Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 1106

 

 

 

М.Б-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхтөр даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,         

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн, 2020 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 101/ШШ2020/00988 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч М.Б-ийн хариуцагч “УСУГ” ОНӨААТҮГ-т холбогдуулан гаргасан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгал нөхөн төлүүлж, бичилт хийлгэх тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч М.Б, түүний өмгөөлөгч Б.Э

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Л

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Долгорсүрэн нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М.Бминий бие 2009 онд Ус сувгийн удирдах газрын механик засварын цехэд моторчиноор ажилд орж, 2014 онд урьдчилан сэргийлэх байгууламжийн албанд тоног төхөөрөмжийн засварчнаар ажиллаж эхэлсэн. 2019 оны 5 сарын 13-ны өдөр хүнд механизмын ПО маркийн автомашинд засвар үйлчилгээ хийж байхад автомашины дугуй буудаж үйлдвэрлэлийн осол болсон. Энэ ослын улмаас М.Б-ийн зүүн хөл хоёр хэсгээрээ хугарч удаан хугацаанд эмчилгээ хийлгэсэн ба Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэр гарсан. М.Б-ийг эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж буй ажилдаа тэнцэхгүй гэсэн дүгнэлт гараагүй. Манай байгууллагаас 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр ажлаас чөлөөлсөн тушаал гарсан тухай мэдэгдсэн, тушаалаа тухайн өдөр гардаж авсан. Уг тушаалд хөдөлмөрийн гэрээг 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрөөр тасалбар болгон ажлаас чөлөөлсөн байсан. Ажлаас чөлөөлж байгаа талаар урьдчилж мэдэгдээгүй. Миний бие тус байгууллагад ажиллах хугацаандаа хариуцсан ажлаа зохих түвшинд гүйцэтгэж, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь бүрэн биелүүлж байсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т зааснаар эрүүл мэндийн хувьд эрхэлж байгаа ажилдаа тэнцэхгүй гэх үндэслэлээр ажлаас чөлөөлсөн. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсэгт зааснаар ажилтан эрүүл мэндийн хувьд ажилдаа тэнцэхгүй нь тогтоогдсон бол нэг сарын өмнө албан ёсоор мэдэгдэл өгөх ёстой. Ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон гэдгийг мэргэжлийн комисс тогтоох шаардлагатай. Комисс хөдөлмөрийн чадвараа 60 хувь алдсан гэдгийг тогтоосон болохоос биш хөдөлмөрийн нөхцөлийг нь хөнгөрүүлэх өөрчлөх шаардлагатай гэж тогтоогоогүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсэгт заасныг зөрчсөн. Мэдэгдэл өгөөгүй учраас тушаал хууль зүйн үндэслэлгүй тул 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрөөс хойших хугацааны цалинг гаргуулна. Нэхэмжлэгчийн хувьд 5 дугаар сарын 13-ны өдөр үйлдвэрлэлийн осолд орж 6 сард ээлжийн амралтаа авсан. Үүнээс хойш цалин хөлс олгогдоогүй. 4, 5, 6 сарын цалингаар тооцоход 1 сарын дундаж цалин цалин 1 007 071 төгрөг, 4 сарын цалин 4 028 280 төгрөг болж байна. Иймд М.Б-ийг ажлаас үндэслэлгүй халсан ажил олгогчийн тушаалыг хүчингүй болгож ажилтанг урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоон, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М.Бнь Ус сувгийн удирдах газарт 2009 оны 3 дугаар сарын 02-ны өдрөөс механик засварын цехэд насосын засварчнаар ажилд орж 2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн Б/93 дугаар тушаалаар тус байгууллагын урьдчилан цэвэрлэх байгууламжийн албанд тоног төхөөрөмжийн засварчнаар томилогдон ажиллаж байгаад 2019 оны 5 дугаар сарын 13-ны өдөр үйлдвэрлэлийн осолд орсон. 2019 оны 5 дугаар сарын 14-ний өдөр Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх хөдөлмөрийн эрүүл ахуйн улсын байцаагчийн акт, дүгнэлт гарсан. Уг дүгнэлтээр үйлдвэрийн осол, хурц хордлогын байдал хүнд, зүүн хөлийн шилбэний яс хугарсан нь тогтоогдсон. М.Б2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Ус сувгийн удирдах газрын захиргаанд өргөдөлд 2019 оны 5 дугаар сарын 13-ны өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр хүртэлх 180 хоногийн листний хугацаа дуусч 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн дэргэдэх магадлах комиссын шийдвэрээр хөлний хугарал бүрэн эдгээгүй цаашид эмчилгээ хийлгэх шаардлагатай хөдөлмөрийн чадвараа 60 хувь алдсан гэж үзэн 12 сарын хугацаатай групп тогтоолгосон тул байгууллагын хамтын гэрээний 5.4-т заасны дагуу нөхөн төлбөр гаргуулах хүсэлт гаргасныг үндэслэн тус газрын даргын 2019 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн Б/969 тушаалаар Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 20 дугаар зүйл 20.1.10, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2, 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэг, Ус сувгийн удирдах газрын дүрмийн 6 дугаар зүйлийн 6.13-т заасныг удирдлага болгон хөдөлмөрийн гэрээг 2019 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөр тасалбар болгон цуцалж, албан тушаалаас нь чөлөөлсөн. Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.1-т Үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас тахир дутуу болж хөдөлмөрийн гэрээ нь дуусгавар болсон ажилтан эдгэрснийхээ дараа нэг сарын дотор хүсэлтээ өгсөн тохиолдолд урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн авах заалттай байдаг. М.Бнь эдгэрснийхээ дараа байгууллагадаа сарын дотор хүсэлт гаргасан тохиолдолд ажилд орох эрх нээлттэй. Байгууллагын зүгээс М.Б-тэй уулзаж тушаалыг тайлбарлан өгч хүсэлтийг нь сонсох гэж удаа дараа утсаар дуудахад ирж уулзаагүй. 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр урьдчилсан цэвэрлэх байгууламжийн албаны ХАБ-ын инженер Б.Тамир, хуулийн мэргэжилтэн Б.Золзаяа нар М.Б-ийн гэрт нь очиход хүнгүй байсан. Ажилтан эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь холбогдох баримтуудаар тогтоогдсон тул ажлаас чөлөөлсөн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.           

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 128.1.5, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан “УСУГ” ОНӨААТҮГ-ын даргын 2019 оны 11 сарын 28-ны өдрийн Б/969 дугаар тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Ноён овогт М.Б /Регистрийн дугаар ГД84090570/-ийг “УСУГ” ОНӨААТҮГ-ын урьдчилан цэвэрлэх байгууламжийн тоног төхөөрөмжийн засварчны ажилд эгүүлэн тогтоож, хариуцагч “УСУГ” ОНӨААТҮГ-аас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 4 028 284.8 /дөрвөн сая хорин найман мянга хоёр зуун наян дөрвөн төгрөг найман мөнгө/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М.Б-д олгож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч М.Б-ийн ажилгүй байсан бүх хугацааны олговороос зохих журмын дагуу нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийг тооцон, М.Б-ийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын давтэрт бичилт хийж баталгаажуулахыг хариуцагч “УСУГ” ОНӨААТҮГ-т даалгаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурьдаж, хариуцагч “УСУГ” ОНӨААТҮГ-аас нэхэмжлэлийн шаардлагын хангасан үнийн дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамжид 79 402.55 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн шүүх харалдаанд гаргасан тайлбартаа "Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комисс эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж буй ажилдаа тэнцэхгүй гэсэн дүгнэлт гарсан болно” хэмээн шүүхийн шийдвэрт тусгасан. Энэ нь нэхэмжлэгч өөрөө эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж буй ажилдаа тэнцэхгүй болсныг зөвшөөрсөн тайлбар гаргасан байхад шүүх нэхэмжлэгчийн тайлбарыг анхаараагүй. М.Б-ийн хөдөлмөрийн чадвар алдалт 60 хувь, 12 сарын хугацаатай тогтоосон хөдөлөмөр магадлах комиссын шийдвэр гарсан. М.Б-ийн ажлын онцлог нь 200-300 кг тоног төхөөрөмж өргөх, түлхэх зэрэг хүнд ажил эрхэлдэг тул хөдөлмөрийн хүнд хортой нөхцөлд хамрагддаг. Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд, Эрүүл мэнд, спортын сайдын хамтарсан тушаалаар иргэн /даатгуулагч/-ийн хөдөлмөрийн чадвар алдалтын хувь тогтоох, хөдөлмөр зохицуулалт хийх зааврын 1.4.3-т "Өвчин эмгэг нь архагшин, эрхтэн бие эдын тогтоц үйл ажиллагаанд удаан хугацаагаар нөлөөлж, хөдөлмөрийн чадвар нь алдагдсан боловч өвчтөн өөрөө, өөртөө үйлчлэх чадвартай, өвчилж гэмтсэн эрхтэнд харшлахгүй ажлыг мэргэжлийн эмчийн хяналтан дор хийж болох /даатгуулагч/-д хөдөлмөрийн чадвар алдалтын хувийг 50-69 хувиар тогтооно” гэж заасан. Шилбэний ясны хугарсан, тулгуур  эрхтний гэмтэлтэй хүн хөдөлмөрийн хүнд нөхцөлд 200-300 кг тоног төхөөрөмж өргөх, түлхэх ажил нь харшлахгүй ажил гэж үзэхгүй юм. Үүнээс дүгнэвэл М.Б-ийг ажилд нь эгүүлэн тогтоож байгаа нь түүний эрүүл мэнд, байгууллагын хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг алдагдуулсан шийдвэр болсон. Нэхэмжлэгчийг ажлаас халсан тушаалыг 1 сарын өмнө мэдэгдээгүй гэж дүгнэсэн. 1 сарын өмнө мэдэгдэнэ гэдэг зохицуулалт нь тухайн ажилтан ажил хүлээлцэх, эд материал болон холбогдох бусад тооцоо дуусгахтай холбоотой тогтоосон хугацааг ойлгоно. М.Бат-Эрдэнээс хүлээлцэх ажил, эд материалын тооцоо байхгүйн зэрэгцээ түүнийг дээрх тушаалаас чөлөөлмөгц эрүүл мэндийн байдалд тохирсон өөр ажил, тушаалд шилжүүлэн ажиллуулах үүднээс тушаалыг гаргасан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн маргааны үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, нотлох баримтыг хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Нэхэмжлэгч М.Бнь хариуцагч “УСУГ” ОНӨААТҮГ-т холбогдуулан урьдчилан цэвэрлэх байгууламжийн тоног төхөөрөмжийн засварчны ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин 4 028 284 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч байгууллагын төлөөлөгч “эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажилдаа тэнцэхгүй тул хөдөлмөрийг гэрээг цуцалсан” гэж маргажээ.

М.Бнь “УСУГ” ОНӨААТҮГ-т урьдчилан цэвэрлэх байгууламжийн засварчнаар хөдөлмөрийн гэрээний дагуу ажиллаж байгаад тус газрын даргын 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн Б/969 дугаар тушаалаар эрүүл мэндийн хувьд албан тушаалдаа тэнцэхгүй гэх үндэслэлээр, хөдөлмөрийн гэрээг 11 дүгээр сарын 16-ны өдрөөр тасалбар болгон цуцалж, ажлаас чөлөөлсөн байна./хх-7/

            Ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т ажилтан мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон гэх заалтыг үндэслэл болгожээ.

         Үйлдвэрлэлийн ослын улмаас нэхэмжлэгч М.Б-ийн хөдөлмөрийн чадвар алдалтыг 60 хувиар буюу 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрөөс 2020 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэл 12 сарын хугацаатай тогтоон шийдвэрлэсэн, Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын  0285787 дугаар акт хэрэгт авагдсан байна. /хх-3/

 

          Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын дээрх шийдвэр нь ажилтанг эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажилдаа тэнцэхгүй болохыг тогтоосон буюу ажилтаныг засварчны ажлыг хийхэд шууд харшлах юм уу, хийж чадахгүй гэдгийг нотолсон, эргэлзээгүй, хамаарал бүхий баримт гэж үзэхгүй. Учир нь: хөдөлмөрийн чадвараа 50-69 хувь алдсан өвчтөн нь өөрөө өөртөө үйлчлэх чадвартай, өвчилсөн буюу гэмтсэн эрхтэнд харшлахгүй ажлыг мэргэжлийн эмчийн хяналт дор хийж болохыг “Иргэн /даатгуулагч/-ийн хөдөлмөрийн чадвар алдалтын хувь тогтоох, хөдөлмөр зохицуулалт хийх заавар”-т заасан.

 

         Өөрөөр хэлбэл, хариуцагч “УСУГ” ОНӨААТҮГ нь нэхэмжлэгч М.Б гэмтсэн эрхтэндээ харшлахгүй ажлыг буюу тухайн хөдөлмөрийн гэрээнд заасан ажлыг мэргэжлийн эмчийн хяналт дор хийлгэх боломжтой эсэх нь тогтоогдоогүй байхад түүнийг эрүүл мэндийн хувьд албан тушаалдаа тэнцэхгүй гэх үндэслэл зааж, хөдөлмөрийн гэрээг шууд цуцалсан нь буруу болжээ. Түүнийг албан тушаалаас чөлөөлмөгц, бие, эрүүл мэндийн байдалд тохирсон өөр ажил албан тушаалд шилжүүлэн ажиллуулах үүднээс тушаал гаргасан гэх гомдлыг хангах боломжгүй юм.

 

Мөн хариуцагч байгууллагын төлөөлөгч нь  эрүүл мэндийн хувьд албан тушаалдаа тэнцэхгүй гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотолж, нэхэмжлэлийн шаардлагыг няцаагаагүй.

Нөгөө талаар хариуцагч байгууллага нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсэгт зааснаар хөдөлмөрийн гэрээ цуцлах тухайгаа ажилтан М.Б-д 1 сарын өмнө мэдэгдээгүй хуульд заасан журмыг зөрчжээ.

Иймд нэхэмжлэгч М.Б-ийн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний нөхөн олговорт 4 028 284 төгрөгийг олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, зохих бичилт хийхийг хариуцагч “УСУГ” ОНӨААТҮГ-т даалгаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт нийцсэн ба шүүхийн шийдвэрийг буруутгах үндэслэлгүй юм.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 101/ШШ2020/00988 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн төлсөн 79 402 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.

 

 

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  С.ЭНХТӨР

                                                   ШҮҮГЧИД                                  Д.ЦОГТСАЙХАН

                                                                                                     Д.БАЙГАЛМАА