Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 925

 

 

 

 

 

 

 

 

 

Ц.Э-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч Д.Байгалмаа, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 183/ШШ2020/00410 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Ц.Э-ын хариуцагч “Н-” ХХК холбогдуулан орон сууцны талбайн зөрүүд 36 797 838 төгрөг, алдангид 700 000 төгрөг, нийт 37 497 838 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг, нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие танай компанитай 2012 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр RG17531451 дугаартай “Орон сууцны захиалга, хөрөнгө оруулалтын гэрээ”-г байгуулан тус компанийн барьж байсан “RIVER GARDEN орон сууцны 314 дүгээр байрны 5 дугаар давхарын 51 тоот хаягт байрлах 138.4 м.кв талбай бүхий орон сууцыг 440 900 000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож тодорхой хэмжээний хөнгөлөлт эдлэн орон сууцны захиалагын гэрээний төлбөрийг бүрэн төлж гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлсэн.Гэрээний дагуу хариуцагч “Н-” ХХК нь уг орон сууцыг 2014 оны 01 дүгээр улиралд багтаан улсын комисст хүлээлгэн өгч, ашиглалтанд оруулан улмаар захиалагчид хүлээлгэн өгөх үүргийг хүлээсэн боловч өнөөдөрийг хүргэл гухайн байрыг хүлээлгэн өгсөн актыг үйлдэж баталгаажуулаагүй, захиалсан орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг гаргаж өгөлгүй хохироосоор байна. Мөн миний бие захиалсан орон сууцыг гэрээнд заасан хугацаандаа багтааж ашиглалтанд оруулаагүй, хугацаа хэтрүүлсэн талаар хариуцагчид мэдэгдэж байсан бөгөөд хэтэрсэн хугацааны алдангийг тооцож төлнө гэсэн боловч өнөөдөрийг хүртэл төлөлгүй чирэгдүүлсээр байгаад гомдолтой байна. Ц.Э- би 2019 оны 4 дүгээр сарын 09-ны өдөр “Скайн-Лайн” ХХК-нд талбайн хэмжилт хийлгэхээр хандсан бөгөөд орон сууцны хэмжээг 126.85 м.кв байна гэж гаргасан бөгөөд анх миний захиалсан 138.4 м.кв талбайн хэмжээнд хүрэхгүй байгаа ба захиалсан талбайгаас нийт 11.55 м.кв талбайн зөрүү гарсан бөгөөд энэ талаар хариуцагч “Н-” ХХК-нд бичгээр мэдэгдэж байсан боловч м.кв-ын талбайн зөрүүг төлөхгүй, шүүхэд хандах эрх нээлттэй гэсэн хариу өгсөн болно.Миний бие хариуцагчид 11.55 м.кв талбайн зөрүүд илүү 440 900 000 төгрөг болох бөгөөд 11.55 х 3.179.200= 36 719 760 төгрөгийг илүү төлж хохирсон байна. Хэрэв анх захиалсан талбайн хэмжээ дутуу гэдгийг мэдэж байсан бол илүү мөнгө төлж давхар хохирохгүй байх байсан.Нөгөө талаар “Н-” ХХК нь бусадтай гэрээ байгуулан талбайн хэмжээг бүрэн гүйцэд гэж итгүүлэн захиалагч нараас илүү мөнгө авж бусдыг хууран мэхлэх замаар залилж байна гэж үзэх үндэслэл бүхий эргэлзээг төрүүлж байх тул цаашид миний зүгээс “Н-” ХХК-ний барьсан орон сууцны хороололын нийт оршин суугчид болон СӨХ, ашиглалтын контор зэрэгт мэдэгдэх, цаашлаад хуульд заасан арга хэлбэрээр хэвлэл мэдээлэлийн хэрэгслээр тэдний энэхүү хууль бус үйлдэлийн талаар мэдээлэх болно.“Н-” ХХК нь оршин суугч, захиалагч, иргэдийг гэрээний дагуу дээрх байдлаар хууран мэхэлж үндэслэлгүйгээр хөрөнгөжиж болохгүй гэж үзэж байна.Иймд хариуцагч “Н-” ХХК-наас орон сууцны захиалга, хөрөнгө оруулалтын гэрээний дагуу илүү төлсөн м.кв-ын зөрүү үнэ болох 36 797 838 төгрөг, алданги 700 000 төгрөг, нийт 37 497 838 төгрөгийг хариуцагчаас гаргуулан надад олгож, намайг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч “Н-” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани 2012 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр RG17531451 дугаар “Орон сууц захиалга, хөрөнгө оруулалтын гэрээ”-г Илжгэн овогтой Цэсбалжирийн Э-тай байгуулсан бөгөөд тус гэрээгээр манай компани нь “Ривер гарден” цогцолбор хотхоны 314 дүгээр байрны 51 тоотыг Ц.Э-д хүлээлгэн өгөх, Ц.Э- нь 440 900 000 төгрөгийг төлөх, хэрэв 2012 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс өмнө гэрээний үнийн дүнгийн 360 000 000 төгрөгтэй тэнцэх хэмжээний төлбөрийг төлбөл 80 900 000 төгрөгийн хөнгөлөлт эдлэхээр харилцан тохиролцсон.Ингээд манай компани нь 2014 оны 6 дугаар сарын 10-ны өдөр орон сууцыг иргэн Ц.Э-д хүлээлгэн өгсөн бөгөөд Ц.Э- нь миний бие 2019 оны 4 дүгээр сарын 09-ны өдөр “Скайн-Лайн” ХХК-нд тачбайн хэмжилт хийлгэхээр хандсан бөгөөд орон сууцны хэмжээг 126.85 м.кв байна гэж гаргасан бөгөөд анх миний захиалсан 138.4 м.кв талбайн хэмжээнд хурэхгүй байгаа ба захиалсан талбайгаас нийт 11.55 м.кв талбайн зөрүү гарсан гэжээ. Уг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болж буй талбайн хэмжээний талаар мөн гэрээгээр харилцан тохиролцсон бөгөөд гэрээний 1.4.1-д нийт талбайн хэмжээ, 1.4.2-д цэвэр талбайн хэмжээг дараах байдлаар тодорхойлсон. Үүнд нийт талбайн хэмжээ гэдэг нь гадна ханын дотор талаас хэмжиж тогтоосон хэмжээ бөгөөд энэхүү талбайн хэмжээнд бүх өрөө, тасалгааны талбай болон дундын хана, шахт /шугам хоолойн сувагчлал/-ын хэлркээ тооцогдсон болно.Цэвэр талбайн хэмжээг өрөө тус бүрийн ханын дотор талаас хэмжиж тогтоосон, өрөө тасалгааны дундын хана, шахтыг тооцоогүй хэмжээ болно. /Захиалагчийн хүсэлтээр орон сууцны дотоод зохион байгуулалтыг өөрчлөх, тухайлбал зарим тусгаарласан ханыг буулгах, эсвэл нэмж хийхтэй холбоотойгоор энэ цэвэр талбайн хэмжээ өөрчлөгдөж болно/гэж мөн гэрээний 1.3 дах хэсэгт нийт талбайн хэмжээ нь 138.4 м.кв байна гэж заасан. Нэхэмжлэгчийн хэмжилт хийлгэсэн “Скайн-Лайн” ХХК нь Стандартчилал, Хэмжилзүйн Үндэсний Зөвлөлийн 2009 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 52 дугаар тоггоолоор баталсан MNS6058:2009 стандартын дугаа хэмжсэн бөгөөд тус стандарт нь орон сууцны барилгын доторх сууцны талбайн хэмжээг тооцох арга зүйг тодорхойлдог. Өөрөөр хэлбэл тус стандартын дагуу талуудын тохиролцсон нийт талбайн хэмжээг тодорхойлох боломжгүй тул м.кв-ын зөрүү үнэ болох 36 797 838 төгрөгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Харин хугацаа хэтрүүлсэн алданги болох 700 000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас 36 797 838 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 349 дүгээр зүйлийн 349.1, 353 дугаар зүйлийн 353.2, 232 дугаар зүйлийн 232.6-т заасныг тус тус баримтлан хариуцагч “Н-” ХХК-иас алдангийн төлбөрт 700 000 /долоон зуун мянган/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Илжгэн овогт Цэсбалжирын Э- /ХП72021308/-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх орон сууцны талбайн зөрүү төлбөрт шаардсан 36 797 838 /гучин зургаан сая долоон зуун ерөн долоон мянга найман зуун гучин найман/ төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т заасныг нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 345 440 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 21 350 /хорин нэгэн мянга гурван зуун тавин/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц.Э-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1-д заасныг баримтлан шинжээчийн ажлын хөлсний үлдэгдэл төлбөр болох 400 000 /дөрвөн зуун мянган/ төгрөгийг нэхэмжлэгч Ц.Э-аас гаргуулан “Эрдэм түм” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх хуулийг буруу хэрэглэж тайбарласан, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, маргаан бүхий үйл баримтанд үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй тул эс зөвшөөрч энэхүү гомдлыг гаргаж байна. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг талуудын тайлбартай нэг бүрчлэн харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх талаас нь үнэлэх үүргээ хэрэгжүүлээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна. Талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааны төрлийг шүүх зөв тодорхойлсон боловч шийдвэр гаргахдаа хууль буруу хэрэглэн хууль бус дүгнэлт хийх замаар гэрээний оролцогчдын шаардах эрхийн талаар буруу дүгнэлт хийсэн гэж үзэж байна. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар: "...ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өорийн материалаар гэрээид заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлох үүргийг тус тус хүлээдэг..." харин Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар: "... худалдах худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөронгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлолд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг толж, худалдан авсан хөрөнгоө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг..." онцлогтой. Нэхэмжлэгч Ц.Э- нь 2012 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр КС17531451 дугаартай "Орон сууцны захиалга хөрөнгө оруулалтын гэрээ"-г "Н-"ХХК-тай байгуулж Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Ривер гарден орон сууцны цогцолбор хотхоны 314 дүгээр байранд 138.4 м.кв талбай бүхий 5 дугаар давхрын 51 тоот орон сууцыг захиалсан. Гэрээ байгуулах цаг хугацаанд тус 314 дүгээр байр баригдаагүй /газар шорооны ажил ч эхлээгуй байсан/ байсан богөөд гэрээгээр орон сууцыг гүйцэтгэгч тал захиалагч талд 2014 оны 1 дүгээр улиралд баггаан хүлээлгэн өгөхөөр тохролцсон үйл баримт хэрэгт авагдсан баримтаар нотлогддог. Ц.Э- нь гэрээ байгуулах үед орон сууцны үнийн төлбөрийг бүрэн төлсөн, энэ талаар хариуцагч тал маргаагүй болно. Нэхэмжлэгч талын хувьд орон сууцны талбайн хэмжээ дутуу байгаа нь захиалсан зүйлийг тохирсон ёсоор хийгээгүй, ажлын үр дүн доголдолтой гэж үзэж Иргэний хуулийн 352 дугаар зүйлд заасны дагуу шаардах эрхээ хэрэгжүүлсэн. Өөрөөр хэлбэл, дээр дурьдсан ажил гүйцэтгэх гэрээнд заасан ажлын үр дүн болох орон сууцны талбайн хэмжээ дутуу байгаа нь тухайн доголдлыг арилгуулах, эсхүл ажлыг шинээр хийж гүйцэтгүүлэх боломжгүй учраас нэхэмжлэлийн шаардлагаа орон сууцны дугуу талбайн үнийн зөрүүг гаргуулах гэж тодорхойлсон байхад дутуу талбайн зөрүүг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нэхэмжлэгч тал оөрөө нотлоогүй гэх дүгнэлт нь учир дутагдалтай болсон. Нэхэжлэгч Ц.Э- нь 2019 оны 4 дүгээр сарын 09-ны өдөр "Скайн-Лайн" ХХК-нд хандан талбайн хэмжилт хийлгэсэн бөгөөд орон сууцны талбайн бодит хэмжээг 126.85 м.кв гэж гаргасан ба анх туүний захиалсан   138.4 м.кв талбайн хэмжээнд хүрэхгүй байгаа  нь  шинжээчийн дүгнэлтээр нотлогддог. Хэрэв захиалсан орон сууцны талбай хэмжээ нь 11.55 м.кв-р дутуу гэдгийг анхнаасаа /гэрээ байгуулахдаа/ мэдэж байсан бол дутуу талбайн үнийг төлөх хэрэгцээ шаардлага нэхэмжлэгч талд байхгүй байх байсан. Энэ талбайн зорүү болох нэхэмжлэлийп шаардлагын тооцоололыг (440 900 000/138.4=3 179 200) гэж тооцсон бөгөөд 1 м.кв талбайн үнэ нь 3 179 200 /гурван сая нэг зуун далан есөн мянга хоёр зуу/ болно. Үүнээс дутуу талбай болох 11.55 м.кв х 3 179 200- 36 719 760 төгрөгийн тооцоо гарч байгаа. Өөрсдөө энэ шаардлагаа нотлоогүй гэж дүгнэх боломжгүй бөгөөд шүүхээс хэрэглэх ёстой хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэхээр байна. Ц.Э- тухайн орон сууцанд амьдарч байгаа эсэх талаар мөн маргаагүй бөгөөд өнөөрийг хүртэл тухайн орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг гаргуулан авч чадаагүй хохирсоор байгаа ба гэрчилгээ гаргуулж өгөхийг шаардахад "Н-" ХХК-ийн зүгээс гэрчилгээг гаргаж өгөхгүй, тооцоо нийлэх талаар санал тавьж чирэгдүүлсээр байгаа болно. Нөгөө талаар "Н-" ХХК нь бусадтай орон сууц захиалан бариулах гэрээ байгуулах замаар талбайн хэмжээг бүрэн гүйцэд гэж итгүүлэн захиалагч нараас илүү мөнгө авч бусдыг хууран мэхлэх замаар залилж байна гэж узэх үндэслэл бүхий эргэлзээг төрүүлж байх тул цаашид миний зүгээс "Н-" ХХК-ний барьсан орон сууцны хорооллын нийт оршин суугчид болон СӨХ, ашиглалтын контор зэрэгг мэдээлэх, цаашлаад хуульд заасан арга хэлбэрээр хэвлэл мэдээллийн хэрэгслээр тэдний энэхүү хууль бус үйлдэлийн талаар мэдээлэх Барилгын тухай 14 дүгээр зүйлийн 14.3 дэх хэсэгт: "...Барилга байгууламжийг ашиглалтад зүгшрүүлэх, тохируулаххугацаа нэг жил байна...", мөн хуулийн 14.6-т "...Энэ хуулийн 14.3-т заасан хугацаа дуусгавар болсноос хойш баршгга байгууламжишг гадна, дотор засал, бүх төрлийн материал, үндсэн хийц, бүтээц, цэвэр, бохир ус, уур, хий, дулаан, цахилгаан, харилцаа холбооны тоног төхөөрөмж, тоноглолын хэвийн ашиглалтын хугацаа гурваас доошгүй жил байна..." гэж нарийвчлан зааснаас гадна Иргэний хуулийн 349 дүгээр зүйлийн 349.1 дэх хэсэгт зааснаар "... хэвийн байдлаар хүлээн авах үед илрүүлэх боломжгүй дутагдлын тухай гомдлын шаардлагыг ажил хүлээн авснаас хойш 1 жилийн дотор гаргана. Барилга байшингийн ийм дутагдлын талаар ажил хүлээн авснаас хойш гурван жилийн дотор гомдлын шаардлага гаргаж болно..." гэж заасан тул нэхэмжлэгч Ц.Э-ыг гомдлын шаардлага гаргах хугацаа хэтрүүлсэн гэж дүгнэх нь илт үндэслэл муутай юм. Мөн иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.2-т зааснаар гэрээний үүрэгт шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтрээгүй бөгөөд нэхэжлэгч нь эрхээ зөрчигдсөнийг мэдсэн үеэс эхлэн зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар шүүхэд хандсан болно. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын хоорондын маргаанд хамааралтай нотлох баримтыг бүрдүүлэх болон үнэлэх журмыг зөрчөөгүй боловч талуудын хоорондох маргаантай харилцааг зохицуулсан Иргэний хуулийн заалтыг зөв тайлбарлан хэрэглээгүйг давж заалдах шатны шүүх залруулах боломжтой байна.

 

            Нэхэмжлэгч Ц.Э- нь орон сууцны 11,55 м.кв талбайн зөрүүд 36 797 838 төгрөг, орон сууцыг хугацаанд хүлээлгэж өгөөгүй тул алдангид 700 000 төгрөгийг тус тус “Номин холдинг” ХХК-аас гаргуулахаар нэхэмжилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “Н-” ХХК-ийг хариуцагчаар татаж, улмаар “Номин холдинг” ХХК-аас татгалзжээ. /хэргийн 1-2, 39, 64 дүгээр тал/

 

            Хариуцагч “Н-” ХХК нь алданги 700 000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, үлдэх хэсгийг эс зөвшөөрч, нэхэмжлэгч 2014 оны 6 дугаар сарын 10-ны өдөр түлхүүрээ гардан авснаар нэхэмжлэгч өөрөө орон сууцанд амьдарч байгаа, талууд нэг метр квадратаар орон сууцны үнийг тохироогүй, нийт талбайн хэмжээгээр үнийг тохирсон гэж маргажээ.

 

            Зохигчдын хооронд 2012 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр Орон сууц захиалга, хөрөнгө оруулалтын гэх нэртэй RG17531451 тоот гэрээ байгуулагдаж, хариуцагч нь Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт, Маршалын гүүрний баруун талд баригдаж буй River garden цогцолбор хотхоны 314 дүгээр байрны 5 дугаар давхарт 51 тоотод байрлах, нийт 138.4 м.кв талбайтай, орон сууцыг 440 900 000 төгрөгөөр барьж гүйцэтгэх, захиалагч нь орон сууцны төлбөрийг 2012 оны 9 дүгээр сарын 30-ны дотор 100 хувь төлсөн тохиолдолд төлбөр                360 000 000 төгрөг байхаар харилцан тохиролцсон болох нь орон сууцны захиалга, хөрөнгө оруулалтын гэрээ, талуудын тайлбар зэрэг баримтаар тогтоогдож байна /хэргийн 5-8 дугаар тал/

 

            Түүнчлэн, талууд 2012 оны 10 дугаар сарын 11-ний өдөр дээрх гэрээнд өөрчлөлт оруулж, захиалагч нь орон сууцны төлбөрийг 2012 оны 10 дугаар сарын 10-ны дотор 100 хувь буюу 360 000 000 төгрөг төлсөн тохиолдолд 18,38 хувь буюу 80 900 000 төгрөгийг хөнгөлж, орон сууцны үнийг 360 000 000 төгрөг байхаар тохиролцсоны дагуу нэхэмжлэгч уг мөнгийг төлсөн талаар талууд маргаагүй байна. /хэргийн 9 дүгээр тал/

 

            Шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан Ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь буруу болжээ. Учир нь талуудын хооронд байгуулагдсан гэрээний агуулга, шинж байдал, хүлээсэн үүргийн шинж чанараас үзвэл нэг тал нь өөрийн хийсэн зураг төсөл, зардлаар барьж гүйцэтгэсэн орон сууцыг шилжүүлэн өгөх, нөгөө тал мөнгийг төлөх үүрэг хүлээсэн байна. Иймд талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан Худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзнэ.

 

            Уг орон сууцыг 2014 оны 6 дугаар сарын 04-ний өдөр улсын комисс хүлээн авч, 2014 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн байр хүлээлцэх актад нэхэмжлэгч гарын үсэг зураагүй байх боловч 2014 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн санал хүсэлт барагдуулах акт, нэхэмжлэгчийн хаягийн бүртгэл хийгдсэн иргэний үнэмлэхний хуулбар, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны Засаг даргын 2019 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн оршин суугаа хаягийн тодорхойлолт зэрэг баримтуудаар тус байрыг нэхэмжлэгч хүлээн авч, амьдарч байгаа болох нь тогтоогдож байна./хэргийн 4, 23, 60, 91-93, 104 дүгээр тал/ Хэдийгээр нэхэмжлэгч тал үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ аваагүй, гэрчилгээ авахаар бүртгүүлэх баримтыг хариуцагч гаргаж өгөхгүй байгаа талаар тайлбарласан байх боловч энэ талаар нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй байна.

 

Хэдийгээр хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн хүсэлтээр хэмжилт хийсэн “Скайлайн дизайн” ХХК, шүүхээс томилогдсон шинжээч “Эрдэм түм” ХХК-ийн дүгнэлтүүдээр маргаан бүхий орон сууцны талбай 126.85 м.кв болох нь тогтоогдож байх боловч /хэргийн 17-18, 77 дугаар тал/ талуудын хооронд байгуулагдсан гэрээний 1.3-т нийт талбайг 138.4 м.кв гэж тохирч, цэвэр талбайн хэсэгт м.кв-ын хэмжээ тохироогүй байх бөгөөд 1 метр квадратын үнийг талууд тохиролцоогүй байх тул орон сууцны талбайн зөрүүг тооцох боломжгүй. Нэхэмжлэгч уг орон сууцыг 360 000 000 төгрөгөөр худалдан авсан гэж үзнэ.

 

Түүнчлэн, хариуцагч байгууллагыг Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.2 дах хэсэгт заасан ашиглах боломжгүй буюу биет байдлын доголдолтой эд хөрөнгө шилжүүлсэн гэж үзэх үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл, хариуцагч байгууллагыг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлсэн гэж үзнэ.

 

            Нэхэмжлэгч нь 2014 оны 6 дугаар сарын 10-ны өдөр орон сууцны түлхүүрийг хүлээн авснаас хойш 2019 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр хариуцагч байгууллагад хүсэлт гаргаж, хариуцагчаас 2019 оны 5 дугаар сарын 02-ны өдөр хариу өгсөн байх тул Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6 дах хэсэгт заасан гомдлын шаардлага гаргах 6 сарын хугацаа өнгөрсөн талаар анхан шатны шүүх дүгнэснийг буруутгах үндэслэлгүй. /хэргийн 11-12 дугаар тал/

 

            Иймд анхан шатны шүүхээс нэхэмжлэгчийн 37 497 838 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох орон сууцны талбайн зөрүү төлбөрт 36 797 838 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй.

 

            Хариуцагч байгууллагаас алдангид 700 000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрсөн байх тул уг мөнгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь зөв.

 

            Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр шүүхээс орон сууцны талбайн хэмжилт тогтоох шинжээчээр “Эрдэм түм” ХХК-ийг томилж дүгнэлт гаргуулсан байх тул шинжээчийн ажлын хөлсний үлдэгдэл төлбөр болох 400 000 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1 дэх хэсэгт заасанд нийцжээ.

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 183/ШШ2020/00410 дугаар шийдвэрийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 254 дүгээр зүйлийн 254.6, 232 дугаар зүйлийн 232.6 дах хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч “Н-” ХХК-иас алдангийн төлбөрт 700 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ц.Э-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх орон сууцны талбайн зөрүү төлбөрт шаардсан 36 797 838 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 341 200 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Г.ДАВААДОРЖ

 

                                     ШҮҮГЧИД                                Д.БАЙГАЛМАА

 

                                                С.ЭНХТӨР