| Шүүх | Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүхээгийн Уранчимэг |
| Хэргийн индекс | 171/2021/0011/Э |
| Дугаар | 0068 |
| Огноо | 2022-06-23 |
| Зүйл хэсэг | 17.3.1., 22.1.1., 22.4.4., 22.5.1., 22.5.2., |
| Улсын яллагч | Н.Д |
Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 06 сарын 23 өдөр
Дугаар 0068
А.М нарт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч З.Хосбаяр даргалж, шүүгч М.Хүрэлбаатар, шүүгч С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Прокурор Н.Д
Шүүгдэгч П.Э,
Шүүгдэгч нарын өмгөөлөгч Х.О, О.С, С.Д
Нарийн бичгийн дарга Э.Булгантамир нарыг оролцуулан
Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 173 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч нарын өмгөөлөгч С.Д, О.С нарын гаргасан давж заалдах гомдлоор шүүгдэгч А.М нарт холбогдох эрүүгийн хэргийг 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Х овогт А-н М,
О овогт Ц-н Д,
Т овогт Б-н А,
А овогт П-н Э,
Б овогт Б-н О,
А.М нь аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн цагдаа зохицуулагчаар ажиллаж байхдаа “Замын хөдөлгөөн зохицуулах, хянан шалгах журам”-ын 2.24.6-д заасан “хууль тогтоомжийг тайлбарлан өгөх”, 2.24.8-д заасан “...зөрчлийн тухай тэмдэглэл илтгэх хуудас бичих, баримт бичиг хураан авсан бол энэ тухай тэмдэглэлийг 2 хувь үйлдэх... ерөнхий жижүүр буюу шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтан болон зөрчил гаргагчид өгөх”, 2.24.9-д заасан “Жолооч согтууруулах ундаа хэрэглэсэн бол ...зөрчлийг баримтжуулах, тээврийн хэрэгслийг түр саатуулах зэрэг холбогдох арга хэмжээг авах” гэсэн заалтуудыг зөрчин 2019 оны 08 дугаар сарын 05-ны орой аймгийн сумын нутаг дэвсгэрт Б.О-г согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “Тоёота Приус-20” загварын улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явсныг саатуулан шалгасан боловч цагдаагийн газрын зөрчлийн гомдол мэдээлэлд оруулан шалгуулаагүй, хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлэхгүй байхын тулд 2019 оны 08 дугаар сарын 06-ны өдөр Б.О-с П.Эаар дамжуулан бэлнээр 350.000 төгрөгийн хахууль авсан,
2018 оны 07 дугаар сарын 22-ны өдөр аймгийн сумын нутаг Д гэх газарт Б.А-г согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “Верна аксент” загварын улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явсныг саатуулан шалгасан боловч зөрчлийн гомдол мэдээлэлд оруулан шалгуулаагүй, хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлэхгүй байхын тулд 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдөр Ц.Д-р дамжуулан өөрийн эзэмшлийн Хаан банкин дахь дансаар шилжүүлэн 400.000 төгрөгийн хахууль авсан,
аймгийн сумын багт 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Э.Б-г “Тоёота Приус-20” загварын улсын дугаартай тээврийн хэрэгслийг бичиг баримтгүй жолоодон явахад нь саатуулан шалгаж бичиг баримтгүй тээврийн хэрэгсэл жолоодон явсан гэх үндэслэлээр арга хэмжээ авч- байгаа мэтээр ойлгуулан нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, бусдад давуу байдал бий болгож ХААН банкин дахь өөрийн дансаар 200.000 төгрөгийг шилжүүлэн авсан,
2018 оны 06 дугаар сарын 10-ны өдөр аймгийн сумын нутаг дэвсгэрт Ж.Г-г согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “Тоёота Карина” загварын улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явсныг саатуулан шалгаж гаргасан зөрчилд нь зөрчлийн арга хэмжээ авч байгаа мэтээр ойлгуулан нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, бусдад давуу байдал бий болгож өөрийн Хаан банкны дансаар 400.000 төгрөгийг шилжүүлэн авсан,
2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр аймгийн сумын нутаг дэвсгэрт Ч.Б-г согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “Стана” загварын ногоон өнгийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явсныг журамлан шалгаад, зөрчлийн хуулиар арга хэмжээ авч байгаа мэтээр ойлгуулан нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, бусдад давуу байдал бий болгож өөрийн Хаан банкны дансаар 300.000 төгрөгийг шилжүүлэн авсан гэмт хэрэгт,
Б.О нь аймгийн сумын нутаг дэвсгэрт 2019 оны 08 дугаар сарын 05-ны орой “Тоёота Приус-20” загварын улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ жолоодон явсныг аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн цагдаа зохицуулагч, цагдаагийн ахлах ахлагч А.М журамлан шалгах явцад өөрт давуу байдал бий болгох зорилгоор 2019 оны 08 дугаар сарын 06-ны өдөр П.Эаар дамжуулан Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн цагдаа, зохицуулагчаар ажиллаж байсан А.Мод 350.000 төгрөгийн хахууль өгсөн гэмт хэрэгт,
П.Э нь өөрийн найз Б.О-г 2019 оны 08 дугаар сарын 05-ны орой аймгийн сумын нутаг дэвсгэрт “Тоёота Приус-20” загварын улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ жолоодон явсан зөрчил гаргасныг мэдсээр байж түүнд давуу байдал бий болгож, цагдаагийн газрын зөрчлийн гомдол мэдээллийн бүртгэлд оруулахгүйгээр шийдвэрлүүлэх зорилгоор 2019 оны 08 дугаар сарын 06-ны өдөр 400.000 төгрөгийг Б.О-с авч Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн цагдаа, зохицуулагчаар ажиллаж байсан А.Мод албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан бэлнээр 350.000 төгрөгийн хахууль өгсөн,
иргэн М.О-н хүү Э.У-г “Э” ТӨХК-нд ажилд оруулж өгнө гэж хуурч мэргэжлийн үнэмлэх гаргах нэрийдлээр 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Хаан банкны Б.Б-н дансаар 300.000 төгрөг, 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр ажилд оруулах мөнгө гэж өөрийн эхнэр Ө.С-н Хаан банкны дансаар 5.000.000 төгрөг, нийт 5.300.000 төгрөгийг залилж авсан гэмт хэрэгт,
Б.А нь аймгийн сумын нутаг Д гэх газарт 2018 оны 07 дугаар сарын 22-ны өдөр өөрийн эзэмшлийн “Верна аксент” загварын улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ жолоодон явсан зөрчлөө Зөрчлийн хуульд зааснаар шалгуулахгүйгээр өөртөө давуу байдал бий болгохын тулд найз Ц.Д-р дамжуулан аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн цагдаа, зохицуулагч цагдаагийн ахлах ахлагч А.Мод албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдөр түүний Хаан банкны дансанд 400.000 төгрөгийн хахууль өгсөн хэрэгт,
Ц.Д нь өөрийн найз Б.А-г 2018 оны 07 дугаар сарын 22-ны өдөр аймгийн сумын нутаг дэвсгэр Д гэх газарт “Верна аксент” загварын улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ жолоодон явсан зөрчил гаргасныг мэдсээр байж түүнд давуу байдал бий болгож, цагдаагийн газрын зөрчлийн гомдол мэдээллийн бүртгэлд оруулахгүйгээр шийдвэрлүүлэх зорилгоор 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдөр 400.000 төгрөгийг дамжуулан авч Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн цагдаа, зохицуулагчаар ажиллаж байсан А.Мод албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан түүний Хаан банкны дансанд 400.000 төгрөгийн хахууль өгсөн гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Орхон аймгийн Прокурорын газраас: А.Мын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар,
П.Эын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1, 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,
Б.О-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,
Б.А, Ц.Д нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:
Шүүгдэгч Х овгийн А-н М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх,албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө буюу бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд бусдаар дамжуулан хахууль авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
шүүгдэгч Б овгийн Б-н О-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нийтийн албан тушаалтан өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгөх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
шүүгдэгч О овгийн Ц-н Д, Т овгийн Б-н А нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан өөртөө болон бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгөх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
шүүгдэгч А овгийн П-н Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх,албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгөх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурч,зохиомол байдлыг зориудаар бий болгож залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,
Шүүгдэгч А.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж 5.400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Мод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж 5.400.000 төгрөгийн торгох ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж 10.000.000 төгрөгийн торгох ял дээр нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг нийтийн албанд томилогдох эрхийг 7 жилийн хугацаагаар хасаж 15.400.000 төгрөгөөр торгох ялаар тогтоож,
шүүгдэгч Б.О-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж 5.400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 төгрөгөөр торгох ялаар,
шүүгдэгч Ц.Д, Б.А нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж 2.700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгох ялаар,
шүүгдэгч П.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2.700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгох ялаар,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж,
Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Эад Эрүүгийн хуулийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2.700.000 төгрөгөөр торгох ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 600.000 төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн эдлэх ялыг нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж 3.300 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.300.000 төгрөгөөр торгох ялаар тогтоож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4,5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Мод оногдуулсан 15.400.000 төгрөгийн торгох ял, Б.О-д оногдуулсан 5.400.000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш тус бүр 3 жил хүртэл хугацаанд,
шүүгдэгч Ц.Д, Б.А нарт тус бүр оногдуулсан 2.700.000 төгрөгийн торгох ял, П.Эад оногдуулсан 3.300.000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш тус бүр 2 жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих журамтайг мэдэгдэж,
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч П.Эаас 5.300.000 төгрөг гаргуулж хохирогч М.О-т олгуулж, Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Моос 1.050.000 төгрөгийг гаргуулж улсын орлого болгож,
Шүүгдэгч нар энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хураагдаж ирсэн иргэний бичиг баримтгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Смарт барьцаалан зээлдүүлэх газрын дугаартай 1 ширхэг баримтыг хэрэгт хавсарган үлдээхээр шийдвэрлэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Д давж заалдах гомдолдоо:
“... А, Ц.Д нар нь олон жилийн өмнөөс ойр дотно нөхөрлөж байгаа, үерхэл нөхөрлөлдөө үнэнч үе тэнгийн монгол эрчүүд. 2018 оны 07 дугаар сарын 22-ны өдөр А бага зэргийн согтуурал \0.28\-ын байдалтай машин жолоодож явахдаа замын цагдаа А.Мтой тааралдаж бичиг баримтаа хураалгасан. Маргааш өглөө нь А, Д нар журмын хашаанаас хураагдсан машинаа авахаар хоёулаа хамт явж байхдаа А А.Мтой утсаар ярьж, өөрийнх нь хэлж өгсөн дансанд замын цагдаа М-н тушаагаарай гэсэн 400.000 төгрөгийг түүний хэлсэн ёсоор орлогын утган дээр А гэсэн нэрээр Д өөрийн данснаас гар утсаараа шилжүүлжээ. \1хх-235тал\
Энэхүү 400.000 төгрөгийг Д-г данс руу шилжүүлэхээс өмнө 2018 оны 07 дугаар сарын 23-ны өглөө А-н эхнэр Б.Э өөрийн Хаан банкны данснаас Д-н дээрх данс руу шилжүүлсэн баримт хэрэгт авагдсан байна. \3хх-185тал\ Эдгээр үйл баримтыг үндэслэн анхан шатны шүүх Д-г ...бусдад давуу байдал бий болгох зорилгоор ... эд зүйл \400.000\ өгсөн гэм буруутай гэжээ. Д-н үйлдсэн гэх гэмт хэргийн нийгмийн аюулын хэр хэмжээ буюу гэмт хэргийн сэдэлт, гэмт хэрэг үйлдсэн арга, нөхцөл байдлыг авч үзвэл:
Д найз А-н хүссэнээр, өөр бусдаас асууж түүнд А.Мын гар утасны дугаарыг олж өгсөн, мөн өөрийн мобайл банкаар түүний торгуулийн мөнгийг А.Мод дамжуулан шилжүүлсэн үйлдлийн сэдэлт зорилго нь хэрэгтэй цаг үед нь сайн найздаа туслах ёстой гэсэн түүний үзэл бодол, итгэл үнэмшил, жудагтай монгол эр хүний чин сэтгэлийн илэрхийлэл байсан. Үүнийх нь төлөө Д-д эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь бусдад нөхөрсгөөр туслан хамтын хүчээр эв найртай амьдрах учиртай хүн хэмээх оюун ухаант амьтны журамт үүрэг зорилго, "дэм дэмэндээ, дээс эрчиндээ" хэмээн үр хойчдоо үеийн үед сурган хүмүүжүүлсээр ирсэн монголчуудын уламжлалт зан заншлыг огоорсон мэт.
Эрх зүйт төртэй ардчилсан Монгол улс үндэсний түүхэн соёл, уламжлалаа нандигнан өвлөж ... эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэхийг эрхэм зорилго болгон Монгол улсын Үндсэн хуулиар зарлан тунхагласан. Үндсэн хуулийн шууд байгуулал болох шүүх ард түмнийхээ үндэсний эрхэм зорилготой эсрэгцэж болох шийдвэр гаргах нь Үндсэн хууль болон Шүүхийн тухай хууль тогтоомжтой нийцэхгүй нь мэдээж. Олон улсын хүний эрхийн тунхаглал болон Монгол улсын Үндсэн хуулиар бол ямар ч хэцүү хатуу цаг үед, ямар нэгэн хэлбэрээр хязгаарлах ёсгүй үндсэн 4 эрхийн нэг нь хувь хүний итгэл үнэмшилтэй байх эрх, эрх чөлөө билээ.
Д өөрийн өвөг дээдсээс өвлөж авсан үндэсний уламжлал, зан заншлынхаа дагуу "зовох цагт нөхрийн чанар танигдана" гэдэг монгол эр хүний итгэл үнэмшлээр найздаа туслах зорилгоор М-н утасны дугаарыг олж, А-н мөнгийг замын цагдаагийн дансанд дамжуулан шилжүүлсэн. Цөөхөн хүн амтай жижигхэн Э хотод ямар ч хүний ажлын газар ба нэрийг нь мэдэж байхад, түүний утасны дугаарыг хэн ч, хэзээ ч олох амархан. Нэг хүн нэгээс илүү оператор компанийн дугаартай болсон, ерөнхий боловсролын сургуулийн 1-12 дугаар бүх ангийн сурагчид гар утастай болсон өнөө үед хэн нэгний гар утасны дугаарыг сайн найздаа туслах зорилгоор бусдаас асууж сураглах нь ямар ч гэмт хэргийн шинжгүй, зүгээр байдаг л нэгэн нийтлэг асуудал. Монголд сайн таних найз битгий хэл, бэлэн мөнгөө бариад гуйсан огт танихгүй хүний мөнгийг ч хэлсэн дансанд нь мобайлдаад өгөх сайн санаатай хүн маш олон бий.
Монголчуудын дунд нэн түгээмэл энэ үйлдэлд Д-г гэм буруутайд тооцсон нь эрүүгийн эрх зүйн үүднээс бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 4-т хүний үзэл бодол, итгэл үнэмшлийн төлөө эрүүгийн хариуцлага хүлээлгэхгүй гэсэнтэй зөрчилдөж байна. Тухайн үед Д өөрийн найз А-тай хамтран гэмт хэрэг үйлдэхээр үгсэн тохиролцсон, гэмт хэрэг үйлдэхээр урьдчилан амласан бэлтгэсэн, А-г гэмт хэрэг үйлдэхэд өдөөн хатгасан гэж үзэхээр үйл баримт болон нотлох баримт хэрэгт огт байхгүй. Цахим үйлчилгээ өргөн дэлгэрсэн одоогийн нийгэмд цалин орлоготой хүн бүр, тэр байтугай боломжийн ажил амьдралтай айлын насанд хүрээгүй хүүхэд хүртэл интернэт банкны үйлчилгээ авч хэрэглэж байгаа нь нийтэд ил болсон нотлох шаардлагагүй үнэн.
Ийм байтал мобайл банкны хаа сайгүй, хэн ч хамаагүй, хүссэн цагтаа хийдэг, гэмт үйлдлийн санаа зорилгогүй цахим үйлчилгээг гэмт хэрэг үйлдсэн арга, нөхцөл байдал болгон Д-д эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн шүүхийн шийдвэрийг хууль ёсны үндэслэлтэй гэж үзэх аргагүй байна.
Яг үнэндээ бол А-н 400.000 төгрөгийг Д андын ёсоор атгаг санаагүйгээр замын цагдаад шилжүүлж өгөөгүй байсан ч гэсэн А журмын хашаанаас машинаа авахын тулд торгуулийн мөнгөө М-с авсан дансанд өөр ямар нэгэн арга хэлбэрээр хийх байсан гарцаагүй нөхцөл байдал тухайн үед үүссэн байсан. Түүнчлэн Д нь замын цагдаа М-г огт таньж мэдэхгүй учир А-н хахууль өгсөн гэх хэрэгт Д зуучлагч байх боломжгүй нь тодорхой. М-н эзэмшдэг Хаан банкны дансанд 800.000 төгрөг биш, харин нэг л удаа А гэсэн нэрээр 400.000 төгрөгийн орлого орсон байхад А, Д нарыг 2-ууланг нь М-д 400.000 төгрөгийн хахууль өгсөн гэм буруутай гэж үзэх нь шударга бус хэрэг. Ингэж жинхэнэ монгол хүний мөс чанартай идэр насны залуугийн цаашдын амьдралд ялтай байдал бий болгож, төрдөө болон шударга шүүхэд итгэдэггүй иргэний тоог нэмэгдүүлэх нь ямар ач холбогдолтой юм бэ.
М-д мобайл банкаар шилжүүлсэн мөнгө нь Д-н өөрийнх нь эзэмшил өмчлөлийн эд зүйл биш байсан учир түүнийг замын цагдаад хахууль өгсөн гэх нь хууль зүйн хувьд нэн эргэлзээтэй асуудал. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйл. Хахууль өгөх-ийн 1 дэх хэсэгт .... эд зүйл өгсөн... гэж хуульчилсан бөгөөд үүнийг үгийн шууд утгаар нь дээрх нөхцөл байдлаар тайлбарлахад: Д М-д өөрийн мөнгөө өгөөгүй бөгөөд хахууль өгсөн гэх гэмт хэргийн хамтран оролцогч буюу гүйцэтгэгч, зохион байгуулагч, хатгагч, хамжигчийн аль нь биш гэсэн хариу гарч байна. Иймд Ц.Д-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б.А-д ял шийтгэлгүй, бүрэн дунд боловсролтой, жолоодох эрхийн үнэмлэхээс өөр мэргэжлийн үнэмлэх гэрчилгээгүй, эхнэр хүүхдийн хамт гэр хороололд амьдардаг, тухайн үед эрхэлсэн ажилгүй, тогтмол цалин орлогогүй байсан. Түүний эхнэр Б.Э нь дээд боловсролтой боловч ажлын байрны хомсдолын улмаас эрхэлсэн ажилгүй учир тэрээр Монгол улсын өнөөгийн нийгмийн "эмзэг бүлэг"-т хамаарагдах нэгэн гэр бүлийн өрхийн тэргүүн. А нэг шил пиво уусан хэрнээ машин жолоодож явсан нь хуулиар хориглогдсон үйлдэл мөн. Үүний улмаас анхан шатны шүүх Б.А-г М-д 400.000 төгрөгийн хахууль өгсөн гэх гэмт хэрэгт холбогдуулан түүнд 2.700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулжээ. А өөрөө 2018 оны 07 дугаар сарын 23-ны өглөө замын цагдаа М-той утсаар ярьж 400.000 төгрөгийг М-ын хэлж өгсөн дансанд Д-н мобайл банкаар дамжуулан шилжүүлснээ хүлээн зөвшөөрч байгаа.
Хахуульд өгсөн гэх энэхүү 400.000 төгрөгийн хэмжээг өнөөдрийн мөнгөний ханш, үнэ цэнэтэй харьцуулж үзэхэд: энэ нь Монгол Улсын Засгийн газраас тогтоодог хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс бага байх бөгөөд улсын төсөв их наяд буюу 14 оронтой тоогоор тооцоологдож байгаа өнөө үед төсвийн жилийн орлого, зарлагаас дунджаар 22-26 сая дахин бага байна. Манай нийгэмд 4 оронтой тоо бүхий автомашины улсын дугаар дуудлага худалдаагаар 400 гаруй сая төгрөгөөр зарагдаж байгаатай зүйрлэхэд түүнээс мянга дахин бага, чинээлэг айлын ахлах ангийн сурагчийн хувийн хэрэглээний дансанд байдаг л бага хэмжээний мөнгө ажээ. Гэмт хэрэг гарахад нөлөөлсөн хувийн нөхцөл шалтгааныг авч үзвэл: тухайн үед А өөрийн эзэмшлийн “Верна аксент” загварын машинаар хүн зөөж \халтуур хийж\ өдрийн талх хоолны мөнгө олж амьжиргаагаа залгуулж байжээ. Үүнээс өөр орлогогүй гэр бүлийн тэргүүн А-н хувьд жолоодох эрх нь түүний амьдралын эх үүсвэр болсон, эдийн засгийн ач холбогдол бүхий эрхэм зүйл байсан тул уг эрхээ алдсанаар А өөртөө болон гэр бүлдээ ноцтой хохирол учруулах эрсдэлтэй нөхцөл байдал бий болсон.
Нөгөө талаасаа ийм гэмт хэрэг гарахад нөлөөлсөн нийгмийн хүчин зүйл бас байна. Монгол улсын Үндсэн хуулийн 19 дүгээр зүйлийн 1-д зааснаар төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна. Монгол улсын төр засаг өнөөгийн байдлаар ард иргэдээ ажлын байраар хангалттай хангаж, иргэдийнхээ эдийн засаг, нийгмийн асуудлыг бүрэн дүүрэн шийдвэрлэж чадаагүй нь нийтэд ил тод уйл баримт. Хээл хахуулийн гэмт хэрэг нь "цагаан захтан"-ын хэрэг гэж нэрлэгддэг. Ийм төрлийн гэмт хэрэг хамгийн нууц нөхцөл байдалд далдуур сэм хийгдэж, үүний цаана улсын төсөв хөрөнгө, нөөц баялагтай холбогдох олон мянган тэрбумаар хэмжигдэх хэмжээтэй хохирлын асуудал нуугдаж улмаар нийтийн болон үндэсний ашиг сонирхлыг хохироож байдаг. Харин А-н хувьд замын цагдаагийн хэлсэн ёсоор өөрийн нэрийг ил тодоор бичиж, түүний дансанд мөнгөө нууц бусаар шилжүүлсэн. Тэрээр ямар нэгэн тендер, концесст оролцоогүй, ашигт малтмалын орд лиценз эзэмших эрх, архи пивоны тусгай зөвшөөрөл хахуулиар авч өөртөө давуу эрх олж, хууль бус арга хэлбэрээр баяжаагүй, төрөөс төрсөн тэрбумтан болоогүй. А жолоодох эрхээ хадгалж үлдсэнээрээ өөртөө ердийн байдлаасаа илүү ашиг орлого олох гээгүй, харин гэр бүлээ тэжээн тэтгэх эр хүний журамт үүрэг зорилгоо л гүйцэлдүүлсэн. А замын цагдаад 400.000 төгрөг өгснөөрөө бусдын Үндсэн хуулиар баталгаажуулсан хүний эрх, эрх чөлөөг зөрчөөгүй, өөрөөсөө бусад хэн нэгэнд шууд бодит хохирол учруулаагүй, үндэсний аюулгүй байдал, ашиг сонирхолд шууд хор уршиг учруулах нөхцөл байдал үүсгээгүй. Дээрх бүх нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 4-т заасныг баримтлан ... гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан боловч тухайн этгээдийн хувийн байдал, үйлдлийн нийгмийн аюулын хэр хэмжээ нь хуулиар хамгаалагдсан эрх ашигт бодит хохирол, хор уршиг учруулаагүй А-н үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй байх боломжтой гэж үзэхээр байна. Нийгмийн амьдрал өөрөө баялаг учир хууль тогтоогч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн энэхүү заалтаар, хэрэгт холбогдсон хүн бүрийг яллагдагч болгохгүй байх, заавал яллан шийтгэхгүй байх уян хатан эрх мэдлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтнуудад олгосон. Энэ нь эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэхийг эрхэм зорилго болгон Монгол улсын Үндсэн хуулиар зарлан тунхагласан Монголын ард түмний хууль зүйн баталгаажуулалтын шууд тусгал ажгуу. Эрүүгийн эрх зүйд гэмт хэрэг үйлдсэн байж болох этгээдийн хувийн байдалд түүний хөдөлмөрт хандах хандлага, зан төлөв, гэр бүлийн байдал, ялтай байдлыг тус тус хамааруулдаг.
А-н эрхэлсэн ажилгүй байх үедээ жолоодох эрхээ алдахгүйгээр хөдөлмөрлөж \халтуур хийж\, гэр бүлээ тэжээх гэсэн хүсэл эрмэлзэл нь түүний хөдөлмөрт хандах эерэг хандлагын илэрхийлэл юм. Зан төлөвийн хувьд, тэрээр эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх явцад эхний тайлбараасаа шүүх хуралдаанд эцсийн үг хэлэх хүртлээ болсон үйл баримтыг үнэн зөв мэдүүлж, чин шударга байсныхаа төлөө эрүүгийн хариуцлага хүлээх нь дэндүү шударга бус хэрэг болно. Ийм учраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн заалт нь Монгол улсын иргэн, "эмзэг бүлэг"-ийн хэмээх тодотгол бүхий А-н хууль ёсны ашиг сонирхолд шууд хамааралтай гэж үзэж байна. Шударга ёс гэдэг ойлголт нь тодорхой тогтоож, хайрцагласан ухагдахуун биш. Нэгэн төрлийн үйлдэл, үйл ажиллагааг өөр хооронд нь жишсэнээр, тухайлбал яг адил төрлийн хэрэг маргааныг хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрүүдийг харьцуулж, шүүгчдийн гаргасан үнэлэлт, үндэслэлээр шүүхийн шударга ёсны хэмжүүр тогтоогдоно. Монгол улсад олон мянган тэрбумын хохирол учруулсан, авлигын гэмт хэрэгт холбогдсоноороо түмний танил болсон ч эрх чөлөөтэй яваа этгээдүүд олон байдгийг монголчууд нийтээрээ мэддэг нь нууц биш. Жинхэнэ "цагаан захтан"-ууд эрүүгийн хариуцлага хүлээхгүй байхад А мэтийн жирийн иргэнд шүүхээс ял оноож, идэр залуусын ирээдүйн ажил амьдралын зам мөрд ял шийтгэлийн хар толбо үлдээх нь харамсалтай бөгөөд нэн шударга бус явдал.
Анхан шатны шүүх А.Мын Хаан банкны дансанд А гэсэн нэрээр орсон 400.000 төгрөгийн орлогын Хаан банкны тамга тэмдэгтэй дансны хуулгыг А замын цагдаад хахууль өгснийг нотлох баримт хэмээн үнэлэн дүгнэжээ. Банкны дансны хуулга нь тухайн дансанд хэзээ, хэдэн төгрөгийн, ямар зориулалт нэртэй орлого зарлага орж гарч байгааг цахим төхөөрөмжийн программаар бүртгэн баталгаажуулдаг мөнгө санхүүгийн бүртгэл тооцооны цахим мэдээллийн сангийн хуулбар. Хаан банкны тамга тэмдэг нь дансыг М эзэмшдэг бөгөөд дансны хуулбар үнэн гэдгийг нотолж байгаа хэлбэр. Иймээс энэхүү цахим мэдээллийн санд А нэрээр бүртгэгдсэн 400.000 төгрөгийн орлого нь А хахууль өгсөн, эсхүл торгууль төлснийг нотлох баримт болох хууль зүйн чадамжгүй. Харин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар .... сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм бурууг үгүйсгэх, эсхүл хөнгөрүүлэхэд ач холбогдол бүхий бичмэл болон цахим баримт буюу эд мөрийн баримтад тооцогдох боломжтой. Хяналтын прокурор Н.Д яллах дүгнэлтийн хавсралтад ... хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Смарт барьцаалан зээлдүүлэх газрын 1 ширхэг баримтыг хэрэгт хавсарган шүүхэд шилжүүлсэн тухай дурджээ. Хаан банк болон Смарт барьцаалан зээлдүүлэх газар 2 хоёулаа адилхан хувийн хэвшлийн, ашгийн төлөөх аж ахуйн нэгж байгууллага. Банк, хадгаламж зээлийн үйл ажиллагаа эрхэлдэг газрын мөнгө санхүүгийн мэдээлэл нь байгууллага, хувь хүний нууцад хамаарах тул уг мэдээлэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 24.5 дугаар зүйлд заасны дагуу мэдээлэл, баримт бичиг гаргуулан авах журмаар шийдвэрлэгдэх учиртай. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 14-т нотлох баримтыг шинжлэн судлах явцад хэрэгт ач холбогдолтой, хамааралтай эсэхэд эргэлзэх үндэслэл байвал тухайн нотлох баримтыг шүүх, прокурорын шийдвэрийн үндэслэл болгохгүй гэсэн хуулийн заалтыг баримтлан үзвэл: Дээр тайлбарласнаар 400.000 төгрөгийн орлого нь А-г замын хөдөлгөөний дүрэм зөрчсөнөө өөрөө мэдэж байгаа учир замын цагдаагийн хэлсэн үнийн дүнгээр торгууль төлсөн үү, эсхүл цагдаад хахууль өгсөн үү гэдгийг нотлох хууль зүйн чадамжгүй. А яллагдагчаар татагдсаны дараа мөрдөн байцаалтын үед мэдүүлэг \3хх-219тал\ өгөхдөө, мөн шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө, замын цагдаад саатуулагдах үедээ бага хэмжээний согтолттой байсан учир 400.000 төгрөгийн торгууль төлсөн гэж ойлгосон дахин давтан хэлсэн байдаг.
Иймд М-н дансны хуулга болох, Хаан банкнаас гаргуулсан эд мөрийн баримтаар А-г хахууль өгсөн гэх гэмт хэрэгт шууд буруутгахад эргэлзэх үндэслэлтэй байх тул уг баримтыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгохгүй байваас хуульд илүү нийцтэй байна. Анхан шатны шүүх хуралдаанд мэдүүлэхдээ А согтууруулах ундаа уусан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон болон М-н хэлснээр түүний хувийн дансанд мөнгө шилжүүлсэн гэм буруугаа хүлээж мэдүүлэг өгсөн. Гэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 8-д зааснаар яллагдагч, шүүгдэгчийн хэргээ хүлээсэн мэдүүлэг дангаараа яллагдагч, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайг нотлох шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй. Эдгээр эргэлзээ бүхий нөхцөл байдал байхад дээр дурдсан хуулийн заалтуудыг анхан шатны шүүх огт хэрэглэхгүйгээр шүүхийн шийдвэр гаргажээ.
Албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэм буруугаа бүрэн хүлээн зөвшөөрч, шийтгэгдсэн А.М нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн 4 шүүгдэгчдээс гадна өөр олон хохирогчдоос өөрийн дансаар мөнгө авсан. Хавтаст хэрэгт авагдсан М-н банкны хуулгаас харахад түүний дансанд 50.000 төгрөг, 100.000 төгрөг, 200.000 төгрөгийн орлого олон байна.
Өмнө нь мөрдөн байцаалт, прокурор, шүүхийн шатанд М-г залилангийн гэмт хэрэгт буруутгаж, тэрээр бусдыг залилан мэхэлснээ хүлээн зөвшөөрч, анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.1-д зааснаар М-д ял оноож байсан шийтгэх тогтоол ч хавтаст хэрэгт байгаа. Хэрэгт холбогдогчдын хувьд тухайн үеийн цаг хугацаанаас бусад нөхцөл байдал нь үндсэндээ ижил төсөөтэй.
Б.А тухайн цагт нь М-д мөнгө олж өгч, газар дээр нь асуудлаа шийдвэрлүүлэх боломжгүй байсан тул маргааш нь мөнгөө өгснөөрөө л бусдаас ялгаатай байдаг. Энэхүү бодит нөхцөл байдлыг шүүх бодитойгоор үнэлэх нь шударга ёсны зарчимд маш чухал. Хэн нэгэн этгээд эдийн засгийн нөхцөл боломжоосоо шалтгаалан бусдаас дорд үзэгдэж гадуурхагдах ёсгүй бөгөөд ядуу хүн заавал ялтан болох албагүй. Ц.Д-н хувьд ч мөн адил найзынхаа мөнгийг яг тухайн цагт нь бус маргааш нь М-д шилжүүлж өгснөөрөө л Ч.Б-н өмнөөс 300,000 төгрөг шилжүүлсэн М.А, Э.Б-н өмнөөс 200.000 төгрөг шилжүүлсэн И.Э, Ж.Г-н өмнөөс 400,000 төгрөг шилжүүлсэн Н.А нараас ялгаатай байна. Б.А, Ц.Д нар нь мөрдөн байцаалтын явцад өмгөөлөгчгүйгээр мэдүүлэг өгч байсан. Иймээс мөрдөгчийн мэдүүлэг авах үедээ хөтөлж, эсхүл тулгаж асуулт тавьсан \Эрүүгийн хэрэг хяна шийдвэрлэх тухай хуулийн 25.1 дүгээр зүйлийн 13-д заасныг зөрчсөн\, өөрсдөөр нь гэрчлүүлж хэрэг хүлээлгэсэн асуудлыг шүүх анхаарч үзэх учиртай.
М-д мөнгө өгсөн нь илэрсэн, илрээгүй бүх этгээдээс цөөхөн хэд нь хахууль өгсөн гэм буруутайд тооцогдон эрүүгийн хариуцлага хүлээж, зарим нэг нь эрүүгийн хэргийн хохирогч болж торгууль төлсөн гэх мөнгөө буцаан авч;ихэнх нь ямар ч гэм зэмгүй үлдэж байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүн бүр... ялгаварлан гадуурхагдахгүйгээр ... хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх үндсэн зарчимтай илт зөрчилдөж байна. Энд дурдсан нэр бүхий этгээдүүдийн хувьд М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж анхан шатны шүүх дүгнэжээ. Энэ зүйлд 2020 оны 01 дүгээр зүйлийн 10-ны өдрийн хуулиар ... Энэ хуульд заасан "албан тушаалын байдал" гэдэгт эрх нөлөө хамаарна ... "урвуулан ашиглах" гэж албан үүрэг, албан тушаал, албан тушаалын байдлын эрх мэдлээ албаны эрх ашгийн эсрэг, эсхүл хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёсгүй үйлдэл хийх, эрх мэдлээ хэтрүүлэхийг ойлгоно ... гэсэн тайлбар нэмэгдсэн.
Удаа дараагийн шүүх хуралдаан дээр шүүгдэгч М болон түүний өмгөөлөгч нар нь гэмт хэрэг гарсан тухайн үед М-д ар гэрийн гачигдлын улмаас мөнгөний хэрэгцээ шаардлага их байсан тул тэрээр бусдаас өөрийн дансаар мөнгө авч, хувьдаа ашиглаж байсан гэж тайлбарласан байдаг. А.Мод албан тушаал, ажил үүргийн хувиар хэн нэгний жолоодох эрхийг хасах эрх хэмжээ олгогдоогүй. Ийнхүү М нь өөрийн албан тушаалын эрх мэдлээ хэтрүүлэн бусдаас олон удаагийн давтамжтай үйлдлээр өөрийн дансаар мөнгө авч хувьдаа ашиглаж байсан яг адилхан үйлдлийг Эрүүгийн хуулийн 2 өөр зүйлээр зүйлчлэн Б.А, Ц.Д нарыг хахууль өгсөн гэм буруутайд тооцсон нь шүүхийн шударга ёсны зарчимд нийцэмгүй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2-т зааснаар эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэх ёстой. "Ярьдаггүй шүүгч" хэмээх хуулийн энэ заалтыг албан тушаалын хэрэгт холбогдсон хөрөнгө мөнгөтэй этгээдэд хэрэглэж болдгийн нэгэн адилаар ардын хүүхдэд ч бас хэрэглэх учиртай биш үү?. Хуулийн хэрэглээг адил тэгш болгох зорилгоор... хуулийн илт тодорхой заалтыг хэрэглээгүй эс үйлдэхүйг шүүгчийн зөрчилд тооцох зохицуулалт хүртэл гарсан даа. Дээр дурдсан нэр бүхий этгээдүүдийн согтууруулах ундаа уусан үедээ машин жолоодсон, торгуулийн мөнгийг нь жолоочоос өөр хүн М-н дансанд шилжүүлсэн, бүх мөнгийг нь М ганцаараа ашиглан зарцуулсан ... гэх мэтээр хийсэн үйлдэл нь нэг, албан тушаалаа урвуулан хувьдаа мөнгө завшин ашигласан хүн нь нэг, хавтаст хэрэг нь нэг, шийдвэрлэсэн шүүх нь нэг байхад яагаад хэрэглэх хууль нь нэг, шүүхийн шийдвэр нь нэгэн адил байж болохгүй байгааг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хэрэгжүүлэгчдийн субьектив шинжтэй асуудал гэхээс өөр аргагүй. Эдгээрийг харгалзан үзэж давж заалдах шатны шүүх Б.А, Ц.Д нарыг замын цагдаа А.Мод хахууль өгсөн гэм буруугүйд тооцож улмаар хэргийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна.
Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1.1, 1.4 болон 39.7 дугаар зүйлийн 1.1, 1.3 мөн хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.5, 1.6 заалтыг тус тус баримтлан шүүгдэгч Ц.Д, Б.А нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 173 дугаар шийтгэх тогтоолын Б.А, Ц.Д нарт холбогдох хэсгийг хууль ёсны болгон өөрчлөлт оруулж өгнө үү” гэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч О.С давж заалдах гомдолдоо:
“... Шүүх уг хэрэгт гэм буруутай гэж үзэхдээ П.Эын өгсөн мэдүүлгийг үндэслэсэн шүүх хуралд өгсөн удаа дараагийн мэдүүлгийг хэрхэн үзсэнээ бусад А.Мын хэрэгт холбогдох нотлох баримтуудтай хэрхэн хамаарч байгаа талаас нь үндэслэл бүхий дүгнэлт хийсэнгүй. 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдөр Приус-20 улсын дугаартай машинаа жолоодон О замын хөдөлгөөнд оролцоод явж байхад цагдаа М зогсоон саатуулж, бичиг баримтыг хураан авсан. Тухайн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байна гэдэг үндэслэлээр бичиг баримтыг хураан авч, торгууль 400 000 төгрөг төлбөрт утасны дугаарыг авч үлдсэн. Маргааш нь Б.О-н утас руу нь залгаж асуудлаа шийдэхгүй юм уу гэж шавдуулсан. Б.О мөнгөгүй тул мөнгө олж эргээд залгахад утсаа аваагүй. Ингээд өөрийн найз П.Эад учир байдлыг хэлсэн. П.Э М-той ярьж, хаана байгааг нь асууж, торгуулийн мөнгө 400.000 төгрөг өгсөн байна. П.Э, Б.О нар А.Мыг торгууль тавих эрхтэй гэж ойлгож байсан. О-г Э-д очихоос өмнө торгууль 400.000 төгрөг гэж хэлсэн байдаг.
Хэрэгт П.Э, Б.О нарын зүгээс гомдол мэдээллийн бүртгэлд оруулахгүйн тулд мөнгө төгрөг өгье гэж А.Мтой ярьж тохирсон зүйл байсан нь тогтоогдоогүй. П.Э, Б.О нар А.Мыг торгууль оногдуулах, шийдвэр гаргах эрх бүхий субъект биш гэдгийг мэдээгүй. Харин торгууль оногдуулах эрхтэй хүн л гэж ойлгож хэлсэн торгуулийн мөнгийг л П.Э дамжуулж өгсөн байдаг. А.М нь Б.О-с гадна нэр бүхий хүмүүсээс торгуулийн мөнгө төл, 200 000, 400 000 төгрөг гэж тус ус нэхэж авсан үйлдлийг албаны бүрэн эрхээ урвуулан ашиглаж өөртөө давуу байдал бий болгосон ашиг сонирхлоор үйлдсэн байна гэж дүгнэсэн хэрнээ Б.О, П.Эад холбогдуулан шалгасан үйлдэлд нь цагдаагийн газрын зөрчлийн гомдол мэдээлэлд оруулан шалгуулаагүй.
Мөнгө бэлнээр өгч, машины бичиг баримтыг буцаан өгсөн нь Эрүүгийн хуулийн 22.5 дугаар зүйлд зааснаар зүйлчилсэн нь үндэслэлтэй. А.Мын үйлдлийг торгууль нэрээр халхавчлан хахууль өгөхийг шаардаж, бусдаар дамжуулан авсан байна. 22.4-т зааснаар зүйлчилсэн нь үндэслэлтэй гэж дүгнэсэн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцэхгүй, шүүхийн шийтгэх тогтоолд нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэхгүй, мөн нотлох баримтын аль хэсгийг хэрхэн үгүйсгэсэн үндэслэлийг заагаагүй, хуулийг буруу тайлбарласан, хэрэглэсэн гэж үзэж буй тул шийтгэх тогтоолыг П.Э, Б.О нарт ял оногдуулсан хэсгийг хүчингүй болгож өөрчлөлт оруулж өгнө үү” гэжээ.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч П.Э тайлбартаа: “О над руу ярьсан. Надад 400.000 төгрөг байсан. 50.000 төгрөгийг ачилтын мөнгө өгөх зорилгоор авч үлдсэн...” гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Х.О тайлбартаа: “...М-н эрх зүйн байдлыг дордуулах байдлаар тайлбар гаргаж байгааг зөвшөөрөхгүй байна ... Шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч О.С тайлбараа: “Шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалд нийцээгүй ... О, Э нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлд заасан хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү... ” гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч С.Д тайлбартаа: “Д найздаа тусалж мобайлаар мөнгө шилжүүлснийхээ хариуд гэмт хэрэгтэн болох нөхцөл байдал үүсэж байгаад харамсалтай байна...давж заалдах гомдлоо дэмжиж байна.” гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Н.Д дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй тул хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох дүгнэлт гаргаж байна” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх шүүгдэгч нарын өмгөөлөгч С.Д, О.С нарын гаргасан давж заалдах гомдлыг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хянаж үзвэл анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэжээ.
Тодруулбал: Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос А.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
Анхан шатны шүүх шүүгдэгч А.Мын үйлдлийг нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө буюу бусдад давуу байдал бий болгосон, мөн нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд бусдаар дамжуулан хахууль авсан гэмт хэргийн шинжийг тус тус агуулсан гэж дүгнэж, түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1, 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага оногдуулжээ.
Хууль тогтоогч “Нийтийн албан тушаалтны албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж … өөртөө давуу байдал бий болгосон” гэмт хэргийн шинжтэй үйлдлүүдээс “албан тушаалын байдлаа ашиглан бусдыг хуурч, эсхүл зохиомол байдлыг зориуд бий болгох замаар бусдыг төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан” үйлдлийг Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар хүндрүүлэн зүйлчлэхээр тусгайлан зохицуулсан байна.
Гэтэл прокуророос “иргэн Э.Б, Ж.Г, Ч.Б нарыг Замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтуудыг зөрчсөн гэх үндэслэлээр гаргасан зөрчилд нь арга хэмжээ авч байгаа мэтээр тэдэнд ойлгуулж ХААН банкин дахь өөрийн эзэмшлийн харилцах дансаар нийт 700.000 төгрөгийг шилжүүлэн авсан” гэх А.Мын үйлдлийг нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь үндэслэлгүй болжээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн хүнд торгох, эсхүл хорих ял оногдуулах, харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн хүнд нийтийн албанд томилогдох эрхийг хасч торгох, эсхүл зорчих эрхийг хязгаарлах, эсхүл хорих ялаар шийтгэхээр тус тус хуульчилсан байна.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж болох боловч шүүгдэгч А.Мод холбогдох дээрх үйлдлүүдийг бусад үйлдлүүдтэй хамтатган прокурор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлджээ.
Хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн этгээдэд гэмт хэрэг тус бүрд нь ял оногдуулж тэдгээрийг нэмж нэгтгэх байдлаар эдлэх ялыг тогтоох боломжтой боловч энэ журмаар шүүгдэгч А.Мын эдлэх ялыг тогтоох нь түүний эрх зүйн байдлыг дордуулах нөхцөл байдал бий болгох тул А.Мын үйлдсэн үйлдэл тус бүрийг зөв зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсний дараа анхан шатны шүүх шүүгдэгч нарын гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй юм.
Иймд анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэсэн үндэслэлээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр Орхон аймгийн Прокурорт буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Шүүгдэгч Б.А, Ц.Д нарын өмгөөлөгч С.Д-н давж заалдах гомдолд дурдсан “ ... зарим үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь үндэслэлгүй...” гэсэн хэсгийг хүлээн авах үндэслэлтэй байна.
Харин шүүгдэгч нарын гэм буруугийн асуудлыг эцэслэн шийдвэрлээгүй тул өмгөөлөгч С.Д-н давж заалдах гомдолд дурдсан бусад хэсэг болон шүүгдэгч П.Э, Б.О нарын өмгөөлөгч О.С-н давж заалдах гомдлыг тус тус хэлэлцэхгүй орхисныг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 173 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр Орхон аймгийн Прокурорын газарт буцаасугай.
2. Шүүгдэгч Б.А, Ц.Д нарын өмгөөлөгч С.Д-н давж заалдах гомдолд дурдсан “... зарим үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь үндэслэлгүй...” гэсэн хэсгийг хүлээн авч, түүний давж заалдах гомдлын бусад хэсэг болон шүүгдэгч П.Э, Б.О нарын өмгөөлөгч О.С-н давж заалдах гомдлыг тус тус хэлэлцэхгүй орхисугай.
3. Хэргийг прокурорт очтол шүүгдэгч нарт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
4. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ З.ХОСБАЯР
ШҮҮГЧИД М.ХҮРЭЛБААТАР
С.УРАНЧИМЭГ