Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 02 сарын 03 өдөр

Дугаар 183/ШШ2020/00319

 

2020 оны 02 сарын 03 өдөр                    Дугаар 183/ШШ2020/00319

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюунбилэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

           Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 0 дугаар хороо, Х. ө хотхон үйлдвэр гудамж, 00б байр, 00 тоотод оршин суух, Б овогт П.З /РД:ИЦ00000000/,

            Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 0 дугаар хороо, Х. ө хотхон үйлдвэр гудамж, 00б байр, 00 тоотод оршин суух, Ш овогтой Ч.М /РД:ОО00000000/-нарын нэхэмжлэлтэй,

            Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 0 дугаар хороо, Үндсэн хуулийн гудамж-0 өөрийн байранд байрлах, Н. Ш. Ш. Г.Г-Т.Б холбогдох,

           Үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х нар оролцож, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Оюундарь шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв.

ТОДОРХОЙЛОХ нь:

           Нэхэмжлэгч П.З, Ч.М нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 0000 тоот захирамжаар Ч.М, П.З нараас 52,280,000 төгрөгийг гаргуулж НБМ ф ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж нэхэмжлэгч нарын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-0000000000 дугаар бүртгэлтэй Баянзүрх дүүргийн 0 дугаар хороо, 00-р хороолол, 00/0 дугаар байрны 00 тоотод байрлах 100.5 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг 176,386,000 төгрөгөөр үнэлэгдсэнийг 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 0/00000 дугаар мэдэгдлээр мэдэгдсэн. Тус үл хөдлөх хөрөнгийг зах зээлийн үнэлгээнээс хэтэрхий багаар буюу 176,386,000 төгрөгөөр үнэлсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасны дагуу тус үнэлгээг хүчингүй болгуулахаар шаардлага гаргаж байна гэв.

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х шүүхэд гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 0000 тоот захирамжаар Ч.М, П.З нараас 52,280,000 төгрөгийг гаргуулж НБМ ф ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2019 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 0000000 дугаар тогтоолоор үүсгэн, тус газрын 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 0/00000 дугаар албан бичгээр үл хөдлөх хөрөнгийн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлж, төлбөр төлөгчид шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг удаа дараа мэдэгдсэн боловч биелүүлээгүй тул төлбөр төлөгч Ч.М, П.З нарын өмчлөлийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Баянзүрх дүүргийн 0 дугаар хороо, 00-р хороолол, 00/0 дугаар байрны 00 тоотод байрлах Ү-0000000000 дугаартай 100.5 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 0000000/00 дүгээр тогтоолоор битүүмжилж, 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 0000000/00 тоот тогтоолоор хураасан. Төлбөр төлөгч Ч.М, П.З нарт 3 өрөө орон сууцны үнийн саналыг ирүүлэхийг 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 0/00000 дугаар албан бичгээр мэдэгдэхэд 2019 оны 12 сарын 02-ны өдөр 281,400,000 төгрөгөөр үнийн санал өгснийг төлбөр авагч НБМ ф ББСБ ХХК нь зөвшөөрөөгүй, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т заасны дагуу талууд тохиролцоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйл, 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасны дагуу Виннэр Вэй ХХК-ийг шинжээчээр томилон, зах зээлийн үнийг тогтоолгоход 176,386,000 төгрөгөөр үнэлснийг 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 0/00000 дугаар албан бичгээр, 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр зохион байгуулагдах анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай тогтоол, мэдэгдлийг 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 0/000 дүгээр албан бичгээр талуудад тус тус мэдэгдсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д талууд үнэлгээний талаар гомдлоо 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэж заасан. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуулийн хүрээнд явагдсан, үнэлгээ хүчингүй болгуулах хуулийн хугацаа хэтэрсэн байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

         Шүүх зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

          Нэхэмжлэгч П.З, Ч.М нар нь Н.Ш. Ш.Г.Г холбогдуулан эрхийн улсын бүртгэлийн Ү-0000000000 дугаар бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 0 дугаар хороо, 00-р хороолол, 00/0 дугаар байрны 00 тоотод байрлах 100.5 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг 176,386,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 183/ШЗ2019/00000 дугаар захирамжаар П.З, Ч.М нараас 52,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч НБМ ф ББСБ ХХК-д олгож, төлбөрийг төлөөгүй тохиолдолд Баянзүрх дүүргийн 0 дугаар хороо, 00-р хороолол, 00/0 дугаар байрны 00 тоотод байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-0000000000 дугаартай, 100.5 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцны үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэжээ. /х.х-ийн 40-42/, Нэхэмжлэгч П.З, Ч.М нар нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаар маргаан байхгүй, харин үл хөдлөх эд хөрөнгийг 281,400,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг шинжээч томилон зах зээлийн үнээс хэт доогуур, жишиг үнэд нийцээгүй бага үнээр үнэлсэн гэж шаардлага, үндэслэлээ тайлбарладаг. Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан, мөн үнэлгээний талаар шүүхэд гомдол гаргах хугацаа хэтрүүлсэн учир нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргадаг. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас төлбөр төлөгч П.З, Ч.М нарын өмчлөлийн Баянзүрх дүүргийн 0 дугаар хороо, 00-р хороолол, 00/0 дугаар байрны 00 тоотод байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-0000000000 дугаартай, 100.5 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 00000000/00 тоот тогтоолоор битүүмжилж, 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 0000000/00 тоот тогтоолоор хураажээ. /х.х-ийн 69-70, 75-76/, Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар төлбөр төлөгч П.З, Ч.М нар дээрх үл хөдлөх эд хөрөнгийг 281,400,000 төгрөгөөр үнэлснийг төлбөр авагч НБМ ф ББСБ ХХК эс зөвшөөрч, улмаар шийдвэр гүйцэтгэх байгууллага үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнийг тогтоолгохоор шинжээч томилсон үйл баримт тогтоогдож байна. /х.х-ийн 82,84, 93/, Ийнхүү төлбөр төлөгч, төлбөр авагч нар дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг харилцан тохиролцоогүй учир шийдвэр гүйцэтгэгчийн 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 000/Б тоот тогтоолоор Виннэр вэй ХХК-ийг шинжээчээр томилсон нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д Дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч өмчлөгч харилцан тохиролцож тогтоосон үнийн, хэрэв тохиролцоогүй бол үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 70 хувиар тооцон тогтооно гэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-д үнэлгээг талууд өмчлөгч Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу тохиролцоогүй хөрөнгө ... эд хөрөнгийг шинжээчээр үнэлүүлнэ гэж заасантай нийцжээ.Виннэр вэй ХХК нь үл хөдлөх эд хөрөнгийн зэх зээлийн үнэлгээг нийт 176,386,000 төгрөгөөр тогтоосон байх ба үнэлгээг тодорхойлсон арга, аргачлал зэргийг дүгнэлтдээ тодорхой дурдаж, холбогдох фото зургуудыг хавсаргажээ.

              Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээний талаарх 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 0/00000 дугаар мэдэгдлийг төлбөр төлөгч П.З, Ч.М нарт 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр мэдэгдсэн байна. /х.х-ийн 123-125/, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д Талууд эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэж журамлажээ. Нэхэмжлэгч П.З, Ч.М нар нь 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь хуульд заасан хугацааг хэтрүүлж, хуулиар тогтоосон журмыг баримтлаагүй байх тул тэдгээрийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйл, 160 дугаар зүйлийн 160.1.2-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

           1. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар 55.7. дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох эрхийн улсын бүртгэлийн Ү-0000000000 дугаар бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 0 дугаар хороо, 00-р хороолол, 00/0 дугаар байрны 00 тоотод байрлах 100.5 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг 176,386,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч П.З, Ч.Мнарын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

           2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

           3. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 183/ШЗ2020/00000 тоот хүсэлт шийдвэрлэх тухай захирамж нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд хэвээр байхыг дурдсугай4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор шийдвэр гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

ШҮҮГЧ Ц.ОЮУНБИЛЭГ