Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 102/ШШ2020/00442

 

 

 

 

 

2020 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 102/ШШ2020/00442

Улаанбаатар хот

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

     Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Батчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,

Нэхэмжлэгч: БГД-ийн 0 дугаар хороо 00 дугаар хороолол ЭТӨЧ гудамж 0-00 тоотод оршин суух Ц х овогт М-ийн Э /РД: АА00000000/-ны нэхэмжлэлтэй, 

Хариуцагч: СБД, 0 дугаар хороо, Ү х гудамж, 0 тоотод байрлах НШШГГ-т холбогдох

Хоёр дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Ундармаа нар оролцов.

                                                                                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Улсын бүртгэлийн Ү-0000000000 дугаартай БГД, 0 дугаар хороо, 00 дугаар хороолол, 0 дугаар байр, 00 тоот орон сууцны хоёр дахь албадан дуудлага худалдааг хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна.

Нийслэлийн шүүхийн  шийдвэр гүйцэтгэх газрын Тасгийн дарга бөгөөд Баянгол дүүргийн ахлах шийдвэр гүйцэтгэгч Ж.Саруул Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 110 дугаар захирамжийг гүйцэтгэх ажиллагаа явуулж байх явцдаа М.Э-ы гэр бүлийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-0000000000 дугаартай БГД, 0 дугаар хороо, 00 дугаар хороолол, 0 дугаар байр 00 тоот орон сууцыг албадан дуудлага худалдаагаар борлуулах тухай 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр 4/881 дугаар мэдэгдэл, 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 12/36 дугаар анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол гаргахдаа хөрөнгийн эзэн М.Э-д мэдэгдээгүйд тэрээр гомдолтой байсан тул НШШГГ-т гомдол гаргасан байна.

М.Э хөдөө орон нутагт мал дээр ажилладаг, хот суурингаас зайдуу амьдардаг ч хэрэв шийдвэр гүйцэтгэгч нар утсаар боловч дуудвал ажил төрөл, мал ахуйгаа зохицуулаад ирэх бүрэн боломжтой байсан ч дээрх тогтоол, мэдэгдлийн талаар түүнд мэдэгдээгүйгээс тэдгээртэй танилцах боломж гараагүй байхад шийдвэр гүйцэтгэх газрын албан тушаалтнууд цаашаа тодорхой ажиллагаа явуулж дахин 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 4/29429 дугаар мэдэгдлийг хотод байдаг гэрийн хаягаар явуулж үүндээ дээрх орон сууцыг хэтийдсэн багаар үнэлж 2 дахь дуудлага худалдаа явуулах тухай дурдсан байсныг М.Э нь 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод ирэх үедээ л мэдэж, улмаар НШШГГ-т гомдол хүсэлт гаргасан байна.

Гэтэл Тасгийн дарга бөгөөд Баянгол дүүргийн ахлах шийдвэр гүйцэтгэгч Ж.Саруулын үйл ажиллагааг миний биеийг итгэмжлэгч М.Э-ы зүгээс хууль бус ажиллагаа гэж үзээд гомдол гаргаад байхад уг гомдолд нэр дурдагдсан тасгийн дарга Ж.Саруулын гарын үсэгтэй 4/04 дугаартай “хариу мэдэгдэх хуудас” 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөр огноологдсон түүнд ирсэнд М.Э багагүй эгдүүцсэн.

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газрын Тасгийн дарга бөгөөд Баянгол дүүргийн ахлах шийдвэр гүйцэтгэгч Ж.Саруул дээрх мэдэгдлээ 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 13/18 дугаар хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолыг хавсаргасан байсан бөгөөд энэ тогтоолынхоо тогтоох хэсгийн 1 дэх заалтаар 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн анхны албадан дуудлага худалдааг хүчингүй болгохдоо юуны учир, ямар үндэслэлээр хүчингүй болгосон нь тодорхойгүй, 2 дахь заалтаар 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 10 цагт миний дээрх байрыг анхны албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулах тухай заасан атлаа тогтоолоо хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол гэж нэрлэсэн зэрэг асуудлыг бүр ч ойлгомжгүй болгосныг М.Э гомдолдоо дурдаж байсан ба энэ нь ч түүний эрх ашгийг хохироож байна гэж үзэх үндэслэлтэй байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т заасан ажиллагааг хийхгүйгээр зөвхөн шүүхийн шийдвэрт нэр дурдагдсан өөр төлбөр төлөгчид өгснөөр асуудлыг шийдвэрлэсэн нь төлбөр төлөгчийн хувиар зогсохгүй өмчийн эзний хувиар эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөж байгаа нь энэхүү нэхэмжлэлийг гаргах шаардлагыг бий болгож байна.

Хамгийн гол албадан дуудлага худалдаанд оруулах гэж байгаа хөрөнгийг үнэлүүлэх шинжээч нь хэн байсан, тэр нь үнэлгээ хийх гэж байгаа обьектоо ч үзээгүй атлаа ямар баримт сэлтийг үндэслэж хэрхэн үнэлгээ хийсэн, ямар дүгнэлт гаргасан гэдэг нь тодорхойгүй болохоор, мөн түүнчлэн дуудлага худалдааг эрхлэн хөтлөгчөөр хэнийг ямар эрх бүхий этгээдийн, ямар шийдвэрээр томилсон эсэх нь ч М.Э-д танилцуулагдахгүйгээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.8-д заасан эрхээ эдлэх ч боломж олгогдоогүй байхад дуудлага худалдааг явуулсан нь түүний эрх, хууль ёсны ашиг сонирхолд ноцтой хохирол учруулж байна. Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль, Шүүхийн шинжилгээний тухай хууль, Хөрөнгийн үнэлгээний тухай хуулиудын заалтуудыг зөрчиж хийсэн үнэлгээг хүчингүй болгож, түүнийг үндэслэж явуулсан улсын бүртгэлийн Ү-0000000000 дугаартай БГД, 0 дугаар хороо, 00 дугаар хороолол, 0 дугаар байр, 00 тоот орон сууцны албадан дуудлага худалдааг хууль бус болохыг тогтоож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.А шүүхэд гаргасан тайлбартаа: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 110 дугаар захирамжаар “Ундармалик” ХХК, М.Э, Т.Оюунчимэг, Т.Баяраа, Т.Найдан, Т.Доржсүрэн нараас 308,940,892 төгрөгийг гаргуулж Голомт банканд олгохоор шийдвэрлэжээ.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж үүргийн гүйцэтгэлд барьцаалсан төлбөр төлөгч М.Э, Т.Оюунчимэг нарын өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-000000000 дугаартай БГД-ийн 0 дугаар хороо, 00 дугаар хороолол 0 дугаар байрны 00 тоот орон сууцыг битүүмжлэн хураасан.

Төлбөр төлөгч М.Э, Т.Оюунчимэг нарын өмчлөлийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан орон сууцыг албадан дуудлага худалдаанд оруулахаар талуудаас үнийн санал авахад харилцан тохиролцоогүй тул Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу “Мөнх-Оргил трейд” ХХК-ийг томилон үнэлүүлж, шинжээчийн үнэлсэн 71,900,000 төгрөгийн 70 хувь буюу 50,330,000 төгрөгөөр анхны албадан дуудлага худалдааны доод үнийг тогтоон анхны албадан дуудлага худалдаанд оруулах үнэлгээний мэдэгдлийг 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 4/25881 дүгээр албан бичгээр талуудад мэдэгдсэн.

Үнэлгээний мэдэгдлийг хүлээн авсанаас хойш төлбөр төлөгч талаас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3, 55 дугаар зүйлийн 55.7-д заасан хугацаанд гомдол гаргаагүй байна. Үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан орон сууцыг үнэлэгдсэн үнийн 70 хувь буюу 50,330,000 төгрөгөөр санал болгох доод үнийг тогтоон 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр анхны дуудлага худалдаанд оруулахад худалдан борлогдоогүй тул Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.4-т заасны дагуу үнэлэгдсэн үнийн 50 хувь буюу 35,950,000 төгрөгөөр санал болгох доод үнийг тогтоон 2 дахь дуудлага худалдаанд оруулахад 72,000,000 төгрөгөөр худалдан борлогдсон байна. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                  ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч М.Э нь хариуцагч НШШГГ-т холбогдуулан хоёр дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлдээ хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах талаар дурдсан тул шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагыг тодруулахад хөрөнгийн үнэлгээ болон албадан дуудлага худалдааны талаар мэдэгдээгүй үндэслэлээр хоёр дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах шаардлага гаргасан гэж тайлбарлаж байна.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 102/ШШ2018/00110 дугаар захирамжаар “Ундармалик” ХХК болон М.Э, Т.Оюунчимэг, Т.Баяраа, Т.Найдан, Т.Доржсүрэн нараас 307,607,798 төгрөгийг гаргуулж Голомт банканд олгож, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцааны зүйл болох улсын бүртгэлийн Ү-0000000000 дугаартай БГД-ийн 0 дугаар хороо, 00 дугаар хороолол 0 дугаар байрны 00 тоот орон сууцыг дуудлага худалдаанд оруулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэжээ.

 

Хариуцагч НШШГГ нь дээрх шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааг гүйцэтгэх хуудсыг үндэслэн явуулж байна.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад улсын бүртгэлийн Ү-0000000000 дугаартай БГД-ийн 0 дугаар хороо, 00 дугаар хороолол 0 дугаар байрны 00 тоот орон сууцыг 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 18250564/01 тоот тогтоолоор битүүмжилж, 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 18250564/04 дугаартай тогтоолоор хурааж, үл хөдлөх эд хөрөнгийг дуудлага худалдаанд оруулах үнэлгээний талаар төлбөр төлөгчөөс өгсөн саналыг төлбөр авагч зөвшөөрөөгүй үндэслэлээр үл хөдлөх эд хөрөнгийг үнэлүүлэхээр 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 85 дугаартай тогтоолоор “Мөнх-Оргил трейд” ХХК-ийг шинжээчээр томилж, үнэлгээ хийлгэсэн байна.

 

Шинжээч “Мөнх-Оргил трейд” ХХК нь дээрх орон сууцыг 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн байдлаар зах зээлийн үнийг 71,900.000 төгрөгөөр тогтоосон байх бөгөөд НШШГГ энэ талаар төлбөр төлөгч М.Э-д 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдөр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 4/7396 дугаартай мэдэгдэх хуудсаар мэдэгдсэн болох нь хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн хүлээн авсан гарын үсэг бүхий мэдэгдэх хуудсаар тогтоогдож байна.

 

Улмаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 12/36 дугаартай “Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол”-оор Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т заасныг үндэслэн төлбөрт хураагдсан хөрөнгийг шинжээчийн тогтоосон үнэ болох 71,900,000 төгрөгийн 70 хувь буюу 50,330,000 төгрөгөөр 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр үл хөдлөх эд хөрөнгийн албадан дуудлага худалдаанд оруулахаар шийдвэрлэж, анхны албадан дуудлага худалдааг явуулсан боловч үнийн санал ирээгүй, үл хөдлөх эд хөрөнгө борлогдоогүй байна.

Шинжээчийн үнэлгээ, анхны албадан дуудлага худалдаа 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр товлогдсон тухай 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 4/29429 дугаартай мэдэгдлийг төлбөр төлөгч Т.Оюунчимэг нь бусад төлбөр төлөгч нарт дамжуулан өгөхөөр 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авсан болох нь шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, Т.Оюунчимэгийн хүлээн авсан гарын үсэг бүхий мэдэгдэх хуудас зэргээр тогтоогдож байна.

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 13/18 дугаартай “Хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол”-оор Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.4-т заасныг үндэслэн төлбөрт хураагдсан хөрөнгийг шинжээчийн тогтоосон үнэ болох 71,900,000 төгрөгийн 50 хувь буюу 35,950,000 төгрөгөөр 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгийн хоёр дахь албадан дуудлага худалдааг  явуулахаар шийдвэрлэж, хоёр дахь албадан дуудлага худалдаагаар төлбөрт хураагдсан дээрх хөрөнгийг 72,000,000 төгрөгөөр худалдан борлуулжээ.

Хоёр дахь албадан дуудлага худалдаа товлогдсон тухай 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 4/25881 дугаартай мэдэгдэх хуудсыг баталгаат шуудангаар 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр төлбөр төлөгч М.Э-д хүргүүлсэн болох нь шуудангийн тэмдэг бүхий мэдэгдэх хуудас, нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсан “... мэдэгдлийг хотод байдаг гэрийн хаягаар явуулж үүндээ дээрх орон сууцыг хэтийдсэн багаар үнэлж 2 дахь дуудлага худалдаа явуулах тухай дурдсан байсныг М.Э нь 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод ирэх үедээ л мэдэж...” гэх тайлбар зэргээр тогтоогдож байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ “үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээний тайлан болон үнэлгээ хийх, албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолыг мэдэгдээгүй” гэж тайлбарласан.

Хэрэгт авагдсан шийдвэр гүйцэтгэлийн хувийн хэрэг болон зохигчийн тайлбараас үзэхэд нэхэмжлэгч М.Э-д хөрөнгийн үнэлгээ хийлгэх талаар мэдэгдэх хуудсыг дуудан ирүүлж гардуулсан, шинжээчийн дүгнэлт, анхны албадан дуудлага худалдаа явуулах шийдвэрийн талаар мэдэгдэх хуудсыг эхнэр Т.Оюунчимэгт хүлээлгэн өгсөн, хоёр дахь албадан дуудлага худалдаан явуулах шийдвэрийн талаар мэдэгдэх хуудсыг баталгаат шуудангаар хүргүүлсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3, 14.6-д “шийдвэр гүйцэтгэгч мэдэгдэх хуудсыг дуудан ирүүлж гардуулах бөгөөд боломжгүй тохиолдолд биечлэн, эсхүл баталгаат шуудангаар хүргүүлнэ, мэдэгдэх хуудсыг гардуулан өгвөл зохих хүн оршин суугаа газар, эсхүл ажлын байрандаа байхгүй бол мэдэгдэх хуудсыг түүний хамт амьдардаг арван найман насанд хүрсэн хүн, эсхүл сум, баг, хорооны Засаг дарга, түүний ажлын албанд, эсхүл ажлын газрын захиргаанд хүлээлгэн өгч, тэмдэглэл үйлдэн гарын үсэг зуруулна” гэж заасантай нийцсэн гэж үзэхээр байна.

Учир нь М.Э оршин суугаа газартаа байхгүй буюу хөдөө орон нутагт ажилладаг бөгөөд мэдэгдэх хуудсыг хүлээлгэн өгсөн төлбөр төлөгч Т.Оюунчимэг нь түүний эхнэр болох нь зохигчийн тайлбараар тогтоогдож байхаас гадна шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байгааг нэхэмжлэгч мэдэж байсан тул шийдвэр гүйцэтгэгч мэдэгдэх хуудсыг баталгаат шуудангаар болон хамт амьдардаг арван найман насанд хүрсэн хүнд хүлээлгэн өгсөн дээрх ажиллагааг хуульд заасан журмын дагуу мэдэгдлийг хүргүүлээгүй, мэдэгдээгүй гэж буруутгах боломжгүй юм.

 

Иймд төлбөр төлөгч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй үндэслэлээр шүүгчийн захирамжид заасан барьцаа хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулсан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 66 дугаар зүйлд заасны дагуу дуудлага худалдааг хуульд нийцүүлэн зохион байгуулсан гэж үзэхээр байх бөгөөд мөн хуулийн 70 дугаар зүйлийн 70.2.2, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1, 175.3-т тус тус зааснаар төлбөр төлөгч М.Э-ы дуудлага худалдаанд оролцох эрхийг хязгаарласан, эрх нь зөрчигдсөн гэх байдал тогтоогдохгүй байна.

Дээрх үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

        ТОГТООХ нь:

 

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2.2, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1, 175.3-т заасныг баримтлан НШШГГ-т холбогдох хоёр дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай М.Э-ы нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг, түүнчлэн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Ч.БАТЧИМЭГ