Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 575

 

 

“Д н” ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч С.Энхтөр, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 183/ШШ2020/00051 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч “Д н” ББСБ ХХК-ийн хариуцагч О.Схолбогдуулан гаргасан, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Г.Горолцсон, үндэслэлгүй хөрөнгөжсөн 9 953 210 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, “Д н” ББСБ” ХХК, Г.Гнарын хооронд зээлийн гэрээний харилцаа үүсээгүй болохыг тогтоолгож, Монголбанк дахь муу зээлдэгчийн ангилалаас хасуулахыг “Д н” ББСБ” ХХК-д даалгахыг хүссэн гуравдагч этгээдийн бие даасан шаардлагатай иргэний хэргийг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Ц.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: О.Одонтуяа нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: 2016 оны 07 сарын 28-ны өдөр 162748 дугаар зээлийн гэрээ байгуулж, нийт      10 050 000 төгрөгийг Гантөмөр овогтой Ганчимэгийн “Хаан банк” ХХК-ийн 5107042819 тоот дансанд холбогдох шимтгэлийг суутгаад 9 953 210 төгрөгийг шилжүүлсэн. Г.Ганчимэгтэй холбогдон зээлээ төлөхийг шаардсан боловч “ямар ч зээл аваагүй, танай ББСБ-аас нөхрийн нэр дээр зээл авах гээд материалаа өгч байсан боловч бүтээгүй, миний дансанд мөнгө шилждэг өдөр танай байгууллагаас нэг эмэгтэй яриад андуураад зээл шилжүүлчихлээ, та энэ данс руу хийгээд өгөөч гээд нэг данс хэлэхээр нь хэлсэн данс руу нь АТМ ороод шууд шилжүүлсэн, би тэр мөнгөнөөс нэг ч төгрөг аваагүй” гэж тайлбарласан. Г.Гбидэнд өөрийн эзэмшлийн “Хаан банк” ХХК-ийн дансны хуулгыг гаргаж өгсөн ба уг дансны хуулгаас үзэхэд 2016 оны 07 сарын 28-ны өдрийн 17 цаг 31 минутад “Д н ББСБ” ХХК-ийн “Хаан банк” ХХК-ийн 5086013480 тоот данснаас Г.Ганчимэгийн “Хаан банк” ХХК дахь 5107042819 тоот дансанд 9 953 210 төгрөг шилжиж орсон ба Г.Ганчимэгийн данснаас 2016 оны 07 сарын 29-ний өдрийн 05 цаг 47 минутад                 9 953 210 төгрөгийн зарлага 5076135172 тоот дансанд шилжсэн байсан.

Дээрх дансны эзэмшигч нь О.Сбайсан ба тэрээр “Д н ББСБ” ХХК-ийн Улаанбаатар хот дахь салбарт салбарын эрхлэгч, эдийн засагчаар ажиллаж байсан А.Болорчимэгийн нөхөр нь байсан. А.Болорчимэгтэй уулзаж, энэ талаар асуухад “Д н ББСБ” ХХК-д зээлийн эдийн засагчаар ажиллаж байсан н.Энхмаа нь манай гэр бүлд өглөгтэй байсан ба үүнийгээ өгөхдөө Г.Ганчимэгийн нэр дээр хуурамч зээлийн материал бүрдүүлж төлсөн байх” гэж тайлбарласан.

Г.Ганчимэгтэй байгуулсан гэх 2016 оны 07 сарын 28-ны өдрийн 162748 дугаар зээлийн гэрээ, барьцааны гэрээг Г.Ганчимэгт үзүүлэхэд “зээлийн, барьцааны гэрээнд гарын үсэг зураагүй, Ү-2204039782 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг мэдэхгүй, түүний нэр дээр ямар ч орон сууц байдаггүй, нотариатч дээр очиж гэрээнд гарын үсэг зураагүй” гэсэн тайлбар өгсөн. Барьцааны гэрээнд улсын бүртгэгчийн тамга дарагдсан байсан тул бид барьцаа хөрөнгөтэй холбоотой мэдээллийг авахаар Баянзүрх дүүргийн бүртгэлийн хэлтэст хүсэлт гаргахад “Ү-2204039782 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өөр хаягт бүртгэлтэй, өөр хүний өмчлөлийн эд хөрөнгө гэсэн тайлбарыг амаар өгсөн ба өмчлөгч биш учраас дэлгэрэнгүй лавлагаа өгөх боломжгүй” гэсэн хариу өгсөн. Мөн ТҮЦ машинаас “Г.Ганчимэгийн өмчлөлд бүртгэлтэй эд хөрөнгө байхгүй” гэсэн лавлагаа гарсан. Зээлийн хувийн хэрэгт хавсаргасан иргэний үнэмлэхийн зураг нь Г.Ганчимэгийнх биш байсан. Дээрхээс үзэхэд “Д н ББСБ” ХХК нь Г.Ганчимэгээс зээлийн болон барьцааны гэрээний дагуу үүрэг гүйцэтгэхийг шаардах боломжгүй ба харин О.Снь “Д н ББСБ” ХХК-ийн мөнгөн хөрөнгө болох 9 953 210 төгрөгөөр үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэн нэхэмжлэл гаргаж байна. Иймд хариуцагч О.Сүхбаатараас Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг үндэслэн 9 953 210 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: 2015 оны 8 дугаар сарын 13-ны өдөр иргэн Б.Энхмаад 50 000 000 төгрөгийг 5 хувийн хүүтэй 6 сарын хугацаатай, Чингэлтэй дүүрэг, 15-р хороо, Жаргалант 11-р гудамж, 313 тоотод байрлах, 305 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө барьцаалан зээлсэн. Тухайн үед Б.Энхмаа нь “тендерт орох гээд мөнгөний хэрэг гарлаа, удахгүй буцааж өгнө” гээд авсан. Зээлийн хүүг сар бүр миний данс руу хийж байгаад сүүлийн 2-3 сарын хүү өгөөгүй, үлдсэн зээлээ хэсэгчлэн өгөхөөр тохирсон. 2016 оны 7 дугаар сарын 28-ны өдөр миний “Хаан банк” ХХК-ийн 5076135172 тоот дансанд орлого орсон бөгөөд тухайн үед Б.Энхмаа залгаж “зээлээсээ төллөө” гэсэн тул түүнийг шилжүүлсэн гэж бодсон. Хаанаас яаж шилжүүлснийг мэдээгүй, гүйлгээний утга нь Б.Энхмаагаас гэж байсан. Г.Ггэх хүнийг танихгүй, харж, уулзаж байгаагүй. Миний бие хэзээ ч хувь хүн, албан байгууллагаас залилан хийж бусдад хохирол учруулж байгаагүй бөгөөд уг нэхэмжлэлд дурдсан хууль бусаар хөрөнгөжсөн гэх нэхэмжлэлийг үндэслэлгүй гэж үзэж байна. Иргэн Б.Энхмаатай байгуулсан зээлийн гэрээ, миний данс руу мөнгө шилжүүлсэн баримтын хуулбар хэрэгт авагдсан тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Г.Гнь 2016 оны 06 сард “Д н ББСБ” ХХК-аас зээл авахаар шаардагдах материал дээр дансны дугаар бичиж, тодорхой мэдээллийг өгсөн. Хэсэг хугацааны дараа тус байгууллагаас зээл өгөх боломжгүй гэсэн хариу өгсөн. 2016 оны 07 сарын 28-ны өдөр “Д н ББСБ” ХХК-ийн ажилтан холбогдож “таны данс руу өөр зээлдэгчид шилжүүлэх ёстой  9 953 210 төгрөг андуурагдаж орчихлоо, та “Хаан банк” ХХК-ийн 5076135172 тоот О.Сүхбаатарын дансанд шилжүүлчих” гэсний үндсэн дээр Г.Гнь 2016 оны 07 сарын 29-ний өдөр буюу 1 өдрийн дараа О.Сүхбаатарын 5076135172 тоот дансанд АТМ-ээс шилжүүлсэн. Үүний дараа зээлийн хүсэлтэнд хавсаргаж өгсөн материалаа авахаар “Д н ББСБ” ХХК-ийн байранд удаа дараа очиход “хариуцсан эдийн засагч нь ээлжийн амралтаа авсан, жирэмсэний амралттай, өвчтэй байгаа” гэснээр өнөөдрийг хүртэл материалыг нь буцааж өгөөгүй байдаг. “Д н ББСБ” ХХК-аас андуурагдаж шилжүүлсэн гэх 9 953 210 төгрөгийг утсаар ярьсан хүний хүсэлтийн дагуу О.Сүхбаатарын 5076135172 тоот дансанд шилжүүлсэн атал тус ББСБ нь 2016 оны 07 сарын 28-ны өдөр Г.Ганчимэгийн нэр дээр        20 100 000 төгрөгийн зээл олгосон гээд улмаар 10 500 000 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй гэж Монгол банкны зээлийн мэдээллийн санд шилжүүлсэн байдаг. Г.Гнь 2018 оны 01 сард “Мобиком” ХХК-аас гар утас зээлээр авахаар хандах үед “Д н ББСБ” ХХК нь Монголбанкны зээлийн мэдээллийн санд “муу зээлдэгчийн ангилалд” хамруулан, зээл авсан мэтээр бүртгүүлсэн болохыг олж мэдээд тус байгууллага дээр очиж уулзахад “Д н ББСБ” ХХК нь иргэн Г.Ганчимэгтэй 162748 дугаар зээлийн гэрээ болон барьцааны гэрээг байгуулсан гэх зээлийн материалыг үзүүлсэн.

Гэтэл зээлийн гэрээ, барьцааны гэрээнд зурагдсан гарын үсэг нь Г.Ганчимэгийнх биш бөгөөд түүний нэр дээр улсын бүртгэлд бүртгэгдсэн эд хөрөнгө байхгүй байхад, Ү-2204039782 дугаартай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө байгаа мэтээр хуурамч нотлох баримт бүрдүүлэн барьцааны гэрээ байгуулсан байдаг. Энэ асуудлаар “Д н ББСБ” ХХК-д хэлж, зээлийн мэдээллийн сангаас хасч өгөхийг гуйхад татгалзсан хариу өгсөн. “Д н ББСБ” ХХК-аас зээл олгохоос татгалзсан, зээлийн харилцаа огт үүсээгүй атал зээл болон барьцааны гэрээ үйлдэж, Монголбанкны зээлийн мэдээллийн санд “муу зээлдэгчийн ангилал”-д бүртгүүлсэнээс үүдэн өнөөдөр Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа банк, банк бус санхүүгийн байгууллага аливаа хэлбэрийн зээлийг Г.Ганчимэгт олгохоос татгалзаж байгаа нь түүний хууль ёсны эрх, ашиг сонирхолыг ноцтойгоор зөрчиж байгаад гомдолтой байна.

Иймд Г.Ганчимэгийн болон “Д н ББСБ” ХХК-ийн хооронд зээлийн харилцаа үүсээгүй болохыг тогтоолгож, Монголбанкны зээлийн мэдээллийн сангаас “муу зээлдэгчийн ангилал”-аас хасч бүртгүүлэхийг “Д н ББСБ” ХХК-д даалгах бие даасан шаардлага гаргасан. Нэхэмжлэгч тал Г.Ганчимэгтэй байгуулсан зээл болон барьцааны гэрээ хуурамч болохыг мэдсэн атлаа  Монголбанкны зээлийн мэдээллийн санд бүртгүүлсэн муу зээлдэгчийн ангилалаас хасахгүй байгаа нь түүний хууль ёсны эрх ашиг сонирхолыг ноцтойгоор зөрчиж байгаа үйлдэл юм. Иймд Мэдээллийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.3, 22 дугаар зүйлийн 22.1.2-д заасны дагуу “Д н ББСБ” ХХК нь Монголбанкны зээлийн мэдээллийн сангийн “муу зээлдэгчийн ангилал”-аас нэн даруй хасуулахыг шаардаж байна гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д заасныг баримтлан хариуцагч О. С-т холбогдуулан гаргасан үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 9 953 210 төгрөгийг буцаан гаргуулахыг хүссэн “Д н ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, Зээлийн мэдээллийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.3, 22 дугаар зүйлийн 22.1.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Д н ББСБ” ХХК, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Г.Гнарын хооронд зээлийн гэрээний харилцаа үүсээгүй болохыг тогтоож, Монголбанк дахь зээлийн мэдээллийн сангийн муу зээлдэгчийн ангилалаас иргэн Г.Ганчимэгийн нэрийг хасахыг мэдээлэл нийлүүлэгч нэхэмжлэгч “Д н ББСБ” ХХК-д даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн 175 000 төгрөг, бие даасан шаарлага гаргасан гуравдагч этгээдээс төлсөн 140 400 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч “Д н ББСБ” ХХК-иас 140 400 төгрөгийг гаргуулан бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Г.Ганчимэгт олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолд: Шүүх зөвхөн Г.Ганчимэгийн дансны гүйлгээний утгыг үнэлж хариуцагч үндэслэлгүй хөрөнгөжөөгүй гэж үзсэн. Маргааны зүйл болсон 9 953 210 төгрөг нь “Д н ББСБ” ХХК-ийн данснаас гуравдагч этгээд Г.Ганчимэгийн дансанд шилжиж орсон, Г.Гнь тус мөнгийг хариуцагч О.Сүхбаатарт шилжүүлсэн үйл баримтын талаар зохигчид огт маргаагүй. Өөрөөр хэлбэл, мөнгө нь хэрхэн шилжсэн талаар зохигчид маргаагүй бөгөөд хэний өмчлөлийн хөрөнгө байсан эсэхийг шүүх анхаараагүй. Харин хариуцагч О.Снь “Энхмаагаас” гэж гүйлгээний утга дээр бичигдсэн учир Б.Энхмаагийн өмчлөлийн хөрөнгө гэж ойлгосон гэсэн тайлбар гаргасныг шүүх үнэн зөв гэж үзсэн нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дах хэсэгт заасантай нийцээгүй. Мөн нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ Иргэний хуулийн 492 дугаар зүйлээс 494 дүгээр зүйлийг удирдлага болгосон. Иргэний хуулийн 494 дүгээр зүйлд зааснаар хөрөнгө олж авсан этгээд тухайн хөрөнгийг гуравдагч этгээдэд үнэ төлбөргүй шилжүүлсэн тохиолдолд гуравдагч этгээд уг хөрөнгийг эрх бүхий этгээдэд буцаан шилжүүлэх үүрэгтэй гэж заасны дагуу хариуцагч О.Сүхбаатараас хөрөнгөө нэхэмжлэх бүрэн эрхтэй. Гэтэл анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэснээс гадна энэхүү нэхэмжлэлийн үндэслэлд ямар нэгэн тайлбар, дүгнэлт огт хийгээгүй. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

            Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын хоорондын маргаанд хамааралтай нотлох баримтыг бүрдүүлэх болон үнэлэх журмыг зөрчөөгүй боловч маргааны үйл баримтын талаар үндэслэл муутай дүгнэлт хийж хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүй байна.

            Нэхэмжлэгч “Д н ББСБ” ХХК хариуцагч О.С-т холбогдуулан үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх үндэслэлээр 9 953 210 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

            Хэргийн 7 дугаар талд авагдсан ХААН банк ХХК-ийн депозит дансны дэлгэрэнгүй хуулгаас үзвэл, нэхэмжлэгч “Д н ББСБ” ХХК-аас 2016 оны 7 дугаар сарын 28-ны өдөр гуравдагч этгээд Г.Ганчимэгийн 5086013480 дугаартай дансанд 9 953 210 төгрөг шилжүүлсэн, мөн өдөр Г.Гнь хариуцагч О.Сүхбаатарын 5076135172 дугаартай дансанд 9 953 210 төгрөгийг “Энхмаагаас” гэх утгатайгаар шилжүүлсэн үйл баримт тогтоогдсон. Талууд дээрх үйл баримтад маргаагүй.

            Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “Г.Ганчимэгээс зээлийн гэрээний үүрэг шаардах боломжгүй, Г.Ганчимэгийн дансанд орсон мөнгө “Д н ББСБ” ХХК-ийн мөнгөн хөрөнгө тул хариуцагч О.Сүндэслэлгүй хөрөнгөжсөн, 9 953 210 төгрөгийг гаргуулна” гэж тайлбарласныг, хариуцагч “...Б.Энхмаа нь надаас зээл авсан. Зээлийнхээ хүүг надад төлж байсан. 2016 оны 7 дугаар сарын 28-ны өдөр орлого орж ирэхэд Б.Энхмаа утсаар залгаж, нөгөө зээлээсээ шилжүүлсэн гэж хэлсэн тул тухайн мөнгийг Б.Энхмаа шилжүүлсэн гэж бодсон, Г.Ганчимэгийг танихгүй нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй” гэж маргажээ.

          Нэхэмжлэгч “Д н ББСБ” ХХК, гуравдагч этгээд Г.Гнар нь 2016 оны 7 дугаар сарын 28-ны өдөр зээлийн болон барьцааны гэрээ байгуулсан талаарх баримт хэрэгт авагдсан боловч зохигчдын тайлбар, дансны хуулга, Г.Ганчимэгийн эд хөрөнгийн лавлагаа зэрэг баримтаас үзэхэд /хх-7,12-18/ Г.Гнь тухайн гэрээг байгуулах хүсэл зоригоо илэрхийлээгүй, гэрээнд өөрөө гарын үсэг зураагүй байна. Энэ талаар нэхэмжлэгч маргаагүй. Г.Гуг мөнгийг өөртөө аваагүй, О.Сүхбаатарт өөрийн өр төлбөрт тооцон шилжүүлээгүй болох нь тогтоогдсон.

          Харин тэрээр нэхэмжлэгчийн данснаас түүний нэр дээрх данс руу шилжүүлсэн дээрх мөнгийг мөн өдөр нь буюу 2016 оны 7 дугаар сарын 28-ны өдөр О.Сүхбаатарт буцаан шилжүүлсэн байна.

         Хариуцагч О.Снь “ ... Б.Энхмаа над руу залгаад нөгөө зээлээсээ төллөө гэж хэлсэн учир түүнийг өрөө авлаа гэж бодсон ” гэх тайлбар гарган, Б.Энхмаатай байгуулсан зээлийн болон барьцааны гэрээг нотлох баримтаар ирүүлсэн боловч энэ нь нэхэмжлэлийг үгүйсгэх үндэслэл болохгүй юм. Учир нь: маргааны зүйл болох 9 953 210 төгрөг нь нэхэмжлэгчийнх мөн болох нь дээрх баримтуудаар тогтоогдсон.Өөрөөр хэлбэл уг мөнгө Б.Энхмаагийн мөнгө болох нь хэргийн баримтаар тогтоогдоогүй байна. Иймд  Иргэний хуулийн 494 дүгээр зүйлийн 494.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас 9 953 210 төгрөгийг нэхэмжлэгчид төлөх үүрэг үүснэ.

            Дээр дурьдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэх давж заалдах гомдлыг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй болно.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн    167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

            1.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 183/ШШ2020/00051 дугаартай шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 494 дүгээр зүйлийн 494.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Анчин овогт Орсоогийн Сүхбаатараас 9 953 210 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “Д н ББСБ” ХХК-д олгосугай” гэж өөрчлөн, 3 дахь заалтын “олгосугай” гэснийг “олгож, хариуцагч О.Сүхбаатараас 175 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Д н ББСБ” ХХК-д олгосугай ” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

            2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 175 000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

            3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                                  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               А.МӨНХЗУЛ

                                                   ШҮҮГЧИД                               С.ЭНХТӨР

                                                                                                   Д.БАЙГАЛМАА