Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 05 сарын 11 өдөр

Дугаар 1032

 

 

Д.Д-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ч.Цэнд, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,          

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн, 2020 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 182/ШШ2020/00712 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Д.Д-ын хариуцагч  М банкинд холбогдуулан гаргасан ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх, бичилт хийлгэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Т

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

Нэхэмжлэгч Д.Дшүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 182/ШШ2016/00937 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 256 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 001/ХТ2017/00424 дугаар тогтоолоор М банкны Ерөнхийлөгчийн тушаалыг үндэслэлгүй болохыг тогтоож, Д.Д-ыг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, цалин хөлстэй тэнцэх олговорт 7 065 738 төгрөгийг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийлгэхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа 2017 оны 5 дугаар сарын 19-ний өдөр эхэлсэн боловч Монгол банк нь шүүхийн шийдвэр, магадлал, тогтоолыг биелүүлэхгүй, Д.Д-ыг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд томилохгүй байгаа бөгөөд 00937 тоот шийдвэр гарснаас хойш 6 удаа шүүхэд нэхэмжлэл гаргасан нь бүгд хангагдаж шийдвэрлэсэн. Сүүлд Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 3 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл буюу М банкны Ерөнхийлөгчийн Б-141 дугаар тушаалаар Д.Д-тай зөвшилцсөний үндсэн дээр Дархан-Уул аймаг дахь М банкны хэлтэст ахлах хянан шалгагчаар эгүүлэн томилсон тул энэ хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг нэхэмжилж байна. Иймд М банкнаас 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 3 дугаар сарын 31-ний өдөр хүртэл ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 46 279 700 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагч М банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Днь М банкны дотоод журам, ёс зүйн дүрэм, төрийн албан хаагчийн ёс зүйн дүрмийг зөрчсөн нь М банкны дотоод аудитын шалгалтаар илэрсэн тул түүнийг ажлаас чөлөөлсөн. Энэ маргаан өнөөдрийг хүртэл үргэлжилж байна. Нэхэмжлэгч нь хариуцагчийг эс үйлдэл гарган ажилд эгүүлэн тогтоогоогүйн улмаас ажилгүй байсан хугацааны цалин хөлс авах эрхтэй гэж байгаа боловч 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн М банкны тамгын газрын захирал Ж.Батхуяг, хууль, эрх зүйн газрын захирал Д.Аюуш нарт ирүүлсэн санал хүргүүлэх, албан бичигтээ М банкнаас гаргасан ажлын саналыг хүлээн авахаас татгалзаж байгаа тухайгаа тодорхой мэдэгдсэн. Өөрөөр хэлбэл Д.Д-т М банкнаас өөр ажил санал болгосон, энэ талаар ярилцах, тохиролцох санал тавьж байсныг хүлээн авсан боловч хүрэлцэн ирж уулзаагүй, ажлын саналаас татгалзсан. Ажил олгогч шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлэхгүй байх, эс үйлдэхүй гаргаж байгаагүй. Шүүхийн шийдвэрт дурьдсан мөнгөн дүнгээр цалин хөлсийг нь олгож байсан. Энэ хугацаанд Д.Д-тай хамтран ажиллах, эгүүлэн ажилд томилох санал тавихад, Д.Дшүүхийн шийдвэрийг өөрт ашигтайгаар ашиглаж, ажил олгогчтой уулзахгүй, тохиролцохгүй байсан. Нэхэмжилж байгаа нийт дүнгийн 50 хувийг Монгол банк хариуцах хууль зүйн үндэслэл байгаа. М банкнаас тавьсан ажлын саналаас татгалзсан нь 2019 оны 4 дүгээр сарын өргөдлөөс харагдана. Мөн 2019 оны 12 дугаар сард татгалзсан ажлын саналаа хүлээн авсан тухай баримт нь хэрэгт авагдсан. Д.Д-т энэ хугацааны цалин олговрыг Монгол банк олгох боломжгүй. Д.Днь төрийн албан хаагч, ёс зүйн асуудал яригдах ёстой. Иймд нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүнгийн 50 хувиар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх заалтыг баримтлан хариуцагч М банкнаас 46 279 700 /дөчин зургаан сая хоёр зуун далан есөн мянга долоон зуун/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Д.Д-т олгож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь зааснаар Монгол банк нь Д.Д-ын дээрх олговроос зохих суутгалыг хийж, түүний нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийх үүрэгтэй болохыг дурьдаж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5, 44 дүгээр зүйлийн 44.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.Д-ын нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурьдаж, Төрийн сангийн 100200700941 тоот данснаас нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 515 990 /таван зуун арван таван мянга есөн зуун ерэн/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д.Д-т буцаан олгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх заалтыг баримтлан хариуцагч Монголбанкнаас улсын тэмдэгтийн хураамжид 389.348 /гурван зуун наян есөн мянга гурван зуун дөчин найман/ төгрөг гаргуулж улсын төвлөрсөн төсвийн дансанд оруулж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх Д.Д-ын ажилгүй байсан хугацааны цалинд 46 279 700 төгрөгийг М банкнаас гаргуулж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Д.Д2016 оноос хойш 2 жилийн хугацаанд ажилгүй байсан нөхөн олговорт М банкны Ерөнхийлөгчийн 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн А-347 тушаалаар 73 386 794 төгрөг авсан. М банкнаас Д.Д-т ажлын санал удаа дараа тавьсан боловч тэрээр биечлэн ирж уулзахдаа ажлын саналыг зөвшөөрдөг ч дараа нь татгалзсан талаарх саналаа бичгээр ирүүлдэг. Ажил олгогчтой ирж уулзахгүй цаг хугацаа авч, өөрт ашигтайгаар хөдөлмөр эрхлэхгүйгээр М банкнаас цалин гаргуулж байна. Д.Д-ыг зөвшөөрсний дагуу М банкны Ерөнхийлөгчийн 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн Б/141 дугаар тушаалаар түүнийг Дархан-Уул аймаг дахь М банкны хэлтсийн ахлах хянан шалгагч, улсын байцаагчаар томилсон. Тус ажлын байрыг өмнө нь удаа дараа М банкнаас тавьж байсан. Монгол банк шүүхийн шийдвэрийг бүрэн биелүүлэхэд Д.Дөөрөө саад болсон тул нийт нэхэмжилсэн үнийн тал хувийг хангаж шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх талуудын хоорондын маргааны үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, нотлох баримтыг хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Нэхэмжлэгч Д.Днь хариуцагч М банкинд холбогдуулан анх ажилгүй байсан хугацааны цалин 36 127 174 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэх тухай нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 10 152 527 төгрөгөөр нэмэгдүүлжээ.

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 182/ШШ2016/00937 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 256 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүхийн хуралдааны 2017 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 001/ХТ2017/00424 дугаар тогтоолоор Д.Д-ыг урьд эрхэлж байсан ажилд буюу Дархан-Уул аймаг дахь М банкны хэлтсийн захиралд эгүүлэн тогтоож, хариуцагчаас 2016 оны 8 дугаар сарын 11-ний өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацааны нөхөн олговрыг гаргуулж шийдвэрлэсэн, шийдвэр хүчин төгөлдөр болсон байна. /хх-23-32/

Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2-т зааснаар ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон бол урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн авах үүрэгтэй.

Гэтэл хариуцагч Монгол банк нь нэхэмжлэгч Д.Д-ыг Дархан-Уул аймаг дахь М банкны хэлтсийн захиралд эгүүлэн томилоогүй байна. Нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй байгаатай холбогдуулан эрх зүйн үр дагавар болох ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхээр удаа дараа шүүхэд хандаж байсан үйл баримт тогтоогджээ. /хх-16-35/

Хамгийн сүүлд Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 182/ШШ2018/02184 дугаар шийдвэрээр Д.Д-ын ажилгүй байсан /2018 оны 5 дугаар сарын 04-ний өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүртэлх/ хугацааны олговорт М банкнаас 16 481 375 төгрөг гаргуулж шийдвэрлэсэн байна. /хх-12-15/

Хариуцагч Монгол банк нь дээрх шийдвэрийг гарснаас хойш нэхэмжлэгч Д.Д-ыг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн томилоогүй тул Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар мөн хугацаанаас хойшхи ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэхийг хариуцагчаас шаардах эрхтэй.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч нэхэмжлэгчийн ажилд нь эгүүлэн томилоогүйд Д.Дөөрөө буруутай гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар  нотлоогүй гэж үзнэ.

Иймд нэхэмжлэгч Д.Д-ын ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний нөхөн олговорт 46 279 700 төгрөгийг олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, зохих бичилт хийхийг хариуцагч М банкинд даалгаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт нийцсэн.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 182/ШШ2020/00712 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч нь давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.

 

 

                ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Ж.ОЮУНТУНГАЛАГ

                            ШҮҮГЧИД                                     Ч.ЦЭНД

                                                                                  Д.БАЙГАЛМАА