Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 001/ХТ2021/00773

 
 

Ганхос эрдэнэ ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Цагаанцоож даргалж, шүүгч П.Золзаяа, Х.Сонинбаяр, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 405 дугаар шийдвэр,

 

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 58 дугаар магадлалтай,

 

Нэхэмжлэгч: Ганхос эрдэнэ ХХК

Хариуцагч: Дархан-Уул аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 445 дугаар нээлттэй хорих анги

 

нэхэмжлэл: үнэлгээний тайланг хүчингүй болгуулах тухай тухай иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Тунгалагийн хяналтын журмаар 2020.06.23-ны өдөр гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ: Төлбөр төлөгч Ганхос эрдэнэ ХХК нь, төлбөр авагч Голомт банк ХХК-д 2016.11.14-ний өдрийн 1459 тоот шүүгчийн захирамжаар Ганхос эрдэнэ ХХК, Б.Тунгалаг, Х.Ганхөлөг нараас 192,398,866 төгрөг гаргуулах шийдвэр гарсан. Өр төлбөр одоогийн байдлаар бол 163 сая төгрөг байна. ШШГА-ны явцад шийдвэр гүйцэтгэгч Ч.Жазира нь барьцаа хөрөнгийн үнийн санал авсан. Ганхос эрдэнэ ХХК-ийн захирал Б.Тунгалаг, Голомт банк ХХК-ийн төлбөрийн үлдэгдэлд барьцааны хөрөнгийг анхны дуудлага худалдаагаар оруулахад зах зээлийн үнийг судалсны үндсэн дээр дараах үнийн саналыг өгсөн. Үүнд: 1. Дархан-Уул аймаг, Дархан сум, 5 дугаар баг, 20 дугаар хороолол, 2 дугаар байр, 76-3 тоот 4 өрөө орон сууц- 195,000,000 төгрөг, 2. Дархан-Уул аймаг, Дархан сум, 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах 1 автомашины гарааш, газрын хамт -40,000,000 төгрөг, 3. Дархан-Уул аймаг, Хонгор сум, 1 дүгээр баг, Талын толгой төмсний бригад, барилга, газрын хамт, үнээний ферм, 1 га газрын хамт 480,000,000 төгрөг, 4. Дархан-Уул аймаг, Хонгор сум, 1 дүгээр баг, Талын толгой төмсний бригад, гүний худаг, газрын хамт 35,000,000 төгрөг, 5. Дархан-Уул аймаг, Дархан сум, 6 дугаар баг, 1 дүгээр 30 айл, 25 тоот, 3 өрөө орон сууц 185,000,000 төгрөг, нийт 935,000,000 гэх үнийн санал хүргүүлсэн. Гэтэл шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолоор томилогдсон Капитал зууч ХХК нь дээрх барьцааны хөрөнгүүдийг зах зээлийн үнээс хэт доогуур үнэлж, үл хөдлөх хөрөнгийг үнэгүйдүүлж 268,716,000 төгрөгөөр үнэлгээг тогтоосон. 2020.02.20-ны өдрийн 03497 дугаартай мэдэгдэл хүргүүлэх албан бичигтэй 2020.02.21-ний өдөр танилцаад энэхүү гомдлыг гаргаж байна. Улсын бүртгэлийн Ү-2003003741 бүртгэлтэй 18 м.кв гараашийн барилга, эзэмших эрхтэй газрын хамт 8,456,000 төгрөгөөр үнэлсэн нь үндэслэлгүй юм. Өнөөдрийн зах зээлд гарааш нь газартайгаа хамт 40,000,000 төгрөгөөр үнэлэгдэхээр байгаа юм. Үнийн хувьд гэхэд зөвхөн худаг ухуулах зардалд гэхэд л 9,600,000 төгрөг зарцуулж байсан. Худаг гаргах ажлыг гүйцэтгэсэн компани ч бий. Энэ гаргасан зардлыг гэрчилнэ. Энэ мэтчилэн 2-р хорооллын 2-р байр 76 тоот 3 өрөө байр, үнээний фермийн барилга, фермийн зориулалттай газар, хашаа, хашааны төмөр хаалга, гүний худаг, гүний худгийн зориулалттай хашаа, газар, блокон хашаа, гараашийн барилга, гараашийн газар, 18-р хороолол, 1-р 30 айлын 25 тоот 3 өрөө орон сууц зэрэг эдгээр 12 төрлийн хөрөнгөд үнэлгээ тогтоолгоход Капитал зууч ХХК нь зах зээлийн үнэлгээнд бодит үнэлгээ тогтоогоогүйд гомдолтой байна, дахин өөр байгууллагаар үнэлгээ тогтоолгох шаардлагатай гэж үзэж байна. Иймд Капитал зууч ХХК-ийн үнэлсэн 2020.02.18-ны өдрийн үнэлгээний тайланг хүчингүй болгуулахаар хуульд заасны дагуу гомдол гаргаж байна гэжээ.

Хариуцагч тайлбартаа: 5 хөрөнгийг газрын хамт тус бүрд нь хураан авсан. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны дарааллаар тухайн эд хөрөнгийг хураан авснаас хойш 30 хоногийн дотор үнэлгээг үнэлүүлэн, үнийн санал авсан. ИХ-н 177.1-т заасны дагуу талуудаас үнийн санал аваад тухайн эд хөрөнгөд үнийн санал харилцан тохиролцоогүй учраас ШШГТХ-н 55.2.2-т зааснаар шинжээч томилж, үнэлгээ хийлгэнэ гэж заасан. Төлбөр авагч Голомт банк ХХК нь төлбөр төлөгчийн үнийн саналыг зах зээлийн ханшаас хэт өндөр үнэлсэн байгаа тул хөндлөнгийн шинжээч томилуулж, үнийг тогтоолгох хүсэлт гаргасан. Ингээд 2020.02.05-ны өдрийн 17070339/15 дугаартай тогтоолоор хөндлөнгийн шинжээч томилсон. Капитал зууч ХХК нь дээрх хөрөнгийг өнөөгийн зах зээлийн ханшийн дагуу үнэлж гаргасан. Тиймээс ШШГТХ-н 55.5-д зааснаар талуудад 2020.02.20-ны өдөр 03/490 тоот албан тоотоор мэдэгдлийг талуудад мэдэгдсэн.. ажиллагаа хуулийн дагуу явагдаж байгаа бөгөөд ШШГТХ-н 42.2-т шинжээч шинжилгээ хийж дүгнэлт гаргахдаа Шүүхийн шинжилгээний тухай хууль, Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасны дагуу зах зээлийн ханшаар үнэлснийг манай байгууллага зөвшөөрсөн, хуулийн дагуу үнэлгээ гарсан гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр 405 дугаар шийдвэр гаргаж, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д тус тус заасныг баримтлан Ганхос эрдэнэ ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар гомдол гаргагч Ганхос эрдэнэ ХХК-с улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэжээ.

 

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 58 дугаар магадлалаар Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 405 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Ганхос эрдэнэ ХХК-ийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар нэхэмжлэгчээс давж заалдсан гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсэн байна.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Тунгалаг хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүх нь Капитал зууч ХХК-ийн гаргасан үнэлгээг ямар хууль тогтоомж, тогтоолын дагуу ямар аргачлалаар уг үнэлгээг хийсэн талаар тайлбарласан боловч нэхэмжлэлд дурьдсан 5 үл хөдлөх эд хөрөнгийн үнэ цэнийг хэрхэн яаж, ямар үндэслэлээр хэт өндрөөр үнэлсэн зэрэгт дүгнэлт хийгээгүй. Өөрөөр хэлбэл үнэлгээний тайланд орон сууц гражийн барилга, болон хашааны төмөр хаалга, даршны яам зэрэг эд хөрөнгийн үнэлгээг ижил төстэй хөрөнгийн худалдаа, арилжааны мэдээлэл дээр үндэслэн зах зээлийн үнэ ханшийн судалгаа хийсний үндсэн дээр жишиг үнийн хандлагаар хийсэн. гэх боловч ижил төстэй эд хөрөнгүүдийн үнэ ханш хэрхэн ямар байгааг, мөн тус эд хөрөнгүүдтэй харьцуулсан зэрэг тодорхой мэдээллийг хавсаргаагүй. Үүнийг анхан шат болон давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол зэрэгт дурьдсан боловч шинжлэн судалж үнэлэлт дүгнэлт өгөөгүй хэт нэг талыг барьж шийдвэр магадлалыг гаргаж байгаад гомдож байна. Миний бие шийдвэр гүйцэтгэх ажиллагааг буруутай гэж маргаагүй, харин ямар аргачлалаар хэрхэн яаж энэ 268,716,000 төгрөгийн үнэлгээг гаргаж байгаа нь тодорхойгүй. Үнэлгээний тайланд ямар хууль, тушаал тогтоол зэргийг үндэслэж, ямар аргачлал хэрэглэснээ дурьдаад л өнгөрсөн. Гэвч миний олон жилийн хөдөлмөрийн үр шимээр бий болсон үл хөдлөх эд хөрөнгүүдийг маань зүгээр нэг дурьдаад өнгөрөх биш нүдэнд харагдахаар яаж хэрхэн бусад ижил төрлийн эд хөрөнгүүдтэй харьцуулсан зэрэг мэдээлэл байхгүйд гомдолтой байгаагаа шат бүр дээр дурьдсан хэдий ч шийдвэр, магадлалд огт энэ талаар дурьдсан дүгнэлт байхгүй, Хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүйд гомдолтой байна. Энэхүү үл хөдлөх эд хөрөнгүүд маань зүгээр нэг 200, 300 мянган төгрөгийн эд хөрөнгүүд биш билээ. Өчнөөн сая төгрөгийн хөрөнгө яригдаж байхад шүүх үнэлгээний тайланг нэг бүрчлэн судалж үнэлэлт дүгнэлт өгөөгүйд үнэхээр гомдолтой байна. Иймд шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Ганхос эрдэнэ ХХК 2020.02.21-ний өдөр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан нэхэмжлэл гаргаж, 2020.02.18-ны өдрийн үнэлгээ хүчингүй болгуулахыг шаардсан байна.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон, давж заалдах шатны шүүх хэргийг хянаж шийдвэрийг хэвээр үлдээжээ.

 

Хяналтын шатны шүүхэд гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

1. Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2016.11.14-ний өдөр 1459 дугаартай захирамж гаргаж, Ганхос эрдэнэ ХХК, Б.Тунгалаг, Х.Ганхөлөг нар 192,398,866.39 төгрөгийг Голомт банк ХХК-ийн Дархан-Уул аймаг дахь салбарт төлөх болсныг баталж, захирамжийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг Дархан-Уул аймаг, Дархан сум, 5 дугаар баг, 20 дугаар хороолол, 2 дугаар байр, 76 тоот 3 өрөө орон сууц.,мөн багт байрлах 18,0 мкв талбай бүхий гараж., Дархан-Уул аймаг, Дархан сум, 15-р баг, Мангирт 10-р хэсэг, 1-126 тоот хувийн сууц өмчлөх эрхтэй газрын хамт., Дархан-Уул аймаг, Хонгор сум, 1-р баг, Талын толгой төмсний бригад, 330,0 мкв талбай бүхий өмчлөлийн үнээний фермийн барилга., мөн хаягт байрлах үнээний фермийн 10000,0 мкв эзэмшил газар., 8,4 мкв талбай бүхий өмчлөлийн худаг., 20,мкв эзэмшил газар., Дархан-Уул аймаг, Дархан сум, 6 дугаар баг, 1 дүгээр 30 айл, 25 тоот, 3 өрөө орон сууцаар хангахаар заажээ.

 

Ганхос эрдэнэ ХХК, Б.Тунгалаг, Х.Ганхөлөг нь шүүхийн шийдвэрт заасан төлбөрийг сайн дураар төлөөгүй тул албадан гүйцэтгэх ажиллагаа эхэлсэн, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан журмын дагуу явагдсан байна.

 

2. Талууд эд хөрөнгийн үнийн талаар тохиролцоогүйгээс хариуцагч нь эрх бүхий этгээдээр үнэлгээ хийлгэж, зохих журмын дагуу талуудад мэдэгдсэн байх бөгөөд энэ нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1., 55 дугаар зүйлийн 55.2.-т нийцсэн ажиллагаа байна.

 

Шинжээч нь 2020.02.18-ны өдөр үнэлгээ хийхдээ 76 тоот 3 өрөө орон сууц 68,000,000 төгрөг, үнээний фермийн зориулалттай барилга 113,000,000 төгрөг, үнээний фермийн зориулалттай газар 6,000,000 төгрөг, үнээний фермийн блокон хашаа 10,560,000 төгрөг, хашааны төмөр хаалга 480,000 төгрөг, даршны яам 2,000,000 төгрөг, гүний худгийн барилга 3,528,000 төгрөг, гүний худгийн зориулалттай газар 12,000 төгрөг, гүний худгийн блокон хашаа 1,680,000 төгрөг, гаражийн барилга 8,000,000 төгрөг, гаражийн зориулалттай газар 456,000 төгрөг, 25 тоот, 3 өрөө орон сууц 55,000,000 төгрөг, нийт 268,716,000 төгрөгөөр үнэлжээ.

Дурдсан үнэлгээ нь зах зээлийн үнэлгээнээс хэт бага болсон гэх тайлбараа нэхэмжлэгч нотлоогүй тул шүүх хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2., 38 дугаар зүйлийн 38.1., Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42, 55 дугаар зүйл болон Шүүхийн шинжилгээний тухай хууль, Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөрчсөн гэх үндэслэлгүй юм.

3. Нэхэмжлэлийн шаардлага ба татгалзлаа нотлох үүргийг зохигч хүлээнэ. Шүүх нотлох баримтын хэмжээнд хэргийн талаар дүгнэлт хийнэ.

Хоёр шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль, Иргэний хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хууль хэрэглээний алдаа гаргасан гэх үндэслэл тогтоогдоогүй байх тул шийдвэр, магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгч талын гомдлыг хангахгүй орхив.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 405 дугаар шийдвэр, Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 58 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 06 дугаар сарын 23-ны өдөр төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ Г.ЦАГААНЦООЖ

ШҮҮГЧИД, П.ЗОЛЗАЯА

Х.СОНИНБАЯР

Б.УНДРАХ

Х.ЭРДЭНЭСУВД