 оны 7 дугаар сарын 20, 26, 8 дугаар сарын 04, 06, 08, 12, 16-ны өдрүүдэд Б.Э, Б.Алтанзул нарын дансаар шилжүүлэн авсан үйл баримтад маргаагүй. /хх-14-20/    

“Түм” ХХК нь Н.Золзаяатай 2019 оны 8 дугаар сарын 30-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, гэрээгээр Н.Золзаяа нь Бага тэнгэрийн ам гадна тохижилтийн ажлыг 30 хоногийн хугацаанд 8,200,000 төгрөгөөр хийж гүйцэтгэхээр харилцан тохиролцжээ. Уг гэрээний хавсралт, гэрч Х.Гын мэдүүлгээр Н.Золзаяа нь Б.Эийн хийж гүйцэтгээгүй үлдсэн ажил болох аваарын шатны гагнуур хийцлэл, лифтний суурийн чулуун хийц, лифтний дээвэр хийц, ус зайлуулах системийн ажлыг хийж гүйцэтгүүлэхээр тохирсон болох нь тогтоогдож байна. /хх-13, 23/

Хариуцагч нэгэнт хугацаа хэтрүүлсэн үйл баримтад маргаагүй тул түүнийг гэрээний 2.6-д “Засварын ажлыг гэрээнд заасан хугацаанд хийж дуусгах”, Иргэний хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.1-д “ажил гүйцэтгэгч гэрээнд заасан ажлыг тогтоосон хугацаанд гүйцэтгэх” гэснийг зөрчсөн гэж үзнэ.

Захиалагч нь гүйцэтгэгчийн хугацаа хэтрүүлсэн зөрчлийг ноцтойд тооцон, Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1-д “Гэрээний аль нэг тал үүргээ ноцтой зөрчсөн бол энэ хуулийн 225, 226 дугаар зүйлүүдэд заасан үндэслэл, журмын дагуу нөгөө тал гэрээг цуцалж, учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй.” гэж зааснаар хохирол шаардсан нь үндэслэлтэй.  

Ажлын хөлсийг 2019 оны 8 дугаар сарын 16-ний өдөр төлөх үед ажлыг хийж дуусгаагүй байсан, захиалагч нь Н.Золзаяатай ажил гүйцэтгэх гэрээг 2019 оны 8 дугаар сарын 30-ны өдөр байгуулсан зэргээс үзэхэд 7 хоног хийх ажлыг 24 хоногоор хэтрүүлсэн, ямар нэгэн үр дүн гарахгүй болох нь илт бол нэмэлт хугацаа тогтоож өгөх шаардлагагүй гэж үзэн, гэрээг цуцалсан нь Иргэний хуулийн 226 дугаар зүйлийн 226.1.1-д заасантай нийцсэн байна.

 Талууд “Түм” болон Д.Бая нарын 2019 оны 7 дугаар сарын 25-ны өдөр байгуулсан Хая Монголиа хотпот рестораны И-март салбарын интерьер заслын ажлын туслан гүйцэтгэгчээр Б.Э ажилласан үйл баримтад маргаагүй боловч нэхэмжлэгчээс хариуцагчид ажлын хөлс төлсөн огнооноос үзэхэд Багатэнгэрийн аман дах 416 тоот амины орон сууцны гадна фасад, лифтний хэсгийн заслын ажлыг Хая Монголиа хотпот рестораны И-март салбарын интерьер заслын ажлаар сольсон гэж үзэх боломжгүй байна. Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.2-т үүрэг гүйцэтгүүлэгч нь гүйцэтгэвэл зохих үүргийн гүйцэтгэлийн оронд өөр үүргийн гүйцэтгэлийг хүлээн авсан тул талуудын хооронд 2019 оны 7 дугаар сарын 22-ны өдөр байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний үүрэг дуусгавар гэх хариуцагчийн тайлбар үндэслэлгүй байна. 

Иймд учирсан хохирлыг хариуцагчийн үлдэгдэл ажлыг хийж гүйцэтгэхэд төлсөн төлбөрөөс хариуцагчид төлөх төлбөрийг хасаад гарсан дүнгээр тооцсон үндэслэлтэй гэж үзэн хариуцагчаас 3,966,751 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Нэхэмжлэгч тал хариуцагчийг гэрээний үүрэг ноцтой зөрчсөн үндэслэлээр гэрээг цуцалсан тул алданги шаардах эрхгүй. Талуудын хоорондын үүргийн харилцаа дуусгавар болсон байхад гэрээний үүрэг болох анзыг шаардах эрхгүй юм.

Түүнчлэн Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3, 232.4, 232.6-д хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги хэмээн тодорхойлж, уг анзыг зөвхөн гэрээнд заасан нөхцөлд шаардах эрхтэй байхаар заажээ. Талуудын байгуулсан гэрээний 2.9-д “Ажилтан буруутай үйл ажиллагаанаас гэрээт ажил төлөвлөсөн хугацаанд дуусаагүй тохиолдолд ажил олгогч талд нийт ажил үйлчилгээний үнийн дүнгээс хоног тутам 1%-ийн алданги тооцуулах үүрэгтэй” гэж тохирсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д заасан хуулийн шаардлагыг хангахгүй байх тул алданги тохирсон гэж үзэхгүй, хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар уг заалтыг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг дурдав.

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч Б.Эоос 3,966,751 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Түм” ХХК-д олгон, үлдэх 3,799,690 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1-д заасныг баримтлан хариуцагч Б.Эоос 3,966,751 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Түм” ХХК-д олгон, үлдэх 3,799,690 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 139,213 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагчаас 78,438 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Г.НЯМСҮРЭН