Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 001/ХТ2021/00859

 

 

*******,******* нарын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Д.Цолмон даргалж, шүүгч П.Золзаяа, С.Соёмбо-Эрдэнэ, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 183/ШШ2020/00319 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 688 дугаар магадлалтай,

*******,******* нарын нэхэмжлэлтэй,

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох,

Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Баяржаргалын хяналтын журмаар гаргасан гомдлоор

шүүгч Х.Эрдэнэсувд илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Билгүүн оролцов.

Нэхэмжлэгч *******,******* нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Баяржаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019.02.22-ны өдрийн 2274 тоот захирамжаар*******, ******* нараас 52,280,000 төгрөгийг гаргуулж НБМ финанс ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж нэхэмжлэгч нарын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2204074090 дугаар бүртгэлтэй Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13-р хороолол, 68/3 дугаар байрны 27 тоотод байрлах 100.5 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг 176,386,000 төгрөгөөр үнэлэгдсэнийг 2019.12.20-ны өдрийн 4/29542 дугаар мэдэгдлээр мэдэгдсэн. Тус үл хөдлөх хөрөнгийг зах зээлийн үнэлгээнээс хэтэрхий багаар буюу 176,386,000 төгрөгөөр үнэлсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасны дагуу тус үнэлгээг хүчингүй болгуулахаар шаардлага гаргаж байна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Халиун шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019.02.22-ны өдрийн 2274 тоот захирамжаар*******, ******* нараас 52,280,000 төгрөгийг гаргуулж НБМ финанс ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2019.09.13-ны өдрийн 19291033 дугаар тогтоолоор үүсгэн, тус газрын 2019.10.22-ны өдрийн 4/22907 дугаар албан бичгээр үл хөдлөх хөрөнгийн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлж, төлбөр төлөгчид шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг удаа дараа мэдэгдсэн боловч биелүүлээгүй тул төлбөр төлөгч*******, ******* нарын өмчлөлийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13-р хороолол, 68/3 дугаар байрны 27 тоотод байрлах Ү-2204074090 дугаартай 100.5 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг 2019.10.16-ны өдрийн 19291033/01 дүгээр тогтоолоор битүүмжилж, 2019.11.25-ны өдрийн 19291033/02 тоот тогтоолоор хураасан. Төлбөр төлөгч*******, ******* нарт 3 өрөө орон сууцны үнийн саналыг ирүүлэхийг 2019.11.28-ны өдрийн 4/26125 дугаар албан бичгээр мэдэгдэхэд 2019.12.02-ны өдөр 281,400,000 төгрөгөөр үнийн санал өгснийг төлбөр авагч НБМ финанс ББСБ ХХК нь зөвшөөрөөгүй, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т заасны дагуу талууд тохиролцоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйл, 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасны дагуу Виннэр Вэй ХХК-ийг шинжээчээр томилон, зах зээлийн үнийг тогтоолгоход 176,386,000 төгрөгөөр үнэлснийг 2019.12.20-ны өдрийн 4/29542 дугаар албан бичгээр, 2020.01.07-ны өдөр зохион байгуулагдах анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай тогтоол, мэдэгдлийг 2020.01.09-ний өдрийн 4/779 дүгээр албан бичгээр талуудад тус тус мэдэгдсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д талууд үнэлгээний талаар гомдлоо 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэж заасан. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуулийн хүрээнд явагдсан, үнэлгээ хүчингүй болгуулах хуулийн хугацаа хэтэрсэн байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 183/ШШ2020/00319 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар 55.7. дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох эрхийн улсын бүртгэлийн Ү-2204074090 дугаар бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13-р хороолол, 68/3 дугаар байрны 27 тоотод байрлах 100.5 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг 176,386,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч *******,******* нарын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж,

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 183/ШЗ2020/01279 тоот хүсэлт шийдвэрлэх тухай захирамж нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд хэвээр байхыг дурдаж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 688 дугаар магадлалаар: Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 183/ШШ2020/00319 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Баяржаргал хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна.

Нэхэмжлэгчээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасны дагуу шинжээч томилж үнэлгээ хийлгүүлэх хүсэлт гаргахад хүлээн авалгүй шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 89 дүгээр зүйлийн 89.2-т заасан дагуу хэргийн оролцогчийн мэтгэлцэх зарчмыг хангах боломжийг хязгаарлаж хэргийг хянан шийдвэрлэсэн гэж үзэж байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлд заасны дагуу хяналтын журмаар гомдол гаргаж байна гэжээ. 

ХЯНАВАЛ: 

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч *******,******* нар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх хэргийг хянаад шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

Хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах үндэслэл тогтоогдсонгүй.

1.   Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.02.22-ны өдрийн 2275 дугаартай Шүүгчийн захирамжаар *******,******* нар нь 52,000,000 төгрөгийг НБМ финанс ББСБ ХХК-д 2019.12.31-ний дотор төлж барагдуулахаар, үүргийг хугацаандаа биелүүлээгүй тохиолдолд Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, 68/3 байрны 27 тоот, 100.5 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэжээ.

2.   Хариуцагч сайн дураар төлбөрөө төлөхгүй байгаа үндэслэлээр шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр хүсэлт гаргасныг үндэслэн 2019.09.13-ны өдөр Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэж, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхийг төлбөр төлөгчид мэдэгдсэн боловч төлбөрийг биелүүлээгүй үндэслэлээр шийдвэрт заагдсан хөрөнгийг битүүмжлэн, хурааж, албадан дуудлага худалдаанд оруулахаар үнийн саналаа ирүүлэхийг талуудад мэдэгджээ.

Төлбөр төлөгч нар орон сууцыг 281,400,000 төгрөгөөр үнэлэх санал өгснийг төлбөр авагч эс зөвшөөрч, шинжээч томилж үнэлгээ хийлгэхээр хүсэлт гаргасан тул шийдвэр гүйцэтгэгч үнэлгээг тогтоолгохоор Виннэр Вэй ХХК-ийг шинжээчээр томилсон нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2., Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1. дэх заалтыг зөрчөөгүй байна.

3.   Шинжээч үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнэ, цэнэ 176,386,000 төгрөг болохыг тодорхойлж ирүүлснийг шийдвэр гүйцэтгэгч хүлээн авч, үнэлгээг 2019.12.20-ны өдрийн 4/29542 дугаартай Мэдэгдэлд дурдаж, тухайн өдрөө төлбөр төлөгч нарт мэдэгдэл, үнэлгээний тайланг гардуулан өгсөн тухайгаа Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлээр баталгаажуулжээ. /хх-123-125/

4.   Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: ...зах зээлийн үнээс хэтэрхий багаар үнэлсэн ... гэж тайлбарласан,

Хариуцагч ...шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль зөрчөөгүй, ...нэхэмжлэгч нь шүүхэд гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэжээ.

Анхан шатны шүүх ...шийдвэр гүйцэтгэгчийн ажиллагаа хууль зөрчөөгүй, ...шинжээч Виннэр Вэй ХХК үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг тодорхойлсон арга, аргачлал зэргийг дүгнэлтдээ тодорхой дурдаж, холбогдох фото зургуудыг хавсаргасан, ...үнэлгээг үндэслэл бүхий гарсан, түүнчлэн нэхэмжлэгч нь үнэлгээний талаар шүүхэд гомдол гаргах хугацааг хэтрүүлж, хуулиар тогтоосон журмыг баримтлаагүй... гэх үндэслэл зааж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хэрэгт цугларсан баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж, Иргэний хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн байна.

5.   Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаж, анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны байх шаардлагыг хангасан гэж үзэхийн зэрэгцээ нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл, тайлбараа нотлох, нотлох баримтыг өөрөө цуглуулах, гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй гэсэн дүгнэлтийг хийж, шийдвэрийг хэвээр үлдээхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2. дахь заалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн, магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4., 167 дугаар зүйлийн 167.1.2. дахь заалтад нийцжээ.

6.   Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...нэхэмжлэгчээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шинжээч томилуулах хүсэлт гаргасныг хүлээн авалгүй хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 89 дүгээр зүйлийн 89.2.-т заасны дагуу хэргийн оролцогчийн мэтгэлцэх зарчмыг хангах боломжийг хязгаарласан... гэжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 89 дүгээр зүйлийн 89.2.-т шүүх хуралдаан даргалагчийн эрх, үүргийг зохицуулсан байх бөгөөд нэхэмжлэгчээс шүүх хуралдаанд гаргасан хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн нь хуулийн дээрх заалтыг зөрчсөн гэх үндэслэл болохгүй.

Харин үнэлгээг хүчингүй болгохоор гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг нотлохоор хүсэлт гаргасан бол өмнөх шинжээчийн дүгнэлтийг ямар үндэслэлээр зөвшөөрөхгүй байгаа гэж үзсэн, дахин шинжээч томилуулах хуульд заасан үндэслэлээ тодорхойлоогүй тул хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй гэж үзнэ.

7.   Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй, хэрэгт цугларсан баримтад үндэслэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль, Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн, шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шаардлагад нийцжээ.

Дээр дурдсан үндэслэлээр хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 183/ШШ2020/00319 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 688 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Баяржаргалын гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2.-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс 2020.04.23-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                                                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Д.ЦОЛМОН

                                                           ШҮҮГЧИД                                                           П.ЗОЛЗАЯА

                                                                                                                                       С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                                                                                                                       Г.ЦАГААНЦООЖ

                                                                                                                                       Х.ЭРДЭНЭСУВД