Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 07 сарын 20 өдөр

Дугаар 183/ШШ2020/01994

 

 2020            07           20                                                       183/ШШ2020/01994

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Чулуунчимэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг........... тоотод оршин суух, Б овогт Л.Б /РД:000000000/-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хан-Уул дүүргийн ......... тоотод оршин суух, Б овогт Х.Н /РД:00000000/-д холбогдох,

Нотариатчийн үйлдлийг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Халиун нар оролцов.

                                                                                                ТОДОРХОЙЛОХ нь:

 

 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “Л.Б нь 2016 оны 6 дугаар сарын 06-нд иргэн Э.Этой 20,000,000 төгрөгийг сарын 5.8 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай авахаар зээлийн гэрээ байгуулсан.  Мөн 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдөр дахин 25,000,000 төгрөгийг 5.8 хувийн хүүтэй 4 сарын хугацаатай зээлж авсан. Дээрх хоёр зээлийн гэрээний үлдэгдэл төлбөрийг хугацаандаа төлж чадаагүй тул зээлдүүлэгч Э.Э Л.Бг шүүхэд өгсөн байна. Гэтэл нэхэмжлэлд хавсаргасан материалдаа хийгээгүй зээлийн гэрээний сунгалт гэсэн баримтыг хавсаргасан байх бөгөөд энэхүү баримтыг Хан-Уул дүүргийн 000 дугаартай нотариатч Х.Н хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажуулжээ. Тус зээлийн гэрээний сунгалт гэсэн баримтыг хийгээгүй, тийм гэрээ хийх хүсэл зориг байхгүй байхад зээлдүүлэгч тухайн үед хоосон цаасан дээр гарын үсэг зуруулж авснаа дур мэдэн бөглөж уншиж танилцууллаа гэх мэтээр нөхөн бичиж 2018 оны 12 сарын 29 ний нотариатаар баталгаажуулсан байна. Тус гэрээ хэлцлийг нотариатаар баталгаажуулах үед миний бие байгаагүй бөгөөд энэ сунгалтыг огт мэдэхгүй байсан болно. Нотариатын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т “Нотариатч гэрээ хэлцэл гэрчлэхдээ хуульд нийцсэн болон талуудын хүсэл зоригийн илэрхийлэл мөн эсэхийг нягтална. Талуудын тэгш эрхийн хүрээнд гэрээ байгуулагдсан эсэх, агуулга нь үйлчлүүлэгчийн хүсэл зоригийг бүрэн илэрхийлж чадсан эсэх, үүсэх үр дагаварт бодитой хандсан эсэхийг нягтлах үүрэгтэй. 46.3-т энэ хуулийн 46.3-т заасан нөхцөл байдлын аль нэг нь зөрчигдсөн бол нотариатч гэрээ хэлцлийг гэрчлэхээс татгалзана” гэснийг зөрчсөн гэж үзэж байна. Дээрх гэрээний сунгалтаас болж Л.Б нь  зээлдүүлэгчид Иргэний хуулийн хэмжээний хүүгийн төлбөр төлөх ёстой болоод байна. Иймд миний эзгүйд хийсэн 2016 оны 10 дугаар сарын 27-ны болон 2016 оны 09 сарын 06 ний өдрийн зээлийн гэрээний сунгалтуудыг хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажуулсан нотариатч Х.Нгийн үйлдлийг хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү” гэв.

 

Хариуцагч Х.Н шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Миний бие иргэн Л.Бгийн нэхэмжлэлтэй, тус шүүхэд хянагдаж байгаа иргэний хэрэгт хариуцагчаар татагдсан байх бөгөөд нэхэмжлэгч гэх энэ этгээд нь анх 2019 оны 03 сард танай шүүхэд нэхэмжлэлээ гаргаж байсан. Тэрхүү нэхэмжлэл нь тухайн үед танай шүүхийн шүүгч Б.М гэдэг хүн дээр хуваарилагдаж байсан. Шүүгч Б.М нь тухайн хэрэг маргааныг эцэслэн шийдвэрлэхээр шүүх хурал зарласан ба уг шүүх хуралд нэхэмжлэгч гэх Л.Б, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын этгээдүүдээс нэг нь ч ирээгүй учраас шүүгчийн захирамж гарч, уг хэргийг хэрэгсэхгүй болгож байсан. Б гэгчийн бичсэн 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр гэж огноолсон, нэхэмжлэл гээчийг уншихад 2019 оны 03 сард гаргаж байсан нэхэмжлэлээ үг үсэггүй хуулан бичсэн байх бөгөөд бас л өмнөх нэхэмжлэл шигээ мэргэжлийн хуульч, нотариатч миний нэр төр, ажил хэргийн үйл ажиллагааг гутаан доромжилсон, гүтгэсэн шинжтэй зүйлсийг бичсэн байна. Өмнөх нэхэмжлэлээ гаргах үед нь нотариатч миний бие Б гэгч энэхүү увайгүй, хүний үнэргүй, цагаандаа гарсан луйварчин этгээдийн талаарх гомдлоо тухайн үед Хан-Уул дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст гаргаж байсан. Харамсалтай нь Цагдаагийн байгууллага нь надад “Иргэн Б та хоёрын хооронд үүссэн маргааныг Шүүхийн байгууллага нь иргэний хэргийн журмаар хянан шийдвэрлэх гэж байгаа юм байна. Тиймээс та наад гомдол саналаа шүүхийн байгууллагаар шийдвэрлүүл” гэсэн хариуг тухайн үед өгч байсан. Нэхэмжлэгч гэх Л.Б гэгч нь иргэн Э.Э гэдэг хүнээс одоогоос 3 жил гаруйн өмнө буюу 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдөр 20,000,000 төгрөг, мөн оны 06 дугаар сарын 27-ны өдөр дахин 25,000,000 төгрөг, нийт 45,000,000 төгрөгийг зээлэн авч, хуульд заасны дагуу зээлийн гэрээ байгуулсан байсан. Мөн эдгээр зээлийнхээ барьцаанд үл хөдлөх хөрөнгнүүдээ барьцаалж Барьцааны гэрээг байгуулсан байсан. Гэтэл үүнээс хойш бүхэл бүтэн 3 жил 4 сарын хугацаа өнгөрөөд байхад Б гэгч залилангийн этгээд нь зээлийн төлбөрөө огт төлөөгүй гэх бөгөөд зээлийн хүү гэж цөөн хэдэн төгрөг л зээлдүүлэгч Э.Эод төлсөн гэсэн. Тиймээс зээлдүүлэгч Э.Э нь бүтэн 3 жил хүлээсний эцэст аргаа бараад, Б гэгчийн талаарх нэхэмжлэлээ Шүүхийн байгуулагад гаргасан байдаг. Гэтэл Б гэгч нь үүнийг мэдэнгүүтээ, зээлээ төлөхгүй байх арга саам хайж, улмаар мөрөөрөө ажлаа хийж яваа нотариатч намайг ийнхүү Шүүхийн байгууллагад удаа дараа өгч, надад сэтгэл санааны болон бусад ноцтой олон хор хохирлыг учруулж байна. Тиймээс энэ хэрэг маргаан нь Шүүхийн байгуулагаар шийдвэрлэгдсэний дараагаар нотариатч миний бие нь Б гэгч энэхүү этгээдийн талаарх гомдлоо Шүүхэд гаргаж, өөрт учирсан бүхий л хохирлоо энэхүү этгээдээс нэхэмжлэх болно гэдгээ албан ёсоор мэдэгдэж байна. Нэхэмжлэгч Л.Б гэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ нотариатч намайг болон иргэн Э.Эыг ор үндэсгүй гүтгэж, ялангуяа нотариатч намайг Зээлийн гэрээний сунгалт гэсэн баримтыг баталсан, уг баримтыг батлахдаа гэрээний 1 тал болох иргэн Л.Б гэдэг хүнийг огт оролцуулаагүй хэмээн гүтгэж бичсэн. Гэтэл нотариатч миний бие Зээлийн гэрээний сунгалт гэсэн баримтын хуулбарыг л баталсан ба энэ үйлдэл нь Монгол Улсын Нотариатын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.9 гэсэн заалт буюу “Баримт бичгийн хуулбарыг гэрчлэх” гэсэн нотариатч хүний хийдэг үйлдлийн нэг төрөл билээ. Тиймээс нотариатч миний үйлдэл нь хууль ёсны үйлдэл бөгөөд Монгол Улсын Нотариатын тухай хуулийн 49 дүгээр зүйлд заасанчлан тухайн үйлдлийг хийхэд гэрчлэх гэж буй баримт бичгийн эх хувийг өөрийн нүдээр харж, эх хувьтай тулгаж шалгасны дараа тухайн хуулбар хувийг үнэн хэмээн баталгаажуулж, нотариатын гэрчлэх үйлдлийг хийсэн. Ийнхүү баримт бичгийн хуулбарыг батлах гэрчлэх тохиолдолд тухайн баримт бичгийн анх үйлдэхэд оролцсон этгээдүүдийг нотариат миний бие нь албан өрөөндөө дуудан авчрах, өөрсдийг нь байлцуулах ямар ч шаардлагагүй бөгөөд тийм хуулийн зохицуулалт огт байхгүй билээ. Өөрөөр хэлбэл дээрх тохиолдолд нотариатч миний бие иргэн Л.Б гэгч этгээдийг иргэн Э.Э-той заавал хамт байлцуулах, гарын үсгийг нь зуруулах ямар ч шаардлагагүй байсан билээ. Энд нэг зүйлийг зориуд дурдах нь зүйтэй гэж би үзлээ. Дээр хэлсэнчлэн Б гэгч залилангийн этгээд нь иргэн Э.Эоос авсан зээлж авсан 45,000,000 төгрөгөө төлөхгүйн тул зориуд санаатайгаар шүүхийн байгууллагад удаа дараа нэхэмжлэл гэсэн ор үндэсгүй, хууль зүйн үндэслэлгүй зүйлийг бичээд байсан тул иргэн Э.Э нь дээрх маргаан бүхий бичиг баримт буюу Зээлийн гэрээний сунгалт гэсэн баримт бичгийг эх хувиар нь шүүхийн байгууллагад гаргаж өгсөн байна. Өөрөөр хэлбэл иргэн Э.Э нь Б гэгч залилангийн этгээдийн талаарх нэхэмжлэлээ танай шүүхэд дахин гаргасан байх ба уг нэхэмжлэл нь эхлээд тус шүүхийн шүүгч Э гэдэг хүн дээр хуваарилагдсан байна. Гэтэл энэхүү шүүгч эмэгтэй нь жирэмсний амралт авсан байх тул уг иргэний хэрэг нь шүүгч Ж.Эгэдэг хүн дээр хуваарилагдсан байна. Улмаар уг хэргийн нэхэмжлэгч Э.Э нь Б гэгч этгээдийн удаа дараагийн гүтгэлэг гүжирдлэгийг таслан зогсоохын тулд дээрх бичиг баримт буюу Зээлийн гэрээний сунгалт гэсэн баримт бичгийн эх хувь дээр бичигдсэн “Уншиж танилцсан” гэсэн бичвэрийг Б гэгч этгээд бичсэн эсэхийг албан ёсоор тогтоолгохоор болсон байна. Өөрөөр хэлбэл уг хэргийн нэхэмжлэгч Э.Э нь танай шүүхэд буюу Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хүсэлт гаргаж, Зээлийн гэрээний сунгалт гэсэн баримт бичгийн эх хувь дээр бичигдсэн “Уншиж танилцсан” гэсэн бичвэрийг Б гэгч этгээд бичсэн эсэхийг тогтоолгохын тулд Цагдаагийн ерөнхий газрын харьяа Криминалистикийн шинжилгээний үндэсний төвийн шинжээчдийг шинжээчээр томилж, шинжээчийн дүгнэлт гаргаж өгнө үү гэсэн хүсэлтийг гаргажээ. Түүний энэ хүсэлтийг хангаж шүүгчийн захирамж гарч, албан ёсоор шинжээч томилогдсон байна. Уг шинжээчийн дүгнэлтээр дээрх баримт бичиг буюу Зээлийн гэрээний сунгалт гэсэн баримт бичгийн эх хувь дээр бичигдсэн “Уншиж танилцсан” гэсэн бичвэрийг Б гэгч этгээд бичсэн болох нь албан ёсоор тогтоогдоно гэдэгт нотариатч миний бие нь 100 хувь итгэлтэй байна. Иймд Л.Б гэгчийн зүгээс танай шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “Уг маргаан 2 жил үргэлжилж байна. Одоогоос 4 жилийн өмнө 2016 оны 09 сард болон 10 сард 45 000 000 төгрөгийг Л.Б нь Э гэж хүнээс зээлдэн авсан ба зээлээ эргэн төлөхгүй байсан. Ингээд Баянгол дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргах гээд сунгалтын эх хувиа өгөхгүйн тулд баримт бичгийн хуулбар үнэнг нотиаратчаар баталгаажуулсан. Энэ нь бүүр 2018 оны 12 сарын 29 ний өдөр бөгөөд хуулбар үнэн болохоос уг гэрээ хэлцлийн үнэн зөвийг баталгаажуулсан үйлдэл биш тул Х.Н ямар ч хууль зөрчөөгүй. Нотиаратч 7 төрлийн зүйлийг баталдаг тэрний нэг нь баримт бичгийн хуулбар үнэн бөгөөд сая үзлэгээр хуулбар үнэн байна гэдгийг баталгаажууллаа шүү дээ. Баримт бичиг гэдэг бол нэг талаар гэрээ хэлцэл байж болох ч манай тохиолдол хуулбар үнэн л тэмдэг тул хэрэгсэхгүй болгож өгнө үү “гэв

 

        Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                                   ҮНДЭСЛЭХ нь:

 

            Шүүх нэхэмжлэгч Л.Бгийн  гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж  шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч нь 2018 оны 12 дугаар сарын 29-ны өдрийн “2016 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн болон 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн гэрээний сунгалт” гэх нэртэй хэлцлийн хуулбар үнэнг баталгаажуулсан нотиаратын үйдлийг хүчингүйд тооцуулахыг  хүссэн нэхэмжлэлийг хариуцагч Х.Нд холбогдуулан гаргасан байна.

            Хариуцагч Х.Н  “ баримт бичгийн хуулбарыг батлах гэрчлэх тохиолдолд тухайн баримт бичгийн анх үйлдэхэд оролцсон этгээдүүдийг нотариат миний бие нь албан өрөөндөө дуудан авчрах, өөрсдийг нь байлцуулах ямар ч шаардлагагүй бөгөөд тийм хуулийн зохицуулалт огт байхгүй” гэдэг үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрдөггүй.

            2016 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн болон 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрөөр огноолсон Гэрээний сунгалтыг 2018 оны 12 дугаар сарын 29-ний өдөр 1950, 1951 дугаарт бүртгэн хуулбар үнэн тэмдэг дарж, Хан-Уул дүүргийн 000 дугаартай тойргийн нотариатч баталгаажуулсан болох нь талуудын тайлбар, үзлэг хийсэн тэмдэглэлээр тогтоогдож байна. Нэхэмжлэгч тал уг сунгалтыг гэрээ хэлцэл гэж үзээд талуудыг байлцуулж  баталгаажуулах ёстой байсан гэж нэхэмжлэлээ дэмждэг бол хариуцагч нь уг сунгалтыг баримт бичиг учраас эх хувьтай нь тулгаад хуулбар үнэнг баталгаажуулсан тул талуудыг оролцуулах шаардлагагүй гэж татгалздаг. 

           Хэдийгээр хариуцагч нь татгалзлын үндэслэлээ баримт бичгийн хуулбар үнэнг гэрчилсэн болохоос гэрээний үнэн зөвийг гэрчлээгүй гэж тайлбарлаж байх боловч шүүх уг сунгалтуудыг гэрээ хэлцэл байна гэж үзлээ. Нотиаратын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.9-т “баримт бичгийн хуулбарыг болон орчуулгыг гэрчлэх үйл ажиллагаа “нотиаратын үйлдлийн нэг төрөл мөн болохыг заагаад мөн хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-т ” ...хуулбарыг эх хувьтай нь тулган шалгасны үндсэн дээр гэрчилнэ” гэж заасан байх ба хэрвээ тус сунгалтуудыг бичиг баримт гэж үзвэл нотиаратын үйлдлийг буруутгах боломжгүй.

            Гэтэл бичиг баримт гэдэг бол  гуравдагч хөндлөнгийн этгээд харсан  ямар ч маргаангүй зүйл, бичиг  байдаг тул хууль тогтоогч үүнийг баталгаажуулахад эх хувьтай тулгаад талуудыг дуудах шаардлагагүй байхаар хуульчилжээ. Баримт бичиг гэдэг үгийн утгыг Монгол хэлний их тайлбар тольд “тодорхой мэдээллийг дамжуулах, хадгалах зорилгоор тусгайлан бүтээсэн бодит зүйл, бичиг” гэж тайлбарлажээ. Харин уг гэрээний сунгалтууд нь ямар ч маргаангүй байх нь эргэлзээтэй буюу түүн дээр зурагдсан зээлдэгч талын гарын үсэг нь тухайн этгээдийнх мөнүү гэдгийг нотариатч магадлах боломжгүй байхад баталгаажуулах үйлдэл хийж байгаа нь буруу байна. Уг сунгалтууд нь  2 талд үр дагавар авчрах гэрээ хэлцэл гэдэг нь маргаангүй бөгөөд нотиарат талуудыг байлцуулахгүйгээр хуулбар үнэн эсхүл  гарын үсгийн үнэн зөв аль ч байдлаар баталгаажуулах үйлдэл хийж болохгүй юм. Өөрөөр хэлбэл Нотариатын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.9-т баримт бичгийн хуулбарыг л хуулбар үнэн байдлаар баталгаажуулах зохицуулалт байхад түүнийг зөрчиж гэрээ хэлцлийг хуулбар үнэн байдлаар баталгаажуулсан байгаа нь Нотариатын тухай хуулийн 31.1 дүгээр зүйлийн 31.1.6-д заасан “бусад үндэслэл” гэдэгт хамаарч байх тул хүчингүйд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

                                                                                                        ТОГТООХ нь:

 

1. Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т  зааснаар 2016 оны 10 дугаар сарын 27-ны болон 2016 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн зээлийн гэрээний сунгалтуудыг хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажуулсан нотариатч Х.Н-гийн үйлдлийг хүчингүйд тооцсугай.

 

          2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140.400 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Х.Н-гаас 140.400 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг, шийдвэрийг зохигчид, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгчид гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

              ДАРГАЛАГЧ                                              О.ЧУЛУУНЧИМЭГ