Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Лхүндэвийн Атарцэцэг |
Хэргийн индекс | 128/2018/0104/з |
Дугаар | 315 |
Огноо | 2018-09-12 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2018 оны 09 сарын 12 өдөр
Дугаар 315
Ч.Б-ын нэхэмжлэлтэй,
ГЕГ-т холбогдох
захиргааны хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч: Танхимын тэргүүн М.Батсуурь
Шүүгчид: Г.Банзрагч
Х.Батсүрэн
Д.Мөнхтуяа
Илтгэгч шүүгч: Л.Атарцэцэг
Нарийн бичгийн дарга: Г.Гантогтох
Нэхэмжлэлийн шаардлага: “...2011 оны 04 дүгээр сарын 04-ний өдрөөс 2013 оны 03 дугаар сарын 05-ны өдрийг хүртэлх хугацаанд гаалийн байцаагчийн албан үүргээс чөлөөлөгдөөгүй байсныг тогтоолгох, 2013 оны 03 дугаар сарын 06-ны өдрөөс 2015 оны 05 дугаар сарын 10-ны өдрийг хүртэлх хугацаанд ажил албан тушаалын ажлыг хийлгэхгүй байсан нь хууль бус болохыг тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин олговрыг нөхөн гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, бичилт хийлгүүлэхийг даалгуулах”
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 128/ШШ2018/0228 дугаар шийдвэр,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 221/МА2018/0308 дугаар магадлал,
Шүүх хуралдаанд оролцогчид, Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Лхагвадулам, Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Лхагвадуламын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Өмнөх шатны шүүхийн шийдвэр
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 128/ШШ2018/0228 дугаар шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 14 дүгээр зүйлийн 14.1.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ч.Б-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, нэхэмжлэгч Ч.Б- нь 2011 оны 04 дүгээр арын 04-ний өдрөөс 2013 оны 03 дугаар сарын 05-ны өдөр хүртэлх хугацаанд гаалийн улсын байцаагчийн албан үүргээс чөлөөлөгдөөгүй байсныг тогтоож, нэхэмжлэгч Ч.Б-ыг 2013 оны 03 дугаар сарын 06-ны өдрөөс 2015 оны 05 дугаар сарын 10-ны өдрийг хүртэлх хугацаанд гаалийн улсын байцаагчийн ажил албан тушаалыг үргэлжлүүлэн хийлгэхгүй байсан эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэгчийн ажилгүй байсан 2013 оны 03 дугаар сарын 06-ны өдрөөс 2015 оны 05 дугаар сарын 10-ны өдрийг хүртэлх хугацааны цалин олговорт 28,747,000 төгрөгийг нөхөн гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг суутган тооцож бичилт хийхийг хариуцагч ГЕГ-т даалгаж шийдвэрлэжээ.
2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 221/МА2018/0308 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 128/ШШ2018/0228 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 14 дүгээр зүйлийн 14.1.1” гэснийг “Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.2.5, Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Хяналтын журмаар гаргасан гомдол
3. Хариуцагч Гаалийн ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Лхагвадулам хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 221/МА2018/0308 дугаар магадлалыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр гомдол гаргаж байна,
4. Захиргааны ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.14-д “Иргэн, хуулийн этгээдээс захиргааны актад гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг энэ хуулийн 94 дүгээр зүйлд зааснаар, захиргааны хэргийн шүүхэд хандаж нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар тодорхойлно” гэж заасан байх бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1-д “дээд шатны захиргааны байгууллага, эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагаас гаргасан шийдвэрийг эс зөвшөөрсөн бол хугацаа өнгөрснөөс хойш 30 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргана” гэж тус тус заасан байна.
5. Гаалийн байгууллагаас иргэн Ч.Б-од 2013 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 04/1325 дугаар албан бичгээр гомдлыг хариуг өгч байснаас хойш Гаалийн ерөнхий газрын даргын 2015 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн Б/155 дугаар “эрх сэргээх” тушаал гарах өдрийг хүртэл дээд шатны байгууллага болон шүүхэд хандаагүй болно.
6. Гэтэл шүүхийн магадлалын 4 дүгээр хуудас хянавал хэсэгт “Гаалийн байгууллагаас иргэн Ч.Б-од 2013 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 04/1325 дугаар албан бичгээр нэхэмжлэгчийг ажилд нь буцаан томилох талаар мэдэгдсэнээс хойш хөөн хэлэлцэх хугацаа тоологдох ч нэхэмжлэгчийн холбогдсон эрүүгийн хэрэг эцэслэн шийдвэрлэгдээгүй байсан...” гэж шүүхээс дүгнэсэн, нэхэмжлэгчийн холбогдсон эрүүгийн хэрэг эцэслэн шийдвэрлэгдээгүй байсан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1-д “дээд шатны захиргааны байгууллага, эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагаас гаргасан шийдвэрийг эс зөвшөөрсөн бол хугацаа өнгөрснөөс хойш 30 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргана” гэж заасан хугацаатай хамааралгүй байтал шүүхээс хамааруулж дүгнэж шийдвэр гаргасан нь үндэслэлгүй байна.
7. Захиргааны ерөнхий хуульд төрийн байгууллага тасралтгүй, шуурхай байхаар заасан. Гэтэл иргэн Ч.Б- нь ямар нэгэн байдлаар ГЕГ-т хандаагүй, ажил хөдөлмөр эрхлэлгүй, эрх нь зөрчигдсөн нэрээр Гаалийн ерөнхий газрыг буруутган төрийг хохироож ямар нэгэн ажил эрхлээгүй, хөдөлмөрлөөгүй байж ажилгүй байсан хугацааны цалин буюу дээрх нийт хугацааны цалинг нэхэмжлэх нь үндэслэлгүй гэж үзэж байна.
8. Иймээс Захиргааны ерөнхий хууль болон Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргах хугацаа өнгөрсөн байх тул иргэн Ч.Б-ын гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 128/ШШ2018/0228 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 221/МА2018/0308 дугаар магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
9. Анхан болон давж заалдах шатны шүүх маргааны үйл баримттай хамааралтай нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй, нотлох баримтыг буруу үнэлж дүгнэн, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэснээс шийдвэр, магадлал хууль ёсны, үндэслэл бүхий биш байна.
10. Хяналтын шатны шүүхээс хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлын хүрээнд дүгнэлт хийж, дараах үндэслэлээр түүний гомдол үндэслэлтэй гэж үзлээ.
11. Хариуцагч нь иргэн Ч.Б-ын гаргасан нэхэмжлэлийн зарим буюу “...2013 оны 03 дугаар сарын 06-ны өдрөөс 2015 оны 05 дугаар сарын 10-ны өдрийг хүртэлх хугацаанд албан тушаал гүйцэтгүүлээгүйг хууль бус байсныг тогтоолгон, ажилгүй байсан хугацааны цалин олговрыг нөхөн гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж бичилт хийлгэхийг даалгуулах тухай” шаардлагыг “...шүүхэд хандах эрх нь тухайн үед нээлттэй байсан, ...нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн...” гэж эс зөвшөөрч маргажээ.
12. Хэрэгт авагдсан “Албан үүргээ гүйцэтгэх тухай” Ч.Б-ын хүсэлтэд “...эрүүгийн хэрэг эцэслэн шийдвэрлэгдээгүй...” хэмээн татгалзсан Гаалийн ерөнхий газрын 2013 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 04/1325 дугаар албан бичгийг хариуцагч нь тайлбарынхаа үндэслэл болгосон, шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааг тодорхойлох гол нотлох баримт болохыг шүүхүүд зөв дүгнэсэн атлаа гэмт хэрэгт шалгагдсан, иргэний хэргийн шүүхэд хандаж байсан зэрэг үйл баримтыг үндэслэн “хүндэтгэн үзэх шалтгаан” гэж тодорхойлж, нэхэмжлэлийн энэ шаардлагыг хангасан нь буруу байна.
13. Эдгээр үйл баримт нь маргаан бүхий захиргааны актын улмаас зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар тухайн үедээ шүүхэд хандах нэхэмжлэгчийн эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй, учир нь, өөрт нь холбогдох эрүүгийн хэрэг хэрэгсэхгүй болгогдсоноор нэхэмжлэгч Ч.Б- нь 2013 оны 03 дугаар сарын 06-ны өдрөөс 2015 оны 05 дугаар сарын 10-ны өдрийг хүртэлх хугацааны цалинг “гэм хорын хохирол” гэж үзэж, төрөөс гаргуулахаар нэхэмжилж, нөхөн олговор болох нийт 63182,873 төгрөгийн нэхэмжлэлийн үнийн дүнд оруулан тооцож байжээ.
14. Тодруулбал, Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 102/ШШ2016/05224 дүгээр шийдвэрээр “...дээрх хугацааны цалин хөлсийг Засгийн газрын нөөц сангаас гаргуулах үндэслэлгүй, энэ нь ажил олгогч байгууллагад хамааралтай,...” гэж дүгнэн, холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон, шүүхийн энэ шийдвэр нь захиргааны хэргийн шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулах ажиллагаанд харшлахгүй юм.
15. Ажлаар хангаагүй захиргааны байгууллагын үйл ажиллагааг хууль бус болохыг тогтоолгон, цалингийн хохирлыг гаргуулах болон хууль бусаар яллагдагчаар татагдсаны улмаас учирсан гэм хорын хохирлыг гаргуулах харилцаа нь тусдаа, өөр өөр хуулиар зохицуулагдахаар байх тул нэхэмжлэгч нь нэхэмжлэлээ дээрх иргэний хэргийн шүүхийн шийдвэрт үндэслэж байгааг хүлээн авах боломжгүй.
16. Маргааны үйл баримтад хамаарах үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн /2002 оны/ 6, 12 дугаар зүйлүүдэд шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааг эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзвэл холбогдох захиргааны актыг хүлээн авснаас, эсхүл мэдсэнээс хойш 30 хоногийн дотор байхаар тодорхой зохицуулжээ.
17. Нэхэмжлэгч нь ажлаар хангахаас татгалзсан Гаалийн ерөнхий газрын 2013 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 04/1325 дугаар албан бичгийг мэдсэнээс хойш энэ талаар гомдол гаргаагүй, шүүхээр маргаж байгаагүй тул Захиргааны Ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн дагуу хохирол нэхэмжлэх хуулийн үндэслэл бүрдээгүй байна.
18. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь тухайн үед дээрх албан бичигтэй холбогдуулж гомдол гаргаж байгаагүй атлаа “...ажил гүйцэтгүүлээгүй...” гэж хариуцагч захиргааны байгууллагыг буруутгах үндэслэлгүй, хоёр шатны шүүх үүнийг анхаарахгүйгээр “...ажлаар хангаагүй нь хууль бус байсныг тогтоолгон, ажилгүй байсан хугацааны цалин олговрыг нөхөн гаргуулах“ тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангасан нь буруу болжээ.
19. Нөгөө талаас Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д “Захиргааны байгууллагын нийтийн эрх зүйн харилцаанаас үүссэн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйгээс өөрт учирсан хохирлыг арилгуулахаар иргэн, хуулийн этгээд шаардах эрхтэй“ гэж зааснаар шаардах эрхтэй бөгөөд энэ тохиолдолд Гаалийн ерөнхий газрын татгалзсан эс үйлдэхүй нь хууль бус гэж үзэх боломжгүй болохыг дурдах нь зүйтэй.
20. Нэхэмжлэлийн бусад шаардлага болон цалингийн тооцооллын асуудлаар хэргийн оролцогчид маргаагүй тул хариуцагчийн гомдолд дурдсанаар шийдвэр, магадлалыг бүхэлд нь хүчингүй болгох боломжгүй, харин шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлалд “нэхэмжлэлийн зарим шаардлагыг хэрэгсэхгүй болгох”-оор холбогдох өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 221/МА2018/0308 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Захиргааны Ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар нэхэмжлэлийн зарим буюу 2013 оны 03 дугаар сарын 06-ны өдрөөс 2015 оны 05 дугаар сарын 10-ны өдрийг хүртэлх хугацаанд албан тушаал гүйцэтгүүлээгүйг хууль бус байсныг тогтоолгон, ажилгүй байсан хугацааны цалин олговрыг нөхөн гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж бичилт хийлгэхийг даалгуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн найруулж, бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН М.БАТСУУРЬ
ШҮҮГЧ Л.АТАРЦЭЦЭГ