Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 09 сарын 09 өдөр

Дугаар 001/ХТ2021/00973

 

М.Энхтайваны нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Цагаанцоож даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 102/ШШ2020/00442 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 1006 дугаар магадлалтай,

М.Энхтайваны нэхэмжлэлтэй,

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох 

Үл хөдлөх эд хөрөнгийн хоёр дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нарийн бичгийн дарга Э.Бадамдорж оролцов.

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Улсын бүртгэлийн Ү-2205000539 дугаартай Баянгол дүүрэг, 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, 6 дугаар байр, 11 тоот орон сууцны хоёр дахь албадан дуудлага худалдааг хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Тасгийн дарга бөгөөд Баянгол дүүргийн ахлах шийдвэр гүйцэтгэгч Ж.Саруул Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018.01.05-ны өдрийн 110 дугаар захирамжийг гүйцэтгэх ажиллагаа явуулж байх явцдаа М.Энхтайваны гэр бүлийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2205000539 дугаартай Баянгол дүүрэг, 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, 6 дугаар байр 11 тоот орон сууцыг албадан дуудлага худалдаагаар борлуулах тухай 2019.11.12-ны өдөр 4/881 дугаар мэдэгдэл, 2019.11.12-ны өдрийн 12/36 дугаар анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол гаргахдаа хөрөнгийн эзэн М.Энхтайванд мэдэгдээгүйд тэрээр гомдолтой байсан тул Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт гомдол гаргасан байна. М.Энхтайван хөдөө орон нутагт мал дээр ажилладаг, хот суурингаас зайдуу амьдардаг ч хэрэв шийдвэр гүйцэтгэгч нар устаар боловч дуудвал ажил төрөл, мал ахуйгаа зохицуулаад ирэх бүрэн боломжтой байсан ч дээрх тогтоол, мэдэгдлийн талаар түүнд мэдэгдээгүйгээс тэдгээртэй танилцах боломж гараагүй байхад шийдвэр гүйцэтгэх газрын албан тушаалтнууд цаашаа тодорхой ажиллагаа явуулж дахин 2019.12.18-ны өдөр 4/29429 дугаар мэдэгдлийг хотод байдаг гэрийн хаягаар явуулж үүндээ дээрх орон сууцыг хэтийдсэн багаар үнэлж 2 дахь дуудлага худалдаа явуулах тухай дурдсан байсныг Энхтайван нь 2019.12.25-ны өдөр Улаанбаатар хотод ирэх үедээ л мэдэж, улмаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт гомдол хүсэлт гаргасан байна. Гэтэл Тасгийн дарга бөгөөд Баянгол дүүргийн ахлах шийдвэр гүйцэтгэгч Ж.Саруулын үйл ажиллагааг миний биеийг итгэмжлэгч М.Энхтайваны зүгээс хууль бус ажиллагаа гэж үзээд гомдол гаргаад байхад уг гомдолд нэр дурдагдсан тасгийн дарга Ж.Саруулын гарын үсэгтэй 4/04 дугаартай хариу мэдэгдэх хуудас 2020.01.02-ны өдрөөр огноологдсон түүнд ирсэнд М.Энхтайван багагүй эгдүүцсэн. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газрын Тасгийн дарга бөгөөд Баянгол дүүргийн ахлах шийдвэр гүйцэтгэгч Ж.Саруул дээрх мэдэгдлээ 2019.12.10-ны өдрийн 13/18 дугаар хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолыг хавсаргасан байсан бөгөөд энэ тогтоолынхоо тогтоох хэсгийн 1 дэх заалтаар 2019.11.29-ний өдрийн анхны албадан дуудлага худалдааг хүчингүй болгохдоо юуны учир, ямар үндэслэлээр хүчингүй болгосон нь тодорхойгүй, 2 дахь заалтаар 2019.12.27-ны өдрийн 10 цагт миний дээрх байрыг анхны албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулах тухай заасан атлаа тогтоолоо хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол гэж нэрлэсэн зэрэг асуудлыг бүр ч ойлгомжгүй болгосныг М.Энхтайван гомдолдоо дурдаж байсан ба энэ нь ч түүний эрх ашгийг хохироож байна гэж үзэх үндэслэлтэй байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т заасан ажиллагааг хийхгүйгээр зөвхөн шүүхийн шийдвэрт нэр дурдагдсан өөр төлбөр төлөгчид өгснөөр асуудлыг шийдвэрлэсэн нь төлбөр төлөгчийн хувиар зогсохгүй өмчийн эзний хувиар эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөж байгаа нь энэхүү нэхэмжлэлийг гаргах шаардлагыг бий болгож байна. Хамгийн гол албадан дуудлага худалдаанд оруулах гэж байгаа хөрөнгийг үнэлүүлэх шинжээч нь хэн байсан, тэр нь үнэлгээ хийх гэж байгаа обьектоо ч үзээгүй атлаа ямар баримт сэлтийг үндэслэж хэрхэн үнэлгээ хийсэн, ямар дүгнэлт гаргасан гэдэг нь тодорхойгүй болохоор, мөн түүнчлэн дуудлага худалдааг эрхлэн хөтлөгчөөр хэнийг ямар эрх бүхий этгээдийн, ямар шийдвэрээр томилсон эсэх нь ч М.Энхтайванд танилцуулагдахгүйгээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.8-д заасан эрхээ эдлэх ч боломж олгогдоогүй байхад дуудлага худалдааг явуулсан нь түүний эрх, хууль ёсны ашиг сонирхолд ноцтой хохирол учруулж байна. Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль, Шүүхийн шинжилгээний тухай хууль, Хөрөнгийн үнэлгээний тухай хуулиудын заалтуудыг зөрчиж хийсэн үнэлгээг хүчингүй болгож, түүнийг үндэслэж явуулсан улсын бүртгэлийн Ү-2205000539 дугаартай Баянгол дүүрэг, 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, 6 дугаар байр, 11 тоот орон сууцны албадан дуудлага худалдааг хууль бус болохыг тогтоож өгнө үү гэжээ.

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан тайлбарт: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018.01.05-ны өдрийн 110 дугаар захирамжаар Ундармалик ХХК, М.Энхтайван, Т.Оюунчимэг, Т.Баяраа, Т.Найдан, Т.Доржсүрэн нараас 308,940,892 төгрөгийг гаргуулж Голомт банканд олгохоор шийдвэрлэжээ. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж үүргийн гүйцэтгэлд барьцаалсан төлбөр төлөгч М.Энхтайван, Т.Оюунчимэг нарын өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2205000539 дугаартай Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороолол 6 дугаар байрны 11 тоот орон сууцыг битүүмжлэн хураасан. Төлбөр төлөгч М.Энхтайван, Т.Оюунчимэг нарын өмчлөлийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан орон сууцыг албадан дуудлага худалдаанд оруулахаар талуудаас үнийн санал авахад харилцан тохиролцоогүй тул Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу Мөнх-Оргил трейд ХХК-ийг томилон үнэлүүлж, шинжээчийн үнэлсэн 71,900,000 төгрөгийн 70 хувь буюу 50,330,000 төгрөгөөр анхны албадан дуудлага худалдааны доод үнийг тогтоон анхны албадан дуудлага худалдаанд оруулах үнэлгээний мэдэгдлийг 2019.11.18-ны өдрийн 4/25881 дүгээр албан бичгээр талуудад мэдэгдсэн. Үнэлгээний мэдэгдлийг хүлээн авснаас хойш төлбөр төлөгч талаас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3, 55 дугаар зүйлийн 55.7-д заасан хугацаанд гомдол гаргаагүй байна. Үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан орон сууцыг үнэлэгдсэн үнийн 70 хувь буюу 50,330,000 төгрөгөөр санал болгох доод үнийг тогтоон 2019.11.29-ний өдөр анхны дуудлага худалдаанд оруулахад худалдан борлогдоогүй тул Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.4-т заасны дагуу үнэлэгдсэн үнийн 50 хувь буюу 35,950,000 төгрөгөөр санал болгох доод үнийг тогтоон 2 дахь дуудлага худалдаанд оруулахад 72,000,000 төгрөгөөр худалдан борлогдсон байна. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 102/ШШ2020/00442 дугаар шийдвэрээр: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2.2, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1, 175.3-т заасныг баримтлан Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох хоёр дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай М.Энхтайваны нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 1006 дугаар магадлалаар: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны  02 дугаар  сарын  05-ны  өдрийн  102/ШШ2020/00442 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2.2, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1, 175.3 гэснийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.5 гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Миний бие Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан тус газрын 2019.12.10-ны өдрийн 13/18 дугаар "Хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол" гэгчийг үндэслэн Улсын бүртгэлийн Ү-2205000539 дугаартай Баянгол дүүрэг, 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, 6 дугаар байр, 11 тоот орон сууцны албадан дуудлага худалдааг хууль бус болохыг тогтоолгохоор Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасныг тус шүүх нь 2020.02.05-ны өдрийн 102/ШШ2020/00442 дугаар шийдвэрээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ эрхийг маань зөрчсөн гэж үзэж байсан тул тэрхүү шийдвэрийг хянуулахаар гомдол гаргасан боловч Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь заалтыг буруу тайлбарлан гомдлыг маань хангахаас татгалзлаа. Иймд би дээрх шийдвэр, магадлалыг дахин хянуулахаар энэхүү гомдлыг гаргаж байна. Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018.01.05-ны өдрийн 110 дугаар захирамжийг гүйцэтгэх ажиллагаа явуулж байх явцдаа М.Энхтайван миний гэр бүлийн өмчлөлийн Баянгол дүүрэг 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, 6 дугаар байр, 11 тоот орон сууцыг албадан дуудлага худалдаагаар борлуулах тухай 2019.11.12-ны өдөр 4/881 дугаар мэдэгдэл, 2019.11.12-ны өдрийн 12/36 дугаар Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол гаргахдаа хөрөнгийн эзэн М.Энхтайван надад мэдэгдээгүйг анхан шатны шүүх мөн л анхаарч үзээгүйд гомдолтой байсан учир би түүнд давж заалдах гомдол гаргасан. Би хөдөө орон нутагт мал дээр ажилладаг, хот суурингаас зайдуу амьдардаг ч хэрэв шийдвэр гүйцэтгэгч нар утсаар боловч дуудвал ажил төрөл, мал ахуйгаа зохицуулаад ирэх бүрэн боломжтой байсан ч дээрх тогтоол, мэдэгдлийн талаар надад мэдэгдээгүйгээс тэдгээртэй танилцах боломж гараагүй байхад шийдвэр гүйцэтгэх газрын албан тушаалтнууд шат дараалсан тодорхой ажиллагаа явуулж дахин 2019.12.18-ны өдөр 4/29429 дугаар мэдэгдлийг хотод байдаг гэрийн хаягаар явуулж үүндээ дээрх орон сууцыг хэтийдсэн багаар үнэлж 2 дахь дуудлага худалдаа явуулах тухай дурдсан байсан нь миний эрхийг зөрчсөн гэж үзэж байгаа болно. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг зөвтгөхдөө Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь заалтыг буруу тайлбарласан. Хэрэв дээрх заалтыг мөн зүйлийн 14.3 дахь заалттай уялдуулж тайлбарласан бол хуулийн эхний шаардлага нь надад биеэр гардуулах, болохгүй бол дараа, дараагийн алхмыг хийх утгатай байгаа бөгөөд ийм алхам хийгдсэнийг нотлох баримт хавтаст хэрэгт байхгүй, шууд эхнэрт нь л гардуулсан байхад давж заалдах шатны шүүх ингэж хуулийн заалтыг буруу тайлбарлаж анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах төдийхнөөр асуудалд хандахгүй байсан. Ингэснээрээ анхан болон давж заалдах шатны шүүхүүд "гэр бүлийн хүнд нь өгсөн, шуудангаар хүргүүлсэн" гэдгээр асуудлыг шийдвэрлэж байгааг хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй тул Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.02.05-ны өдрийн 102/ШШ2020/00442 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.05.06-ны өдрийн 1006 дугаар магадлалыг тус тус хянан үзэж, хүчингүй болгон нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч М.Энхтайван нь хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан 2 дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай шаардлага гаргасан байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхижээ.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 102/ШШ2018/00110 шийдвэрийн дагуу хариуцагч Ундармалмилк ХХК, Т.Оюунчимэг, М.Энхтайван, Т.Баяраа, Т.Найдан, Т.Доржсүрэн нараас зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 307,607,798.08 төгрөг гаргуулж, Голомт банк ХХК-д олгох, хариуцагч нар зээлийн төлбөрийг төлж барагдуулахгүй тохиолдолд зээлийн төлбөрт барьцаалсан газар, орон сууц, зогсоол, худаг зэрэг үл хөдлөх хөрөнгөөр үүний дотор Т.Оюунчимаг, М.Энхтайван нарын өмчлөлийн Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, 6 дугаар байр, 11 тоот 29 м.кв талбайтай Ү-2005000539 дугаартай, орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар зохигчид эвлэрснийг баталгаажуулсан баримт хэрэгт авагдсан байна.

М.Энхтайван, Т.Оюунчимэг нар нь төлбөр төлөх үүргээ бүрэн биелүүлээгүй тул хариуцагч нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулж, төлбөр төлөгчийн орон сууцыг битүүмжлэн, хураах, тэмдэглэл үйлдэх, төлбөр төлөх хугацаа тогтоосон мэдэгдлийг хүргүүлэх зэрэг ажиллагаа явуулсан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4, 54 дүгээр зүйлийн 54.1 дэх хэсэгт заасантай нийцсэн гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасныг зөрчөөгүй байна.

Хэргийн баримтаас үзэхэд төлбөр төлөгч нар нь төлбөрт хураагдсан эд хөрөнгийг анхны албадан дуудлага худалдаанд оруулах санал болгох доод үнийг 200,000,000 төгрөг гэж үнийн санал ирүүлснийг төлбөр авагч нь зөвшөөрөөгүй байх тул Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, 55 дугаар зүйлийн 55.2.2 дахь хэсэгт заасны дагуу 2019.03.12-ны өдөр Мөнх-Оргил трейд ХХК-ийг шинжээчээр томилсон, шинжээч нь төлбөрт хураагдсан орон сууцны зах зээлийн үнэлгээг 71,900,000 төгрөгөөр үнэлснийг М.Энхтайван, Т.Оюунчимэг нарт 2019.03.25-ны өдөр мэдэгдсэн, үнэлгээний 70 хувь буюу 50,330,000 төгрөгөөр анхны албадан дуудлага худалдааны доод үнийг тогтоон, 2019.11.12-ны өдрийн анхны дуудлага худалдаа явуулах тухай тогтоол, мэдэгдлийг төлбөр төлөгч нарт 2019.11.18-ны өдөр шуудангаар хүргүүлжээ.

Анхны албадан дуудлагаар үл хөдлөх эд хөрөнгө борлогдоогүй тул хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолоор, үнэлгээний 50 хувь буюу 35,950,000 төгрөгөөр хоёр дахь дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоон, 2019.12.27-ны өдрийн 10.00 цагт хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулахаар шийдвэрлэсэн мэдэгдлийг 2019.12.19-ний өдөр төлбөр төлөгч Т.Энхтайваны гэр бүлийн гишүүн Т.Оюунчимэгт гардуулан өгсөн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт заасныг шийдвэр гүйцэтгэх байгууллага зөрчөөгүй байна.

Иймээс ...анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол гаргахдаа хөрөнгийн эзэн М.Энхтайван надад мэдэгдээгүй, ...Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь заалтыг буруу тайлбарласан гэсэн нэхэмжлэгчийн гомдлыг хангах үндэслэлгүй юм.

Түүнчлэн ...дуудлага худалдааны мэдэгдлийг биеэр гардуулах ажиллагаа явуулаагүй буюу мэдэгдээгүйгээс тэдгээртэй танилцах боломжгүй болсон, төлбөрт хураагдсан орон сууцыг хэт багаар үнэлсэн байсан гэсэн гомдлыг хангах үндэслэлгүй гэсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт зөв байна.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмаар үнэлж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв хэдий ч талуудын хооронд үүссэн маргааныг зохицуулсан холбогдох хуулийг оновчтой хэрэглээгүй байгааг давж заалдах шатны шүүхээс залруулсныг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т нийцсэн гэж үзнэ.

Дээрх үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 1006 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар нэхэмжлэгчийн хяналтын журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдөр төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЦАГААНЦООЖ

ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ

ШҮҮГЧИД С.СОЁМБО-ЭРДЭНЭ

Д.ЦОЛМОН

Х.ЭРДЭНЭСУВД