Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 0074

 

 

 

 

 

 

      С.Д нарт холбогдох

                                             эрүүгийн хэргийн тухай

 

          Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Эрдэнэбат даргалж, шүүгч М.Хүрэлбаатар, шүүгч С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

 

                   Прокурор                                               Г.Э

                   Шүүгдэгч                                                Ж.Э

      Шүүгдэгч нарын өмгөөлөгч                Ж.Б, А.Э

Л.Ц

      Хохирогчийн төлөөлөгч                      Д.П

                   Нарийн бичгийн дарга                      Э.Булгантамир нарыг оролцуулан

 

           Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхтунгалаг даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 154 дүгээр цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч гаргасан прокурор Л.О, Г.Э нарын эсэргүүцлээр шүүгдэгч С.Д, Ж.Э нарт холбогдох эрүүгийн хэргийг 2022 оны 06 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

            К овогт С-н Д,

                                                                                                                                                               Ж чойр овогт Ж-н Э,

С.Д нь “Э”  сургуулийн захирлаар ажиллаж байх хугацаандаа 2017 оны 09 дүгээр сард албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж ажлын байрны тодорхойлолт, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийг зөрчиж тендер сонгон шалгаруулалт зарлалгүйгээр “Э” Төрийн өмчит үйлдвэрийн газрын  Холбоо мэдээллийн технологийн автоматжуулалтын цехийн холбооны инженер Г.Г-р дамжуулан түүний төрсөн дүү Г.У-н “Э” хязгаарлагдмал хариуцлагатай компаниас 20.249.600 төгрөгийн бараа материал,

“Э” Төрийн өмчит үйлдвэрийн газрын  дэргэдэх Технологийн сургуулийн сүлжээний мэргэжилтэн Б.Б-р дамжуулан түүний эхнэр Ж.Н-н “Т” хязгаарлагдмал хариуцлагатай компаниас 25.597.000 төгрөгийн сүлжээний тоног төхөөрөмж,

“В” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн худалдааны зөвлөх Э.Т-р зуучлуулан түүний найз Б.Б-ны “А” хязгаарлагдмал хариуцлагатай компаниас 57.213.672 төгрөгийн тавилга, эд хогшил тус тус шууд худалдан авч, бусдад давуу байдал олгож, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэмт хэрэгт,

 

 Ж.Э нь “Э” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн /хуучнаар/ Санхүү, эдийн засаг хариуцсан дэд захирлаар ажиллаж байхдаа 2017 онд “Э”  сургуулийн захирлаар ажиллаж байсан С.Дын албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж ажлын байрны тодорхойлолт, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийг зөрчиж тендер сонгон шалгаруулалт зарлалгүйгээр “Э” Төрийн өмчит үйлдвэрийн газрын Холбоо мэдээллийн технологийн автоматжуулалтын цехийн холбооны инженер Г.Г-р дамжуулан түүний төрсөн дүү Г.У-н “Э” хязгаарлагдмал хариуцлагатай компаниас 20.249.600 төгрөгийн бараа материал,

“Э” ХХК-ийн дэргэдэх Технологийн сургуулийн сүлжээний мэргэжилтэн Б.Б-р дамжуулан түүний эхнэр Ж.Н-н “Т” хязгаарлагдмал хариуцлагатай компаниас 25.597.000 төгрөгийн сүлжээний тоног төхөөрөмж,

 “В” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн худалдааны зөвлөх Э.Т-р зуучлуулан түүний найз Б.Б-ны “А” хязгаарлагдмал хариуцлагатай компаниас 57.213.672 төгрөгийн тавилга, эд хогшил тус тус шууд худалдан авч бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдэж, худалдан авалтыг хэсэгчлэх байдлаар буюу үнийн дүнг 10.000.000 төгрөгт багтааж худалдан авалт хийх үүрэг даалгаврыг амаар өгч, дэмжлэг үзүүлэн эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Орхон аймгийн Прокурорын газраас: С.Д, Ж.Э нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

            Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг баримтлан, Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Э, Л.О нараас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдийг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн К овогт С-н Д, Ж чойр овогт Ж-н Э нарт холбогдох эрүүгийн хэргийг “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, тэднийг цагаатгаж,

 

          Шүүгдэгч С.Д, Ж.Э нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Прокурор Л.О, Г.Э нар эсэргүүцэлдээ:

 

“... Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д заасны дагуу Засгийн газрын 2013 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 68 дугаартай тогтоолоор нээлттэй тендер зарлахгүйгээр шууд худалдан авалт хийж болох төсөвт өртгийн дээд хязгаарыг 10.0 сая төгрөг байхаар тогтоосон.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 8.2-т “Энэ хуулийн 8.1.1-д заасан босго үнээс дээш төсөвт өртөгтэй бараа, ажил, үйлчилгээг худалдан авахад энэ хуульд өөрөөр заагаагүй бол нээлттэй тендер шалгаруулалтын журмыг хэрэглэнэ”, 8.5-д “Энэ хуулийн 8.1 дэх хэсэгт заасан босго үнэд багтаах, эсхүл нээлттэй тендер шалгаруулалтын журмыг хэрэглэхээс зайлсхийх зорилгоор нийт төсөвт өртгийг хувааж хэд хэдэн тендер шалгаруулалт явуулахыг хориглоно” гэж заасан.

Гэтэл шүүгдэгч нар нь хууль тогтоомж дүрэм журмаар тогтоогдсон эрхлэх чиг үүрэг, бүрэн эрхэд шууд хамааралгүй албан тушаалын дээгүүр эрх, нийтлэг давуу байдлаа ашиглан ажлын байрны тодорхойлолт, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийг зөрчиж тендер сонгон шалгаруулалт зарлалгүйгээр худалдан авах ажиллагаанд хууль бусаар оролцож С.Д нь өөрийн хамаарал бүхий этгээдүүдээр дамжуулж 3 компани сонгосон, Ж.Э нь худалдан авах ажиллагааг 10.000.000 төгрөгт багтаан яаралтай хурдан шуурхай зохион байгуулах үүрэг чиглэл өгсөн нь хэрэгт цугларсан нотлох баримтаар нотлогдсон.

Гэтэл шүүх “Э” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн Хангамжийн хэлтэс нь худалдан авалт зохион байгуулах байсан. “Э” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн Ерөнхий захирал Х.Б-н 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн      дугаартай “Магадалшгүй ажилд тооцох тухай” тушаал гарч, Технологийн их сургуулийн дотуур байрны засвар түүнд үндсэн хөрөнгө худалдан авах ажилд 105.096.000 төгрөгийн санхүүжилт батлагдсаны дараа Хангамжийн хэлтсийн дарга, мэргэжилтнүүд худалдан авах ажиллагааг хууль, журмуудад заасны дагуу зохион байгуулж ажиллагаагүй, хийх ёстой ажлаа хийгээгүй болох нь тогтоогдсон гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй.

Хангамжийн хэлтсийн дарга Ц.Э, менежер Р.О нар нь Санхүү эрхэлсэн дэд захирал Ж.Эийн “10, 10 саяд багтаан худалдан авах ажиллагааг зохион байгуул” гэсэн үүргийн дагуу ажилласан үйлдлийг нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэж эрүүгийн хариуцлагад татах үндэслэлгүй ба харин албан тушаалтан хууль, захиргааны хэм хэмжээний актаар тодорхойлогдсон албан үүргээ биелүүлээгүй, зохих ёсоор биелүүлээгүй үйлдэл гаргасан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй боловч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан” үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татахаас татгалзаж шийдвэрлэсэн.

Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь хэлбэрийн бүрэлдэхүүнтэй ба хохирол. хор уршиг арилсан эсэхээс үл хамааран нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгосон үйлдэл хийснээр гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан гэж үзнэ.

Яллах дүгнэлтэд шүүгдэгч нарыг албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж ажлын байрны тодорхойлолт, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийг зөрчиж тендер сонгон шалгаруулалт зарлалгүйгээр 105.096.000 төгрөгийн тавилга эд хогшлыг нэр бүхий 3 компаниас шууд худалдан авч бусдад давуу байдал олгож, эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэж тодорхой дурдсан байхад

шүүх шүүгдэгч нар нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглахдаа албан үүргийнхээ хувиар, хуульд заасан бүрэн эрхийнхээ хувиар, эсхүл албан тушаалын байдлын хувиар урвуулан ашигласан гэдгийг аль нөхцлөөр ашигласан гэдгийг тодорхойлоогүй, шүүгдэгч нарын гэм буруутай үйлдлийн улмаас бусдад давуу байдлыг бий болгосон гэдгээ яллах дүгнэлтэд дурдаагүй, тэднийг үйлдлийг гэмт хэргийн шинж агуулсан гэж үзэхэд эргэлзээтэй нөхцөл байдлыг үүсгэж байна гэж дүгнэсэн нь ойлгомжгүй байна.

Авлигын эсрэг НҮБ-ын Конвенцод нийцүүлэн Монгол Улсын Их хурлаас 2006 оны 07 дугаар сарын 06-ны өдөр баталсан Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлд төрийн албан хаагч албан тушаалынхаа бүрэн эрхийн дагуу асуудал боловсруулж шийдвэрлэхдээ хууль бусаар аль нэг хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, албан тушаалынхаа байдлыг ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэх, хууль бусаар ашиг хонжоо олох, бусдад давуу байдал олгох зорилготой бусад үйлдэл хийх зэргээр ашиг сонирхлын зөрчилтэй үйл ажиллагааг явуулахыг хориглосон байна.

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт “Албан тушаалтан нь хууль дээдлэх зарчимд захирагдан, албан үүргээ иргэдийн итгэл хүлээхүйц, тэгш, шударга, хариуцлагатайгаар гүйцэтгэж, албаны ёс зүйг сахина”, 6.3 дахь хэсэгт “Албан тушаалтан албаны бүрэн эрхээ хувийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн зорилгод ашиглахгүй бөгөөд албан үүрэгт нь нөлөөлөхүйц аливаа харилцаанаас ангид байна”, 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт “Албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхдээ өөрийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн ашиг сонирхлыг хөндсөн захиргааны акт гаргах, удирдах, хяналт, шалгалт хийх, хариуцлага хүлээлгэх, гэрээ байгуулах, эдгээрийг хэлэлцэх, бэлтгэх, оролцох зэрэг үйл ажиллагаа явуулахыг хориглоно” гэж заасан.

Шүүх “Шүүгдэгч нар эрхэлж байсан ажил, албан тушаалын хувьд нийтийн албан тушаалтанд хамаарч байгаа хэдий ч ажил үүргийн хувьд худалдан авах ажлыг зохион байгуулах үүрэг хүлээгээгүй этгээдүүд юм. Албан тушаалтан албаны эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх замаар хувьдаа ашиг хонжоо олсон, эсхүл өөр хүн, хуулийн этгээдэд ийм боломж олгосон байх нь энэ бүлэгт заасан гэмт хэргийн шинж юм. Нийтийн албан тушаалтан нь хууль тогтоомж болон эрх зүйн бусад актаар өөрт нь тухайлан олгосон албаны бүрэн эрхийн хүрээнд чиг үүргээ хэрэгжүүлэх ёстой байдаг” гэж дүгнэсэн атлаа шүүгдэгч нарыг буруутгах боломжгүй, энэ үйлдлийг шүүгдэгч хийгээгүй гэж үзлээ гэж дүгнэлт хийж байгаа нь шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэхэд нөлөөлсөн ноцтой зөрүүтэй байна гэж үзэж байна.

Шүүх шүүгдэгч С.Дыг “Э” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн Холбоо мэдээллийн технологийн автоматжуулалтын цехийн холбооны инженер Г.Г-р дамжуулан түүний төрсөн дүү Г.У-н “Эй Си И Икс” хязгаарлагдмал хариуцлагатай компаниас 20.249.600 төгрөгийн бараа материал,

“Э” ТӨҮГ-ын дэргэдэх Технологийн сургуулийн сүлжээний мэргэжилтэн Б.Б-р дамжуулан түүний эхнэр Ж.Н-н “Т” хязгаарлагдмал хариуцлагатай компаниас 25.597.000 төгрөгийн сүлжээний тоног төхөөрөмж шууд худалдан авсан үйлдэл нь

тус сургуульд чанартай тоног төхөөрөмж авах гэсэн хүсэл байсан болохоос гэмт хэрэг хэрэг үйлдэх, ашиг хонжоо олох гэсэн сэдэлт, зорилго агуулсан гэж үзэх үндэслэлгүй бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан боловч тухайн этгээдийн хувийн байдал, үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын хэр хэмжээ нь энэ хуулиар хамгаалагдсан эрх ашигт бодит хохирол, хор уршиг учруулаагүй үйлдэл эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй” гэж заасан тул энэ үйлдлийг гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан, нийгмийн аюулын хэр хэмжээ нь энэ хуулиар хамгаалагдсан эрх ашигт бодит хохирол, хор уршиг учруулаагүй үйлдэл гэж дүгнэсэн нь Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн.

Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгосон” бол гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан ба энэ гэмт хэргийн нийгмийн аюулын хэр хэмжээ нь бодит хор уршиг учирснаар гэмт хэрэгт тооцохоор хуульчлаагүй нийтийн албан тушаалтны хувьд хууль тогтоомж, дүрэм журмаар тогтоосон эрхлэх чиг үүрэг бүрэн эрхэд нь хамаарахгүй ч албан тушаалыг дээгүүр эрх, нийтлэг давуу байдлаар бусад албан тушаалтнуудад нөлөөлсөн үйлдэл гаргасан байхад шүүх бодит хохирол, хор уршиг учруулаагүй гэж дүгнэсэн нь Эрүүгийн хуулийн зүйл хэсэг заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.4, 3.7 дугаар зүйлүүдэд гэмт хэрэгт хамтран оролцох хэлбэрүүдийг заасан ба шүүгдэгч нар нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль, “Э” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн ерөнхий захирлын “Бараа ажил үйлчилгээ худалдан авах ерөнхий журам”-ыг зөрчиж бараа ажил үйлчилгээ худалдан авч байгаагаа мэдсээр байж үйлдлээрээ нэгдэж бүлэглэн гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт цугларсан нотлох баримтаар нотлогдсон байхад шүүх прокурорууд нь яллах дүгнэлтдээ шүүгдэгч нарыг гэмт хэрэг бүлэглэн үйлдсэн, санаатай нэгдсэн, гэмт хэрэгт хамтран оролцсон гэж дүгнэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг тус тус баримталж яллах дүгнэлт үйлдсэн нь гэмт хэрэгт хамтран оролцох шинжид нийцээгүй гэж дүгнэсэн нь мөн Эрүүгийн хуулийн зүйл хэсэг заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна.

Иймд Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 154 дугаартай цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан улсын яллагчийн эсэргүүцэл бичив” гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Ж.Э тайлбартаа: “ ... Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гэж үзэж байна ... ” гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч С.Дын өмгөөлөгч А.Э тайлбартаа: ... С.Дын хувьд Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдэх сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр байхгүй байна. Мөн прокурорын зүгээс үнэхээр Ж.Э, С.Д хоёр энэ гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэж үзэж байгаа бол энэ худалдан авах ажиллагаа гэдэг цогц процесс ажиллагааг явуулах хууль болон үйлдвэрийн захирлын тушаалаар батлагдсан журамд заасан чиг үүргээ хэрэгжүүлэх, худалдан авах ажиллагааг зохион байгуулах, хяналт тавих чиг үүргээ хэрэгжүүлээгүй этгээдүүд хамтарч оролцоод байгаа юм биш үү. Эцэст нь хэлэхэд тухайн үйл баримт нь гэмт хэргийн шинжийг агуулаагүй ... гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч С.Дын өмгөөлөгч Л.Ц тайлбартаа: ... Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий гарсан учраас цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү ... гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Ж.Эийн өмгөөлөгч Ж.Б тайлбартаа: “Прокурорын эсэргүүцлийг хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй ... цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогчийн төлөөлөгч  Д.П тайлбартаа: ...Тайлбар байхгүй ... гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Г.Э дүгнэлтдээ: “Эсэргүүцлээ дэмжиж шүүх хуралдаанд оролцож байна... Цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах саналтай байна” гэв.

  

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх прокурор Л.О, Г.Э нарын эсэргүүцлийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч С.Д, Ж.Э нарт холбогдох хэргийг хянан хэлэлцээд тэдгээрийн үйлдлийг “гэмт хэргийн шинжгүй” гэсэн үндэслэлээр  хэрэгсэхгүй болгож, цагаатгаж шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалд нийцсэн, хууль зүйн үндэслэлтэй байна.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд шүүгдэгч С.Д нь “Э” хязгаарлагдмал хариуцлагатай компани Ш.О-н нэрэмжит Технологийн сургуулийн захирлаар ажиллаж байх хугацаандаа 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдөр     дугаартай “Үндсэн хөрөнгө худалдан авах тухай” албан бичгийг “Э” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн ерөнхий захирал Х.Б-д, 2017 оны 08 дугаар сарын 04-ний өдөр 31/351 дугаартай “Үндсэн хөрөнгө худалдан авах тухай” албан бичгийг тус компанийн Санхүү, эдийн засаг хариуцсан дэд захирал Ж.Э нарт тус тус хүргүүлжээ.

Дээрх албан бичгийг үндэслэн “Э” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн ерөнхий захирал Х.Б 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдөр     дугаартай “Магадалшгүй ажилд тооцох тухай” тушаал гаргаж, тушаалын хавсралтаар Технологийн их сургуулийн дотуур байрны засвар түүнд үндсэн хөрөнгө худалдан авах ажилд 105.096.000 төгрөгийг магадалшгүй ажилд тооцож, тушаалын хэрэгжилтэд хяналт тавихыг Санхүү, эдийн засаг хариуцсан дэд захирал Ж.Эт даалгасан байна.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д заасны дагуу Засгийн газрын 2013 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 68 дугаартай тогтоолоор нээлттэй тендер зарлахгүйгээр шууд худалдан авалт хийж болох төсөвт өртгийн дээд хязгаарыг 10.0 сая төгрөг байхаар тогтоосон бөгөөд мөн хуулийн 8 дугаар зүйлийн 8.5-д “Энэ хуулийн 8.1 дэх хэсэгт заасан босго үнэд багтаах, эсхүл нээлттэй тендер шалгаруулалтын журмыг хэрэглэхээс зайлсхийх зорилгоор нийт төсөвт өртгийг хувааж хэд хэдэн тендер шалгаруулалт явуулахыг хориглоно” гэж заажээ.

С.Д нь “Э” хязгаарлагдмал хариуцлагатай компани Ш.Он нэрэмжит сургуулийн захирлын хувьд тухайн жилийн хичээлийн жил эхлэх болсонтой холбогдуулан Санхүү, эдийн засаг хариуцсан дэд захирал Ж.Эийг “ ...10 сая төгрөгөнд багтаан худалдан авах хэрэгтэй юм байна...” гэсний дагуу тус сургуульд шаардлагатай тавилга, цахилгаан бараа, тоног төхөөрөмж зэргийг нэр бүхий компаниудаас 105.085.232 төгрөгөөр худалдан авсан үйл баримт тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг нь хэлбэрийн бүрэлдэхүүнтэй ба нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон үйлдэл хийснээр гэмт хэргийн шинжийг агуулна.

Мөн “Албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглах” гэдэг нь Авлигын эсрэг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т зааснаар “Албан тушаалын эрх мэдлийг албаны эрх ашгийн эсрэг буюу хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийх”-ийг хэлнэ.

Шүүгдэгч С.Д, Ж.Э нарын үйлдэл /эс үйлдэхүй/ нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дээрх заалтуудыг зөрчсөн байх боловч тэдгээрийн үйлдэл /эс үйлдэхүй/ нь албаны эрх ашгийн эсрэг үйлдсэн шинжгүй, хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх сэдэлт, зорилго тогтоогдохгүй байх тул Эрүүгийн хуульд заасан албан тушаал, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон гэж үзэх үндэслэлгүй байна.

Мөн тус сургуульд худалдан авсан тавилга, цахилгаан бараа, тоног төхөөрөмж зэргийг “Э” хязгаарлагдмал хариуцлагатай компани /хуучнаар/-йн эрх бүхий албан тушаалтнууд хүлээн зөвшөөрч, хөрөнгө хүлээн авсан акт үйлдэж орлогод авсан, төлбөрийг 10.000.000 төгрөгийн үнийн дүнгээс илүүгүй хэмжээгээр хэсэгчилсэн байдлаар буюу “Э” хязгаарлагдмал хариуцлагатай компанид нийт 22.274.560 төгрөг, “Т” хязгаарлагдмал хариуцлагатай компанид нийт 25.597.000 төгрөг, “А” хязгаарлагдмал хариуцлагатай компанид нийт 57.213.672 төгрөгийг тус тус шилжүүлснээс гадна дээрх хөрөнгүүд нь тухайн байгууллагын үндсэн хөрөнгөд бүртгэгджээ.

Давж заалдах шатны шүүх хавтаст хэрэгт авагдсан яллах, цагаатгах талын бүхий л нотлох баримтуудыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзвэл шүүгдэгч С.Д, Ж.Э нарыг Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан заасан гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэж үзэх, өөрөөр хэлбэл албаны эрх ашгийн эсрэг хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлсэн гэх үндэслэл хангалттай нотлогдоогүй, түүнчлэн шүүгдэгч нарын гэм буруутай эсэхэд эргэлзээ бүхий нөхцөл байдал тогтоогдож байх тул анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг буруутгах хууль зүйн үндэслэл тогтоогдоогүй болно.

Худалдан авах ажиллагааг зохих журмын дагуу зохион явуулах, хяналт тавих үүргээ биелүүлээгүй гэх Р.О, Ц.Э нарт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татахаас татгалзсан прокурорын тогтоол хэрэгт авагдсан бөгөөд хэргийн оролцогч нарт дээрх шийдвэрийг гардуулаагүй, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байх боловч давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогчийн төлөөлөгч нь “прокурорын дээрх шийдвэрт гомдолгүй” гэсэн тайлбар гаргасан болно.

 

Түүнээс гадна “Э” хязгаарлагдмал хариуцлагатай компаниас нийт 22.274.560 төгрөгийн үнэ бүхий тоног төхөөрөмж худалдан авсан атал “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол” /3 дугаар хх 232/ болон яллах дүгнэлтэд уг үнийн дүнг 20.249.600 гэж зөрүүтэй бичсэн /7 дугаар хх 44/, шүүгдэгч С.Д нь худалдан авах ажиллагаа буюу тендер сонгон шалгаруулалт зарлах эрхтэй этгээд биш атал прокурорын яллах дүгнэлтэд түүнийг “ ... хууль зөрчиж тендер сонгон шалгаруулалт зарлалгүйгээр... “ гэж ялласан, шүүгдэгч С.Д, Ж.Э нарын ямар үйлдэл /эс үйлдэхүй/ нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн чухам аль заалтыг, хэрхэн зөрчсөн талаар яллах дүгнэлтэд тодорхой заагаагүй байгаа зэргийг тус тус дурдах нь зүйтэй гэж үзлээ.

Иймд анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, прокурор Л.О, Г.Э нарын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Хэрэгт зэрэгцэн хяналт тавьсан прокурорууд нь “... цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү” гэсэн агуулгатай эсэргүүцэл гаргасан боловч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалт буюу “Давж заалдах шатны шүүх ... анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь, эсхүл зарим хэсгийг хүчингүй болгож, хэргийг прокурорт, эсхүл дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцаах” гэсэн заалт нь 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар хүчингүй болсон бөгөөд хуулийн энэхүү өөрчлөлт нь 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр дагаж мөрдөгдөж байгааг дурьдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2.д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

            

1.Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 154 дүгээр цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, прокурор Л.О Г.Э нарын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Л.ЭРДЭНЭБАТ

               ШҮҮГЧИД                                                     М.ХҮРЭЛБААТАР

                                                                                                С.УРАНЧИМЭГ