Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 04 сарын 07 өдөр

Дугаар 182/ШШ2020/00712

 

 

        Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Цэнгэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

         Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг..... оршин суух, Д.Д-ын нэхэмжлэлтэй,

          Хариуцагч: Чингэлтэй дүүрэг, .... байрлах, ...банкинд холбогдох

         2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс хойших ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 46.279 700 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

      Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.З нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

         Нэхэмжлэгч Д.Д шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Д.Д нь ...банкинд холбогдуулан 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргах өдөр хүртэл буюу 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдөр хүртэл ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 36.127.174 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

          ...банкны захирлын 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн тушаалаар Д.Д-ыг Дархан-Уул аймаг дахь ...банкны хэлтэст ахлах хянан шалгагчийн ажилд томилсон. Үүнтэй холбоотойгоор нэхэмжлэлийн шаардлагаа 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хүртэл ажилгүй байсан /ажлын 77 өдөр/ хугацааны олговорт 10.152.527 төгрөг гаргуулахаар нэмэгдүүлж, нийт 46.279.700 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгүүлэх тухай шаардлага гаргаж байна.

        Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 182/ШШ2016/009... дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 2... дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 001/ХТ2017/004... дугаар тогтоолоор ...банкны захирлын тушаалыг үндэслэлгүй болохыг тогтоож, Д.Д-ыг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, цалин хөлстэй тэнцэх олговорт 7.065.738 төгрөгийг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийлгэхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа 2017 оны 05 дугаар сарын 19-ний өдөр эхэлсэн боловч ...банк нь хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр, магадлал, тогтоолыг биелүүлэхгүй, Д.Д-ыг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд томилохгүй байгаа бөгөөд 009... тоот шийдвэр гарснаас хойш өнөөдрийг хүртэл 6 удаа шүүхэд нэхэмжлэл гаргасан нь бүгд хангагдаж шийдвэрлэгдсэн, одоо 6 дахь шүүх хуралдаан нь болж байна. Шүүхийн шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлнэ гэж заасан хуулийн заалттай байдаг. ...банк хуулиар хүлээсэн энэ үүргээ өнөөдрийг хүртэл биелүүлэхгүй байна. Д.Д-ын хувьд дээрх шүүхийн шийдвэрийн дагуу явагдаж байгаа шийдвэр гүйцэтгэх ажиллагаа биелэгдэхгүй байгаа нөхцөлд өөрийн зүгээс авч хэрэгжүүлэх бүхий л арга хэмжээг авч хэрэгжүүлсэн. Хүний эрхийн комисс, Үндэсний Аудитын газар хандаж байсан, шүүхийн шийдвэр ажиллагааны явцад ажил олгогч талд зөрчлийн арга хэмжээ авахуулах тухай маш олон удаа хүсэлт, гомдол гаргаж байсан боловч биелэгдэхгүй өнөөдрийг хүрлээ. ...Сүүлд Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл буюу ...банкны Захирлын Б-1... дугаар тушаалаар Д.Д-ыг /өөртэй нь зөвшилцсөний үндсэн дээр/ Дархан-Уул аймаг дахь ...банкны хэлтэст ахлах хянан шалгагчаар эгүүлэн томилсон хүртэлх ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг нэхэмжилж байна.

          Иймд ...банкнаас 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 03дугаар сарын 31-ний өдөр хүртэл ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 46.279.700 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэв.

           Хариуцагч ...банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Т бичгээр гаргасан хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Д.Д тухайн үед ажлаас халагдсан шалтгаан нь ...банкны дотоод журам, ёс зүйн дүрэм, төрийн албан хаагчийн ёс зүйн дүрмийг зөрчсөн нь ...банкны дотоод аудитын шалгалтаар илэрсэн, уг гаргасан зөрчилд нь Д.Д-ыг ажлаас нь чөлөөлсөн. ...банк Д.Д-ыг ажлаас чөлөөлөх шийдвэр гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн зүйл заалтыг буруу үндэслэн тушаал гаргаж, өнөөдрийг хүртэл хөдөлмөрийн маргаан явагдаж байгааг хүлээн зөвшөөрч байна. Д.Д нь ажил үүргээ гүйцэтгэж байх хугацаандаа хариуцлага алдсан нь үнэн.

          Нэхэмжлэгч нь хариуцагч эс үйлдэл гарган, ажилд эгүүлэн тогтоогоогүйн улмаас ажилгүй байсан хугацааны цалин хөлс авах эрхтэй гэж маргаж байгаа боловч 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн ...банкны Тамгын газрын захирал Ж.Б, Хууль, эрх зүйн газрын захирал Д.А нарт ирүүлсэн санал хүргүүлэх, албан бичигтээ ...банкнаас гаргасан ажлын саналыг хүлээн авахаас татгалзаж байгаа тухайгаа тодорхой мэдэгдсэн. Өөрөөр хэлбэл Д.Д-т ...банкнаас өөр ажил санал болгосон, энэ талаар ярилцах, тохиролцох санал тавьж байсныг хүлээн авсан боловч хүрэлцэн ирж уулзаагүй, ажлын саналаас татгалзсан. Ажил олгогч шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлэхгүй байх, эс үйлдэхүй гаргаж байгаагүй, шүүхийн удаа дараа шийдвэрт дурдсан мөнгөн дүнгээр цалин хөлсийг нь олгож байсан. Энэ хугацаанд Д.Д-тай хамтран ажиллах, эгүүлэн ажилд томилох санал тавихад, Д.Д нь өөрт ашигтай шүүхийн шийдвэрийг урвуулан ашиглаж, ажил олгогчтой уулзахгүй, тохиролцохгүй байсан нөхцөл байдал байгаа. Д.Д бүхий л арга хэмжээг авч ...банктай хамтран ажиллахыг хүссэн гэдэгт санал нийлэхгүй байна. Д.Д нь нэг талаар үндэслэлгүйгээр хөрөнгөжих асуудал яригдахаар зүйл хийж байна.

         Одоо нэхэмжилж байгаа нийт мөнгөн дүнгийн 50 хувийг ...банк хариуцах хууль зүйн үндэслэл байгаа,  энэ нь ч шударга ёсонд нийцнэ гэж бодож байна.

          ...банкнаас тавьсан ажлын саналаас татгалзсан тухай нь 2019 оны 04 дүгээр сарын өргөдлөөс харагдана. Мөн 2019 оны 12 дугаар сард ”татгалзсан ажлын санал”-аа хүлээн авсан тухай баримт нь хэрэгт авагдсан. Энэ хугацаанд яагаад алга болсон, яагаад ...банктай уулзахгүй байсан, татгалзсан саналаа яагаад дараа нь хүлээн авах болсон талаар Д.Д-т тайлбар байхгүй. Д.Д-т энэ хугацааны цалин олговрыг ...банк олгох боломжгүй гэж үзэж байна. Д.Д нь төрийн албан хаагч, ...банкны ажилтан, ёс зүй гэдэг асуудал давхар яригдах ёстой гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүнгийн 50 хувиар шийдвэрлэж өгнө үү гэв.

 

         Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, гэрч Б.С-ийн мэдүүлгийг шинжлэн судлав.

ҮНДЭСЛЭХ нь:

         Нэхэмжлэгч Д.Д нь ...банкинд холбогдуулан 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдөр буюу шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 36.127.174 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ. /х.х-ийн 1-3 тал/

      Шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа 10.152.527 төгрөг /2020 оны 12 дугаар сарын 09-ний өдрөөс 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдөр/-өөр нэмэгдүүлж нийт 46.279.700 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай агуулга бүхий нэхэмжлэлийн шаардлага гаргасан. /х.х-ийн 131-132 тал/

          Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэстэй гэж үзнэ.

       Нэхэмжлэгч Д.Д нь өөрийн нэрийн өмнөөс шүүхэд нэхэмжлэл гаргах, хүсэлт гаргах, бүх шатны шүүхэд төлөөлөх, шүүх хуралдаанд оролцох зэрэг бүрэн эрхийг Б.Б-д 2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр итгэмжлэлээр олгосон ба итгэмжлэл нь Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2-т заасан хуулийн шаардлагыг хангажээ. /х.х-ийн 8 тал/

       Хариуцагч ...банкны захирал Б.Л нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ...банкийг төлөөлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26, 36 дугаар зүйлүүдэд заасан эрх, үүргийг хэрэгжүүлэхийг Хууль эрх зүйн газрын мэргэжилтэн М.Т-д 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Б-1/01 тоот итгэмжлэлээр олгосон байх ба итгэмжлэл хүчин төгөлдөр байна. /х.х-ийн 41 тал/

      Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хавтас хэргийн 23-32 дугаар талд авагдсан нотлох баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч Д.Д-ыг “Дархан-Уул аймаг дахь ...банкны хэлтсийн захирлын ажил албан тушаалд эгүүлэн тогтоосон Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 009... дугаар шийдвэр хүчин төгөлдөр болсон гэж үзнэ.

        Д.Д нь хуулийн хүчин төгөлдөр дээрх шүүхийн шийдвэрийг үндэслэн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт /нэг өдрийн дундаж цалин хөлс 131.851 төгрөгөөр тооцож/ 46.279.700 төгрөгийг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийлгүүлэхээр нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, “...нэхэмжилж байгаа мөнгөн дүнгийн 50 хувийг хариуцах хууль зүйн үндэслэл байгаа” гэж тайлбарлан маргаж нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байгаа болно. /х.х-ийн 46-47, 114 тал/

         Хүчин төгөлдөр Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 009... дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 2... дугаар магадлал, Улсын Дээд Шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 004... дүгээр тогтоолын дагуу олгогдсон гүйцэтгэх баримт бичгийг үндэслэн Нийслэлийн Шийдвэр гүйцэтгэх газар нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж байгаа болох нь зохигчийн тайлбар, гэрч Б.С-ийн мэдүүлэг, шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна. /х.х-ийн 9-35, 70-95 тал/

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 11.2-т зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй бөгөөд сайн дураар биелүүлээгүй тохиолдолд хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадан гүйцэтгэдэг.

         Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2-т зааснаар ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон бол ажил олгогч ажилтныг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн авах үүрэгтэй тул шүүхийн шийдвэрийг биелүүлээгүйгээс үүсэх эрх зүйн үр дагаврыг хариуцдаг байна.

         Иймд шүүх, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагчаас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг гаргуулахаар шийдвэрлэх нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 36 дугаар зүйлийн 36.1.2 дахь заалттай нийцнэ.

      Хариуцагч ...банк нь нэхэмжлэгч Д.Д-ыг урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоосон хүчин төгөлдөр анхан шатны шүүхийн шийдвэр, давах болон хяналтын шүүхийн магадлал тогтоолыг биелүүлээгүйгээс, нэхэмжлэгч үүдэн гарах эрх зүйн үр дагаврыг шаардаж байсан болох нь зохигчдын тайлбар,

      - Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 01...9 дугаар шийдвэр,

      - Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 02...4 дугаар шийдвэр,

      - Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 00....4 дугаар шийдвэр,

      - Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 02...4 дугаар шийдвэр,

     - Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 2... дугаар магадлал,

       - Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 001/ХТ2017/004... дугаар тогтоол,

     - Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 02....4 дүгээр шийдвэр зэрэг бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна. /х.х-ийн 9-38 тал

       Шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ...банкны Захирлын 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн Б-1... тоот тушаал гарч, уг тушаалаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 009.... дугаартай шийдвэрийг биелүүлэн, Д.Д-тай зөвшилцсөний үндсэн дээр түүнийг Дархан-Уул аймаг дахь ...банкны хэлтэст ахлах хянан шалгагчаар 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс томилсон нь зохигчдын тайлбар болон хэргийн үйл баримтаар тогтоогдож байна. /х.х-ийн 129 тал /

         Иймд нэхэмжлэгч Д.Д-ын ажилгүй байсан бүх хугацаа нь 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс ...банкны захирлын 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн Б-1... тоот тушаал гарах өдөр /351 хоног/ хүртэл байна.  

        Хэрэгт нотлох баримтаар авагдсан Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 009... дугаар шийдвэрт ... “... Д.Д-ын нэг өдрийн дундаж цалин хөлс 131.851 төгрөг байх”-аар тогтоожээ. /х.х-ийн 30-32 тал/

        Иймд хариуцагч ...банкнаас 46.279.700 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д.Д-т олгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

        Хариуцагч нь дээрх олговрыг нэхэмжлэгчид олгохдоо нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хасаж тооцох, мөн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийх үүрэгтэй талаар Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь заалтаар тус тус заажээ.

        Нэхэмжлэгчийн дээрх гомдлын шаардлага нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128 дугаар зүйлд зааснаар шүүхээр хянан шийдвэрлэх маргааны төрөлд хамаарч байгаа, гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэл тул хуульд зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөнө.

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

       1. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх заалтыг баримтлан хариуцагч ...банкнаас 46.279.700 /дөчин зургаан сая хоёр зуун далан есөн мянга долоон зуун/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Д.Д-т олгосугай.

           2. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь зааснаар ...банк нь Д.Д-ын дээрх олговроос зохих суутгалыг хийж, түүний нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийх үүрэгтэй болохыг дурдсугай.

          3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5, 44 дүгээр зүйлийн 44.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3-д зааснаар нэхэмжлэгч Д.Дын нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, Төрийн сангийн 100200700941 тоот данснаас нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 515.990 /таван зуун арван таван мянга есөн зуун ерэн/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д.Дт буцаан олгосугай.

          4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх заалтыг баримтлан хариуцагч ...банкнаас улсын тэмдэгтийн хураамжид 389.348 /гурван зуун наян есөн мянга гурван зуун дөчин найман/ төгрөг гаргуулж улсын төвлөрсөн төсвийн дансанд оруулсугай.

           5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

                                       ДАРГАЛАГЧ                            Ж.ЦЭНГЭЛ