Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 1158

 

 

Д.Д-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,           

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн, 2020 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 183/ШШ2020/00775 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Д.Д-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Н.У-т холбогдох гэм хорын хохиролд 54 855 356 төгрөг гаргуулах тухай үндсэн, үндэслэлгүй төлсөн 11 000 000 төгрөгийг буцаан гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй үндэслэлгүй төлсөн 11 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Д.Д, түүний өмгөөлөгч С.У, Б.С

Хариуцагчийн өмгөөлөгч Г.Н

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Одонтуяа нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2008 оноос 2012 онд Улсын Их хурлын даргын албыг хашиж байсан бөгөөд энэ хугацаанд Н.Ушадар туслахаар ажиллаж байсан. 2011 оны 10 дугаар сард орон нутагт ажиллаж эзгүй байхад өрөөний сэйфэнд байсан 27 000 ам.доллар алга болсон. Энэ талаар шадар туслах Н.Ууганбаяраас тодруулж асуухад “мөнгөний хэрэгцээ гараад авчихсан, удахгүй буцаагаад төлнө” гэж хэлсэн. 2011 оны 10 дугаар сарын 24-ний өдөр баталгаа гаргаж өгсөн. Н.Унь 2011 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр 5 000 000 төгрөгийг төлсөн бөгөөд үүнээс хойш үлдэгдэл мөнгийг төлөхгүй байсан учир 2016 оны 6 дугаар сарын 29-ний өдөр Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтэст гомдол гаргасан. Н.Унь цагдаагийн хэлтэст шалгагдаж байх үедээ 2016 оны 8 дугаар сарын 20-ны өдөр тооцоо нийлж 23 000 ам.долларыг 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдөр төлнө гэж дахин баталгаа гаргаж өгсөн. Үүнээс хойш Н.Унь 2016 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр 6 000 000 төгрөг буюу 2459 ам.долларыг төлсөн. Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 754 дугаар хэрэг бүртгэлийн хэргийг хаах тухай тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар гэмт хэрэг үйлдэгдсэнээс хойш 5 жил өнгөрч хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж хэргийг хааж шийдвэрлэсэн. Н.Унь тухайн үед өөрөө мөнгийг өгнө гэж баталгаа гаргаж өгсөн атлаа хүчээр бичүүлж авсан гэсэн нь үндэслэлгүй. Н.У-ын эрх ашиг хөндөгдөөд ажлын байрны дарамтанд байсан бол шүүх, цагдаагийн байгууллагад хандаад явах боломж байсан.

Сөрөг нэхэмжлэлдээ Б.Баттогтох, Б.Болортогтох нарт удаа дараа дугтуйтай мөнгө явуулж байсан гэжээ. Б.Баттогтох, Б.Болортогтох нарыг миний бие таних боловч тэдэнд дугтуйтай мөнгө өгч байгаагүй. Н.Унь үндэслэлгүй бичсэн байна. Сөрөг нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож Н.Ууганбаяраас 20 541 ам.доллар буюу 54 855 356,73 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, сөрөг нэхэмжлэлдээ:

Миний бие Улсын Их Хурлын дарга Д.Д-ийн шадар туслахаар 2008 оноос ажиллаж эхэлсэн, Д.Днь Б.Баттогтох, Б.Болортогтох нарт удаа дараа дугтуйтай мөнгө өгүүлж байсан. 2011 оны 10 дугаар сарын 22-ны өдөр “сейфэнд байсан мөнгийг харсан уу” гэхэд “юун мөнгө вэ, хараагүй. Учир нь таны сейф электрон цоожтой тул онгойлгож үзэх боломжгүй, та гэртээ үлдээсэн мөнгөө энд үлдээсэн хэмээн андуураад байгаа юм биш үү” гэж хэлсэн. Тэрээр маргааш нь “гэртээ үзсэн чинь байхгүй байна, мөнгө олоорой” гэчихээд чуулганы хуралдаанд орсон. Түүнийг хуралдаанаас гарч ирэхээр нь “та надаар хүмүүст дугтуйтай мөнгө хүргүүлж байсан түүнтэйгээ андуураад байгаа юм биш үү” гэхэд хариу өгөөгүй. Хэрэв үнэхээр мөнгө алдагдсан бол цагдаагийн байгууллагад хандаж, холбогдох хүмүүсийг шалгуулья гэж хэлэхэд нэр хүндэд халтай гэсэн. Хамгаалалтын албанд энэ талаар мэдэгдэхэд хамгаалалттай газраас мөнгө алдагдах ёсгүй гэсэн. Д.Днь өрөөнөөс мөнгө алдсанаараа чи төл, үгүй бол шоронгийн хадаас болгоно, ажил, амьдралгүй болгоно гэх мэтээр удаа дараа дарамталж 2011 оны 10 дугаар сарын 24-ний өдөр ажлын хариуцлагагүйн улмаас алдагдсан дээрх мөнгийг төлж хохиролгүй болгоно гэж бичиж өгсөн. Миний бие 2011 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр 5 000 000 төгрөг өгсөн. Улсын Их Хурлын тамгын газар руу өөрийн хүсэлтээр шилжин ажилласан. 2016 оны 11 дүгээр сарын 19-ны өдөр 6 000 000 төгрөг авсан. Д.Днь намайг цагдаад шалгуулсан боловч эд хөрөнгө хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэл нотлох баримтаар хангалттай тогтоогдоогүй хэмээн хэргийг хаасан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, бусдад төлөх төлбөргүй атлаа төлсөн 11 000 000 төгрөгийг Д.Д-ээс гаргуулж өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасан гэм хор учруулснаас үүсэх үүргийн харилцаа үүсээгүй байх тул Н.Ууганбаяраас 54 855 356 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэгч Д.Д-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Д-ээс 11 000 000 төгрөг гаргуулж хариуцагч Н.У-т олгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заалтыг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 432 230 төгрөг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 190 950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс 190 950 төгрөг гаргуулж хариуцагчид олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Н.У-ын хэлсэн зүйлийнхээ талаар гэрч болон баримт нотолгоотой эсэхийг шүүх анзаарч үзээгүй. Н.Уудаа дараа дарамтлуулсан талаар цагдаа, төрийн болон хяналтын албанд хандаж байсан баримтгүй байхад шүүх түүний яриаг үндэслэн шийдвэр гаргасан. Миний сейфны код, түлхүүрийг Н.У авч байнга онгойлгодог байсан, томилолтоор ажиллах үед түлхүүр өрөөнд үлдсэн учир түүний тайлбар үнэнд нийцэхгүй. Шүүх хуралдааны явцад Н.УУлсын Их Хурлын дарга төрийн тусгай хамгаалалтад байдаг, түүнийг шалгуулах хүсэлт гаргахад Улсын Их Хурлын даргын зөвшөөрөлтэйгөөр шалгах ёстой гэж хэлээд шалгаж өгөхгүй байсан гэж тайлбарласан нь үндэслэлгүй. Ямар ч иргэн гомдлоо хуулийн байгууллагад гаргах эрхтэй, Улсын Их Хурлын даргын зөвшөөрөлтэйгөөр шалгах гэсэн журам байхгүй. "Хамгаалалтынханд хүсэлт гаргасан, шалгаж өгөхгүй байсан" гэдэг хариулт хэргийн материалд байгаагаар бол хамгаалалтын албаны дарга Б.Ганболдоос байцаагчийн авсан мэдүүлэг, мөн хамгаалалтын албаны ажилтан н.Тулга, н.Мөнхжаргал нараас авсан мэдүүлэгт Н.У-ын ярьсныг няцаахаар ярьсан баримт байна. Жишээ нь: Б.Ганболд нь цагдаагийн байцаагчийн "Д.Д-ийн өрөөнөөс 27 000 ам.доллар алдагдсантай холбоотой яриа байсан уу гэх асуултад "Н.Уэнэ үйл явдлын талаар ярьж байгаагүй" гэжээ. Иймд төрийн тусгай хамгаалалтын албанд хүсэлт гаргасан гэдэг нь үндэслэлгүй. Мөн шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгч” хэрэв дарамтлуулсны улмаас баталгаа гаргаж өгсөн бол энэ хугацаанд гомдол гаргах, хуулийн байгууллагад хандах хугацаа хангалттай байсан гэж үзэж байна" гэж тодорхой хэлжээ. Улсын Их Хурлын даргын өрөөнд, түүний эзгүй үйлчлэгч болон шадар туслах ордог, гэхдээ үйлчлэгч нар цэвэрлэгээ хийж байгаа тохиолдолд заавал давхрын хамгаалалт хяналт тавьж байдаг. Харин шадар туслах нь үүдний өрөөнд нь байрладаг учраас түүний үйл хөдлөлд байнга хяналт тавьдаггүй. Өөрөөр хэлбэл, Их Хурлын даргын өрөөнд түүнийг эзгүй байхад хяналтгүй ордог ганц хүн гэж хамгаалалтын ажилтан Б.Мөнхжаргал мэдүүлсэн байдаг. 2016 оны 8 дугаар сарын 20-ны өдөр Н.У-ын гаргаж өгсөн баримтад албан өрөөнөөс нь 27 000 ам.доллар өөрт нь хэлэлгүйгээр авч хэрэглэсэн нь үнэн болно. 2016 оны 8 дугаар сарын байдлаар төлөөгүй байгаа үлдэгдэл төлбөр болох 23 000 ам.доллар төлж барагдуулна. Төлбөрийг 12 дугаар сарын 01-ний дотор төлж дуусгана гэдгээ илэрхийлж гарын үсэгтэй бичиг өгсөн. Н.Усөрөг нэхэмжлэлдээ чамайг шоронгийн хадаас болгох боломж танил тал надад байгааг мэдсээр байж одоо болтол мөнгө төлөхгүй байна гэж дарамталсан гэх тайлбар үндэслэлгүй. Мөн Н.Унь тайлбартаа Д.Д2016 оны 8 дугаар сарын 20-ны өдөр Их тэнгэрт байрлах гэртээ дуудаж мөнгөө олж авахын тулд өндөр цалин орлоготой Эрдэнэт үйлдвэрт ажилд оруулж өгье. Харин цалин бусад орлогоосоо төлбөрийг төлөөрөй гэсэн нь үндэслэлгүй. Тухайн үед миний бие Н.Уутанбаярыг дуудан ирүүлээгүй, цагдаагаар эрэн сурвалжлуулж олдсон хаягаар нь цагдаад өгсөн. Энэ үед миний бие ажилгүй байсан. Тэр үед Н.Унь одоогоор өгөх мөнгө байхгүй, төлбөрийн хэмжээгээ тогтоогоод зээлийн гэрээ байгуулаад тодорхой хугацаанд төлж болох уу гэж байсан. Н.У-ын авсан мөнгийг миний бие хөрөнгө, орлогын мэдүүлэгт орлогын мэдүүлэгт авлага гэж тусгаагүй нь түүний төлбөрөө төлөхөөс чөлөөлөгдөхгүй. Н.У-ын үйлдэл гэмт хэргийн шинжтэй эсэхийг шалгах явцад мөн л ХОМ гаргуулсан. Уг мөнгө миний хөдөлмөр болон хүүхдүүдийн орлогоос цуглуулсан мөнгө байсан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шалрллагыг бүхэлд нь хангаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлээгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлыг хангаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч Д.Днь хариуцагч Н.У-т холбогдуулан гэм хорын хохиролд 54 855 356 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч үндэслэлгүйгээр төлсөн 11 000 000 төгрөгийг буцаан гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ, 2011 оны 10 дугаар сард түүний сейфнээс 27 000 ам.доллар алдагдаж, гэм хорын хохирол учирсан, хохирол нь хариуцагчийн үйлдэлтэй холбоотой, түүний үйлдэл нь хууль бус, хохирол гэм хор учруулсан үйлдэл нь шалтгаант холбоотой гэдэг агуулгаар тайлбарласан.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа нотлохоор Н.У-ын бичсэн баримтыг нотлох баримтаар шүүхэд гаргаж өгсөн. Н.Унь 2011 оны 10 дугаар сарын 24-ний өдөр баталгаа гэх баримт үйлдсэн ба уг баримтад “Монгол Улсын Их Улсын даргын албан ажлын өрөөнөөс өөрийн ном хэвлүүлэх зардал болох 27 000 ам.доллар алдагдсан тул туслах Н.У миний ажлын хариуцлага муугийн улмаас алдагдсан дээрх мөнгийг төлж хохиролгүй болгож өгнө” гэжээ. Мөн Н.Унь 2016 оны 8 дугаар сарын 20-ны өдөр “Миний бие 2011 онд Монгол Улсын Их Хурлын дарга Д.Д-ийн шадар туслахаар ажиллаж байх хугацаанд албан өрөөнөөс нь 27 000 $ өөрт нь /27 000 $/ хэлэхгүйгээр авсан, хэрэглэсэн нь үнэн болно. Н.Уминий бие дээрх төлбөрийг одоог хүртэл 5 000 000 төгрөгөөс өөрөөр төлөөгүй байгаа тул 2016 оны 8 дугаар сарын байдлаар үлдэгдэл төлбөр болох 23 000$ төлж барагдуулна. Энэ төлбөрийг 2016 оны 12 дугаар сарын 01-ний дотор төлж дуусгана” гэж бичгээр тайлбар гаргажээ.

Хариуцагч Н.Унь нэхэмжлэгч Д.Д-д 2011 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр 5 000 000 төгрөг, 2016 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр 6 000 000 төгрөг тус тус төлсөн байна.

Иймд дээрх нөхцөл байдлуудыг харьцуулан дүгнэвэл Н.Унь Д.Д-ийн ажлын өрөөнөөс 27 000 ам.долларыг түүний зөвшөөрөлгүй авснаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар гэм хорын хохирол учруулсан байна. Анхан шатны шүүх дээрх нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх журмыг зөрчсөнийг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжтой.

Харин хариуцагч Н.Унь нэхэмжлэгч Д.Д-ийн дарамтаас болж дээрх 2 бичгийн баримтыг бичиж өгсөн гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй байна. Иймд хариуцагч Н.Унь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2 дахь хэсэгт зааснаар гэм буруугүй гэдгээ нотлоогүй тул түүнийг гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөх үндэслэлгүй юм.

Нэхэмжлэгч нь хариуцагчийн төлсөн 11 000 000 төгрөгийг хасаж нэхэмжлэл гаргасан ба бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй тул хохирлыг Иргэний хуулийн 497 дугаар зүйлий 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар 54 855 356 төгрөгөөр тооцож хариуцагч Н.Ууганбаяраас гаргуулж нэхэмжлэгч Д.Дэмбэрэлд олгохоор шийдвэрт өөрчлөлт оруулав.

Дээрхээс дүгнэвэл нэхэмжлэгчийг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэдэг нөхцөл байдал тогтоогдоогүй учраас хариуцагч Н.У-ын гаргасан сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг шүүхийн шийдвэрт оруулж байна.

Иймд дурьдсан үндэслэлээр нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 183/ШШ2020/00775 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг “Иргэний хуулийн 497 дугаар зүйлий 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Н.Ууганбаяраас 54 855 356 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Дэмбэрэлд олгосугай” гэж,

2 дахь заалтыг “Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан Д.Д-ээс 11 000 000 төгрөг гаргуулах тухай Н.У-ын сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж,

3 дахь заалтын “... нэхэмжлэгчээс 190 950 төгрөг гаргуулж хариуцагчид олгосугай” гэснийг “хариуцагч Н.Ууганбаяраас 432 227 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Дэмбэрэлд олгосугай” гэж нэмж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн төлсөн 623 680 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурьдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Э.ЗОЛЗАЯА

                                                          ШҮҮГЧИД                                        Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

                                                                                                                  Д.БАЙГАЛМАА