| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гал-Эрдэнийн Даваахүү |
| Хэргийн индекс | 155/2019/00988/И |
| Дугаар | 155/ШШ2019/01011 |
| Огноо | 2019-11-22 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 11 сарын 22 өдөр
Дугаар 155/ШШ2019/01011
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваахүү даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанд;
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ********** тоотод оршин суух М овогтой М-ийн Б /*********** /-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Төрийн банкны Хөвсгөл салбарт холбогдох,
Ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин 1.272.470/нэг сая хоёр зуун далан хоёр мянга дөрвөн зуун дал/ төгрөг гаргуулах, мөн нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлүүдийг нөхөн тооцуулах тухай нэхэмжлэлийг 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, 155/2019/00988/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Өлзийбуян, нэхэмжлэгч М.Б , хариуцагч Төрийн банкны Хөвсгөл салбарын захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Л.Б нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч М.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:...М.Б миний бие 2011 оноос эхлэн Төрийн банкны Хөвсгөл салбарт борлуулалт үйлчилгээний мэргэжилтэн, эдийн засагч, тооцооны төв хариуцсан менежерээр тус тус ажиллаж байсан юм. Гэтэл 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн Б/186 дугаартай Төрийн банкны Хөвсгөл салбарын захирал Л.Дашцэрэнгийн тушаалаар намайг ажлаас чөлөөлсөн юм. Би уг тушаалыг үндэслэлгүй гэж үзэж байгаа юм. Учир нь: Уг тушаал дээр намайг ажлын байрны тодорхойлолтод заасан шат дараалсан хяналтыг хэрэгжүүлээгүй гэжээ. Би өөрийн хяналтыг хэрэгжүүлж байсан гэж үзэж байгаа юм.
Иймд намайг Төрийн банкны Хөвсгөл салбарын тооцооны төв хариуцсан менежерийн үүрэгт ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс болох 1.272.470 төгрөгийг Төрийн банкны Хөвсгөл салбараас гаргуулж, мөн ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгал болон эрүүлэн мэндийн даатгалын шимтгэлүүдийг нөхөн төлүүлж өгнө үү гэжээ.
Хариуцагч Төрийн банкны Хөвсгөл салбарын захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Л.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:...М.Б нь Төрийн банкны Хөдөлмөрийн дотоод журам, Хөдөлмөрийн гэрээ, ес зүйн дүрэм болон холбогдох заавар, журмыг зөрчиж ажлын байрны тодорхойлолтын дагуу шат дараалсан хяналтыг хэрэгжүүлж ажиллаагүйн улмаас хариуцсан нэгж дээр ноцтой зөрчил гаргасан. Мөн ашиглангийн чанартай үйлдэл илэрсэн. Сахилгын шийтгэлийг давтан гаргасан тул үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Гаргасан алдаа дутагдлыг үндэслэн М.Б-ий н гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа болно гэжээ.
Нэхэмжлэгч М.Б шүүх хуралдаанд тайлбарлахдаа:...Миний бие 2013 оноос эхэлж Төрийн банкны Хөвсгөл салбарын тооцооны төв хариуцсан мэргэжилтнээр ажиллаж эхэлсэн. Ингээд 2019 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн Төрийн банкны Хөвсгөл салбарын захирлын Мөрөн 2 тооцооны төв болон Галт тооцооны төвийн үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллаагүй гэсэн үндэслэлээр тушаал гаргаж намайг ажлаас чөлөөлсөн. Миний тухайд уг тооцооны төвийн ажилчдын гаргасан зөрчлийн ноцтой зөрчил гэж үзэхгүй байгаа юм. Мөрөн 2 тооцооны төвийн ажилтан Мөнгөнбаясгалан нь ажилд ороод удаагүй байсан. 2019 оны 7 дугаар сарын 10-ны өдөр кассаас нь 20.000 төгрөг илүүдсэн байсан. Кассаас илүүдэнгүүт нь шат дараалсан хяналт тавьдаг хүмүүсээс мөнгө илүүдсэн тухайгаа хэлээд яах вэ гэж асуусан байдаг. Тэгэхэд хажуугийн теллер нь зохих журмын дагуу бүртгээд шат дараалсан хүнээс зөвлөгөө ав гэсэн байдаг. Тухайн үед Мөрөн 2 тооцооны төвийн ахлах теллер нь ээлжийн амралттай байсан учир Болортуяа орлож ажиллаж байсан. Ингээд ямар шалтгааны улмаас 20.000 төгрөг илүүдсэн бэ гэдгийг тодруулсан байдаг. Гэтэл Мөнгөнбаясгалан өнөөдөр баяр наадмын өдөр учир цөөхөн гүйлгээ хийсэн байна, би нэг хүний халамжийн мөнгийг олгохдоо 20.000 төгрөг дутуу өгсөн байна. Би холбоо бариад тухайн харилцагчдаа өгчих үү гэхэд, тухайн ахлах теллер үүнийг нь хүлээн зөвшөөрсөн байдаг. Үүнийг би банканд хохирол учрахаар ноцтой зөрчил гэж үзэхгүй байна. Тухайн харилцагч нь теллерээс мөнгөө нөхөж авсан учраас ямар нэгэн гомдол санал байхгүй гэсэн хариу тайлбар өгсөн. Дараагийн зөрчил нь Б.Уянгад харилцагчийн гомдол ирсэн гэх үндэслэл байдаг боловч тухайн тооцооны төвийн захирал, хариуцсан мэргэжилтэнд нэг удаа ч албан бичгээр ямарваа нэгэн иргэн гомдол санал ирүүлээгүй байдаг. Энэ нь ямар шалтгаантай вэ гэхээр тухайн теллер маань тухайн харилцагч нь 17 цаг өнгөрсөн байхад гүйлгээ хийлгэхээр орж ирсэн, гүйлгээ хаасан учир гүйлгээ хийх боломжгүй, маргааш орж ирж гүйлгээгээ хийлгэ гэсэн хариу тайлбар өгсөнөөс өөр ямар нэгэн алдаа дутагдал зөрчил байдаггүй. С.Болортуяа нь Мөнгөнбаясгалангийн кассаас илүүдсэн 20.000 төгрөг дээр зохих журмын дагуу заавар зөвлөгөө өгсөн. Тухайн тооцооны төвийн ахлах теллер Баянжаргал нь өглөө 9 цагт ажилдаа ирэх боломжгүй байсан учир тооцооны төвийн захирал руугаа утасдаад хүүхэд халуураад ирэх боломжгүй байна, яах вэ гэсэн асуудлыг захиралдаа хэлж чөлөө хүссэн байдаг. Тухайн тооцооны төвийн захирал нь ирэх боломжгүй байгаа бол теллерийн гүйлгээний эрхээ өг, шилжүүлж өгье гээд гүйлгээнийх нь эрхийг аваад тухайн өдрийнх нь гүйлгээг хийлгэсэн байгаа.. Ахлах теллер нь хүндэтгэн үзэх шалтгаантай ажилдаа ирээгүй бол кассыг шилжүүлж болно гэсэн журам байдаг. Тухайн тооцооны төв дээр шат дараалсан хяналтыг ажил үүргийнхээ дагуу теллерийг ахлах теллер нь хянадаг. Ахлах теллерийн гүйлгээг тооцооны төвийн захирлууд өдөр бүр хянадаг. Үүнийг миний тухайд өдөр бүр хянаад байх боломжгүй. Яагаад гэвэл миний хяналт тавьж ажиллах тооцооны төв нь Аймгийн төвд 1, 7 нь алслагдсан сумдад байдаг тул тухайн хяналт шалгалтыг миний бие өдөр тутам газар дээр нь очиж хяналт тавьж хэрэгжүүлэх боломжгүй. Баянжаргалын тухайд тухайн тооцооны төвийн захирал нь чөлөө өгөөд ахлах теллерийн эрхээ өгөх гэж зөвшөөрсөн, Мөнгөнбаясгалангийн тухайд ахлах теллерийн өгсөн зааварчилгааны дагуу хийсэн ажиллагаа юм. Үүнээс болж банканд ямарваа нэгэн хор хөнөөл учруулсан зүйл байхгүй. Мөн миний хариуцдаг Галт тооцооны төвд гарсан зөрчил нь надад огт мэдэгдэхгүйгээр банкнаас хэсэг бүлэг хүмүүс очиж хяналт шалгалт хийж илрүүлсэн зөрчил юм. Үүнийг миний бие мэдэх боломжгүй зөрчил байсан бөгөөд 2019 оны 9 дүгээр сарын 6-ны өдөр Галт тооцооны төвд шалгалт хийж ирчихээд надад танилцуулахгүйгээр өглөө 8 цагт нууцаар зөвлөл хуралдан, шийдвэр гаргасан байдаг. Галт тооцооны төвийн харилцагч Эрдэнэ-Очирын тайлбар, Баяржаргалын тайлбартай би тухайн өдөр танилцсан. Өгсөн тайлбарт тухайн харилцагч нь 12,000,000 төгрөгөө өөрөө авсан. Үүнийгээ хариуцлагатайгаар төлнө гэсэн тайлбар өгсөн байдаг.Тухайн үед 3.000.000 төгрөгийг Галт тооцооны төвийн ажилтан харилцагчаас зээлж авсан гэх үед тооцооны төвийн захирал нь ээлжийн амралттай албан үүргээ гүйцэтгээгүй, хувийн асуудлаар хоорондоо харилцсан байдаг. 2 хүн хоорондоо тохиролцсон харилцааны асуудал гэж үзнэ. Төрийн банк ер нь зээлийн зарцуулалтаа хянадаггүй. Төрийн банк ч гэлтгүй бусад банкууд ч зээлийн зарцуулалтад хяналт тавьдаггүй. Тухайн зээлээр тэр хүн юу зээлэх юу худалдаж авах нь хамаагүй учир банк зээлийн зарцуулалтад хяналт тавьдаггүй. Тиймээс энэ нь 2 хүний харилцаатай холбоотой, байгууллагатай хамааралгүй асуудал гэж үзэж байна. Ийм учраас ажлаас чөлөөлсөн тушаалыг хүлээн зөвшөөрөхгүй боломжгүй юм. Мөн шүүхэд нэхэмжлэл гаргах үед ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөн олговорт 1.272.470 төгрөг гаргуулах шаардлага гаргасан ба түүнээс хойш тодорхой хугацаа өнгөрсөн тул ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөн олговорт 2.615.604 төгрөг гаргуулахаар өөрчилж байна гэв.
Хариуцагч Төрийн банкны Хөвсгөл салбарын захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Л.Б шүүх хуралдаанд тайлбарлахдаа:...Банк харилцагчтайгаа санхүүгийн харилцаанд ордоггүй, харилцагчийн мөнгийг хадгалдаг байгууллага юм. Нэхэмжлэгч тухайн тооцооны төвд хяналт тавьдаг хэдий ч тэр бүрчлэн хяналт тавьж ажиллах боломжгүй гэж тайлбарлаж байна. Энэ хүний ажлын байрны гол үүрэг нь тооцооны төвийг хянах ямар нэгэн зөрчил гарахаас урьдчилан сэргийлж ажиллах юм. Үүнийг л хариуцлага алдсан гэж үзээд байгаа юм. Касс илүүдсэн 20,000 төгрөг харилцагчийг хохироогоогүй нь байх ёстой зүйл гээд байгаа юм Ажлын байраа түр орхих үед үйлдлийн программд нэвтрэх, нууц үгээ бусдад дамжуулж огт болохгүй. Гэтэл теллерүүд хоорондоо дамжуулж гүйлгээ хийдэг байсан ба үүнийгээ хүлээн зөвшөөрч дээрх ажилтнууд хариуцлагаа хүлээсэн байгаа. Илүүдсэн мөнгийг актын дагуу холбогдох дансанд бүртгэнэ гэж заасан байдаг. Гэтэл кассаа хаачихаад 20.000 төгрөг илүүдчихлээ яах вэ гэдэг асуудлыг ярьсан байдаг. Мөнгөнбаясгалан гэдэг хүн шинээр ажилд орсон хүн хэдий ч Төрийн банкны заавар зөвлөгөөг мөрдөж ажиллах ёстой. Энэ бүгдээс урьдчилан сэргийлж нэхэмжлэгч нь заавар зөвлөгөөгөөр хангаж ажиллах ёстой. Тооцооны төвийн мэргэжилтний ажлын байрны гол нөхцөл нь урьдчилан сэргийлж, хяналт тавьж ажиллах юм. Уг асуудлыг гаргахгүй бай гэж энэ албан тушаал байгаа юм. Тайлбаруудаас харахад илүүдсэн 20.000 төгрөгийн эзэн нь олдоогүй, зүгээр л касснаас аваад гарчихсан байдаг. Түүнийгээ би таньдаг хүндээ өгсөн гэсэн тайлбарыг тухайн ажилтан өгсөн байдаг. Уг тайлбарыг өгсний дараа нөгөө хүнээ олж өгсөн гэсэн тайлбарыг өгсөн. Баянжаргалын тухайд захирал руугаа залгаад бүх эрхээ шилжүүлчихсэн байдаг. Ахлах теллер гэдэг нь мөнгө санхүү, банкны бүх бичиг баримтыг хадгалж байдаг хүн байгаа юм. Түлхүүрээ хэн нэгэнд дамжуулж өгч болохгүй. Теллерийн багц журмын 4.8-д Ахлах теллер хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажилдаа ирээгүй бол, захирал эрхлэгчийн зөвшөөрлийн дагуу акт үйлдэн ажлаа хүлээлцэнэ гэж заасан байдаг. Гэтэл тухайн акт үйлдэхгүйгээр утсаар яриад эрхээ шилжүүлсэн. Банк өөрөө ийм байдалтай хариуцлагагүй ажиллаж болохгүй. Касс илүүдсэн мөнгийг нуун дарагдуулж авч гарсан байдаг. 1 төгрөг ч бай 50 төгрөг ч бай илүүдсэн бол холбогдох дансанд нь бүртгэх ёстой болохоос тухайн ажилтныг аваад гар гэж манай банк тухайн ажилтантай хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй. Энэ талаар дотоод журамдаа ч заасан. Дансандаа бүртгэчихсэн байхад илүүдсэн бол ажлын 30 хоногийн дотор шийдвэрлэнэ, дутсан бол ажлын 3 хоногийн дотор шийдвэрлэнэ гээд журамдаа заагаад өгчихсөн байгаа. Дээрх хүмүүс нь өөрсдөө зөрчил гаргасан гэдгээ хүлээн зөвшөөрсөн байдаг. Хяналт буурснаас ийм алдаа зөрчил гарч байгаа юм. Алдаа гаргуулахгүйн үүднээс тооцооны төв хариуцсан мэргэжилтнүүд ажиллаж байгаа юм. Галт тооцооны төвийн захирал Баяржаргал нь банкны дотоод журамд заасан олон алдааг гаргасан байдаг. Ажлаас халагдах болсон үндэслэл нь Эрдэнэ-Очир гэдэг хүнд 10.000.000 төгрөгийн 12 сарын хугацаатай 24 хувийн хүүтэй зээл өгсөн байдаг. Харилцааны менежер нь тухайн зээлийг гаргасан байдаг. Би өөрийн биеэр очсон боловч нөгөө зээл авсан хүн нь Баяржаргалыг ажлаас нь халчихна шүү дээ гээд тайлбараа бичиж өгөхгүй байсан. Баяржаргалтай уулзахад зээл авсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Тухайн тооцооны төв дээр Баяржаргалтай холбоотой маш олон алдаа зөрчлүүд гарч ирсэн. Тухайн ажилтан маань шүүхэд ажилд эгүүлэн тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан боловч хууль хяналтын байгууллагаар давхар шалгагдах байх гээд шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан. Энэ хүний гаргасан зөрчил бол яалт ч үгүй ноцтой зөрчил мөн.Эдгээр тооцооны төвд хяналт тавих үүрэг нь салбар хариуцсан менежерт байдаг. М.Б Мөрөн-2 тооцооны төвийн хурал орж байхад би санал өгөхгүй та нар шийдвэрлэ гээд хурлаас гарч явсан төдийгүй, алдаа гаргасан гэдгээ хүлээн зөвшөөрөөд санал өгсөн байдаг гэв.
Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон зохигчийн тайлбарыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б нь хариуцагч Төрийн банкны Хөвсгөл салбарт холбогдуулан урьд ажиллаж байсан Төрийн банкны Хөвсгөл салбарын Тооцооны төв хариуцсан менежерийн үүрэгт ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөн олговорт 1.272.470 /нэг сая хоёр зуун далан хоёр мянга дөрвөн зуун дал/ төгрөг гаргуулж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлүүдийг нөхөн тооцуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргасан бөгөөд шүүх хуралдаанд ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөн олговор гаргуулах тухай шаардлагадаа өөрчлөлт оруулж 2.615.604 / хоёр сая зургаан зуун арван таван мянга зургаан зуун дөрөв/ төгрөг гаргуулахаар нэхэмжилжээ.
М.Б нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасан хугацаанд шүүхэд нэхэмжлэл гаргасан, хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй байх ба нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Учир нь: Хариуцагч тал нь М.Б-г Төрийн банкны хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээ, ёс зүйн дүрэм болон холбогдох заавар, журмыг зөрчиж ажлын байрны тодорхойлолтын дагуу шат дараалсан хяналтыг хэрэгжүүлж ажиллаагүйн улмаас хариуцсан нэгж дээр нь ноцтой зөрчил гарсан тул ажлаас чөлөөлсөн ба энэ нь үндэслэлтэй, нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.
М.Б Төрийн банкны Хөвсгөл салбарт 2011 оноос эхлэн борлуулалт, үйлчилгээний мэргэжилтэн, эдийн засагч, тооцооны төв хариуцсан менежерээр томилогдон ажиллаж байсан болох нь зохигчийн тайлбар, 2006 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс олгосон нийгмийн даатгалын дэвтэр, эрүүл мэндийн даатгалын дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарууд, хөдөлмөрийн гэрээ болон ажлын байрны тодорхойлолтын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарууд зэрэг баримтуудаар тогтоогдлоо.
Нэхэмжлэгч М.Б нь шат дараалсан хяналтыг хэрэгжүүлж ажиллаагүйн улмаас хариуцсан нэгж дээр нь ноцтой зөрчил гарсан гэх үндэслэлээр Төрийн банкны Хөвсгөл салбарын захирлын 2019 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн Сахилгын шийтгэл ногдуулах тухай Б/168 тоот тушаалаар үндсэн цалинг 2 сарын хугацаатай 20 хувиар бууруулах арга хэмжээ авахуулж байсан ба тэрээр тухайн тушаалд гомдол гаргаагүй тул сахилгын шийтгэлийг зөвшөөрсөн гэж дүгнэх үндэслэлтэй байна.
М.Б-г ажиллаж байх хугацаандаа ажлын байрны тодорхойлолтын дагуу шат дараалсан хяналтыг хэрэгжүүлж ажиллаагүйн улмаас хариуцсан нэгж болох Хөвсгөл салбарын харьяа Мөрөн-2 тооцооны төв...Хөвсгөл салбарын харьяа Галт тооцооны төвд харилцагчтай санхүүгийн харилцаанд орсон, хөдөлмөрийн дотоод журам, болон теллерийн системийн багц журмын холбогдох заалтуудыг зөрчсөн ноцтой зөрчил гарсан гэх үндэслэлээр ажлаас халсан болох нь зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, Төрийн банкны Хөвсгөл салбарын захирлын 2019 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн М.Б тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай Б/186 тоот тушаал зэргээр нотлогдож байх ба ажилтан М.Б-г ажлаас халсан Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай Б/186 тоот тушаал нь эрх зүйн акт болохын хувьд хуулийн шаардлага хангахгүй байна.
Тухайлбал: Тус тушаалд ажлаас халсан үндэслэлийг ажлын байрны тодорхойлолтын дагуу ажиллаагүй гэсэн байх боловч ажил олгогчоос гаргасан дүрэм, журам, зааварт тусгагдсан ажлын байрны тогтоосон горим, журмыг ажилтан ноцтой байдлаар зөрчсөн ч тухайн актыг хөдөлмөрийн гэрээтэй адилтган үзэх боломжгүй ба харин дээрх дүрэм, журам, зааврын зарим заалтыг зөрчвөл ноцтой зөрчилд тооцохоор хөдөлмөрийн гэрээнд заасныг адилтган үзэж болно.
Гэтэл ажил олгогчоос М.Б тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээнд ажлын байрны тодорхойлолтод заасан заалтын зөрчвөл ноцтой зөрчилд тооцохоор тусгаагүй ба ажилтан шат дараалсан ямар хяналтыг хэрхэн хэрэгжүүлж ажиллах эсэх нь ойлгомжгүй, шат дараалан хэрэгжүүлэх хяналтын тохиолдол бүрийг хөдөлмөрийн гэрээнд нэрлэн заагаагүй байна.
Түүнчлэн Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлд Хөдөлмөрийн гэрээ дуусгавар болох үндэслэл, 38 дугаар зүйлд хөдөлмөрийн гэрээ цуцлах үндэслэл, 39 дүгээр зүйлд Хөдөлмөрийн гэрээг ажилтны санаачилгаар цуцлах, 40 дүгээр зүйлд Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан тохиолдолд хөдөлмөрийн гэрээг цуцлахаар заасан.
Хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гэдгийг ажил олгогчид эд хөрөнгийн хохирол учруулах, бизнесийн ба ажил хэргийн нэр хүндийг нь гутаах зэргээр түүний эрх, ашиг сонирхолд нөлөөлөхүйц сөрөг үр дагаврыг буй болгосон, уг ажилтны хөдөлмөрийн гэрээгээр хүлээн үүрэгт харш үйлдэл, эс үйлдэхүй байна гэж ойлгох бөгөөд ажилтан М.Б-ий үйлдэл, эс үйлдэхүйн улмаас ажил олгогчид ямар хохирол учирсан нь тодорхойгүй, хэргийн баримтаар дээрх байдал тогтоогдоогүй болно.
Иймд дээрх үндэслэлээр шүүх нэхэмжлэгч М.Б-ий Төрийн банкны Хөвсгөл салбарын Тооцооны төв хариуцсан менежерийн үүрэгт ажлаас үндэслэлгүй халагдсан гэж дүгнэн, ажилд эргүүлэн тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч нь ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулахаар нэхэмжилжээ.
М.Б нь 2019 оны 6 дугаар сард 1.078.181 төгрөг, 2019 оны 7 дугаар сард 2.120.000 төгрөг, 2019 оны 8 дугаар сард 1.361.505 төгрөг авч байсан нь түүний 0155926 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбараар тогтоогдож байх тул ажилгүй байсан хугацаа 51 хоногийн цалин 3.605.292 төгрөг байна. Гэвч нэхэмжлэгч шүүх хуралдаанд ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт өөрчлөлт оруулж нийт 2.615.604 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна гэх тайлбарыг гаргасан тул уг хэмжээгээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 2.615.604 төгрөгийг Төрийн банкны Хөвсгөл салбараас гаргуулж нэхэмжлэгчид олгож,
Мөн ажил олгогчийн санаачилгаар ажлаас буруу халсан тухай ажилтны гомдол нь эд хөрөнгийн бус үнэлэх боломжгүй нэхэмжлэл болон гомдлоор авч хэлэлцэх хэрэгт хамаарах бөгөөд зөвхөн нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг ба нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 30.089 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгох, хариуцагчаас тус гомдолд төлөх улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг, нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 2.615.604 төгрөгний улсын тэмдэгтийн хураамж 56.800 төгрөг, нийт 127.000 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар М.Б-г Төрийн банкны Хөвсгөл салбарын Тооцооны төв хариуцсан менежерийн ажилд эгүүлэн тогтоосугай.
2. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар Төрийн банкны Хөвсгөл салбараас ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 2.615.604 / хоёр сая зургаан зуун арван таван мянга зургаан зуун дөрөв/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч М.Б д олгосугай.
3. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д зааснаар нэхэмжлэгч М.Б-ий ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэл болон бусад татварыг суутган, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагч Төрийн банкны Хөвсгөл салбарт даалгасугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 30.089 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж түүнд олгох, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар хариуцагч Төрийн банкны Хөвсгөл салбараас улсын тэмдэгтийн хураамжид 127.000 / нэг зуун хорин долоон мянга/ төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ДАВААХҮҮ