Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 05 сарын 11 өдөр

Дугаар 1033

 

 

Д.Ц-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ч.Цэнд, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,          

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн, 2020 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 183/ШШ2020/00758 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Д.Ц-ийн хариуцагч  “Ф К” ХХК, Т.Ннарт холбогдох, Т.Н-аас “Ф К” ХХК-ийн 93.8 хувь буюу 282 338 ширхэг хувьцааны үнэ 282 338 000 төгрөг, “Ф К” ХХК-иас 236,33 м.кв талбайн үнэ 697 173 500 төгрөг тус тус гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгч Ц.Б-ийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Хариуцагч Т.Н-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч, “Ф К” ХХК-ийн өмгөөлөгч Ц.Б, Э.Д

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ф К” ХХК болон хувьцаа эзэмшигч Т.Н-ын хооронд үүссэн маргааныг шийдвэрлүүлэхээр нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар ихэсгэж байна. “Ф К” ХХК-ийн үүсгэн байгуулагч, цорын ганц хувьцаа эзэмшигч Д.Цнь Т.Н-тай барилгын төслийн чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцож 2017 оны 7 дугаар сарын 17-ны өдөр хувьцаа худалдах, худалдан авах гэрээ байгуулан компанийн хувьцааны 93,8 хувийг худалдан төслийн үр ашгаас өөрт ногдох хувийг буюу барилгын талбайг авахаар болсон. Үүний дагуу өөрт ногдох орон сууцыг бусдад худалдсан байна. Гэтэл “Ф К” ХХК-ийн захирал Т.Ннь хувьцаа эзэмшигч Д.Ц-д олгогдсон талбайг өгөөгүй. Анх компанийн хувийг Т.Н-т худалдсан нь компанийн үйл ажиллагааны ашгаас хүртэх зорилготой байсан. Гэтэл нэхэмжлэгчийн эрхийг эдлүүлэхгүй түүнд ногдох хэсгийг олгохгүй, илт хууль бус үйл ажиллагаа явуулж нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “Ф К” ХХК болон хувьцаа эзэмшигч Т.Ннар “Ф К” ХХК-аас “Фүжи констракшн групп” ХХК рүү түүнд холбогдох бүх эрхийг шилжүүлэх замаар нэхэмжлэгч Д.Ц-той компанийн талаар ямарваа нэгэн маргаан гарсан тохиолдолд түүнд юу ч оногдуулахгүй зорилгоор тодорхой ажиллагаануудыг хийсэн нь хариуцагч нарын гаргаж өгсөн баримтаар нотлогдож байна. Т.Нболон Д.Цнарын хооронд хийгдсэн эрх шилжүүлэх болон компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээнд заагдсан хувьцааны төлбөр төлөх үүргээ хариуцагч биелүүлээгүй байна. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээний дагуу хувьцааны төлбөрийг төлөх үүрэгтэй болно. Иймд “Ф К” ХХК-ийн 93,8 хувь буюу 282 338 ширхэг хувьцааны үнэд 282 338 000 төгрөгийг Т.Н-аас гаргуулна.

Хувьцаа эзэмшигч Д.Ц-д ногдох орон сууцны талбайг “Ф К” ХХК, гүйцэтгэх захирал Д.Наранболдтой 2018 оны 5 дугаар сарын 01-ний өдөр тооцоо нийлсэн бөгөөд Нэхмэлийн шарын 5 дугаар байрнаас Д.Ц-д ногдох талбайг эцсийн байдлаар 250.79 м.кв байна гэж акт үйлдсэн. Үүнээс хойш 2018 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 18/68 дугаартай албан тоотоор шилжүүлэн өгөхөд бэлэн байгаа талбайгаас 2 иргэнд шилжүүлэн өгсөн талбайг хасаж 102,31 м.кв болохыг баталгаажуулсан. Үүнд Д.Энхжинд худалдсан 56,70 м.кв талбай болон Н.Батчулуунд худалдсан 77,32 м.кв талбай ороогүй бөгөөд Д.Ц-д ногдох үлдэгдэл нийт талбай 236.33 м.кв талбайг Д.Ц-д шилжүүлэн өгөх үүрэгтэй тул уг талбайн төлбөрт 697 173 500 төгрөгийг “Ф К” ХХК-аас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч “Ф К” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Ц-ийн нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй.  “Ф К” ХХК-ийн 6,2 хувийн хувьцаа эзэмшигчээр Д.Цбүртгэгдсэн хэдий ч компанийн үйл ажиллагаанд оролцоогүй, ажилчдын цалин, барилга байгууламжийн зардалд хөрөнгө оруулалт хийгээгүй. Д.Цнь “Ф К” ХХК-ийн эд хөрөнгийг захиран зарцуулах эрхгүй буюу хэн нэгэн гуравдагч этгээдэд компанийн эд хөрөнгийг зарж борлуулах эрх хэмжээ олгогдоогүй. Өөрөөр хэлбэл, манай компани нь 236,33 м.кв талбайн төлбөр гэх 697 173 500 төгрөгийг Д.Ц-д өгөх үүрэг хүлээгээгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Иймд Д.Ц-ийн “Ф К” ХХК-д холбогдуулан гаргасан 697 173 500 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо Нэхмэлийн шарын 5 дугаар байрыг дахин нурааж барилгажуулан одоогийн байдлаар улсын комисст хүлээлгэн өгч төсөлд хамрагдсан 120 орон сууц орж иргэдийн өмчлөлд шилжсэн. Өөрөөр хэлбэл, “Ф К” ХХК нь дээрх барилгын төслийг хэрэгжүүлэх эрхгүй, бүртгэлгүй бөгөөд өөр компани бүртгэлтэй болохыг дурьдах нь зүйтэй. Нөгөөтэйгээр “Ф К” ХХК нь иргэд, хуулийн этгээдтэй гэрээний эрх зүйн харилцааны үндсэн дээр бизнесийн үйл ажиллагаа явуулдаг бөгөөд данс хаах захирамж гарснаар бизнесийн хэвийн үйл ажиллагаа доголдох хохирол амсахад хүрэх болно гэжээ.

Хариуцагч Т.Н-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Цнь “Ф К” ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн дүрмээр 6.2 хувийн хувьцаа эзэмшигчээр бүртгэгдсэн хэдий ч Компанийн тухай хууль болон дүрэмд заасны дагуу компанид болон барилга барихад бодит хөрөнгө оруулалт хийгээгүй болох нь бичгийн нотлох баримтуудаар нотлогдоно. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч “Ф К” ХХК шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Т.Ннь Д.Ц-той 2017 оны 7 дугаар сарын 17-ны өдөр хувьцаа худалдах, худалдан авах гэрээг байгуулж, “Ф К” ХХК-ийн 93,8 хувийн хувьцааг авсан. Гэтэл тухайн үед “Ф К” ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй үл хөдлөх болон хөдлөх эд хөрөнгө, компанийн оффис, компанийн балансад бүртгэлтэй эд хөрөнгө байхгүй, дансандаа байршуулсан мөнгөгүй, компанид ажилладаг ажилтан байхгүй байсан. Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо Нэхмэлийн шарын ашиглалтын шаардлага хангахгүй болсон нийтийн зориулалттай байруудыг дахин төлөвлөлтөд хамруулах төслөөс 5 дугаар байрыг буулгаж, дахин барих ажлыг “Ф К” ХХК-д хөрөнгө оруулснаар хийж гүйцэтгэсэн боловч компанийн 6,2 хувийн хувьцаа эзэмшигч Д.Ц-ийн зүгээс уг 5 дугаар байрыг барихтай холбоотой хөрөнгө оруулаагүй, бараа материал худалдах авах, ажилтнуудын цалин хөлс зэрэгт зардал гаргаж байгаагүй болно. Компанийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт зааснаар компанийн хувьцаа нь компанид хөрөнгө оруулж түүнийг үндэслэн санал өгөх, ногдол ашиг авах, компанийг татан буулгасны дараа үлдсэн эд хөрөнгийг худалдсанаас олсон орлогоос хувь хүртэх зэрэг хувьцаа эзэмшигчийн эрхийг гэрчилдэг бөгөөд компанийн хувьцаа эзэмшигч нь өөрийн эзэмшиж буй хэмжээгээр компанид хөрөнгө оруулсан байхыг шаарддаг. Гэтэл Д.Цнь өөрийн эзэмшлийн 6,2 хувийн хувьцааны хэмжээгээр буюу 18 662 000 төгрөгийг төлөх замаар хувьцаа эзэмшээгүй бөгөөд “Фүжи констракшн" ХХК-д хөрөнгө оруулаагүй байдаг. Компанийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсэгт зааснаар компанийн хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг хуваарилах эсэх асуудлыг төлөөлөн удирдах зөвлөл, байхгүй бол хувьцаа эзэмшигчдийн хурлаар шийдвэрлэх бөгөөд тухайн шийдвэрээр хувьцаа бүрт ногдох ашгийн хэмжээ, ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт болон ногдол ашиг төлөх өдөр зэргийг зааж өгдөг. Гэтэл Д.Цнь компанид хөрөнгө оруулаагүй байхад “Ф К” ХХК-ийн зүгээс 65 500 000 төгрөгийг өгсөн тул үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэж уг  төгрөгийг гаргуулна гэжээ.

Нэхэмжлэгч Д.Цсөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл тодорхойгүй, ойлгомжгүй байна. Сөрөг нэхэмжлэлд хавсарган өгсөн баримтууд нотлох баримтын шаардлага хангахгүй, хэнд хэрхэн, хаанаас шилжсэн нь тодорхойгүй байх бөгөөд “Ф К” ХХК-тай холбоотой асуудлаар талууд харилцан тооцоо нийлж 2018 оны 5 дугаар сарын 01-ний өдөр акт үйлдсэн байх бөгөөд тухайн актаар компаниас төлөгдсөн гэх төлбөрүүдийг хасаж тооцсон болно. Мөн хуучин орон сууцуудыг буулгах ажлыг миний бие хариуцсан байтал ажил хийгээгүй, зардал гаргаагүй мэтээр бичсэн нь үндэслэлгүй байна. Иймд сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1, 243 дугаар зүйлийн 243.1, 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч “Ф К” ХХК-аас 236,33 м.кв талбайн төлбөрт 354 495 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д.Ц-д олгож, үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2017 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээний үүрэгт шаардсан 282 338 000 төгрөгийг, сөрөг нэхэмжлэлийн шаардлага болох үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх 65 500 000 төгрөгийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаарзүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч талаас урьдчилан нийт төлсөн 7 083 400 төгрөгөөс нэхэмжлэлийн шаардлагад ногдох 5 055 507 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, бусад хариуцагч болон шаардлагаас татгалзсан тул 2 027 892 төгрөгийг төрийн сангийн данснаас буцаан гаргуулж нэхэмжлэгч Д.Ц-д,

Хариуцагч “Ф К” ХХК-аас сөрөг нэхэмжлэлийн шаарлагад төлсөн 485 450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэлийн хангагдсан шаардлагад ногдох 1 930 425 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Ц-д тус тус олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч “Ф К” ХХК-ийн өмгөөлөгч Ц.Б давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.2-т заасны дагуу хуулийг буруу тайлбарлан хэрэглэснээс гадна хэрэгт авагдсан ач холбогдол бүхий нотлох баримтуудыг үнэлэлгүй хэргийг хянан шийдвэрлэсэн гэж үзэж байна. “Ф К” ХХК-аас 236,66 м.кв талбайн үнийг 1 500 000 төгрөгөөр тооцож 354 495 000 төгрөгийг гаргуулж шийдвэрлэхдээ төсөл хэрэгжүүлэхээр шалгарсан “Фүжи холдинг ББСБ” ХХК-тай хамтран ажиллах гэрээ байгуулж орон сууцыг барьж ашиглалтад оруулснаар 350 м.кв талбайг Д.Ц-д шилжүүлэхээр хувьцаа эзэмшигчид тохирсон гэж дүгнэсэн. Гэтэл Д.Ц-гоос “Ф К” ХХК-д холбогдуулан 236.33 м.кв талбайн үнэд 697 173 500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Т.Н-тай ашиглалтын шаардлага хангахгүй болсон барилгын үр ашгаас өөрт ногдор хувийг буюу барилгын талбай авахаар болсон бөгөөд компанийн гүйцэтгэх захиралтай тооцоо нийлж 250,79 м.кв талбай авахаар тохиролцсон тул 236,33 м.кв талбайн үнэд 697 173 500 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй гэж тайлбарласан. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэлийн шаардлагаа үр ашгаас өөрт ногдох хувийг гаргуулахаар тодорхойлсон ба Компанийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсэгт зааснаар төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол хувьцаа эзэмшигчдийн зөвлөл/ногдол ашиг хуваарилах эсэх тухай шийдвэрийг гаргах бөгөөд уг шийдвэрт хувьцаа бүрд ногдох ашгийн хэмжээ, ногдох ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах өдөр болон ногдох ашиг төлөх өдөр зэргийг заана, мөн хуулийн 46 дугаар зүйлийн 46.8 дахь хэсэгт “ногдол ашгийг компанийн татвар төлсний дараа цэвэр ашгаас хуваарилна” гэж заасан. Гэтэл компанийн хувьцаа эзэмшигчдийн зүгээс ногдол ашиг хуваарилах асуудлыг хэлэлцсэн зүйл байхгүй. 2017 оноос хойш нэг ч удаа хурал хийгээгүйг нэхэмжлэгч өөрөө хүлээн зөвшөөрдөг. “Ф К” ХХК нь 5 дугаар байрыг ашиглалтад оруулаагүй болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдоно.

Мөн анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан мэтгэлцэх зарчмыг хангаагүй. Шүүх хуралдаанд оролцогчдыг оролцуулаагүй хэргийг шийдвэрлэсэн. Иймд шийдвэрийн “Ф К” ХХК-д холбогдох заалтыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй, нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлээгүйгээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд эрх зүйн дүгнэлт өгч чадаагүй байна.

Нэхэмжлэгч Д.Цнь хариуцагч “Ф К” ХХК-д холбогдуулан компанийн 6,2 хувийн хувьцааны ногдох ашигт ногдох талбай 236,33 м.кв талбай үнэ 697 173 500 төгрөгийг гаргуулах, Т.Н-аас “Ф К” ХХК-ийн 93,8 хувь буюу 282 388 ширхэг хувьцааны үнэ 282 338 000 төгрөг гаргуулах шаардлагыг тус тус гаргажээ.

Хариуцагч компанийн төлөөлөгч болон Т.Ннэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан үндэслэлээ, “93,8 хувийн хувьцааг худалдан авсан хэдий ч компани мөнгө хөрөнгөгүй байснаас гадна Д.Цнь компанийн үйл ажиллагаанд оролцоогүй, хөрөнгө оруулалт хийгээгүй тул ногдох ашиг авах эрхгүй” гэж маргаж, түүнд шилжүүлсэн 65 500 000 төгрөгийг буцаан гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргажээ.

Нэхэмжлэгч Д.Цнь 2017 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн компани эзэмших гэрээгээр “Ф К” ХХК-ийн 100 хувийн хувьцааг шилжүүлэн авч, гэрээний төлбөрт нэхмэлийн шарын 5 дугаар байрыг буулгаж, орон сууцны 150 м.кв талбайг худалдагч талын өмчлөлд шилжүүлэхээр тохиролцож, 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдөр Хан-уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг давсгэрт байрлах ашиглалтын шаардлага хангахгүй болсон, орон сууцны байруудыг дахин барилгажуулах төслийг хэрэгжүүлэгчээр шалгарсан “Фүжи холдинг” ХХК-тай хамтран ажиллах, хөрөнгө оруулалтын гэрээ байгуулжээ.

Улмаар хариуцагч Т.Н-тай 2017 оны 7 дугаар сарын 17-ны өдөр эрх шилжүүлэх болон хувьцаа худалдах, худалдан авах гэрээ байгуулж, “Ф К” ХХК-ийн өөрийн мэдлийн 93,8 хувийн эрхээ буюу нийт 282 338 ширхэг буюу 282 338 000 төгрөгийн хувьцааг шилжүүлэхээр тохиролцсон байна. /1хх-58-59, 68-73/

           Зохигчид гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй, харин хариуцагчаас “талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүсээгүй, хувьцаа шилжүүлсэн нь дүрмээрээ зохицуулагдах харилцаа бөгөөд биет болон биет бусаар мөнгө шилжүүлэх асуудал биш юм” гэж маргасан.

           Шүүх уг хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн ба хийвэл зохих ажиллагааг бүрэн гүйцэтгээгүй, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд хамаарах хэргийн нөхцөл байдал, эрх зүйн харилцааны агуулгыг бүрэн тогтоож, тодорхойлоогүй байна. Тодруулбал, нэхэмжлэлийн шаардлага хариуцагчийн  гэрээний үүрэгт үндэслэсэн,  эсхүл компанийн хувьцаа эзэмшигчийн хувиар шаардаж байгаа эсэх нь тодорхой бус байна.

Гэрээний үүргээс үүсч буй шаардлага бол гэрээний агуулга, гэрээний зүйл, үүргийг бодитой биелүүлэх боломжтой эсэх нөхцөл байдал ач холбогдолтой байдаг бол хувьцаа эзэмшигчийн гаргах нэхэмжлэлийн шаардлага бол Компанийн тухай хуулийн хүрээнд тодорхойлогдсон байдаг. Гэтэл эдгээр нөхцөл байдлыг тодруулалгүйгээр хэргийг шийдвэрлэжээ.

Мөн шийдвэрийн тогтоох хэсэгт хариуцагч “Ф К” ХХК-д холбогдох нэхэмжлэлийн шаардлага 697 173 500 төгрөгөөс 354 495 000 төгрөгт холбогдох хэсгийг хангаж шийдвэрлэхдээ үлдэх 342 678 500 төгрөгт холбогдох хэсгийг хэрхэн шийдвэрлэсэн талаар шийдвэрт дурьдаагүй орхигдуулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дагуур зүйлийн 118.5 дахь хэсэгт заасныг зөрчсөн байна.

Маргааны үйл баримтад хамааралтай асуудлаар шүүх шинжээч томилж дүгнэлт гаргуулсан атлаа ямар үндэслэлээр нотлох баримтаар үнэлэх боломжгүй байгаа нь тодорхой бус буюу өөрөө шүүгч үнэлгээний хэмжээг тогтоосон агуулгатай шийдвэр гаргасан нь буруу юм. Хэрэв шүүхээс томилогдсон шинжээчийн дүгнэлт зохих ёсоор хийгдээгүй, эргэлзээтэй байгаа тохиолдолд дахин шинжээч томилохоор Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт заасан. Өөрөөр хэлбэл, мэргэжлийн мэдлэг шаардсан асуудалтай холбоотой нотлох баримт бүрдүүлэх шаардлагатай байгаа тохиолдолд уг баримт нь шаардлага хангаагүй байгаа бол зохих ёсоор хангуулах ажиллагааг хийх ёстой.

Дээр дурьдснаар анхан шатны шүүх нотлох баримтыг дутуу бүрдүүлснээс давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэж, өөрийн бүрэн эрхийн хүрээнд дүгнэлт хийх боломжгүй гэж үзлээ

Дээрх үндэслэлээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.7-д зааснаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж дүгнэв. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.7-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 183/ШШ2020/00758 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 930 425 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурьдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                                    ШҮҮГЧИД                                    Ч.ЦЭНД

                                                                                                         Д.БАЙГАЛМАА