Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 630

 

О.Д-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Отгонцэцэг, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 183/ШШ2019/02740 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч О.Д-гийн хариуцагч “Х-” ХХК болон Т.С- нарт холбогдуулан хариуцагч Т.С-гээс 478 372 227 төгрөг, “Х-” ХХК-аас 418 408 915 төгрөг тус тус гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй, “Х-” ХХК-д учруулсан хохирол 781 837 514 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч “Х-” ХХК-иас гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч О.Д-, түүний өмгөөлөгч Г.Б-, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.А-, Л.Ц-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Э нар оролцов.

 

Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон өмгөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2014 оны 03 дугаар сарын 05-ны өдөр “Х-” ХХК-ийн гүйцэтгэх захирал Т.С-тэй харилцан тохиролцож, Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг байгуулж, “Х-” ХХК-ийн нэр дээрх Дорноговь аймаг, Замын-Үүд сумын 1 багт байрлах Х--1, Х--2 зочид буудлын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг газар эзэмших эрхийн хамт нийт 1 800 000 000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон. Би худалдах, худалдан авах гэрээний төлбөрт нийт 592 600 000 төгрөг төлж, үлдэх төлбөрийг тухайн үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалан банкнаас зээл авч төлөхөөр анх тохиролцсон. Гэвч банкны зүгээс миний нэр дээр зээл олгох боломжгүй гэсэн тул Т.Санхүүтэй ярилцаж “Х-” ХХК-ийн нэр дээр зээл авч зээлийн эргэн төлөлтийг О.Д- миний бие тогтмол төлж байхаар болсон. Талуудын хоорондын тохиролцооны дагуу 2014 оны 03 дугаар сарын 21-ний өдөр “Хаан банк” ХХК-аас 1 200 000 000 төгрөгийн зээл "Х-” ХХК-ийн нэр дээр авч би зээлийн төлбөрт дараах төлбөрийг төлж байсан. Үүнд, үндсэн зээлд 69 863 370 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 276 336 432 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 84 854 төгрөг буюу 2014 оны 03 дугаар сарын 21-ний өдрөөс 2015 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр хүртэлх хугацаанд нийт 346 284 656 төгрөг төлсөн. Мөн 2015 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн ЗГ/482-1 тоот Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээний дагуу 2015 оны 04 дүгээр сарын 30-ны өдрөөс 2015 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр хүртэл хугацаанд үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт нийт 38 303 689 төгрөгийн эргэн төлөлтийг ажтөлж байсан. Гэтэл Т.С- 2015 оны 12 сард “Х-” ХХК-ийн өмчлөлийн 2 зочид буудлын барилгуудыг худалдахгүй болсон гэж гэрээнээсээ татгалзаж, цуцалсан тул зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт төлсөн 384 588 345 төгрөгийг хариуцагч нараас хувь тэнцүүлэн гаргуулахаар шаардаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, “Х-” ХХК-иас 418 408 915 төгрөг, Т.С-гээс 478 372 227 төгрөг тус тус гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч нарын төлөөлөгчөөс шүүхэд гаргасан хариу тайлбартаа: О.Д- нь тус компанид ажиллах хугацаандаа компанийн өмчлөлийн үйлчилгээний зориулалт бүхий үл хөдлөх эд хөрөнгийн орлогоос компанийн ажилтны хувьд компанийг төлөөлөн, талуудын хооронд тохиролцсон үндэслэлээр холбогдох зээлийн гэрээний төлбөрийг зээлийн дансанд төлж үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж нэхэмжлэл гаргах эрхгүй байна. Тэрээр “Хан шонхор” ХХК-д ажиллах хугацаандаа компанид их хэмжээний хохирол учруулаад зогсохгүй байгууллага, хувь хүний ажил хэргийн нэр хүндэд хохирол учруулж, үйл ажиллагааг алдагдуулж томоохон алдагдал, гарз хүлээлгэсэн хүн юм. Өөрийн буруутай үйл ажиллагаа, үүсгэсэн асуудлынхаа үр дагавар, эрх зүйн холбогдлыг ухамсарлахын оронд үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж шаардлага гаргасан нь үндэслэлгүй байна. О.Д-тэй байгуулсан Үл хөдлөх худалдах, худалдан авах гэрээний хүрээнд “Хан шонхор” ХХК болон Т.С- нар Хаан банкнаас зээл авч, зээлийг О.Д-д банкны дүрэм, журмын дагуу шилжүүлэхээр тохирсон боловч түүний хувийн байдал, зээлжих чадвар зэрэг нь найдваргүй, хангалтгүй байснаас зээл шилжих боломжгүй болсноос гадна, О.Д- “Х-” ХХК-д ажиллах хугацаандаа өөрийн дүү О.Дуламжав, хамаарал бүхий бусад этгээдтэйгэй хамтран компанид онц их хэмжээний хохирол учруулж, компанийн нэрийг ашиглан хувьдаа их хэмжээний орлого олж, завшсан. Ийм зүй бус аргаар ажил үүргээ гүйцэтгэж, компанийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулан их хэмжээний өр төлбөрт оруулсныхаа дараа үл хөдлөх хөрөнгийг худалдан авах хэлцлийг цуцлах санал тавьсан байтал Т.С- гэрээнээс татгалзаж, цуцалсан гэсэн нь бодит үнэнд нийцэхгүй байна гэжээ.

 

Хариуцагчаас шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон төлөөлөгч, өмгөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: О.Д- нь “Хан шонхор” ХХК-ийн өмчлөлийн зочид буудал, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөд үндэслэн явуулсан үйл ажиллагааны их хэмжээний орлогыг нуун дарагдуулж, компанийн татвар, санхүүгийн тайланд тусгалгүй хувьдаа авч ашигласан үйлдэл нь Компанийн тухай хууль, Нягтлан бодох тухай хууль, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль, холбогдох бусад хууль тогтоомжид заасан шаардлагыг зөрчсөн, “Хан шонхор” ХХК, хувьцаа эзэмшигч Т.С-гийн эрх ашгийг илт хохироосон үйл ажиллагаа болсон. Нэхэмжлэгч нь “Х-” ХХК-ийн зочид буудал, үйлчилгээний зориулалттай хөрөнгүүдийг өөрийн эзэмшил, ашиглалтад бүрэн хүлээн авсан үедээ үйл ажиллагаанаас олсон орлогод үндэслэн “Х-” ХХК-ийн ХААН банкнаас авсан зээлийн төлбөрийг төлж бодит бусаар тайлбарлаж, хувиасаа төлсөн мэтээр худал тайлбар гаргасан байгааг няцаах, харилцан шаардлага хангуулах, улмаар нэхэмжлэгчийн гаргасан үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай хамт тооцогдож шийдвэрлүүлэх нь хэргийн бодит байдлыг тогтоох, үйл баримтыг тал бүрээс гүйцэт, үнэн зөв тодорхойлоход ач холбогдолтой. О.Д- “Х-” ХХК-ийн Хаан банкнаас авсан зээлийн аливаа төлбөрийг хариуцан төлөх үүргийг талуудын хоорондын тохиролцоо, бодит үйлдэл зэргээр бүрэн хүлээн зөвшөөрч, Т.С-гээс Хаан банкны зээлийн төлбөрт төлсөн мөнгөн хөрөнгийг суутгуулан төлж байсан бодит үйл баримтыг сөрөг нэхэмжлэлийн хүрээнд тогтоож, нэхэмжлэлийн шаардлагатай хамт тооцон шийдвэрлүүлэх үндэслэлтэй тул О.Д-гийн “Х-” ХХК-д учруулсан хохирол 781 837 514 төгрөгийг төлүүлж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчээс сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбар, өмгөөлөгч нараас шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би 2014 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр “Х-” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Т.С-тэй 2 зочид буудлыг худалдан авахаар тохирсон. Зочид буудал гэдэгт зочид буудлын барилга, үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл, хоолоор үйлчлэх, архи согтууруулах үйлчлэх тусгай зөвшөөрөл зэрэг бүгд багтана. Тус зочид буудлыг зээлээр худалдах, худалдан авахаар анх харилцан тохиролцож зочид буудлын үнэлгээ, зах зээлийн ханш өндөр, үүнтэй холбоотойгоор худалдагч буюу Т.С-, “Х-” ХХК нь их хэмжээний татвар төлөх нөхцөл байдал үүсэх, “Х-” ХХК-ийн үйл ажиллагааны үндсэн бөгөөд цорын ганц чиглэл нь дээрх 2 зочид буудлыг ажиллуулах зэргийг харгалзан үзэж, зочид буудлуудыг бус компанийг бүхэлд нь харилцан тохиролцсон үнээр буюу нийт 1 800 000 000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон. Тус гэрээг хэрэгжүүлэхээр хамтран ажиллах хугацаанд буюу 2014 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс 2016 оны 05 дугаар сарын 19-ний өдрийг хүртэлх хугацаанд би тус компанийн үйл ажиллагааг удирдан ажиллуулсан нь үнэн. Хариуцагч 781 837 514 төгрөгийг төлүүлэхээр шаардсан ч нэхэмжлэлийн шаардлага нь ямар баримтаар нотлогдож байгаа талаар дурдаагүй, нэхэмжпэх үндэслэл байгаа эсэх нь тодорхойгүй байна. Би компанийн үйл ажиллагааг хариуцан ажиллаж байхдаа дээрх хэмжээний хөрөнгө орлогыг нуун дарагдуулсан, хувьдаа завшсан ямар ч үйлдэл хийгээгүй бөгөөд дээрх асуудлыг “Х-” ХХК-ийн гомдлын дагуу шалгаж, хэргийг хаасан. “Х-” ХХК нэхэмжлэлийн шаардлагаа Мандах мотиваци аудитын тайлангаар нотлогддог гэх боловч тус тайланд болон тус тайланг гаргахад орлого нотолсон санхүүзгийн баримт 1 ширхэг ч тусгагдаагүй. Хэрэг бүртгэлтийн шатанд тус тайланг гаргасан “Мандах мотиваци аудит” ХХК-ийн захирал н.Галмандахыг гэрчээр асуухад дутуу тусгасан зардлаа орлогын эх үүсвэрээр санхүүжүүлсэн байх ёстой, тус компанийн өөрийнх нь олсон орлогоос санхүүжүүлсэн байж болзошгүй, зардал санхүүжүүлсэн баримтуудын эх үүсвэр тодорхойгүй тул энэхүү санхүүжилтийг аж ахуйн үйл ажиллагаанаас олсон 781 800 000 төгрөгөөр санхүүжүүлсэн байж болзошгүй гэж дүгнэсэн. Хууль тогтоомж зөрчиж хөрөнгө оруулсан үйлдэл тухайн аудитын шинжилгээ хийхэд тогтоогдоогүй, ашгийг тооцоолоогүй, манай дүгнэлтээр компанид хохирол учруулсан үйлдэл биш гэх мэдүүлгийг өгсөн. Өөрөөр хэлбэл ямар ч орлого нотолсон санхүүгийн баримтгүйгээр, өөрийн хувь хүний таамгийг үндэслэл болгон дүгнэлт гаргасан болохоо хүлээн зөвшөөрсөн ба тус дүгнэлтийг үндэслэн хэрэг бүртгэлтийн хэрэг хаагдсан. Талууд харилцан тохиролцож 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдөр Т.С-гээс эх загварыг бэлдэж, 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр баталгаажуулсан “Гэрээ дуусгавар болгох тухай” гэрээнд тус дүгнэлтэд тусгагдсан асуудлыг бүхэлд нь хамруулж, дурдсан болох гэрээний хавсралтад тусгагдсан аудитын зардлыг оруулж тооцсон гэх бичвэр, байгууллагын татварын өглөг, ашиглалт үйл ажиллагааны зардлын өглөг, цалингийн зээлийн өглөг, бараа материалын өглөг зэргийг нарийвчлан тооцож гаргасан зэргээр тогтоогдож байна. Иймд “Х-” ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 496 дугаар зүйлийн 496.1 дэх хэсэгт заасныг баримтлан /РД:2666316/ “Х-” ХХК-аас 384 588 345 төгрөгийг гаргуулан, Хангал овогтой Отгоны Дуламсүрэнд /РД:ХД73010905/ олгож, Т.С-гээс 478 372 227 төгрөг, “Х-” ХХК-аас 33 820 570 төгрөг гаргуулах тухай О.Д-гийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8-д зааснаар компанид учруулсан хохиролд 781 837 514 төгрөг гаргуулах тухай “Х-” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн тухай 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.4-т зааснаар нэхэмжлэгчээс хураамжид 4 641 856 төгрөг гаргуулан орлогод оруулж, 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар хариуцагчаас хураамжид 2 080 892 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар хариуцагч “Х-” ХХК-аас хураамжид төлсөн 4 067 138 төгрөгийг орлогоос гаргуулж, буцаан олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч “Х-” ХХК-иас давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1-д хариуцагч "Хан шонхор" ХХК-аас 384 588 345 төгрөг гаргуулан нэхэмжлэгч О.Д-д олгохоор шийдвэрлэсэн хэсгийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. "Хан шонхор" ХХК-аас О.Д-д 384 588 345 төгрөгийг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 496 дугаар зүйлийн 496.1-д заасныг баримтлан гаргуулахаар шийдвэрлэсэн үндэслэлээ тодорхойлосноос үзэхэд Хаан банкнаас "Хан шонхор" ХХК-ийн авсан зээлийг иргэм О. Дуламсүрэн төлж байхаар Т. Сайнхүү тохиролцсон гэж үзсэн байгаа нь бодит байдалд нийцэхгүй үнэлэлт болжээ. Хавтаст цугларсаи нийт баримтын хүрээнд "Хан шонхор" ХХК-ийн захирал Т. Сайнхүү нь иргэн О.Д-тэй тус компанийн авсан зээлийн эргэн төлөлтийг "иргэний хувьд" О.Д-гээр төлүүлэх тухай тохиролцсон гэх ямар нэгэн баримт, нотолгоо үгүй бөгөөд харин гагцхүү О.Д-г "хөрөнгө оруулалтын зээлээ цаг хугацаа алдалгүй төлж дуусгах" үүргийг гүйцэтгүүлэхээр тусгайлан зааж Гүйцэтгэх захирлаар томилох тухай тушаалыг 2014 оны 3 дугаар сарын 24-ний өдөр гаргасан баримт хавтаст байгаа нь талуудын тайлбар, гэрчүүдийн мэдүүлэг, бусад үйл баримтаар маргаангүй тогтоогдсон. Энэ нь шүүхийн шийдвэр гарахдаа, үндэслэл бүхий байх шинжийг хангаж чадаагүй, хавтаст авагдсан нотлох баримтуудыг бодитоор үнэлээгүй гэж үзэх үндэслэл болж байна. "Хан шонхор" ХХК-аас Хаан банкинд төлөгдсөн үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн нийлбэр болох 384 588 345 төгрөгийг шүүхээс үнэлэхдээ, тус компанийн гүйцэтгэх захирлаар томилогдож, Хан шонхор 1, 2 зочид буудал, зоогийн газрын үйлчилгээтэй үл хөдлөх хөрөнгүүдийг тамга тэмдгийн хамтаар бүхэлд нь хүлээж авсны дагуу "хөрөнгө оруулалтын зээлээ цаг хугацаа алдалгүй төлж дуусгах" үүргийг гүйцэтгэж ажиллаж байсан, эрх бүхий албан түшаалтан О.Дуламсурэнгийн төлсөн мөнгөн дүн бүс, "талуудын хооорондын тохиролцоо" гэх хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдаагүй үндэслэлээр үүргийн харилцаанд ороогуй иргэн О.Дүламсүрэн төлсөн байна гэж үнэлсэн нь мөн л шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх шинжийг хангаагүй үнэлэлт болжээ. Энэхүү үнэлэлт нь Компанийн тухай хуульд нийцэхгүй байхаас гадна, О.Д- шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад тайлбар гаргахдаа хэлснээр "компанийн дансаар авахаар НӨАТ зэрэг хүндрэл үүснэ гээд өөрийн хувийн дансаар авч байсан" 220 440 880  төгрөг  (Хаан  болон Худалдаа  хөгжлийн  банкнаас ирүүлсэн дансны дэлгэрэнгүй хуулгаар нотлогдсон дүн), түүнчлэн "Мандах мотиваци аудит" ХХК-ийн дүгнэлтээр тогтоосон 781 837 514 төгрөг, борлуулалтын  орлогын  үнэлгээний  тайлангаар  тогтоосон  нөхцөл байдал, О.Д- гэрчээр мэдүүлэг өгөхдөө орлогод олсон гэж тайлбарласан 317 901 890 төгрөг, түүнчлэн "Хан шонхор" ХХК-ийн 2014, 2015 оны санхүүгийн тайлангуудад компаниас зээлийн эргэн төлөлтөд төлснөөр О.Д-гийн өөрийн илгээж баталгаажуулсан 196 400 000 төгрөг зэрэг баримтуудаар тогтоогдож буй үйл баримттай эрс харш, эрх зүйн зөрчилтэй дүгнэлт болоод байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримтыг үнэлэх журмыг баримтлаагүйгээр хариуцагчаас дээрх  мөнгийг гаргуулахаар шийдвэрлэсэн гэж үзэхэд хүргэнэ. О.Д-гийн үйл ажиллагааг шүүхээс "эрх шилжүүлэх гэрээний дагуу О.Д- захирлаар ажиллаж" байсан гэсэн нь бодит байдалд мөн л нийцэхгүй үнэлэлт юм. О.Д- 2014 оны 3 дугаар сарын 24 өдөр гүицэтгэх захирлаар томилогдсон ба Компанийн эрх шилжүүлэх гэрээ нь 2014 оны 4 дүгээр сарын 19 өдөр "Хаан банктай байгуулсан №ЗГ-482 дугаар зээлийн гэрээний зээлдэгч, хамтран үүрэг гүйцэтгэгчийн эрх, үүргийг бүрэн шилжүүлэх" болзолтойгоор хожим байгуүлагдсан (уг болзол О.Д-гийн хувийн санхүүгийн чадавхигүй байдлын улмаас биелэгдэх боломжгүй болж гэрээ бүрэн хэрэгжээгүй нь хангалттай нотлогдсон) байтал шүүхээс цаг хугацааны хувьд зөрчилтэй дүгнэлт өгсөнд гомдолтой байна. Шүүх О.Д-г "Хан шонхор" ХХК-ийн өмчлөлд хамаарах Хан шонхор 1, 2 үл хөдлөх эд хөрөнгүүдийн "үр шимийг хүртэх эрхтэй" гэсэн үнэлэлт өгсөн нь Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 ДЭХ ХЭСЭГТ "Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно" гэж заасантай, 152 дугаар зүйлийн 152.1-д "Үр   шимийг  хүртэх,  ашиг олох  зорилгоор бусдын   эд хөрөнгийг хязгаартай эзэмшиж, ашиглах эрхийг узуфрукт гэнэ. Үл хөдлөх эд хөрөнгийг хязгаартайгаар эзэмших, ашиглах эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгүүлнэ" гэж заасантай, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт "Эрхийн улсын бүртгэл үнэн зөв байх бөгөөд улсын бүртгэгч өөрийн хийсэн бүртгэл бүрийг эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдээллийн санд оруулж, хууль, холбогдох журамд заасны дагуу баталгаажуулна" гэж заасантай тус тус нийцэхгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна гэж ойлгогддог. Өөрөөр хэлбэл, иргэн О. Дуламсүрэн тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэх аваагүй, шилжүүлэх авахын тулд өөрийн зүгээс гүйцэтгэх төлбөрийн үүргээ гүйцэтгэж чадаагүйн хувьд тухайн үл хөдлөх эд хөрөнгийн үр шимийг иргэний хувьд өөртөө хуртэх эрх олж аваагүй, гагцхүү "Хан шонхор" ХХК-ийн дангаар хувьцаа эзэмшигч Т.С-гийн шийдвэрээр "хөрөнгө оруулалтын зээлээ цаг хугацаа алдалгүй төлж дуусгах" үүргийг гүйцэтгэж ажиллаж байсан гуйцэтгэх удирдлагын хувьд компанийн өмчлөлд бүртгэлтэй хөрөнгийн үр шимийг захиран зарцуулж байсныг үнэн зөвөөр үнэлж дүгнээгүй байна. Талуудын хооронд байгуулагдаж, нотариатчаар гэрчлэгдсэн "Гэрээ дуусгавар болгох тухай" хэлцэл, түүний хавсралт, нэмэлтээр О.Д- нь Хаан банкнаас авсан зээлийн эргэн төлөлтийг төлөх үүргийг хариуцаж байснаа бүрэн хүлээн зөвшөөрч, өөрийн урьдчилгаа төлбөрөөс суутгуулахаа маргаангүй зөвшөөрснөөр уг гэрээ дуусгавар болгох тухай хэлцлийг бүрэн хэрэгжүүлсэн байхад уг хэлцлээр тохирсон үүргээ үгүйсгэж, хожим шинээр шүүхэд гаргасан шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үүргийн эрх зүйн зохицуулалтад нийцэхгүи шийдвэр болно. Тодруулбал, "Гэрээ дуусгавар болгох тухай" хэлцэл бол Иргэний хуулийн 238 дугаар зүйл /Харилцан шаардлага бүхий үүргийг тооцож дуусгавар болох/-д заасны дагуу харилцан шаардлагуудыг хооронд нь тооцож үүргийг дуусгавар болгосон, улмаар талууд тухайн тооцож дуусгавар болгосон уурэгтэй холбоотой харилцааны талаар ирээдуйд харилцан шаардлага гаргахгуй хэмээн тусгайлан бичгээр тохиролцсон шаардах эрхиин татгалзлыг агуулсан хэлцэл байгаа юм. Уг хэлцлийн эрх зүйн үр дагавар, утга агуулгыг шүүхээс бүрэн дүүрэн үнэлэхгүй орхигдуулсны улмаас нэхэмжлэгчийн шаардлага хангагдсан гэж үзэж байна. Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх Иргэний хуулийн 492.1.1-д заасан хууль зүйн үндэслэлийн тухайд уг хэргийн үйл баримтад огт нийцэхгүйгээс гадна, шүүхээс нэхэмжлэгчийн үндэслэлдээ тодорхойлоогүй, хамааралгүй гэж үзэж байсан үндэслэл болох Иргэний хуулийн 496.1 дэх хэсгийг баримтлан шаардлагыг хангаж шийдвэрлэснийг хууль хэрэглээний алдаа, диспозитив зарчмын зөрчил гэж үзэж байна. Тухайлбал, Иргэний хуулийн 492.1.1 зохицуулалтаар "хөрөнгө шилжүүлсэн этгээд" нь "хөрөнгийг хүлээж авсан этгээд"-ээс "үүрэг үүссэгүй, үүрэг хожим дуусгавар болсон, эсхүл хүчин төгөлдөр бус болсон" үндэслэлээр шаардах эрхтэй байдаг бол, энэ хэргийн үйл баримтын хүрээнд авч үзвэл хариуцагч "Хан шонхор" ХХК, Т. Сайнхүү нар бус, тухайн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр болох 384 588 345 төгрөгийг хүлээн авсан этгээд Хаан банк ХХК бөгөөд "Хан шонхор" ХХК тухайн мөнгийг хүлээн аваагүй байдаг. Шилжүүлэгч этгээдийн хувьд Хаан банк ХХК-тай үүргийн харилцаагүй, бие даасан иргэн 0. Дуламсүрэн бус, харин "Хан шонхор" ХХК-ийн гүйцэтгэх захирлаар томилогдож хөрөнгийн үр шимээр "хөрөнгө оруулалтын зээлээ цаг хугацаа алдалгүй төлж дуусгах" үүргийг гүйцэтгэж ажиллаж байсан О.Д- буюу шилжүүлэгч этгээд "Хан шонхор" ХХК. Үүрэг үүсээгүй, хожим дуусгавар болсон, хүчин төгөлдөр бус болсон эсэх асуудал "Хан шонхор" ХХК болон Хаан банк ХХК нарын хооронд байгуулагдсан №ЗГ-482 зээлийн гэрээ, түүний нэмэлт, өөрчлөлтийн хувьд огт яригдаагүй байдаг. Дээрхээс дүгнэвэл, нэхэмжлэлийн шаардлагад үндэслэлээ болгож дурдсан   энэхүү   харилцаанд   Иргэний   хуулийн   492.1.1 "заалтыг хэрэглэх боломжгүй бөгөөд тухайн хөрөнгийг хүлээн аваагүй этгээд болох "Хан шонхор" ХХК-аас тус заалтыг удирдлага болгон мөнгө гаргуулахаар шийдвэрлэсэн байна. Шүүхээс 492.1.1-тэй хамтатгаж үндэслэл болгон тодорхойлсон 496.1 дэх хэсэг (ийнхүү хамтатган тодорхойлсон нь шүүхийн шийдвэрийн хууль зүйн үндэслэлийг харилцан зөрчилтэй болгосон)-ийн хувьд, "сайн дураар өөрөө мэдэж буюу андуурч төлсөн" нөхцөлд хамаарах боловч уг нөхцөл байдал уг иргэний хэргийн хүрээнд огт тогтоогдоогүйгээс гадна, тус зүйлийн 496.3-д "Дараахь тохиолдолд шаардлага гаргаж болохгүй: 496.3.1. шаардлага хариуцах этгээд өөрөө хариу шаардлага гаргах эрхтэй байсан бөгөөд түүнийгээ суутган авсан" үндэслэл талуудын хооронд байгуулагдсан "Гэрээ дуусгавар болгох" хэлцэл, бусад баримт нотолгоогоор тогтоогдсон болохыг шүүхээс үнэлэхгүй орхигдуулсныг анхаарч үзнэ үү. Мөн нэхэмжлэгч тал өөрсдөө шүүх хуралдаанд уг үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаа гаргаагүй болохоо илэрхийлсээр байтал уг үндэслэлийг баримтлан шаардлагыг хангасан нь диспозитив зарчимд нийцэхгүй юм. Дүгнэвэл, нэхэмжлэгч О.Д-гийн хувьд "Х-" ХХК-аас Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 496 дугаар зүйлийн 496.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр шаардах эрх үүсээгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1-д хариуцагч "Хан шонхор" ХХК-аас 384 588 345 төгрөг гаргуулан нэхэмжлэгч О.Д-д олгохоор шийдвэрлэсэн хэсгийг хүчингүй болгож нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхийг хүсье гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын хоорондын маргаанд хамааралтай нотлох баримтыг бүрдүүлэх болон үнэлэх журмыг зөрчөөгүй боловч хууль хэрэглээний алдаа гаргасныг давж заалдах шатны шүүх залруулах боломжтой байна.

 

            Нэхэмжлэгч О.Д- нь “Х-” ХХК болон Т.С- нарт холбогдуулан 384 588 345 төгрөг гаргуулахаар нэхэмжилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “Х-” ХХК-иас 418 408 915 төгрөг, Т.С-гээс 478 372 227 төгрөг тус тус гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэнийг хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, нэхэмжлэгч нь гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа компанид учруулсан хохирол 781 837 514 төгрөгийг гаргуулах сөрөг нэхэмжлэл гарган маргажээ./1хх 1-3, 49, 182, 2хх 226-233 дугаар тал/

           

            Хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбарыг харьцуулан дүгнэхэд дараах үйл баримт тогтоогдож байна.

 

            “Х-” ХХК болон “Ач-икон” ХХК-ийн хооронд 2014 оны 3 дугаар сарын 05-ны өдөр Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж, Х--1 зочид буудлын зориулалттай, 1 078 м2, 3 давхар, 16 өрөөтэй үл хөдлөх эд хөрөнгийг                 1 000 000 000 төгрөгөөр худалдах, худалдан авагч нь урьдчилгаа төлбөрт 94 000 000 төгрөг төлж, үлдэгдэл төлбөрийг банкны зээлээр 2014 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн дотор төлөхөөр харилцан тохиролцож дээрх компаниудын гүйцэтгэх захирал Т.С-, О.Д- нар гарын үсэг зурж, мөн өдрөө нотариатаар батлуулсан болох нь хэрэгт авагдсан гэрээ, талуудын тайлбараар тогтоогдож байна. /1хх 9 дүгээр тал/

 

            “Ач-икон” ХХК нь худалдах-худалдан авах гэрээний үүргээ гүйцэтгэх зорилгоор банкнаас зээл хүссэн боловч шаардлага хангаагүй гэж татгалзсаны улмаас худалдах-худалдан авах гэрээг хэрэгжүүлэхийн тулд “Х-” ХХК-ийн гүйцэтгэх захирал Т.С- нь “Хаан банк” ХХК-тай 2014 оны 03 дугаар сарын 21-ний өдөр ЗГ/482 дугаар Зээлийн гэрээг байгуулж, 1 200 000 000 төгрөгийн зээл авч, зээлийн эргэн төлөлтийг нэхэмжлэгч О.Д- төлөхөөр тохиролцсон болох нь хэрэгт авагдсан 2014 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр Компанийн эрх шилжүүлэх тухай гэрээ, мөн 2015 оны 8 дугаар сарын 03, 11 дүгээр сарын 18-ны өдрийн уулзалтын протоколууд, О.Д-гийн Хаан банкинд гаргасан тайлбар зэрэг баримтуудаар тогтоогдож байна./1хх 148-153, 211-215, 219-222, 226-227, 2хх 206 дугаар тал/

 

            Иймд  “Х-” ХХК болон “Ач-икон” ХХК-ийн хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна.

 

            Улмаар “Х-” ХХК, “Ач-икон” ХХК-ууд нь 2014 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Батламж үйлдэж, ““Х-” ХХК нь тохиролцсон үнэ болох 1 000 000 000 төгрөгөөс илүү ашиг харж бусдад худалдахгүй, объектыг бүрэн бүтэн хүлээлгэн өгөх, харин “Ач-икон” ХХК нь тохиролцсон үнийг буулгахгүй бөгөөд зарах сурталчилгааг зогсоосон, худалдан авах хүсэлтээ буцаахгүй. Арилжаа хийгдсэнд тооцож тус өдрөөс эхлэн буудлыг хүлээн авч үйл ажиллагааг эхлүүлнэ. Аль нэг тал баталгаагаа буцвал үнийн дүнгийн 10 хувийг эхэлж буцах санал тавьсан нь нөгөө талдаа төлөх”-өөр тохиролцсоныг Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар хүчин төгөлдөр хэлцэл гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь зөв. /2хх 202 дугаар тал ар/

 

            Мөн “Х-” ХХК болон “Ач-икон” ХХК-ийн хооронд 2014 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Дорноговь аймаг, Замын-Үүд сумын 1 багт байрлах зочид буудлын зориулалттай, 1 460м2 талбайтай, 4 давхар, 20 өрөөтэй, “Х--2” үл хөдлөх эд хөрөнгийг 1 800 000 000 төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж, урьдчилгаанд 250 000 000 төгрөгийг бэлнээр хүлээлгэн өгсөн гэх хэлцлийг хийж, талууд гарын үсгээр баталгаажуулсан байна./2хх 203 дугаар тал/

 

            Түүнчлэн, дээрх 2 худалдах-худалдан авах гэрээг 2016 оны 5 дугаар сарын 25-ны өдөр дуусгавар болгох тухай хэлцлээр 2016 оны 5 дугаар сарын 27-ны өдөр гэрээний хавсралтыг үйлдэн, үүсээд байгаа 154 735 924 төгрөгөөс Т.С-д 92 420 713 төгрөгийн өрийг шилжүүлэх, бусад байгууллага, хүмүүсийн нэр дээр үүсгэсэн 62 315 210 төгрөгийг О.Д- барагдуулах, Т.С- нь О.Д-гийн өмнөөс Хаан банкинд төлсөн 150 000 000 төгрөг, засвар үйлчилгээний зардалд 3 107 500 төгрөг, гадна фасадны засварын 10 000 000 төгрөг, аудитын 7 000 000 төгрөг, нийт 262 528 213 төгрөгийг урьдчилгаанд төлсөн төлбөрөөс суутган, үлдэгдэл 337 471 786 төгрөгийг О.Д-д шилжүүлэхээр болсон байна./2хх 211-213 дугаар тал/ Улмаар 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр дээрх 337 471 786 төгрөгөөс 20 000 000 төгрөг, 2014 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Батламж бичгээр тохиролцсон гэрээг цуцалсны 10 хувийн торгууль 100 000 000 төгрөгийг хасч, үлдэх 217 471 786 төгрөгийг О.Д-д төлснөөр тооцоог дуусгасан байна./2хх 215-217 дугаар тал/

 

            Гэвч дээрх хэлцэлд “Хаан банк” ХХК болон “Х-” ХХК-ийн хооронд үүссэн зээлийн гэрээний харилцааны талаар дүгнээгүй, зөвхөн О.Д-гийн гэрээний урьдчилгаа төлбөрт төлсөн 600 000 000 төгрөгийн тооцоог дуусгавар болгосон талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй.

 

            Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.2 дах хэсэгт “Хэн нэг этгээд өөр этгээдийн хөрөнгөд сайн дураараа өөрөө мэдэж буюу андуурч зардал гаргасан бөгөөд нөгөө этгээд үүний улмаас хөрөнгөжсөн бол зардал гаргасан этгээд түүнээс зардлаа нөхөн төлөхийг шаардах эрхтэй.” гэж, мөн зүйлийн 496.3 дах хэсэгт шаардлага гаргаж болохгүй нөхцөлийг тус тус заасан байна.

 

            Хариуцагч компанийн гүйцэтгэх захирал Т.С- нь 2014 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр Компанийн эрх шилжүүлэх тухай гэрээгээр газар эзэмших эрх, зочид буудлын барилга өмчлөх эрх, зочид буудлын барилгад суурьлуулсан тоног төхөөрөмж, тавилга эд хогшил, материаллаг эд хогшил, зочид буудал ажиллуулах тусгай зөвшөөрөл, архи согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрөл, Хаан банктай байгуулсан №ЗГ/482 дугаар зээлийн гэрээний дөрөвдүгээрт заасан зээлдэгч, хамтран гүйцэтгэгчийн эрх, үүргийг нэхэмжлэгч О.Д-д шилжүүлжээ. /2хх 206 дугаар тал/

 

            Үүний дагуу нэхэмжлэгч О.Д- нь 2014 оны 03 дугаар сарын 21-ний өдрөөс 2015 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр хүртэл “Х-” ХХК-ийн үндсэн зээлд 69 863 370 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 276 336 432 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 84 854 төгрөг, нийт 346 284 656 төгрөгийг, 2015 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн ЗГ/482-1 тоот Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээний дагуу 2015 оны 04 дүгээр сарын 30-ны өдрөөс 2015 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр хүртэл хугацаанд үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 38 303 689 төгрөг, нийт 384 588 345 төгрөгийг “Хаан банк” ХХК-д төлсөн болох нь зээлийн гэрээ, нэхэмжлэгчийн Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар тогтоогдож байна./1хх 158, 3хх 14-36 дугаар тал/

 

Харин хариуцагч үүнийг үгүйсгэж, энэ нь “Х-” ХХК-ийн мөнгө буюу хариуцагч өөрөө төлж байсан гэдэг байдлаа баримтаар нотлоогүй байна. Мөн хариуцагчийн авсан зээлийг нэхэмжлэгч төлж байсан гэдгийг мэдэх боломжгүй байдал болон Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн шаардах эрхийг үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

            Иймд дээрх компаниудын хооронд байгуулагдсан гэрээ дуусгавар болж, “Ач-икон” ХХК-ийн гүйцэтгэх захирлын үүрэгт ажлаас О.Д- нь чөлөөлөгдсөн талаар маргаагүй тул нэхэмжлэгч нь хариуцагч компанийн өмнөөс зээлийг төлж, тус компани нь үүний улмаас тэр хэмжээгээр хөрөнгөжсөн гэж үзнэ. Шүүх Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагчаас 384 588 345 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн атлаа давхар мөн хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримталсан нь буруу байх тул шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтаас хасах нь зүйтэй.

 

            Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь “Ач-икон” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа дээрх гэрээ, хэлцлүүдийг байгуулж, гэрээг дуусгавар болгосон байх бөгөөд тэрээр “Ач-икон” ХХК-ийн гүйцэтгэх захирлын үүрэгт ажлаасаа 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдөр чөлөөлөгдсөн болон өөрийн нэрээр дээрх мөнгийг шилжүүлж байсан болох нь дээрх баримтуудаар нотлогдож байна.

 

            Нэхэмжлэгч нь дээрх гэрээнүүдийн дагуу төлбөр тооцоог хийж дуусгасан үйл баримтыг хариуцагч үгүйсэгсэн баримтыг гаргаагүй, 2 компанийн хооронд байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээг дуусгавар болгох хэлцэлд нэхэмжлэгчийн “Хаан банк” ХХК-д хариуцагч компанийн зээлийн төлбөрт шилжүүлсэн мөнгийг оруулж, тооцоогүй байх тул, тухайн үед 100 000 000 төгрөг болон 150 000 000 төгрөгийг хасч тооцоогүй бол хохирол учрахгүй байсан гэж хариуцагч тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй гэж анхан шатны шүүхийн дүгнэсэн нь зөв.

 

            Дээрх үндэслэлүүдээр үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч “Х-” ХХК-аас 384 588 345 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгч О.Д-д олгож, нэхэмжлэгчийн Т.С-гээс 478 372 227 төгрөг, “Х-” ХХК-аас 33 820 570 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв. Учир нь худалдах, худалдан авах гэрээ нь 2 компанийн хооронд байгуулагдсан тул иргэн Т.С- төлөх үндэслэлгүй.

 

            Хэрэгт авагдсан Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын Прокурорын газрын 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн Б/112 дугаар тогтоолоор “Х-” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан О.Д- нар нь компанийн хөрөнгөөс 750 орчим сая төгрөгийг хувьдаа завшсан гэх гомдлоор үүссэн хэрэг бүртгэлтийг хэргийг хаасан байх бөгөөд хариуцагчийн төлөөлөгч нь энэхүү тогтоолыг гардан аваагүй учраас гомдол гаргах эрхээ хэрэгжүүлж чадаагүй гэж шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд тайлбарласан байна. /6хх 162 дугаар тал/

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 6-д "гэмт хэргийн улмаас учирсан хохиролтой холбоотой нэхэмжлэлийг тухайн эрүүгийн хэрэг шийдвэрлээгүй байхад иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар шийдвэрлэхийг хориглоно.” гэж, мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8-д “уг нэхэмжлэлтэй холбоотой хэргийг эрүүгийн журмаар шалгаж байгаа бол” нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл болгожээ.

 

Энэхүү үндэслэл нь хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед тогтоогдвол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгохоор зохицуулсан байхад шүүх хариуцагчийн О.Д-гээс “Х-” ХХК-д гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа их хэмжээний орлогыг нуун дарагдуулж, компанийн татвар, санхүүгийн тайланд тусгалгүй хувьдаа авч ашигласнаас учруулсан хохирол 781 837 514 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзахдаа хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлээгүй алдаа гаргасан байгааг давж заалдах шатны шүүх залруулах боломжтой.

           

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагч “Х-” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 183/ШШ2019/02740 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “492 дугаар зүйлийн 492.1.1” гэснийг хасч,

2 дахь заалтын “сөрөг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсугай.” гэснийг “сөрөг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай,” гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2 080 892 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

    ШҮҮГЧИД                                 А.ОТГОНЦЭЦЭГ

                                                  

                                                      С.ЭНХТӨР