Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 03 сарын 24 өдөр

Дугаар 988

 

 

 

 

 

 

 

 

                    2020       03         24  

             101/ШШ2020/00988

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: М.Б /-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Усуг  д холбогдох

 

            Усуг -ын даргын 2019 оны 11 сарын 28-ны өдрийн Б/969 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийлгэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

            

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч М.Б , нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Г, Г.Л, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар М.Билэгт нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

   Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

“Иргэн М.Б  миний бие нь 2009 онд Ус сувгийн удирдах газрын механик засварын цехэд моторчиноор ажилд орж, 2014 онд Урьдчилан сэргийлэх байгууламжийн албанд тоног төхөөрөмжийн засварчнаар ажиллаж эхэлсэн бөгөөд 10 жил тасралтгүй ажилласан. 2019 оны 05 сарын 13-ны өдөр албаны даргын өгсөн үүргийн дагуу хүнд механизмын машин ПО маркийн автомашинд засвар үйлчилгээ хийж байхад машины дугуй нь буудаж, хөл рүү цохьж, үйлдвэрлэлийн осолд орсон. Энэ ослын улмаас миний зүүн хөл хоёр хэсгээрээ хугарч удаан хугацаанд эмчилгээ хийлгэсэн ба Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэр гарсан. Уг шийдвэрээр намайг эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж буй ажилдаа тэнцэхгүй гэсэн дүгнэлт гарсан болно. Гэтэл 2019 оны 12 сарын 02-ны өдөр манай байгууллагаас над руу утсаар ярьж чамайг ажлаас халсан тушаалаа ирж ав гэсний дагуу миний бие 2019 оны 12 сарын 02-ны өдөр тушаалаа очиж, гардаж авсан. Тушаалаа үзэхэд уг тушаал нь 2019 оны 11 сарын 28-ны өдөр гарсан атлаа 2019 оны 11 сарын 16-ны өдрөөр тасалбар болгон намайг ажлаас халсан байсан. Надад ажлаас халж байгаа талаар урьдчилж огт мэдэгдээгүй гэнэт халсан болно. Би тус байгууллагад ажиллах хугацаандаа өөрийн хариуцсан ажлаа зохих түвшинд гүйцэтгэж, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь бүрэн биелүүлсээр ирсэн. Тушаалын үндэслэл нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.2-т зааснаар эрүүл мэнд эрхэлж байгаа ажилд тэнцэхгүй гэх үндэслэлээр ажлаас халсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 40.5-д ажилтан эрүүл мэндийн хувьд ажилдаа тэнцэхгүй нь тогтоогдсон бол нэг сарын өмнө албан ёсоор мэдэгдэл өгөх ёстой. Ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон гэдэг нь мэргэжлийн комисс тогтоох шаардлагатай. Комисс хөдөлмөрийн чадвараа 60 хувь алдсан гэдгийг тогтоосон болохоос биш хөдөлмөрийн нөхцөлийг нь хөнгөрүүлэх өөрчлөх гэсэн акт байхгүй. Тодорхой зааж өгөөгүй. Хүн амын хөгжил нийгмийн хамгаааллын сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар батлагдсан хөдөлмөрийн чадвар алдалтын хувь тогтоох, хөдөлмөр зохицуулалт хийх зааварт өвчин нь архагших, хүндээр гэмтсэн, өөртөө үйлчлэх чадваргүй болсон, байнга хэвтэрт байдаг, бусдын асаргаа сувилгаанд байдаг хүмүүст хөдөлмөр чадвараа алдсаныг 80-100 хувиар тогтоодог. Энэ үед ямар ч ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй гэж үздэг. Өвчин архагшиж биеийн байдалд хүчтэй нөлөөлсөн, хөдөлмөрийн чадвараа удаан хугацаагаар буюу түр хугацаанд алдсан, байнгын асаргаа шаардахгүй, өөртөө үйлчлэх чадвартай, мэргэжлийн эмчийн хяналтан дор хийж болох бол хөдөлмөрийн чадвар алдалтыг 50-60 хувиар тогтооно гэж заасан. Хөнгөн ажил гэдэг нь 70 хувиас дээш тогтоосон хүмүүст тохирно. Нэхэмжлэгчийг эрхэлсэн ажилдаа тэнцэхгүй гэж тогтоосон зүйл алга байна Хөдөлмөрийн тухай хуулийн 4.5-т заасныг бүрэн зөрчсөн, мэдэгдэл өгөөгүй учраас тушаал хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Тийм учраас хуулинд зааснаар 2019 оны 11 сарын 28-аас өнөөдрийг хүртэл 4 сарын цалинтай тэнцэх олговрыг ёстой. Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн сайдын 55 дугаар тушаалаар ажлаас халагдсаны тэтгэмжийг олгохдоо сүүлийн 3 сарын цалингийн дундажаар олгоно гэж заасан. Нэхэмжлэгчийн хувьд 05 сарын 13-ны үед үйлдвэрлэлийн осолд ороод 6 сард байгууллагаас нь ээлжийн амралтыг олгоод мөнгийг нь өгсөн. Үүнээс хойш цалин хөлс олгогдоогүй. 4, 5, 6 сарын цалингийн дундажийг тооцоолж үзэхээр сарын дундаж цалин 1,007,071 төгрөг болж байгаа, үүнийг 4 сараар тооцохоор 4,028,280 төгрөг болж байна. Иймд намайг ажлаас үндэслэлгүйгээр халсан тул уг тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоон, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг олгуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийхийг хариуцагчид даалгаж өгнө үү” гэв.

 

 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

“Нэхэмжлэгч М.Б нь Ус сувгийн удирдах газарт 2009 оны 03 сарын 02-ны өдрөөс механик засварын цехэд насосын засварчинаар ажилд орж 2015 оны 01 сарын 30-ны өдрийн Б/93 тоот тушаалаар тус байгууллагын Урьдчилан цэвэрлэх байгууламжийн албанд тоног төхөөрөмжийн засварчнаар томилогдон ажиллаж 2019 оны 05 сарын 13-ны өдөр ажлын байран дээрээ ажил үүргээ гүйцэтгэж байх хугацаандаа үйлдвэрлэлийн осолд өртөж, 2019 оны 05 сарын 14-ний өдөр Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх хөдөлмөрийн эрүүл ахуйн улсын байцаагчийн акт, дүгнэлт гарсан. Уг дүгнэлтээр үйлдвэрийн осол, хурц хордлогын байдал хүнд, зүүн хөлийн шилбэний яс хугарсан нь тогтоогдсон. М.Б э 2019 оны 11 сарын 15-ны өдөр Ус сувгийн удирдах газрын захиргаанд өргөдөл гаргасан байдаг тус өргөдөлд 2019 оны 05 сарын 13-ны өдрөөс 2019 оны 11 сарын 13-ны өдөр 180 хоногийн листний хугацаа дуусч 2019 оны 11 сарын 14-ний өдөр Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн дэргэдэх магадлах комиссын шийдвэрээр хөлний хугарал бүрэн гүйцэт эдгээгүй цаашид эмчилгээ хийлгэх шаардлагатай хөдөлмөрийн чадвараа 60 хувь алдсан гэж үзэн 12 сарын хугацаатай групп тогтоолгосон тул байгууллагын хамтын гэрээний 5.4-т заасны дагуу нөхөн төлбөр гаргуулах хүсэлт гаргасныг үндэслэн Газрын даргын 2019 оны 11 сарын 23-ны өдрийн Б/969 тушаалаар Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 20 дугаар зүйл 20.1.10, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь заалт, 42 дугаар зүйлийн 42.1 дэх заалт, Ус сувгийн удирдах газрын дүрмийн 6 дугаар зүйлийн 6.13 дахь заалтуудыг удирдлага болгон ажилтан эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа албан тушаалдаа тэнцэхгүй болсон тул ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2019 оны 11 сарын 16-ны өдрөөр тасалбар болгон цуцалж, албан тушаалаас нь чөлөөлсөн. Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.1-т Үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас тахир дутуу болж хөдөлмөрийн гэрээ нь дуусгавар болсон ажилтан эдгэрснийхээ дараа нэг сарын дотор хүсэлтээ өгч эргэж ирсэн тохиолдолд урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эргүүлэн авах заалттай байдаг. Уг заалтын дагуу ажилтан М.Б э хуулийн дагуу эдгэрснийхээ дараа байгууллагадаа сарын дотор хүсэлт гаргасан тохиолдолд ажилд нь эргүүлэн авах эрх нээлттэй байгаа. Байгууллагын зүгээс албан тушаалтнууд М.Б этэй уулзаж гаргасан тушаалыг тайлбарлан өгч хүсэлтийг нь сонсох гэж удаа дараа утсаар дуудахад ирээгүй, та нартай шүүх дээр уулзана гэж хэлсэн. 2020 оны 01 сарын 29-ний өдөр урьдчилсан цэвэрлэх байгууламжийн албаны ХАБ-ын инженер Б.Т, хуулийн мэргэжилтэн Б.З нар М.Б ийн гэрт нь очиход хүнгүй байсан. Утсаар удаа дараа залгахад аваагүй болно. Иймд байгууллагын зүгээс нэхэмжлэгч М.Б ийг үндэслэлгүйгээр ажлаас халсан тушаал гаргаагүй. Ажилтан эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь холбогдох баримтуудаар тогтоогдсон тул ажлаас чөлөөлсөн тул нэхэмжлэгч М.Б ийн ажлаас үндэслэлгүй халсан тушаалыг хүчингүй болгох, урьд нь эрхэлж байсан ажил албан тушаалдаа эргүүлэн тогтоолгож, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөр төлүүлэх, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг нөхөн төлүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх хууль зүйн үндэслэл байхгүй тул шүүх уг нэхэмжлэлийн шаардлагыг хангахаас татгалзаж өгнө үү” гэв.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

           

Нэхэмжлэгч М.Б э нь хариуцагч Усуг -т холбогдуулан 2019 оны 11 сарын 28-ны өдрийн Б/969 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлүүлэх тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

 

Хариуцагч нь М.Б э үйлдвэрлэлийн осолд орж, Хан-Уул дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Эмнэлэг, хөдөлмөрийн магадлах комиссын 2019 оны 11 сарын 13-ны өдрийн 0285787 дугаартай Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон актаар хөдөлмөрийн чадвар алдалтыг 60 хувиар, 12 сараар тогтогдсоныг үндэслэн түүнийг ажлаас чөлөөлсөн нь хууль зөрчөөгүй, эдгэрсний дараа ажилдаа орох хүсэлт гаргасан тохиолдолд хуульд заасны дагуу ажилд нь эргүүлэн ажиллуулах боломжтой, тулгуур эрхтэн гэмтсэн тул өмнө эрхэлж байсан ажлыг гүйцэтгэх боломжгүй, хөнгөн ажилд томилуулах хүсэлт гаргаагүй ч ажиллуулах боломжтой, ажилгүй байсан хугацааны цалин хөлс олгох боломжгүй гэх тайлбарыг гарган маргасан.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв. 

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т “Ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана” гэж заасан. Нэхэмжлэгч М.Б э нь Усуг -ын даргын 2019 оны 11 сарын 28-ны өдрийн Б/969 дугаартай “М.Б ийн хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай” тушаалыг 2019 оны 12 сарын 02-ны өдөр ажил олгогчоос мэдэгдсэний дагуу тушаалыг гардаж авсан гэх тайлбарыг гарган 2019 оны 12 сарын 30-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасныг хариуцагч баримтаар үгүйсгэж няцаагаагүй, энэ талаар маргаагүй тул нэхэмжлэгч хуульд заасан хугацаанд гомдол гаргасан гэж үзэхээр байна. /хх-2/

 

Хэрэгт авагдсан баримт болон зохигчдын тайлбараар М.Б э нь 2009 оны 03 сарын 02-ны өдрөөс Ус сувгийн удирдах газрын Ус хангамжийн албаны механик засварын цехэд насос засварчинаар томилогдон 2012 оны 04 сарын 26-ны өдөр хүртэл ажиллаж, 2012 оны 11 сарын 01-ний өдрөөс Хангамж үйлчилгээний албаны засварын хэсэгт мужаанаар, 2015 оны 01 сарын 30-ны өдрөөс Урьдчилан цэвэрлэх байгууламжийн Тоног төхөөрөмжийн засварчнаар ажиллаж байгаад 2019 оны 11 сарын 28-ны өдрийн Б/969 дугаартай тушаалаар түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлсөн болох нь нотлогдож байх ба энэ талаар зохигчид маргаагүй.

 

Усуг -ын даргын 2019 оны 11 сарын 28-ны өдрийн Б/969 дугаартай “М.Б ийн хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай” тушаалд Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.10, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2, 42 дугаар зүйлийн 42.1, Ус сувгийн удирдах газрын дүрмийн 6 дугаар зүйлийн 6.13, Хамтын гэрээний 5.4 дэх заалтуудыг үндэслэн “...М.Б э нь Хан-Уул дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Эмнэлэг, хөдөлмөрийн магадлах комиссын 285787 дугаартай шийдвэрийн дагуу хөдөлмөрийн чадвар алдалтыг 60 хувиар тогтоогдон, хөлний хугарал бүрэн гүйцэд борлоогүй, цаашид дахин эмчилгээ хийлгэх шаардлагатай, эрүүл мэндийн хувьд албан тушаалдаа тэнцэхгүй болсон...” гэх үндэслэл заан М.Б этэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2019 оны 11 сарын 16-ны өдрөөр цуцалж, Тоног төхөөрөмжийн засварчны үүрэгт ажлаас чөлөөлжээ. /хх-25/

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д зааснаар ажил олгогч энэ хуулийн 40.1.1-д заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэхээр заасан бөгөөд хариуцагч нь нэхэмжлэгчид хуульд заасны дагуу мэдэгдэл хүргүүлээгүй болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т ажилтан мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон тохиолдолд ажил олгогчийн санаачлагаар хөдөлмөрийн гэрээг цуцлахаар заасан бөгөөд мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон гэдэг нь тухайн байгууллагын комисс болон эмнэлэг, хөдөлмөрийн магадлах комиссын албан ёсны дүгнэлт, шийдвэр гарсан байхыг ойлгоно.

 

Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч М.Б э нь 2019 оны 05 сарын 13-ны өдөр үйлдвэрлэлийн осолд өртөж, Хан-Уул дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Эмнэлэг, хөдөлмөрийн магадлах комиссын 2019 оны 11 сарын 13-ны өдрийн 0285787 дугаартай Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон актаар хөдөлмөрийн чадвар алдалтыг 60 хувиар, 12 сараар тогтоосон байна. /хх-3/

 

Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд, Эрүүл мэнд, спортын сайдын 2018 оны А/85/241 дугаартай хамтарсан тушаалаар батлагдсан “Иргэн /даатгуулагч/-ийн хөдөлмөрийн чадвар алдалтын хувь тогтоох, хөдөлмөр зохицуулалт хийх заавар”-ын 1.4.3-т “Өвчин эмгэг нь архагшин эрхтэн бие махбодын тогтоц, үйл ажиллагаанд удаан хугацаагаар нөлөөлж, хөдөлмөрийн чадвар нь алдагдсан боловч өвчтөн өөрөө өөртөө үйлчлэх чадвартай, өвчилж гэмтсэн эрхтэнд харшлахгүй ажлыг мэргэжлийн эмчийн хяналтан дор хийж болох иргэн /даатгуулагч/-д хөдөлмөрийн чадвар алдалтыг 50-69 хувиар тогтооно” гэж заасан.

 

Нэхэмжлэгч М.Б ийн хөдөлмөрийн чадвар алдалтыг 60 хувиар тогтоосон тул гэмтсэн эрхтэнд харшлахгүй ажлыг мэргэжлийн эмчийн хяналтан дор хийх боломжтой юм. Хариуцагч нь нэхэмжлэгч М.Б э хөнгөн ажилд ажиллах хүсэлт гаргасан тохиолдолд үндсэн ажлаас нь өөр ажилд томилон ажиллуулж, эмнэлэг, хөдөлмөрийн магадлах комиссын актаар  гэмтэл нь эдгэсэн дүгнэлт гарсан үед ажилд нь буцаан ажиллуулах боломжтой гэх тайлбарыг гаргасан.

 

Дээр дурьдсан нөхцөл байдлаас дүгнэж үзэхэд нэхэмжлэгчийг эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон гэж үзэх үндэслэлгүй буюу Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасан үндэслэлээр ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэгч М.Б ийг Усуг -ын Урьдчилан цэвэрлэх байгууламжийн Тоног төхөөрөмжийн засварчны ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д “энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно” гэж заасан.

 

Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч нь 2019 оны 05 сарыг хүртэл цалин хөлсөө бүрэн тооцуулсан, 06 сард ээлжийн амралтын олговор авсан, эмнэлгийн магадлагаатай байсан хугацаа буюу 05 сараас 10 сарыг дуустал хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалин хөлсийг тооцуулсан болох нь тогтоогдож байна.

 

Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын дагуу нэхэмжлэгчийн цалин хөлсний нийгмийн даатгалын дэвтрийн 2019 оны 04, 05, 06 сарын цалин хөлсний бичилтийг үндэслэн нэг өдрийн дундаж цалин хөлсийг 44,758,72 төгрөгөөр тооцон тодорхойлж, ажилгүй байсан 2019 оны 11 сарын 16-ний өдрөөс 2020 оны 03 сарын 24-ний өдрийг хүртэл 90 хоногийн цалинтай тэнцэх олговорт 4,028,284.8 төгрөгийг хариуцагч Усуг -аас гаргуулж нэхэмжлэгч М.Б эд олгох үндэслэлтэй.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д “ажил олгогч болон хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа ажилтан нь хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд заавал даатгуулж, хуульд заасан хувь хэмжээгээр сар бүр нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүрэгтэй”, мөн хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т “ажил олгогч хөдөлмөрийн гэрээ байгуулсан өдрөөс эхлэн ажилтанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нээж, түүнд зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй” гэж заасан тул нэхэмжлэгч М.Б ийн ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд даатгуулж, дэвтэрт бичилт хийх үүргийг хариуцагч Усуг -т даалган шийдвэрлэв.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан хариуцагч  Усуг -аас нэхэмжлэлийн шаардлагын хангасан үнийн дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамжид 79,402.55 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулах нь хуульд нийцнэ. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 156 дугаар зүйлийн 156.1.1, 160 дугаар зүйлийн 160.1.1-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 128.1.5, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан Усуг -ын даргын 2019 оны 11 сарын 28-ны өдрийн Б/969 дугаар тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч М.Б /-ийг Усуг -ын Урьдчилан цэвэрлэх байгууламжийн Тоног төхөөрөмжийн засварчны ажилд эгүүлэн тогтоож, хариуцагч Усуг -аас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 4,028,284.8 /дөрвөн сая хорин найман мянга хоёр зуун наян дөрвөн төгрөг найман мөнгө/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М.Б эд олгосугай.

 

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч М.Б ийн ажилгүй байсан бүх хугацааны олговороос зохих журмын дагуу нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийг тооцон, М.Б ийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын давтэрт бичилт хийж баталгаажуулахыг хариуцагч Усуг -т даалгасугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, хариуцагч Усуг -аас нэхэмжлэлийн шаардлагын хангасан үнийн дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамжид 79,402.55 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Д.ЦЭРЭНДОЛГОР