Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 183/ШШ2019/02748

 

2019 оны 12 сарын 13 өдөр

                Дугаар 183/ШШ2019/02748

                    Улаанбаатар хот

 

 

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Сэмжид даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Б-гийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Н-д холбогдох,

 

Нотариатчийн үйлдлийг хүчингүй болгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: .......... нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б-гийн шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч ...... шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Э-той 2016 оны 6 дугаар сарын 06-ны өдөр, 2016 оны 6 дугаар сарын 27-ны өдөр тус тус зээлийн гэрээ байгуулж, мөнгө зээлсэн. Дээрх 2 зээлийн гэрээний үлдэгдэл төлбөрийг хугацаандаа төлж чадаагүй тул зээлдүүлэгч Э нь шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Гэтэл нэхэмжлэлд хавсаргасан материалд миний хийгээгүй зээлийн гэрээний сунгалт гэсэн баримтыг хавсаргасан байх бөгөөд энэхүү баримтыг Х дүүргийн нотариатч Н баталгаажуулжээ. Миний бие тус зээлийн гэрээний сунгалт гэсэн баримтыг хийгээгүй, тийм гэрээ хийх хүсэл зориг байхгүй байхад зээлдүүлэгч тухайн үед хоосон цаасан дээр гарын үсэг зуруулж, дараа нь нөхөн бичиж нотариатаар баталгаажуулсан байна. Тус гэрээ, хэлцлийг нотариатаар баталгаажуулах үед миний бие байлцаагүй. Нотариатын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т “Нотариатч гэрээ хэлцэл гэрчлэхдээ хуульд нийцсэн болон талуудын хүсэл зоригийн илэрхийлэл мөн эсэхийг нягтлан, талуудын тэгш эрхийн хүрээнд гэрээ байгуулагдсан эсэх, агуулга нь үйлчлүүлэгчийн хүсэл зоригийг бүрэн илэрхийлж чадсан эсэх, үүсэх үр дагаварт бодитой хандсан эсэхийг нягтлах үүрэгтэй” гэж заасныг зөрчсөн байна. Дээрх гэрээний сунгалтаас болж би зээлдүүлэгчид их хэмжээний хүүгийн төлбөр төлөх ёстой болоод байна. Иймд миний эзгүйд 2016 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн Зээлийн гэрээний сунгалт гэх 2016 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн хэлцлийг гэрчилсэн нотариатчийн үйлдлийг, мөн 2016 оын 6 дугаар сарын 27-ны өдрийн Зээлийн гэрээний сунгалт гэх 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн хэлцлийг гэрчилсэн нотариатчийн үйлдлийг тус тус хүчингүй болгож өгнө үү гэв.

Хариуцагч Н-гийн шүүхэд гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч ..... шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Зээлийн гэрээний сунгалт гэсэн баримтын хуулбарыг баталсан ба энэ үйлдэл нь Нотариатын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.9-т “Баримт бичгийн хуулбарыг гэрчлэх” гэсэн нотариатчийн үйлдлийн нэг төрөл юм. Тиймээс нотариатч миний үйлдэл нь хууль ёсны үйлдэл бөгөөд Нотариатын тухай хуулийн 49 дүгээр зүйлд зааснаар тухайн үйлдлийг хийхэд гэрчлэх гэж буй баримт бичгийн эх хувийг өөрийн нүдээр харж, эх хувьтай тулгаж шалгасны дараа тухайн хуулбар хувийг үнэн хэмээн баталгаажуулсан. Дээрх тохиолдолд нотариатч миний бие иргэн Б, Э-ыг хамт байлцуулах, гарын үсгийг нь зуруулах шаардлагагүй бөгөөд гэрээ, хэлцэл гэрчлээгүй, харин баримт бичгийн хуулбар гэрчилсэн юм. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Э- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б-гийн нэхэмжлэлийн зорилго нь миний гаргасан нэхэмжлэлийг түдгэлзүүлэх, удаашруулах, төлбөрөө төлөхөөс зайлсхийж байна. Б бид хоёр уулзаж байгаад уг зээлийн гэрээний сунгалтыг хийсэн тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Б-гийн нэхэмжлэлтэй, Н-д холбогдох, нотариатчийн үйлдлийг хүчингүй болгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

 

            Х дүүргийн тойргийн нотариатч Н нь 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Нотариатын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.9, 49 дүгээр зүйлийн 49.1-д зааснаар Э, Б нарын хооронд байгуулагдсан 2016 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн Зээлийн гэрээний хугацааг сунгах талаарх “2016 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн Зээлийн гэрээний сунгалт”-ын, мөн 2016 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн Зээлийн гэрээний хугацааг сунгах талаарх “2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн Зээлийн гэрээний сунгалт”-ын баримт бичгийн хуулбарыг гэрчилсэн, мөн уг үйлдлийг хийхдээ Б-г байлцуулаагүй талаар зохигчид маргаагүй болно.

 

            Э, Б нарын хооронд байгуулагдсан 2016 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн Зээлийн гэрээний сунгалтаар, 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн Зээлийн гэрээний сунгалтаар “2016 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн зээлийн гэрээ, мөн 2016 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн зээлийн гэрээ”-ний үүргийг гүйцэтгэх хугацааг үргэлжлүүлэн сунгасан нь гэрээний талуудын хүсэл зоригийн илэрхийлэл бөгөөд үүргээ хугацаанд нь биелүүлэх, биелүүлэхээс татгалзах, хугацаа хэтрүүлснээс үүсэх үр дагавар, үүрэг гүйцэтгээгүйгээс хүлээх хариуцлага байх тул 2016 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн Зээлийн гэрээний сунгалт, 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн Зээлийн гэрээний сунгалт нь гэрээ, хэлцэлд хамаарах юм.

 

            Х дүүргийн тойргийн нотариатч Н-гийн “Э, Б нарын хооронд байгуулагдсан 2016 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн Зээлийн гэрээний сунгалт, 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн Зээлийн гэрээний сунгалт”-ыг 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр /гэрээний нэг тал Б-г байлцуулахгүйгээр/, Нотариатын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.9, 49 дүгээр зүйлийн 49.1-д зааснаар баримт бичгийн хуулбар гэж гэрчилсэн үйлдэл нь Нотариатын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2, 46.8-д “...хэлцэлд нэмэлт өөрчлөлт оруулсан, хугацааг сунгасан...”, 31 дүгээр зүйлийн 31.1, 31.1.6, Нотариатын үйлдэл хийх зааврын 3 дугаар зүйлийн 3.2.2, 5 дугаар зүйлийн 5.8-д заасныг зөрчсөн байна.

 

            Иймд Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т зааснаар Хан-Уул дүүргийн тойргийн нотариатч Н-гийн 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр “Э, Б нарын хооронд байгуулагдсан 2016 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн Зээлийн гэрээний сунгалт, 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн Зээлийн гэрээний сунгалт”-ыг баримт бичгийн хуулбар гэж гэрчилсэн үйлдлийг хүчингүй болгох нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т заасныг баримтлан “Э, Б нарын хооронд байгуулагдсан 2016 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн Зээлийн гэрээний сунгалт, 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн Зээлийн гэрээний сунгалт”-ыг баримт бичгийн хуулбар гэж 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр гэрчилсэн Х дүүргийн тойргийн нотариатч Н-гийн нотариатын үйлдлийг хүчингүйд тооцсугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Б-гаас улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н-гаас улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Ж.СЭМЖИД