Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 001/ХТ2021/00516

 

 М.Бат-Эрдэнийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, шүүгч Х.Сонинбаяр, Б.Ундрах, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 101/ШШ2020/00988 дугаар шийдвэр,

 Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 1106 дугаар магадлалтай,

 М.Бат-Эрдэнийн нэхэмжлэлтэй,

Ус сувагийн удирдах газар ОНӨААТҮГ-т холбогдох,

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг даалгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Лхагвадоржийн хяналтын журмаар гаргасан гомдлоор

шүүгч Х.Эрдэнэсувд илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Эрдэнэбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Лхагвадорж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М.Бат-Эрдэнэ миний бие 2009 онд Ус сувгийн удирдах газрын механик засварын цехэд моторчиноор ажилд орж, 2014 онд урьдчилан сэргийлэх байгууламжийн албанд тоног төхөөрөмжийн засварчнаар ажиллаж эхэлсэн. 2019.05.13-ны өдөр хүнд механизмын ПО маркийн автомашинд засвар үйлчилгээ хийж байхад автомашины дугуй буудаж үйлдвэрлэлийн осол болсон. Энэ ослын улмаас М.Бат-Эрдэнийн зүүн хөл хоёр хэсгээрээ хугарч удаан хугацаанд эмчилгээ хийлгэсэн ба Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэр гарсан. М.Бат-Эрдэнийг эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж буй ажилдаа тэнцэхгүй гэсэн дүгнэлт гараагүй. Манай байгууллагаас 2019.12.02-ны өдөр ажлаас чөлөөлсөн тушаал гарсан тухай мэдэгдсэн, тушаалаа тухайн өдөр гардаж авсан. Уг тушаалд хөдөлмөрийн гэрээг 2019.11.28-ны өдрөөр тасалбар болгон ажлаас чөлөөлсөн байсан. Ажлаас чөлөөлж байгаа талаар урьдчилж мэдэгдээгүй. Миний бие тус байгууллагад ажиллах хугацаандаа хариуцсан ажлаа зохих түвшинд гүйцэтгэж, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь бүрэн биелүүлж байсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т зааснаар эрүүл мэндийн хувьд эрхэлж байгаа ажилдаа тэнцэхгүй гэх үндэслэлээр ажлаас чөлөөлсөн. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсэгт зааснаар ажилтан эрүүл мэндийн хувьд ажилдаа тэнцэхгүй нь тогтоогдсон бол нэг сарын өмнө албан ёсоор мэдэгдэл өгөх ёстой. Ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон гэдгийг мэргэжлийн комисс тогтоох шаардлагатай. Комисс хөдөлмөрийн чадвараа 60 хувь алдсан гэдгийг тогтоосон болохоос биш хөдөлмөрийн нөхцөлийг нь хөнгөрүүлэх өөрчлөх шаардлагатай гэж тогтоогоогүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсэгт заасныг зөрчсөн. Мэдэгдэл өгөөгүй учраас тушаал хууль зүйн үндэслэлгүй тул 2019.11.28-ны өдрөөс хойших хугацааны цалинг гаргуулна. Нэхэмжлэгчийн хувьд 5 дугаар сарын 13-ны өдөр үйлдвэрлэлийн осолд орж 6 сард ээлжийн амралтаа авсан. Үүнээс хойш цалин хөлс олгогдоогүй. 4, 5, 6 сарын цалингаар тооцоход 1 сарын дундаж цалин цалин 1,007,071 төгрөг, 4 сарын цалин 4,028,280 төгрөг болж байна. Иймд М.Бат-Эрдэнийг ажлаас үндэслэлгүй халсан ажил олгогчийн тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоон, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М.Бат-Эрдэнэ нь Ус сувгийн удирдах газарт 2009.03.02-ны өдрөөс механик засварын цехэд насосын засварчнаар ажилд орж 2015.01.30-ны өдрийн Б/93 дугаар тушаалаар тус байгууллагын урьдчилан цэвэрлэх байгууламжийн албанд тоног төхөөрөмжийн засварчнаар томилогдон ажиллаж байгаад 2019.05.13-ны өдөр үйлдвэрлэлийн осолд орсон. 2019.05.14-ний өдөр Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх хөдөлмөрийн эрүүл ахуйн улсын байцаагчийн акт, дүгнэлт гарсан. Уг дүгнэлтээр үйлдвэрийн осол, хурц хордлогын байдал хүнд, зүүн хөлийн шилбэний яс хугарсан нь тогтоогдсон. М.Бат-Эрдэнэ 2019.11.15-ны өдөр Ус сувгийн удирдах газрын захиргаанд өргөдөлд 2019.05.13-ны өдрөөс 2019.11.13-ны өдөр хүртэлх 180 хоногийн листний хугацаа дуусч 2019.11.14-ний өдөр Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн дэргэдэх магадлах комиссын шийдвэрээр хөлний хугарал бүрэн эдгээгүй цаашид эмчилгээ хийлгэх шаардлагатай хөдөлмөрийн чадвараа 60 хувь алдсан гэж үзэн 12 сарын хугацаатай групп тогтоолгосон тул байгууллагын хамтын гэрээний 5.4-т заасны дагуу нөхөн төлбөр гаргуулах хүсэлт гаргасныг үндэслэн тус газрын даргын 2019.11.23-ны өдрийн Б/969 тушаалаар Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 20 дугаар зүйл 20.1.10, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2, 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэг, Ус сувгийн удирдах газрын дүрмийн 6 дугаар зүйлийн 6.13-т заасныг удирдлага болгон хөдөлмөрийн гэрээг 2019.11.16-ны өдрөөр тасалбар болгон цуцалж, албан тушаалаас нь чөлөөлсөн. Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.1-т Үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас тахир дутуу болж хөдөлмөрийн гэрээ нь дуусгавар болсон ажилтан эдгэрснийхээ дараа нэг сарын дотор хүсэлтээ өгсөн тохиолдолд урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн авах заалттай байдаг. М.Бат-Эрдэнэ нь эдгэрснийхээ дараа байгууллагадаа сарын дотор хүсэлт гаргасан тохиолдолд ажилд орох эрх нээлттэй. Байгууллагын зүгээс М.Бат-Эрдэнэтэй уулзаж тушаалыг тайлбарлан өгч хүсэлтийг нь сонсох гэж удаа дараа утсаар дуудахад ирж уулзаагүй. 2020.01.29-ний өдөр урьдчилсан цэвэрлэх байгууламжийн албаны ХАБ-ын инженер Б.Тамир, хуулийн мэргэжилтэн Б.Золзаяа нар М.Бат-Эрдэнийн гэрт нь очиход хүнгүй байсан. Ажилтан эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь холбогдох баримтуудаар тогтоогдсон тул ажлаас чөлөөлсөн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 101/ШШ2020/00988 дугаар шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 128.1.5, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан Ус сувгийн удирдах газар ОНӨААТҮГ-ын даргын 2019 оны 11 сарын 28-ны өдрийн Б/969 дугаар тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Ноён овогт Мөнхбаатарын Бат-Эрдэнэ /Регистрийн дугаар ГД84090570/-ийг Ус сувгийн удирдах газар ОНӨААТҮГ-ын Урьдчилан цэвэрлэх байгууламжийн Тоног төхөөрөмжийн засварчны ажилд эгүүлэн тогтоож, хариуцагч Ус сувгийн удирдах газар ОНӨААТҮГ-аас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 4,028,284.8 /дөрвөн сая хорин найман мянга хоёр зуун наян дөрвөн төгрөг найман мөнгө/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М.Бат-Эрдэнэд олгож

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч М.Бат-Эрдэнийн ажилгүй байсан бүх хугацааны олговороос зохих журмын дагуу нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийг тооцон, М.Бат-Эрдэнийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийж баталгаажуулахыг хариуцагч Ус сувгийн удирдах газар ОНӨААТҮГ-т даалгаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, хариуцагч Ус сувгийн удирдах газар ОНӨААТҮГ-аас нэхэмжлэлийн шаардлагын хангасан үнийн дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамжид 79,402.55 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

 Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 1106 дугаар магадлалаар: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 101/ШШ2020/00988 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн төлсөн 79,402 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж шийдвэрлэжээ.

 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Лхагвадорж хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...анхан болон давж заалдах шатны шүүхийн магадлалын эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

Анхан шатны шүүхийн шийдвэрийн 1 хуудасны Тодорхойлох хэсэг нэхэмжлэгч болон нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбарт: Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэр гарсан. Уг шийдвэрээр намайг эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж буй ажилдаа тэнцэхгүй гэсэн дүгнэлт гарсан болно хэмээн шүүхийн шийдвэрт тусгаж. Энэ нь нэхэмжлэгч өөрөө хэлэлцүүлгийн явцад гаргасан тайлбартаа эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж буй ажилдаа тэнцэхгүй болсон талаар хүлээн зөвшөөрсөн тайлбар хийсэн байдаг. Эндээс хархад анхан болон давж заалдах шатны шүүх хэт нэг талыг барьсан, нэхэмжлэгчийн шүүхэд гаргаж байгаа тайлбарыг хайхралгүй шийдвэр гаргасан мэт харагдаж байна.

Анхан шатны шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсэг 5-р хуудас 1-дэх хэсэгт ажилтан мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон гэдгийг ажилтны энэ байдлын талаар салбарын буюу тухайн байгууллагын мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комисс, аттестатчиллын комисс болон эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын албан ёсны дүгнэлт, шийдвэр гарсан байхыг ойлгоно гэжээ. Дээр дурдсанаар М.Бат-Эрдэнийн хөдөлмөрийн чадвар алдалтыг 60 хувиар, 12 сараар тогтоосон хөдөлмөр магадлах комиссын шийдвэр гарсан байна. Энэ шийдвэр нь тухайн ажилтан хөдөлмөрийн чадвараа 60 хувь алдсан, цаашид 12 сар эмчлүүлэх шаардлагатай талаар гаргасан баримт гэж ойлгож байгаа.

Мөн анхан шатны шүүх хурлын явцад М.Бат-Эрдэнийн ажлын онцлог, тухайн ажлын байранд юу хийдэг талаар тодруулга авахад тэрээр 200-300 кг тоног төхөөрөмж өргөх, түлхэх зэрэг хүнд ажил эрхэлдэг талаар дурдсан байдаг. М.Бат-Эрдэнийн ажилладаг Урьдчилан цэвэрлэх байгууламжийн Тоног төхөөрөмжийн засварчны ажил нь Монгол улсын Хөдөлмөрийн сайд, Хүн амын хөгжил нийгмийн хамгааллын сайдын хамтарсан тушаалаар батлагдсан 2016.07.06 ны А/93/А/77 дугаараар батлагдсан тушаалд зааснаар хөдөлмөрийн хүнд, хортой нөхцөлд хамрагддаг.

Нэхэмжлэгч тал маргахдаа Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд, Эрүүл мэнд, спортын сайдын 2018 оны А/85/241 дугаартай хамтарсан тушаалаар батлагдсан Иргэн /даатгуулагч/-ийн хөдөлмөрийн чадвар алдалтын хувь тогтоох, хөдөлмөр зохицуулалт хийх зааврын 1.4.3-т Өвчин эмгэг нь архагшин эрхтэн бие махбодын тогтоц, үйл ажиллагаанд удаан хугацаагаар нөлөөлж, хөдөлмөрийн чадвар нь алдагдсан боловч өвчтөн өөрөө, өөртөө үйлчлэх чадвартай, өвчилж гэмтсэн эрхтэнд харшлахгүй ажлыг мэргэжлийн эмчийн хяналтан дор хийж болох иргэн /даатгуулагч/ -д хөдөлмөрийн чадвар алдалтын хувийг 50-69 хувиар тогтооно гэж заасан талаар дурддаг. Уг зааварт байгаа 1.3.4-дэх заалтад гэмтсэн эрхтэнд харшлахгүй ажлыг мэргэжлийн эмчийн хяналтад дор хийж болох талаар заасан байна. Гэтэл шилбэний яс хугарсан, тулгуур эрхтний гэмтэлтэй хүн хөдөлмөрийн хүнд нөхцөлд 200-300 кг хүнд тоног төхөөрөмж өргөх, түлхэх ажил хийж байгаа нь яавч харшлахгүй ажил гэж үзэхээргүй байгаа юм.

Эндээс харахад анхан шатны шүүхийн шийдвэрээр нэхэмжлэгч М.Бат-Эрдэнийг эрхэлж байсан ажилд нь оруулж байгаа нь түүний эрүүл мэнд, байгууллагын хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг алдагдуулсан шийдвэр гаргасан гэж үзэж байна.

Нэхэмжлэгч талаас ажлаас халсан тушаалыг 1 сарын өмнө мэдэгдээгүй гэсэн байдаг. Хариуцагчийн зүгээс түүнийг өмнө эрхэлж байсан ажилд нь ажиллах боломжгүй, өөр хөнгөн ажилд ажиллаж болох мөн хөдөлмөрийн чадвар алдалт байхгүй болсон үед өмнөх ажилдаа орох боломжтойг удаа дараа тайлбарласан. 1 сарын өмнө мэдэгдэнэ гэдэг нь тухайн ажилтан ажил хүлээлцэх, санхүүгийн тооцоо дуусгах хугацаа гэж ойлгож байгаа. Хариуцагч нь М.Бат-Эрдэнийг Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.2 дахь үндэслэлээр ажлаас чөлөөлж өөр хөнгөн ажилд шилжүүлэн ажиллуулах үүднээс тушаалыг гаргасан байдаг. Түүнтэй ажил хүлээлцэх, санхүүгийн тооцоо хийх шаардлагагүйгээр хөнгөн ажилд шууд оруулах гэж удаа дараа уулзалт хийсэн боловч хуучин ажилдаа орно хэмээн шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Давж заалдах шатны шүүхийн магадлалын 5 дугаар хуудас 4 дэх талд бичсэнээс Эмнэлэг хөдөлмөр магадлах комиссын дээрх шийдвэр нь ажилтныг эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажилдаа тэнцэхгүй болохыг тогтоосон буюу ажилтныг засварчны ажлыг хийхэд шууд харшлах юм уу, хийж чадахгүй гэдгийг нотолсон, эргэлзээгүй, хамаарал бүхий баримт гэж үзэхгүй гэжээ. Энэ тайлбараас харахад шүүхийн байгууллагад тухайн ажилтны цаашдын эрүүл мэнд, байгууллагын хөдөлмөрийн аюулгүй байдлыг үл хайхран шийдвэр гаргасан гэж үзэж байна.

Байгууллагын зүгээс М.Бат-Эрдэнэд өгөх ёстой бүхий л тэтгэмж, тусламжийг цаг хугацаанд нь хуулийн хүрээнд бүрэн өгч байсан. Мөн удаа дараа түүнтэй гэмтсэн эрхтэнд харшлахгүй ажлыг эмнэлэг, хөдөлмөр магадлах комиссын тогтоосон актын хугацаанд хийх, түүний дараа хөдөлмөрийн чадвар алдалт байхгүй болсон үед өмнөх ажилдаа шилжин ажиллах бүрэн боломжтой талаар тайлбарласаар ирсэн. Энэ тухайн ажилтны эрүүл мэндийг бодсон цаашид гарах эрсдэлээс урьдчилан сэргийлсэн арга хэмжээ юм.

Гэтэл М.Бат-Эрдэнэ нь зөвхөн шүүх байгууллагаар явж асуудлаа шийдүүлнэ, ажил олгогч байгууллагатайгаа тохиролцохгүй явсан нь ашиг хонжоо харсан ёс зүйгүй үйлдэл харагдаж байгаа юм.

Хариуцагчийн зүгээс анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, хэргийг буюу нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох хүсэлтэй байна гэжээ.

 ХЯНАВАЛ:

 Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

 Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй, маргаантай үйл баримтад холбогдох хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлаж хэрэглэжээ.

 Нэхэмжлэгч М.Бат-Эрдэнэ Ус сувгийн удирдах газар ОНӨААТҮГ-т холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг даалгуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч зөвшөөрөхгүй гэж маргажээ.

 Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх хэргийг хянаад шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

 Шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж дүгнэв.

 Нэхэмжлэгч М.Бат-Эрдэнэ нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: ...эрх бүхий байгууллагын шийдвэр гараагүй байхад ажил олгогч эрүүл мэндийн хувьд эрхэлж байгаа ажилдаа тэнцэхгүй гэх үндэслэлээр ажлаас чөлөөлсөн, энэ тухайгаа хуульд заасан хугацааны өмнө мэдэгдээгүй... гэж тайлбарлажээ.

 Хариуцагч хариу тайлбартаа: ...ажилтан ажил үүргээ гүйцэтгэх явцдаа үйлдвэрлэлийн осолд орж, эмнэлгийн чөлөөтэй байсан хугацаа 2019.11.13-ны өдөр дууссан. 2019.11.14-ний өдөр Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрээр хөдөлмөрийн чадвар алдалтыг 60 хувиар 12 сараар тогтоосон тул Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2.-т заасныг үндэслэн хөдөлмөрийн гэрээг цуцалж, албан тушаалаас нь чөлөөлсөн. ...тэрээр эдгэрснийхээ дараа байгууллагадаа хүсэлт гаргаж, ажилдаа эргэж орох эрх нь нээлттэй байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэжээ.

 Хэрэгт авагдсан баримтаар М.Бат-Эрдэнэ Ус сувгийн удирдах газрын Урьдчилан цэвэрлэх байгууламжийн албанд тоног төхөөрөмжийн засварчнаар ажиллаж байхдаа 2019.05.13-ны өдөр ажил үүргээ гүйцэтгэж байгаад үйлдвэрлэлийн осолд өртөж, зүүн хөлийн шилбэний яс хугарсан үндэслэлээр 2019.05.13-ны өдрөөс 2019.11.13-ны өдрийг хүртэл эмнэлгийн магадлагаатай байсан, 2019.11.13-ны өдөр Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрээр М.Бат-Эрдэнийн хөдөлмөрийн чадвар алдалтыг 60 хувиар 12 сараар тогтоосныг үндэслэн ажил олгогчоос ажилтныг эрүүл мэндийн хувьд албан тушаалдаа тэнцэхгүй болсон, хөлийн хугарал бүрэн борлоогүй, цаашид эмчилгээ хийлгэх шаардлагатай гэх үндэслэл зааж, Ус сувгийн удирдах газрын даргын 2019.11.28-ны өдрийн Б/969 дугаартай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2.-т зааснаар хөдөлмөрийн гэрээг цуцалж, албан тушаалаас нь чөлөөлсөн үйл баримт тогтоогджээ.

 Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2.-т ажилтан мэргэжил, ур чадвар, эрүү мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон бол хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалж болно гэж, 34 дүгээр зүйлийн 34.1.-д эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрийг үндэслэн ажилтныг эрүүл мэндэд нь харшлахгүй өөр ажилд түүнтэй тохиролцон шилжүүлнэ гэж заажээ.

 Анхан шатны шүүх ажилтны хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтоосон эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрээр ажилтныг эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж буй ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон гэж үзэх үндэслэлгүй гэсэн дүгнэлт хийж, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ хэрэгт цугларсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж, үндэслэл бүхий дүгнэлт хийсэн, шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн, шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шаардлагыг хангасан гэж байна.

 Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаж, өөрийн эрх хэмжээний хүрээнд дүгнэлт хийсний үндсэн дээр шийдвэрийг хэвээр үлдээсэн байх тул магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4., 167 дугаар зүйлийн 167.1.1. дэх заалтад нийцжээ.

 Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын 2019.11.13-ны өдрийн шийдвэрээр М.Бат-Эрдэнийн хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацааг тогтоосон байх бөгөөд дээрх актаар ажилтны хөдөлмөрийн нөхцөлийг өөрчлөх, ажлын цагийг богиносгосон болон үүрэгт ажилдаа тэнцэхгүй талаар дүгнэлт гараагүй тул ажил олгогч дээрх дүгнэлтийг үндэслэн ажилтан эрүүл мэндийн хувьд үүрэгт ажилдаа тэнцэхгүй гэж дүгнэсэн нь учир дутагдалтай болжээ.

 Түүнчлэн Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5.-д заасан энэ хуулийн 40.1.1, 40.1.2.-т заасан үндэслэлээр ажил олгогч ажилтанд хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэх хугацаа нь ажил хүлээлцэх хугацаа бус энэ тохиолдолд ажилтанд өөрийн эрүүл мэндийн байдалд тэнцэх өөр ажил эрхлэх боломж олгох, түүний саналыг сонсох, харилцан тохиролцох гэх мэт хөдөлмөрийн гэрээг цуцалснаас гарах сөрөг үр дагаврыг багасгахад чиглэгдэх асуудлыг шийдвэрлэхэд шаардагдах учиртай.

 Иймд шийдвэр, магадлалыг эс зөвшөөрсөн хариуцагчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

 Шүүхийн дээрх шийдвэр ажил олгогчоос ажилтны эрхэлж буй ажлын хөдөлмөрийн нөхцөл түүний эрүүл мэндийн байдалд тохирох эсэх, хөдөлмөрийн нөхцөлийг зайлшгүй солих шаардлагатай эсэх талаар эрх бүхий байгууллагад хандах, дүгнэлт гаргуулахад саад болохгүйг дурдах нь зүйтэй.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 101/ШШ2020/00988 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 1106 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Лхагвадоржийн гомдлыг хангахгүй орхисугай.

 2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3.-т зааснаар хариуцагч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             С.СОЁМБО-ЭРДЭНЭ

          ШҮҮГЧИД                             Х.СОНИНБАЯР

                                                Б.УНДРАХ

                                                   Д.ЦОЛМОН

                                                           Х.ЭРДЭНЭСУВД