Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 12 сарын 24 өдөр

Дугаар 102/ШШ2020/00025

 

 

 

 

 

 

 

 

2019 оны 12 сарын 24 өдөр                         Дугаар 102/ШШ2020/00025                       Улаанбаатар хот

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч М.Баясгалан даргалж, шүүгч Ч.Батчимэг, М.Мөнхтөр нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Т ХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Т ХХК-д  холбогдох,

74 431 150 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Ө, П.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ц, хариуцагчийн өмгөөлөгч П.Б, иргэдийн төлөөлөгч Ц.Ц, гэрч Г.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баатархүү нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Т ХК-ийн төлөөлөгч М.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Ө, П.О нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2019 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр Т ХКнь зөвшөөрөлгүйгээр кабель шугамын хамгаалалтын зурвас дотор газар шорооны ажил хийж байгаад РП-20 байгууламжийн 2 кабелийг гэмтээж цахилгаан бүрэн тасарсанаас Т ХК-д 74 431 150 төгрөгийн хохирол учируулсан. РП-20А болон РП-20Б кабелиуд нь “УБЦТС” ТӨХК-ий эзэмшлийн өмч бөгөөд Эрчим хүчний тухай хуулийн 16.3.6-д зааснаар эрчим хүч түгээх сүлжээг ашиглах, засвар үйлчилгээ хийх, өргөтгөх нь тус компанийн үүрэг. Энэ үүрэг нь манай компаний үүрэг биш бөгөөд манай компанид хамааралгүй асуудал. Мөн хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д “Шугам сүлжээ нь аюулгүй байдлыг хангах хамгаалалтын зурвастай байна. Хамгаалалтын зурвасын дотор гэр орон сууц, барилга байгууламж барих, шугам сүлжээ өмчлөгч эзэмшигчийн зөвшөөрснөөс бусад үйл ажиллагаа явуулахыг хориглоно” гэж заасан. Мөн Эрчим хүчний шугам сүлжээ хамгаалах дүрмийн 2.1-д “Эрчим хүчний шугам сүлжээний аюулгүй ажиллагааг хангах, хүн амьтан осолдохоос урьдчилан сэргийлэх хамгаалалтын зурвас тогтооно” гэж заасан ба хариуцагч үүнийг мэдээгүй нь хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй

“УБЦТС” ТӨХК нь цахилгаан тасалдсан шалтгааныг судлаад зөрчлийг судалсан акт, болон зөрчлийн тухай тэмдэглэл үйлдсэн. Эдгээр нь зөрчлийг тогтоосон эрх зүйн акт. Эрчим хүчний нэгдсэн сүлжээний дүрмийн 13.1.3-д “энэхүү дүрмийн дагуу тогтоосон акт, судалгааны материал нь тусгай зөвшөөрөл эзэмшигч болон төрийн захиргааны байгууллага, мэргэжлийн хяналтын байгууллагаас зөрчил гаргасан үйлдвэр, хувь хүний бурууг тогтоох, удирдамж материал /тушаал, шийдвэр г.м/ гаргах үндэслэл болно” гэж заасан. Цахилгаан тасарсан шалтгааныг судалсан акт, зөрчлийн тухай тэмдэглэлд хариуцагч “Т” ХХК-ийн буруутайг тогтоож, зөрчсөн хууль, дүрмийн заалтуудыг тодорхой заасан. Зөрчлийн тухай тэмдэглэлд хариуцагч тал хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж баталгаажуулсан ба хариуцагч нь “УБЦТС” ТӨХК-д учруулсан хохирлоо төлсөн. Мөн дүрмийн 3 дугаар зүйлийн 3.1-д “Хамгаалалтын зурваст иженерийн шугам сүлжээ барьж байгуулах, авто замын гарц гаргах, газар шорооны ажил гүйцэтгэхдээ эрчим хүчний шугам сүлжээний ашиглалтын байгууллагын зөвшөөрлөөр гүйцэтгэнэ”, 3.2-т “Хамгаалалтын зурваст эрчим хүчний шугам сүлжээ, тоног төхөөрөмжийн горим, ажиллагааг алдагдуулахаар үйл ажиллагаа явуулахыг хориглоно” заасан. Хариуцагч нь уг дүрмийн заалтын дагуу газар шорооны ажил гүйцэтгэхдээ ажил эхлэхээс өмнө газар доор кабель шугамын хамгаалалтын зурвас байгааг чагнуулж, зохих газраас зөвшөөрөл авсан байх ёстой. Гэтэл Т ХКнь Баруун түгээх төвийн үзлэгийн монтёр н.Баатарын “уг газар дээр газар шорооны ажил гүйцэтгэх болохгүй, кабель шугамын хамгаалалтын зурвас байгаа” талаар 0002846 дугаар мэдэгдлийг зөрчиж, зөвшөөрөлгүйгээр газар шорооны ажлыг хийж, экскваторын шанагаар кабелийг механикаар гэмтээн хувиарлах байгууламжийг бүрэн хүчдэлгүй болгосон. 2017 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 16 цаг 38 минутад тог тасраад 16 цаг 56 минутад “Цахилгаан тээвэр” компанийн эзэмшлийн 110 кабель руу шилжүүлсэн боловч энэ кабелийн хүчин чадал нь манай 4 үйлдвэрийг бүхэлд нь хангаж чадаагүй, 24 цаг 30 минутад муфт хийж дуусаж өглөө гэхэд бүрэн эрчим хүчээр хангагдсан. Цахилгаан тасарсны маргааш буюу 2017 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр “УБЦТС” ТӨХК-иас газар дээр нь ирж бодит хохирлыг нүдээр үзэж, манай компани хохирлоо гаргаж албан тоот өгч зөрчлийн акт болон цахилгаан тасарсан шалтгааныг судалсан 6 дугаар актуудаар баталгаажсан. Иймд гэм хорын хохирол 74 431 150 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч “Т” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ц шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: РП-20А болон РП-20Б кабелиуд анхнаасаа зохих журмын дагуу тавигдаагүй. РП-20А болон РП-20Б кабель нь 10 кв хүчдэлтэй тул тусгай хоолойгоор бүрээгүй, хамгаалалтын туузаар боогоогүй. Уг кабелиудыг эзэмшигч байгууллага нь зохих журмын дагуу кабелыг байрлуулсан бол кабель гэмтэхгүй байсан. Мөн хамгаалалтын зурвасын тэмдэг, тэмдэглэгээ байгаагүй учир хамгаалалтын зурвас бүхий газар гэж мэдээгүй. Түүнчлэн, эрх бүхий байгууллагаас зөрчлийг тогтоогоогүй. Зөрчил нь Зөрчлийн тухай хууль болон Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн дагуу зөрчил шалган шийдвэрлэгдэж тогтоогдоогүй. Өөрөөр хэлбэл манай компанийн гэм буруутай болохыг эцэслэн тогтоогоогүй. 2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн Содон хорооллын ар талын шороон замыг хатуу хучилттай болгох гэрээний ажлын зурагт 10 кв гео дэд станцын РП-20А болон РП-20Б кабелиуд зурагт тусгагдаагүй бөгөөд манай байгууллага тус 2 кабель байсныг мэдээгүй. Нэхэмжлэгчийн зүгээс РП-20А болон РП-20Б кабелиуд гэмтсэний улмаас бодитоор 74 431 150 төгрөгөөр хохирсон нь тогтоогдохгүй байна. РП-20А болон РП-20Б кабелиуд гэмтсэний улмаас 2017 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 16 цаг 38 минутанд тог тасраад 16 цаг 56 минутанд үйлдвэрийн тогийг “Цахилгаан тээвэр” компанийн эзэмшлийн 110-рүү кабель руу шилжүүлж, цахилгаанаар холбосон буюу Т ХК-ийг 18 минутын дараа цахилгаанаар хангасан. Энэ хугацаанд нэхэмжлэгч 74 431 150 төгрөгөөр хохирсон гэх үндэслэлгүй. Нэхэмжлэгч тооцоогоо бодитой бус гаргасан, ажилчдын цалинг хариуцагч төлөх үндэслэлгүй.

Мөн нэхэмжлэгч өөрөө цахилгаан нөөц эх үүсвэртэй байх ёстой. Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар 30.2 дахь хэсэгт “Цахилгаан хангамж тасалдсан тохиолдолд хүний амъ нас, улсын эрх ашиг, хэрэглэгчийн үйл ажиллагаанд ноцтой хохирол учирч болох онцлогтой хэрэглэгч өөрийн нөөц цахшгааны эх үүсвэртэй байна. Эдгээр хэрэглэгчийг зэрэглэлд нъ үндэслэн Зохицуулах хороо, аймаг, нийслэлийн зохицуулах зөвлөл тогтооно” гэж заасны дагуу Т ХК нь нэгдүгээр зэрэглэлийн үйлдвэр тул цахилгааны нөөц эх үүсвэртэй, ноцтой хохирлоос өөрийгөө хамгаалах үүрэгтэй байсан. Уг үүргээ нэхэмжлэгч биелүүлээгүйн улмаас өөр хохирол учирсан байна. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.3 дахь хэсэгт “Хохирогч өөрөө санаатай буюу илтэд болгоомжгүй хандсан, эсхүл хууль тогтоомжид нийцсэн арга хэрэгслээр үүсч болох хохирлоос урьдчилан сэргийлэх оролдлого хийгээгүйгээс өөрт нь гэм хор учирсан бол энэ хуулийн 498.1, 498.2-т заасан байгууллагыг хариуцлагаас чөлөөлж болно” гэж заасан байдаг. Нэхэмжлэгчийн нэхэмжилж буй 74 431 150 төгрөг нь бодит хохирол бус, манай компанийн буруугаас үүсээгүй учир нэхэмжлэлийн шаардлагыг хэрэглэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Т ХК нь хариуцагч Т ХХК-д холбогдуулан гэм хорын хохирол 74 431 150 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан ба нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...хариуцагч газар шорооны ажил гүйцэтгэхдээ цахилгааны шугам гэмтээсний улмаас Т ХК-ийн цахилгаан тасарч, 74 220 761 төгрөгийн үнэ бүхий талх, гурилан бүтээгдэхүүн ашиглах боломжгүйгээс болж устгасан, цахилгаанчин ажиллуулсан илүү цагийн хөлсөнд 158 489 төгрөг төлсөн, ашиглах боломжгүй болсон талх, гурилан бүтээгдэхүүнийг устгахад тээвэрлэсэн шатахууны зардалд 51 900 төгрөг төлсөн” гэж тодорхойлсон.

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг “...нэхэмжлэгчид хохирол учирсанд хариуцагчийн гэм буруутай үйл ажиллагаа нөлөөлөөгүй, ...хохирлын хэмжээ тогтоогдоогүй, бодит бус” гэж үгүйсгэн маргажээ.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

Хариуцагч Т ХХК нь Нийслэлийн авто замын хөгжлийн газартай 2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр байгуулсан НАЗХГ/201708020 дугаартай, “Содон хорооллын ар талын шороон замыг хатуу хучилттай болгох /107м/СХД, 6 дугаар хороо/ ажил” гэрээний дагуу 2017 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 16 цаг 38 минутын орчим автозамын ажил хийж гүйцэтгэх үедээ “УБЦТС” ТӨХК-ийн эзэмшлийн 110/10/10 кВ Гео дэд станцаас РП-20-ын А, Б кабелиудыг Гео дэд станцаас 629 метрт механикаар гэмтээсэн нь “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ХК-ийн “110/10/10 кВ-ын Гео дэд станцын 10 кВ-ын РП-20А, Б фидерийн тасарсан шалтгааныг судалсан акт 6”-аар нотлогдож байхаас гадна талууд уг үйл баримтын талаар маргаагүй байна.

Дээрх цахилгааны шугам гэмтэсний улмаас “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ХК болон нэхэмжлэгч Т ХК-ийн хооронд байгуулагдсан “Цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ”-ийн хэрэглэгч болох Т ХХК-ийн цахилгаан эрчим хүч 2017 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 16 цаг 38 минутаас 17 цаг 31 минут хүртэл бүрэн тасарч, 23-ны өдрийн 02 цаг 09 минутанд шугам залгагдаж, Т ХК-ийн цахилгаан эрчим хүч хэвийн нөхцөлд орсон нь дээрх акт, гэрч Г.М болон нэхэмжлэгчийн тайлбараар нотлогдож байхаас гадна хариуцагч уг явдлыг баримтаар үгүйсгэхгүй байна.

Эрчим хүчний тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д зааснаар шугам сүлжээ нь аюулгүй байдлыг хангах хамгаалалтын зурвастай байна. Хамгаалалтын зурвасын дотор гэр, орон сууц, барилга байгууламж барих, шугам сүлжээ өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрснөөс бусад үйл ажиллагаа явуулахыг хориглох бөгөөд Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2007 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 99 дүгээр захирамжаар 1-20 хүртэлх кВ-ийн цахилгаан дамжуулах шугамын хамгаалалтын зурвасын хэмжээг тогтоосон байна.

Эрчим хүчний шугам сүлжээг хамгаалах дүрмийн 3 дугаар зүйлийн 3.1-д зааснаар хамгаалалтын зурваст инженерийн шугам сүлжээ барьж байгуулах, авто замын гарц гаргах, газар шорооны ажил гүйцэтгэхдээ эрчим хүчний шугам сүлжээний ашиглалтын байгууллагын зөвшөөрлөөр гүйцэтгэнэ.

Хэрэгт авагдсан баримтаар хариуцагч нь газар шорооны ажил гүйцэтгэхдээ дээрх дүрэмд заасны дагуу эрчим хүчний шугам сүлжээний ашиглалтын байгууллагаас зөвшөөрөл хүссэн нь тогтоогдохгүй байна. Түүнчлэн, хариуцагчийн “...автозамын зураг төсөлд тухайн газарт цахилгааны шугам байгаа талаар заагаагүй тул мэдээгүй” гэх тайлбараас үзвэл хариуцагч нь дүрмийн дээрх заалтыг хэрэгжүүлээгүй гэж үзнэ. Нөгөөтэйгүүр, “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ХК-ийн Баруун түгээх төвийн 2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр зураг төсөлд тодруулга хийсэн тодорхойлолтод хариуцагчийг “газар шорооны ажил эхлэхийн өмнө Баруун түгээх төвөөс газар дээр нь тандалт хийлгэх, автозамын доор орж байгаа кабель шугамнаас ТБХ-тэй зөвшилцөж шийдэл гаргуулсны дараа газар шорооны ажлыг эхлэх” талаар дурдсан байна.

Иймд хариуцагчийг автозамын газар шорооны ажил хийж гүйцэтгэх явцдаа Эрчим хүчний тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх заалтыг зөрчин, “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ХК-ийн эзэмшлийн 110/10/10 кВ Гео дэд станцаас РП-20-ын А, Б кабелиудыг Гео дэд станцаас 629 метрт гэмтээж, хууль бусаар болгоомжгүй үйлдэлээр нэхэмжлэгчийн цахилгаан эрчим хүчийг тасалдуулсанд гэм буруутай гэж үзэх үндэслэлтэй байна. Өөрөөр хэлбэл, хариуцагч нь газар шорооны ажил гүйцэтгэхдээ цахилгааны шугам тасалж болзошгүй үр дагаварт хүргэж болохгүйг Эрчим хүчний тухай хууль болон Эрчим хүчний шугам сүлжээг хамгаалах дүрэмд зааснаар урьдаас мэдэх, үүнээс зайлсхийх боломжийг ашиглаагүй, хөнгөмсгөөр хандсанаас бусдын эрхэнд халдсан байна.

 

Нөгөөтэйгүүр, хариуцагчийн хийж гүйцэтгэсэн автозамын ажлын зурагт эрчим хүчний шугам зурагдаагүй байсан нь, мөн дээрх цахилгаан шугамын хамгаалалтын зурвас байгаагүй нь, мөн цахилгаан шугам нь стандартын дагуу газрын гүнд булагдаагүй байсан зэрэг нь түүний гэм бурууг үгүйсгэх үндэслэл болохгүйгээс гадна хариуцагч нь уг татгалзалаа баримтаар нотлоогүй байна. Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар хариуцагч нь нэхэмжлэгчид учирсан гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.

2017 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 16 цаг 38 минут орчимоос буюу хариуцагч цахилгааны шугам тасалсан үеэс цахилгаан шугам хэвийн байдалд шилжсэн 2017 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 02 цаг 09 минутын хооронд нэхэмжлэгчийн үйлдвэрийн хэвийн үйл ажиллагаа бүрэн болон зарим хэсэг нь алдагдаж, нийт 74 220 761 төгрөгийн үнэ бүхий талх, нарийн боовны зуурмаг, хөрөнгө, бэлэн бүтээгдэхүүн зэрэг нь хэрэглэх боломжгүй болсон нь нэхэмжлэгч байгууллагын акт болон “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ХК-ийн “110/10/10 кВ-ын Гео дэд станцын 10 кВ-ын РП-20А, Б фидерийн тасарсан шалтгааныг судалсан акт 6”-аар нотлогдож байхаас гадна хариуцагч нь хохирлын талаарх нэхэмжлэгчээс гаргасан нотлох баримт болон тайлбар, үндэслэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар баримтаар үгүйсгэж чадаагүй. Түүнчлэн, талууд хэн аль нь хохирлын талаар шүүхэд хүсэлт гаргаагүй байна. Иймд хариуцагч нь Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар нэхэмжлэгчид учирсан хохирол болох 74 220 761 төгрөгийг төлөх үүрэгтэй. Өөрөөр хэлбэл, хариуцагч нь нэхэмжлэгчид гэм хор учруулсанаа өөрийн буруугаас болоогүй гэдгийг нотолж чадаагүй, мөн хохирлын хэмжээг баримтаар үгүйсгэж чадахгүй байх тул түүнийг гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөх үндэслэлгүй бөгөөд хариуцагчийн гэм буруутай үйлдэлийн улмаас нэхэмжлэгчид дээрх хэмжээний хохирол учирсан гэж үзэх үндэслэлтэй байна

Харин дээрх хэрэглэх боломжгүй болсон талх, нарийн боовны зуурмаг, хөрөнгө, бэлэн бүтээгдэхүүнийг устгахад гарсан зардал болох автомашины шатахууны зардал гэх 51 900 төгрөг, мөн шаардлагтай үед ажилласан ажилтануудын нэмэгдэл цалин, хөлсний зардал гэх 158 489 төгрөг, нийт 210 389 төгрөгийг Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д заасан хохиролд тооцох үндэслэл тогтоогдохгүй байна.

Дээрх үндэслэлээр хариуцагчаас 74 220 761 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 210 389 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь

 

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг баримтлан хариуцагч  “Т” ХХК-иас 74 220 761 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т ХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 210 389 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 530 106 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 529 054 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн  төлөөлөгч  буюу  өмгөөлөгч  эс  зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  М.БАЯСГАЛАН

 

                               ШҮҮГЧИД                                           Ч.БАТЧИМЭГ

                                                                                          М.МӨНХТӨР