Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 11 сарын 25 өдөр

Дугаар 001/ХТ2021/01431

 

“,,,,,,,,,,,,,,,,,,,”  ХК-ийн нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Х.Эрдэнэсувд даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, Х.Сонинбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 102/ШШ2020/00025 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 616 дугаар магадлалтай,

“,,,,,,,,,,,,,,,,,,,”  ХК-ийн нэхэмжлэлтэй,

“,,,,,,,,,,,,,,,,,,,”  ХХК-д холбогдох

74,431,150 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Банзрагчийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Өлзийбаяр, Ц.Оюунчимэг, П.Отгонжаргал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Цолмон, хариуцагчийн өмгөөлөгч А.Батбаатар, нарийн бичгийн дарга Х.Амарбаясгалан нар оролцов.

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: 2019.9.22-ны өдөр “,,,,,,,,,,,,,,,,,,,”  ХХК нь зөвшөөрөлгүйгээр кабель шугамын хамгаалалтын зурвас дотор газар шорооны ажил хийж байгаад РП-20 байгууламжийн 2 кабелийг гэмтээж цахилгаан бүрэн тасарснаас “,,,,,,,,,,,,,,,,,,,”  ХК-д 74,431,150 төгрөгийн хохирол учруулсан. РП-20А болон РП-20Б кабелиуд нь “Улаанбаатар цахилгаан түгээх станц” ТӨХК-ийн эзэмшлийн өмч бөгөөд Эрчим хүчний тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.3.6-д зааснаар эрчим хүч түгээх сүлжээг ашиглах, засвар үйлчилгээ хийх, өргөтгөх нь тус компанийн үүрэг бөгөөд манай компанийн үүрэг биш, манай компанид хамааралгүй асуудал юм. Мөн хуулийн 33 дугаар зүйлийн 33.1, Эрчим хүчний шугам сүлжээ хамгаалах дүрмийн 2.1-д зааснаар хариуцагч үүнийг мэдээгүй нь хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй. “Улаанбаатар цахилгаан түгээх станц” ТӨХК нь цахилгаан тасалдсан шалтгааныг судлаад зөрчлийг судалсан акт, болон зөрчлийн тухай тэмдэглэл үйлдсэн. Цахилгаан тасарсан шалтгааныг судалсан акт, зөрчлийн тухай тэмдэглэлд хариуцагч “,,,,,,,,,,,,,,,,,,,”  ХХК-ийн буруутайг тогтоож, зөрчсөн хууль, дүрмийн заалтуудыг тодорхой заасан. Зөрчлийн тухай тэмдэглэлд хариуцагч тал хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж баталгаажуулсан ба хариуцагч нь “Улаанбаатар цахилгаан түгээх станц” ТӨХК-д учруулсан хохирлоо төлсөн. “,,,,,,,,,,,,,,,,,,,”  ХХК нь Баруун түгээх төвийн үзлэгийн монтёр н.Баатарын уг газар дээр газар шорооны ажил гүйцэтгэж болохгүй, кабель шугамын хамгаалалтын зурвас байгаа талаарх 0002846 дугаар мэдэгдлийг зөрчиж, зөвшөөрөлгүйгээр газар шорооны ажлыг хийж, экскаваторын шанагаар кабелийг механикаар гэмтээн хувиарлах байгууламжийг бүрэн хүчдэлгүй болгосон. 2017.09.22-ны өдрийн 16 цаг 38 минутад тог тасраад 16 цаг 56 минутад Цахилгаан тээвэр компанийн эзэмшлийн 110 кабель руу шилжүүлсэн боловч энэ кабелийн хүчин чадал нь манай 4 үйлдвэрийг бүхэлд нь хангаж чадаагүй, 24 цаг 30 минутад муфт хийж дуусаж өглөө гэхэд бүрэн эрчим хүчээр хангагдсан. Цахилгаан тасарсны маргааш буюу 2017.09.23-ны өдөр “Улаанбаатар цахилгаан түгээх станц” ТӨХК-аас газар дээр нь ирж бодит хохирлыг нүдээр үзэж, манай компани хохирлоо гаргаж албан тоот өгч, зөрчлийн акт болон цахилгаан тасарсан шалтгааныг судалсан 6 дугаар актуудаар баталгаажсан. Иймд хариуцагчаас гэм хорын хохирол 74,431,150 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: РП-20А болон РП-20Б кабелиуд анхнаасаа зохих журмын дагуу тавигдаагүй. РП-20А болон РП-20Б кабель нь 10 кв хүчдэлтэй тул тусгай хоолойгоор бүрээгүй, хамгаалалтын туузаар боогоогүй. Уг кабелиудыг эзэмшигч байгууллага нь зохих журмын дагуу кабелыг байрлуулсан бол кабель гэмтэхгүй байсан. Мөн хамгаалалтын зурвасын тэмдэг, тэмдэглэгээ байгаагүй учир хамгаалалтын зурвас бүхий газар гэж мэдээгүй. Түүнчлэн, эрх бүхий байгууллагаас зөрчлийг тогтоогоогүй. Зөрчлийн тухай хууль болон Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн дагуу зөрчил шалган шийдвэрлэгдэж тогтоогдоогүй. 2017.09.18-ны өдрийн Содон хорооллын ар талын шороон замыг хатуу хучилттай болгох гэрээний ажлын зурагт 10 кв Гео дэд станцын РП-20А болон РП-20Б кабелиуд зурагт тусгагдаагүй бөгөөд манай байгууллага тус 2 кабель байсныг мэдээгүй. Нэхэмжлэгчийн зүгээс РП-20А болон РП-20Б кабелиуд гэмтсэний улмаас бодитоор 74,431,150 төгрөгөөр хохирсон нь тогтоогдохгүй байна. РП-20А болон РП-20Б кабелиуд гэмтсэний улмаас 2017.09.22-ны өдрийн 16 цаг 38 минутад тог тасраад 16 цаг 56 минутад үйлдвэрийн тогийг Цахилгаан тээвэр компанийн эзэмшлийн 110-рүү кабель руу шилжүүлж, цахилгаанаар холбосон буюу “,,,,,,,,,,,,,,,,,,,”  ХК-ийг 18 минутын дараа цахилгаанаар хангасан. Нэхэмжлэгч тооцоогоо бодитой бус гаргасан, ажилчдын цалинг хариуцагч төлөх үндэслэлгүй. Мөн нэхэмжлэгч өөрөө цахилгаан нөөц эх үүсвэртэй байх ёстой. Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2-т заасны дагуу “,,,,,,,,,,,,,,,,,,,”  ХК нь нэгдүгээр зэрэглэлийн үйлдвэр тул цахилгааны нөөц эх үүсвэртэй, ноцтой хохирлоос өөрийгөө хамгаалах үүрэгтэй байсан. Нэхэмжлэгчийн нэхэмжилж буй 74,431,150 төгрөг нь бодит хохирол бус, манай компанийн буруугаас үүсээгүй учир нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 102/ШШ2020/00025 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг баримтлан хариуцагч “,,,,,,,,,,,,,,,,,,,”  ХХК-аас 74,220,761 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “,,,,,,,,,,,,,,,,,,,”  ХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 210,389 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 530,106 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 529,054 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 616 дугаар магадлалаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 102/ШШ2020/00025 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа урьдчилан төлсөн 529,054 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Цолмонгийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.12.24-ний өдрийн 102/ШШ2020/00025 дугаар шүүхийн шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.3.16-ны өдрийн 616 дугаар магадлалыг дараах үндэслэлээр эс зөвшөөрч хяналтын гомдол гаргаж байна. Шүүх Эрчим хүчний тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1, Эрчим хүчний шугам сүлжээг хамгаалах дүрмийн 3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус үндэслэн, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгийг тус тус үндэслэн “,,,,,,,,,,,,,,,,,,,”  ХХК-аас 74,220,761 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн байна. Энэ нь шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, нотлох баримтыг буруу үнэлсэн, үнэлэх ёстой нотлох баримтыг үнэлээгүй, хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй гэж үзэж байна. “,,,,,,,,,,,,,,,,,,,”  ХХК нь 2017.09.18-ны өдөр Нийслэлийн авто замын хөгжлийн газартай Содон хорооллын ар талын шороон замыг хатуу хучилттай болгох ажлын гэрээ байгуулсан. Тус гэрээний дагуу захиалагчаас өгсөн ажлын зургийг удирдлага болгон өдөр бүр захиалагчаас гүйцэтгэх ажлын зөвшөөрөл авч, авто замын ажлыг холбогдох стандартын дагуу хийж гүйцэтгэсэн. Тус ажлыг хийж гүйцэтгэхэд “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-аас захиалагч зөвшөөрөл авсан бөгөөд шүүх хурал дээр шүүгчийн зөвшөөрөл авсан уу гэх асуултад “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн ажилтан ,,,,,,,,,,,,,,,,,,,,, “авсан” гэж хариулсан. Тухайн кабель тасарсан үйлдэл нь “,,,,,,,,,,,,,,,,,,,”  ХХК-ийн буруугаас болоогүй болох нь Мэргэжлийн хяналтын газрын 2019.10.30-ны өдрийн 02-04/4501 тоот албан бичгээр тогтоогдож байгаа бөгөөд “,,,,,,,,,,,,,,,,,,,”  ХХК-д холбогдуулан зөрчлийн хэрэг нээн шалгаж, шийтгэл оногдуулсан баримт хэрэгт байхгүй. Давж заалдах шатны шүүхээс хариуцагч талыг өөрийн гэм буруугүй болохоо нотлоогүй гэж дүгнэсэн байх ч Мэргэжлийн хяналтын газрын 2019.10.30-ны өдрийн 02-04/4501 тоот албан бичгийг нотлох баримтаар үнэлээгүй. Уг албан бичигт “,,,,,,,,,,,,,,,,,,,”  ХХК нь 2017 онд зөрчил гаргаж, шийтгэл оногдуулаагүй болох нь тогтоогддог. Гэвч “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн ажилтан ,,,,,,,,,,,,,,,, гэрчийн “ “,,,,,,,,,,,,,,,,,,,”  ХХК-д холбогдуулж, зөрчлийн хэрэг нээн гэм бурууг тогтоон арга хэмжээ авсан” гэх мэдүүлгийг үнэлдэг. Шүүхээс зөрчлийн хэрэгтэй холбоотой баримтыг холбогдох байгууллагаас гаргуулахаар албан тоот явуулсан бөгөөд Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2019.12.18-ны өдрийн 07/3969 тоот албан бичиг, хэрэгт авагдсан баримтаар гэм бурууг тогтоож, зөрчлийн арга хэмжээ авагдаагүй болох нь тогтоогддог. Эдгээр баримт байхгүй байхад “,,,,,,,,,,,,,,,,,,,”  ХХК-ийг гэм буруутай гэж үзэж байгаа нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий бус байна. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “Эрчим хүчний тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д зааснаар шугам сүлжээ нь аюулгүй байдлыг хангаж хамгаалалтын зурвастай байна. Хамгаалалтын зурвасын дотор гэр, орон сууц, барилга байгууламж барих, шугам сүлжээ өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрснөөс бусад үйл ажиллагаа явуулахыг хориглох бөгөөд Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2007.04.06-ны өдрийн 99 дүгээр захирамжаар 1-20 хүртэлх кВ-ийн цахилгаан дамжуулах шугамын хамгаалалтын зурвасын хэмжээг тогтоосон байна.” гэжээ. 2007.04.06-ны өдрийн 99 дүгээр захирамж нь Засгийн газрын 2001 оны 263 дугаар тогтоолын 3 дугаар хавсралтаар баталсан Эрчим хүч хамгаалах дүрмийн 2 дугаар зүйлд “Эрчим хүчний шугам сүлжээний хамгаалалтын зурвасыг дор дурдсан нөхцөл, хэмжээг баримтлан тогтооно” гэж заасны дагуу зурвасын хэмжээг тогтоосон захиргааны акт бөгөөд тус дүрмийн 2 дугаар зүйлд “Эрчим хүчний шугам сүлжээний аюулгүй ажиллагааг хангах, хүн, амьтан осолдохоос урьдчилан сэргийлэх зорилгоор хамгаалалтын зурвас тогтооно”, 15 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “шугам сүлжээний хамгаалалтын зурвасын байршлын зураглалыг хийх, хамгаалалтын зурвасыг тогтоолгох тухай шийдвэрийг аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргаар гаргуулах;” гэж заасны дагуу дүүргийн Засаг даргын зүгээс хамгаалалтын зурвас тогтоож, газрын зураглал үйлдсэн байх шаардлагатай бөгөөд хэрэгт авагдсан Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газрын 2019.11.14-ний өдрийн 11/2224 тоот албан бичгээр “...дүүргийн маргаан бүхий газарт эрчим хүчний шугам сүлжээний хамгаалалтын зурвас тогтоосон захиргааны акт гаргаагүй байна” гэх нотлох баримтыг үнэлээгүй байна. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “...дээрх цахилгааны шугам гэмтсэний улмаас “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК болон нэхэмжлэгч “,,,,,,,,,,,,,,,,,,,”  ХХК-ийн хооронд байгуулагдсан “Цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ”-ний хэрэглэгч болох “,,,,,,,,,,,,,,,,,,,”  ХК-ийн цахилгаан эрчим хүч 2017.09.22-ны өдрийн 16 цаг 38 минутаас 17 цаг 31 минут хүртэл бүрэн тасарч, 23-ны өдрийн 02 цаг 09 минутад шугам залгагдаж. “,,,,,,,,,,,,,,,,,,,”  ХХК-ийн эрчим хүч хэвийн ажиллагаанд орсон нь дээрх акт, гэрч ,,,,,,,,,,,,,,,,,,,-ын болон нэхэмжлэгчийн тайлбараар нотлогдож байхаас гадна хариуцагч үйл явдлыг баримтаар үгүйсгэхгүй байна” гэжээ. Хохирол учирсан тухайд шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт 2017.09.22-ны өдрийн 16 цаг 38 минут орчмоос буюу хариуцагч цахилгааны шугам тасалсан үеэс цахилгааны шугам хэвийн байдалд шилжсэн 2017.09.23-ны өдрийн 02:09 минутын хооронд нэхэмжлэгчийн үйлдвэрийн хэвийн үйл ажиллагаа бүрэн болон зарим хэсэг нь алдагдаж, нийт 74,220,761 төгрөгийн үнэ бүхий талх, нарийн боовны зуурмаг, хөрөнгө,  бэлэн бүтээгдэхүүн зэрэг нь хэрэглэх боломжгүй болсон нэхэмжлэгч байгууллагын акт болон “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн гаргасан 110/10/10 кВ-ын Гео дэд станцын 10 кВ-ын РП-20А, Б фидерийн тасарсан акт 6”-аар нотлогдож байхаас гадна хариуцагч нь нэхэмжлэгчээс гаргасан нотлох баримт болон тайлбар, үндэслэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар баримтаар үгүйсгэж чадаагүй” гэжээ. Шүүх нотлох баримтыг буруу үнэлсэн бөгөөд хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна.

1. Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1 дэх хэсэгт “Үүрэг бүхий этгээд нь гэм хорыг арилгахдаа эд хөрөнгөд учруулсан бодит хохирол болон олох ёстой байсан орлогыг нөхөн төлөх үүрэгтэй.” гэж заасны дагуу хохирол нь бодитой байх шаардлагатай. Харин хариуцагчийн зүгээс шинжээч томилоогүй нь хохирол бодитой болохыг батлахгүй бөгөөд гэм хор учруулсны улмаас хохирол учруулсан гэдгийг нэхэмжлэгч тал өөрөө нотлох үүрэгтэй юм.

2. Шүүх хохирлыг “Улаанбаатар цахилгаан  түгээх сүлжээ” ХК-ийн гаргасан 110/10/10 Кв-ын Гео дэд станцын 10 кВ-ын РП-20А, Б фидерийн тасарсан акт 6”-аар нотолсон гэжээ. “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ХК нь Эрчим хүчний тухай хуулийн дагуу эрчим хүчээр хангагч байгууллага бөгөөд хохирол тогтоох эрх бүхий байгууллага биш. Харин “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн зүгээс “,,,,,,,,,,,,,,,,,,,”  ХК-ийг хэдэн кв цахилгаанаар хангаагүй болох, мөн хэдэн кв цахилгаанаар хангасан эсэхийг тогтоогоогүй.

3. Шүүх “Цахилгаан 2017.09.22-ны өдрийн 16 цаг 38 минут орчмоос буюу хариуцагч цахилгааны шугам тасалсан үеэс цахилгааны шугам хэвийн байдалд шилжсэн 2017.09.23-ны өдрийн 02:09 минутын хооронд нэхэмжлэгчийн үйлдвэрийн хэвийн үйл ажиллагаанд орсон” гэж үнэлжээ. Гэтэл “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн гаргасан 110/10/10 кВ-ын Гео дэд станцын 10 кВ-ын РП-20А, Б фидерийн тасарсан акт 6”-аар цахилгаан нь “2017.09.22-ны өдрийн 16:38 минутад тасраад 16:56 минутад үйлдвэр 110-рүү шилжүүлсэн”, 18 минутын дараа цахилгаанаар холбосон гэж, мөн гэрчүүдийн тайлбараар 10 хэдэн минутын дараа “,,,,,,,,,,,,,,,,,,,”  ХК-ийг цахилгаанаар хангасан гэх мэдүүлэг байхад шүүх нотлох баримтыг илтэд буруу үнэлжээ. Нэхэмжлэгч байгууллагын зүгээс цахилгаан 2017.09.22-ны өдрийн 16 цаг 38 минутаас 2017.09.23-ны өдрийн 02:09 минутын хооронд нэхэмжлэгчийн үйлдвэрийн хэвийн үйл ажиллагаа бүрэн хангагдаагүй гэж тайлбарладаг боловч өөрийн байгууллагын цахилгааны нийт хэрэглээ хэдэн кВ, тус өдөр хэдэн кВ цахилгаанаар хангагдсанаа баримтаар нотлоогүй.

4. Хохирлыг нэхэмжлэгч байгууллага өөрөө нотолсон гэж шүүх үнэлжээ. Нэхэмжлэгч байгууллагын зүгээс хохирол гэж санхүүгийн тооцоо өгсөн. Гологдлын акт гэж баримт өгсөн ч  нэхэмжлэлийн тооцоо, гологдлын акт хоёр нь хоорондоо зөрдөг. Нэхэмжлэгч 74,220,761 төгрөгийн бараа бүтээгдэхүүнийг устгасан гэж тайлбарлагдаг боловч устгалын актаа шүүхэд гаргаж өгөөгүй. Мөн шүүх хурал дээр хариуцагчийн зүгээс хохирлын тооцоог асуухад нэхэмжлэгч тал захиалгын гэрээний дагуу захиалга гараагүй гэж тайлбарласан. Олох ёстой ашгаа нэхэмжилсэн бол захиалгын гэрээ, холбогдох баримтаа гаргаж өгөх нь нэхэмжлэгч талын үүрэг юм. Түүнчлэн нэхэмжлэгчийн “Улаанбаатар цахилгаан сүлжээ” ТӨХК-тай байгуулсан “Цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ”-ээр “Талхчихэр ХК-ийг цахилгаан эрчим хүчээр хангах үүрэг нь “Улаанбаатар цахилгаан сүлжээ” ТӨХК-д байна. Харин манай компанийн хувьд “,,,,,,,,,,,,,,,,,,,”   ХК-ийг хүрэлцэхүйц тогоор хангаагүй үүргийг хариуцах үндэслэлгүй. Тус гэрээний нэмэлт өөрчлөлтийн 3 дугаар зүйлд “Хэрэглэгчийн эрх, үүрэгт 2.2.21-д гэсэн заалт нэмэх, үүнд “Цахилгаан хангамж тасалдсан тохиолдолд хүний амь нас, улсын эрх ашиг, хэрэглэгчийн үйл ажиллагаанд ноцтой хохирол учирч болох онцлогтой хэрэглэгч өөрийн нөөц эрх үүсвэртэй байна”,  мөн Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.3 дахь хэсэгт “Хохирогч өөрөө санаатай буюу илтэд болгоомжгүй хандсан, эсхүл хууль тогтоомжид нийцсэн арга хэрэгслээр үүсч болох хохирлоос урьдчилан сэргийлэх оролдлого хийгээгүйгээс өөрт нь гэм хор учирсан бол энэ хуулийн 498.1, 498.2-т заасан байгууллагыг хариуцлагаас чөлөөлж болно.” гэж тус тус заасан,  мөн Дэд бүтцийн сайдын 2003 оны 112 дугаар тушаалын хоёрдугаар хавсралт “Цахилгаан эрчим хүчний хангамжийн найдваржилтын нэг ба хоёр дугаар зэрэглэлд хамрагдах шаардлагатай хэрэглэгчдийн жагсаалт”-д зааснаар “,,,,,,,,,,,,,,,,,,,”  ХК-ийн зүгээс хоёр дугаар зэрэглэлийн ангилалтай хэрэглэгч байж өөрөө нөөц эх үүсвэртэй байгаагүй буюу хууль болон “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-тай байгуулсан гэрээний үүргээ биелүүлээгүй буюу илтэд болгоомжгүй хандсан, урьдчилан сэргийлэх оролдлого хийгээгүй, хохирлоос зайлсхийх боломжийг ашиглаагүй байна. Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын хүрээнд шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах үндэслэлтэй байна.

         Нэхэмжлэгч “,,,,,,,,,,,,,,,,,,,”  ХК-аас хариуцагч “,,,,,,,,,,,,,,,,,,,”  ХХК-д холбогдуулан 74,431,150 төгрөг (гэм хорын хохиролд) гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг анхан шатны шүүх 74,220,761 төгрөгт холбогдох шаардлагыг хангаж, үлдэх 210,389 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээсэн.

Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаан дээр хяналтын журмаар гаргасан гомдлын үндэслэлээ “хариуцагч гэм буруутай гэдгээ зөвшөөрч байна, гагцхүү нэхэмжлэгчид учирсан гэх хохирол бодитойгоор тогтоогдоогүй тул хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү” гэж тодруулсныг гомдол гаргасан итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хүлээн зөвшөөрсөн болно.

Хариуцагчийн гэм буруугийн талаарх хоёр шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй. Тодруулбал, “,,,,,,,,,,,,,,,,,,,”  ХХК нь автозамын газар шорооны ажил хийх явцдаа “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ХК-ийн эзэмшлийн 110/10/10 кВ Гео дэд станцаас РП-20-ын А, Б кабелиудыг Гео дэд станцаас 629 метрт гэмтээж, нэхэмжлэгч байгууллагын цахилгаан эрчим хүчийг тасалдуулсанд гэм буруутай гэж үзэх үндэслэлтэй, тухайн гүйцэтгэсэн автозамын ажлын зурагт эрчим хүчний шугам зурагдаагүй байсан нь, мөн цахилгаан шугамын хамгаалалтын зурвас байгаагүй нь, стандартын дагуу газрын гүнд булагдаагүй байсан зэрэг нь түүний гэм бурууг үгүйсгэх үндэслэл болохгүй тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1.-д зааснаар нэхэмжлэгчид учирсан гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.

2017.09.22-ны өдрийн 16 цаг 38 минут орчмоос буюу хариуцагч цахилгааны шугам тасалсан үеэс хэвийн байдалд бүрэн шилжсэн 2017.09.23-ны өдрийн 02 цаг 09 минутын хооронд нэхэмжлэгчийн үйлдвэрийн хэвийн үйл ажиллагаа бүрэн болон зарим хэсэг нь алдагдаж тодорхой хэмжээний хохирол учирсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон байна.

Гэвч хоёр шатны шүүх “... 74,220,761 төгрөгийн үнэ бүхий талх, нарийн боовны зуурмаг, хөрөнгө, бэлэн бүтээгдэхүүн зэрэг нь хэрэглэх боломжгүй болсон нь нэхэмжлэгч байгууллагын акт болон “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ХК-ийн “110/10/10 кВ-ын Гео дэд станцын 10 кВ-ын РП-20А, Б фидерийн тасарсан шалтгааныг судалсан акт 6”-аар нотлогдсон, хариуцагч нь хохирлын талаарх нэхэмжлэгчээс гаргасан нотлох баримт болон тайлбар, үндэслэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2., 38 дугаар зүйлийн 38.1.-д зааснаар баримтаар үгүйсгэж чадаагүй, талууд хэн аль нь хохирлын талаар шүүхэд хүсэлт гаргаагүй байх тул хариуцагч төлөх үүрэгтэй...” гэж дүгнэхдээ нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь тал бүрээс нь, бодитойгоор харьцуулан үзэх үүргээ бүрэн хэрэгжүүлээгүй гэж үзнэ.

Учир нь, шүүх дээрх хэмжээгээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ нэхэмжлэгч талын гаргасан /хохирлын/ актыг үнэлсэн, гэтэл тухайн актаар тогтоосон хохирол нь бусад нотлох баримтаар бүрэн нотлогдоогүй, тухайлбал хэрэгт “,,,,,,,,,,,,,,,,,,,”   ХК-д учирсан хохирол гэх фото зургууд байх боловч зурагт байгаа бүтээгдэхүүнийг гологдол гэж үзэх нь эргэлзээтэй, чанарын шаардлага хангаагүйгээс устгасан акт байхгүй, мөн актын 3 дахь хэсэгт заасан “захиалганд гараагүй бэлэн бүтээгдэхүүний борлуулалт” гэх хохирлыг нотлох баримт үгүй байна.

Иймд, “... Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1. дэх хэсэгт заасны дагуу хохирол нь бодитой байх шаардлагатай, гэм хор учруулсны улмаас хохирол учруулсан гэдгийг нэхэмжлэгч тал өөрөө нотлох үүрэгтэй буюу хариуцагч нотлох үүрэггүй, “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ХК нь хохирол тогтоох эрх бүхий байгууллага биш, нэхэмжлэгчээс гологдлын акт гэж баримт өгсөн ч нэхэмжлэлийн тооцоо, гологдлын акт хоёр нь хоорондоо зөрдөг, 74,220,761 төгрөгийн бараа бүтээгдэхүүнийг устгасан гэж тайлбарладаг боловч устгалын актаа шүүхэд гаргаж өгөөгүй, мөн гэрээний дагуу захиалга гараагүй гэж тайлбарладаг ч олох ёстой байсан ашгаа нотолсон захиалгын гэрээ, холбогдох баримтаа өгөөгүй...” гэсэн агуулгатай хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдол үндэслэлтэй.

Дээрх гомдлын хүрээнд дүгнэхэд, “,,,,,,,,,,,,,,,,,,,”  ХК-ийн шүүхэд өгсөн (хохирлын) актын 3 дугаартай хүснэгтэд заасан “Захиалганд гараагүй бэлэн бүтээгдэхүүний борлуулалт” гэх 27,678,800 төгрөгийн хохирол нь хэрэгт авагдсан баримтаар бүрэн нотлогдохгүй байх тул холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй, харин хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах шаардлагагүй байна.

Хэрэглэх боломжгүй болсон талх, нарийн боовны зуурмаг, хөрөнгө, бэлэн бүтээгдэхүүнийг устгахад гарсан зардал болох автомашины шатахууны зардал гэх 51,900 төгрөг, мөн шаардлагатай үед ажилласан ажилтнуудын нэмэгдэл цалин, хөлсний зардал гэх 158,489 төгрөг, нийт 210,389 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон хоёр шатны шүүхийн шийдэл үндэслэлтэй, үүнд нэхэмжлэгчээс гомдол гаргаагүй болно.

Дээр дурдсан үндэслэлээр шүүх бүрэлдэхүүн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж, шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулахаар тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 616 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалт, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 102/ШШ2020/00025 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх  заалтын “...74,220,761...” гэснийг “...46,541,961...” гэж, “...210,389...” гэснийг “...27,889,189...” гэж, 2 дах заалтын “...529,054 ...” гэснийг “... 390,659 ...”  гэж тус тус өөрчилж, шийдвэр, магадлалын бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын зарим хэсгийг хангасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр төлсөн 529,053 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Х.ЭРДЭНЭСУВД    

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                   Г.АЛТАНЧИМЭГ                         

                                    ШҮҮГЧИД                                                        Г.БАНЗРАГЧ

                                                                                                              П.ЗОЛЗАЯА

                                                                                                              Х.СОНИНБАЯР