Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 001/ХТ2022/00630

 

                                      “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”-ын нэхэмжлэлтэй иргэний

                                            хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн иргэний хэргийн танхимын тэргүүн Г.Алтанчимэг даргалж, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, С.Соёмбо-Эрдэнэ, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 439 дүгээр шийдвэртэй,

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 62 дугаар магадлалтай,

“,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”-ын нэхэмжлэлтэй,

“,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”-т холбогдох

Гэм хорын хохирол 6,608,765 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгч “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”-ын гаргасан гомдлоор

Шүүгч Г.Банзрагчийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хариуцагч “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”, нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” нь хариуцагч “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”-аас гэм хорын хохиролд нийт 9,153,468 төгрөг гаргуулахаар (хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 6,608,765 төгрөг болгож багасгасан гэнэ) нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

2. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн  2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 439 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”-аас 6,070,035 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”-д олгож, нэхэмжлэлийн үлдэх шаардлага 538,730 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар нэхэмжлэгчийг улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”-аас улсын тэмдэгтийн хураамж 112,071 төгрөгийг гаргуулан төрийн сангийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

3. Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 62 дугаар магадлалаар Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 439 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр тус шүүхэд буцааж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4, 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 112,100 төгрөгийг төрийн сангийн орлогоос шүүгчийн захирамжаар буцаан гаргуулж олгохоор шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгч “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

Миний бие 2019.08.11-ний өдөр Дархан-Уул аймгаас Булган аймаг явах замд Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын нутагт зам тээврийн осолд орж хүнд гэмтсэн. Үүний улмаас Эрдэнэт хотын Бүсийн оношилгоо эмчилгээний төвд хэвлийн хагалгаанд дотуур цус алдалттай мэс засалд орсноор 2019.08.11-2019.11.03-ны өдөр хүртэл хөдөлмөрийн чадвараа алдаж эмчийн хяналтад байсан. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”-аас 6,070,035 төгрөгийг гаргуулан “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”-д олгохоор шийдвэрлэсэн Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.04.10-ны өдрийн 439 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.06.03-ны өдрийн 62 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосныг буцааж өгнө үү гэж хяналтын журмаар гомдол гаргаж байна гэжээ.  

5. Нэхэмжлэгч тал шүүхэд тайлбар гаргаагүй, шүүх хуралдаанд оролцоогүй болно.

ХЯНАВАЛ:

6. Нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй.

7. Нэхэмжлэгч “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”-аас хариуцагч “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”-т холбогдуулан гэм хорын хохиролд 6,608,765 төгрөгийг гаргуулахаар шаардсаныг анхан шатны шүүх хариуцагчаас  6,070,035 төгрөгийг гаргуулж, үлдэх 538,730 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгосон, давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаасан.

8. Нэхэмжлэгчээс “... Л.Төвшинжаргал, “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” нар нь 2019.08.10-нд Булган аймаг яваад ирнэ гээд машин авсан. Бид ярилцаад хамт явахаар болж 2019.08.11-ний өглөө 7-8 цагийн хооронд Дарханаас гарсан, машиныг “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” жолоодож явсан. Хөтлөөс Л.Төвшинжаргал ач хүүгээ авч цааш явж байгаад Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн суманд замын хажуу руу хэд хэд эргэн унаж, 6 хүн хүнд хөнгөн гэмтэж осолд орсон. Миний бие “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” нь хүү М.Ариунтулгын хамт зорчин явж байсан. Осолд өртсөнөөс үүдэн хөдөлмөрлөх чадвараа түр алдаж өөрийн эд хөрөнгө, эрүүл мэндээр хохирсон тул хохирлыг гаргуулж өгнө үү...” гэснийг,

хариуцагч эс зөвшөөрч, “... нэхэмжлэлд эрүүгийн шүүх хурал дээр нэхэмжлээгүй, хөдөлмөрийн чадвараа алдсан хугацааны цалин гэх 5,737,665 төгрөг, утасны төлбөр гэж 478,730 төгрөг, мөн үзлэгийн үнэ 25,000 төгрөг, Эрдэнэтээс эмчилгээний баримт авахаар явсан зардал гэх 60,000 төгрөг тус тус нэхэмжилснийг үндэслэлгүй гэж үзэж байна. Хохирол нэхэмжилж байгаа “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” нь өөрийн тээврийн хэрэгслээ бусдад шилжүүлсэн, зорчигчийн үүргээ биелүүлж аваарын бүсээ зүүгээгүй, хамт зорчиж байх үедээ осолд орсноо хүлээн зөвшөөрч мэдүүлсэн. “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” эрүүгийн шүүх хуралд хохирогчоор оролцож байхдаа зөвхөн 13 дахь сарын цалин нэхэмжилсэн боловч нотлох баримтаа гаргаж өгөөгүй нь үнийн дүнгээ их болгож нэхэх зорилготой байжээ гэж харагдаж байна. Гэтэл байгууллагаас 13 дахь сарын цалинг нь 2,052,073 төгрөг гэж тодорхойлжээ. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэж маргажээ.

9. Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил гаргасан гэж үзэн хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасныг буруутгах үндэслэлгүй байна.

10. Учир нь, анхан шатны шүүх шийдвэрийн тодорхойлох хэсэгтээ нэхэмжлэлийн шаардлага, шаардаж буй зүйл буюу үнийн дүнг тодорхойлж бичээгүй, мөн нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэж багасгасан үндэслэл, эцсийн байдлаар тодорхойлсон нэхэмжлэлийн шаардлагын (хэмжээний) талаар тусгаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-т заасан шаардлагыг хангаагүй, шүүх хуралдааны тэмдэглэлээс үзвэл нэхэмжлэгч бус харин түүний өмгөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг багасгасан агуулга бүхий тайлбар өгснийг шүүх нэхэмжлэгч шаардлагаа багасгасан гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3, 6 дугаар зүйлийн 6.3-т заасныг тус тус зөрчсөн, энэ талаарх давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

11. Мөн анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох “жилийн үр дүнгийн шагнал 2,726,053 төгрөг”-ийг хангаж шийдвэрлэхдээ зөвхөн ажил олгогчийн тодорхойлолтыг үндэслэсэн нь хангалтгүй, учир нь нэхэмжлэгч уг үр дүнгийн шагналыг зайлшгүй авах байсан гэх үндэслэл, үйл баримт бүрэн тогтоогдоогүй байх тул энэ талаар талуудыг мэтгэлцүүлэх нь зүйтэй.

12. Дээр дурдсанаар анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил гаргасан, хэргийн үйл баримтыг эргэлзээгүйгээр тогтоогоогүй байх тул “давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэсэн агуулгатай энэ тогтоолын Тодорхойлох хэсгийн 4-т заасан нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах боломжгүй.

13. Иймд, шүүх бүрэлдэхүүн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээхээр тогтов.   

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 62 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

 

                                ТАНХИМЫН ТЭРГҮҮН                              Г.АЛТАНЧИМЭГ

                                 ШҮҮГЧИД                                                   Г.БАНЗРАГЧ

                                                                                                    П.ЗОЛЗАЯА

                                                                                                    С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                                                                                    Х.ЭРДЭНЭСУВД