Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 001/ХТ2021/00444

 

 

 

 

 

 

 

 

 

 

2021 05 13 001/ХТ2021/00444

 

 

 

Н.Цогт-Очирын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Х.Эрдэнэсувд даргалж, шүүгч П.Золзаяа, Б.Мөнхтуяа, Б.Ундрах, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 181/ШШ2019/02113 дугаар шийдвэр,

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 628 дугаар магадлалтай,

 

Н.Цогт-Очирын нэхэмжлэлтэй,

Хариуцагч Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ-т холбогдох

 

Ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Энхбатын хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Б.Мөнхтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Жавзмаа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Энхбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Амарбаясгалан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Н.Цогт-Очир шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие анх Авто тээврийн төвийн Увс аймгийн салбарт 2009-2010 онд тээвэр зохицуулагчаар, 2010-2013 онд тээвэр, бүртгэлийн мэргэжилтэн, 2013-2016 онд Увс аймгийн Авто тээврийн салбарын даргаар, 2016 оны 12 дугаар сараас одоог хүртэл тээвэр, бүртгэлийн мэргэжилтнээр ажиллаж байгаа. Ажиллах хугацаанд Зам тээврийн яам, Авто тээврийн үндэсний төвийн дотоод аудит, Увс аймгийн аудитын байгууллагаас удаа дараа тогтмол шалгалтанд хамруулж, шалгалтаар ямар нэг алдаа зөрчил дутагдалгүй ажиллаж, сахилгын шийтгэл хүлээж байгаагүй. 2019.06.24, 25-ны өдрүүдэд Дотоод аудитаас шалгалт ирж, 2019.05.01-ний өдрөөс 2019.06.25-ны өдрийн дотор нийтдээ 1114 тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөн хийж, номер дугаар олгосон материалаас 28 материалд алдаа байна гэсэн жагсаалт гаргаж, арилгах шаардлагатай гэж дүнгээ танилцуулж гарын үсэг зуруулсан. Тухайн үед гарын үсэг зурахдаа 28 зөрчлийг хүлээн зөвшөөрч гарын үсэг зураагүй, шалгуулсан гэдэг дээр мөн алдаа дутагдлыг арилгаж болно гэсний үндсэн дээр гарын үсэг зурсан. Гэтэл Авто тээврийн үндэсний төвийн даргын 2019.07.16-ны өдрийн ажлаас халах сахилгын шийтгэл оногдуулах тухай Б/315 дугаартай тушаалаар ажлаас халахаар шийдвэрлэснийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Тушаалыг хүчингүй болгож, Н.Цогт-Очирыг Увс аймгийн Автотээврийн төвийн тээвэр, бүртгэлийн мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ-ын гүйцэтгэх захирлын 2019.07.16-ны өдрийн Б/315 тоот тушаалаар нэхэмжлэгчийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Нэхэмжлэгч нь Жолоочийн даатгалын тухай хууль, Зөрчлийн тухай хууль зэрэг хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуулиудыг удаа дараа, ноцтой зөрчсөн бөгөөд түүнтэй байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 4.3.1, 4.3.22-т заасан нөхцөл байдал бий болсон байх тул хөдөлмөрийн гэрээг Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2-т заасныг журамлаж, 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан үндэслэлээр цуцалж ажлаас чөлөөлсөн нь хууль зүйн үндэслэлтэй. Н.Цогт-Очир зөрчил гаргаснаа хүлээн зөвшөөрч байна. Иймд нэхэмжлэл үндэслэлгүй байна гэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 181/ШШ2019/02113 дугаар шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан, нэхэмжлэгч Н.Цогт-Очирыг Увс аймгийн Авто тээврийн төвийн тоо бүртгэлийн мэргэжилтний ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1.-д заасныг баримтлан, нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн ба хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулан улсын төсөвт оруулж шийдвэрлэжээ.

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 628 дугаар магадлалаар: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 181/ШШ2019/02113 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж шийдвэрлэсэн байна.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Энхбат хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...Нэхэмжлэгч Н.Цогт-Очир нь тус үйлдвэрийн газрын Увс аймаг дахь Авто тээврийн төвд бүртгэлийн мэргэжилтнээр ажилладаг байсан бөгөөд тус үйлдвэрийн газрын дотоод хяналт шалгалтаар удаа дараа Тээврийн хэрэгслийн бүртгэлийн дүрэм, журам зөрчиж бүртгэл хийсэн зөрчил гаргасан нь тогтоогдсон бөгөөд уг гаргасан зөрчлөө хүлээн зөвшөөрч өөрөө гарын үсэг зурсан байдаг. ...Хөдөлмөрийн гэрээний 4.3. Сахилгын ноцтой зөрчил гаргасан, хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан тохиолдолд хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар шууд цуцлах ба дараах зөрчлүүдийг Ноцтой зөрчил-д тооцно. Үүнд: 1/ Байгууллагын дотоод журмын заалт, хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн, сахилгын зөрчил давтан гаргасан, хууль тогтоомж, дүрэм, журамд харш үйл ажиллагаа явуулсан; 22/ Тээврийн хэрэгслийн бүртгэлийн дүрэм, журмыг зөрчиж бүртгэл хийсэн гэж заасан хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан. Мөн тус үйлдвэрийн газрын Хөдөлмөрийн дотоод журмын 3.18.1, 3.18.8, 5.1.3, 11.6.1, 11.6.4, 11.6.6, 11.6.11, 11.6.19, 11.6.21, 11.6.22, 11.6.23 дахь заалтуудыг зөрчсөн байдаг. Мөн 1996.05.27-ны өдөр батлагдсан Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 20 дугаар зүйл. Захирлын эд хөрөнгийн эрх, үүрэг, Захирал дараахь эрх, үүрэгтэй: 4/ үйлдвэрийн газрын захиргааны бүтцийг тогтоож, албан тушаалтныг томилох, чөлөөлөх, эрх бүхий байгууллагаас тогтоосон цалингийн бүдүүвч сангийн хэмжээнд багтаан цалинг тогтоох; 10/ эрх хэмжээнийхээ асуудлаар хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрийг биелүүлэхийн тулд тэдгээрт нийцүүлэн тухайн үйлдвэрийн газрын хэмжээнд дагаж мөрдөх, тушаал, заавар гаргах гэх заалтууд байдаг байтал байхгүй гэж дүгнэсэн нь шүүгчийн хувьд хуулийг хэрэглэж сураагүй хууль мэдэхгүй байж хууль хэрэгжүүлэх үйл явцад оролцож байна. Шүүгч нь талууд Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ-ын захирал Б.Гүрсоронзон мөн эсэх тал дээр талууд маргаагүй байхад өөрийн санаачилгаар татан авч дүгнэсэн. Мөн тус үйлдвэрийн газрын дотоод хяналт шалгалтын дүгнэлттэй талууд маргаагүй байхад өөрийн санаачилгаар татан авч дүгнэсэн үйлдлүүд нь хэт нэг талыг барьсан нотлох баримтыг бодитоор үнэлээгүйг илэрхийлж байна. Хэрэв энэ тал дээр нэхэмжлэгч тал дээрхтэй маргасан бол холбогдох баримтыг гаргах бүрэн боломжтой, хэргийг зөвхөн нэхэмжлэлийн хүрээнд авч хэлцэх ёстой. Мөн шүүгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйл. Шүүхээр хянан шийдвэрлэх маргаан, 128.1. Дараахь маргааныг шүүхээр хянан шийдвэрлэнэ: 128.1.2. ажил олгогчийн санаачилгаар ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай ажилтны гомдол гэх заалтыг баримталж шийдвэрлэсэн нь хууль хэрэглээний хувьд буруу хэрэглэсэн нэхэмжлэгч болон хариуцагч нар сахилгын шийтгэл буруу ногдуулсан тухай маргаж байхад ажил олгогчийн санаачилгаар ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн гэж ойлгож буруу шийдвэрлэсэн. Н.Цогт-Очирыг сахилгын ноцтой зөрчилд буруутгах үндэслэл тогтоогдохгүй, захирлын тушаал хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байгаа нь хэт нэг талыг барьсан бөгөөд хангалттай нотлох баримт байсаар байтал бодитоор үнэлэхгүй шийдвэрлэсэн. Давж заалдах шатны шүүх Хөдөлмөрийн гэрээнд ноцтой зөрчлийг тухайлан заагаагүй гэж бодит байдлаас илт зөрүүтэй дүгнэж шийдвэрлэсэн. Учир нь нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний 4.3.22-т Тээврийн хэрэгслийн бүртгэлийн дүрэм, журам зөрчиж бүртгэл хийсэн гэж тодорхой заасаар байтал заагаагүй гэж байгаа нь хууль хэрэглээний хувьд буруу байна. Мөн талууд дотоод хяналт шалгалтын дүгнэлттэй маргаагүй хүлээн зөвшөөрсөн, дотоод хяналт шалгалтаар Н.Цогт-Очир нь бүртгэл хийхдээ 23 зөрчил гаргасан бүртгэл дутуу хийсэн, эзэмшигчийн зөвшөөрөлгүй шилжүүлсэн, торгуультай тээврийн хэрэгсэл шилжүүлсэн, даатгалгүй тээврийн хэрэгсэл шилжүүлж бүртгэсэн, татвар хураамж төлөөгүй тээврийн хэрэгсэл шилжүүлсэн эзэмшигч нь байгаа тээврийн хэрэгслийн улсын дугаар зөвшөөрөлгүй сольсон зэрэг олон алдаа зөрчил гаргасан байдаг. Энэ бүгдээс үзвэл Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ-ын захирлын 2019.07.16-ны өдрийн Б/315 дугаар тушаал хууль зүйн үндэслэлтэй байгаа болно. Иймд Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.10.24-ний өдрийн 181/ШШ2019/02113 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.03.20-ны өдрийн 628 дугаар магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Хяналтын шатны шүүхээс хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж, шийдвэр, магадлалыг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч Н.Цогт-Очир нь ...ажлын хэсэг ямар зөрчлийг ноцтойд тооцсон нь тодорхойгүй, хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчилд хамаарахгүй үндэслэлээр ажлаас чөлөөлж хууль зөрчсөн гэж марган, урьд эрхэлж байсан Увс аймгийн Авто тээврийн төвийн тээвэр, бүртгэлийн мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Анхан болон давж заалдах шатны шүүхээс маргааны үйл баримтад Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг зөв тайлбарлан хэрэглээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцэхгүй байна гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч Н.Цогт-Очирыг Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ-ын даргын 2019.7.16-ны өдрийн Б/315 дугаар тушаалаар Авто тээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох журмыг зөрчиж, удаа дараа бүрдүүлбэр дутуу баримт бичгээр бүртгэл хийсэн, үүрэгт ажилдаа хайнга хандсан сахилгын ноцтой зөрчил гаргасан үндэслэлээр, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3, Хөдөлмөрийн дотоод журмын 3.18.1, 3.18.8, 5.1.3, 11.6.1, 11.6.4, 11.6.6, 11.6.11, 11.6.19, 11.6.21, 11.6.22, 11.6.23, Хөдөлмөрийн гэрээний 4.3.1, 4.3.22-т заасныг тус тус баримтлан Увс аймгийн Авто тээврийн төвийн тээвэр, бүртгэлийн мэргэжилтний үүрэгт ажлаас чөлөөлжээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т ажилтан хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан бол ажил олгогч нь өөрийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлах эрхтэй байхаар хуульчилсан.

Нэхэмжлэгч Н.Цогт-Очирын ажил олгогчтой 2017.5.12-ны өдөр байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 4.3-ын 1-д хууль тогтоомж, дүрэм, журамд харш үйл ажиллагаа явуулсан, 22-т Тээврийн хэрэгслийн бүртгэлийн дүрэм, журмыг зөрчиж бүртгэл хийсэн бол сахилгын ноцтой зөрчилд тооцохоор тухайлан зааж, 4.3-т сахилгын ноцтой зөрчил гаргасан тохиолдолд хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлахаар тохиролцжээ.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд, Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ-аас баталсан удирдамжийн дагуу 2019.6.24-25-ны өдрүүдэд Увс аймгийн Авто тээврийн төвд дотоодын хяналт шалгалтыг явуулж, тус төвийн 2019 оны 5 дугаар сараас 6 дугаар сарын хугацааны тээврийн хэрэгслийн өмчлөгчийн шилжилт хөдөлгөөн хийсэн баримт бичгүүдийг шалгахад тээвэр, бүртгэлийн мэргэжилтэн Н.Цогт-Очир нь тээврийн хэрэгслийг эзэмшигчийн зөвшөөрөлгүй шилжүүлсэн /өмчлөгчийн гарын үсэггүй, өөрөө ирсэн эсэх нь тодорхойгүй/, торгуультай, даатгалгүй болон татвар хураамжаа төлөөгүй тээврийн хэрэгслийг шилжүүлсэн, эзэмшигч нь байгаа тээврийн хэрэгслийн улсын дугаар зөвшөөрөлгүй сольсон зэрэг 23 зөрчил гаргасан. Эдгээр зөрчил нь ажилтны албан тушаалын чиг үүрэгт шууд хамааралтай нь тогтоогдсон бөгөөд нэхэмжлэгч нь хяналт шалгалтын дүгнэлттэй маргаагүй, зөрчлөө хүлээн зөвшөөрч шалгалтын баримтад гарын үсэг зурсан байна. Нэхэмжлэгч ажил олгогчтой байгуулсан хөдөлмөрийн гэрээнд тухайлан зааж тохиролцсон буюу тээврийн хэрэгслийн бүртгэлийн дүрэм, журам зөрчиж бүртгэл хийсэн ноцтой зөрчил гаргасан нь тогтоогдсон тул хариуцагч түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг өөрийн санаачилгаар цуцалжээ.

 

Н.Цогт-Очирыг сахилгын ноцтой зөрчил гаргасан үндэслэлээр түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас халсан Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ-ын даргын Б/315 дугаар тушаал нь Хөдөлмөрийн тухай хууль болон хөдөлмөрийн гэрээний дээр дурдсан зохицуулалтад нийцсэн тул ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага хангагдах үндэслэлгүй юм.

 

Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй, үнэн зөв талаас дүгнэж чадаагүй, мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасныг буруу тайлбарлан хэрэглэж нэхэмжлэлийн шаардлагыг хангасан, давж заалдах шатны шүүхээс энэ алдааг залруулаагүй нь буруу байна.

 

Дээрх үндэслэлүүдээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдол үндэслэлтэй тул гомдлыг хангаж, шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 181/ШШ2019/02113 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 628 дугаар магадлалыг хүчингүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Н.Цогт-Очирын гаргасан Увс аймгийн Авто тээврийн төвийн тээвэр, бүртгэлийн мэргэжилтний ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 71,920 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ЭРДЭНЭСУВД

 

ШҮҮГЧИД П.ЗОЛЗАЯА

 

Б.МӨНХТУЯА

 

Б.УНДРАХ

 

Д.ЦОЛМОН