Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 2740

 

                               

 

 

 

                                       

 

 

 

2019 оны 12 сарын 13 өдөр                   Дугаар 183/ШШ2019/02740                               Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: О.Д нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Т 478,372,227 /дөрвөн зуун далан найман сая гурван зуун далан хоёр мянга хоёр зуун хорин долоо/ төгрөг,

Хариуцагч: “Х” ХХК-иас 418,408,915 /дөрвөн зуун арван найман сая дөрвөн зуун найман мянга есөн зуун арван тав/ төгрөгийг тус тус үндэслэлгүй хөрөнгөжсөн үндэслэлээр гаргуулах тухай үндсэн,

Х” ХХК-д учруулсан хохирол 781,837,514 /долоон зуун наян нэгэн сая найман гучин долоон мянга таван зуун арван дөрөв/ төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч О.Д, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Буянбадрах, Ч.Болдбаатар, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Цэдэн, Ч.Анар, хариуцагч нарын өмгөөлөгч Б.Улаанбаатар, нарийн бичгийн дарга Э.Энхзул нар оролцов. 

                                                  ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон өмгөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2014.03.05-ны өдөр “Х” ХХК-ийн гүйцэтгэх захирал Т.Стэй харилцан тохиролцож, “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ”-г байгуулж, “Х” ХХК-ийн нэр дээрх Дорноговь аймаг, Замын-Үүд сумын 1 багт байрлах Х-1, Х-2 зочид буудлын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг газар эзэмших эрхийн хамт нийт 1,800,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон. Би худалдах, худалдан авах гэрээний төлбөрт нийт 592,600,000 төгрөг төлж, үлдэх төлбөрийг тухайн үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалан банкнаас зээл авч төлөхөөр анх тохиролцож байсан. Гэвч банкны зүгээс миний нэр дээр зээл олгох боломжгүй гэсэн тул Т.Санхүүтэй ярилцаж “Х” ХХК-ийн нэр дээр зээл авч зээлийн эргэн төлөлтийг О.Д миний бие тогтмол төлж байхаар болсон. Талуудын хоорондын тохиролцооны дагуу 2014.03.21-ны өдөр “Хаан банк” ХХК-иас 1,200,000,000 төгрөгийн зээл "Х” ХХК-ийн нэр дээр авч би зээлийн төлбөрт дараах төлбөрийг төлж байсан. Үүнд: үндсэн зээлд 69,863,370 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 276,336,432 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 84,854 төгрөг буюу 2014.03.21-ний өдрөөс 2015.04.29-ны өдөр хүртэлх хугацаанд нийт 346,284,656 төгрөг төлсөн. Мөн 2015.04.29-ны өдрийн ЗГ/482-1 тоот Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээний дагуу 2015.04.30-ны өдрөөс 2015.09.07-ны өдөр хүртэл хугацаанд үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт нийт 38,303,689 төгрөгийн эргэн төлөлтийг би төлж байсан. Гэтэл Т.С 2015 оны 12 сард “Х” ХХК-ийн өмчлөлийн 2 зочид буудлын барилгуудыг худалдахгүй болсон гэж гэрээнээсээ татгалзаж, цуцалсан тул зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт төлсөн 384,588,345 төгрөгийг хариуцагч нараас хувь тэнцүүлэн гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч нарын төлөөлөгчөөс шүүхэд гаргасан хариу тайлбартаа: О.Д нь тус компанид ажиллах хугацаандаа компанийн өмчлөлийн үйлчилгээний зориулалт бүхий үл хөдлөх эд хөрөнгийн орлогоос компанийн ажилтны хувьд компанийг төлөөлөн, талуудын хооронд тохиролцсон үндэслэлээр холбогдох зээлийн гэрээний төлбөрийг зээлийн дансанд төлж үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж нэхэмжлэл гаргах эрхгүй байна. Тэрээр “Х” ХХК-д ажиллах хугацаандаа компанид их хэмжээний хохирол учруулаад зогсохгүй байгууллага, хувь хүний ажил хэргийн нэр хүндэд хохирол учруулж, үйл ажиллагааг алдагдуулж томоохон алдагдал, гарз хүлээлгэсэн хүн юм. Өөрийн буруутай үйл ажиллагаа, үүсгэсэн асуудлынхаа үр дагавар, эрх зүйн холбогдлыг ухамсарлахын оронд үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж шаардлага гаргасан нь үндэслэлгүй байна. О.Дтэй байгуулсан Үл хөдлөх худалдах, худалдан авах гэрээний хүрээнд “Х” ХХК болон Т.С нар Хаан банкнаас зээл авч, зээлийг О.Дд банкны дүрэм, журмын дагуу шилжүүлэхээр тохирсон боловч түүний хувийн байдал, зээлжих чадвар зэрэг нь найдваргүй, хангалтгүй байснаас зээл шилжих боломжгүй болсноос гадна, О.ДХ” ХХК-д ажиллах хугацаандаа өөрийн дүү О.Дуламжав, хамаарал бүхий бусад этгээдтэйгэй хамтран компанид онц их хэмжээний хохирол учруулж, компанийн нэрийг ашиглан хувьдаа их хэмжээний орлого олж, завшсан. Ийм зүй бус аргаар ажил үүргээ гүйцэтгэж, компанийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулан их хэмжээний өр төлбөрт оруулсныхаа дараа үл хөдлөх хөрөнгийг худалдан авах хэлцлийг цуцлах санал тавьсан байтал Т.С гэрээнээс татгалзаж, цуцалсан гэсэн нь бодит үнэнд нийцэхгүй байна гэжээ.

 

Нэхэмжлэгчээс нэмэгдүүлсэн шаардлага болон өмгөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С нь тухайн үед “чи чадна, миний 2 зочид буудлыг өөд нь татаад ажиллуулж, надад 1,800,000,000 төгрөг төлчих, би чиний 5 хүүхдийг чинь бодоод зээлээр өгье гэсэн. Ингээд би 2 зочид буудлыг зээлээр худалдана гэсэн учраас зөвшөөрсөн. Тухайн үед буюу 2014.01.10-нд эхний зочид буудал буюу Х-2 буудал тавилга эд хогшилгүй ба тохижилт хийгдээгүй, үйл ажиллагаа зогссон байдалтай байсан. 2014.02.08-нд Х-1 буудлыг хүлээн авах үед бохир нь бөглөрсөн, нүүрсний мөнгөө төлөөгүй тул нүүрс буулгахгүй, халаалт байхгүй, цахилгааныг тасалсан төлбөрөө төлөөгүй, ус алдсан зочид буудлын зориулалтаар байтугай ашиглах ямар ч боломжгүй, хоосон байсан, бүрэн засвар хийхээс өөр аргагүй, үйл ажиллагаа нь бүрэн зогссон байдалтай байсан. Нэгэнт зээлээр авч байгаа болохоор аль болох цаг хугацаа алдахгүй хурдан ажиллах нь маш чухал гэж бодоод, би өөрийн бүх нөөц бололцоогоо дайчлан 2014.01.12-2014.04.01-гэхэд 2 зочид буудлыг ашиглалтад оруулах зорилго тавиад, иж бүрэн тохижилт засварын ажлыг эхэлсэн. Засвар эхлүүлээд 100 гаруй сая төгрөг зарцуулаад байтал С нь урьдчилгаа болгож мөнгө надаас нэхэх болсон. Нөхөр бид 2 хүнсний импортын чиглэлээр 10 гаруй жил ажиллаж байж 5 хүүхдийнхээ ирээдүйд бэлдсэн бүх мөнгөө буудлын засвар бусад зүйлд зарлагадсан байсан учраас маш хүнд байдалд орсон. Сгийн энэ байдлаас буудлын засварт оруулсан мөнгөө буцаан гаргаж авахын тулд уг буудлыг ажиллуулж байж олж авах юм байна гэж бодоод эргэж, буцах аргагүй буудлаа ажиллуулахаар шийдсэн. Гэтэл С мөнгө нэхэж, төлж чадахгүй бол буудал сулла гэж дарамталж эхэлсэн болохоор яахаа мэдэхгүй тэвдэж, ах дүү, найз нөхөд болон банк, ББСБ-гаас хүүтэй мөнгө зээлж авч олон байрыг барьцаанд тавьж, аргаа баран байж 2014.01.29-нд 300,000,000 төгрөгийг Сгийн 5128008806 тоот дансанд өөрийн эзэмшлийн 5035014767 тоот данснаас шилжүүлсэн. Дахиад нэхсээр байсан тул 1 сарын дараа Сгийн хэлснээр өөрийнх нь нягтлан Отгонжаргалын Голомт банкны 1165015480 тоот дансаар 2014.03.07-нд 100,000,000 төгрөг, 40,000,000 төгрөг, 2014.03.08-нд мөн дансаар 3,000,000 төгрөг, 2014.03.09-нд 1,600,000 төгрөг, Отгонжаргалын ХААН” банкны 5017068001 тоот дансанд 58,000,000 төгрөг шилжүүлсэн бөгөөд 2014.04.10 гэхэд нийт 502,600,000 төгрөг Сд өгсөн. Тухайн үед “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ”, “Х” ХХК-ийн эрх шилжүүлэх гэрээ байгуулж байсан боловч уг гэрээнүүд Иргэний хуулийн 56.1.1-д заасан хуулийн шаардлага хангаагүй хийгдсэн гэдгийг би өмгөөлөгчтэй болсны дараа мэдсэн. С нягтлан Отгонжаргалаар утасдуулан 2014.11.01 гэхэд 100,000,000 төгрөгийг дүүгийн дансаар өгвөл буудлыг нэр лүү чинь шилжүүлнэ гэсний дагуу төрсөн эгчийнхээ байрыг барьцаалж 60,0 сая төгрөгийн зээл авч үлдэгдэл төлбөрийг өөрийн ажиллаж байсан хүнсний “Кинг Гоби” ХХК-ийн орлогоос түр зээлж бүрдүүлэн нийт 100,0 сая төгрөгийг Сгийн дүү Мөнхсайханы Худалдаа Хөгжлийн Банкны 499219502 тоот дансаар, нийт Т.Сд Зочид буудлын төлбөрт тооцон нийт 602,600,000  төгрөг өгсөн. Уг мөнгөнөөс гадна “Х” ХХК болон ХААН банктай байгуулсан 482 тоот зээлийн гэрээний дагуу өөрийн компанийн авсан зээлийг үндэслэлгүй төлүүлж байсан бөгөөд 2014.04.19-өөс 2014.11.20 хүртэл нийт 384.588.345 төгрөгийг би өөрийн эзэмшлийн ХААН банкны 5035014767 тоот данснаас Сгийн зээлийн данс болох ХААН банкны 5015261733 тоот данс, “Х” ХХК-ийн ХААН банкны 5374071856 тоот дансанд тус тус шилжүүлж байсан. Ингээд би Сгээс Зочид буудал худалдаж авахын тулд "Х" зочид буудлын тоног төхөөрөмж, тавилга эд хөрөнгө засвар болон тохижуулахад 400,000,000 төгрөг, бэлнээр 602,600,000 төгрөг, Сгийн ХААН банкнаас зээлийн дансанд 384.588.345 төгрөг, нийт 1,387,188,345 төгрөгийг Сд өгсөн байтал Зочид буудлаа миний өмчлөлд шилжүүлж өгөхгүй, харин үлдэгдэл мөнгөө бүгдийг нь өгөхийг шаардаж байсан. Миний Т.Сд төлсөн нийт 1,387,188,345 төгрөгийн 1,067,313,000 төгрөг нь хувь хүн, танил найз нөхөд, ах дүүсийнхээ орон байрууд, машинуудыг ББСБ, банкинд барьцаалж, зээл авч төлсөн мөнгөн хөрөнгө юм. Үлдэгдэл төлбөрийг нөхөр бид 2 буудлуудыг авахаар дэлгүүрүүдээ, үлдэгдэл бараа материалаа зарж цуглуулсан, мөн бизнесийн орлого, өөрийн хуримтлуулсан мөнгөнөөс өгсөн. Сгээс зочид буудал худалдан авахын тулд зээл авч өгсний эцэст 10 ажилчны цалингийн зээлийн 81,000,000 төгрөг, ББСБ-гаас авсан зээл, зээлийн хүү зэрэг нийт 1,939,547,416 төгрөгийн өртэй үлдэж, хохироод байна. Анх 1,8 тэрбум төгрөгөөр худалдан авах үнийн дүнгээс их хэмжээний өрөнд орсон. Сүүлдээ өгөх ч мөнгөгүй болсон тул Сд “Зочид буудлыг буцаан өгөх боломжгүй, харин миний нэр дээр шилжүүлчих, тэгвэл 1-ийг нь зараад мөнгийг чинь гүйцээгээд өгье, эсвэл миний буудлын төлсөн мөнгийг минь буцаагаад өгчих, тэгээд буудлаа буцаагаад ав” гэж хэлсэн. Гэтэл С нь 2016.05.19-нд намайг хотод байх үед миний төрсөн дүү хариуцан ажиллаж байсан Дуламжавыг оруулж гаргахгүй цоожлон, Зочид буудлыг хүчээр булаан авч тэнд байсан ажилчдыг хөөн гаргасан юм. Энэ хооронд миний бие бусдаас зээлсэн зээл, зээлүүдийн хүүний төлбөр нэхэгдээд хэцүү байдалд орсон тул би өгсөн урьдчилгаа мөнгөө буцааж авахыг шаардахад С нь “чи тэгвэл Зочид буудал худалдан авах гэрээнээс татгалзаж байгаа талаар хүсэлт бичиж өг, тэгвэл чамд 400,0 сая төгрөгийг чинь буцааж өгье” гэсэн санал тавьсан. Би хүмүүсийн зээлийг төлж барьцаануудыг эзэнд нь буцаан өгөхийн тулд Сгээс хэдийг ч хамаагүй буцааж авч байвал юу гэж ч бичсэн яахав гэж бодоод 2016.04.06-нд гэрээнээс татгалзаж байгаа тухайгаа бичгээр бичиж өгсөн. Гэсэн хэдий ч С мөнгөө өгөхгүй хэл сураггүй болж, уулзахаар очих бүрт гадны хүн орууллаа гэж ажилчдаа загнан, хөөлгөж уулзахгүй байсан. Миний санхүүгийн байдал бүр хүндэрсэн тул Тогтмол гуайтай уулзаж, ня-бо Отгонжаргалаар дамжуулж хэлүүлсний эцэст 2016.05.25 болон 27-нд Гэрээ дуусгавар болгох тухай 3 хуудас бичигт гарын үсэг зурвал 337,471,786 төгрөгийг төлнө гээд С нотариат дээр ирж гарын үсэг зур гэж ня-бо Отгонжаргалаар хэлүүлсэн тул мөн л мөнгө авч байвал гарын үсэг зурах хамаагүй гэж бодоод мөн л зурж нотариатаар баталгаажуулж, нотариатын хөлс 100,000 төгрөгийг би төлсөн. С гарын үсэг зураагүйн улмаас надад дээрх гэрээг өгөөгүй байсаар 1 сар гаран болсон. Мөнгөө төлж баталгаажуулсан гэрээгээ авах хүсэлтээ мэдүүлж Т.Сгийн хувийн нотариат Оюунбилэгээс удаа дараа шаардаж, гомдлоо мэдүүлнэ гэсний дагуу төлбөрт өгсөн мөнгөө буцааж авснаас гэрээг баталгаажуулаагүй. Тухайн үед С миний эрх зүйн мэдлэг дутууг ашиглан 2016.05.25-нд Гэрээ дуусгавар болгох тухай гэсэн бичиг бэлдэн ирж, гарын үсэг зуруулсан ч гэрээндэх үүргээ биелүүлэхгүй, хэл сураг ч үгүй байсаар 2016 оны 11 сар хүрсэн. Энэ хугацаанд надад Хын зээлийг төлөхөд туслан мөнгө зээлүүлсэн А.Ганчимэг намайг СБД-ийн цагдаагийн 1 хэлтэст “О.Д нь Замын-Үүдэд буудал авсан зээлээ төлөх гэсэн гэж мөнгө залилж авсан гэсэн гомдол гаргасны дагуу мөрдөн байцаагчийн шаардлагаар Т.С 6 сарын дараа буюу 2016.11.04-ний өдөр ирж, 2016.05.25-ны өдөр үйлдэгдсэн хэлцэлд гарын үсэг зурж нотариатаар баталгаажуулсан. Гэвч бас л үүргээ гүйцэтгэлгүй 14 хоносны дараа өөрийн төлөөлөгч Цэдэн гэдэг хүнийг явуулан “Гэрээнд чамд өгөхөөр тусгасан 337,471,786 төгрөгөөс 100,0 сая төгрөгийг хасч тооцвол одоо үлдэгдэл мөнгийг чинь гаргаж өгөхөд бэлэн” гэж хэлүүлсэн. Би тухайн үед өөрийн эгч Дуламхандын байр, нөхрийн дүү Дарьсүрэнгийн байрууд зээлийн барьцаанд хураагдахаар болсон байсан тул яаж ч чадалгүй зөвшөөрч 100,0 сая төгрөг хасч 237,471,786 төгрөг буцаан авсан. 2016.05.25-нд Гэрээ дуусгавар болгох тухай хэлцэлд “худалдах худалдан авах гэрээний төлбөрт О.Д 600,0 сая төгрөг төлсөн бөгөөд С нь О.Дг компанитай холбоотой бүхий л өр төлбөр, одоо хийгдэж байгаа үйлчилгээнд төлсөн мөнгийг хасч, үлдэгдэл мөнгийг энэхүү тохиролцоонд гарын үсэг зурж, нотариатаар гэрчлүүлсний дараа шилжүүлснээр талуудын хооронд байгуулсан худалдах, худалдан гэрээ дуусгавар болно” гээд 2016.05.27-нд Гэрээ дуусгавар болгох хавсралтад “үүсээд байгаа 154,735,924 төгрөгөөс Т.Сд 92,420,713 төгрөгийн өр төлбөрийг шилжүүлэх, Т.С нь О.Дгийн өмнөөс ХААН банкинд төлсөн 150,0 сая төгрөг, нийт 262,528,213 төгрөгийг суутган, үлдэгдэл 337,471,786 төгрөгийг О.Дд шилжүүлэхээр боллоо” гэж тохиролцсон. Миний зүгээс өмгөөлөгчид хандан хууль зүйн зөвлөгөө авалгүй дээрхи үйлдлүүдийг хийсэн нь Стэй найзын ёсоор эхэлснээ найзын ёсоор дуусгаж эв эеийг эрхэмлэн эцсээ хүртэл эвлэрэх чин хүсэлтэй байсныг илэрхийлнэ гэж итгэж байсан явдал юм. Иймээс 2016.05.25-ны гэрээ дуусгавар болгох тухай баримт, 2016.05.27-ны өдрийн Гэрээ дуусгавар болгох хавсралт, 2017.01.25-ны Гэрээ дуусгавар болсон хэлцэл гэх тус тус хийгдсэн “Гэрээ дуусгавар болгох” тухай багц хэлцлээр Т.С надад өгөх ёстой мөнгөнөөс үндэслэлгүйгээр хасч тооцсон 100,0 сая төгрөгийг нэхэмжилж байна. Сгээс авах мөнгөнөөсөө сайн дураараа татгалзах ямар ч боломжгүй юм. Үнэхээр аргагүй байдалд орсныг маань ашиглан дарамталж гарын үсэг зуруулсан. 2016.05.27-нд хийсэн хэлцэлээр “Т.С нь О.Дгийн өмнөөс ХААН банкинд төлсөн 150,0 сая төгрөгийг суутган” надад өгөх мөнгөнөөс уг мөнгийг хасч тооцсон нь үндэслэлгүй байна. Учир нь би Хаан банкинд төлөх ямар 1 зээлийн өр төлбөрөө Т.Сгээр төлүүлж байгаагүй тул 150,0 сая төгрөгөө нэхэмжилж байна. Мөн 2016.05.27-нд хийсэн хэлцлээр “Үүсээд байгаа өр төлбөрөөс 92,420,713 төгрөгийг Т.С хариуцахаар тохирсон бөгөөд уг төлбөрийн 51,029,116 төгрөгийн ажилчдын цалингийн зээлийн өрийг миний төлсөн урьдчилгаа мөнгөнөөс суутган төлөхөөр тохирсон” юм. Гэтэл уг мөнгөнөөс Т.С нь 2019 он хүртэл 1 ч төгрөгийн төлбөр төлөөгүй бөгөөд зээл олгосон Капитал банк болон зээл авсан ажилчид нь надаас зээлийн төлбөрөө төлөхийг шаардсан тул би одоогийн байдлаар 22,323,981 төгрөг төлж барагдуулаад байна. Уг зээлийг тухайн үед миний хүсэлтээр ажилчид нэр дээрээ авсан бөгөөд уг мөнгийг бүгдийг нь буудлын үйл ажиллагаа ба нэмэлт тохижилтод зориулсан. Энэхүү 8 ажилчдын цалингийн зээлийн төлбөрөөс 2019 оны эхээр тогооч Ууганжаргал, ресепшн Энхцэцэг, Ганчимэг, туслах тогооч Анхбаяр нарын 4-ийг нь дуудан аргагүй байдалд оруулан өгөх мөнгөнөөс бараг талыг нь хасч зээлийг хаасан байсан. Үлдсэн Мөнхзул, Одонгэрэл, Наранчимэг, Батцэцэг нарын зээлийг огт төлөөгүйн улмаас үүссэн Капитал банкнаас нэхэмжилж буй 30,499,253 төгрөгийг С огт төлөөгүй, ажилчид надаас нэхэмжлээд би тодорхой хэсгийг төлснөө дээр дурдсан. Угаасаа энэ мөнгийг Т.С надаас 2016 оны Гэрээ дуусгавар болгох тухай хавсралтаар суутган аваад төлөөгүй тул Сгээс гаргуулж яаралтай төлж барагдуулахгүй бол зээлийн хүү ихдэж ажилчид Монгол банкинд найдваргүй зээлдэгчээр бүртгэн хохирч өрийн хэмжээ нэмэгдсээр, ажилчдыг банкны өр барагдуулах алба маш их дарамт шахалтад оруулж байна. Иймд ажилчдын төлөгдөөгүй зээл 52,823,234 төгрөгийг нэхэмжилнэ. Гэрээ дуусгавар болгох гэрээний үүргээ биелүүлэлгүй Т.Сгээс О.Дд төлөөгүйгээс үүссэн бодит хохирол болох Банкны зээлийн хүү 91,598,800 төгрөг, алданги 696,800 төгрөг, ХХБ-ны зээлийн хүү, алдангид төлсөн нийт  92,295,600 төгрөг, Өсөх Арвай ББСБ-д төлсөн зээлийн хүү 34,439,900 төгрөг, торгуулийн хүү 268,993 төгрөг, Өсөх Арвай ББСБ-д төлсөн зээлийн хүү торгуулийн хүүд төлсөн 34,708,893 төгрөг, Ориент Инвест ББСБ-д зээлийн хүүнд төлсөн 48,544,500 төгрөгийг нэхэмжилж байна. Иймд Т.Сгээс нийт 478,372,227 төгрөгийг гаргуулж өгнө үү.

 

Миний бие Х ХХК болон ХААН банкны хооронд 2014.03.21-ний өдөр байгуулагдсан ЗГ/482 тоот зэээлийн гэрээний төлбөрт төлсөн 384,588,345 төгрөгийг “Х” ХХК-иас гаргуулна. Уг ХААН банкинд төлсөн мөнгө нь “Х” ХХК-ийн авсан зээлийн төлбөрт тооцогдон , 82 тоот зээлийн гэрээ дуусгавар болсон. Уг Зээлийн гэрээний дагуу Банкны өмнө үүрэг хүлээгч нь Х ХХК бөгөөд Зээлийн гэрээний дагуу банкинд төлөх ёстой төлбөрийг төлж барагдуулах үүрэгтэй. Харин би банкны өмнө ямар 1 үүрэг гэрээгээр хүлээгээгүй бөгөөд Х ХХК-ийн өмнөөс хийсэн төлбөрийн хэмжээгээр Х ХХК нь үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэж байгаа тул 384,588,345 төгрөг, зээлийг төлөхийн тулд зээлж авсан мөнгөнүүдэд шүүхийн шийдвэрийн дагуу үүссэн бодит хохирол Эмдаблви кредит ББСБ-д зээлийн хүүнд төлсөн 8,621,649 төгрөг,  8,387,387 төгрөг, 7,898,169 төгрөг, 8,913,365 төгрөг, нийт 25,198,921 төгрөг болсон тул нийт 418,408,915 төгрөгийг Х ХХК-иас нэхэмжилж байна гэв.

 

Хариуцагчаас шүүхэд болон төлөөлөгч, өмгөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлага бодит үнэнд нийцэхгүй, үндэслэлгүй тул бүхэлд нь эс зөвшөөрч байна. Тодруулбал, О.Д шүүхэд бичгээр гаргасан нэмэгдүүлсэн “Гэрээг дуусгавар болгох тухай” хэлцлийг хүчин төгөлдөр бус, төөрөгдлийн үндсэн дээр үйлдсэн мэтээр тайлбарлаж байгаа боловч шүүх хуралдааны явцад уг гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардаж байгаа мэтээр тайлбарлаж байгаа нь уг нэмэгдүүлсэн шаардлага үндэслэлгүй, зөрчилтэй болохыг өөрөө илтгэж байна. 2016.11.04 өдөр нотариатаар гэрчлэгдсэн “Гэрээг дуусгавар болгох тухай” хэлцэл, хавсралт нь гэрээнд оролцогч талууд хүсэл зоригоо сайн дурын үндсэн дээр илэрхийлж, харилцан тохиролцсон нөхцлүүдийн баримт мөн. Уг хэлцлийг аль 1 тал нь эрх зүйн илүү мэдлэгтэй, нөгөө нь хууль зүйн хангалтгүй дутуу мэдлэгтэйн улмаас үйлдсэн гэж үзэх ямар ч боломжгүй. Хэлцлийг Монгол Улсын Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн болон Нотариатын тухай хуульд заасан журмаар үйл ажиллагаа явуулж буй нотариатчиар гэрээний үнэн зөвийг гэрчлүүлсэн, талуудад уг гэрээний эрх зүйн үр дагавар, ач холбогдлыг тухайн үед тайлбарласан болох нь тогтоогдоно. Нэхэмжлэгч нэмэгдүүлсэн шаардлагаа нотлох нотолгооны ач холбогдол бүхий ямар 1 баримтыг гаргаж өгөөгүй нь үндэслэлгүй болохыг илтгэнэ гэв.

 

Хариуцагчаас шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон төлөөлөгч, өмгөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д нь “Х” ХХК-ийн өмчлөлийн зочид буудал, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөд үндэслэн явуулсан үйл ажиллагааны их хэмжээний орлогыг нуун дарагдуулж, компанийн татвар, санхүүгийн тайланд тусгалгүй хувьдаа авч ашигласан үйлдэл нь Компанийн тухай хууль, Нягтлан бодох тухай хууль, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль, холбогдох бусад хууль тогтоомжид заасан шаардлагыг зөрчсөн, “Х” ХХК, хувьцаа эзэмшигч Т.Сгийн эрх ашгийг илт хохироосон үйл ажиллагаа болсон. Нэхэмжлэгч нь “Х” ХХК-ийн зочид буудал, үйлчилгээний зориулалттай хөрөнгүүдийг өөрийн эзэмшил, ашиглалтад бүрэн хүлээн авсан үедээ үйл ажиллагаанаас олсон орлогод үндэслэн “Х” ХХК-ийн ХААН банкнаас авсан зээлийн төлбөрийг төлж бодит бусаар тайлбарлаж, хувиасаа төлсөн мэтээр худал тайлбар гаргасан байгааг няцаах, харилцан шаардлага хангуулах, улмаар нэхэмжлэгчийн гаргасан үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай хамт тооцогдож шийдвэрлүүлэх нь хэргийн бодит байдлыг тогтоох, үйл баримтыг тал бүрээс гүйцэт, үнэн зөв тодорхойлоход ач холбогдолтой. Д  “Х” ХХК-ийн Хаан банкнаас авсан зээлийн аливаа төлбөрийг хариуцан төлөх үүргийг талуудын хоорондын тохиролцоо, бодит үйлдэл зэргээр бүрэн хүлээн зөвшөөрч, Т.Сгээс Хаан банкны зээлийн төлбөрт төлсөн мөнгөн хөрөнгийг суутгуулан төлж байсан бодит үйл баримтыг сөрөг нэхэмжлэлийн хүрээнд тогтоож, нэхэмжлэлийн шаардлагатай хамт тооцон шийдвэрлүүлэх үндэслэлтэй тул Дгийн “Х” ХХК-д учруулсан хохирол 781,837,514 төгрөгийг төлүүлж өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгчээс сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбар, өмгөөлөгч нараас шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би 2014.01.10-ны өдөр “Х” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Т.Стэй 2 зочид буудлыг худалдан авахаар тохирсон. Зочид буудал гэдэгт зочид буудлын барилга, үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл, хоолоор үйлчлэх, архи согтууруулах үйлчлэх тусгай зөвшөөрөл зэрэг бүгд багтана. Тус зочид буудлыг зээлээр худалдах, худалдан авахаар анх харилцан тохиролцож зочид буудлын үнэлгээ, зах зээлийн ханш өндөр, үүнтэй холбоотойгоор худалдагч буюу Т.С, “Х” ХХК нь их хэмжээний татвар төлөх нөхцөл байдал үүсэх, “Х” ХХК-ийн үйл ажиллагааны үндсэн бөгөөд цорын ганц чиглэл нь дээрх 2 зочид буудлыг ажиллуулах зэргийг харгалзан үзэж, зочид буудлуудыг бус компанийг бүхэлд нь харилцан тохиролцсон үнээр буюу нийт 1,8 тэрбум төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон. Тус гэрээг хэрэгжүүлэхээр хамтран ажиллах хугацаанд буюу 2014.01.10-ны өдрөөс 2016.05.19-ний өдрийг хүртэлх хугацаанд би тус компанийн үйл ажиллагааг удирдан ажиллуулсан нь үнэн. Хариуцагч 781,837,514 төгрөгийг төлүүлэхээр шаардсан ч нэхэмжлэлийн шаардлага нь ямар баримтаар нотлогдож байгаа талаар дурдаагүй, нэхэмжпэх үндэслэл байгаа эсэх нь тодорхойгүй байна. Би компанийн үйл ажиллагааг хариуцан ажиллаж байхдаа дээрх хэмжээний хөрөнгө орлогыг нуун дарагдуулсан, хувьдаа завшсан ямар ч үйлдэл хийгээгүй бөгөөд дээрх асуудлыг “Х” ХХК-ийн гомдлын дагуу шалгаж, хэргийг хаасан. “Х” ХХК нэхэмжлэлийн шаардлагаа Мандах мотиваци аудитын тайлангаар нотлогддог гэх боловч тус тайланд болон тус тайланг гаргахад орлого нотолсон санхүүзгийн баримт 1 ширхэг ч тусгагдаагүй. Хэрэг бүртгэлтийн шатанд тус тайланг гаргасан “Мандах мотиваци аудит” ХХК-ийн захирал Галмандахыг гэрчээр асуухад “дутуу тусгасан зардлаа орлогын эх үүсвэрээр санхүүжүүлсэн байх ёстой, тус компанийн өөрийнх нь олсон орлогоос санхүүжүүлсэн байж болзошгүй, зардал санхүүжүүлсэн баримтуудын эх үүсвэр тодорхойгүй тул энэхүү санхүүжилтийг аж ахуйн үйл ажиллагаанаас олсон 781.8 сая төгрөгөөр санхүүжүүлсэн байж болзошгүй гэж дүгнэсэн. Хууль тогтоомж зөрчиж хөрөнгө оруулсан үйлдэл тухайн аудитын шинжилгээ хийхэд тогтоогдоогүй, ашгийг тооцоолоогүй, манай дүгнэлтээр компанид хохирол учруулсан үйлдэл биш” гэх мэдүүлгийг өгсөн. Өөрөөр хэлбэл ямар ч орлого нотолсон санхүүгийн баримтгүйгээр, өөрийн хувь хүний таамгийг үндэслэл болгон дүгнэлт гаргасан болохоо хүлээн зөвшөөрсөн ба тус дүгнэлтийг үндэслэн хэрэг бүртгэлтийн хэрэг хаагдсан. Талууд харилцан тохиролцож 2016.05.25-ны өдөр Т.Сгээс эх загварыг бэлдэж, 2016.11.04-ний өдөр баталгаажуулсан “Гэрээ дуусгавар болгох тухай” гэрээнд тус дүгнэлтэд тусгагдсан асуудлыг бүхэлд нь хамруулж, дурдсан болох гэрээний хавсралтад тусгагдсан аудитын зардлыг оруулж тооцсон гэх бичвэр, байгууллагын татварын өглөг, ашиглалт үйл ажиллагааны зардлын өглөг, цалингийн зээлийн өглөг, бараа материалын өглөг зэргийг нарийвчлан тооцож гаргасан зэргээр тогтоогдож байна.  Иймд “Х” ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар үндсэн болон сөрөг нэхэмжлэл, зохигчийн тайлбар, гэрчүүдийн мэдүүлэг, хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

О.Д нь “Х” ХХК болон Т.С нарт холбогдуулан үндэслэлгүй хөрөнгөжсөн 384,588,345 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “Х” ХХК-иас 418,408,915 төгрөг, Т.Сгээс 478,372,227 төгрөг гаргуулахаар шаардлагаа нэмэгдүүлжээ.

 

Хариуцагч “Х” ХХК нь  нэхэмжлэлийг эс зөвшөөрч Гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа компанид хохирол учруулсан гэж сөрөг нэхэмжлэл гарган маргав.

 

Нэхэмжлэгч тал шаардлагын үндэслэлээ 2016.05.19-нд зочид буудал хариуцан ажиллаж байсан О.Дуламжавыг оруулахгүй, зочид буудлыг хүчээр булаан авч ажилчдыг хөөн гаргасан, мөнгөө авахын тулд гэрээг дуусгавар болгосон хэлцэлд гарын үсэг зурсан, хэлцэл хууль зөрчсөнийг сүүлд мэдсэн, зочид буудал худалдах, худалдан авах, компанийн эрх шилжүүлэх гэрээнээс болж хохирсон гэж тайлбарлав.

 

Хариуцагч нь гэрээг нэхэмжлэгчийн санаачилгаар цуцалж, талууд дуусгавар болгосон, үр дагавартай холбоотой асуудлыг эцэслэн шийдвэрлэсэн гэж маргалаа.

 

Иргэний хуулийн 39 дүгээр зүйлд иргэний эрх, үүргийг үүсгэх, өөрчлөх, шилжүүлэх, дуусгавар болгох зорилгоор хүсэл зоригоо илэрхийлсэн иргэн, хуулийн этгээдийн үйлдэл /эс үйлдэхүй/-г хэлцэл гэж, 40 дүгээр зүйлийн 40.1-д хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал хүлээн авснаар хүчин төгөлдөр болно гэжээ.

 

Х” ХХК нь тохиролцсон үнээс илүү ашиг харж бусдад худалдахгүй, обьектыг бүрэн бүтэн хүлээлгэн өгөх, “Ач-икон” ХХК нь тохиролцсон үнийг буулгахгүй тул авах хүсэлтээсээ буцаахгүйгээр зочид буудлыг хүлээн авч үйл ажиллагааг эхлүүлэхээр 2014 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Батламж бичиг үйлдэн, талууд хүсэл зоригоо илэрхийлснээр хүчин төгөлдөр болжээ.

 

Улмаар 2014 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Дорноговь аймаг, Замын-Үүд сумын 1 багт байрлах зочид буудлын зориулалттай, 1460м2 талбайтай, 4 давхар, 20 өрөөтэй, Х-2 үл хөдлөх эд хөрөнгийг 1,800,000,000 төгрөгөөр худалдахаар тохирч, гэрээ байгуулан, урьдчилгаанд 250,000,000 төгрөгийг О.Дгээс Т.С нь хүлээн авч гарын үсгээр баталгаажуулсан байна.

 

Х” ХХК нь 2014 оны 3 дугаар сарын 05-ны өдөр “Ач-икон” ХХК-д мөн хаягт байрлах, Х-1 зочид буудлын зориулалттай, 1078 м2, 3 давхар, 16 өрөөтэй үл хөдлөх эд хөрөнгийг 1,000,000,000 төгрөгөөр худалдах, худалдан авагч нь урьдчилгаа төлбөрт 94,000,000 төгрөг төлж, үлдэгдэл төлбөрийг банкны зээлээр 2014 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн дотор төлөхөөр тохиролцон “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ”-г байгуулж, Гүйцэтгэх захирал Т.С, О.Д нар гарын үсэг зурж, мөн өдрөө нотариатаар батлуулжээ.

 

Талуудын хооронд байгуулагдсан гэрээ нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д “гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй” байх зарчимд нийцсэн, талууд хүсэл зоригоо илэрхийлэн, гэрээнд гарын үсэг зурж, гэрээ хүчин төгөлдөр болжээ.

 

Дээрх гэрээнүүдийн дагуу худалдагч “Х” ХХК нь газар эзэмших эрх болон үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг хугацаанаас өмнө “Ач-икон” ХХК-ийн нэр дээр шилжүүлэх үүрэг хүлээжээ.

 

Х” ХХК-ийг үүсгэн байгуулагч Т.С нь компанийн эрх шилжүүлэх гэрээг 2014 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр байгуулж, “Х” ХХК-ийн захирлаар томилогдсон эрх хүлээн авагч О.Дд компанийн эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус эрх, үүргийг бүрмөсөн шилжүүлжээ.

 

Х” ХХК-ийн захирал Т.С, “Ач-икон” ХХК-ийн О.Д нар Х-1, Х-2 зочид буудлыг худалдах, худалдан авахаар 2014 оны 3 дугаар сарын 05-ны өдөр байгуулагдсан гэрээг дуусгавар болгох, гэрээ дуусгавар болсноор талуудын хооронд үүссэн төлбөр тооцоо дуусгавар болгохоор  тохиролцжээ.

 

Ийнхүү тохиролцсоноор 2016 оны 5 дугаар сарын 27-ны өдөр дээрх гэрээний хавсралтыг үйлдэн, үүсээд байгаа 154,735,924 төгрөгөөс Т.Сд 92,420,713 төгрөгийн өрийг шилжүүлэх, бусад байгууллага, хүмүүсийн нэр дээр үүсгэсэн 62,315,210 төгрөгийг О.Д барагдуулах, Т.С нь О.Дгийн өмнөөс ХААН банкинд төлсөн 150,000,000 төгрөг, засвар үйлчилгээний зардалд 3,107,500 төгрөг, гадна фасадны засварын 10,000,000 төгрөг, аудитын 7,000,000 төгрөг, нийт 262,528,213 төгрөгийг урьдчилгаанд төлсөн төлбөрөөс суутган, үлдэгдэл 337,471,786 төгрөгийг О.Дд шилжүүлэхээр болжээ.

 

Дээрх гэрээний хувьд нэхэмжлэгч хүчин төгөлдөр эсэхэд маргаагүй тул О.Дг гэрээг цуцалсан гэж Т.С нь 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр дээрх 337,471,786 төгрөгөөс 20,000,000 төгрөг, 2014 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн “Батламж бичиг”-ээр тохиролцсон гэрээг цуцалсны 10 хувийн торгууль 100,000,000 төгрөгийг хасч, үлдэх 217,471,786 төгрөгийг О.Дд төлснөөр  тооцоог дуусгасан байна.

 

“Ач-икон” ХХК-ийн Захирлын 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 10/31-1 тоот тушаалаар О.Дг Гүйцэтгэх захирлын үүрэгт ажлаас чөлөөлсөн байна.

Нэхэмжлэгч нь “Ач-икон” ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа дээрх гэрээ, хэлцлүүдийг байгуулж, гэрээг дуусгавар болгосон байх тул гэрээний улмаас бусдад зээлийн хүү төлснийгээ хохирлоор шаардах эрхгүй гэж үзэхээр ба төлбөр тооцоог хйиж дуусгасан гэрээний хувьд маргаагүй атлаа тухайн үед урьдчилгаа төлбөрөөс суутгасан 100,000,000 төгрөг болон 150,000,000 төгрөгийг хасч тооцоогүй бол хохирол учрахгүй байсан талаархи тайлбар үндэслэлгүй байна.

 

Түүнчлэн нэхэмжлэгч шаардлагаа үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж тайлбарласан атлаа гэрээнээс учирсан хохирлыг шаардаж байгаа нь үндэслэлгүй байна.

 

Нэхэмжлэгч банкнаас зээл хүссэн боловч шаардлага хангаагүйн татгалзсаны улмаас худалдах, худалдан авах гэрээг хэрэгжүүлэхийн тулд “Х” ХХК-ийн захирал Т.С нь 2014.03.21-ний өдөр ЗГ/482 дугаар Зээлийн гэрээг “Хаан банк” ХХК-байгуулж, 1,200,000,000 төгрөгийн зээл авч, зээлийн эргэн төлөлтийг О.Д төлж байхаар тохиролцсон нь хэргийн үйл баримтаар тогтоогдлоо.

 

Талуудын тохиролцооны дагуу нэхэмжлэгч нь 2014.03.21-ний өдрөөс 2015.04.29-ны өдөр хүртэл “Х” ХХК-ийн үндсэн зээлд 69,863,370 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 276,336,432 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 84,854 төгрөг буюу 346,284,656 төгрөгийг, 2015.04.29-ны өдрийн ЗГ/482-1 тоот Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээний дагуу 2015.04.30-ны өдрөөс 2015.09.07-ны өдөр хүртэл хугацаанд үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 38,303,689 төгрөг буюу нийт 384,588,345 төгрөгийг “Хаан банк” ХХК-д төлжээ.

 

Хариуцагч тал энэхүү төлөлтийг “Х” ХХК-ийн орлогоос төлсөн талаар маргаж байгаа нь үндэслэлгүй гэж үзэхээр байна. Учир нь “Х” ХХК-ийн эрх шилжүүлэх гэрээний дагуу О.Д нь захирлаар ажиллаж, “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ”-г хэрэгжүүлэхээр тухайн зочид буудлуудыг ажиллуулснаар үр шимийг хүртэх эрхтэй юм.

 

Харин хариуцагч нь тухайн хугацаанд “Х” ХХК-ийн зээлийг хүүгийн хамт захирал Т.С төлж байсан талаар маргахгүй байгаагаар үгүйсгэгдэж байна. Өөрөөр хэлбэл дээрх үйл баримтыг нэгтгэхэд захирал Т.СХ” ХХК-ийн нэрээр зээл авч, компанийн эрхийг шилжүүлснээр О.Дг захирлаар томилж, О.Д нь “Х” ХХК-ийн банкны өмнө гэрээгээр хүлээсэн зээлийг хүүгийн хамт төлөх үүргийг гүйцэтгэж байснаар тухайн зээлийг “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ”-ний үнийн дүнд оролцуулан тохиролцсон гэж үзэх юм.

 

Харин талууд 2016 оны 5 дугаар сарын 25-ны өдөр гэрээг дуусгавар болгохдоо О.Дгийн худалдан авах төлбөрт тооцон, “Х” ХХК-ийн ХААН банкинд зээлийг хүүгийн хамт буцаан төлсөн талаархи үйл баримтыг дүгнээгүй, “Ач-икон” ХХК-ийн Гүйцэтгэх захирлын үүрэгт ажлаас О.Д нь чөлөөлөгдсөн, нэгэнт гэрээ дуусгавар болсон тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар шаардах эрхтэй байна.

 

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүссэн үүрэг нь хожим дуусгавар болсон тохиолдолд бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө буцаан шаардах эрхтэй гэжээ.

 

Иймд дээрх үндэслэлүүдээр “Х” ХХК-иас 384,588,345 төгрөгийг гаргуулан, О.Дд олгож, нэхэмжлэгчийн Т.Сгээс 478,372,227 төгрөг, “Х” ХХК-иас 33,820,570 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэлээ.

 

Хэрэгт авагдсан Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын Прокурорын газрын 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн Б/112 дугаар тогтоолоор “Х” ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан О.Д нар нь компанийн хөрөнгөөс 750 орчим сая төгрөгийг хувьдаа завшсан гэх гомдлоор үүссэн хэрэг бүртгэлтийг хэргийг хаасан байх бөгөөд хариуцагчийн төлөөлөгч нь энэхүү тогтоолыг гардан аваагүй, гардсанаас хойш 7 хоногийн дотор гомдлоо гаргах эрхтэй гэж тайлбарлав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8-д уг нэхэмжлэлтэй холбоотой хэргийг эрүүгийн журмаар шалгаж байгаа бол нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзахаар зохицуулжээ.

 

Тухайн тохиолдолд хариуцагчаас шүүхэд гаргасан Дгээс “Х” ХХК-д Гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа их хэмжээний орлогыг нуун дарагдуулж, компанийн татвар, санхүүгийн тайланд тусгалгүй хувьдаа авч ашигласнаас учруулсан хохирол 781,837,514 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой хэргийг  эрүүгийн журмаар шалгаж эцэслэн шийдвэрлэгдээгүй гэж үзэхээр байх тул дээрх хуулийн зохицуулалтад нийцүүлэх нь зүйтэй гэж үзэв.

 

Шүүхээс нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамж төлөх хугацааг шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаагаар хойшлуулсан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.4-т зааснаар нэхэмжлэгчээс хураамжид 4,641,856 төгрөг гаргуулан орлогод оруулж, 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар хариуцагчаас хураамжид 2,080,892 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олголоо.

 

Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар хариуцагч “Х” ХХК-иас тэмдэгтийн хураамжид төлсөн 4,067,138 төгрөгийг орлогоос гаргуулж буцаан олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1, 115 дугаар зүйлийн 115.2, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 496 дугаар зүйлийн 496.1 дэх хэсэгт заасныг баримтлан “Х” ХХК-иас 384,588,345 /гурван зуун наян дөрвөн сая таван зуун наян найман мянга гурван зуун дөчин тав/ төгрөгийг гаргуулан, О.Дд олгож, Т.Сгээс 478,372,227 төгрөг, “Х” ХХК-иас 33,820,570 төгрөг гаргуулах тухай О.Дгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8-д зааснаар компанид учруулсан хохиролд 781,837,514 төгрөг гаргуулах тухай “Х” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсугай.

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн тухай 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.4-т зааснаар нэхэмжлэгчээс хураамжид 4,641,856 төгрөг гаргуулан орлогод оруулж, 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар хариуцагчаас хураамжид 2,080,892 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар хариуцагч “Х” ХХК-иас хураамжид төлсөн 4,067,138 төгрөгийг орлогоос гаргуулж, буцаан олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              Ж.ЭРДЭНЭЧИМЭГ