Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 03 сарын 01 өдөр

Дугаар 001/ХТ2022/00230

 

 

О.Д-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч П.Золзаяа даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Б.Мөнхтуяа, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 183/ШШ2019/02740 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 630 дугаар магадлалтай,

О.Д-гийн нэхэмжлэлтэй,

“Хш” ХХК, Т.С нарт холбогдох,

Т.Сгээс 478,372,227 төгрөг, “Хш” ХХК-иас 418,408,915 төгрөг тус тус гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй,

“Хш” ХХК-д учруулсан хохирол 781,837,514 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Цэдэн, Ч.Анар нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Б.Мөнхтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч О.Д-, түүний өмгөөлөгч Г.Б, хариуцагчийн өмгөөлөгч Ч.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч О.Д- нь “Хш” ХХК болон Т.С нарт холбогдуулан 384,588,345 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байх ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, хариуцагч “Хш” ХХК-аас 418,408,915 төгрөг гаргуулахаар, гэрээг дуусгавар болгох тухай хэлцлийг үндэслэн Т.Сгээс 478,372,227 төгрөг гаргуулна гэж тус тус шаардсан байна.

Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, “Хш” ХХК-д учруулсан хохирол ...781,837,514 төгрөгийг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргажээ.

2. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 183/ШШ2019/02740 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 496 дугаар зүйлийн 496.1 дэх хэсэгт заасныг баримтлан /РД:2666316/ Хш ХХК-иас 384,588,345 /гурван зуун наян дөрвөн сая таван зуун наян найман мянга гурван зуун дөчин тав/ төгрөгийг гаргуулан, Хангал овогтой Отгоны Дуламсүрэнд олгож, Т.Сгээс 478,372,227 төгрөг, Хш ХХК-иас 33,820,570 төгрөг гаргуулах тухай О.Д-гийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8-д зааснаар компанид учруулсан хохиролд 781,837,514 төгрөг гаргуулах тухай Хш ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн тухай 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.4-т зааснаар нэхэмжлэгчээс хураамжид 4,641,856 төгрөг гаргуулан орлогод оруулж, 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар хариуцагчаас хураамжид 2,080,892 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар хариуцагч Хш ХХК-иас хураамжид төлсөн 4,067,138 төгрөгийг орлогоос гаргуулж, буцаан олгож шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 630 дугаар магадлалаар: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 183/ШШ2019/02740 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын 492 дугаар зүйлийн 492.1.1 гэснийг хасч, 2 дахь заалтын “сөрөг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсугай.” гэснийг “сөрөг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай,” гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,080,892 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж шийдвэрлэсэн байна.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.03.20-ны өдрийн №630 дугаартай магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.12.13-ны өдрийн 183/ШШ2019/02740 дугаар шийдвэрийн “Хан шонхор” ХХК-иас 384,588,345 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэснийг хэвээр үлдээснийг эс зөвшөөрч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172.2.1-д заасны дагуу дараах үндэслэлээр хяналтын гомдол гаргаж байна. Үүнд:

4.1. Нэхэмжлэгчийн шаардах эрхийн талаар: Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийн хууль зүйн үндэслэлд өөрчлөлт оруулж залруулахдаа,Шүүх Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагчаас 384,588,345 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн атлаа давхар мөн хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримталсан нь буруу” гэж дүгнээд анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “492 дугаар зүйлийн 492.1.1” гэснийг хасч, О.Д- Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн дагуу хариуцагч “Хан шонхор” ХХК-иас дээрх дүнг шаардах эрх үүсээгүй болохыг дүгнэж, шийдвэрийн тогтоох хэсгийг залруулсан нь хууль зүйн үндэслэлтэй шийдвэр болсон хэмээн үзэж байна. Энэ талаар давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолд тайлбарласан болно. Магадлалын хянавал хэсэгт “Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн шаардах эрхийг үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна /11-р нүүр, 2-р догол мөр/ хэмээн Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1-д зааснаар шаардах эрхтэй гэсэн дүгнэлтийг давж заалдах шатны шүүх өгсөн нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна. Учир нь Иргэний хуулийн 496.3 дахь хэсгийн зохицуулалтаар “Дараах тохиолдолд шаардлага гаргаж болохгүй: 496.3.1 “шаардлага хариуцах этгээд өөрөө хариу шаардлага гаргах эрхтэй байсан бөгөөд түүнийгээ суутган авсан”, 496.3.3. “шаардлага хариуцах этгээд зардлыг нөхөн төлөхөөс өмнө түүний талаар маргасанхэмээн 496.1 дэх “сайн дураар өөрөө мэдэж” буюу “андуурч” төлсөн үндэслэлээр зардал нөхөн төлүүлэх шаардлагыг гаргахыг хуулиар хязгаарласан байна. Хэргийн үйл баримтыг авч үзвэл, О.Д-гийн зүгээс “Хан Шонхор” ХХК болон “Хаан банк” ХХК хооронд байгуулагдсан Зээлийн гэрээ (№ЗГ/482), түүнд Нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээ (№ЗГ/482-1)-ний дагуу төлөх эргэн төлөлтийн үүргийг “хэн нэгэн өөр этгээдийн” өмнөөс “сайн дураар өөрөө мэдэж” эсхүл “андуурч” төлөөгүй болох нь, түүнчлэн Иргэний хуулийн 496.3.1-д болон 496.3.3-д заасан нөхцөл байдал бий болж 496.1-ийн дагуу шаардлага гаргах эрхгүй гэдэг нь хэрэгт авагдсан дараах баримтуудаар тогтоогдоно:Хаан банкХХК-тай байгуулсан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах Барьцааны гэрээ (№БГ/482)-ний барьцааны зүйлд “Хан Шонхор” ХХК-ийн өмчлөлийн “Хш-1” (1078 м2, 3 давхар), Хш-2” (1460 м2, 4 давхар) зочид буудал, ресторан, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан байдал, О.Д- “Хан Шонхор” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар томилогдохдоо, “хөрөнгө оруулалтын зээлээ цаг алдалгүй төлж дуусгах”, учирсан хохирлыг өөрийн биеэр барагдуулж, бусдад учруусан гэм хороо бүрэн хариуцаж ажиллуулахаар” томилогдсон, энэхүү тушаал гарсантай холбогдуулан компанийн тамга, шаардагдах баримт бичгийг хүлээлгэн өгсөн, 2014 оны 01 сараас эхэлсэн бүхий л тайлан, татвар, түрээсийн гэрээг хүлээлгэн өгсөн, Хш-1, Хш-2 гэсэн барилгуудыг хүлээлгэн өгөх, хөрөнгө оруулалтын зээлийн зарцуулалтанд хяналт тавих мөн зээл, зээлийн хүүг цаг хугацаанд төлж байхыг О.Д-д даалгасан шийдвэр /х1, 237/, О.Д- “Хаан банк” ХХК-д хандан өөрийн гараар тайлбар бичихдээ “Хан Шонхор ХХК-ийн гүйцэтгэх захирал О.Д- миний бие 2014 оны 02 сард тус компанийг шилжүүлэн авсан ба тус банкны дээрх зээл, зээлийн гэрээний дагуух үүргийг биелүүлэхээр хүлээж авсан болно” /х1, 226/, “Хан Шонхор” ХХК-ийн 2014, 2015 оны албан татварын тайлангуудад нэхэмжлэгч О.Д- тус компанийн захирал, ажилтнаар өөрөө тайлагнаж байсан баримт, “Хан Шонхор” ХХК-ийн 2014, 2015 оны нийгмийн даатгалын тайлангуудад нэхэмжлэгч О.Д- тус компанийн захирал, ажилтнаар өөрөө тайлагнаж байсан баримт, “Мандах мотиваци аудит” ХХК ийн 2016.05.31-ний өдрийн “Хан Шонхор” ХХК-ийн 2014, 2015 оны үйл ажиллагаанд хийсэн аудитын тайлангийн 1.5 дахь хэсэгт “Захирал Т.С тушаал гарган О.Д-г “Хан Шонхор” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар томилж, тамга, шаардлагатай баримт бичгийн хамт “Хш-1”, “Хш-2” барилгуудыг хүлээлгэн өгч, хөрөнгө оруулалтын зээлийн үндсэн төлбөр, зээлийн хүүг цаг хугацаанд нь төлөхийг даалгасан байна” гэсэн дүгнэлт, Замын-Үүд сум дахь сум дундын цагдаагийн хэлтэст Отгоны Дуламжав гэрчээр асуугдахдаа “2014.01.10-ны өдрөөс 2016 оны 04 сарыг хүртэлх хугацаанд гүйцэтгэх захирлаар өдөр тутмын буудлын үйл ажиллагааг хариуцан ажиллаж байсан... [Сайнхүүд] түрээсийн төлбөр гэж төлдөггүй байсан... Манай эгч О.Д- нь энэ хугацаанд “Хан шонхор” ХХК-ийн ерөнхий захирлаар ажиллаж байсан учир компанийн үйл ажиллагааг удирдах, хөрөнгө захиран зарцуулах эрхтэй. Энэ компанийн үйл ажиллагаа Сайнхүүд хамааралгүй” гэсэн мэдүүлэг, О.Д- “Хаан банк” ХХК-д хандан “Хан Шонхор” ХХК-ийн албан бичиг, тамга тэмдэгтэйгээр өөрөө гарын үсэг зурж тайлбар хүргүүлэхдээ эргэн төлөлтийн хоцролт үүсгэсэн шалтгаанаа дурдаж “бид хариуцлага алдан гэрээний үүргээ зөрчин хоног хэтрүүлсэн алдаагаа хүлээн зөвшөөрч байна”, “Эдийн засаг хямарч байгаа энэ үед бид аль болох харилцагч нарын ая тухтай байдлыг алдагдуулахгүйгээр хэвийн үйл ажиллагаа явуулж хэмнэж болох зардлаа хэмнэн цаашид эргэн төлөлт болон зээлийг хугацаа хэтрүүлэхгүй төлж байхаа хариуцлагатайгаар мэдэгдэж байна” гэж, өөрөөр хэлбэл, зочид буудал, үйлчилгээний орлогоос зээлийн эргэн төлөлтийг төлж байгаа тухай уялдаа холбоог өөрөө тайлбарласан, тэрхүү тайлбарыг “Хан шонхор” ХХК-ийн гүйцэтгэх захирлын хувьд өгч буй баримт /х1, 235/, Замын-Үүд сум дахь сум дундын цагдаагийн хэлтэст Отгоны Дуламжав гэрчээр асуугдахдаа, “би 2014 онд 317,901,890 төгрөг орлого олж, 410,239,000 төгрөг зардал гаргасан, 2015 онд 359,627,074 төгрөг борлуулалт хийсэн зардал нь 411,383,000 төгрөг гэсэн мэдүүлэг /х2, 184/, 2014.04.19-ний өдрийн “Компанийн эрх шилжүүлэх гэрээ”-ний 2.1 дэх хэсэгт заасан шилжүүлэх зүйлүүдийн 3 дугаарт “...Хаан банктай байгуулсан №ЗГ/482 дугаар зээлийн гэрээний дөрөвдүгээрт заасан зээлдэгч, хамтарч гүйцэтгэгчийн эрх, үүрэг” гэж тохирсон болзол биелэгдээгүй, О.Д-гийн зээлжих чадвар хангалтгүйн улмаас энэхүү болзол хангагдаагүй буюу эрх шилжүүлэх гэрээ хэрэгжиж чадаагүй байдал /х2, 206/, 2016.11.04-ний өдөр нотариатаар “гэрээний үнэн зөв” гэрчлэгдсэн “Гэрээ дуусгавар болгох тухай” хэлцэл, түүний холбогдох нэмэлтүүдээр /энэхүү гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар зохигч нар маргадаггүй/ “О.Д- “Хш 1, 2” зочид буудлыг хэвийн тасралтгүй ажиллуулж, шаардлагатай бүхий л хөрөнгө оруулалт, засвар үйлчилгээг хариуцан ажиллахаар үүрэг хүлээж 2014 оны 1-р сараас 2016.05.19-ний өдөр хүртэлх 2 жил 5 сарын хугацаанд тухайн зочид буудлаас олсон орлогыг өөрөө бие даан захиран зарцуулсан болно”, “Худалдах худалдан авах гэрээ дуусгавар болсноор талуудын хооронд үүссэн бүхий л төлбөр тооцоо болон бусад харилцаа дуусгавар болох бөгөөд дахин энэ талаар ямар нэгэн шаардлага тавих эрхгүй гэдгээ гэрээний талууд харилцан хүлээн зөвшөөрч байна”, Т.С нь О.Д-гийн өмнөөс Хаан банкинд төлсөн зээлийн хүү болох 150,000,000 төгрөг, ...үйл ажиллагаанд үнэн бодит дүгнэлт гаргуулахаар аудитынхан ажиллуулсны 7,000,000 төгрөгийг суутган ...О. Дуламсүрэнгийн харилцах дансанд шилжүүлэхээр боллоо.” /х2, 211-214/, Гэрээ дуусгавар болгох хэлцлийн хаалтыг бичгээр үйлдэхдээ “...тооцоо дуусав. Бидний хооронд харилцаа гэрээ дуусав” /х2, 217/ зэрэг баримтууд. Энэхүү гэрээгээр Иргэний хуулийн 496.3.1-д заасны дагуу хариуцагч шаардах эрхтэй тул зээлийн төлбөрийг О.Д-д өгөх мөнгөнөөс суутгасан байх бөгөөд нэхэмжлэгч үүнийг хүлээн зөвшөөрсөн, мөн Иргэний хуулийн 496.3.3-ын дагуу цаашид дахиж маргаан гаргахгүй эрхгүй гэдгээ хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан байна. Энэхүү хэлцлийг анхан болон давахын шүүхээс хүчин төгөлдөр хэмээн дүгнэсэн, талууд маргаагүй болно. Иймд О.Д- Иргэний хуулийн 496.1-д заасан шаардах эрхгүй гэдэг нь илт нотлогдож байна.

Мөн нэхэмжлэгч тал өөрсдөө шүүх хуралдаанд Иргэний хуулийн 496 дугаар зүйлд заасан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаа гаргаагүй болохоо илэрхийлсээр байтал уг үндэслэлийг баримтлан шаардлагыг хангасан нь диспозитив зарчимд нийцэхгүй юм. Магадлалд “[Гэрээ дуусгавар болгох тухай] хэлцэлд “Хаан банк” ХХК болон “Хан шонхор ХХК-ийн хооронд үүссэн зээлийн харилцааны талаар дүгнээгүй” гэж үнэлж байгаа нь бодит байдалд нийцэхгүй үнэлэлт болжээ. Хавтаст цугларсан нийт баримтын хүрээнд “Хан шонхор” ХХК-ийн захирал Т.С нь иргэн О.Д-тэй тус компанийн авсан зээлийн эргэн төлөлтийг “иргэний хувьд” О.Д-гээр төлүүлэх тухай тохиролцсон гэх ямар нэгэн баримт, нотолгоо үгүй бөгөөд харин гагцхүү О.Д-г “хөрөнгө оруулалтын зээлээ цаг хугацаа алдалгүй төлж дуусгах” үүргийг гүйцэтгүүлэхээр тусгайлан зааж Гүйцэтгэх захирлаар томилох тухай тушаалыг 2014.03.24-ний өдөр гаргасан баримт хавтаст байгаа нь талуудын тайлбар, гэрчүүдийн мэдүүлэг, бусад үйл баримтаар маргаангүй тогтоогдсон. Мөн “Хаан банк”-д төлөх зээлийн төлбөр бүрэн хийгдэж дуусаад, зээлийн хүү төлсний үр дагавар болох 150 сая төгрөгийг О.Д-гээс суутган тооцохоор уг гэрээгээр харилцан тохиролцож дээрх зээлийн гэрээний асуудлыг дахиж маргах эрхгүй хэмээн талууд дуусгавар болгосон нь илэрхий байна. Энэ нь магадлал гарахдаа, үндэслэл бүхий байх шинжийг хангаж чадаагүй, хавтаст авагдсан нотлох баримтуудыг бодитоор үнэлээгүй гэж үзэх үндэслэл болж байна.

4.2. Зээл төлөх үүргийн тухайд:Хан шонхор ХХК-иас Хаан банкинд төлөгдсөн үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн нийлбэр болох 384,588,345 төгрөгийг шүүхээс үнэлэхдээ, тус компанийн гүйцэтгэх захирлаар томилогдож, Хан шонхор 1, 2 зочид буудал, зоогийн газрын үйлчилгээтэй үл хөдлөх хөрөнгүүдийг тамга тэмдгийн хамтаар бүхэлд нь хүлээж авсны дагуу хөрөнгө оруулалтын зээлээ цаг хугацаа алдалгүй төлж дуусгах” үүргийг гүйцэтгэж ажиллаж байсан, эрх бүхий албан тушаалтан О.Д-гийн төлсөн мөнгөн дүн бус, үүргийн харилцаанд ороогүй иргэн О.Д- “сайн дураар” эсхүл “андуурч” төлсөн байна гэж үнэлсэн нь мөн л шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх шинжийг хангаагүй үнэлэлт болжээ. Энэхүү үнэлэлт нь Компанийн тухай хуульд нийцэхгүй байхаас гадна, О.Д- шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад тайлбар гаргахдаа хэлснээр “компанийн дансаар авахаар НӨАТ зэрэг хүндрэл үүснэ гээд өөрийн хувийн дансаар авч байсан” 220,440,880 төгрөг (Хаан болон Худалдаа хөгжлийн банкнаас ирүүлсэн дансны дэлгэрэнгүй хуулгаар нотлогдсон дүн), түүнчлэн “Мандах мотиваци аудит” ХХК-ийн дүгнэлтээр тогтоосон 781,837,514 төгрөг, борлуулалтын орлогын үнэлгээний тайлангаар тогтоосон нөхцөл байдал, О.Д- гэрчээр мэдүүлэг өгөхдөө орлогод олсон гэж тайлбарласан 317,901,890 төгрөг, түүнчлэн “Хан шонхор ХХК-ийн 2014, 2015 оны санхүүгийн тайлангуудад компаниас зээлийн эргэн төлөлтөд төлснөөр О.Д-гийн өөрийн илгээж баталгаажуулсан 196,4 сая төгрөг зэрэг баримтуудаар тогтоогдож буй үйл баримттай эрс харш, эрх зүйн зөрчилтэй дүгнэлт болоод байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримтыг үнэлэх журмыг баримтлаагүйгээр хариуцагчаас дээрх мөнгийг гаргуулахаар шийдвэрлэсэн гэж үзэхэд хүргэнэ. Магадлалд /10-р нүүр, 4-р догол мөр/ “Хариуцагч компанийн гүйцэтгэх захирал Т.С нь 2014.04.19-ний өдөр Компанийн эрх шилжүүлэх тухай гэрээгээр газар эзэмших эрх, зочид буудлын барилга өмчлөх эрх, зочид буудлын барилгад суурилуулсан тоног төхөөрөмж, тавилга эд хогшил, материаллаг эд хогшил, зочид буудал ажиллуулах тусгай зөвшөөрөл, архи согтууруулах ундаагаар үйлчлэх зөвшөөрөл, Хаан банктай байгуулсан ЗГ/482 дугаар зээлийн гэрээний дөрөвдүгээрт заасан зээлдэгч, хамтран гүйцэтгэгчийн эрх, үүргийг нэхэмжлэгч О.Д-д шилжүүлжээ”, Үүний дагуу О.Д- ... нийт 384,588,345 төгрөгийг “Хаан банк ХХК-д төлсөн болох нь ...тогтоогдож байна гэж дүгнэсэн нь хүлээн зөвшөөрч боломгүй илэрхий алдаатай дүгнэлт болжээ. О.Д- 2014.03.24-ний өдөр гүйцэтгэх захирлаар томилогдсон ба Компанийн эрх шилжүүлэх гэрээ нь 2014.04.19-ний өдөр “Хаан банктай байгуулсан №ЗГ-482 дугаар зээлийн гэрээний зээлдэгч, хамтран үүрэг гүйцэтгэгчийн эрх, үүргийг бүрэн шилжүүлэх болзолтойгоор хожим байгуулагдсан (уг болзол О.Д-гийн хувийн санхүүгийн чадавхигүй байдлын улмаас биелэгдэх боломжгүй болж гэрээ хэзээ ч хэрэгжээгүй нь нотлогдсон) байтал шүүхээс цаг хугацаа болон эрх зүйн учир холбооны хувьд зөрчилтэй дүгнэлт өгч, О.Д- компанийн бүхий л хөрөнгийн үр шимийг өөрөө мэдэж захиран зарцуулж, зээлийн гэрээний эргэн төлөлтийг хариуцаж буй гүйцэтгэх захирлын хувьд бус, биелэгдэж хэрэгжээгүй” эрх шилжүүлэх гэрээний эрх хүлээн авагч “иргэнийхээ” хувьд зээлийн эргэн төлөлтийг төлжээ гэж үзсэнд гомдолтой байна. Жич: Онцгой анхаарал хандуулах шаардлагатай, анхан болон давж заалдах шатны шүүхийн орхигдуулаад буй үйл баримт, бодит үнэн бол: №ЗГ/482, №ЗГ/482-1 Зээлийн гэрээнүүдийн хамтран үүрэг гүйцэтгэгч Т.Сгийн хүлээсэн эрх, үүргийг О.Д- өөртөө хэзээ ч шилжүүлж авч чадаагүй, шилжүүлэхээр оролдоод зээлжих чадвар хангалтгүй /О.Д- 2014-2015 оны банк, банк бус санхүүгийн байгууллагаас нийт 594,810,000 төгрөгийн, 2560 ам.долларын 26 зээлийн өр төлбөртэй. Монгол банкнаас ирүүлсэн Зээлийн мэдээллийн лавлагаа, 1 хавтас, 197 х/ шалтгаанаар зээл шилжээгүй явдал юм. Нотлох баримт: Эрх шилжүүлэх гэрээний болзлыг биелүүлэх зорилгоор О.Д- зээлийн гэрээнүүдийн хамтран үүрэг гүйцэтгэгч Т.Сгийн хүлээсэн эрх, үүргийг шилжүүлж авахаар хүсэлт гаргаж, Т.С шилжүүлж өгөхөөр зөвшөөрч хүссэн боловч О.Д-гийн зээлжих чадваргүйн улмаас Хаан банк зээлийг шилжүүлэхийг зөвшөөрөөгүй болох баримтууд /Хаан банкны эрх бүхий төлөөлөгч нар болон Т.С, О.Д- нарыг оролцуулан хийгдсэн Уулзалтын протокол 1х-212/, Хаан банкны салбарын захирал И.Отгончимэгийн өгсөн гэрчийн мэдүүлэг/, Түүнчлэн Компанийн эрх шилжүүлэх гэрээ хэзээ ч бодитоор хэрэгжиж байгаагүй, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль тогтоомжид зааснаар УБЕГ-ын Хуулийн этгээдийн бүртгэлийн газарт бүртгэгдэж хүчин төгөлдөр болж байгаагүй болох нь Хан Шонхор” ХХК-ийн хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагаа /1 хавтас, 47х./-наас тодорхой нотлогддог. Тайлбар: Хаан банк зөвшөөрөөгүй учир О.Д- “Хаан Шонхор” ХХК-ийн гүйцэтгэх захирлын хувьд зээл төлөх үүргийг хариуцсан хэвээр байсан юм. Шүүх О.Д-г “Хан шонхор ХХК-ийн өмчлөлд хамаарах Хан шонхор 1, 2 үл хөдлөх эд хөрөнгүүдийн “үр шимийг хүртэх эрхтэй” гэсэн үнэлэлтийг “хэрэгжээгүй, болзол биелэгдээгүй” эрх шилжүүлэх гэрээнд үндэслэн өгсөн нь Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно” гэж заасантай, 152 дугаар зүйлийн 152.1-д “Үр шимийг хүртэх, ашиг олох зорилгоор бусдын эд хөрөнгийг хязгаартай эзэмшиж, ашиглах эрхийг узуфрукт гэнэ. Үл хөдлөх эд хөрөнгийг хязгаартайгаар эзэмших, ашиглах эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгүүлнэ” гэж заасантай, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д “Эрхийн улсын бүртгэл үнэн зөв байх бөгөөд улсын бүртгэгч өөрийн хийсэн бүртгэл бүрийг эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдээллийн санд оруулж, хууль, холбогдох журамд заасны дагуу баталгаажуулна гэж заасантай тус тус нийцэхгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна. Өөрөөр хэлбэл, иргэн О.Д- тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлж аваагүй, шилжүүлэн авахын тулд өөрийн зүгээс гүйцэтгэх төлбөрийн үүргээ гүйцэтгэж чадаагүйн хувьд тухайн үл хөдлөх эд хөрөнгийн үр шимийг иргэний хувьд өөртөө хүртэх эрх олж аваагүй, гагцхүү “Хан шонхор” ХХК-ийн дангаар хувьцаа эзэмшигч Т.Сгийн шийдвэрээр “хөрөнгө оруулалтын зээлээ цаг хугацаа алдалгүй төлж дуусгах” үүргийг гүйцэтгэж ажиллаж байсан гүйцэтгэх удирдлагын хувьд компанийн өмчлөлд бүртгэлтэй хөрөнгийн үр шимийг захиран зарцуулж байсныг үнэн зөвөөр үнэлж дүгнээгүй байна. Талуудын хооронд байгуулагдаж, нотариатчаар гэрчлэгдсэн “Гэрээ дуусгавар болгох тухай” хэлцэл, түүний хавсралт, нэмэлтээр О.Д- нь Хаан банкнаас авсан зээлийн эргэн төлөлтийг төлөх үүргийг хариуцаж байснаа бүрэн хүлээн зөвшөөрч, өөрийн урьдчилгаа төлбөрөөс суутгуулахаа маргаангүй зөвшөөрснөөр уг гэрээ дуусгавар болгох тухай хэлцлийг бүрэн хэрэгжүүлсэн байхад уг хэлцлээр тохирсон үүргээ үгүйсгэж, хожим шинээр шүүхэд гаргасан шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үүргийн эрх зүйн зохицуулалтад нийцэхгүй байна. Тодруулбал, “Гэрээ дуусгавар болгох тухай” хэлцэл бол Иргэний хуулийн 238 дугаар зүйл /Харилцан шаардлага бүхий үүргийг тооцож дуусгавар болох/-д заасны дагуу харилцан шаардлагуудыг хооронд нь тооцож үүргийг дуусгавар болгосон, улмаар талууд тухайн тооцож дуусгавар болгосон үүрэгтэй холбоотой харилцааны талаар ирээдүйд харилцан шаардлага гаргахгүй хэмээн тусгайлан бичгээр тохиролцсон шаардах эрхийн татгалзлыг агуулсан хэлцэл байгаа юм. Уг хэлцлийн эрх зүйн үр дагавар, утга агуулгыг шүүхээс бүрэн дүүрэн үнэлэхгүй орхигдуулсны улмаас нэхэмжлэгчийн шаардлага хангагдсан гэж үзэж байна.

4.3 Бусад зөрчил. Магадлалд /11-р нүүр, 2-р догол мөр/ харин хариуцагч үүнийг үгүйсгэж, энэ нь “Хан шонхор” ХХК-ийн мөнгө буюу хариуцагч өөрөө төлж байсан гэдэг байдлаа баримтаар нотлоогүй байна” гэж дүгнэсэн нь Компанийн тухай хуульд нийцэхгүй байхаас гадна, О.Д- шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад тайлбар гаргахдаа хэлснээр “компанийн дансаар авахаар НӨАТ зэрэг хүндрэл үүснэ гээд өөрийн хувийн дансаар авч байсан 220,440,880 төгрөг (Хаан болон Худалдаа хөгжлийн банкнаас ирүүлсэн дансны дэлгэрэнгүй хуулгаар нотлогдсон дүн), түүнчлэн “Мандах мотиваци аудит” ХХК-ийн дүгнэлтээр тогтоосон 781,837,514 төгрөг, борлуулалтын орлогын үнэлгээний тайлангаар тогтоосон нөхцөл байдал, О.Д- гэрчээр мэдүүлэг өгөхдөө орлогод олсон гэж тайлбарласан 317,901,890 төгрөг, түүнчлэн “Хан шонхор” ХХК-ийн 2014, 2015 оны санхүүгийн тайлангуудад компаниас зээлийн эргэн төлөлтөд төлснөөр О.Д-гийн өөрийн илгээж баталгаажуулсан 196,4 сая төгрөг зэрэг баримтуудаар тогтоогдож буй үйл баримттай эрс харш, эрх зүйн зөрчилтэй дүгнэлт болсон. Жич: Анхан шатны шүүх хуралдаан эхлэхээс өмнө хариуцагч талаас ИХШХШТХуулийн 38.7-д заасныг удирдлага болгон “Хан шонхор” ХХК-иас тухайн орлогуудыг олж байсан нөхцөл байдлыг нотлох зорилгоор Хан шонхор” ХХК-ийн үйл ажиллагааны орлогын 2014-2015 оны анхан шатны санхүүгийн эх хувь баримт 13 хавтас 13475 хуудас нотолгоог шүүх хүлээн авахгүй, хавтаст хэрэгт оруулж шинжлээгүй нь дээрх бодит бус үнэлэлт хийгдэхэд нөлөөлсөн. Шүүхээс сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг үндсэн нэхэмжлэлтэй хамт тооцогдох хэмээн дүгнэж хүлээн авч хянасан боловч холбогдох үйл баримт эрүүгийн журмаар шалгагдаж байгаа үндэслэлээр зөвхөн сөрөг нэхэмжлэлийг Иргэний хуулийн 117 дугаар зүйлд заасан журмаар хэрэгсэхгүй болгосон атлаа үндсэн нэхэмжлэлийг шийдвэрлэсэн нь талуудын тэгш байдлын зарчмыг алдагдуулж, салшгүй холбоотой үйл баримт, маргаанд зөвхөн нэхэмжлэгч талын шаардлагыг “түрүүлж, тусад нь” шийдвэрлээд, түүний сөрөг нэхэмжлэлийг дараа шийдвэрлэгдэх үр дагаврыг үүсгээд байгааг давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянах явцдаа залруулаагүй, үнэлээгүй орхигдуулжээ. Маргааны зүйл болох зээлийн төлбөр 384,588,345 төгрөгийг нэг талаас О.Д- миний хувийн мөнгө хэмээн нэхэмжилж байгаа бол нөгөө талаас хариуцагч “Хан Шонхор” тус компанийн орлого хэмээн сөрөг нэхэмжлэл гаргасан байхад тусад нь салгаж шийдэх нь хууль бус байна. Хариуцагч тал сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа 2019.11.05-ны өдөр нэмэгдүүлж, О.Д-гийн “Хан шонхор” ХХК-д учруулсан хохирол болох 781,837,514 төгрөг дээр нэмж 317,901,890 төгрөгийг гаргуулан компанийн дансанд төлүүлэх шаардлага гаргасныг анхан шатны шүүх хүлээн авсан атлаа, 2019.12.13-ны өдрийн №02740 дугаар анхан шатны шүүхийн шийдвэрт нэмэгдүүлсэн шаардлага болох 317,901,890 төгрөгийн талаар огт дурдаагүй, зөвхөн анхны сөрөг нэхэмжлэлийн дүнгээр хязгаарлаж хянасан илэрхий алдааг давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянах явцдаа  залруулаагүй, үнэлээгүй орхигдуулжээ.

Иймд Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.03.20-ны өдрийн №630 дугаартай магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.12.13-ны өдрийн 183/ШШ2019/02740 дугаар шийдвэрийн “Хан шонхор” ХХК-иас 384,588,345 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэснийг хэвээр үлдээсэн нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байх тул уг үндэслэлээр магадлалыг хүчингүй болгож нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхийг хүсье гэжээ.

ХЯНАВАЛ:

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, шийдвэр, магадлалд хууль хэрэглээний өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

6. Нэхэмжлэгч О.Д- нь “Хш” ХХК болон Т.С нарт холбогдуулан 384,588,345 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан байх ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, ...Хаан банкны зээлийн төлбөрт 384,588,345 төгрөг, бусдад 33,820,570 төгрөг төлж хохирсон гэж марган, хариуцагч “Хш” ХХК-аас 418,408,915 төгрөг гаргуулахаар, гэрээг дуусгавар болгох тухай хэлцлийг үндэслэн гэж Т.Сгээс 478,372,227 төгрөг гаргуулна гэж тус тус шаардсан байна. 

7. Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, ...нэхэмжлэлийн шаардлага бодит үнэнд нийцэхгүй, үндэслэлгүй. ...О.Д- нь нэмэгдүүлсэн шаардлагын үндэслэлийг ...гэрээг дуусгавар болгох тухай хэлцлийг хүчин төгөлдөр бус, ноцтой төөрөгдлийн улмаас хийсэн мэтээр тайлбарлаж байсан боловч шүүх хуралдааны явцад гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардаж байгаа мэтээр тайлбарлаж байгаа нь уг нэмэгдүүлсэн шаардлага үндэслэлгүй, зөрчилтэй болохыг өөрөө илтгэнэ. ...гэрээг дуусгавар болгох тухай хэлцлийг талууд хүсэл зоригоо илэрхийлж, сайн дурын үндсэн дээр байгуулсан харилцан тохиролцсон нөхцөлүүдийн баримт мөн...” гэсэн тайлбар гаргасан байх ба ...нэхэмжлэгч нь гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа компанид ихээхэн хэмжээний хохирол учруулсан гэж марган, ...781,837,514 төгрөгийг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргажээ. 

8. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 496 дугаар зүйлийн 496.1-д заасныг баримтлан хариуцагч “Хш” ХХК-аас 384,588,345 төгрөгийг гаргуулж О.Д-д олгон, үлдэх 33,820,570 төгрөг гаргуулах болон Т.Сгээс 478,372,227 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8-д заасныг баримтлан сөрөг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх хэргийг хянаж, шийдвэрт хууль хэрэглээний /Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-ийг хасч/ болон агуулгын өөрчлөлтийг оруулсан, нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэр, магадлалд гомдол гаргаагүй байна.

9. Хоёр шатны шүүх маргааныг шийдвэрлэхдээ хэргийн оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг зөрчөөгүй, нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасны дагуу үнэлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан боловч маргаанд хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй алдаа гаргасныг залруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

10. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын ...давж заалдах шатны шүүх ...хэлцлийн эрх зүйн үр дагавар, утга агуулгыг бүрэн дүүрэн үнэлэхгүй орхигдуулсан. ...О.Д- гэрээний дагуу зээлийн төлбөрт ...нийт 384,588,345 төгрөгийг “Хаан банк ХХК-д төлсөн болох нь тогтоогдсон гэсэн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй, илэрхий алдаатай болжээ. ...талуудын хооронд байгуулагдсан “Гэрээг дуусгавар болгох тухай” хэлцэл, түүний хавсралт, нэмэлтээр О.Д- нь Хаан банкнаас авсан зээлийг төлөх үүргийг хариуцаж байснаа бүрэн хүлээн зөвшөөрч, өөрийн урьдчилгаа төлбөрөөс суутгуулахаа маргаангүй зөвшөөрснөөр хэлцлийг бүрэн хэрэгжүүлсэн. ...анхан шатны шүүх сөрөг нэхэмжлэлийг анхны нэхэмжлэлийн дүнгээр хязгаарлаж хянасан илэрхий алдаа гаргасныг давж заалдах шатны шүүх ...залруулаагүй, үнэлээгүй орхигдуулсан...” гэсэн хяналтын гомдлыг хангах үндэслэлгүй байна.

11. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд талуудын хооронд үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах тухай хоёр гэрээ байгуулагджээ. Үүнд:

11.1. “Хш” ХХК болон “Ач-икон” ХХК-ийн хооронд 2014.03.05-ны өдөр Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан байх ба уг гэрээгээр Хш-1 зочид буудлын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 1,000,000,000 төгрөгөөр худалдах, худалдан авагч нь урьдчилгаа төлбөрт 94,000,000 төгрөг төлж, үлдэгдэл төлбөрийг банкны зээлээр /2014.03.30-ны өдрийн дотор/ төлөхөөр харилцан тохиролцсон. Худалдан авагч “Ач-икон” ХХК нь худалдах, худалдан авах гэрээний үүргээ гүйцэтгэх зорилгоор банкнаас зээл хүссэн боловч банк “шаардлага хангаагүй” гэж татгалзсаны улмаас “Хш” ХХК-ийн гүйцэтгэх захирал Т.С нь “Хаан банк” ХХК-тай 2014.03.21-ний өдөр зээлийн гэрээг байгуулж, 1,200,000,000 төгрөгийн зээл авч, зээлийн эргэн төлөлтийг нэхэмжлэгч О.Д- хариуцан төлөхөөр тохиролцжээ. /1хх 148-153, 211-215, 219-222, 226-227, 2хх 206/

         11.2. Мөн тус хоёр компанийн хооронд 2014.01.23-ны өдөр Хш-2 үл хөдлөх эд хөрөнгийг 1,800,000,000 төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж, урьдчилгаанд 250,000,000 төгрөгийг бэлнээр төлөхөөр тохиролцон, талууд гэрээнд гарын үсэг зурж баталгаажуулжээ. Талуудын хооронд худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж хоёр шатны шүүх үзсэн нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасантай нийцсэн байна. 

12. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ.

13. Компанийн эрх шилжүүлэх тухай гэрээгээр хариуцагч компанийн гүйцэтгэх захирал Т.С нь 2014.04.19-ний өдөр газар эзэмших эрх, зочид буудлын барилга өмчлөх эрх, зочид буудлын барилгад суурилуулсан тоног төхөөрөмж, тавилга эд хогшил, материаллаг эд хогшил, зочид буудал ажиллуулах тусгай зөвшөөрөл, архи согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрөл, Хаан банктай байгуулсан №ЗГ/482 дугаар зээлийн гэрээний дөрөвдүгээрт заасан зээлдэгч, хамтран гүйцэтгэгчийн эрх, үүргийг нэхэмжлэгч О.Д-д шилжүүлсэн, гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна. /2хх 206/

14. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний биелэлтийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй” гэж заасан.

 Гэрээг дуусгавар болгох тухай, гэрээг дуусгавар болгох хавсралт, гэрээг дуусгавар болгох хэлцэл зэрэг баримт /2хх 215-217/-уудаас үзвэл гэрээний талууд үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах дээрх хоёр гэрээнээс татгалзан, 2016.05.25, 2016.05.27-ны өдрүүдэд хэлцэл хийж, ...үүсээд байгаа 154,735,924 төгрөгийн өр төлбөрөөс Т.Сд 92,420,713 төгрөгийн өрийг шилжүүлэх, бусад байгууллага, хүмүүсийн нэр дээр үүсгэсэн 62,315,210 төгрөгийг О.Д- барагдуулах, Т.С нь О.Д-гийн урьдчилгаанд төлсөн төлбөрөөс, өөрийн Хаан банкинд төлсөн 150,000,000 төгрөг, засвар үйлчилгээний зардлын 3,107,500 төгрөг, гадна фасадны засварын 10,000,000 төгрөг, аудитын 7,000,000 төгрөг, нийт 262,528,213 төгрөгийг суутган, үлдэгдэл 337,471,786 төгрөгийг О.Д-д шилжүүлэхээр тохиролцсон, улмаар талууд 2017.01.25-ны өдөр “Гэрээг дуусгавар болгох хэлцэл” байгуулж, дээрх хэлцлээр тохиролцсон 337,471,786 төгрөгөөс 20,000,000 төгрөг, Батламж бичиг-ээр тохиролцсон гэрээг цуцалсны 10 хувийн торгуулийн 100,000,000 төгрөгийг хасч, үлдэх 217,471,786 төгрөгийг О.Д-д төлснөөр тооцоог дуусгасан байна.

15. Нэхэмжлэгч О.Д- нь “Хш” ХХК-д холбогдуулан ...”Хаан банк” ХХК-д зээлийн төлбөрт 384,588,345 төгрөг төлж хохирсон гэж марган, уг мөнгийг гаргуулахаар шаардсаныг хоёр шатны шүүх хангаж шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй гэж үзлээ.

Нэхэмжлэгч нь “Хш” ХХК-ийн “Хаан банк” ХХК-тай байгуулсан зээлийн гэрээний дагуу 2014.03.21-ний өдрөөс 2015.04.29-ний өдөр хүртэл хугацаанд үндсэн зээлд 69,863,370 төгрөг, зээлийн хүүнд 276,336,432 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 84,854 төгрөг, нийт 346,284,656 төгрөг, 2015.04.29-ний өдрийн ЗГ/482-1 тоот “Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай” гэрээний дагуу 2015.04.30-ны өдрөөс 2015.09.07-ны өдөр хүртэл хугацаанд үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 38,303,689 төгрөг, нийт 384,588,345 төгрөгийг “Хаан банк” ХХК-д төлсөн нь хэргийн баримтаар тогтоогджээ. /1хх 158, 3хх 14-36/

16. Дээрх байдлаар нэхэмжлэгч О.Д- нь худалдах, худалдан авах гэрээний дагуу Хш-1, Хш-2 зочид буудлыг 1,800,000,000 төгрөгөөр худалдан авч, үнийг төлөхдөө урьдчилгаанд 600,000,000 төгрөг өгч, банкнаас 1,200,000,000 төгрөг зээлж төлсөн, гэрээнээс татгалзсаны дараа, гэрээг дуусгавар болгох хэлцлээр О.Д-гийн “Хш” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байх хугацаанд үүссэн өр төлбөр, гэрээ цуцалсны торгууль зэрэг төлбөрийг түүний урьдчилгаанд төлсөн мөнгөнөөс суутган тооцож, төлбөр тооцоог дуусгасан үйл баримтууд тогтоогдсон, хоёр шатны шүүх ...гэрээ дуусгавар болгох тухай хэлцэлд “Хаан банк” ХХК болон “Хш” ХХК-ийн хооронд үүссэн зээлийн гэрээний талаар дүгнээгүй, зөвхөн О.Д-гийн гэрээний урьдчилгаа төлбөрт төлсөн 600,000,000 төгрөгийн тооцоог дуусгавар болгосон гэж дүгнэсэн нь хэрэгт байгаа нотлох баримтуудад үндэслэгдсэн байна.

17. Гэрээнээс татгалзсанд талуудын хэн аль нь буруутай бол хохирлыг хариуцна. Нэхэмжлэгч нь  Батламж бичиг-т зааснаар гэрээг цуцалсны торгуульд 100,000,000 төгрөг төлсөн байх боловч нэхэмжлэгчийн “...Сайнхүүд Зочид буудлыг буцаан өгөх боломжгүй, харин миний нэр дээр шилжүүлчих, тэгвэл 1-ийг нь зараад мөнгийг чинь гүйцээгээд өгье, эсвэл миний буудлын үнэд төлсөн мөнгийг минь буцаагаад өгчих, тэгээд буудлаа буцаагаад ав гэж хэлсэн. Гэтэл Сайнхүү нь 2016.05.19-нд намайг хотод байх үед зочид буудлыг хариуцан ажиллаж байсан, төрсөн дүү Дуламжавыг оруулж гаргахгүй цоожлон, Зочид буудлыг хүчээр булаан авч, тэнд байсан ажилчдыг хөөн гаргасан юм. Энэ хооронд бусдаас зээлсэн зээл, хүүний төлбөр нэхэгдээд хэцүү байдалд орсон тул би Сайнхүүгээс өгсөн урьдчилгаа мөнгөө буцааж авахыг шаардахад тэрээр “...чи Зочид буудал худалдан авах гэрээнээс татгалзаж байгаа талаар хүсэлт бичиж өг, тэгвэл чамд 400,0 сая төгрөгийг чинь буцааж өгье гэсэн санал тавьсан. Би хүмүүсийн зээлийг төлж, барьцаануудыг суллаж эзэнд нь буцааж өгөхийн тулд Сайнхүүгээс хэдийг ч хамаагүй буцааж авч л байвал юу гэж ч бичсэн яахав гэж бодоод гэрээнээс татгалзаж байгаа тухайгаа бичгээр бичиж өгсөн. ...тухайн үед эгч Дуламхандын байр, нөхрийн дүү Дарьсүрэнгийн байрууд зээлийн барьцаанд хураагдахаар болсон байсан тул яаж ч чадалгүй зөвшөөрч, торгуульд 100,000,000 төгрөг хасч 237,471,786 төгрөг буцаан авсан...” гэсэн тайлбар, хэргийн бусад баримтуудаас үзэхэд гэрээнээс татгалзсанд хариуцагчийг адил буруутай гэж үзнэ.

Иймээс нэхэмжлэгч нь гэрээнээс татгалзсанаас учирсан хохирол болох “Хаан банк” ХХК-д зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүд төлсөн 384,588,345 төгрөгийг Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д заасны дагуу хариуцагч “Хш” ХХК-аар арилгуулахаар шаардах эрхтэй байна.     

18. Түүнчлэн, хоёр шатны шүүх нэхэмжлэлийн бусад шаардлага болон сөрөг нэхэмжлэлийн үндэслэлийн талаар зөв дүгнэсэн, мөн анхан шатны шүүх хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзахдаа, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлээгүй алдаа гаргасныг давж заалдах шатны шүүхээс залруулсан нь хуульд нийцсэн байна. Хариуцагч нь сөрөг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан шалтгаан арилсан гэж үзвэл нэхэмжлэлээ дахин гаргах эрхтэйг дурдах нь зүйтэй юм.

19. Дээр дурдсан үндэслэлүүдээр шийдвэр, магадлалд хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 630 дугаар магадлалын Тогтоох хэсгийн 1 дэх заалт, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 183/ШШ2019/02740 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1, 227 дугаар зүйлийн 227.1-д заасныг баримтлан Хш ХХК-аас 384,588,345 /гурван зуун наян дөрвөн сая таван зуун наян найман мянга гурван зуун дөчин тав/ төгрөгийг гаргуулан О.Д-д олгож, үлдэх 33,820,570 төгрөгт холбогдох нэхэмжлэл болон Т.Сгээс 478,372,227 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай” гэж, 2 дахь заалтыг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д заасныг баримтлан О.Д-гээс компанид учруулсан хохиролд 781,837,514 төгрөг гаргуулах тухай Хш ХХК-ийн сөрөг нэхэмжлэлтэй хэргийг хэрэгсэхгүй болгосугай” гэж тус тус өөрчлөн, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,080,892 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.  

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      П.ЗОЛЗАЯА

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Г.АЛТАНЧИМЭГ

ШҮҮГЧИД                                                       Б.МӨНХТУЯА

Д.ЦОЛМОН

                                    Х.ЭРДЭНЭСУВД