Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 439

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс 135/2020/00177/и

                                    

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Тунгалагмаа даргалж, шүүгч Д.Оюундарь, М.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэйгээр, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч:  ... аймаг, ... сум, ... баг, ... байр, ... тоотод оршин суух З овогт Б-ын М /утас:.../-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ... аймаг, ... сум, ... баг, ... тоотод оршин суух С овогт И-ын О-т холбогдох

 

"Гэм хорын хохирол 6,608,765 төгрөг гаргуулах тухай" иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.М, түүний өмгөөлөгч Б.Содболд, хариуцагч И.О, түүний өмгөөлөгч Б.Цэрэнбат, Иргэдийн төлөөлөгч Н.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Адъяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.М нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Миний бие Б.М нь Л.Т, И.О нар нь 2019 оны 08 дугаар сарын 10-нд Булган аймаг яваад ирнэ гээд машин авсан. Бид ярилцаад хамт явахаар болж 2019 оны 08 дугаар сарын 11-ний өглөө 7-8 цагийн хооронд Дарханаас гарч Булган аймаг хөдөлсөн. Хонда пит ... машиныг О жолоодож явсан. Хөтөлөөс Л.Т ач хүүгээ авч цааш явж байгаад Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн суманд замын хажууруу хэд хэд эргэн унаж бүгд 6 хүн хүнд хөнгөн гэмтэж осолд орсон. Миний бие Б.М нь хүү М.А-ын хамт зорчиж явж байсан. Осолд өртсөнөөс Б.М миний биед хэвлийн битүү гэмтэл, элэг баруун дэлбэн урагдалтай, бүдүүн гэдэс 12 хуруу гэдэсний нүүрэн зулгаралт гэсэн гэмтэлтэй гарсан. Эрдэнэт хотын гэмтэл согог сэргээн засах тасагт дотуур цус алдалттай хэвлийн хагалгаанд орсон. М.А зүүн эгэмний битүү хугарал зөөлөн эдийн няцрал гэсэн оноштой. Батжаргал овогтой М миний бие нь 2019 оны 08 дугаар сарын 11-нд зам тээврийн осолд өртсөнөөс үүдэн хөдөлмөрийн хөдөлмөрлөх чадвараа түр алдаж өөрийн эд хөрөнгө, эрүүл мэндээр хохирсон учир өөрт учирсан хохирлыг гаргуулан төлүүлэх өргөдөл гаргаж байна.” гэв.

 

Хариуцагч И.О болон түүний өмгөөлөгч Б.Цэрэнбат нар нь шүүхэд  ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

 “Б.М-ын гаргасан нэхэмжлэлийг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй. Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн ... шийтгэх тогтоолын дүгнэх хэсэгт М-ын нэхэмжлэлийн талаар дэлгэрэнгүй дурджээ. О-аас М-д шилжүүлгээр өгсөн 2,100,000 төгрөг нь тээврийн хэрэгслийн хохирлын үнэлгээгээр гарсан 1,780,000 төгрөг, эмчилгээний зардлын баримтгүй байсан хэдий ч Оаас хүнлэг сэтгэл гаргаж, гарч болох зардалдаа зориулаг гэж өгсөн 340,000 төгрөг байгаа юм. /шийтгэх тогтоолд дурдсан байгаа/

Нэхэмжлэлд эрүүгийн шүүх хурал дээр нэхэмжлээгүй, хөдөлмөрийн чадвараа алдсан хугацааны цалин гэх 5,737,665 төгрөг, утасны төлбөр гэж 478,730 төгрөг нэхэмжилснийг, мөн шүүхээр хэрэгсэхгүй болгон шийдвэрлэгдсэн шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолтой байгаа суудлын машины үнэ 800,000 төгрөгийг, мөн бусад зардалд нь 340,000 төгрөг өгсөн байтал үзлэгийн үнэ 25,000 төгрөг, Эрдэнэтээс эмчилгээний баримт авахаар явсан зардал гэх 60,000 төгрөг нэхэмжилснийг тус тус үндэслэлгүй гэж үзэж байна. Хохирол нэхэмжилж байгаа М нь өөрийн тээврийн хэрэгслээ бусдад шилжүүлсэн, М зохигчийн үүргээ биелүүлж аварын бүсээ зүүгээгүй хамт зорчиж байх үедээ осолд орсноо хүлээн мэдүүлсэн байна. М эрүүгийн шүүх хуралд хохирогчоор оролцож байхдаа зөвхөн 13 дахь сарын цалин нэхэмжилсэн боловч нотлох баримтаа гаргаж өгөөгүй нь үнийн дүнгээ их болгож нэхэх зорилготой байжээ гэж харагдаж байна. Гэтэл байгууллагаас 13 дахь сарын цалинг нь 2,052,073 төгрөг гэж тодорхойлжээ. Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1-р заалтад “Зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад  бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй.

Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4-т “Тээврийн хэрэгсэл ашиглагчийг өмчлөгч буюу эзэмшигч өөрөө томилсон буюу өөрөө түүнд уг хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй” гэж хуульчилж зохицуулжээ. Эрүүгийн шүүх хурал дээр Иргэний хуулийн энэ зохицууллатын дагуу тээврийн хэрэгсэл эзэмшигч М-ын нэхэмжилсэн гэм хорын хохирлыг хэрэгсэхгүй болгох хүсэлтийг өмгөөлөгчийн зүгээс гаргаагүйг дурдая. Иймд иргэн Б.Маас нэхэмжилсэн гэм хорын хохирлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас талуудын хүсэлтээр  шинжлэн судлаад 

    ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.М нь хариуцагч И.Оаас гэм хорын хохиролд нийт 9,153,468 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч шүүх хуралдаан дээр нэхэмжлэлийн шаардлагаа 2,544,703 төгрөгөөр багасгаж, хариуцагчаас 6,608,765 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилжээ.

Хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан болно.

 

Хариуцагч И.О нь 2019 оны 08 дугаар сарын 11-ний өдөр Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын нутаг дэвсгэр Дархан-Уул аймгаас Орхон аймгийн чиглэлийн хатуу хучилттай замын 105-106 дугаартай тэмдэгт бүхий газарт ... улсын дугаартай HONDA FIT маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явах үедээ Монгол Улсын Замын Хөдөлгөөний дүрмийн 12.1 “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлогийг замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг хэтрүүлэхгүйгээр тохируулан тохируулан сонгож явна”, 12.3 “Жолооч хөдөлгөөний аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”, гэх заалтуудыг зөрчиж зам тээврийн осол гаргасны улмаас Б.Мын биед хэвлийн битүү гэмтэл, элэгний баруун дэлбэнгийн урагдал, бүдүүн гэдэс, 12 хуруу гэдэсний няцрал, хэвлийн хөндий дэх цус хураа /500 мл/ хагалгааний дараах байдал, нүүрэнд зулгаралт бүхий гэмтлийг учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн шийтгэх 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн ... дугаартай тогтоолоор /хх-11-16/ тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч Б.М нь дээрх гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрт 2019 оны 08 дугаар сарын 11-ний өдрөөс 11 дүгээр сарын 03-ны өдөр хүртэлх хугацааны олгогдоогүй цалингийн зөрүү 3,318,982 төгрөг, жилийн үр дүнгийн шагнал цалин 2,726,053 төгрөг, ЭХО үзлэгийн төлбөр 25,000 төгрөг, замын зардал 60,000 төгрөг, 3 сарын утасны төлбөр 478,730 төгрөг, нийт 6,608,765 төгрөг гаргуулахаар шаардсан байна.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй”, 505 дугаар зүйлийн 505.1-т “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж заасны дагуу нэхэмжлэгч Б.М нь гэм хэргийн улмаас учирсан хохирлыг гаргуулахаар шаардлага гаргах эрхтэй.

Нэхэмжлэгч Б.М нь “ДДЦС” ТӨХК-нд зуухан цехэд засварчнаар ажилладаг бөгөөд 2019 оны 08 дугаар сарын 11-ний өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хүртэлх хугацаанд ажлаа хийж чадаагүйн улмаас түүнд дээрх хугацааны цалин хөлс  5,995,088 төгрөг, жилийн үр дүнгийн шагнал 2,726,053 төгрөг тус тус олгогдоогүй болох хэрэгт авагдсан “ДДЦС” ТӨХК-наас ирүүлсэн баримтаар /хх-42/ тогтоогдож байна.

Нэхэмжлэгч Б.М нь дээрх хугацаанд ажил олгогч, нийгмийн даатгалын сангаас хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж нийт 2,676,106 төгрөгийг авсан байх тул олгогдоогүй цалин хөлснөөс хасаж тооцон, олгогдоогүй цалин хөлс 3,318,982 төгрөг, жилийн үр дүнгийн шагнал цалин 2,726,053 төгрөг, баримтаар тогтоогдож буй Саран эмнэлэгийн ЭХО үзлэгийн төлбөр 25,000 төгрөг, нийт 6,070,035 төгрөгийг хариуцагч И.Оаас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

            Нэхэмжлэгч Б.М нь “...сар бүрийн утасны төлбөрийг манай байгууллага Мобикомд төлж, төлсөн төлбөрөө цалингаас суутгаж авдаг...” гэх үндэслэлээр 3 сарын утасны төлбөр 478,730 төгрөгийг, “...Орхон аймгийн эмнэлгээс баримт авахаар эхнэр М-гийн хамт  2020 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр явж, 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр ирсэн...” гэх үндслэлээр замын зардал 60,000 төгрөгийг тус тус гаргуулахаар шаардсан нь хуульд заасан гом хор учруулсны хохирол төлбөрт хамаарахгүй байх тул нэхэмжлэгчийн гаргасан 538,730 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

 1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-т заасныг тус тус баримтлан хариуцагч И.Оаас 6,070,035 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Мд олгож, нэхэмжлэлийн үлдэх шаардлага 538,730 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 41 дүгээр зүйлийн 41.1.7-т зааснаар нэхэмжлэгчийг улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч И.Оаас улсын тэмдэгтийн хураамж 112,071 төгрөгийг гаргуулан төрийн сангийн орлогод оруулсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              З.ТУНГАЛАГМАА

 

          ШҮҮГЧИД                              Д.ОЮУНДАРЬ

 

                                                            М.ОЮУНЦЭЦЭГ