| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сономдовчингийн Энхтөр |
| Хэргийн индекс | 181/2019/03383/И |
| Дугаар | 737 |
| Огноо | 2020-04-01 |
| Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 04 сарын 01 өдөр
Дугаар 737
“М-” ХХК болон Г.З- нарын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Б.Нармандах, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 181/ШШ2020/00400 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч “М-” ХХК болон Г.З- нарын хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан гаргасан Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, бага тойруу /14200/, Ерөнхий сайд Амарын гудамж, 22 дугаар хаягт байрлах 5676,7 м.кв талбайтай, хувийн сууц, конторын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2020 оны 03 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 181/ШШ2018/00020 дугаар шийдвэрээр “М-” ХХК-иас 3 359 706 060 төгрөгийг гаргуулж “Төрийн банк” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Тус шийдвэрийн 2 дахь заалтаар барьцаа хөрөнгө болох Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Бага тойруу, Ерөнхий сайд А.Амарын гудамж 22 дугаар байр 5676.7 м.кв талбайтай барилга, Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороонд байрлах 1482 м.кв талбайтай контор, орон сууцны зориулалттай газрыг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэсэн. Дээрх шийдвэрийг албадан гүйцэтгэхээр барьцаа хөрөнгө болох дээрх маргаан бүхий эд хөрөнгийг хотын А зэрэглэлийн бүсэд байрлах тодруулбал Засгийн газрын ордны баруун талд байрлах 1482 мкв газар, контор, орон сууцны зориулалттай 11 давхар барилгыг бүхэлд нь 22 295 000 000 төгрөгөөр үнэлүүлсэн нь нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчиж байна. Учир нь нэхэмжлэгч нь ашиглах эрх бүхий 1482 мкв талбайтай газар нь хотын А зэрэглэлийн бүсэд байрлалтай уг газар дээр нэхэмжлэгч 11 давхар контор, орон сууцны зориулалттай барилгыг барьж ашиглалтад оруулсан бөгөөд одоогийн ханшаар 70 000 000 000 төгрөгөөр үнэлэгдэж байгаа. Гэтэл Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас нэхэмжлэгч нарын ашиглах эрх бүхий газар, 11 давхар барилгыг ердөө 22 295 000 000 төгрөгөөр үнэлж байгаа нь үндэслэлгүй юм. Иймд “Виннэр Вэй” ХХК-ийн 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн Ш-11/10 дугаартай үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага дэмжиж байна. “Виннэр Вэй” ХХК-ийг шинжээчээр томилсон юм уу? эсвэл тусдаа тамгатай н.Бат-Эрдэнэ гэх хүн үнэлгээ гаргасан юм уу энэ нь тодорхойгүй байна. Мөн шинжээчид хууль сануулахдаа хүчингүй хууль сануулсан байна. Иймд нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 181/ШШ2018/00020 дугаар шийдвэрээр “М-” ХХК-иас 3 359 706 060 төгрөгийг гаргуулж Төрийн банкинд олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдөр үүсгэж, төлбөр төлөгч “М-” ХХК, С.З- нарт шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх хугацаатай мэдэгдлийг гардуулсан боловч төлбөрийг барагдуулаагүй тул үүргийн гүйцэтгэлд барьцаалсан төлбөр төлөгч “М-” ХХК-ийн гүйцэтгэлд барьцаалсан эрхийн улсын бүртгэлийн Ү-2203019076 дугаарт бүртгэгдсэн Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, бага тойруу, Ерөнхий сайд А.Амарын гудамж. 22 дугаар байр 5676.7 мкв талбайтай барилга, эрхийн улсын бүртгэлийн 000515487 дугаар гэрчилгээтэй 1482 мкв талбайтай контор, орон сууцны зориулалттай газрын хамт битүүмжилж хураасан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлд заасны дагуу хөндлөнгийн шинжээч томилж үл хөдлөх эд хөрөнгөнд “Виннэр Вэй” ХХК-иар үнэлгээг тогтоолгосон. Тус хуулийн 62 дугаар зүйлд заасны дагуу хөндлөнгийн шинжээчийн томилоход төлбөр төлөгч “М-” ХХК-ийн гүйцэтгэлд барьцаалсан эрхийн улсын бүртгэлийн Ү-2203019076 дугаарт бүртгэгдсэн Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, бага тойруу, Ерөнхий сайд А.Амарын гудамж 22 дугаар байр 5676.7 мкв талбайтай барилга, эрхийн улсын бүртгэлийн 000515487 дугаар гэрчилгээтэй 1482 мкв талбайтай контор, орон сууцны зориулалттай газрын хамт шинжээчийн үнэлгээ болох 22 295 000 000 төгрөгийг үнэлсэн. Төлбөр төлөгч “М-” ХХК, С.З- нарт 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 4/25675, 4/25673 дугаартай үнэлгээний мэдэгдлийг баталгаат шуудангаар хүргүүлсэн. Нэхэмжлэгч нар нь барьцаа хөрөнгөө 3 359 706 060 төгрөгөөр үнэлсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн дагуу хөндлөнгийн шинжээч томилоход хөндлөнгийн шинжээч зах зээлийн үнэ болох 22 295 000 000 төгрөгөөр үнэлсэн. Иймд шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлэхээр хуулийн дагуу явагдаж байгаа шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үндэслэлгүйгээр хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэгч “М-” ХХК, С.З- нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасныг баримтлан хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газрын Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, бага тойруу /14200/, Ерөнхий сайд Амарын гудамж, 22 дугаар хаягт байрлах 5676,7 м.кв талбайтай, хувийн сууц, конторын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн “Виннер Вэй” ХХК-ийн үнэлгээ тогтоох ажиллагааг хүчингүй болгож, шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд хэвээр байхыг дурьдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөр дараах гомдлыг гаргаж байна. Нэхэмжлэгч нарын зүгээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ миний ашиглах, эзэмших эрх бүхий 1482 м.кв талбайтай газар нь хотын А зэрэглэлийн бүсэд байрлалтай уг газар дээрээ миний бие 11 давхар контор. орон сууцны зориулалттай барилгыг бариж ашиглалтанд оруулсан бөгөөд тухайн газар болон барилгын өнөөгийн зах зээлийн ханш нь 70 000 000 000 төгрөгөөр үнэлэгдэиэ хэмээн үзсэн баидаг. Гэтэл Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас миний ашиглах эрх бүхий газарт, 11 давхар барилгыг минь ердөө 22 295 000 000 төгрөгөөр үнэлж байгаа нь үндэслэлгүй хэмээн нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон байдаг. Шүүхийн зүгээс хэдийгээр нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн ч маргааны гол агуулга нэхэмжлэлийн шаардлага болох үнэлгээг дахин шүүхийн журмаар үнэлүүлэх дүгнүүлэх шаардлагатай байгааг шүүх анхаарч үзээгүй байна. Нэхэмжлэгчийн зүгээс 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн шинжээч томилуулах хүсэлт гаргасан ба гол агуулга нь шүүхийн бус журмаар шинжээч томилсон хуульд нийцээгүй үнэлгээг хүчингүй болгож бодитоор шүүхийн журмаар үнэлүүлж дүгнүүлэх шаардлагатай хэмээн үзсэн байдаг. Мөн нэхэмжлэгч нарын зүгээс 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн шинжээч томилуулах хүсэлтийг хүчингүй болгосон захирамжид өөрчлөлт оруулж шинжээч томилуулах тухай хүсэлтийг 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр гаргасныг мөн адил хүлээж аваагүй нь нэхэмжлэгч нарын зөрчигдсөн эрхээ сэргээлгэх хуулиар олгосон эрхийг ноцтой зерчсөн үйлдэл болсон байдаг. Шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт: "...2002 оны Эрүугийн хууль нь 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хүчингүй болсон бөгөөд хүчингүй хуулийн зүйл, заалт тайлбарлаж, гарын үсэг зуруулсан нь Шүүхийи шинжилгээний тухай хуулийн 8 дугаар зүйл 8.3-т заасныг зөрчсөн байх тул үнэлгээг хүчингүй болгох үндэслэлтэй байна..." хэмээн дүгнэсэн байдаг. Гэтэл Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 8 дугаар зүйл нь Шинжилгээг шүүхийн шинжилгээний байгууллагаар хийлгэх тухай хуулийн заалт бөгөөд энэхүү хуулийн заалт нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхээс шинжээч томилохдоо хэрэглэвэл зохих хуулийн зохицуулалт юм. Манай хэрэг маргаанд шүүхийн зүгээс шинжээч томилсон зүйл байхгүй бөгөөд маргаан бүхий шинжилгээг Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасан шинжилгээг шүүхийн шинжилгээний байгууллагаас гадуур хнйлгэсэн явдал юм. Өөрөөр хэлбэл Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас '"Виннэр Вэй" ХХК-ийг шинжээчээр томилсон бөгөөд дээрх шинжээчийн эрхтэй энэхүү байгууллага нь шүүхийн шинжилгээний байгууллагаас гадуур хийлгэсэн буюу шүүхийн зүгээс Шүүхийн шинжилгээний байгууллагын 9 дүгээр зүйлд заасан хуулийг баримталж үнэлэлт дүгнэлт өгөх нь зүйтэй байсан боловч хэрэглэвэл зохих хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлаж хэрэглэж чадаагүй ба анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйл 116.2 дах хэсэгт заасан шаардлагыг хангаагүй гэж үзэж байна. Иймд дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийн анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, зохигчдын хоорондын маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.
Нэхэмжлэгч “М-” ХХК, Г.З- нар нь хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, бага тойруу /14200/, Ерөнхий сайд Амарын гудамж, 22 дугаар хаягт байрлах 5 676,7 м.кв талбайтай, хувийн сууц, конторын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэж маргажээ.
Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 181/ШШ2018/00020 дугаар шийдвэрээр “М-” ХХК-иас 3 359 706 060 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Төрийн банк” ХХК-д олгож шийдвэрлэсэн нь хүчин төгөлдөр болжээ./хэргийн 10 дугаар тал/ Төлбөр төлөгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг биелүүлэх үүрэгтэй.
Нэхэмжлэгч М- ХХК нь дээрх шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тул шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 01-ний 1004 дугаартай гүйцэтгэх хуудсыг үндэслэн, 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдөр шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг эхлүүлэн, Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, бага тойруу /14200/, Ерөнхий сайд Амарын гудамж, 22 дугаар хаягт байрлах 5676,7 м.кв талбайтай, хувийн сууц, конторын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 2019 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 19280046/153 тоот Эд хөрөнгө битүүмжилж, 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдөр 19230046/153/01 тоот тогтоолоор хураасан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4, 54 дүгээр зүйлийн 54.1 дэх хэсэгт заасанд нийцжээ.
Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу төлбөр авагч болон төлөгч нар барьцааны хөрөнгийн үнийн талаар тохиролцоогүй тул хариуцагч нь 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 368 дугаар тогтоолоор “Виннер Вэй” ХХК-ийг шинжээчээр томилж, барьцаа хөрөнгийг 22 295 000 000 төгрөгөөр үнэлсэн байна./хэргийн 123-163 дугаар тал/
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ шинжээчид эрх үүргийг тайлбарлахдаа хүчингүй болсон 2002 оны Эрүүгийн хуулийн 254, 255 дугаар зүйлийг тайлбарлан гарын үсэг зуруулсан нь процесс зөрчсөн гэж тайлбарлажээ.
Хэргийн 121 дүгээр талд авагдсан шинжээчийн танилцуулга болон хууль тайлбарласан тухай баримтаас үзэхэд хариуцагч байгууллага нь 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 8, 9 дүгээр зүйлд заасан ажиллагааг гүйцэтгэж, шинжээчид эрх, үүргийг тайлбарлахдаа 2002 оны Эрүүгийн хуулийн 254, 255 дугаар зүйлийг тайлбарлан гарын үсэг зуруулснаар эрх, үүрэг, хариуцлагыг нь урьдчилан сануулж, гарын үсэг зуруулах тухай хуулиар тогтоосон журмыг зөрчсөн гэж анхан шатны шүүх дүгнэж, үнэлгээг хүчингүй болгож шийдвэрлэсэнд хариуцагч байгууллагын зүгээс гомдол гаргаж маргаагүй. Иймд давж заалдах шатны энэ талаар дүгнэлт хийж, шүүхийн шийдвэрийг өөрчлөлт оруулах шаардлагагүй гэж үзлээ.
Түүнчлэн, талууд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн үнэлгээний талаар маргасан байх бөгөөд уг үнэлгээ хийсэн ажиллагаагаа анхан шатны шүүхэд хүчингүй болгуулах тохиолдолд шүүхээс уг эд хөрөнгөнд үнэлгээ хийлгэхээр шинжээч томилох шаардлагагүй, ийнхүү үнэлгээ хийх нь хэрэгт ач холбогдолтой биш байна. Иймд хэргийн оролцогчийн хүсэлтээр нотлох баримт бүрдүүлэх тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дах хэсэгт заасныг анхан шатны шүүх зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй. Тодруулбал, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөрт хураагдсан эд хөрөнгийг үнэлсэн үнэлгээг анхан шатны шүүхээс хүчингүй болгон шийдвэрлэсэн тохиолдолд шүүхээс уг хөрөнгийг үнэлүүлэх ажиллагааг явуулах хууль зүйн үндэслэл байхгүй болно. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн дахин шинжээч томилж, дүгнэлт гаргуулах тухай хүсэлтийг анхан шатны шүүх хангахаас татгалзсан нь зөв. Энэ талаар гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй.
Дээрх үндэслэлээр нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 181/ШШ2020/00400 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд нэхэмжлэгчийн нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ
ШҮҮГЧИД Б.НАРМАНДАХ
С.ЭНХТӨР