Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 04 сарын 02 өдөр

Дугаар 405

 

                                           

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс 135/2020/00344/и

 

   Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Оюунцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ... аймгийн ... сум, ... баг, ...  тоотод байрлах, “Г.х.э” ХХК /РД: .../-ийн гомдолтой,

 

Хариуцагч: ... аймаг дахь ШШГГт холбогдох,

 

“Үнэлгээний тайланг хүчингүй болгуулах тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: гомдол итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ундрам нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гомдол гаргагч “Г.х.э” ХХК шүүхэд гаргасан гомдолдоо болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Төлбөр төлөгч Г.х.э ХХК нь, төлбөр авагч Г.б ХХК-д Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн ... тоот шүүгчийн захирамжаар “Г.х.э” ХХК, Б.Т, Х.Г нараас 192,398,866 төгрөг гаргуулах шүүхийн шийдвэр гарсан. Өр төлбөр одоогийн байдлаар бол 163,000,000 төгрөгийн үлдэгдэлтэй байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад шийдвэр гүйцэтгэгч Ч.Ж нь барьцаа хөрөнгийн үнийн санал авсан. Төлбөр төлөгч “Г.х.э” ХХК-ийн захирал Б.Т, төлбөр авагч Г.б ХХК-ийн төлбөрийн үлдэгдэлд барьцааны хөрөнгийг анхны дуудлага худалдаагаар оруулахад зах зээлийн үнийг судалсны үндсэн дээр дараах үнийн саналыг өгсөн. Үүнд:

1. ... аймаг, ... сум, ... баг, ... хороолол, ... байр, ... тоот 4 өрөө орон сууц- 195,000,000 төгрөг,

2. ... аймаг, ... сум, ... багийн нутаг дэвсгэрт байрлах 1 автомашины гарааш, газрын хамт -40,000,000 төгрөг,

3. ... аймаг, ... сум, ... баг, Талын толгой төмсний бригад, барилга, газрын хамт, үнээний фирм, 1 га газрын хамт - 480,000,000 төгрөг,

4. ... аймаг, ... сум, 1 дүгээр баг, Талын толгой төмсний бригад, гүний худаг, газрын хамт – 35,000,000 төгрөг,

5. ... аймаг, ... сум, ... баг, .. дүгээр ... айл, ... тоот, 3 өрөө орон сууц – 185,000,000 төгрөг, нийтдээ – 935,000,000 гэх үнийн санал хүргүүлсэн.

Гэтэл ... аймаг дахь ШШГЕГ-ын харъяа 445 нээлттэй хорих ангийн шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолоор томилогдсон К.з ХХК нь дээрх барьцааны хөрөнгүүдийг зах зээлийн үнээс хэт доогуур үнэлж, үл хөдлөх хөрөнгийг үнэгүйдүүлж 268,716,000 төгрөгөөр үнэлгээг тогтоосон.

2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн ... дугаартай мэдэгдэл хүргүүлэх албан бичигтэй 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдөр танилцаад энэхүү гомдлыг гаргаж байгаа юм. Улсын бүртгэлийн ...бүртгэлтэй 18м2 гараашийн барилга, эзэмших эрхтэй газрын хамт 8,456,000 төгрөгөөр үнэлсэн нь үндэслэлгүй юм. Өнөөдрийн зах зээлд гарааш нь газартайгаа хамт 40,000,000 төгрөгөөр үнэлэгдэхээр байгаа юм. Үнийн хувьд гэхэд зөвхөн худаг ухуулах зардалд гэхэд л 9,600,000 төгрөг зарцуулж байсан. Худаг гаргах ажлыг гүйцэтгэсэн компани ч бий. Энэ гаргасан зардлыг гэрчилнэ. Энэ мэтчилэн 2 дугаар хорооллын 2 дугаар байр 76 тоот 3 өрөө байр, үнээний фирмийн барилга, фирмийн зориулалттай газар, хашаа, хашааны төмөр хаалга, гүний худаг, гүний худгийн зориулалттай хашаа, газар, блокон хашаа, гараашийн барилга, гараашийн газар, 18 дугаар хороолол, 1 дүгээр 30 айлын 25 тоот 3 өрөө орон сууц зэрэг эдгээр 12 төрлийн хөрөнгөд үнэлгээ тогтоолгоход К.з ХХК нь зах зээлийн үнэлгээнд бодит үнэлгээ тогтоогоогүйд гомдолтой байна, дахин өөр байгууллагаар үнэлгээ тогтоолгох шаардлагатай гэж үзэж байна.

Иймд Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шинжээч томилж, К.з ХХК-ийн үнэлсэн 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн үнэлгээний тайланг хүчингүй болгуулахаар хуульд заасны дагуу гомдол гаргаж байна” гэв.

 

Хариуцагч Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн ... тоот шүүгчийн захирамжаар “Г.х.э” ХХК, Б.Т, Х.Г нараас 192,398,866 төгрөг гаргуулж Г.банд олгохоор шийдвэрлэсэн. “Г.х.э” ХХК, Б.Т, Х.Г нарт шүүхийн шийдвэр гарснаас хойш шүүхийн шийдвэрийг сайн дураар гүйцэтгэхийг сануулж мэдэгдэл хүргүүлж байсан. 2016 оноос хойш өнөөдөр 2020 гэхэд ердөө 3,000,000 төгрөгийн төлбөр төлсөн. Эдгээр хүмүүс 4 жилийн хугацаанд төлбөрийг сайн дураар төлж барагдуулаагүй учир барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах шүүгчийн захирамж гарсан. Үүний дагуу бид барьцаа хөрөнгө болох Дархан сум, ... баг, 2 дугаар байрны 76 тоот, 39 м2 талбайтай, 3 өрөө орон сууц, үнээний фирм, газар, гүний худаг, гарааш гээд бүх барьцаа хөрөнгүүдийг эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжилж, мэдэгдэл гардуулсан. Ингээд сайн дураар төлбөрөө төлөөгүй тул тус шийдвэр гүйцэтгэлээс 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн ... тоот эд хөрөнгө хураах тогтоолоор дээрх 5 хөрөнгийг газрын хамт тус бүрд нь хураан авсан. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны дарааллаар тухайн эд хөрөнгийг хураан авснаас хойш 30 хоногийн дотор үнэлгээг үнэлүүлнэ, үнийн санал авсан. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т заасны дагуу талуудаас үнийн санал аваад тухайн эд хөрөнгөд үнийн санал харилцан тохиролцоогүй учраас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т зааснаар шинжээч томилж, үнэлгээ хийлгэнэ гэж заасан. Төлбөр авагч Г.б ХХК нь төлбөр төлөгчийн үнийн саналыг зах зээлийн ханшаас хэт өндөр үнэлсэн байгаа тул хөндлөнгийн шинжээч томилуулж, үнийг тогтоолгох хүсэлт гаргасан. Ингээд 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 17070339/15 дугаартай тогтоолоор хөндлөнгийн шинжээч томилсон.

Тухайн К.з ХХК нь дээрх хөрөнгийг өнөөгийн зах зээлийн ханшийн дагуу үнэлж гаргасан. Тиймээс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5-д зааснаар талуудад 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 03/490 тоот албан тоотоор мэдэгдлийг талуудад мэдэгдсэн. Төлбөр төлөгч “Г.х.э” ХХК, Б.Т, Х.Г, өмчлөгч Х.Туяа, төлбөр авагч Г.б ХХК-д тус тус албан тоотоор мэдэгдсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдаж байгаа бөгөөд Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-т шинжээч шинжилгээ хийж дүгнэлт гаргахдаа Шүүхийн шинжилгээний тухай хууль, Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасны дагуу зах зээлийн ханшаар үнэлснийг манай байгууллага зөвшөөрсөн, хуулийн дагуу үнэлгээ гарсан гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж хүсэж байна. Бүтэн 4 жилийн хугацаанд төлбөрөө сайн дураар төлөх ажиллагаа зохион байгуулахгүй, мөн энэ олон барьцаа хөрөнгүүдээ 1 сарын хугацаа авч, өөрсдөө худалдан борлуулах эрхтэй байсан. Энэ 3 өрөө байраа 195,000,000 төгрөгөөр үнэлээд байгаа бол шинэ хуулиараа энэ үнээрээ зарах эрх нь төлбөр төлөгч нарт нээлттэй байсан. Гэтэл энэ хугацаагаа аваагүй мөртлөө хэт өндөр үнэлсэн, мөн түүнийгээ өөрсдөө нотлоогүй тул гомдол үндэслэлгүй байна. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү“ гэв.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,                                         

ҮНДЭСЛЭХ нь:

 

Гомдол гаргагч “Г.х.э” ХХК нь барьцаа хөрөнгүүдийн зах зээлийн өнөөгийн бодит үнийг судалсны үндсэн дээр нийт 935,000,000 төгрөгийн үнийн санал өгсөн боловч “К.з” ХХК-ийн үнэлгээний тайлангаар хөрөнгийн нийт үнэлгээг 268,716,000 төгрөгөөр үнэлж, зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн гэсэн үндэслэлээр Дархан-Уул аймаг дахь ШШГГт холбогдуулан, “К.з” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайланг хүчингүйд тооцуулах тухай гомдол гаргажээ.

 

Хариуцагч Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б гомдлын үндэслэлийг хүлээн зөвшөөрөхгүй татгалзаж байгаа үндэслэлээ “...талуудаас үнийн санал авахад зөрүүтэй санал гаргасан бөгөөд үнийг харилцан тохиролцоогүй тул хуульд заасны дагуу шинжээч томилж үнэлүүлсэн бөгөөд энэ үнэлгээ нь хуульд нийцсэн үнэлгээ гэж үзэж байгаа тул хүлээн зөвшөөрөхгүй” гэж тайлбарладаг болно.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д талууд эд хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэж заасны дагуу гомдол гаргагч “Г.х.э” ХХК нь хуульд заасан хугацаанд гомдлоо гаргасан байна.

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 11 сарын 14-ний өдрийн 1459 дугаартай захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нийт 192,398,866.39 төгрөгийг “Г.х.э” ХХК, Б.Т, Х.Г нар тохиролцсон хуваарийн дагуу Г.бны Дархан-Уул аймаг дахь салбарт төлөх, тохирсон хугацаанд төлж барагдуулаагүй тохиолдолд барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тохирсон зохигчдын эвлэрлийг баталж шийдвэрлэсэн бөгөөд тус шүүхийн шүүгчийн 2017 оны 01 сарын 02-ны өдрийн 293 дугаартай шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамж, мөн өдрийн 49 дугаартай гүйцэтгэх хуудсыг үндэслэн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа болох нь дээр дурдсан шүүгчийн захирамж, гүйцэтгэх хуудас, ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2017 оны 02 сарын 20-ны өдрийн 329 дугаартай шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай тогтоол зэргээр тогтоогдож байна.  

 

Хариуцагч талаас ирүүлсэн шийдвэр гүйцэтгэлийн ... дугаартай хувийн хэргээс шүүх хуралдаан дээр шинжлэн судлахад 2017 оны 03 сарын 27-ны өдрийн ... дугаартай эд хөрөнгийг битүүмжлэх тухай тогтоол, 2017 оны 04 сарын 18-ны өдрийн ... дугаартай эд хөрөнгийг хураасан тухай тогтоолуудаар ... аймаг, ... сум, ... баг, ... хороолол, ... байр, 76 тоот 3 өрөө орон сууц, ... аймаг, ... сум, ... баг, ... хэсэг, ... тоот 700 мкв талбай бүхий газар, ... аймаг, ... сум, ... баг, Талын толгой төмсний бригад 330 мкв талбай бүхий үнээний ферм, эзэмшлийн газар, ... аймаг, .... сум, .... баг, Талын толгой төмсний бригад, гүний худаг, эзэмшлийн газар, ... аймаг, ... сум, ... баг, ... айл, ... тоот, 3 өрөө орон сууц зэрэг хөрөнгүүдийг битүүмжлэн, хурааж, талуудаас үнийн санал авахад төлбөр төлөгч нараас .... сумын ... баг, ... дугаар хороолол, ... байрны ... тоот, ... талбай бүхий 3 өрөө орон сууцыг 95,000,000 төгрөгөөр, ... сумын ... баг, ... хэсэг, ... тоот 63 мкв талбай бүх хувийн сууц, 700 мкв талбай бүхий газрын хамт 45,000,000 төгрөг, ... аймгийн .. сумын 1 дүгээр баг, төмсний бригад фермийн байр, газрын хамт 350,000,000 төгрөг, ... сумын 1 дүгээр баг, төмсний бригад гүний худаг, газар, байр хашааны хамт 40,000,000 төгрөг, автомашины граж, газрын хамт 18,000,000 төгрөгөөр тус тус үнийн санал өгч, ... сумын ... баг, ... айлын байрны ... тоот, 50,6 мкв талбай бүхий 3 өрөө байранд үнийн санал өгөхөөс татгалзсан тухай хүсэлтийг, төлбөр авагч Г.бнаас тус хөрөнгүүдэд үнийн санал өгсөн бөгөөд талуудын үнийн санал зөрүүтэй байсан, мөн талуудын хүсэлтээр тус хөрөнгүүдээс нэр бүхий хөрөнгүүдийн захиран зарцуулах эрхийг сэргээж, төлбөр төлөгч нарт төлбөрөө төлөх боломж олгож шүүхийн шийдвэр биелүүлэх хугацааг сунгаж байсан болох нь тус хувийн хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.

 

Мөн 2019 оны 08 сарын 30-ны өдрийн ..., ..., ..., ..., ... дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолууд, 2020 оны 1 сарын 15-ны өдрийн ..., ..., 17070339/08, ..., ... дугаар эд хөрөнгө хураах тухай тогтоолуудаар тус тус барьцааны хөрөнгүүдийг битүүмжлэн хураан авсан, мөн талуудаас үнийн санал авах ажиллагааг дахин явуулахад төлбөр төлөгч талаас ... аймаг, ... сум, ... баг, ... хороолол, ... байр, ... тоот 3 өрөө орон сууц 195,000,000 төгрөг, ... аймаг, ... сум, ... багийн нутаг дэвсгэрт байрлах 1 автомашины гарааш, газрын хамт 40,000,000 төгрөг, ... аймаг, ... сум, ... баг, Талын толгой төмсний бригад, барилга, газрын хамт, үнээний фирм, 1 га газрын хамт 480,000,000 төгрөг, ... аймаг, ... сум, 1 дүгээр баг, Талын толгой төмсний бригад, гүний худаг, газрын хамт 35,000,000 төгрөг, ... аймаг, .... сум, ... баг, .... айл, ... тоот, 3 өрөө орон сууц 185,000,000 төгрөг, нийт 935,000,000 төгрөгийн үнийн санал хүргүүлсэн нь төлбөр авагч талаас ирүүлсэн үнийн саналтай тохиролцоогүй гэх үндэслэлээр 2020 оны 02 сарын 05-ны өдрийн ... дугаартай “Шинжээч томилох тухай” тогтоолоор “К.з” ХХК-ийг шинжээчээр томилсон байна.

Гомдол гаргагч нь дээрх шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаануудын талаар гомдол гаргаагүй бөгөөд зөвхөн эд хөрөнгийн үнэлгээний талаар гомдол гаргасан болохыг дурдаж байна.

 

“К.з” ХХК-ийн 2020 оны 02 сарын 18-ны өдрийн үнэлгээний тайлангаар ... аймаг, ... сум, ... баг, ... хороолол, ... байр, ... тоот 3 өрөө орон сууц 68,000,000 төгрөг, үнээний фермийн зориулалттай барилга 113,000,000 төгрөг, үнээний фирмийн зориулалттай газар 6,000,000 төгрөг, үнээний фермийн блокон хашаа 10,560,000 төгрөг, хашааны төмөр хаалга 480,000 төгрөг, даршны яам 2,000,000 төгрөг, гүний худгийн барилга 3,528,000 төгрөг, гүний худгийн зориулалттай газар 12,000 төгрөг, гүний худгийн блокон хашаа 1,680,000 төгрөг, гражийн барилга 8,000,000 төгрөг, гражийн зориулалттай газар 456,000 төгрөг, Дархан сумын 6 дугаар баг, 18 дугаар хороолол, 1 дүгээр 30 айлын байрны 25 тоот, 3 өрөө орон сууц 55,000,000 төгрөг, нийт 268,716,000 төгрөгөөр үнэлжээ.

 

Ийнхүү хариуцагч байгууллагаас шинжээч томилж, үл хөдлөх эд хөрөнгөд үнэлгээ тогтоолгох ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар явуулсан байх бөгөөд үнэлгээний талаар талууд харилцан тохиролцоогүй тул дээрх хуульд заасны дагуу шинжээч томилж үнэлгээ тогтоолгох ажиллагааг хариуцагч байгууллага хийсэн нь хуульд нийцсэн байна.

 

Гомдол гаргагч “Г.х.э” ХХК болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан гомдлын үндэслэлээ дээр дурдсан хөрөнгүүдийг зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн, гомдол гаргагч талаас гаргаж өгсөн үнийн саналд дурдсан одоогийн бодит үнэ ханшаас хэт зөрүүтэй байгаа нь үндэслэлгүй гэж тайлбарлаж байгаа боловч энэ талаарх нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.

 

Өөрөөр хэлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 25 дугаар зүйлийн 25.2.2-т тус тус зааснаар хэргийн оролцогч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд гомдол гаргагч “Г.х.э” ХХК нь энэхүү хуульд заасан үүргээ биелүүлээгүй, шинжээчийн дүгнэлтээр тогтоосон дээрх үнэлгээгээр эд хөрөнгүүдийг зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр “Г.х.э” ХХК-ийн Дархан-Уул аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан гаргасан “К.з” ХХК-ийн гаргасан хөрөнгийн үнэлгээний тайланг хүчингүйд тооцуулах тухай гомдлын шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д тус тус заасныг баримтлан “Г.х.э” ХХК-ийн Дархан-Уул аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан гаргасан “К.з” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайланг хүчингүйд тооцуулах тухай гомдлын шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар гомдол гаргагч “Г.х.э” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      М.ОЮУНЦЭЦЭГ