Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 616

 

 

 

“Т Ч” ХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч Ч.Цэнд, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 102/ШШ2020/00025 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч “Т Ч” ХК-ийн нэхэмжлэлтэй “Т” ХХК-д холбогдуулан 74 431 150 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Ө, П.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ц, хариуцагчийн өмгөөлөгч П.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2019 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр “Т” ХХК нь зөвшөөрөлгүйгээр кабель шугамын хамгаалалтын зурвас дотор газар шорооны ажил хийж байгаад РП-20 байгууламжийн 2 кабелийг гэмтээж цахилгаан бүрэн тасарснаас ”Т Ч” ХК-д 74 431 150 төгрөгийн хохирол учруулсан.

РП-20А болон РП-20Б кабелиуд нь “УБЦТС” ТӨХК-ийн эзэмшлийн өмч бөгөөд Эрчим хүчний тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.3.6-д зааснаар эрчим хүч түгээх сүлжээг ашиглах, засвар үйлчилгээ хийх, өргөтгөх нь тус компанийн үүрэг. Энэ үүрэг нь манай компанийн үүрэг биш бөгөөд манай компанид хамааралгүй асуудал. Мөн хуулийн 33 дугаар зүйлийн 33.1, Эрчим хүчний шугам сүлжээ хамгаалах дүрмийн 2.1-д зааснаар хариуцагч үүнийг мэдээгүй нь хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй. “УБЦТС” ТӨХК нь цахилгаан тасалдсан шалтгааныг судлаад зөрчлийг судалсан акт, болон зөрчлийн тухай тэмдэглэл үйлдсэн. Эдгээр нь зөрчлийг тогтоосон эрх зүйн акт. Цахилгаан тасарсан шалтгааныг судалсан акт, зөрчлийн тухай тэмдэглэлд хариуцагч “Т” ХХК-ийн буруутайг тогтоож, зөрчсөн хууль, дүрмийн заалтуудыг тодорхой заасан. Зөрчлийн тухай тэмдэглэлд хариуцагч тал хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж баталгаажуулсан ба хариуцагч нь “УБЦТС” ТӨХК-д учруулсан хохирлоо төлсөн. Мөн дүрмийн 3 дугаар зүйлийн 3.1-д “Хамгаалалтын зурваст иженерийн шугам сүлжээ барьж байгуулах, авто замын гарц гаргах, газар шорооны ажил гүйцэтгэхдээ эрчим хүчний шугам сүлжээний ашиглалтын байгууллагын зөвшөөрлөөр гүйцэтгэнэ”, 3.2-т “Хамгаалалтын зурваст эрчим хүчний шугам сүлжээ, тоног төхөөрөмжийн горим, ажиллагааг алдагдуулахаар үйл ажиллагаа явуулахыг хориглоно” заасан. Хариуцагч нь уг дүрмийн заалтын дагуу газар шорооны ажил гүйцэтгэхдээ ажил эхлэхээс өмнө газар доор кабель шугамын хамгаалалтын зурвас байгааг чагнуулж, зохих газраас зөвшөөрөл авсан байх ёстой. Гэтэл “Т” ХХК нь Баруун түгээх төвийн үзлэгийн монтёр н.Баатарын “уг газар дээр газар шорооны ажил гүйцэтгэх болохгүй, кабель шугамын хамгаалалтын зурвас байгаа” талаар 0002846 дугаар мэдэгдлийг зөрчиж, зөвшөөрөлгүйгээр газар шорооны ажлыг хийж, экскаваторын шанагаар кабелийг механикаар гэмтээн хувиарлах байгууламжийг бүрэн хүчдэлгүй болгосон.

2017 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 16 цаг 38 минутад тог тасраад 16 цаг 56 минутад “Цахилгаан тээвэр” компанийн эзэмшлийн 110 кабель руу шилжүүлсэн боловч энэ кабелийн хүчин чадал нь манай 4 үйлдвэрийг бүхэлд нь хангаж чадаагүй, 24 цаг 30 минутад муфт хийж дуусаж өглөө гэхэд бүрэн эрчим хүчээр хангагдсан. Цахилгаан тасарсны маргааш буюу 2017 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр “УБЦТС” ТӨХК-иас газар дээр нь ирж бодит хохирлыг нүдээр үзэж, манай компани хохирлоо гаргаж албан тоот өгч зөрчлийн акт болон цахилгаан тасарсан шалтгааныг судалсан 6 дугаар актуудаар баталгаажсан. Иймд гэм хорын хохирол 74 431 150 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: РП-20А болон РП-20Б кабелиуд анхнаасаа зохих журмын дагуу тавигдаагүй. РП-20А болон РП-20Б кабель нь 10 кв хүчдэлтэй тул тусгай хоолойгоор бүрээгүй, хамгаалалтын туузаар боогоогүй. Уг кабелиудыг эзэмшигч байгууллага нь зохих журмын дагуу кабелыг байрлуулсан бол кабель гэмтэхгүй байсан. Мөн хамгаалалтын зурвасын тэмдэг, тэмдэглэгээ байгаагүй учир хамгаалалтын зурвас бүхий газар гэж мэдээгүй. Түүнчлэн, эрх бүхий байгууллагаас зөрчлийг тогтоогоогүй. Зөрчил нь Зөрчлийн тухай хууль болон Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн дагуу зөрчил шалган шийдвэрлэгдэж тогтоогдоогүй. Өөрөөр хэлбэл манай компанийн гэм буруутай болохыг эцэслэн тогтоогоогүй. 2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн Содон хорооллын ар талын шороон замыг хатуу хучилттай болгох гэрээний ажлын зурагт 10 кв гео дэд станцын РП-20А болон РП-20Б кабелиуд зурагт тусгагдаагүй бөгөөд манай байгууллага тус 2 кабель байсныг мэдээгүй.

Нэхэмжлэгчийн зүгээс РП-20А болон РП-20Б кабелиуд гэмтсэний улмаас бодитоор 74 431 150 төгрөгөөр хохирсон нь тогтоогдохгүй байна. РП-20А болон РП-20Б кабелиуд гэмтсэний улмаас 2017 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 16 цаг 38 минутанд тог тасраад 16 цаг 56 минутанд үйлдвэрийн тогийг “Цахилгаан тээвэр” компанийн эзэмшлийн 110-рүү кабель руу шилжүүлж, цахилгаанаар холбосон буюу “Т Ч” ХК-ийг 18 минутын дараа цахилгаанаар хангасан. Энэ хугацаанд нэхэмжлэгч 74 431 150 төгрөгөөр хохирсон гэх үндэслэлгүй. Нэхэмжлэгч тооцоогоо бодитой бус гаргасан, ажилчдын цалинг хариуцагч төлөх үндэслэлгүй.

Мөн нэхэмжлэгч өөрөө цахилгаан нөөц эх үүсвэртэй байх ёстой. Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар 30.2 дахь хэсэгт заасны дагуу “Т Ч” ХК нь нэгдүгээр зэрэглэлийн үйлдвэр тул цахилгааны нөөц эх үүсвэртэй, ноцтой хохирлоос өөрийгөө хамгаалах үүрэгтэй байсан. Уг үүргээ нэхэмжлэгч биелүүлээгүйн улмаас өөр хохирол учирсан байна. Нэхэмжлэгчийн нэхэмжилж буй 74 431 150 төгрөг нь бодит хохирол бус, манай компанийн буруугаас үүсээгүй учир нэхэмжлэлийн шаардлагыг хэрэглэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг баримтлан хариуцагч  ”Т” ХХК-иас 74 220 761 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ”Т Ч” ХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 210 389 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 530 106 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 529 054 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгон шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Цолмон давж заалдах гомдолдоо:  Шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, нотлох баримтыг буруу үнэлсэн, үнэлэх ёстой нотлох баримтыг үнэлээгүй, хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй гэж үзэж байна. “Тэгшт плант” ХХК нь 2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр Нийслэлийн авто замын хөгжлийн газартай Содон хорооллын ар талын шороон замыг хатуу хучилттай болгох 107 м/СХД, 6 дугаар хороо/ ажлын гэрээ байгуулсан, тус гэрээний дагуу захиалагчаас өгсөн ажлын зургийг удирдлага болгон өдөр бүр захиалагчаас гүйцэтгэх ажлын зөвшөөрөл авч, авто замын ажлыг холбогдох стандартын дагуу хийж гүйцэтгэсэн. Тус ажлыг хийж гүйцэтгэхдээ “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-аас захиалагч зөвшөөрөл авсан бөгөөд шүүх хурал дээр шүүгчийн зөвшөөрөл авсан уу гэх асуултад “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн ажилтан Ш.Магсаржалам “авсан” гэж хариулсан болно. Тухайн кабель тасарсан үйлдэл нь “Т” ХХК-ийн буруугаас болоогүй болох нь Мэргэжлийн хяналтын газрын 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 02-04/4501 тоот албан бичгээр тогтоогдож байгаа бөгөөд “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн ажилтан Ш.Магсаржалам нь “Т” ХХК-д холбогдуулж, зөрчлийн хэрэг нээн гэм бурууг тогтоон арга хэмжээ авсан гэж тайлбарладаг. Үүний дагуу шүүхээс нотлох баримтыг холбогдох байгууллагаас гаргуулахаар албан тоот явуулсан бөгөөд Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2019 оны 12 сарын 18-ны өдрийн 07/3969 тоот албан бичиг, хэрэгт авагдсан баримтаар гэм бурууг тогтоож, зөрчлийн арга хэмжээ авагдаагүй болох нь тогтоогддог. Хэрэгт авагдсан Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газрын 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 11/2224 тоот албан бичгээр “... дүүргийн маргаан бүхий газарт эрчим хүчний шугам сүлжээний хамгаалалтын зурвас тогтоосон захиргааны акт гаргаагүй байна” гэх нотлох баримтыг үнэлээгүй байна.

Хохирол учирсан тухайд шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт 2017 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 16 цаг 38 минут орчмоос буюу хариуцагч цахилгааны шугам тасалсан үеэс цахилгааны шугам хэвийн байдалд шилжсэн 2017 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 02:09 минутын хооронд нэхэмжлэгчийн үйлдвэрийн хэвийн үйл ажиллагаа бүрэн болон зарим хэсэг нь алдагдаж, нийт 74 220 761 төгрөгийн үнэ бүхий талх, нарийн боовны зуурмаг, хөрөнгө, бэлэн бүтээгдэхүүн зэрэг нь хэрэглэх боломжгүй болсон нэхэмжлэгч байгууллагын акт болон “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн гаргасан 110/10/10 кВ-ын Гео дэд станцын 10 кВ-ын РП-20А, Б фидерийн тасарсан акт 6”-аар нотлогдож байхаас гадна хариуцагч нь нэхэмжлэгчээс гаргасан нотлох баримт болон тайлбар, үндэслэлийг Иргэний хэрэг шүүх хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар баримтаар үгүйсгэж чадаагүй” гэжээ. Шүүх нотлох баримтыг буруу үнэлсэн бөгөөд хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна.

Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1 дэх хэсэгт заасны дагуу хохирол нь бодитой байх шаардлагатай. Харин хариуцагчийн зүгээс шинжээч томилоогүй нь хохирол бодитой болохыг батлахгүй бөгөөд гэм хор учруулсны улмаас хохирол учруулсан гэдгийг нэхэмжлэгч тал өөрөө нотлох үүрэгтэй юм. “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ХК нь Эрчим хүчний тухай хуулийн дагуу эрчим хүчээр хангагч байгууллага бөгөөд хохирол тогтоох эрх бүхий байгууллага биш. Харин “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн зүгээс “Талх Чихэр” ХК-ийг хэдэн кв цахилгаанаар хангаагүй болох, мөн хэдэн кв цахилгаанаар хангасан эсэхийг тогтоогоогүй. Шүүх “Цахилгаан 2017 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 16 цаг 38 минут орчмоос буюу хариуцагч цахилгааны шугам тасалсан үеэс цахилгааны шугам хэвийн байдалд шилжсэн 2017 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 02:09 минутын хооронд нэхэмжлэгчийн үйлдвэрийн хэвийн үйл ажиллагаанд орсон” гэж үнэлжээ. Гэтэл “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн гаргасан 110/10/10 кВ-ын Гео дэд станцын 10 кВ-ын РП-20А, Б фидерийн тасарсан акт 6”-аар цахилгаан нь “2017 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 16:38 минутанд тог тасраад 16:56 минутанд үйлдвэр 110-рүү шилжүүлсэн”, 18 минутын дараа цахилгаанаар холбосон гэж, мөн гэрчүүдийн тайлбараар 10 хэдэн минутын дараа “Талх чихэр” ХК-г цахилгаанаар хангасан гэх мэдүүлэг байхад шүүх нотлох баримтыг илтэд буруу үнэлжээ. Нэхэмжлэгч байгууллагын зүгээс цахилгаан 2017 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 16 цаг 38 минутаас 2017 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 02:09 минутын хооронд нэхэмжлэгчийн үйлдвэрийн хэвийн үйл ажиллагаа бүрэн хангагдаагүй гэж тайлбарладаг боловч өөрийн байгууллагын цахилгааны нийт хэрэглээ хэдэн кв, тус өдөр хэдэн кв цахилгаанаар хангагдсанаа баримтаар нотлоогүй.

Хохирлыг нэхэмжлэгч байгууллага өөрөө нотолсон гэж шүүх үнэлжээ. Нэхэмжлэгч байгууллагын зүгээс хохирол гэж санхүүгийн тооцоо өгсөн. Гологдлын акт гэж баримт өгсөн нь нэхэмжлэлийн тооцоо, гологдлын акт хоёр нь хоорондоо зөрдөг. Нэхэмжлэгч 74 220 761 төгрөгийн бараа бүтээгдэхүүнийг устгасан гэж тайлбарлагдаг боловч устгалын актаа шүүхэд гаргаж өгөөгүй. Мөн түүнчлэн шүүх хурал дээр хариуцагчийн зүгээс хохирлын тооцоог асуухад нэхэмжлэгч тал захиалгын гэрээний дагуу захиалга гараагүй гэж тайлбарласан. Олох ёстой ашгаа нэхэмжилсэн бол захиалгын гэрээ, холбогдох баримтаа гаргаж өгөх нь нэхэмжлэгч талын үүрэг юм.

Түүнчлэн нэхэмжлэгчийн “Улаанбаагар цахилгаан сүлжээ” ТӨХК-тай байгуулсан “Цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ”-ээр Талх Чихэр ХК-ийг цахилгаан эрчим хүчээр хангах үүрэг нь “Улаанбаатар цахилгаан сүлжээ” ТӨХК-д байна. Харин манай компанийн хувьд “Талх Чихэр” ХК-ийг хүрэлцэхүйц тогоор хангаагүй үүргийг хариуцах үндэслэлгүй гэж үзэж байна.

Мөн түүнчлэн тус гэрээний нэмэлт өөрчлөлтийн 3 дугаар зүйлд “Хэрэглэгчийн эрх, үүрэгт 2.2.21 гэсэн заалт нэмэх. Үүнд: Цахилгаан хангамж тасалдсан тохиолдолд хүний амь нас, улсын эрх ашиг, хэрэглэгчийн үйл ажиллагаанд ноцтой хохирол учирч болох онцлогтой хэрэглэгч өөрийн нөөц эрх үүсвэртэй байна.” Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.3 дахь хэсэгт “Хохирогч өөрөө санаатай буюу илтэд болгоомжгүй хандсан, эсхүл хууль тогтоомжид нийцсэн арга хэрэгслээр үүсч болох хохирлоос урьдчилан сэргийлэх оролдлого хийгээгүйгээс өөрт нь гэм хор учирсан бол энэ хуулийн 498.1, 498.2-т заасан байгууллагыг хариуцлагаас чөлөөлж болно.” гэж тус тус заасан. Мөн Дэд бүтцийн сайдын 2003 оны 112 дугаар тушаалын хоёрдугаар хавсралт “Цахилгаан эрчим хүчний хангамжийн найдваржилтын нэг ба хоёр дугаар зэрэглэлд хамрагдах шаардлагатай хэрэглэгчдийн жагсаалт”-д зааснаар “Талх Чихэр” ХК-ийн зүгээс хоёр дугаар зэрэглэлийн ангилалтай хэрэглэгч байж өөрөө нөөц эх үүсвэртэй байгаагүй буюу хууль болон “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-тай байгуулсан гэрээний үүргээ биелүүлээгүй буюу илтэд болгоомжгүй хандсан, урьдчилан сэргийлэх ордлого хийгээгүй, хохирлоос зайлсхийх боломжийг ашиглаагүй байна. Иймд дээрх үндэслэлээр Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 102/ШШ2020/00025 тоот шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дхь хэсэгт заасан шаардлагыг хангасан гэж үзэв.

Нэхэмжлэгч “Талх чихэр” ХК хариуцагч “Т” ХХК-иас гэм хорын хохиролд 74 431 150 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

“Т” ХХК  2017 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр кабель шугамын хамгаалалтын зурвас дотор автозамын газар шорооны ажил гүйцэтгэж байх үедээ “УБЦТС” ТӨХК-ийн эзэмшлийн  РП-20 байгууламжийн А,Б 2 кабелийг  механикаар гэмтээснээс РП-20 хуваарилах байгууламжийг хүчдэлгүй болгосон үйл баримт тогтоогдсон  /хх117-119/ ба энэ  талаар талууд маргаагүй.

Хариуцагч “Т” ХХК-ийн буруугаас 2017 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр 16 цаг 38 минутын орчим “Талх чихэр” ХК-ийн цахилгаан эрчим хүч бүрэн тасарч, Цахилгаан тээвэр компанийн эзэмшлийн кабелиар хэрэглэгчдийг түр тэжээх арга хэмжээг яаралтай зохион байгуулж улмаар 2017 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 02 цаг 09 минутад РП 20 А,Б кабелиудын шугам бүрэн залгагдаж хэвийн байдалд орсон болохыг зөрчлийн тухай 17/051 дугаартай тэмдэглэл, РП-20 А,Б фидэрийн тасарсан шалтгааныг судалсан акт 6, гэрчүүдийн мэдүүлэг, нэхэмжлэгчийн тайлбар зэрэг хэрэгт авагдсан баримтуудаар тогтоосон байна. /хх 12, 13-15, 20, 106-107, 121-125/

Талууд дээрх үйлдэлд хариуцагч буруутай эсэх, хохирлын хэмжээ зэрэгт маргажээ. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2 дахь хэсэгт “Гэм хор учруулсан этгээд ийнхүү гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотолбол хуульд зааснаас бусад тохиолдолд гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгдөнө” гэж заасан. Гэм буруугүй гэдгээ нотлох нь хариуцагчийн үүрэг юм.

Хариуцагчаас тайлбартаа “...кабелийг зохих журмын дагуу байрлуулаагүй, хамгаалалтын зурвасын тэмдэг, тэмдэглэгээ байхгүй, зөрчлийг шалган шийдвэрлэж тогтоогоогүй, тооцоо бодитой бус, хохирол бодит бус, нэхэмжлэгч цахилгааны эх үүсвэртэй байх үүргээ  биелүүлээгүй, Содон хорооллын ар талын шороон замыг хатуу хучилттай болгох №НАЗХГ/201708020 дугаар гэрээт ажлын зурагт тусгагдаагүй тул компани буруугүй” гэж нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэн, маргасан байна.

Хэргийн 13-16 дахь талд авагдсан  Улаанбаатар Цахилгаан түгээх сүлжээ ХК-ийн техникийн комиссын гаргасан №6 тоот актаар: “Т” ХХК автозамын ажил гүйцэтгэхдээ 110/10/10кВ Гео дэд станцаас РП-20 А,Б кабелиудыг Гео дэд станцаас 629 метрт механикаар гэмтээж, кабель шугам хамгааалтын зурвас байгаа тул газар шорооны ажил гүйцэтгэж болохгүй талаар мэдэгдэл өгсөн боловч тавьсан шаардлага биелүүлээгүй  гэсэн дүгнэлтийг гаргажээ. Техникийн комиссын бүрэлдэхүүнд техникийн комиссын дарга, дэд дарга, нарийн бичгийн даргаас гадна инженер, нягтлан бодогч зэрэг 5 гишүүн оролцсон байх бөгөөд “Талх чихэр” ХК-д учирсан хохирлын хэмжээг 74 431 150 төгрөг гэж тодорхойлсон. Энэ хохирлын задаргааг нэхэмжлэгч талаас тодорхойлж хагас боловсруулсан болон бэлэн бүтээгдхүүний орлогын акт, ажилтны нэмэгдэл цалин хөлсний зардал, шатахууны зардлын задаргаа, дотоодын актын хамтаар гаргаж өгсөн /хх13-30/ баримтыг хариуцагч баримтаар үгүйсгэж няцаасан баримт гаргаагүй, нотлох баримт бүрдүүлэх, шинжээч томилуулах зэрэг хүсэлтийг гаргаагүй байна.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1.1 дэх хэсэгт зааснаар “Бусдын эд хөрөнгөд санаатай, болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй болно.

Эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөхөөр Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заажээ. Хариуцагч  автозамын ажил гүйцэтгэхдээ цахилгааны шугам сүлжээг тасалсан тул  шүүх гэм хорыг 74 220 761 төгрөгний хэмжээгээр тооцсон нь хэргийн баримтад үндэслэсэн байна.

Түүнчлэн гэм хор учрах буюу түүнээс үүдэн гарах хохирлын хэмжээг нэмэгдэхэд нэхэмжлэгчийн буруутай ажиллагаа нөлөөлсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.

 Мөн нотлох үүргийн хуваарилалтаар хариуцагч гэм буруугүй гэдгээ нотлох үүрэгтэй боловч техникийн мэргэжлийн комисс “кабелийг ... механикаар гэмтээсэн” тухай дүгнэлтийг гаргаж, хохирлын хэмжээний талаар тодорхойлж байгаа нөхцөлд үүнийг магадлуулах хүсэлтийг хариуцагч талаас гаргаагүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар гэм буруугүй болохоо нотлоогүй гэж үзнэ.  

Хариуцагчийг гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөх үндэслэлгүй, хариуцагчийн буруутай үйлдлээс хохирол учирсан гэж үзэх үндэслэлтэй талаар дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй юм. Анхан шатны шүүх дээр дурдсан үндэслэлээр  нэхэмжлэлийн шаардлагаас шатахууны зардал, ажилтнуудын нэмэгдэл цалин хөлсний зардал нийт 210 389 төгрөгийг хасаж тооцон, 74 220 761 төгрөгийг хариуцагчаас гаргуулж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх зохицуулалтад  нийцсэн гэж үзэв.

Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн     167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 102/ШШ2020/00025 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа урьдчилан төлсөн 529 054 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Ш.ОЮУНХАНД

                             ШҮҮГЧИД                                    Ч.ЦЭНД

                                                                                 Д.БАЙГАЛМАА