Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 001/ХТ2021/00535

 

Д.Д-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Б.Мөнхтуяа даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 182/ШШ2020/00712 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар  сарын 11-ний өдрийн 1032 дугаар магадлалтай,     

Д.Д-ын нэхэмжлэлтэй,

Мбанкинд холбогдох

Ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх, бичилт хийлгэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Банзрагчийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М-О, нарийн бичгийн дарга Х.А нар оролцов.

Нэхэмжлэгч Д.Д-ын шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: ...Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016.11.01-ний өдрийн 182/ШШ2016/00937 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017.01.23-ны өдрийн 256 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн 2017.04.13-ны өдрийн 001/ХТ2017/00424 дүгээр тогтоолоор Мбанкны Ерөнхийлөгчийн тушаалыг үндэслэлгүй болохыг тогтоож, Д.Д-ыг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, цалин хөлстэй тэнцэх олговорт 7,065,738 төгрөгийг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийлгэхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа 2017.5.19-ний өдөр эхэлсэн боловч Мбанк нь шүүхийн шийдвэр, магадлал, тогтоолыг биелүүлэхгүй, Д.Д-ыг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд томилохгүй байгаа бөгөөд 937 дугаар шийдвэр гарснаас хойш 6 удаа шүүхэд нэхэмжлэл гаргасан нь бүгд хангагдаж шийдвэрлэгдсэн. ...Сүүлд Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018.11.01-ний өдрөөс 2020.3.31-ний өдрийг хүртэл буюу Мбанкны Ерөнхийлөгчийн Б-141 дүгээр тушаалаар Д.Д-тай зөвшилцсөний үндсэн дээр Дархан-Уул аймаг дахь Мбанкны хэлтэст ахлах хянан шалгагчаар эгүүлэн томилсон тул энэ хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг нэхэмжилж байна. Иймд Мбанкнаас 2018.11.01-ний өдрөөс 2020.3.31-ний өдөр хүртэл ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 46,279,700 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: ...Д.Д нь Мбанкны дотоод журам, ёс зүйн дүрэм, төрийн албан хаагчийн ёс зүйн дүрмийг зөрчсөн нь Мбанкны дотоод аудитын шалгалтаар илэрсэн тул түүнийг ажлаас чөлөөлсөн. Нэхэмжлэгч нь хариуцагчийг эс үйлдэл гарган ажилд эгүүлэн тогтоогоогүйн улмаас ажилгүй байсан хугацааны цалин хөлс авах эрхтэй гэж байгаа боловч 2019.01.21-ний өдрийн Мбанкны Тамгын газрын захирал Ж.Б, хууль, эрх зүйн газрын захирал Д.А нарт ирүүлсэн санал хүргүүлэх албан бичигтээ Мбанкаас гаргасан ажлын саналыг хүлээн авахаас татгалзаж байгаа тухайгаа тодорхой мэдэгдсэн. Өөрөөр хэлбэл Д.Д-т Мбанкаас өөр ажил санал болгосон, энэ талаар ярилцах, тохиролцох санал тавьж байсныг хүлээн авсан боловч хүрэлцэн ирж уулзаагүй, ажлын саналаас татгалзсан. Ажил олгогч шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлэхгүй байх, эс үйлдэхүй гаргаж байгаагүй. Шүүхийн шийдвэрт дурдсан мөнгөн дүнгээр цалин хөлсийг нь олгож байсан. Энэ хугацаанд Д.Д-тай хамтран ажиллах, эгүүлэн ажилд томилох санал тавихад, шүүхийн шийдвэрийг өөрт ашигтайгаар ашиглаж, ажил олгогчтой уулзахгүй, тохиролцохгүй байсан. Нэхэмжилж байгаа нийт дүнгийн 50 хувийг Мбанк хариуцах хууль зүйн үндэслэл байгаа. Мбанкнаас тавьсан ажлын саналаас татгалзсан нь 2019 оны 4 дүгээр сарын өргөдлөөс харагдана. Мөн 2019 оны 12 дугаар сард татгалзсан ажлын саналаа хүлээн авсан тухай баримт нь хэрэгт авагдсан. Д.Д-т энэ хугацааны цалин олговрыг Мбанкаас олгох боломжгүй. Д.Д нь төрийн албан хаагч, ёс зүйн асуудал яригдах ёстой. Иймд нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүнгийн 50 хувиар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 182/ШШ2020/00712 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх заалтыг баримтлан хариуцагч Мбанкнаас 46,279,700 /дөчин зургаан сая хоёр зуун далан есөн мянга долоон зуун/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Д.Д-т олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт зааснаар Мбанк нь Д.Д-ын дээрх олговроос зохих суутгалыг хийж, түүний нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийх үүрэгтэй болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5, 44 дүгээр зүйлийн 44.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3-т зааснаар нэхэмжлэгч Д.Д-ын нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, Төрийн сангийн 100200700941 тоот данснаас нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 515.990 /таван зуун арван таван мянга есөн зуун ерэн/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д.Д-т буцаан олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх заалтыг баримтлан хариуцагч Мбанкнаас улсын тэмдэгтийн хураамжид 389,348 /гурван зуун наян есөн мянга гурван зуун дөчин найман/ төгрөг гаргуулж улсын төвлөрсөн төсвийн дансанд оруулж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар  сарын 11-ний өдрийн 1032 дугаар магадлалаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 182/ШШ2020/00712 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч нь давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэсэн байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Т-ийн хяналтын журмаар гаргасан гомдолд: ...Д.Д нь 2016 оноос хойш 2 жилийн хугацаанд ажилгүй байсан нөхөн олговорт Мбанкны Ерөнхийлөгчийн 2018.12.31-ний өдрийн А-347 тушаалаар 73,386,791.00 төгрөгийг авсан. Мбанкнаас Д.Д-тай удаа дараа уулзаж ажлын саналыг тавьсан боловч тэрээр биечлэн ирж уулзах үедээ ажлын саналыг хүлээн авдаг ч дараа нь бичгээр ажлын саналаас татгалзах, ажил олгогч ирж уулзах хүсэлт тавихад ирж уулзахгүй байх мэтээр цаг хугацааг өнгөрөөж өөрт ашигтай шүүхийн шийдвэрийг ашиглан ажил хөдөлмөр эрхлэхгүйгээр Мбанкнаас өч дөчнөөн мөнгөн төлбөрийг гаргуулан авч байна. Д.Д нь Дархан-Уул аймгийн Мбанкны хэлтсийн захирлаар ажиллаж байх хугацаандаа Мбанкны албан тасалгаанд зөвшөөрөлгүй гадны хүн нэвтрүүлсэн, албаны унааг хувийн хэрэгцээнд ашигласан, улс төрийн намд /Ардчилсан нам/ харилцах данс нээхийг арилжааны банкинд даалгахдаа Мбанкны албан бланкийг ашиглаж өөрийн гарын үсэгтэй хүргүүлсэн, Дархан-Уул аймаг дахь Мбанкны хэлтсийн бусад ажилтнуудтай зүй бус харьцдаг зэрэг үйлдэл нь Мбанкны газар дээрх дотоод хяналтын аудитын нэгжийн тайлан, дүгнэлтээр илэрч, зөрчлийг арилгах үүднээс түүнийг ажлаас халсан. Д.Д өөрөө зөвшөөрсний дагуу Мбанкны Ерөнхийлөгчийн 2020.04.01-ний өдрийн Б-141 дүгээр тушаалаар Дархан-Уул аймаг дахь Мбанкны хэлтсийн ахлах хянан шалгагч, улсын байцаагчаар ажиллаж байна. Гэтэл тус ажлын саналыг өмнө нь Д.Д-т удаа дараа Мбанкнаас тавьж байсан ч тус саналаас татгалзах эсхүл хүлээж авах зэрэг шийдвэрээсээ буцсан тохиолдлууд гаргаж байсан. Үүний үр дүнд олон сарын хугацаа өнгөрч, тус хугацааны төлбөрийг Мбанк төлөх, нэг ч өдөр хөдөлмөр эрхлээгүй Д.Д-т нийт 120 сая гаруй төгрөгийг төлөх нөхцөл байдал үүсээд байна. Иймд, Мбанк нь шүүхийн шийдвэрийг бүрэн хангахад Д.Д өөрөө саад болсон, ажил олгогчтой ажлын нөхцөлийг тохиролцолгүй удаасан буюу зөвхөн Мбанкны буруутай үйл ажиллагаанаас бус Д.Д-т хамаарах асуудал байгаа нь хэрэгт авагдсан гэрчийн мэдүүлгээр баталгаажиж байгаа буюу Нийслэлийн Шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгчийн мэдүүлгээр нотлогдож байхад давж заалдах шатны шүүхээс уг нотлох баримтыг үнэлээгүй тул шударга ёс, эрх тэгш байдлыг хангаж, Д.Д-ын нийт нэхэмжилсэн 46,279,700.00 төгрөгийн 50 хувийг хангаж шийдвэрлэхийг шүүхээс хүсэж байна гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын гомдлыг хангах боломжгүй.

Анхан болон давж заалдах шатны шүүх маргааны үйл баримтыг зөв дүгнэж, хэрэглэх ёстой хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Тодруулбал, хариуцагч Мбанк нь нэхэмжлэгч Д.Д-ыг Дархан-Уул аймаг дахь Мбанкны хэлтсийн захиралд эгүүлэн томилох шүүхийн шийдвэр /Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 424 дүгээр тогтоол/ хүчин төгөлдөр болсноос хойш эрхэлж байсан ажилд нь эгүүлэн томилоогүй тул нэхэмжлэгчээс ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхээр хэд хэдэн удаа шүүхэд хандсан, хамгийн сүүлд Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 2184 дүгээр шийдвэрээр 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны олговрыг гаргажээ.

Иймд, нэхэмжлэгч нь дээрх шүүхийн шийдвэр гарсан өдрөөс хойш 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл буюу нэхэмжлэгчийг ажилд эгүүлэн томилох тухай Мбанкны Ерөнхийлөгчийн 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн б-141 дүгээр тушаал гарах хүртэлх хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжилснийг шүүх (ажил олгогч нь) Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2-т “ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон” бол урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн авах үүрэгтэй, 69 дүгээр зүйлийн 69.1-д “энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор,…-ыг олгоно” гэж заасны дагуу хангах үндэслэлтэй.

Ажил олгогч буюу хариуцагч хуулиар ийнхүү үүрэг хүлээсэн тул “...нэхэмжилсэн 46,279,700.00 төгрөгийн 50 хувийг хангаж шийдвэрлэхийг шүүхээс хүсэж байна...” гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй.

Мөн нэгэнт хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэхэмжлэгчийг эрхэлж байсан ажилд нь эгүүлэн томилсон /хэлтсийн даргаар/ тул “...Д.Д нь Мбанкны санал болгосон өөр ажил болох /ахлах хянан шалгагч/ ажлыг хүлээн зөвшөөрөхгүй явсаар цаг хугацаа алдсан, иймд шүүхийн шийдвэрийг биелүүлэхэд зөвхөн хариуцагч буруутай бус нэхэмжлэгч өөрөө саад болсон…” гэх гомдлыг хүлээн авах боломжгүй.

Дээр дурдсан үндэслэлээр шүүх бүрэлдэхүүн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангалгүй орхиж, шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээхээр тогтов.     

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 182/ШШ2020/00712 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар  сарын 11-ний өдрийн 1032 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч нь хяналтын журмаар гомдол гаргахад төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.МӨНХТУЯА 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                   Г.АЛТАНЧИМЭГ

 ШҮҮГЧИД                                                  Г.БАНЗРАГЧ

                                                                    П.ЗОЛЗАЯА

                                                                           Г.ЦАГААНЦООЖ