Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 628

 

 

 

 

 

 

 

 

 

Н.Ц-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Отгонцэцэг, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 181/ШШ2019/02113 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Н.Ц-ын хариуцагч “А-” ТӨААТҮГ-т холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох иргэний хэргийг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Ж-, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Э нар оролцов.

 

Нэхэмжлэгч Н.Ц- шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжин шүүх хуралдаанд өмгөөлөгчийн хамт оролцож гаргасан тайлбартаа: Миний бие анх А-ийн Увс аймгийн салбарт 2009-2010 онд тээвэр зохицуулагчаар, 2010-2013 онд тээвэр бүртгэлийн мэргэжилтэн, 2013-2016 онд Увс аймгийн Авто тээврийн салбарын даргаар, 2016 оны 12 дугаар сараас одоог хүртэл тээвэр бүртгэлийн мэргэжилтнээр ажиллаж байгаа. Ажиллах хугацаанд Зам тээврийн яам, Авто тээврийн үндэсний төвийн дотоод аудит, Увс аймгийн аудитын байгууллагаас удаа дараа тогтмол шалгалтанд хамруулж, шалгалтаар ямар нэг алдаа зөрчил дутагдалгүй ажиллаж, сахилгын шийтгэл хүлээж байгаагүй. 2019 оны 06 дугаар сарын 24, 25-ны өдрүүдэд Дотоод аудитаас шалгалт ирж, 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн дотор “нийтдээ 1114 тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөн хийж, номер дугаар олгосон материалаас 28 материалд алдаа байна” гэсэн жагсаалт гаргаж, арилгах шаардлагатай гэж дүнгээ танилцуулж гарын үсэг зуруулсан. Тухайн үед гарын үсэг зурахдаа 28 зөрчлийг хүлээн зөвшөөрч гарын үсэг зураагүй, шалгуулсан гэдэг дээр мөн алдаа дутагдлыг арилгаж болно гэсний үндсэн дээр гарын үсэг зурсан. Гэтэл Авто тээврийн үндэсний төвийн даргын 2019 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн ажлаас халах сахилгын шийтгэл оногдуулах тухай Б315 дугаартай тушаалаар ажлаас халахаар шийдвэрлэснийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Тушаалыг хүчингүй болгож, Н.Ц-ыг Увс аймгийн А-ийн тээвэр бүртгэлийн мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “АТҮТ” ТӨҮГ-ын гүйцэтгэх захирлын 2019 оны 7 дугаар сарын 16 өдрийн Б/315 тоот тушаалаар нэхэмжлэгчийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Нэхэмжлэгч нь Жолоочийн даатгалын тухай хууль, Зөрчлийн тухай хууль зэрэг хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуулиудыг удаа дараа, ноцтой зөрчсөн бөгөөд түүнтэй байгуулсан Хөдөлмөрийн гэрээнд заасан 4.3.1,4.3.22-т заасан нөхцөл байдал бий болсон байх тул хөдөлмөрийн гэрээг Хөдөлмөрийн тухай хуулийн 38 зүйлийн 38.1.2-т заасныг журамлаж 40 зүйлийн 40.1.4-т заасан үндэслэлээр цуцалж ажлаас чөлөөлөх нь хууль зүйн үндэслэлтэй байна. Зөрчил гаргаснаа хүлээн зөвшөөрч байна. Иймд нэхэмжлэл үндэслэлгүй байна гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан, нэхэмжлэгч Н.Ц-ыг Увс аймгийн Автотээврийн төвийн тоо бүртгэлийн мэргэжилтэн ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1.-д заасныг баримтлан, нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн ба хариуцагчаас хариуцан төлөх улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөг гаргуулан улсын төсөвт оруулж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Нэхэмжлэгч Н.Ц- нь тус үйлдвэрийн газрын Увс аймаг дахь Автотээврийн төвд бүртгэлийн мэргэжилтэнээр ажилладаг байсан бөгөөд тус үйлдвэрийн газрын дотоод хяналт шалгалтаар удаа дараа Тээврийн хэрэгсэлийн бүртгэлийн дүрэм журам зөрчиж бүртгэл хийсэн зөрчил гаргасан нь тогтоогдсон бөгөөд уг гаргасан зөрчилөө хүлээн зөвшөөрч өөрөө гарын үсэг зурсан / энэхүү баримт хэрэгт хавсаргасан/ байдаг. Хөдөлмөрийн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 “..., эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан” гэж заасан байдаг бөгөөд Н.Ц- хөдөлмөрийн гэрээний 4.3. Сахилгын ноцтой зөрчил гаргасан, хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан тохиолдолд хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар шууд цуцлах ба дараахь зөрчлүүдийг "Ноцтой зөрчил"-д тооцно. Үүнд, Байгууллагын дотоод журмын заалт, хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн, сахилгын зөрчил давтан гаргасан, хууль тогтоомж, дүрэм, журамд харш үйл ажиллагаа явуулсан; Тээврийн хэрэгслийн бүртгэлийн дүрэм, журмыг зөрчиж бүртгэл хийсэн гэж заасан хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан. Мөн тус үйлдвэрийн газрын хөдөлмөрийн дотоод журмын 3.18.1, 3.18.8, 5.1.3, 11.6.1, 116.4, 11.6.6, 116.11, 11.6.19, 11.6.19, 11.6.21, 11.6,22, 11.6.23 дахь заалтуудыг зөрчсөн байдаг. Мөн 1996 оны 5 дугаар сарын 27-ны өдөр батлагдсан Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 20 дугаар зүйлд захирлын эд хөрөнгийн эрх, үүргийн талаарх зохицуулалт байдаг байтал байдгүй гэж дүгнэсэн нь шүүгчийн хувьд хуулийг хэрэглэж сураагүй хууль мэдэхгүй байж хууль хэрэгжүүлэх үйл явцад оролцож байна. Шүүгч нь талууд “Автотээврийн үндэний төв" ТӨҮГ-ийн Захирал Б.Гүрсоронзон мөн эсэх тал дээр талууд маргаагүй байхад өөрийн санаачлагаар татан авч дүгнэсэн. Мөн тус үйлдвэрийн газрын дотоод хяналт шалгалтын дүгнэлттэй талууд маргаагүй байхад өөрийн санаачлагаар татан авч дүгнэсэн үйлдлүүд нь хэт нэг талыг барьсан нотлох баримтыг бодитоор үнэлээгүйг илэрхийлж байна. Хэрэв энэ тал дээр нэхэмжлэгч тал дээрхитэй маргасан бол холбогдох баримтыг гаргах бүрэн боломжтой. Хэргийг зөвхөн нэхэмжлэлийн хүрээнд авч хэлцэх ёстой. Мөн шүүгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйл заалтыг баримталж шийдвэрлэсэн нь хууль хэрэглээний хувьд буруу хэрэглэсэн нэхэмжлэгч болон хариуцагч нар сахилгын шийтгэл буруу ногдуулсан тухай маргаж байхад ажил олгогчийн санаачилгаар ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн гэж ойлгож буруу шийдвэрлэсэн. Н.Ц-ыг сахилгын ноцтой зөрчилд буруутгах үндэслэл тогтоогдохгүй захирлын тушаал хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байгаа нь хэт нэг талыг бариж байна учир нь нэхэмжлэгчийн эхнэр Увс аймгийн шүүгч гэгддэг бөгөөд хангалттай нотлох баримт байсаар байтал нөлөөнд автаж шийдвэрлэсэн байж болзошгүй байна. Энэ бүгдээс үзвэл "А-" ТӨҮГ-ын захирлын 2019 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 6/315 дугаар тушаал хууль зүйн үндэслэлтэй байгаа болно. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, зохигчдын хоорондын маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

            Нэхэмжлэгч Н.Ц- нь хариуцагч “А-” ТӨААТҮГ-т холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгохоор шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч, нэхэмжлэгч хууль журам зөрчин сахилгын ноцтой зөрчил гаргасан болох нь шалгалтаар тогтоогдсон тул ажлаас чөлөөлсөн тушаал хууль зүйн үндэслэлтэй гэж маргажээ.

 

            Нэхэмжлэгч Н.Ц- нь нь 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хариуцагч байгууллагатай хөдөлмөрийн гэрээ байгуулан тоо бүртгэлийн мэргэжилтнээр ажиллаж байгаад 2019 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн Б/315 дугаартай ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалаар Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.4, 20.1.10., Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2016 оны 55 дугаар тогтоолоор батлагдсан Авто тээврийн үндэсний төв төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын дүрмийн 6.10.7, 6.12 дахь заалт, Зам, тээврийн хөгжлийн сайдын 2018 оны 192 дугаар тушаалаар батлагдсан Автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох журам үйлдвэрийн газрын Хөдөлмөрийн дотоод журмын 3.18.1, 3.18.8, 5.1.3, 11.6.1, 11.6.4, 11.6.6, 11.6.11, 11.6.19, 11.6.21, 11.6.22, 11.6.23 дахь заалт, Хөдөлмөрийн гэрээний 4.3.1, 4.3.22 дахь заалтыг тус тус үндэслэн түүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ. /хэргийн 8, 10-12 дугаар тал/

 

Тодруулбал, Автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох журмыг зөрчиж удаа дараа бүрдүүлбэр дутуу баримт бичгээр бүртгэл хийснийг үүрэгт ажилдаа хайнга хандсан сахилгын ноцтой зөрчил гаргасан гэж үзэж 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн Увс аймгийн А-ийн тээврийн хэрэгслийн бүртгэлийн өдөр тутмын ажилд хийсэн шалгалтаар тогтоогдсон гэх үндэслэлээр нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг хариуцагч цуцласан байна.

 

            Хэргийн 65-66 дугаар талд авагдсан Увс аймгийн Автотээврийн төвийн тээврийн хэрэгслийн бүртгэлийн өдөр тутмын ажилд хийсэн шалгалт Улаангом 2019 он 6 дугаар сарын 25-ны өдрөөр огноологдсон, танилцсан ажлын хэсгийн дарга, шалгасан ТХБХ-ийн мэргэжилтэн, шалгуулсан Увс аймгийн Автотээврийн төвийн бүртгэлийн мэргэжилтэн гэсэн 3 хүний нэр гарын үсгийн бичвэр бүхий баримтад, А-, тээврийн хэрэгслийн бүртгэлийн мэргэжилтэн Т.Очирдариас би 2019 он 6 дугаар сарын 24-ний өдрөөс 2019 он 6 дугаар сарын 25-ны өдрүүдэд тус аймгийн Тээврийн хэрэгслийн бүртгэлийн мэргэжилтэн Н.Ц-ын 2019 оны 5 дугаар сараас 2019 оны 6 дугаар сарын тээврийн хэрэгслийн өмчлөгчийн шилжилт хөдөлгөөн хийсэн баримт бичгүүдийг нягтлан шалгаад 28 ширхэг улсын дугаартай тээврийн хэрэгслүүдийн бүртгэлийг хийхдээ гаргасан алдаа дутагдлуудыг бичиж, зөрчлийг арилгуулах шаардлагатай талаар дурьдсан байна.

 

            Уг баримтаар тухайн өдөр нэхэмжлэгчийг “ноцтой зөрчил гаргасан” гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. Учир нь дээрх тэмдэглэлд дурьдсан тээврийн хэрэгслүүдийг нэхэмжлэгч бүртгэсэн болон гаргасан алдаа зөрчилтэй холбоотой баримт хэрэг авагдаагүй байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т “ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан” гэх ажил олгогч өөрийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл бүрдсэн гэж үзэхгүй. Мөн хариуцагч нэхэмжлэгчийг ажлаас халах тушаалын үндэслэлээ ноцтой зөрчил гаргасан гэж тодорхой бичсэн байх ба давтан зөрчил гаргасан гэх үндэслэл заагаагүй байна. Ажил олгогч нь ажилтныг ноцтой зөрчил гаргасан гэж үзэхийн тулд хөдөлмөрийн гэрээ болон дотоод журамд уг ноцтой зөрчлийг тодорхойлох ёстой.

 

            Талуудын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээний 4.3.1-т “Байгууллагын дотоод журмын заалт, хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн, сахилгын зөрчил давтан гаргасан, хууль тогтоомж, дүрэм, журамд харш үйл ажиллагаа явуулсан” гэж, мөн 4.3.22-т Тээврийн хэрэгслийн бүртгэлийн дүрэм, журмыг зөрчиж бүртгэл хийсэн” бол тус тус ноцтой зөрчилд тооцохоор зохицуулсан байна. Уг дотоод журмыг ажилтанд танилцуулсан баримт байхгүй, хөдөлмөрийн гэрээнд дотоод журмыг ишилсэн байх ба дотоод журмын заалт ноцтой зөрчил гэдгийг тодорхой заагаагүй байх бөгөөд “сахилгын зөрчил” гэсэн агуулгаар тусгасан байна. Өөрөөр хэлбэл, хөдөлмөрийн гэрээнд ноцтой зөрчлийг тухайлан тодорхойлоогүй байна. Мөн нэхэмжлэгчийн гаргаж байгаа зөрчлийг хөдөлмөрийн ноцтой зөрчилд хамаарах талаар байгууллагын дотоод журамд хэрхэн тодорхойлсон болохыг түүнд танилцуулаагүй байна.

 

            Хариуцагч байгууллагын Хөдөлмөрийн дотоод журмын 11.8-д “Сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлийг заавал шалган тогтооно, энэ тухай баримт үндэслэлийг зөрчил гаргасан ажилтнаар баталгаажуулж авна. Зөрчил гаргасан ажилтан уг баримт материалтай танилцаад тайлбар гаргах эрхтэй” гэж заасан байх бөгөөд үүний дагуу шалгаж, зөрчил гаргасан ажилтнаар баталгаажуулах, зөрчил гаргасан ажилтан уг баримт материалтай танилцаад тайлбар гаргах ажиллагаа хийгдсэн эсэх талаар хэрэгт баримтгүй байна.

 

            Хөдөлмөрийн дотоод журмын 11.6.28-д “сахилгын шийтгэл оногдуулах тухай санал тайлбар мэдээллийнхээ үндэслэлийг гаргах”-аар зохицуулсны дагуу нэхэмжлэгчийг шалгасан 2 ажилтан саналынхаа үндэслэлийг нотлоогүй гэж анхан шатны шүүх дүгнэснийг буруутгах үндэслэлгүй.

 

Дээрх нөхцөл байдлыг дүгнэж үзвэл, нэхэмжлэгч Н.Ц-ын ноцтой зөрчил болох гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй нь хөдөлмөрийн гэрээнд нэрлэн заасан зөрчлүүдийн аль зөрчил болох, хэзээ үйлдсэн ямар бүртгэл нь Автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох журмыг зөрчиж удаа дараа бүрдүүлбэр дутуу баримт бичгээр бүртгэл хийсэн нь үүрэгт ажилдаа хайнга хандсан сахилгын хариуцлага хүлээх зөрчил болох нь тодорхойгүй, жагсааж бичсэн тэмдэглэл нь ажилтны гэм бурууг бүрэн нотлоогүй, ажилтны гэм бурууг шалган тогтоосон ажиллагаа байхгүй байна.

 

            Шүүх Н.Ц-ыг эрхэлж байсан ажил, албан тушаалаас нь чөлөөлсөн тушаал хуульд нийцээгүй, үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн үндсэн шаардлага болох Н.Ц-ыг Увс аймгийн Автотээврийн төвийн тоо бүртгэлийн мэргэжилтэн ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох тухай шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.

 

            Мөн хариуцагч байгууллага нь нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны сар тутмын шимтгэл төлсөн тухай нөхөн бичилтийг хийх үүрэгтэй талаар хийсэн дүгнэлт Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дах хэсэгт заасанд нийцжээ.

 

            Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 181/ШШ2019/02113 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                        ЕРӨНХИЙ, ШҮҮГЧ                                Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                                       ШҮҮГЧИД                                 А.ОТГОНЦЭЦЭГ

                   

                                                                                                        С.ЭНХТӨР