Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 669

 

 

 

 

 

 

 

 

 

Л.Б-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Ч.Цэнд, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 183/ШШ2019/02748 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Л.Б-гийн хариуцагч Х.Н-д холбогдуулан нотариатчийн үйлдлийг хүчингүй болгох тухай иргэний хэргийг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М-, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц-, гуравдагч этгээд Э.Э-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Одонтуяа нар оролцов.

 

Нэхэмжлэгч Л.Б-гийн шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Э.Э-той 2016 оны 6 дугаар сарын 06-ны өдөр, 2016 оны 6 дугаар сарын 27-ны өдөр тус тус зээлийн гэрээ байгуулж, мөнгө зээлсэн. Дээрх 2 зээлийн гэрээний үлдэгдэл төлбөрийг хугацаандаа төлж чадаагүй тул зээлдүүлэгч Э.Э- нь шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Гэтэл нэхэмжлэлд хавсаргасан материалд миний хийгээгүй зээлийн гэрээний сунгалт гэсэн баримтыг хавсаргасан байх бөгөөд энэхүү баримтыг Хан-Уул дүүргийн нотариатч Х.Н- баталгаажуулжээ. Миний бие тус зээлийн гэрээний сунгалт гэсэн баримтыг хийгээгүй, тийм гэрээ хийх хүсэл зориг байхгүй байхад зээлдүүлэгч тухайн үед хоосон цаасан дээр гарын үсэг зуруулж, дараа нь нөхөн бичиж нотариатаар баталгаажуулсан байна. Тус гэрээ, хэлцлийг нотариатаар баталгаажуулах үед миний бие байлцаагүй. Нотариатын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т “Нотариатч гэрээ хэлцэл гэрчлэхдээ хуульд нийцсэн болон талуудын хүсэл зоригийн илэрхийлэл мөн эсэхийг нягтлан, талуудын тэгш эрхийн хүрээнд гэрээ байгуулагдсан эсэх, агуулга нь үйлчлүүлэгчийн хүсэл зоригийг бүрэн илэрхийлж чадсан эсэх, үүсэх үр дагаварт бодитой хандсан эсэхийг нягтлах үүрэгтэй” гэж заасныг зөрчсөн байна. Дээрх гэрээний сунгалтаас болж би зээлдүүлэгчид их хэмжээний хүүгийн төлбөр төлөх ёстой болоод байна. Иймд миний эзгүйд 2016 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн Зээлийн гэрээний сунгалт гэх 2016 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн хэлцлийг гэрчилсэн нотариатчийн үйлдлийг, мөн 2016 оын 6 дугаар сарын 27-ны өдрийн Зээлийн гэрээний сунгалт гэх 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн хэлцлийг гэрчилсэн нотариатчийн үйлдлийг тус тус хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Х.Н-гийн шүүхэд гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Зээлийн гэрээний сунгалт гэсэн баримтын хуулбарыг баталсан ба энэ үйлдэл нь Нотариатын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.9-т “Баримт бичгийн хуулбарыг гэрчлэх” гэсэн нотариатчийн үйлдлийн нэг төрөл юм. Тиймээс нотариатч миний үйлдэл нь хууль ёсны үйлдэл бөгөөд Нотариатын тухай хуулийн 49 дүгээр зүйлд зааснаар тухайн үйлдлийг хийхэд гэрчлэх гэж буй баримт бичгийн эх хувийг өөрийн нүдээр харж, эх хувьтай тулгаж шалгасны дараа тухайн хуулбар хувийг үнэн хэмээн баталгаажуулсан. Дээрх тохиолдолд нотариатч миний бие иргэн Л.Б-, Э.Э-ыг хамт байлцуулах, гарын үсгийг нь зуруулах шаардлагагүй бөгөөд гэрээ, хэлцэл гэрчлээгүй, харин баримт бичгийн хуулбар гэрчилсэн юм. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Э.Э- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Л.Б-гийн нэхэмжлэлийн зорилго нь миний гаргасан нэхэмжлэлийг түдгэлзүүлэх, удаашруулах, төлбөрөө төлөхөөс зайлсхийж байна. Л.Б- бид хоёр уулзаж байгаад уг зээлийн гэрээний сунгалтыг хийсэн тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т заасныг баримтлан “Э.Э-, Л.Б- нарын хооронд байгуулагдсан 2016 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн Зээлийн гэрээний сунгалт, 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн Зээлийн гэрээний сунгалт”-ыг баримт бичгийн хуулбар гэж 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр гэрчилсэн Хан-Уул дүүргийн тойргийн нотариатч Х.Н-гийн нотариатын үйлдлийг хүчингүйд тооцож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Л.Б-гаас улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х.Н-гаас улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч, энэхүү давж заалдах гомдлыг гаргаж байна. 2011 оны 02 дугаар сарын 10-ны өдөр УИХ-аас баталсан "Нотариатын тухай" хуулийн 1 дүгээр зүйлд "Хуулийн зорилт"-ыг тодорхойлсон. Дээрх хэрэг маргаанд хариуцагчаар татагдсан нотариатч Х.Н- нь иргэн Э.Э-ын хүсэлтийн дагуу, "Э.Э-, Л.Б- нарын хооронд 2016 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр болон 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдөр тус тус хийгдсэн "Зээлийн гэрээний сунгалт" гэсэн нэртэй баримт бичгийг "Хуулбар үнэн" хэмээн баталгаажуулж гэрчлэл хийсэн билээ. Уг 2 баримт бичгийн эх хувийг иргэн Э.Э- нь тухайн үед өөртөө авч үлдээд, харин нотариатч Х.Н-гаар гэрчлүүлсэн, тухайн 2 баримт бичгийн хуулбарыг анхан шатны шүүхэд нотлох баримтаар өгсөн билээ .Өөрөөр хэлбэл, ямар ч баримт бичгийн хуулбарыг нотариатч нь хэнээс ч хараат бус, бие даасан байдлаар гэрчлэх эрхтэй билээ. "Нотариатын тухай" хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4.1-д нотариатч Х.Н- нь иргэн Э.Э-ын авчирсан 2 ширхэг баримт бичгийг, өөрт нь байгаа эх хувьтай нь тулгаж үзээд, улмаар зөвхөн тухайн баримт бичгийн хуулбар нь үнэн зөв болохыг гэрчилж баталгаажуулсан. Нотариатч Х.Н- нь тухайн 2 ширхэг баримт бичгийг үнэн зөв болохыг гэрчлээгүй бөгөөд харин тухайн 2 ширхэг баримт бичгийн хуулбар нь үнэн зөв болохыг гэрчилсэн билээ. Уг баримт бичгүүд нь одоогоос 4 жил гаруй өмнө буюу 2016 оны 9 дүгээр сарын 06, 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрүүдэд үйлдэгдсэн бөгөөд үүнээс даруй 2 жилийн дараа буюу 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр нотариатч Х.Н- нь тухайн 2 ширхэг баримт бичгийн хуулбарыг л баталсан. Анхан шатны шүүх нь нотариатч Х.Н-г "Нотариатын тухай" хуулийн хэд хэдэн зүйл заалтыг зөрчсөн хэмээн дүгнэснийг миний бие нь мэргэжлийн хуульч өмгөөлөгч хүнийхээ хувьд огт хүлээн зөвшөөрөхгүй байна. Харин гэрээний талууд болох иргэн Э.Э-, Л.Б- нар нь тухайн гэрээ хэлцлийг 2016 оны 9 дүгээр сарын 06, 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрүүдэд хийчихсэн гэдгийг анхан шатны шүүх огт ойшоож үзэхгүй байна. Харин нотариатч Х.Н- нь ийнхүү талуудын хооронд гэрээ хэлцэл хийгдсэнээс хойш 2 жилийн хугацаа өнгөрсний дараа тухайн гэрээ хэлцлийн шинжтэй баримт бичгүүдийн хуулбарыг л гэрчилсэн билээ. "Нотариатын тухай" хуулийн 31 дүгээр зүйлд "Нотариатын үйлдэл хийхээс татгалзах" үндэслэлүүдийг хуульчилсан ба 31.1 дэх хэсэгт "Нотариатч дараахь тохиолдолд нотариатын үйлдэл хийхээс татгалзана" гэж заажээ. Үүнд: 31.1.1-ээс 31.1.6 дахь хэсгүүдэд нотариатын үйлдэл хийхээс татгалзах тохиолдлуудыг хуульчилжээ. Нотариатч Х.Н-гийн ажлын өрөөнд иргэн Э.Э- гэдэг хүн 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр орж ирээд "Би одоогоос 2 жил гаруйн өмнө буюу 2016 оны 9 дүгээр сарын 06, 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрүүдэд иргэн Л.Б- гэдэг хүнтэй "Зээлийн гэрээний сунгалт" гэсэн нэртэй баримт бичгүүдийг үйлдэж байсан юм. Иргэн Л.Б- нь иргэн надаас 2016 оны 6 дугаар сарын 06-ны өдөр 20 сая төгрөгийг 1 сарын 5.8%-ийн хүүтэй, 3 сарын хугацаатай, үүний дараа 2016 оны 6 дугаар сарын 27-ны өдөр 25 сая төгрөгийг 1 сарын 5.8%-ийн хүүтэй, 4 сарын хугацаатай, нийт 45 сая төгрөгийг зээлсэн юм. Ингэхдээ Иргэний хуульд заасны дагуу "Зээлийн гэрээ", мөн "Барьцааны гэрээ"-г тус тус албан ёсоор байгуулж байсан. Гэтэл зээлийн гэрээнүүдийн хугацаа дуусахад зээлдэгч Л.Б- нь зээлээ хугацаанд нь, хүүгийн хамт төлөөгүй учраас гэрээнүүдийн хугацааг сунгах саналыг надад тавьж байсан. Зээлдүүлэгчийн хувьд уг саналыг би хүлээн авч, зээлийн гэрээнүүдийн сунгалтыг 2016 оны 9 дүгээр сарын 06, 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрүүдэд хийж байсан ба үүнээс хойш 2 жил гаруй хугацаа өнгөрөхөд зээлдэгч Л.Б- нь зээлээ хугацаанд нь, хүүгийн хамт төлөөгүй учраас би шүүхэд хандахаас аргагүй байдалд хүрлээ.Гэхдээ би шүүхэд нотлох баримт өгөхдөө 2016 оны 9 дүгээр сарын 06, 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрүүдэд зээлдэгч Л.Б-тай хийж байсан "Зээлийн гэрээний сунгалт" гэсэн 2 ширхэг баримт бичгийнхээ эх хувийг шүүхэд өгмөөргүй байна. Тиймээс надад байгаа энэхүү 2 ширхэг баримт бичгийн хуулбарыг гэрчлээд өгөөч" гэсэн хүсэлтийг тавьсан байна. Энэ тохиолдолд "Нотариатын тухай" хуулийн 31 дүгээр зүйлд заасан "Нотариатын үйлдэл хийхээс татгалзах" үндэслэлүүд тухайн үед тогтоогдохгүй байсан учраас нотариатч Х.Н- нь энэхүү 2 ширхэг баримт бичгийн хуулбарыг л гэрчилж өгсөн билээ. Анхан шатны шүүх нь нотариатч Х.Н-г "Нотариатын тухай" хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэг буюу "Нотариатч гэрээ, хэлцлийг гэрчлэхдээ хуульд нийцсэн болон талуудын хүсэл зоригийн илэрхийлэл мөн эсэхийг дор дурдсаны дагуу нягтална" гэсэн заалтыг зөрчсөн гэжээ. Эндээс дүгнэлт хийвэл анхан шатны шүүх нь нотариатч Х.Н-г иргэн Э.Э-, Х.Баярмаа нарын хооронд хийгдсэн гэрээ хэлцлийг гэрчилсэн гэж дүгнэлт гаргасан бөгөөд энэ нь хэргийн бодит нөхцөл байдалтай огт нийцэхгүй юм.Учир нь: Дээр хэлсэнчлэн иргэн Л.Б- нь иргэн Э.Э-оос 2016 оны 6 дугаар сарын 06-ны өдөр 20 сая төгрөгийг 1 сарын 5.8%-ийн хүүтэй, 3 сарын хугацаатай, үүний дараа 2016 оны 6 дугаар сарын 27-ны өдөр 25 сая төгрөгийг 1 сарын 5.8%-ийн хүүтзй, 4 сарын хугацаатай, нийт 45 сая төгрөгийг зээлсэн юм. Гэтэл зээлийн гэрээнүүдийн хугацаа дуусахад зээлдэгч Л.Б- нь зээлээ хугацаанд нь, хүүгийн хамт төлөөгүй учраас гэрээнүүдийн хугацааг сунгах саналыг Э.Э-од тавьж байсан.Зээлдүүлэгчийн хувьд уг саналыг Э.Э- хүлээн авч, зээлийн гэрээнүүдийн сунгалтыг 2016 оны 9 дүгээр сарын 06, 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрүүдэд хийж байсан ба үүнээс хойш 2 жил гаруй хугацаа өнгөрөхөд зээлдэгч Л.Б- нь зээлээ бас л хугацаанд нь, хүүгийн хамт төлөөгүй учраас Э.Э- нь шүүхэд хандахаас аргагүй байдалд хүрсэн.Шүүхэд нэхэмжлэл гаргахдаа Э.Э- нь Л.Б-тай 2016 оны 9 дүгээр сарын 06, 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрүүдэд хийж байсан "Зээлийн гэрээний сунгалт" гэсэн баримт бичгийнхээ эх хувийг өөрт авч үлдэхийн тулд хуулбарыг нь нотариатч Х.Н-гаар гэрчлүүлж, улмаар хуулбарыг гэрчлүүлсэн баримтаа шүүхэд өгсөн билээ. Ингээд Э.Э- нь шүүхэд нэхэмжлэл гаргасан ба өнөөдөр тус шүүхийн шүүгч Ж.Э- гэдэг хүн дээр, иргэн Э.Э-ын нэхэмжлэлтэй, Л.Б-д холбогдох, зээлийн гэрээний үүрэгт 144 060 000 төгрөгийг гаргуулах тухай, иргэний хэрэг хянагдаж байна. Уг нь Э.Э нь Л.Б-гаас үндсэн зээл болох 45 сая төгрөгийг, зээлийн гэрээнд заасан хүү, алданги, торгуулийн хамт нийт 144 060 000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг анх 2018 оны 12 сард гаргасан нь тус шүүхийн шүүгч Мөнхбаяр гэдэг хүн дээр хуваарьлагдаж байсан. Энэ иргэний хэрэгт Э.Э- нь нотариатч Х.Н-гаар гэрчлүүлсэн "Зээлийн гэрээний сунгалт" гэсэн 2 ширхэг баримт бичгийнхээ хуулбарыг, шүүхэд нотлох баримтаар өгсөн боловч Л.Б- гэгч зальт этгээд нь нотариатч Х.Н-г тус шүүхэд гомдол гарган өгсөн билээ.Шүүгч Мөнхбаяр нь уг хэргийг хэлэлцэх шүүх хуралдааныг зарлахад Л.Б- гэгч нь ирээгүи учраас тухайн хэргийг хэрэгсэхгүй болгож байсан. Л.Б- гэгч зальт этгээдийн энэхүү хорон санаа, башир аргыг зайлуулахын тулд Э.Э- нь зээлийн гэрээний үүрэгт 144 060 000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлээ шүүхэд дахин гаргахдаа, нотариатч Х.Н-гаар гэрчлүүлсэн хуулбараа бус, харин уг 2 баримт бичгээ эх хувиар нь шүүхэд нотлох баримтаар өгчихөөд байна. Анхан шатны шүүх нь нотариатч Х.Н-г "Нотариатын тухай" хуулийн 46 дугаар зүйлийн 46.8 дахь хэсэг буюу "Зохих байгууллагад бүртгүүлснээр хүчин төгөлдөр болох гэрээ, хэлцэлд нэмэлт, өөрчлөлт оруулсан, хугацааг сунгасан, цуцалсан, дуусгавар болгосныг гэрчлэхдээ гэрээний талуудын хүсэлтийг үндэслэн бие даасан нотариатын үйлдэл хийх бөгөөд ингэхдээ анхдагч гэрээг үндэслэж түүний хуулбарыг нотариатын баримтад хавсаргана" гэсэн заалтыг зөрчсөн гэжээ. Үүнийг бас л миний бие нь огт хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд дээр хэлсэнчлэн Э.Э- Л.Б- нарын хооронд 2016 оны 9 дүгээр сарын 06, 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрүүдэд хийгдсэн "Зээлийн гэрээний сунгалт" гэсэн 2 ширхэг баримт бичгийг зээлийн гэрээний талууд/ Зээлдэгч, зээлдүүлэгч нар/ нь нотариатч Х.Н-гаар, хуулбарыг нь гэрчлүүлэхээс даруй 2 жилийн өмнө үйлдчихсэн байсан билээ. МУ-ын холбогдох хууль тогтоомжуудад "Зээлийн гэрээний хугацааг сунгахдаа гэрээний талууд нь тухайн сунгалтыг заавал нотариатын байгууллагаар гэрчлүүлэх ёстой" гэсэн хуулийн заалт огт байхгүй билээ. Тиймээс Э.Э- Л.Б- нар нь 2016 оны 9 дүгээр сарын 06, 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрүүдэд "3ээлийн гэрээний сунгалт" гэсэн 2 ширхэг баримт бичгийг үйлдэхдээ ямар нэгэн нотариатчаар огт гэрчлүүлээгүй. Харин гэрээний зээлдэгч тал болох Л.Б- гэгч зальт этгээд нь өнөөдөр зээлийн төлбөрийг төлөхгүйн тулд элдэв хууль бус арга заль хэрэглэсээр байгаа билээ.Өөрөөр хэлбэл Э.Э- Л.Б- нар нь 2016 оны 6 дугаар сарын 06, 27-ны өдрүүдэд хийсэн "Зээлийн гэрээ"-нүүдийнх нь хугацаа дууссан учраас ийнхүү гэрээний хугацаа дууссан өдрүүд болох 2016 оны 9 дүгээр сарын 06, 10 дугаар сарын 27-ны өдрүүдэд дахин хоорондоо уулзаж, улмаар "Зээлийн гэрээний сунгалт" гэсэн 2 ширхэг баримт бичгийг үйлдсэн билээ. Гэхдээ тухайн үед энэхүү 2 баримт бичгээ ямар нэгэн нотариатчаар огт гэрчлүүлээгүй бөгөөд зөвхөн гэрээний талууд уншиж танилцаад, гарын үсгүүдээ зурсан юм. Тухайн үед "Зээлийн гэрээний сунгалт" гэсэн 2 ширхэг баримт бичгийг нотариатчаар гэрчлүүлэх ямар ч шаардлага тэдэнд байгаагүй. Анхан шатны шүүх нь нотариатч Х.Н-г "Нотариатын тухай" хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.1.6 дахь хэсгүүдийг зөрчсөн гэж дүгнэсэн.Үүнийг хариуцагч тал бас л хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд 31дүгээр зүйлд "Нотариатын үйлдэл хийхээс татгалзах" гэсэн заалтууд байх ба 31.1 дэх хэсэгт "Нотариатч дараахь тохиолдолд нотариатын үйлдэл хийхээс татгалзана" гэж хуульчилжээ.Тэгвэл уг хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.6 дахь хэсэгт "хуульд заасан бусад" хэмээн хуульчилжээ. Энэ тохиолдолд шүүгч Ж.Сэмжид нь нотариатч Х.Н-г "Э.Э- Л.Б- нарын 2016 оны 9 сарын 6, 10 сарын 27-ны өдрүүдэд хоорондоо хийсэн "Зээлийн гэрээний сунгалт" гэсэн 2 ширхэг баримт бичгийн хуулбарыг гэрчлэхээс татгалзах ёстой байсан гэж дүгнэжээ.Миний бие нь мэргэжлийн хуульч, өмгөөлөгч хүнийхээ хувьд шүүгч Ж.Сэмжид гэдэг хүний нэр дээр удаа дараа хүсэлт гаргаж байсан. Өөрөөр хэлбэл, Э.Э- Л.Б- нарын 2016 оны 9 дүгээр сарын 06, 10 дугаар сарын 27-ны өдрүүдэд хоорондоо хийсэн "Зээлийн гэрээний сунгалт" гэсэн 2 ширхэг баримт бичгийн эх хувийг шүүгч Ж.Э-т хянагдаж байгаа, иргэний хэргээс хуулбарлан авахуулж, Шүүгч Ж.Сэмжидийн хянаж байгаа иргэний хэрэгт нотлох баримтаар авахуулсан.Үүгээр юуг нотлох гэсэн бэ гэвэл, Э.Э- Л.Б- нарын 2016 оны 9 дүгээр сарын 06, 10 дугаар сарын 27-ны өдрүүдэд хоорондоо хийсэн "Зээлийн гэрээний сунгалт" гэсэн 2 ширхэг, гэрээ хэлцлийн шинжтэй баримт бичгүүдийн эх хувь дээр ямар ч нотариатч гэрчлэл хийгээгүй байсан гэдгийг шүүхийн өмнө нотлох гэсэн билээ. Анхан шатны шүүх нь нотариатч Х.Н-г "Нотариатын үйлдэл хийх зааврын 3 дугаар зүйлийн 3.2.2-г зөрчсөн гэжээ.Энэ нь ямар заалт болохыг сонирхоход, уг зааврын 3 дугаар зүйлийн 3.2-т "Нотариатчийн үүрэг гүйцэтгэгч нь нотариатын дараах үйлдэл тус бүрээр бүртгэлийн дэвтэр хөтлөнө" гэсэн байх ба 3.2.2-т "Гэрээ, хэлцэл" гэжээ. Энэхүү заалт нь нотариатч Х.Н-д огт хамааралгүй заалт байх бөгөөд энэ нь зөвхөн нотариатчийн үүрэг гүйцэтгэгч гэсэн албан тушаалтай хүнд хамаатай заалт байна. Анхан шатны шүүх нь нотариатч Х.Н-г "Нотариатын үйлдэл хийх зааврын 5 дугаар зүйлийн 5.8-г зөрчсөн гэжээ.Энэ нь ямар заалт болохыг сонирхоход, уг зааврын 5 дугаар зүйл нь "Гэрээ, хэлцэл гэрчлэх" гэсэн нэртэй байх ба 5 дугаар зүйлийн 5.8 дахь заалт нь "Гэрээ, хэлцэлд нэмэлт, өөрчлөлт оруулсан, хугацааг сунгасан, цуцалсан, дуусгавар болгосныг гэрчлэхдээ Нотариатын тухай хуулийн 46-р зүйлийн 46.8 дахь хэсгийг баримтлана" гэсэн заалт байна. Энэ заалт нь бас л нотариатч Х.Н-д огт хамааралгүй заалт юм.Учир нь:3ээлийн гэрээний зээлдүүлэгч тал болох Э.Э- нь зээлдэгч тал болох Л.Б- гэгч этгээдтэй 2016 оны 6 дугаар сарын 06, 27-ны өдрүүдэд нийт 2 удаа зээлийн гэрээ байгуулж, нийт 45 сая төгрөг зээлж байсан ба эдгээр гэрээнүүдийн хугацаа нь 2016 оны 9 дүгээр сарын 06 болон 10 дугаар сарын 27-ны өдрүүдэд тус тус дуусаж байсан. Тийм учраас эдгээр өдрүүдэд Э.Э- нь Л.Б- гэгчтэй уулзаж, зээлийн гэрээнүүдийнхээ хугацааг сунгаж, дээр хэлсэнчлэн "Зээлийн гэрээний сунгалт" гэсэн 2 ширхэг баримт бичгүүдийг үйлдэж байсан. Ийнхүү гэрээнүүдийнхээ хугацааг сунгахдаа Э.Э- Л.Б- нар нь нотариатаар гэрчлүүлэхгүйгээр, зөвхөн өөрсдөө уншиж танилцаад, улмаар уг хэлцлээ хүлээн зөвшөөрч, гарын үсгүүдээ зурсан билээ. Түүнээс биш, шүүгч Ж.Сэмжидийн дүгнээд байгаачлан, нотариатч Х.Н- нь "Зээлийн гэрээний сунгалт" гэсэн 2 ширхэг, гэрээ хэлцлийн шинжтэй баримт бичгүүдийг гэрчилсэн үйлдэл огт хийгээгүй бөгөөд зөвхөн эдгээр 2 ширхэг баримт бичгийн хуулбарыг л гэрчилсэн билээ. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

            Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

 

            Нэхэмжлэгч Л.Б- нь хариуцагч Х.Н-д холбогдуулан нотариатчийн үйлдлийг хүчингүй болгуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч, гэрээ, хэлцэл гэрчлээгүй, баримт бичгийн хуулбарыг гэрчилсэн гэж маргажээ.

 

            Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхээс 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр “зээлийн гэрээний сунгалт” гэх 2 баримтад үзлэг хийж, хэрэгт хавсаргасан байна. /хэргийн 50-52 дугаар тал/ Үүний дараагаар 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдөр зээлийн гэрээний сунгалт гэх эх хувийг нотариатаар гэрчлүүлсэн хуулбарт үзлэг хийж, мөн хэрэгт хавсаргажээ. Үзлэг хийсэн тэмдэглэлээс үзэхэд 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн зээлийн гэрээний сунгалтад хуулбарын үнэн зөвийг гэрчлэв гэсэн баримтад үзлэг хийв гэж тэмдэглэсэн байх боловч ямар дардас бүхий тэмдэг дарагдсан болох нь тодорхойгүй байна.

 

Ийм учраас маргаж буй үйл баримт буюу гэрээ хэлцлийг гэрчилсэн, эсхүл баримтын хуулбар үнэнийг гэрчилсэн эсэхийг хэрэгт авагдсан баримтын хүрээнд дүгнэх боломжгүй байна.

 

Тодруулбал, дээрх зээлийн гэрээнүүдийн хугацаа сунгасан хэлцэлд дарагдсан нотариатын тэмдэгийн утга нь хэрэгт хавсаргасан хуулбар хувь болон үзлэг хийсэн тэмдэглэлийн агуулгаас мэдэгдэхгүй байна.

 

Дээрх зөрчлийг давж заалдах шатны шүүх арилгаж, хэрэгт цугларсан баримтын хүрээнд дүгнэлт хийх боломжгүй тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж, шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 183/ШШ2019/02748 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахад хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140 400 төгрөгийг тус шүүхийн шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

                                             ШҮҮГЧИД                                 Ч.ЦЭНД

                   

                                                                                               С.ЭНХТӨР