Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 1218

 

Ү.Г-гийн нэхэмжлэлтэй                                                                                  иргэний хэргийн тухай

 

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа       даргалж, шүүгч Ш.Оюунханд, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 182/ШШ2020/00785 дугаартай шийдвэртэй нэхэмжлэгч Ү.Г-гийн нэхэмжлэлтэй, хариуцагч “ЧА” ХХК-д холбогдох

 

хохиролд 17 095 275 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч Ү.Г- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “ЧА” ХХК-ийн 2018 оны 9 дүгээр сарын 17 өдрийн А-18/09 тоот хараат бус аудиторын дүгнэлт нь төрийн болон хууль хяналтын байгууллага, эрх бүхий албан тушаалтны ямар ч зөвшөөрөлгүйгээр хууль бусаар бусдын харилцах дансны зарим гүйлгээг нягталсны улмаас иргэн Ү.Г- би цагдаа, прокурор, шүүхээр 18 сар шалгуулсны эцэст намайг гэм буруугүйг тогтоосон. Иймд иргэн Ү.Г- миний нэг сарын цалин болох 2.500 юань, 18 сараар бодож 17.095.275 төгрөгийг хууль бус дүгнэлт гаргаж намайг хохироосон “ЧА” ХХК-аас гаргуулж, намайг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч “ЧА” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Анар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Аудитын тухай хуулийн 3.1.1, 3.1.11, 9.1, 9.1.2, 9.1.4, 10.1 дэх хэсэгт тус тус заажээ. Түүнчлэн тус хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1.,15.1.2., 15.1.3-д тус тус хуулиар олгосон байдаг. Эдгээр зохицуулалтаас үзэхэд, “ЧА” ХХК хуулиар олгосон эрхийн хүрээнд иргэн Б.Нямцэцэгийн хүсэлтээр аудитын үйл ажиллагаа явуулсан байх тул хариуцагчийг хууль бус дүгнэлт гаргасан гэж үзэх үндэслэл бий болоогүй байна. "ЧА” ХХК хуулиар олгосон эрхийнхээ хүрээнд аудитын үйл ажиллагаа явуулсныг нэхэмжлэгч хэрэг бүртгэлтийн 180903475 дугаартай хэрэгт мөрдөгч эсхүл прокуророос, эсхүл Ү.Г-д холбогдох иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхээс шинжээч, мэргэжилтэн томилсны дагуу гаргасан шинжээчийн дүгнэлт мэтээр тайлбарлаж, тухайн дүгнэлт хууль бус, эргэлзээтэй, зориуд буруу, дутуу болох нь тогтоогдсон мэтээр бичиж бодит нөхцөл байдлыг гуйвуулахыг хичээж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. 2018 оны 9 дүгээр сарын 17 өдрийн А-18/09 тоот хараат бус аудитын дүгнэлтээр үйлчлүүлэгч иргэний хүсэлт, түүний өөрийн гаргаж өгсөн баримтат мэдээлэл, дансны хуулга зэрэгт үндэслэн явуулсан нягтлан шалгах ажиллагаагаар хувь хүн, байгууллагын хөрөнгийн болон бусад нууцад хамаарах мэдээлэлд хууль бусаар халдаагүй болно. Цаашилбал, тухайн мэдээлэл, холбогдох санхүүгийн баримтуудыг аудитын байгууллагад үнэн зөв мэдүүлэх нь эзэмшигч, үйлчлүүлэгчийн үүрэг хариуцпага байх юм. Нэхэмжлэгчийг хариуцагч талаас гүтгэсэн мэдээг тараагаагүй бөгөөд харин хариуцагч өөрийгөө үндэслэлгүйгээр буруутгуулан гүтгүүлээд байна хэмээн үздэг. Эрүүгийн болон иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хууль тогтоомжоор гомдол, нэхэмжлэл гаргах эрх олгогдсоны дагуу иргэн Б.Нямцэцэг өргөдөл гомдол гаргасан, эсхүл иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан асуудал нь тухайн иргэн эрхээ хэрэгжүүлж буй хэлбэр бөгөөд үүнтэй холбоотой үр дагаврыг хариуцагч хариуцах боломжгүй. Маргаж буй аудитын дүгнэлт нь зөвхөн бичмэл нотлох баримтын нэг хэлбэр, төрөл бөгөөд тухайн дүгнэлтийг нотлох баримтын хувьд хуурамчаар бүрдүүлсэн үйл баримт бий болоогүй, ийм үндэслэл тогтоогдоогүй юм гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1., 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “ЧА” ХХК-аас гэм хорын хохиролд 17.095.275 төгрөгийг гаргуулахыг хүссэн нэхэмжлэгч Ү.Г-гийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дах хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 247.950 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Шийдвэрт дурдагдсан хаягт би оршин суудаггүй. Би ийм хаягаар нэхэмжлэл гаргаагүй. “ЧА” ХХК-д хүсэлт гаргасан иргэн Б.Нямцэцэг нь намайг орон сууцгүй болгосон. Хэргийн оролцогч нараас бүрэлдэхүүнтэй шийдвэрлүүлэх хүсэлт гаргаагүй байхад бүрэлдэхүүнтэй шийдвэрлэснийг хууль зөрчсөн гэж үзэж байна. Шийдвэрийн тодорхойлох хэсэгт Аудитын тухай хуулийн 15 зүйлийн 15.1.1, 15.1.2, 15.1.3-т заасныг дурдсан мөртлөө ноцтойгоор зөрчигдсөнийг нь үнэлж дүгнээгүй. Үндэслэх хэсэгт “...Ү.Г-гийн эзэмшлийн “ХААН” банкан дахь 5063112615, 5014438294 тоот данстай харьцсан нь А-18/09 тоот “Хараат бус аудиторын дүгнэлт” хууль ёсны дагуу явагдсан байна” гэж дүгнэсэнд гомдолтой байна. Шийдвэрийн үндэслэх нь хэсэгтээ хятад хүний нэр дээр байдаг дансыг, БНХАУ-ын иргэн Алтан-Уул эзэмшиж ашигладаг “ХААН” банкны 5014438294 тоот дансыг яагаад нэхэмжлэгч Ү.Г-гийн эзэмшдэг данс гэж, бас А-18/09 тоот аудитын дүгнэлтийн эсрэг бичсэн байна. Иймд шийдвэрийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтад тулгуурлан, Иргэний хуулийн холбогдох зүйл, заалтыг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэгчийн шаардлагыг хангах үндэслэлгүй гэж үзэн, нэхэмжлэлийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах боломжгүй байна.

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчдын эрхийг хязгаарлаагүй, мэтгэлцэх эрхийг нь хангажээ.

 

Нэхэмжлэгч Ү.Г- нь хариуцагч “ЧА” ХХК-д холбогдуулан, тус компанийн 2018 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн А-18/09 тоот хууль бус дүгнэлтийн улмаас ажлаа хийх боломжгүй болж авч чадаагүй цалинг хохиролд тооцож 17.095.275 төгрөгийг  гаргуулах нэхэмжлэл гаргасныг  хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Сүхбаатар дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэс 2018 оны 8 дугаар сарын 07-ны өдөр  иргэн Б.Нямцэцэгийн “...Ү.Г- нь залилж 55.848.000 төгрөгийг илүү авсан...” гэх гомдлоор эрүүгийн хэрэг нээж, хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж шалгахад Б.Нямцэцэг Ү.Г- нар нь харилцан тохиролцож зээлийн гэрээг амаар байгуулж, мөнгөн хөрөнгийг өөрсдийн харилцах дансаар шилжүүлж авч байсан нь тогтоогдож, улмаар Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын прокурорын 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 2341 дугаартай тогтоолоор хэрэг бүртгэлтийн 180903475 тоот хэргийг гэмт хэргийн шинжгүй, иргэд хоорондын гэрээ, хэлцлээс үүссэн иргэний журмаар шүүхээр шийдвэрлүүлэх маргаан  гэх үндэслэлээр хааж шийдвэрлэжээ. /хх-ийн 4/

 

“ЧА” ХХК нь иргэн Б.Нямцэцэгээс гаргасан хүсэлтийг үндэслэн 2018 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн А-18/09 тоот Хараат бус аудиторын дүгнэлтийг гаргасан байх ба уг дүгнэлтээр Б.Нямцэцэгийн эзэмшлийн ХААН банкин дахь 5003642789, 5037632103 тоот дансны 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдрийг хүртэлх хугацаанд Ү.Г-гийн 5063112615,  болон иргэн Алтан-Уулын эзэмшдэг гэх  5014438294 тоот данстай харьцсан орлого, зарлагын гүйлгээнд аудит хийж, энэхүү тулган баталгаажуулалтаар Б.Нямцэцэг нь Ү.Г-д 70.190.000 төгрөгийг илүү шилжүүлсэн гэжээ. /хх-ийн 63/

 

Б.Нямцэцэг нь Ү.Г-д холбогдуулж үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж 66.290.000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 102/ШШ2019/02720 дугаартай шийдвэрээр  нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн ба Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 2171 дугаартай магадлалаар уг шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн байна. /хх-ийн 4-7, 9-11/

Дээрх прокурорын тогтоол, шүүхийн шийдвэр, магадлалаар “ЧА” ХХК-ийн 2018 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн А-18/09 тоот Хараат бус аудиторын дүгнэлтийг хууль бус болохыг  тогтоогоогүй ба харин шүүхийн шийдвэрээр Б.Нямцэцэгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо хэрэгт авагдсан нотлох баримтын үндсэн дээр “нэхэмжлэгчийн илүү төлсөн гэх 66.290.000 төгрөгийг зээлийн хүү төлсөнд тооцох үндэслэлтэй...”, “...Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.3 дах хэсэгт зааснаар зээлдэгч зээлийн хүү төлснөөр өрийг хүлээн зөвшөөрсөн тул зээлийн хүүд төлсөн төлбөрийг буцаан шаардах эрхгүй...” гэж дүгнэлт хийсэн байна.

“ЧА” ХХК-ийн 2018 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн А-18/09 аудитын дүгнэлт хэрэгт авагдсан ба дүгнэлтийн хавсралт болон дансны хуулгууд хэрэгт авагдаагүй, дүгнэлтийн үндэслэлээ “...Б.Нямцэцэгийн өөрийнх нь Хаан банкин дахь данснаас бусдын данстай харьцсан гүйлгээнд аудит хийсэн...” гэж тайлбарласан тул данс эзэмшигчийн болон эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй бусдын дансыг нягталж шалгасан гэх  нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй. 

 “ЧА” ХХК-ийн 2018 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн А-18/09 тоот хараат бус аудиторын дүгнэлтийг хууль бус гэж үзэх үндэслэл баримтаар тогтоогдоогүй, уг дүгнэлтээр  нэхэмжлэгч Ү.Г-д гэм хор учирсан талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасан нөхцөл байдал хэрэгт баримтаар тогтоогдоогүй.  

Нэхэмжлэгч тал 2018 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн А-18/09 тоот хууль бус дүгнэлтийн улмаас ажлаа хийх боломжгүй болж авч чадаагүй цалин болох гэм хорын хохиролд 17.095.275 төгрөгийг  гаргуулна гэж тайлбарлаж байгаа боловч хэрэгт авагдсан баримтаас үзэхэд нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд учирсан хохирлыг хариуцагч “ЧА” ХХК-ийн буруугаас болсон гэх байдал хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдоогүй, нэхэмжлэгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотлоогүй байна.

Хариуцагч “ЧА” ХХК нь аудитын үйл ажиллагааг тусгай зөвшөөрлийн эрхлэн явуулдаг бөгөөд Аудитын тухай хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэх нөхцөл байдал хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдоогүй бөгөөд шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэргийн үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Харин шүүх нэхэмжлэгч нь Баянгол дүүргийн 17 дугаар хороо, 28/2 дугаар байрны 09 тоотод оршин суух хаягтай байхад Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, 2 дугаар хороолол, Хатанбаатар Магсаржавын гудамжны 9а байрны 79 тоот хаягт оршин суудаг гэж шийдвэрт буруу тусгасан  байгааг дурдах нь зүйтэй. Гэхдээ энэ нь анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох, өөрчлөлт оруулах үндэслэл болохгүй.

Нэхэмжлэгч нь хууль бус дүгнэлт гаргасан гэж хариуцагчийг буруутгаж, түүний үйлдлийн улмаас  эд хөрөнгийн хохирол гаргуулахаар нэхэмжлэл гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.1 - 82.1.8-д заасан шүүгч дангаар хянан шийдвэрлэх маргаанд хамаарахгүй болно.

Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэл тогтоогдоогүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 182/ШШ2020/00785 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 247 950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дах хэсэгт зааснаар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргаж болох бөгөөд мөн хуулийн 119.4, 119.7 дах хэсэгт заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тус тус дурдсугай.  

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Э.ЗОЛЗАЯА  

                                                          ШҮҮГЧ                                      Ш.ОЮУНХАНД        

                                                                                                            Н.БАТЗОРИГ