Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 62

 

Б.М-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2020/00177/и

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мөнхдаваа даргалж, шүүгч Л.Амарсанаа, О.Нарангэрэл нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны  04 дүгээр сарын 10-ны өдрийн 439 дүгээр шийдвэртэй,

Нэхэмжлэгч Б.М-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч И.О-т холбогдох

"Гэм хорын хохирол 6.608.765 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг

Хариуцагч И.О-ын давж заалдсан гомдлыг үндэслэн

           2020 оны 05 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч О.Нарангэрэл илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Содболд, хариуцагч И.О-, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

Нэхэмжлэгч Б.М- нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Л.Т-, И.О- нар нь 2019 оны 08 дугаар сарын 10-нд Булган аймаг яваад ирнэ гээд машин авсан. Бид ярилцаад хамт явахаар болж 2019 оны 08 дугаар сарын 11-ний өглөө 7-8 цагийн хооронд Дарханаас гарч Булган аймаг хөдөлсөн. Хонда пит 17-40 ДАХ машиныг И.О- жолоодож явсан. Хөтөлөөс Л.Т- ач хүүгээ авч цааш явж байгаад Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн суманд замын хажуу руу хэд хэд эргэн унаж бүгд 6 хүн хүнд хөнгөн гэмтэж осолд орсон. Миний бие Б.М- нь хүү М.Ариунтулгын хамт зорчин явж байсан. Осолд өртсөнөөс Б.М- миний биед хэвлийн битүү гэмтэл, элэг баруун дэлбэн урагдалтай, бүдүүн гэдэс 12 хуруу гэдэсний нүүрэн зулгаралт гэсэн гэмтэлтэй гарсан. Эрдэнэт хотын гэмтэл согог сэргээн засах тасагт дотуур цус алдалттай хэвлийн хагалгаанд орсон. М.А- зүүн эгмийн битүү хугарал зөөлөн эдийн няцрал гэсэн оноштой.

Б.М- миний бие нь 2019 оны 08 дугаар сарын 11-ний өдөр зам тээврийн осолд өртсөнөөс үүдэн хөдөлмөрлөх чадвараа түр алдаж өөрийн эд хөрөнгө, эрүүл мэндээр хохирсон учир өөрт учирсан хохирлыг гаргуулан төлүүлэх өргөдөл гаргаж байна гэжээ.

Хариуцагч И.О- болон түүний өмгөөлөгч Б.Цэрэнбат нар нь шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Б.М-ын гаргасан нэхэмжлэлийг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй. Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 01 дүгээр шийтгэх тогтоолын дүгнэх хэсэгт Б.М-ын нэхэмжлэлийн талаар дэлгэрэнгүй дурджээ. И.О-аас Б.М-д шилжүүлгээр өгсөн 2.100.000 төгрөг нь тээврийн хэрэгслийн хохирлын үнэлгээгээр гарсан 1.780.000 төгрөг, эмчилгээний зардлын баримтгүй байсан хэдий ч И.О-аас хүнлэг сэтгэл гаргаж, гарч болох зардалдаа зориулаг гэж өгсөн 340.000 төгрөг байгаа юм. /шийтгэх тогтоолд дурдсан байгаа/

Нэхэмжлэлд эрүүгийн шүүх хурал дээр нэхэмжлээгүй, хөдөлмөрийн чадвараа алдсан хугацааны цалин гэх 5.737.665 төгрөг, утасны төлбөр гэж 478.730 төгрөг нэхэмжилснийг, мөн шүүхээр хэрэгсэхгүй болгон шийдвэрлэгдсэн шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолтой байгаа суудлын машины үнэ 800.000 төгрөгийг, мөн бусад зардалд нь 340.000 төгрөг өгсөн байтал үзлэгийн үнэ 25.000 төгрөг, Эрдэнэтээс эмчилгээний баримт авахаар явсан зардал гэх 60.000 төгрөг нэхэмжилснийг тус тус үндэслэлгүй гэж үзэж байна. Хохирол нэхэмжилж байгаа Б.М- нь өөрийн тээврийн хэрэгслээ бусдад шилжүүлсэн, Б.М- зорчигчийн үүргээ биелүүлж аваарын бүсээ зүүгээгүй хамт зорчиж байх үедээ осолд орсноо хүлээн зөвшөөрч мэдүүлсэн байна. Б.М- эрүүгийн шүүх хуралд хохирогчоор оролцож байхдаа зөвхөн 13 дахь сарын цалин нэхэмжилсэн боловч нотлох баримтаа гаргаж өгөөгүй нь үнийн дүнгээ их болгож нэхэх зорилготой байжээ гэж харагдаж байна. Гэтэл байгууллагаас 13 дахь сарын цалинг нь 2.052.073 төгрөг гэж тодорхойлжээ. Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1-р заалтад Зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй.

Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4-т Тээврийн хэрэгсэл ашиглагчийг өмчлөгч буюу эзэмшигч өөрөө томилсон буюу өөрөө түүнд уг хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй гэж хуульчилж зохицуулжээ. Эрүүгийн шүүх хурал дээр Иргэний хуулийн энэ зохицуулалтын дагуу тээврийн хэрэгсэл эзэмшигч Б.М-ын нэхэмжилсэн гэм хорын хохирлыг хэрэгсэхгүй болгох хүсэлтийг өмгөөлөгчийн зүгээс гаргаагүйг дурдъя. Иймд иргэн Б.М-аас нэхэмжилсэн гэм хорын хохирлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 439 дүгээр шийдвэрээр:

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-т заасныг тус тус баримтлан хариуцагч И.О-аас 6.070.035 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.М-д олгож, нэхэмжлэлийн үлдэх шаардлага 538.730 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 41 дүгээр зүйлийн 41.1.7-т зааснаар нэхэмжлэгчийг улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч И.О-аас улсын тэмдэгтийн хураамж 112.071 төгрөгийг гаргуулан төрийн сангийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

Хариуцагч И.О- давж заалдсан гомдолдоо:

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 01 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дугаар заалтад Б.М-ын гэм хорын хохиролд нэхэмжилсэн 6.000.000 төгрөгөөс 13 дахь сарын цалин 2.500.000 төгрөгт холбогдох хэсгийг хэлэлцэхгүй орхин, иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэснийг хохирогч гомдол гаргаагүй, тухайн заалтыг хүлээн зөвшөөрсөн.

Эрүүгийн шүүх хурал дээр гаргаж нэхэмжлээгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж хэргийг шийдвэрлүүлсэн байтал, шүүхийн “шийтгэх тогтоолд заагаагүй” хохирлуудыг нэмж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй.

ЭХХШТХ-ийн 36.5.2-р зүйлд зааснаар Б.М-ын иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар нэхэмжилж байгаа 3 сарын цалин 5.737.665 төгрөг, ЭХО үзлэг 25.000 төгрөг, Эрдэнэт явсан зардал 60.000 төгрөг, утасны төлбөр 478.730 төгрөг, авто машины үнэ 800.000 төгрөгүүдийг Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 01 дүгээр шийтгэх тогтоолд, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ хангуулах эрхтэй болохыг заагаагүй.

Иргэний хуулийн 499 дүгээр зүйлд заасан “Тээврийн хэрэгслийн ашиглалтаас үүссэн гэм хорыг арилгах” зохицуулалтын дагуу Иргэний хуулийн 499.1, 499.4- т “тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй”, “бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу, эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй” гэж тус тус заасан байдаг.

Авто осол гарах үед Б.М-ын өмчлөлийн хондо пит суудлын тэргийг И.О- миний бие жолоодож явахдаа замын хонхор тойрон гарах гэж дарахад рулийн хүрд жолоодлогогүй болж, замын хажуу руу орж онхолдсон.

Б.М- өөрийн машиндаа зорчиж явахдаа хамгаалалтын бүс хэрэглээгүйгээс ослын үед хүнд гэмтэл авсан гэж үзэж байна. Хамт зорчиж явсан хамгаалах бүс хэрэглэсэн хүмүүс гэмтэл аваагүй юм.

Б.М-ын биед учирсан гэмтэл өөрийнх нь буруутай үйл ажиллагаанаас тодорхой хэмжээгээр нөлөөлсөн гэж үзэж байна.

Миний бие нь өндөр настай эх, хөгжлийн бэрхшээлтэй, байнгын асаргаанд байдаг дүү нарынхаа хамт амьдардаг, хамгаалагчийн ажил хийж сарын 250 мянган төгрөгийн цалин авдаг, миний өөрийн бие хууч сүрьеэ өвчтэй, эмнэлгийн хяналтад байдаг, амьдралд, гэр бүлд минь байнгын хоол, хүнс, эм, тарианы мөнгө дутагдаж гачигддаг болохоор иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрлэсэн 6.070.073 төгрөгийг төлөх төлбөрийн чадваргүй, нийгмийн эмзэг бүлэгт бүртгэлтэй өрхийн тэргүүн хүн юм.

Миний амьдралын бэрхшээл, болсон хэрэг учралын байдал, хохирогчийн цалин хангамж, гэм хорын нөлөөлөл, эрүүгийн шүүх хурлын явц, тогтоолын заалт, хуулийн зохицуулалтуудыг хянан үзэж Б.М-д төлөх төлбөрөөс хөнгөлж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зөв гэж үзлээ.

Нэхэмжлэгч Б.М- нь гэм хор учруулсны хохиролд 9.153.468 төгрөгийг хариуцагч И.О-аас гаргуулахаар шаардлага гаргасныг шүүх хангаж шийдвэрлэсэн шийдвэрт хариуцагч давж заалдах гомдол гаргажээ.

Тэрээр ...нэхэмжлэгчийн замын хөдөлгөөнд оролцохдоо зорчигчийн бүс зүүгээгүй байсан нь гэмтэл авч улмаар гэм хор учрахад нөлөөлсөн, мөн Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн агуулгаар хохирлыг Б.М- өөрөө хариуцах үндэслэлтэй, цалин орлого багатай амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой өрхийн тэргүүн тул хохирлын хэмжээг  багасгаж өгнө үү... гэсэн агуулгатай  гомдол гаргажээ.

Хэргийг давж заалдсан гомдлоор хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянахад анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн байх тул уг алдааг давж заалдах шатны шүүхээс засах боломжгүй байна.

Нэхэмжлэгч нь хариуцагчаас 9.153.468 төгрөг гаргуулах шаардлага гаргасан бөгөөд шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэж тайлбар гаргажээ.

Шүүх шийдвэрийн тодорхойлох хэсэгт нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүнг тодорхойлж бичээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт “Тодорхойлох хэсэгт нэхэмжлэлийн шаардлага, нэхэмжлэгчийн тайлбар, хариуцагчийн татгалзал, тайлбар, зохигчийн төлөөлөгч гуравдагч этгээд, түүний төлөөлөгчийн тайлбарын агуулгыг заана” гэх шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэлийн шаардлагыг нэхэмжлэлийн өргөдөлд туссанаар заах бөгөөд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болох зүйлийг өөрчилж шаардлагын хэмжээг ихэсгэж багасгасан бол энэ талаар шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэгт тусгах  нь хуульд нийцнэ. Ийнхүү тусгаагүй нь шүүхийн шийдвэрлэх нэхэмжлэлийн үнийн дүн тодорхойгүй байгаагаас гадна шийдвэрийн үндэслэх хэсэгт нэхэмжлэгч шаардлагаа “2.544.703 төгрөгөөр багасгаж “ гэж дурджээ.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргасан үндэслэл болон нэхэмжлэлийг өөрчлөх, нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх багасгах эрхтэй бөгөөд шүүх хуралдааны явцад энэ эрхээ хэрэгжүүлэх бололцоотой.

Шүүх хуралдааны тэмдэглэлээс үзвэл нэхэмжлэгч энэ эрхээ хэрэгжүүлээгүй харин өмгөөлөгчийн энэ талаарх тайлбараар шүүх нэхэмжлэгч шаардлагаа багасгасан гэсэн дүгнэлт хийжээ.

Өөрөөр хэлбэл зөвхөн нэхэмжлэгчид хуулиар олгогдсон диспозитив  эрхийг түүнд хууль зүйн туслалцаа үзүүлэх эрх бүхий этгээд эдэлж байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 болон зохигч түүний төлөөлөгч, өмгөөлөгч нь хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэнэ гэж 6 дугаар зүйлийн 6.3-д заасныг тус тус зөрчжээ.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч биечлэн оролцсон бөгөөд энэ талаар шүүх бүрэлдэхүүн тодруулах боломжтой байсан боловч энэ ажиллагааг хийгээгүй тул шүүхийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзнэ.

Иймд хэргийг дахин шийдвэрлүүлэхээр шүүхэд буцааж байна.

Хэргийг хариуцагчийн давж заалдсан гомдлын агуулгын дагуу шийдвэрлээгүй тул түүний гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг буцаан олговол зохино.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 439 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин  шийдвэрлүүлэхээр  тус шүүхэд буцаасугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4, 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 112.100 төгрөгийг Төрийн сангийн орлогоос шүүгчийн захирамжаар буцаан гаргуулж олгосугай.

            3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай. 

                           

        

                                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   М.МӨНХДАВАА

                                                         ШҮҮГЧИД                                   Л.АМАРСАНАА

                                                                                                            О.НАРАНГЭРЭЛ