Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 58

 

“Г- Х- Э-” ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2020/00344/и

            Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгч шүүгч О.Нарангэрэл даргалж, шүүгч М.Мөнхдаваа, Л.Амарсанаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

            Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны  04 дүгээр сарын 02-ны өдрийн 405 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч “Г- Х- Э-” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-445 дугаар нээлттэй хорих ангид холбогдох

“Үнэлгээний тайланг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг

Хариуцагчийн төлөөлөгч Б.Т-ын давж заалдсан гомдлыг үндэслэн

            2020 оны 05 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Амарсанаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Нэхэмжлэгч “Г- Х- Э-” ХХК шүүхэд гаргасан гомдолдоо болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Төлбөр төлөгч “Г- Х- Э-” ХХК нь, төлбөр авагч Голомт банк ХХК-д Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 1459 тоот шүүгчийн захирамжаар “Г- Х- Э-” ХХК, Б.Т-, Х.Г- нараас 192.398.866 төгрөг гаргуулах шүүхийн шийдвэр гарсан. Өр төлбөр одоогийн байдлаар бол 163.000.000 төгрөгийн үлдэгдэлтэй байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад шийдвэр гүйцэтгэгч Ч.Ж- нь барьцаа хөрөнгийн үнийн санал авсан. Төлбөр төлөгч “Г- Х- Э-” ХХК-ийн захирал Б.Т-, төлбөр авагч Голомт банк ХХК-ийн төлбөрийн үлдэгдэлд барьцааны хөрөнгийг анхны дуудлага худалдаагаар оруулахад зах зээлийн үнийг судалсны үндсэн дээр дараах үнийн саналыг өгсөн. Үүнд:

1. Дархан-Уул аймаг, Дархан сум, 5 дугаар баг, 20 дугаар хороолол, 2 дугаар байр, 76-3 тоот 4 өрөө орон сууц- 195.000.000 төгрөг,

2. Дархан-Уул аймаг, Дархан сум, 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах 1 автомашины гарааш, газрын хамт -40.000.000 төгрөг,

3. Дархан-Уул аймаг, Хонгор сум, 1 дүгээр баг, Талын толгой төмсний бригад, барилга, газрын хамт, үнээний фирм, 1 га газрын хамт – 480.000.000 төгрөг,

4. Дархан-Уул аймаг, Хонгор сум, 1 дүгээр баг, Талын толгой төмсний бригад, гүний худаг, газрын хамт 35.000.000 төгрөг,

5. Дархан-Уул аймаг, Дархан сум, 6 дугаар баг, 1 дүгээр 30 айл, 25 тоот, 3 өрөө орон сууц 185.000.000 төгрөг, нийтдээ 935.000.000 гэх үнийн санал хүргүүлсэн.

Гэтэл Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-445 дугаар нээлттэй хорих ангийн шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолоор томилогдсон Капитал зууч ХХК нь дээрх барьцааны хөрөнгүүдийг зах зээлийн үнээс хэт доогуур үнэлж, үл хөдлөх хөрөнгийг үнэгүйдүүлж 268.716.000 төгрөгөөр үнэлгээг тогтоосон.

2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 03497 дугаартай мэдэгдэл хүргүүлэх албан бичигтэй 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдөр танилцаад энэхүү гомдлыг гаргаж байна. Улсын бүртгэлийн Ү-2003003741 бүртгэлтэй 18 м.кв гараашийн барилга, эзэмших эрхтэй газрын хамт 8.456.000 төгрөгөөр үнэлсэн нь үндэслэлгүй юм. Өнөөдрийн зах зээлд гарааш нь газартайгаа хамт 40.000.000 төгрөгөөр үнэлэгдэхээр байгаа юм. Үнийн хувьд гэхэд зөвхөн худаг ухуулах зардалд гэхэд л 9.600.000 төгрөг зарцуулж байсан. Худаг гаргах ажлыг гүйцэтгэсэн компани ч бий. Энэ гаргасан зардлыг гэрчилнэ. Энэ мэтчилэн 2 дугаар хорооллын 2 дугаар байр 76 тоот 3 өрөө байр, үнээний фирмийн барилга, фирмийн зориулалттай газар, хашаа, хашааны төмөр хаалга, гүний худаг, гүний худгийн зориулалттай хашаа, газар, блокон хашаа, гараашийн барилга, гараашийн газар, 18 дугаар хороолол, 1 дүгээр 30 айлын 25 тоот 3 өрөө орон сууц зэрэг эдгээр 12 төрлийн хөрөнгөд үнэлгээ тогтоолгоход Капитал зууч ХХК нь зах зээлийн үнэлгээнд бодит үнэлгээ тогтоогоогүйд гомдолтой байна, дахин өөр байгууллагаар үнэлгээ тогтоолгох шаардлагатай гэж үзэж байна.

Иймд Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шинжээч томилж, Капитал зууч ХХК-ийн үнэлсэн 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн үнэлгээний тайланг хүчингүй болгуулахаар хуульд заасны дагуу гомдол гаргаж байна гэжээ.

Хариуцагч Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-445 дугаар нээлттэй хорих ангийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б- шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 1459 тоот шүүгчийн захирамжаар “Г- Х- Э-” ХХК, Б.Т-, Х.Г- нараас 192.398.866 төгрөг гаргуулж Голомт банканд олгохоор шийдвэрлэсэн. “Г- Х- Э-” ХХК, Б.Т-, Х.Г- нарт шүүхийн шийдвэр гарснаас хойш шүүхийн шийдвэрийг сайн дураар гүйцэтгэхийг сануулж мэдэгдэл хүргүүлж байсан. 2016 оноос хойш өнөөдөр 2020 гэхэд ердөө 3.000.000 төгрөгийн төлбөр төлсөн. Эдгээр хүмүүс 4 жилийн хугацаанд төлбөрийг сайн дураар төлж барагдуулаагүй учир барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах шүүгчийн захирамж гарсан. Үүний дагуу бид барьцаа хөрөнгө болох Дархан сум, 5 дугаар баг, 2 дугаар байрны 76 тоот, 39 м.кв талбайтай, 3 өрөө орон сууц, үнээний фирм, газар, гүний худаг, гарааш гээд бүх барьцаа хөрөнгүүдийг эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжилж, мэдэгдэл гардуулсан. Ингээд сайн дураар төлбөрөө төлөөгүй тул тус шийдвэр гүйцэтгэлээс 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 17070339/06, 17070339/02, 17070339/09, 17070339/08, 17070339/10 тоот эд хөрөнгө хураах тогтоолоор дээрх 5 хөрөнгийг газрын хамт тус бүрд нь хураан авсан. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны дарааллаар тухайн эд хөрөнгийг хураан авснаас хойш 30 хоногийн дотор үнэлгээг үнэлүүлэн, үнийн санал авсан. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т заасны дагуу талуудаас үнийн санал аваад тухайн эд хөрөнгөд үнийн санал харилцан тохиролцоогүй учраас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т зааснаар шинжээч томилж, үнэлгээ хийлгэнэ гэж заасан. Төлбөр авагч Голомт банк ХХК нь төлбөр төлөгчийн үнийн саналыг зах зээлийн ханшаас хэт өндөр үнэлсэн байгаа тул хөндлөнгийн шинжээч томилуулж, үнийг тогтоолгох хүсэлт гаргасан. Ингээд 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 17070339/15 дугаартай тогтоолоор хөндлөнгийн шинжээч томилсон.

Тухайн Капитал зууч ХХК нь дээрх хөрөнгийг өнөөгийн зах зээлийн ханшийн дагуу үнэлж гаргасан. Тиймээс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5-д зааснаар талуудад 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 03/490 тоот албан тоотоор мэдэгдлийг талуудад мэдэгдсэн. Төлбөр төлөгч “Г- Х- Э-” ХХК, Б.Т-, Х.Г-, өмчлөгч Х.Туяа, төлбөр авагч Голомт банк ХХК-д тус тус албан тоотоор мэдэгдсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдаж байгаа бөгөөд Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-т шинжээч шинжилгээ хийж дүгнэлт гаргахдаа Шүүхийн шинжилгээний тухай хууль, Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасны дагуу зах зээлийн ханшаар үнэлснийг манай байгууллага зөвшөөрсөн, хуулийн дагуу үнэлгээ гарсан гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж хүсэж байна. Бүтэн 4 жилийн хугацаанд төлбөрөө сайн дураар төлөх ажиллагаа зохион байгуулахгүй, мөн энэ олон барьцаа хөрөнгүүдээ 1 сарын хугацаа авч, өөрсдөө худалдан борлуулах эрхтэй байсан. Энэ 3 өрөө байраа 195.000.000 төгрөгөөр үнэлээд байгаа бол шинэ хуулиараа энэ үнээрээ зарах эрх нь төлбөр төлөгч нарт нээлттэй байсан. Гэтэл энэ хугацаагаа аваагүй мөртлөө хэт өндөр үнэлсэн, мөн түүнийгээ өөрсдөө нотлоогүй тул гомдол үндэслэлгүй байна. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 405 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д тус тус заасныг баримтлан Г- Х- Э- ХХК-ийн Дархан-Уул аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан гаргасан Капитал зууч ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайланг хүчингүйд тооцуулах тухай гомдлын шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар гомдол гаргагч Г- Х- Э- ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Т- давж заалдсан гомдолдоо:

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдлыг гаргаж байна.

Төлбөр төлөгч “Г- Х- Э-” ХХК нь төлбөр авагч “Голомт банк” ХХК-нд Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016.11.14-ний өдрийн 1459 дугаартай захирамжаар 192.398.886 төгрөг гаргуулахаар шүүхийн шийдвэр гарсан. Уг төлбөрийг төлж одоогийн байдлаар 164 сая төгрөгийн үлдэгдэлтэй байгаа.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад шийдвэр гүйцэтгэгч Ч.Ж- нь барьцаа хөрөнгийн үнийг саналыг авсан.

Төлбөр төлөгч “Г- Х- Э-” ХХК-ийн захирал Б.Т- миний бие төлбөр авагч “Голомт банк”-ны төлбөрийн үлдэгдэлд барьцаа хөрөнгүүдийг анхны дуудлага худалдаанд оруулахад зах зээлийн өнөөгийн бодит үнийг судалсны үндсэн дээр дараах үнийн саналуудыг өгсөн.

1. Дархан-Уул аймаг, Дархан сум, 5-р баг, 20-р хороолол, 2-р байр, 76-3 тоот 4 өрөө орон сууц-195.000.000 төгрөг

2. Дархан-Уул аймаг, Дархан сум, 5-р багийн нутаг дэвсгэрт байрлах 1 автомашины гарааш, газрын хамт-40.000.000 төгрөг

3. Дархан-Уул аймаг, Хонгор сум, 1-р баг, Талын толгой төмсний бригад, барилга, газрын хамт, үнээний фирм, 1 га газрын хамт-480.000.000 төгрөг

4. Дархан-Уул аймаг, Хонгор сум, 1-р баг, Талын толгой төмсний бригад, гүний худаг, газрын хамт-35.000.000 төгрөг

5. Дархан-Уул аймаг, Дархан сум, 6-р баг, 1-р 30 айл, 25 тоот 3 өрөө орон сууц-185.000.000 төгрөг, нийт 935.000.000 төгрөг гэх үнийн санал хүргүүлсэн.

Гэтэл Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-445 дугаар нээлттэй хорих ангийн шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолоор томилогдсон “Капитал зууч” ХХК нь дээрх барьцаа хөрөнгүүдийг зах зээлийн үнээс хэт доогуур үнэлж, үл хөдлөх эд хөрөнгүүдийг үнэгүйдүүлж, нийтэд нь 268.716.000 төгрөгөөр үнэлгээг тогтоосонтой 2020.02.20-ны өдрийн 03/495 дугаар Мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичигтэй 2020.02.21-ний өдөр танилцсан.

Жишээлбэл: УБД Ү-2003013741 бүртгэлтэй 18 м.кв гражийн барилга нь эзэмших эрхийн гэрчилгээтэй газрын хамт 8.456.000 төгрөгөөр үнэлсэн байгаа нь үндэслэлгүй. Өнөөдрийн зах зээлийн граж, газартайгаа 40 сая төгрөгөөр үнэлэгдэхээр байна.

Гүний худгийг зөвхөн ухуулах зардалд л гэхэд 9.600.000 төгрөг зарцуулж байсан. Худаг гаргах ажлыг гүйцэтгэсэн компани ч байгаа тул гаргасан зардлыг гэрчилнэ. Энэ мэтчилэн 20-р хорооллын 2-р байрны 76 тоот хашаа, хашааны төмөр хаалга, даршны яам, гүний худаг, гүний худгийн зориулалттай газар, 18-р хорооллын 1-р 30 айлын байрны 25 тоот 3 өрөө орон сууц зэрэг эдгээр 12 нэр төрлийн эд хөрөнгөнд үнэлгээ тогтоохдоо “Капитал зууч” ХХК нь зах зээлийн үнэлгээг бодитоор судалж үнэлгээ тогтоогүйд гомдолтой байна.

Анхан шатны шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгт “Гомдол гаргагч нь дээрх шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаануудын талаар гомдол гаргаагүй бөгөөд зөвхөн эд хөрөнгийн үнэлгээний талаар гомдол гаргасан болохыг дурдсан” атлаа хариуцагч байгууллагын шинжээч томилж, үл хөдлөх эд хөрөнгөд үнэлгээ тогтоолгох ажиллагааг хуульд нийцсэн талаар дүгнэлт гаргаж шийдвэр гаргасан. Гэвч шүүх нэхэмжлэгчийн эд хөрөнгийг үнэлсэн үнийн хувьд үнэлэлт дүгнэлт өгөөгүйд гомдолтой байна.

Иймд Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Гомдол гаргагч “Г- Х- Э-” ХХК Зээлийн барьцаанд буй үл хөдлөх эд хөрөнгүүдийг зах зээлийн бодит ханшаас хэтэрхий доогуур үнэлсэн гэж Дархан-Уул аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх-445 дугаар нээлттэй хорих анги /цаашид ШШГГ/-д холбогдуулж, үнэлгээг хүчингүйд тооцуулахыг хүссэн гомдол гаргажээ.

Хариуцагч ШШГГ талууд үнийн талаар харилцан тохиролцоогүй тул шинжээч томилж, маргаж буй үл хөдлөх эд хөрөнгүүдийг үнэлүүлсэн бөгөөд шинжээчийн үнэлгээ хуульд нийцсэн тул гомдлын шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан байна.

Анхан шатны шүүх шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуулийн дагуу явагдсан, шинжээчийн дүгнэлт хуульд нийцсэн гэж дүгнээд гомдлын шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг гомдол гаргагч тал эс зөвшөөрч давж заалдсан гомдол гаргасны дагуу давж заалдах шатны шүүх хэргийг хүлээн авч, бүхэлд нь хянаад дараах дүгнэлтийг хийлээ.

Голомт банкны Дархан-Уул аймаг дахь салбар, гомдол гаргагч “Г- Х- Э-” ХХК, Б.Т-, Х.Г- нар тус банкинд төлөх 192.398.866,39 төгрөгийг тодорхой хугацаанд тохирсон хуваарийн дагуу төлөх, тохирсон хугацаанд төлж барагдуулаагүй тохиолдолд нэр бүхий барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсныг Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 1459 дугаартай захирамжаар баталгаажуулж шийдвэрлэсэн байна.

Төлбөр төлөгч тал тохирсон хугацаанд зохих төлбөрөө төлөөгүй тул тус шүүхийн шүүгчийн 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 293 дугаартай шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамж гарч, мөн өдрийн 49 дугаартай гүйцэтгэх хуудас бичигдсэний дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдсан байна.

Шийдвэр гүйцэтгэгчийн 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 72/39 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 100/39 дугаартай эд хөрөнгө хураасан тухай тогтоолуудаар төлбөр төлөгч  нарын зээлийн барьцаанд буй Дархан сумын 5 дугаар баг 20 дугаар хороолол, 2 дугаар байр, 76 тоотын 3 өрөө орон сууц, Дархан сумын 15 дугаар баг, Мангиртын 1 дүгээр хэсэг,1-126 тоотын 700 м/кв талбай бүхий газар, Хонгор сумын 1 дүгээр баг, Талын толгой төмсний бригадад байрлах 330 м/кв талбай бүхий үнээний ферм, эзэмшил газар, мөн гүний худаг эзэмшлийн газар, Дархан сумын 6 дугаар баг, 1 дүгээр 30 айлын 25 тоот 3 өрөө орон сууц зэрэг хөрөнгүүдийг битүүмжлэн хурааж, талуудаас үнийн санал авахад төлбөр төлөгч нараас  Дархан сумын 5 дугаар баг 20 дугаар хороолол, 2 дугаар байр, 76 тоотын 3 өрөө орон сууцыг 95.000.000 төгрөгөөр, Дархан сумын 15 дугаар баг, Мангиртын 1 дүгээр хэсэг,1-126 тоотын 63 м.кв талбай бүхий хувийн сууц, 700 м.кв талбай бүхий газрыг 45.000.000 төгрөгөөр, Хонгор сумын 1 дүгээр баг, Талын толгой төмсний бригадад байрлах 330 м.кв талбай бүхий үнээний ферм, эзэмшил газрыг 350.000.000 төгрөгөөр, мөн гүний худаг, байр, хашаа, эзэмшлийн газрыг 40.000.000 төгрөгөөр, авто машины граж газрын хамт 18.000.000 төгрөгөөр тус тус үнэлж, үнийн санал өгсөн ба Дархан сумын 6 дугаар баг, 1 дүгээр 30 айлын 25 тоот 3 өрөө орон сууцанд үнийн санал өгөхөөс татгалзсан тухай хүсэлтийг гаргасан байна.

Төлбөр авагч Голомт банкны Дархан салбар тэдгээр хөрөнгүүдэд зөрүүтэй үнийн санал өгсөн тул талуудын хүсэлтээр битүүмжлэгдэж, хураагдсан хөрөнгүүдээс тодорхой нэр бүхий хөрөнгүүдийг захиран зарцуулах эрхийг сэргээж, төлбөр төлөгч нарт төлбөрөө төлөх боломж олгож, шүүхийн шийдвэр биелүүлэх хугацааг сунгаж байжээ.

Энэ хугацаанд төлбөр төлөгч нараас банкинд төлөх төлбөрт ямар нэгэн өөрчлөлт гараагүй тул  2019 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх, хураах тогтоолуудаар барьцааны хөрөнгүүдэд үнийн санал авах ажиллагааг дахин явуулахад Дархан сумын 5 дугаар баг 20 дугаар хороолол, 2 дугаар байр, 76 тоотын 3 өрөө орон сууцыг 195.000.000 төгрөгөөр, Дархан сумын 15 дугаар баг, Мангиртын 1 дүгээр хэсэг,1-126 тоотын 63 м/кв талбай бүхий хувийн сууц, 700 м.кв талбай бүхий газрыг 45.000.000 төгрөгөөр , Хонгор сумын 1 дүгээр баг, Талын толгой төмсний бригадад байрлах 330 м/кв талбай бүхий үнээний ферм, эзэмшил газрыг 480.000.000 төгрөгөөр, мөн гүний худаг, байр, хашаа, эзэмшлийн газрыг 35.000.000 төгрөгөөр, авто машины граж газрын хамт 35.000.000 төгрөгөөр, Дархан сумын 6 дугаар баг, 1 дүгээр 30 айлын 25 тоот 3 өрөө орон сууцыг 185.000.000 төгрөгөөр нийт 935.000.000 төгрөгөөр үнэлж үнийн санал ирүүлсэн бөгөөд төлбөр авагч тал үнийн санал дээр харилцан тохиролцоогүй тул 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 17070339/15 дугаартай тогтоолоор “Капитал зууч” ХХК-ийг шинжээчээр томилсон байна.

Үнэлгээний “Капитал зууч” ХХК дээрх эд хөрөнгүүдийг үнэлэхдээ үл хөдлөх эд хөрөнгө болон газар, бусад орон сууц, гражийн барилга, блокон хашаа, хашааны төмөр хаалга, даршны яам зэргийг тус тусад нь өөр өөр аргачлалаар дүгнэж үнэлжээ.

Тухайлбал: Үнээний фермийн зориулалттай барилга, гүний худгийн барилгыг үнэлэхдээ Барилга хот байгуулалтын сайдын 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 203 дугаар тушаалаар батлагдсан “Барилга байгууламжийн нэгж, хүчин чадлын жишиг үнэлгээг хэрэглэх аргачлал”-ын дагуу, үнээний фермийн газар, гүний худгийн болон гражийн газрын үнэлгээг Монгол улсын засгийн газрын 2018 оны 182 дугаар тогтоолоор батлагдсан “Газрын үнэлгээний тойрог, газрын бүсчлэл, газрын суурь үнэлгээ,газрын төлбөрийн хэмжээг тогтоох тухай” суурь үнэлгээ, Барилга хот байгуулалтын сайдын 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 208 дугаар тушаалаар батлагдсан “Газар эзэмших, ашиглах эрхийн дуудлага худалдааны анхны үнэ тодорхойлох аргачлал”-ын дагуу, бусад орон сууц, гражийн барилга, блокон хашаа, хашааны төмөр хаалга, даршны яам зэрэг эд хөрөнгийг үнэлэхдээ ижил төстэй хөрөнгийн худалдаа, арилжааны мэдээлэл зэргийг тус тус үндэслэн Дархан сумын 5 дугаар баг 20 дугаар хороолол, 2 дугаар байр, 76 тоотын 3 өрөө орон сууцыг 68.000.000 төгрөгөөр,  Хонгор сумын 1 дүгээр баг, Талын толгой төмсний бригадад байрлах 330 м.кв талбай бүхий үнээний фермийг 113.000.000 төгрөгөөр, эзэмшил газрыг 6.000.000 төгрөгөөр, үнээний фермийн блокон хашааг 10.560.000 төгрөгөөр, хашааны төмөр хаалгыг 480.000 төгрөгөөр, даршны яамыг 2.000.000 төгрөгөөр гүний худгийн барилга 3.528.000 төгрөгөөр, гүний худгийн газрыг 12.000 төгрөгөөр, гүний худгийн блокон хашааг 1.680.000 төгрөгөөр, гражийн барилгыг 8.000.000 төгрөгөөр, гражийн зориулалттай газрыг 456.000 төгрөгөөр, Дархан сумын 6 дугаар баг, 1 дүгээр 30 айлын 25 тоот 3 өрөө орон сууцыг 55.000.000 төгрөгөөр тус тус үнэлж, нийт 268.716.000 төгрөгийн үнэлгээний тайланг ирүүлжээ.

Үнэлгээчин нь тухайн эд хөрөнгийн элэгдэл тооцсон орлуулалтын өнөөгийн өртгийг тогтоох зорилгоор үнэлгээг хийсэн ба орлуулалтын өртөг нь тухайн обьекттой ашигт чанараараа ижил төстэй шинэ обьектыг зах зээлд өнөөдөр байгаа материал болон загвараар бүтээхэд гарах зардлын тооцоолсон төсөөлөл бөгөөд орон нутагт үл хөдлөх эд хөрөнгийн зах зээл төлөвшөөгүй, арилжаа худалдааны мэдээлэл хомс, зах зээлийн шууд баталгаа хязгаарлагдмал зэргийг харгалзан элэгдэл тооцсон орлуулалтын өнөөгийн өртгөөр тухайн үнэлэгдэж буй эд хөрөнгүүдийн суурь үнийг тодорхойлж, эд хөрөнгийн үнэлгээг өртгийн болон зах зээлийн жишиг үнийн хандлагаар үнэлж, энэ талаар үнэлгээний тайландаа тусгасан байна.

Шинжээчээр томилогдсон “Капитал зууч” ХХК маргаж буй эд хөрөнгийг ийнхүү үнэлсэн нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д “Шинжээч нь хүлээн авсан шинжилгээний обьектыг гэрэл зураг болон бусад арга хэрэгслээр  бэхжүүлэн авсны дараа батлагдсан аргачлалын дагуу шинжилгээ хийнэ”, Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д Хөрөнгийн үнэлгээг  тухайн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлог, зориулалтыг харгалзан хөрөнгийн үнэлгээний өртгийн, жишиг үнийн, орлогын аргуудыг хослуулан олон улсын болон хөрөнгийн үнэлгээний үндэсний стандарт, энэ хуулийн 8.2-т заасан хөрөнгийн үнэлгээний аргачлалд нийцүүлэн тодорхойлно”, хуулийн 8.2-т “Санхүү төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь дангаараа, эсхүл төрийн холбогдох эрх бүхий байгууллагатай хамтран тухайн хөрөнгийн үнэлгээний зүйлийн шинж байдал, зориулалтад нийцсэн хөрөнгийн үнэлгээний аргачлалыг баталж, мөрдүүлнэ” гэж тус тус заасныг зөрчөөгүй байна.

Үнэлгээчинээс ирүүлсэн хөрөнгийн үнэлгээний тайлан нь хөрөнгийн үнэлгээний үнэ, цэнэ, түүнийг тогтоосон үндэслэл, нотолгоог агуулсан үндсэн баримт бичиг бөгөөд  Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3.11-т зааснаар хөрөнгийн үнэлгээг энэ хуульд заасан стандарт, аргачлалын дагуу хийсэн талаарх үнэлгээчиний мэдэгдлийг тайландаа хуулийн дагуу тусгаж ирүүлсэн байна.

Гомдол гаргагч “Г- Х- Э-” ХХК болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нь дээр дурдсан хөрөнгүүдийг зах зээлийн үнээс хэтэрхий доогуур үнэлсэн гэж тайлбарлаж байгаа боловч энэ талаарх нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар үйлийн 38.1, 25 дугаар зүйлийн 25.2.2-т тус тус зааснаар хэргийн оролцогч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй бөгөөд энэ талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, зөв шийдвэрлэсэн байх боловч маргааны гол зүйл болох хөрөнгийн үнэлгээний талаар дутуу дүгнэлт хийж, зөвхөн шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хууль зөрчөөгүй гэж дүгнэсэн нь учир дутагдалтай болжээ.

Иймд давж заалдах шатны шүүх дээрх дүгнэлтийг хийж, гомдол гаргагчийн анхан шатны шүүх эд хөрөнгө үнэлсэн үнэлгээнд дүгнэлт өгөөгүйд гомдолтой байна гэсэн давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрийг хэвээр үлдээх нь зөв гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 405 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч “Г- Х- Э-” ХХК-ийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар нэхэмжлэгчээс давж заалдсан гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

            3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай. 

                          

 

                 ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧИЙН

                           АЛБАН ҮҮРГИЙГ ТҮР ОРЛОН

                                         ГҮЙЦЭТГЭГЧ ШҮҮГЧ                                 О.НАРАНГЭРЭЛ

                                                            ШҮҮГЧИД                                 М.МӨНХДАВАА

                                                                                                              Л.АМАРСАНАА