Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 688

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

П.З-, Ч.М- нарын

 нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Э.Золзаяа, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 183/ШШ2020/00319 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: П.З-, Ч.М- нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Н-т холбогдох

 

Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай маргаантай хэргийг

 

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.         

 

Шүүх хуралдаанд:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Х

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Т.Б нар оролцов.

 

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 02 сарын 22-ны өдрийн 2274 тоот захирамжаар Ч.М-, П.З- нараас 52 280 000 төгрөгийг гаргуулж, “НБМ финанс ББСБ” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, нэхэмжлэгч нарын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2204074090 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, 68/3 дугаар байрны 27 тоотод байрлах, 100.5 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг 176 386 000 төгрөгөөр үнэлэгдсэнийг 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 4/29542 дугаар мэдэгдлээр мэдэгдсэн. Тус үл хөдлөх хөрөнгийг зах зээлийн үнэлгээнээс хэтэрхий багаар буюу 176 386 000 төгрөгөөр үнэлсэн байх тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасны дагуу тус үнэлгээг хүчингүй болгуулахаар шаардлага гаргаж байна гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 02 сарын 22-ны өдрийн 2274 тоот захирамжаар Ч.М-, П.З- нараас 52 280 000 төгрөгийг гаргуулж “НБМ финанс ББСБ” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2019 оны 9 сарын 13-ны өдрийн 19291033 дугаар тогтоолоор үүсгэн, тус газрын 2019 оны 10 сарын 22-ны өдрийн 4/22907 дугаар албан бичгээр үл хөдлөх хөрөнгийн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлж, төлбөр төлөгчид шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг удаа дараа мэдэгдсэн боловч биелүүлээгүй тул төлбөр төлөгч Ч.М-, П.З- нарын өмчлөлийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13-р хороолол, 68/3 дугаар байрны 27 тоотод байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-2204074090 дугаартай 100.5 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг 2019 оны 10 сарын 16-ны өдрийн 19291033/01 дүгээр тогтоолоор битүүмжилж, 2019 оны 11 сарын 25-ны өдрийн 19291033/02 тоот тогтоолоор хураасан. Төлбөр төлөгч нар 3 өрөө орон сууцдаа 281 400 000 төгрөгийн үнийн санал өгснийг төлбөр авагч зөвшөөрөөгүй, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу талууд тохиролцоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйл, 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасны дагуу “Виннэр вэй” ХХК-ийг шинжээчээр томилон, зах зээлийн үнийг тогтоолгоход 176 386 000 төгрөгөөр үнэлснийг 2019 оны 12 сарын 20-ны өдрийн 4/29542 дугаар албан бичгээр, 2020 оны 01 сарын 07-ны өдөр зохион байгуулагдах анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай тогтоол, мэдэгдлийг 2020 оны 01 сарын 09-ний өдрийн 4/779 дүгээр албан бичгээр талуудад тус тус мэдэгдсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д талууд үнэлгээний талаар гомдлоо 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэж заасан. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн хүрээнд явагдсан, үнэлгээ хүчингүй болгуулах хуулийн хугацаа хэтэрсэн байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар 55.7 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Н-т холбогдох эрхийн улсын бүртгэлийн Ү-2204074090 дугаартай, Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, 68/3 дугаар байрны 27 тоотод байрлах 100,5 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг 176 386 000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч П.З-, Ч.М- нарын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 сарын 03-ны өдрийн 183/ШШ2020/00319 дүгээр шийдвэрээр П.З-, Ч.М- нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэснийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Нэхэмжлэгчээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасны дагуу шинжээч томилж, үнэлгээ хийлгүүлэх хүсэлт гаргахад хүлээн авалгүй шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 89 дүгээр зүйлийн 89.2 дахь хэсэгт заасны дагуу хэргийн оролцогчийн мэтгэлцэх зарчмыг хангах боломжийг хязгаарлаж хэргийг хянан шийдвэрлэсэн гэж үзэж байна. Иймд дээрх шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 161 дүгээр зүйлд заасны дагуу давж заалдах гомдол гаргаж байна гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй байна.       

 

Нэхэмжлэгч П.З-, Ч.М- нар нь Н-т холбогдуулан эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 02 сарын 22-ны өдрийн 183/ШЗ2019/02275 дугаар захирамжаар нэхэмжлэгч Ч.М-, П.З- нараас 52 000 000 төгрөгийг гаргуулж, “НБМ финанс ББСБ” ХХК-д олгож, төлбөрийг төлөөгүй тохиолдолд Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, 68/3 дугаар байрны 27 тоотод байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-2204074090 дугаартай, 100,5 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцны үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн эвлэрлийн гэрээг баталгаажуулсан байна. /хх-ийн 40-42-р тал/

 

Нэхэмжлэгч Ч.М-, П.З- нар нь эвлэрлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй байх тул төлбөр авагч “НБМ финанс ББСБ” ХХК-ийн хүсэлтээр Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх 2019 оны 8 сарын 20-ны өдөр 856 дугаар гүйцэтгэх хуудас олгожээ. /хх-ийн 37-р тал/

 

Хариуцагч Н- нь нэхэмжлэгч Ч.М-, П.З- нарт шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдлийг 2019 оны 10 сарын 02, 2019 оны 10 сарын 16, 2019 оны 11 сарын 25-ны өдөр тус тус хүргүүлж, Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, 68/3 дугаар байрны 27 тоотод байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-2204074090 дугаартай, 100,5 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг 2019 оны 10 сарын 16-ны өдөр битүүмжилж, 2019 оны 11 сарын 25-ны өдөр хураасан байна. /хх-ийн 65-70, 75-76-р тал/

 

Шийдвэр гүйцэтгэх байгууллагаас үл хөдлөх эд хөрөнгийн албадан дуудлага худалдааны доод үнийг тогтоохоор нэхэмжлэгч Ч.М-, П.З- нараас үнийн санал авахад нэхэмжлэгч нар 281 400 000 төгрөг гэж санал өгсөн ч төлбөр авагч “НБМ финанс ББСБ” ХХК нь шинжээч томилуулах хүсэлт гаргажээ. /хх-ийн 82-84-р тал/

 

Талууд дээрх байдлаар үнийн саналд тохиролцоогүй байх тул хариуцагч Н- нь “Виннэр вэй” ХХК-ийг шинжээчээр томилж, шинжээч нь орон сууцыг 176 386 000 төгрөгөөр үнэлсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасантай тус тус нийцсэн гэж шүүх зөв дүгнэсэн байна. /хх-ийн 93, 99-129-р тал/

 

            Хариуцагч Н- нь 2019 оны 12 сарын 20-ны өдрийн 4/29542 дугаар мэдэгдлээр шинжээчийн дүгнэлтийг нэхэмжлэгч Ч.М-, П.З- нарт мэдэгдсэн болох нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын мэдэгдлээр тогтоогдсон байх бөгөөд нэхэмжлэгч Ч.М-, П.З- нар нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо 7 хоногийн дотор шүүхэд гаргаагүй байна. /хх-ийн 123-р тал/

 

            Нөгөө талаар орон сууцыг зах зээлийн үнэлгээнээс хэтэрхий бага үнэлсэн гэх нэхэмжлэгчийн тайлбар нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлогдоогүй болно.  

 

                        Хариуцагч Н- нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахдаа хууль зөрчөөгүй, анхан шатны шүүх энэ талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дах хэсэгт заасантай тус тус нийцжээ.

            Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо шинжээч томилж, үнэлгээ хийлгэх хүсэлтийг шүүх хүлээн авалгүй хэргийг шийдвэрлэсэн нь хэргийн оролцогчийн мэтгэлцэх зарчмыг хязгаарласан гэх боловч уг хүсэлтийг хангахгүй орхисон шүүхийн ажиллагаа хууль зөрчөөгүй байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дахь  заалтыг удирдлага болгон, ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 183/ШШ2020/00319 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

                   

 

           

 

           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Н.БАТЗОРИГ                                              

                                         ШҮҮГЧИД                                    Э.ЗОЛЗАЯА

                                                                                                 

                                                                                                Г.ДАВААДОРЖ