Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 05 сарын 06 өдөр

Дугаар 1006

 

МАГАДЛАЛ

 2020.05.06                                          Дугаар 1006

 

 

 

 

 

 

 

   М.Э нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Ч.Цэнд, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,     

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн, 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 102/ШШ2020/00442 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч М.Э хариуцагч НШШГГ-т холбогдуулан гаргасан хоёр дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: НШШГГ нь Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 110 дугаар захирамжийг гүйцэтгэх ажиллагаа явуулахдаа М.Э өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2205000539 дугаартай Баянгол дүүрэг, 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, 6 дугаар байр 11 тоот орон сууцыг албадан дуудлага худалдаагаар борлуулах тухай 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр 4/881 дугаар мэдэгдэл, 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 12/36 дугаар анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолын талаар төлбөр төлөгч М.Э-д мэдэгдээгүй. М.Э хөдөө орон нутагт ажилладаг, хот суурингаас зайдуу амьдардаг ч хэрэв шийдвэр гүйцэтгэгч устаар боловч дуудсан бол ирэх боломжтой байсан. Дээрх тогтоол, мэдэгдлийн талаар түүнд мэдэгдээгүйгээс тэдгээртэй танилцах боломж гараагүй байхад шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үргэлжилж 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 4/29429 дугаар мэдэгдлийг хотод байдаг гэрийн хаягаар явуулж, дээрх орон сууцыг хэт багаар үнэлж 2 дахь дуудлага худалдаа явуулах тухай дурьдсан байсныг Энхтайван нь 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр мэдэж, улмаар НШШГГ-т Баянгол дүүргийн ахлах шийдвэр гүйцэтгэгч Ж.Саруулын үйл ажиллагааны талаар гомдол гаргасан боловч Ж.Саруулын гарын үсэгтэй 4/04 дугаартай хариу мэдэгдэх хуудас 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөр огноологдсон албан бичигт 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 13/18 дугаар хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолыг хавсаргасан байсан бөгөөд энэ тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтаар 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн анхны албадан дуудлага худалдааг хүчингүй болгохдоо юуны учир, ямар үндэслэлээр хүчингүй болгосон нь тодорхойгүй, 2 дахь заалтаар 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 10 цагт миний дээрх байрыг анхны албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулах тухай заасан атлаа тогтоолоо хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол гэж нэрлэсэн зэрэг асуудлыг бүр ч ойлгомжгүй болгосныг М.Эгомдолд дурьдаж байсан ба энэ нь ч түүний эрх ашгийг хохироож байна гэж үзэх үндэслэлтэй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 дахь хэсэгт заасан ажиллагааг хийхгүйгээр зөвхөн шүүхийн шийдвэрт нэр дурьдагдсан өөр төлбөр төлөгчид өгснөөр асуудлыг шийдвэрлэсэн нь төлбөр төлөгчийн өмчийн эзний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөж байна.

Албадан дуудлага худалдаанд оруулах гэж байгаа хөрөнгийг үнэлүүлэх шинжээч нь хэн байсан, тэр нь үнэлгээ хийх гэж байгаа объектоо ч үзээгүй атлаа ямар баримтыг үндэслэж хэрхэн үнэлгээ хийсэн, ямар дүгнэлт гаргасан гэдэг нь тодорхойгүй, мөн түүнчлэн дуудлага худалдааг эрхлэн хөтлөгчөөр хэнийг ямар эрх бүхий этгээдийн, ямар шийдвэрээр томилсныг М.Э-д танилцуулаагүй нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.8 дахь хэсэгт заасан эрхээ эдлэх ч боломж олгоогүй. Иймд үнэлгээг хүчингүй болгож, улсын бүртгэлийн Ү-2205000539 дугаартай Баянгол дүүрэг, 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, 6 дугаар байр, 11 тоот орон сууцны албадан дуудлага худалдааг хууль бус болохыг тогтоож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 110 дугаар захирамжаар “Ундармалик” ХХК, М.Э, Т.Оюунчимэг, Т.Баяраа, Т.Найдан, Т.Доржсүрэн нараас 308 940 892 төгрөгийг гаргуулж Голомт банкинд олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж үүргийн гүйцэтгэлд барьцаалсан төлбөр төлөгч М.Э, Т.Онарын өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2205000539 дугаартай Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороолол 6 дугаар байрны 11 тоот орон сууцыг битүүмжлэн хураасан. Төлбөр төлөгч М.Э, Т.Онарын өмчлөлийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан орон сууцыг албадан дуудлага худалдаанд оруулахаар талуудаас үнийн санал авахад харилцан тохиролцоогүй тул Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу “Мөнх-Оргил трейд” ХХК-ийг томилон үнэлүүлж, шинжээчийн үнэлсэн 71 900 000 төгрөгийн 70 хувь буюу 50 330 000 төгрөгөөр анхны албадан дуудлага худалдааны доод үнийг тогтоон анхны албадан дуудлага худалдаанд оруулах үнэлгээний мэдэгдлийг 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 4/25881 дүгээр албан бичгээр талуудад мэдэгдсэн. Үнэлгээний мэдэгдлийг хүлээн авснаас хойш төлбөр төлөгч талаас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3, 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасан хугацаанд гомдол гаргаагүй байна. Үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан орон сууцыг үнэлэгдсэн үнийн 70 хувь буюу 50 330 000 төгрөгөөр санал болгох доод үнийг тогтоон 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр анхны дуудлага худалдаанд оруулахад худалдан борлогдоогүй тул Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.4 дэх хэсэгт заасны дагуу үнэлэгдсэн үнийн 50 хувь буюу 35 950 000 төгрөгөөр санал болгох доод үнийг тогтоон 2 дахь дуудлага худалдаанд оруулахад 72 000 000 төгрөгөөр худалдан борлогдсон. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2.2, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1, 175.3 дахь хэсэгт заасныг баримтлан НШШГГ-т холбогдох хоёр дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай М.Энэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч М.Эдавж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. М.Э, Т.О нарын өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2205000539 дугаартай Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороолол 6 дугаар байрны 11 тоот орон сууцыг албадан дуудлага худалдаагаар борлуулах тухай 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 4/881 дугаар мэдэгдэл, 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 12/36 дугаар албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол гаргахдаа хөрөнгийн эзэн М.Э-д мэдэгдээгүйг шүүх анхаараагүйд гомдолтой байна. М.Э нь хөдөө орон нутагт амьдардаг, хот суурингаас зайдуу байдаг. Шийдвэр гүйцэтгэгч нь утсаар дуудсан бол ирж уулзан мэдэгдэл, тогтоолтой танилцах боломжтой байсан. Мэдэгдээгүйгээс тэдгээртэй танилцах боломж гараагүй байхад шийдвэр гүйцэтгэх ажиллагааг цааш үргэлжилсэн. 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 4/29429 дугаар мэдэгдлийн хотод байдаг гэрийн хаягаар явуулж, орон сууцыг хэт бага үнээр үнэлж 2 дахь дуудлага худалдаа явуулах талаар дурьдсан байсан. Гэтэл анхан шатны шүүх “гэр бүлийн хүнд өгсөн, шуудангаар хүргүүлсэн” нь шийдвэр гүйцэтгэх байгууллагыг буруутгах үндэслэлгүй гэж дүгнэж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэрэгт авагдсан нотлох баримтыг тухайн маргаанд хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь харьцуулан үнэлж хэргийг шийдвэрлэсэн боловч тухайн маргаанд хамаарах хуулийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглээгүй байх тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй.

            Нэхэмжлэгч М.Энь хариуцагч НШШГГ-т холбогдуулан 2 дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах агуулга бүхий тухай шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэж маргажээ.

            Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 102/ШШ2018/00110 дугаар шийдвэрийн дагуу хариуцагч “Ундармалмилк” ХХК, Т.Оюунчимэг, М.Э, Т.Баяраа, Т.Найдан, Т.Доржсүрэн нараас зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 307 607 798.08 төгрөг гаргуулж, “Голомт банк” ХХК-д олгох, хариуцагч нар зээлийн төлбөрийг төлж барагдуулахгүй тохиолдолд зээлийн төлбөрт барьцаалсан газар, орон сууц, зогсоол, худаг гэх зэрэг үл хөдлөх хөрөнгөөр үүний дотор Т.Оюунчимаг, М.Энарын өмчлөлийн Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, 6 дугаар байр, 11 тоот 29 м.кв талбайтай Ү-2005000539 дугаартай, орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар зохигчид эвлэрснийг баталгаажуулсан байна. /хх-23-24/

            Төлбөр төлөгч М.Э, Т.О нар нь төлбөр авагч “Голомт банк” ХХК-д төлбөр төлөх үүргээ бүрэн биелүүлээгүй тул Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар дээрх захирамжийг албадан гүйцэтгүүлэх хүсэлтийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулж /хх 20-22, 25/, төлбөр төлөгчийн орон сууцыг битүүмжлэн, хураах, тэмдэглэл үйлдэх, төлбөр төлөх хугацаа тогтоосон мэдэгдлийг хүргүүлэх зэрэг ажиллагаа явуулсан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4, 54 дүгээр зүйлийн 54.1 дэх хэсэгт заасантай нийцжээ. /хх- 31,32, 34/

            Төлбөр төлөгч Т.О, М.Энар нь төлбөрт хураагдсан эд хөрөнгийг анхны албадан дуудлага худалдаанд оруулах санал болгох доод үнийг 200 000 000 төгрөг гэж үнийн санал ирүүлснийг төлбөр авагч “Голомт банк” ХХК нь зөвшөөрөөгүй тул хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газар нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, 55 дугаар зүйлийн 55.2.2 дахь хэсэгт заасны дагуу 2019 оны 3 дугаар сарын 12-ны өдөр “Мөнх-Оргил трейд” ХХК-ийг шинжээчээр томилсон. /хх 37-38, 41, 42/

            Шинжээч “Мөнх-Оргил трейд” ХХК нь Т.О, М.Э нарын өмчлөлийн орон сууцны 2019 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн байдлаарх зах зээлийн үнэлгээг 71 900 000 төгрөгөөр үнэлснийг төлбөр төлөгч М.Э, Т.О нарт 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдөр мэдэгдсэн байна. /хх-55/

         Үүний дараа Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.4 дэх хэсэгт заасны дагуу Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар шинжээчийн үнэлсэн 71 900 000 төгрөгийн 70 хувь болох 50 330 000 төгрөгөөр анхны албадан дуудлага худалдааны доод үнийг тогтоон, 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн “Анхны дуудлага худалдаа явуулах тухай тогтоол” үйлдэн, уг дуудлага худалдааны мэдэгдлийг төлбөр төлөгч М.Э, Т.О нарт нарт 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр шуудангаар хүргүүлжээ. /хх-89/

          Анхны албадан дуудлага худалдаанд оролцогчдоос тухайн үл хөдлөх эд хөрөнгөд үнийн санал ирээгүй буюу уг хөрөнгө борлогдоогүй тул шийдвэр гүйцэтгэгчийн “хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай” тогтоолоор, шинжээчээс төлбөрт хураагдсан хөрөнгийг үнэлсэн үнэлгээ болох 71 900 000 төгрөгийн 50 хувь буюу 35 950 000 төгрөгөөр хоёр дахь дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоон, 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 10.00 цагт хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулахаар шийдвэрлэсэн байна.

           Улмаар дуудлага худалдаа явуулах тухай мэдэгдлийг 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдөр төлбөр төлөгч Т.Э-ны гэр бүлийн гишүүн Т.О-т гардуулан өгсөн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт “мэдэгдэх хуудсыг гардуулан өгвөл зохих хүн оршин суугаа газар, эсхүл ажлын байрандаа байхгүй бол мэдэгдэх хуудсыг түүний хамт амьдардаг арван найман насанд хүрсэн хүнд хүлээлгэн өгч тэмдэглэл үйлдэн гарын үсэг зуруулна” гэж заасантай нийцсэн байна.

Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар “Мэдэгдэх хуудсыг гардуулан өгвөл зохих хүн оршин суугаа газар эсхүл ажлын байрандаа байхгүй бол түүний хамт амьдардаг арван найман насанд хүрсэн хүн, эсхүл сум, баг хорооны Засаг дарга, түүний ажлын албанд, эсхүл ажлын газрын захиргаанд хүлээлгэн өгч, тэмдэглэл үйлдэн гарын үсэг зуруулна” гэж заасан байх тул хоёр дахь албадан дуудлага худалдааны мэдэгдлийг төлбөр төлөгч М.Э гэр бүлийн гишүүн Т.О-т гардуулсаныг буруутгах үндэсгүй юм.

           Иймд анхан шатны шүүх төлбөр төлөгчид дуудлага худалдааны мэдэгдэл гардуулсан ажиллагааг хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэн “хуульд заасан журмын дагуу мэдэгдлийг хүргүүлээгүй, мэдэгдээгүй гэж хариуцагчийг буруутгах боломжгүй” гэж зөв дүгнэн, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах үндэслэл хэргийн баримтаар тогтоогдсонгүй.

Өөрөөр хэлбэл ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 13/18 дугаар тогтоолд үл хөдлөх эд хөрөнгийн албадан дуудлага худалдааг зохион байгуулж байгаа талаар тодорхой зааж, төлбөр төлөгч буюу нэхэмжлэгчид мэдэгдсэн байх тул дуудлага худалдааны мэдэгдлийг биеэр гардуулах ажиллагаа явуулаагүй буюу мэдэгдээгүйгээс тэдгээртэй танилцах боломжгүй болсон, төлбөрт хураагдсан орон сууцыг хэт багаар үнэлсэн байсан гэх давж заалдах гомдол үндэслэлгүй. Харин шүүх талуудын хооронд үүссэн маргааныг зохицуулсан холбогдох хуулийг оновчтой хэрэглээгүй байгааг давж заалдах шатны шүүхээс зөвтгөн өөрчлөх нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 102/ШШ2020/00442 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2.2, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1, 175.3” гэснийг “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.5” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   А.МӨНХЗУЛ

                                                            ШҮҮГЧИД                                   Ч.ЦЭНД  

                                                                                                               Д.БАЙГАЛМАА