Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 05 сарын 12 өдөр

Дугаар 001/ХТ2022/00595

 

                                              ****ийн нэхэмжлэлтэй

                                               иргэний хэргийн тухай

  

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Банзрагч, даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч П.Золзаяа, С.Соёмбо-Эрдэнэ, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 183/ШШ2020/00775 дугаар шийдвэр, 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 1158 дугаар магадлалтай, 

****ийн нэхэмжлэлтэй,

****т холбогдох 

Гэм хорын хохиролд 54,855,356 төгрөг гаргуулах тухай үндсэн, үндэслэлгүй төлсөн 11,000,000 төгрөгийг буцаан гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг 

Хариуцагчийн гаргасан гомдлоор 

Шүүгч С.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч ****, түүний өмгөөлөгч Ц.Цэрэнжаргал, хариуцагч ****, түүний өмгөөлөгч Г.Нацагдоржшүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ НЬ: 

1. ****нь ****т холбогдуулан гэм хорын хохиролд 54,855,356 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагчэс зөвшөөрч марган, үндэслэлгүй төлсөн 11,000,000 төгрөгийг буцаан гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргажээ. 

2. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн2020 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 183/ШШ2020/00775 дугааршийдвэрээрИргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 заасан гэм хор учруулснаас үүсэх үүргийн харилцаа үүсээгүй байх тул ****аас 54,855,356 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэгч ****ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч ****ээс 11,000,000 төгрөг гаргуулж хариуцагч ****т олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 432,230 төгрөг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 190,950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс 190,950 төгрөг гаргуулж хариуцагчид олгожшийдвэрлэжээ. 

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн2020 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 1158 дугаарХан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 183/ШШ2020/00775 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-дзааснаар хариуцагч ****аас 54,855,356 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ****д олгосугай гэж, 2 дахь заалтыг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан ****ээс 11,000,000 төгрөг гаргуулах тухай ****ын сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай гэж, 3 дахь заалтын ...нэхэмжлэгчээс 190,950 төгрөг гаргуулж хариуцагчид олгосугай гэснийг хариуцагч ****аас 432,227 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ****д олгосугай гэж нэмж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн төлсөн 623,680 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэсэн байна. 

4. Хариуцагч **** хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “... ****ийн өрөөнд байсан мөнгө алдагдсан бөгөөд тэрээр ХОМ-тээ энэ талаар тусгах үүрэгтэй ба тусгаагүй нь мөнгө байгаагүйг эсхүл хууль бусаар орж ирсэн мөнгө гэдгийг нотлоно. УИХ-ын дарга ****ийн 2011, 2012, 2013 оны ХОМ-ийг шүүхээс үнэлсэнгүй. **** миний бие “уг мөнгийг аваагүй тул ажлын хариуцлага муугийн улмаас алдагдсан дээрх мөнгийг төлж хохиролгүй болгоно” хэмээн бичсэн ба уг бичгийн агуулгыг **** дарга хүлээн зөвшөөрсөн тул надаас авч, шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн. Гэтэл 2016.08.20-ны өдөр Их тэнгэрт байдаг гэртээ **** дарга намайг айлгаж байгаад, өөрөө хэлж бичүүлсэн ганцхан баримтыг шүүхээс үнэлж байгаа нь үндэслэлгүй юм. Учир нь уг баримтыг бусад бүх баримтууд үгүйсгэж байгаа бөгөөд мөнгө аваагүй хэмээн миний бие анхнаасаа маргаж байсан болно. Иргэний хуулийн 497, 510 дугаар зүйлээс иш татан “Гэм хор учруулсан бол арилгах үүрэгтэй” хэмээн анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан хэргийг шийдвэрлэж байна. Гэтэл **** мөнгө авсан нь тогтоогдохгүй байна, ****д гэм хор учруулаагүй хэмээн эрх бүхий байгууллагаас тогтоогоод, энэ тухай хэд хэдэн баримтыг шүүхэд гаргаж өгөөд байхад “ ****д гэм хор учруулсан тул төлбөр төл” гэж давж заалдах шатны шүүх шийдвэрлэсэн нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэхээс гадна нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай талаас нь үнэлэх хуульд заасан үүргээ биелүүлээгүй байна. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д “гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил” гэж заасан тул 2011.10.24-ний өдрийн хэлцлийн дагуу шаардах хуульд заасан хугацаа өнгөрсөн байна. Түүнчлэн 2016.08.20-ны өдрийн хэлцлийг үндэслэсэн ч 2019.08.20-ны өдрөөр дуусгавар болж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, магадлалыг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ. 

ХЯНАВАЛ: 

5.Хариуцагч ****ын хяналтын журмаар гаргасан гомдлын “...давж заалдах шатны шүүх нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай талаас нь үнэлэх хуульд заасан үүргээ биелүүлээгүй...” гэсэнхэсгийг хангаж, магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж дүгнэлээ. 

6. Анхан шатны шүүх хариуцагч ****аас 54,855,356 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэгч ****ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгонсөрөг нэхэмжлэлийг хангаж нэхэмжлэгч ****ээс 11,000,000 төгрөг гаргуулж хариуцагч ****т олгохоор шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хариуцагч ****аас 54,855,356 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ****д олгож, ****ээс 11,000,000 төгрөг гаргуулах тухай ****ын сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгожшийдвэрт өөрчлөлт оруулжээ.

7. Давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэж хэргийн  үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, зохигчийн хоорондох эрх зүйн маргаанд хэрэглэгдэх хуулийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн боловч гэм хор учруулсан хохирлын хэмжээг зөв тогтоож чадаагүй байх тул магадлалд өөрчлөлт оруулах шаардлагатай. 

8. **** нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...Миний бие 2008 оноос 2012 онд Улсын Их хурлын даргын албыг хашиж байсан бөгөөд энэ хугацаанд **** шадар туслахаар ажиллаж байсан. 2011 оны 10 дугаар сард орон нутагт ажиллаж эзгүй байхад өрөөний сэйфэнд байсан 27,000 ам.доллар алга болсон. Энэ талаар шадар туслах ****аас тодруулж асуухад мөнгөний хэрэгцээ гараад авчихсан, удахгүй буцаагаад төлнө гэж хэлсэн. 2011.10.24-ний өдөр, ...2016.12.01-ний өдөр баталгаа гаргаж өгсөн. ... **** нь 2011.11.08-ны өдөр 5,000,000 төгрөг, ...2016.11.19-ний өдөр 6,000,000 төгрөг төлсөн. ...Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын 2019.03.25-ны өдрийн 754 дүгээр хэрэг бүртгэлийн хэргийг хаах тухай тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар гэмт хэрэг үйлдэгдсэнээс хойш 5 жил өнгөрч хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж хэргийг хааж шийдвэрлэсэн. ...сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй...” гэж тодорхойлсон байна. 

9. Хариуцагч **** “... **** өрөөнөөс мөнгө алдсанаараа чи төл, үгүй бол шоронгийн хадаас болгоно, ажил, амьдралгүй болгоно гэх мэтээр удаа дараа дарамталж 2011.10.24-ний өдөр ажлын хариуцлагагүйн улмаас алдагдсан дээрх мөнгийг төлж хохиролгүй болгоно гэж бичиж өгсөн. Миний бие 2011.11.08-ны өдөр 5,000,000 төгрөг, ...2016.11.19-ний өдөр 6,000,000 төгрөг төлсөн. **** нь намайг цагдаад шалгуулсан боловч эд хөрөнгө хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэл нотлох баримтаар хангалттай тогтоогдоогүй хэмээн хэргийг хаасан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, бусдад төлөх төлбөргүй атлаа төлсөн 11,000,000 төгрөгийг ****ээс гаргуулж өгнө үү...” гэж сөрөг нэхэмжлэл гаргаж мэтгэлцжээ. 

10. Зохигчийн хооронд гэм буруугийнүйлдэл, гэм хор учруулсан эсэх нь маргааны зүйл болсон байна. 

11. Прокурорын 2019.03.25-ны өдрийн 754 дүгээр тогтоолоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан үндэслэлээр ****т холбогдох хэрэг бүртгэлтийн 201725021320 дугаартай хэргийг хаасан үйл баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40дүгээр зүйлийн 40.4-т зааснаар дахин нотлохгүй хэдий ч иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагчийн гэм буруу, учруулсан гэм хорыг нотолсон агуулгатай баримт гэж үзнэ.  

12. Нэхэмжлэгч **** нь нэхэмжлэлийн шаардлагаа нотолж, ****ын 2011.10.24-ний өдрийн“...Монгол Улсын Их хурлын даргын албан ажлын өрөөнөөс өөрийн ном хэвлүүлэх зардал болох 27,000 ам.доллар алдагдсан тул туслах **** миний ажлын хариуцлага муугийн улмаас алдагдсан дээрх мөнгийг төлж хохиролгүй болгож өгнө...”, 2016.08.20-ны өдрийн “...Миний бие 2011 онд Монгол Улсын Их хурлын дарга ****ийн шадар туслахаар ажиллаж байх хугацаанд албан өрөөнөөс нь 27,000 ам.доллар өөрт нь /27,000 $/ хэлэхгүйгээр авсан, хэрэглэсэн нь үнэн болно. **** миний бие дээрх төлбөрийг одоог хүртэл 5,000,000 төгрөгөөс өөрөөр төлөөгүй байгаа тул 2016.08 дугаар сарын байдлаар үлдэгдэл төлбөр болох 23,000 ам.доллар төлж барагдуулна. Энэ төлбөрийг 2016.12.01-ний дотор төлж дуусгана гэж бичсэн баримт, прокурорын 2019.03.25-ны өдрийн 754 дүгээр тогтоолыг шүүхэд гаргасан байна. 

 Түүнчлэн хариуцагч **** ****д 2011.11.08-ны өдөр 5,000,000 төгрөг, 2016.11.19-ний өдөр 6,000,000 төгрөг тус тус төлсөн байна. 

13. Хариуцагч **** ****ийнажлын өрөөний сейфнээс мөнгө аваагүй, удаа дараа дарамталсны улмаас хохиролгүй болгоно гэж бичиж өгсөн гэж нэхэмжлэгчтэй маргасан хэдий ч хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд уг нөхцөл байдал тогтоогдохгүй байна. 

Энэ нь **** тайлбарын үндэслэлээ буюу нэхэмжлэгчийн шаардаж буй хохирол, түүний үйлдэлтэй шалтгаант холбоогүй болохоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 заасны дагуу нотлоогүй гэж үзнэ. 

14. ****ын 2011.10.242016.08.20-ны өдрүүдэд ****д бичиж өгсөн бичгийн баримт, 2011.11.08-ны өдөр 5,000,000 төгрөг, 2016.11.19-ний өдөр 6,000,000 төгрөгийг төлж байсан, цагдаагийн байгууллагаас 2016.08.04-2018.07.02-ны өдрүүдэд хохирогч, нэр бүхий гэрч нараас мэдүүлэг авч, прокурорын 2019.03.25-ны өдрийн 754 дүгээр “Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай” тогтоолоор ****т холбогдох хэрэг бүртгэлтийн 201725021320 дугаартай хэргийг хаасан, нэхэмжлэгч 2019.10.16-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан зэрэг байдлаас дүгнэвэл бусдын эд хөрөнгөд гэм хор учруулснаас үүсэх үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа, түүнийг тоолох журмыг зохицуулсан Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.4-т заасан хугацаа өнгөрсөн гэж үзэх боломжгүй.     

15. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчид учирсан хохирол ****ын үйлдэлтэй шалтгаант холбоотой, хариуцагч гэм хорын хохирлыгарилгах үүрэгтэй нь хэрэгт авагдсан баримтын хэмжээнд нотлогдсон, сөрөг нэхэмжлэлийг хангах боломжгүй талаар хийсэн дүгнэлтийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасныг зөрчсөн гэж үзэхгүй. 

16. Харин прокурорын 2019.03.25-ны өдрийн 754 дүгээр “Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай” тогтоолоор ****ийнажлын өрөөний сейфнээс 27,000 ам.доллар буюу 34,328,820 төгрөг алдагдсан гэж тухайн үед хохирлын хэмжээг тогтоосон байхад давж заалдах шатны шүүх хариуцагчаас 20,541 ам.долларыг 2019.10.16-ны өдөр Монголбанкнаас зарласан 2,671.60 төгрөгийн ханшаар тооцон хохирол гаргуулж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1-д үүрэг бүхий этгээд гэм хорыг арилгахдаа эд хөрөнгөд учруулсан бодит хохирол нөхөн төлөх үүрэгтэйгэсэн хохирлын хэмжээг тодорхойлох зохицуулалт нийцээгүй байна. 

17. Иймд прокурорын 2019.03.25-ны өдрийн 754 дугаартай “Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай” тогтоолд 34,328,820 төгрөгийн хэмжээнд хариуцагчийн учруулсан хохирлыг тодорхойлж, хариуцагчаас төлсөн 11,000,000 төгрөгийг хасч, ****аас 23,328,820 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ****д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 31,526,536 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1заасан зохицуулалтын агуулга, шаардлагад нийцнэ. 

18. Дээрх үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалд зохих өөрчлөлт оруулж, хариуцагч ****ын хяналтын журмаар гаргасан гомдлын “...давж заалдах шатны шүүх нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай талаас нь үнэлэх хуульд заасан үүргээ биелүүлээгүй...” гэх хэсгийг хангав. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 1158 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтад “...54,855,356 төгрөг...” гэснийг “...23,328,820 төгрөг...” гэж, “...олгосугай.” гэснийг “...олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 31,526,536 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж, “...432,227 төгрөг...” гэснийг “...277,594...” төгрөг гэж өөрчлөн магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй. 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 623,680төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай. 

 

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Г.БАНЗРАГЧ 

                      ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                       Г.АЛТАНЧИМЭГ    

                                            ШҮҮГЧИД                                      П.ЗОЛЗАЯА 

                                                                                                   С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                                                                                   Д.ЦОЛМОН