Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 330

 

                                                                           

Д.Э-т холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн  танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор О.Сарангэрэл, нарийн бичгийн дарга М.Билгүтэй нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 68 дугаар шийтгэх тогтоол, Дархан-Уул аймгийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 40 дүгээр магадлалтай, Д.Э-т холбогдох 17180004490439 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн гаргасан гомдлыг үндэслэн 2019 оны 06 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч Ч.Хосбаярын танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1990 онд төрсөн, 29 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, Дархан-Уул аймаг дах сум дундын шүүхийн 2013 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 129 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2-т зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 51 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 7,160,400 төгрөгөөр торгох ял шийтгүүлж байсан Б овогт Д-ын Э нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан “Хүн амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах” гэмт хэрэгт холбогджээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Д.Э-ийг хүн амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар 2 жил хорих ял шийтгэж, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Дархан-Уул аймгийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Э-ийн давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Д.Э гаргасан гомдолдоо “Миний бие эх, дүү, хүүгийн хамт амьдардаг бөгөөд манайд надаас өөр ажил хийх хөдөлмөрийн чадвартай хүн байхгүй, өрхийн амьжиргаа тогтоох түвшингээс доогуур орлоготой өрхөд багтдаг. Эх Г нь нойр булчирхайн хүнд өвчтэй, удаа дараа уушгинаас ус авахуулснаас ажил хөдөлмөр хийх боломжгүй болсон гэрт байдаг бол хоёр дүү маань дунд сургуульд суралцдаг, хүү мань 4 настай юм. Миний хувьд хохирогч Х.Э-ын гар утас болон бэлэн мөнгийг авсан гэмт хэргийг үйлдсэндээ гэмшиж, өөрийн үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч гэмшиж байна. Цаашид дахин гэмт хэрэг үйлдэхгүй гэдгээ ухамсарлан амлаж байна. Иймд хөнгөн ял оногдуулж өгнө үү” гэжээ. 

Хяналтын шатны шүүх хуралдаанд хяналтын прокурор О.Сарангэрэл гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “Анхан шатны шүүх хэрэгт цугларсан болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтад тулгуурлан хэргийн үйл баримтыг тогтоож, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна. Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Д.Э-ийн гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх болон шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Анхан шатны шүүх шүүгдэгч Д.Э-ийг 2017 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Нүүдэлчин” зочид буудлын 304 тоот өрөөнд М.Энхбатын эзэмшлийн “Самсунг Эс-7” загварын гар утас, бэлэн 120,000 төгрөгийг тус тус авч, 620,000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад тулгуурлан тогтоосон боловч үйл баримтад хийсэн эрх зүйн дүгнэлт үндэслэл муутай болжээ.

Хулгайн гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч үйлдвэл учруулсан хохирлын хэмжээнээс үл хамааран шүүгдэгчийн эрх зүйн байдлыг ноцтой хүндрүүлэн үзэх тул хууль бус нэвтрэлтийн талаар зайлшгүй дүгнэлт хийх шаардлагатай бөгөөд нэвтрэн орсон газрын онцлог, нэвтэрсэн арга, саад, хамгаалалтыг даван туулсан, түгжээ хаалт, дохиоллыг эвдсэн, салгасан байдал,  зорьсон санаа сэдэлт зэрэгт ач холбогдол өгч байх нь зүйтэй.

Шүүгдэгч Д.Э нь хохирогч М.Э-ын байрлаж байсан зочид буудлын өрөөнд тамхи гуйхаар орсон гэх үйл баримт нотлох баримтаар үгүйсгэгдэж няцаагдаагүй учир хохирогчийн эд зүйлийг авах сэдэлт, санаа буудлын өрөөнд орсны дараа үүссэн гэж үзэх бөгөөд энэ тохиолдолд хулгай хийх зорилгоор нэвтэрсэн гэж үзэхгүйн дээр хулгайн гэмт хэргийг хүндрүүлэн зүйлчлэх үндэслэлгүй тул хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн гэх агуулгад хамаарна. Хохирогчийн өрөөний хаалга түгжээгүй байсан нь гэрчүүдийн мэдүүлэг болон камерийн бичлэгээр хөдөлбөргүй тогтоогдсон  болно.

Хуульд заасан үндэслэл, журмын дагуу олж авсан баримтат мэдээллийг нотлох баримт гэж үзэх бөгөөд хэрэв энэхүү журмыг зөрчиж олж авсан бол нотлох баримтаар тооцохгүй байхаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.11 дүгээр зүйлд 1.1-д хуульчилжээ. Өөрөөр хэлбэл хуульд заасан журмыг зөрчиж олж авсан нотлох баримт нотолгооны ач холбогдлоо алдах бөгөөд шүүх уг баримтыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох учиргүй юм.

Мөрдөн шалгах ажиллагааны үед Д.Э-ийг 4 удаа гэрчээр байцаахдаа үйлдсэн гэмт хэргийн талаар тодруулах байдлаар яллах талын нотлох баримтыг цуглуулж, улмаар гэрчээр өгсөн мэдүүлгүүдийг өөрийнх  нь эсрэг ашиглан яллагдагчаар татаж байцаасан байна. Энэ тохиолдолд гэрчийн эдгээр мэдүүлгийг нотлох баримтаас хасаж буй боловч яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ үйлдсэн гэмт хэргийн талаар хүлээн зөвшөөрсөн, камерийн бичлэг болон түүнд бичигдсэн хохирогч М.Энхбатын түр байрлаж байсан зочид буудлын өрөөнд орсон эмэгтэй өөрөө болохыг хожим хүлээж гэм буруудаа гэмшсэн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хангалттай баримт гэж үзнэ.

Прокуророос шүүгдэгч Д.Э-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг мөн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчлэхээр шийдвэрлэлээ.

Иймд шүүгдэгч Д.Э-ийн ялыг хөнгөрүүлэх гомдлыг хангаж, түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, бага насны хүүхэдтэй зэрэг хувийн байдлыг нь харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн өөрчлөлтийг анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзсэн болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 68 дугаар шийтгэх тогтоол, Дархан-Уул аймгийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 40 дүгээр магадлалд:

“Прокуророос шүүгдэгч Д.Э-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчилсүгэй”,

“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан шүүгдэгч Д.Э-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, энэ хугацаанд хяналт тавихыг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай”,

“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Э нь тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдвэл тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг анхааруулсугай” гэсэн нэмэлт өөрчлөлтийг тус тус оруулсугай.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн шүүгдэгч Д.Э-ийг гэм буруутайд тооцсон, хорих ял оногдуулсан болон хорих ял эдлэх дэглэмийг тогтоосон, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан 1, 2, 3, 7 дахь заалтыг бүхэлд нь тус тус хүчингүй болгож, түүнийг нэн даруй сулласугай.

 

                      

             ДАРГАЛАГЧ                                                 Б.ЦОГТ

             ШҮҮГЧ                                                          Б.БАТЦЭРЭН

                                                                                   Д.ГАНЗОРИГ

                                                                                   Ч.ХОСБАЯР

                                                                                   Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН