Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 001/ХТ2022/00136

 

 

Ц.Эын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, Б.Мөнхтуяа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 183/ШШ2020/00410 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 925 дугаар магадлалтай,

Ц.Эын нэхэмжлэлтэй,

“Н” ХХК-д холбогдох,

Орон сууцны талбайн зөрүүд 36,797,838 төгрөг, алдангид 700,000 төгрөг, нийт 37,497,838 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгч Ц.Э болон өмгөөлөгч О.М нарын гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Б.Мөнхтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Ц.Э нь “Н” ХХК-д холбогдуулан орон сууцны талбайн зөрүүд 36,797,838 төгрөг, орон сууцыг хугацаанд нь хүлээлгэж өгөөгүйн алдангид 700,000 төгрөг, нийт 37,497,838 төгрөг гаргуулахаар шаардсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагаас алдангийн 700,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, бусад шаардлагаас татгалзсан байна.

2. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 183/ШШ2020/00410 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 349 дүгээр зүйлийн 349.1, 353 дугаар зүйлийн 353.2, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг тус тус баримтлан хариуцагч “Н” ХХК-иас алдангийн төлбөрт 700,000 /долоон зуун мянган/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ц.Э-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх орон сууцны талбайн зөрүү төлбөрт шаардсан 36,797,838 /гучин зургаан сая долоон зуун ерөн долоон мянга найман зуун гучин найман/ төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т заасныг нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 345,440 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 21,350 /хорин нэгэн мянга гурван зуун тавин/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц.Эд олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1-д заасныг баримтлан шинжээчийн ажлын хөлсний үлдэгдэл төлбөр болох 400,000 /дөрвөн зуун мянган/ төгрөгийг нэхэмжлэгч Ц.Эаас гаргуулан “Эрдэм түм” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 925 дугаар магадлалаар: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 183/ШШ2020/00410 дугаар шийдвэрийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 254 дүгээр зүйлийн 254.6, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Н ХХК-иас алдангийн төлбөрт 700,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ц.Эд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх орон сууцны талбайн зөрүү төлбөрт шаардсан 36,797,838 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 341,200 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж шийдвэрлэсэн байна.

4. Нэхэмжлэгч Ц.Э болон өмгөөлөгч О.М нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.02.11-ний өдрийн 183/ШШ2020/00410 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.04.24-ний өдрийн 925 дугаартай магадлалыг эс зөвшөөрч хоёр шатны шүүх хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүй, хуулийг буруу хэрэглэж тайлбарласан, талуудын маргаж буй үйл баримтанд үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй тул эс зөвшөөрч хяналтын журмаар энэхүү гомдлыг гаргаж байна.

Анхан шатны шүүх хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг талуудын тайлбартай нэг бүрчлэн харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх талаас нь үнэлэх үүргээ хэрэгжүүлээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна. Талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааны төрлийг анхан шатны шүүх зөв тодорхойлсон боловч шийдвэр гаргахдаа хууль буруу хэрэглэн хууль бус дүгнэлт хийх замаар гэрээний оролцогчдын шаардах эрхийн талаар буруу дүгнэлт хийсэн, харин давж заалдах шатны шүүхээс талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааны төрлийг худалдах, худалдан авах гэрээ гэж тодорхойлон улмаар Иргэний хуулийн 255 дугаар зүйлд заасан шаардах эрхгүй гэж дүгнэсэн нь илт үндэслэл муутай болсон. Өөрөөр хэлбэл, хоёр шатны шүүх хэрэглэх ёстой хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэх үндэслэл болж байна. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар: “...ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээдэг...” харин Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар: “...худалдах худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг...” талаар хууль тогтоогч тодорхой хуульчилсан байна. Нэхэмжлэгч Ц.Э нь 2012.09.16-ны өдөр RG17531451 дугаартай “Орон сууцны захиалга хөрөнгө оруулалтын гэрээ”-г “Н” ХХК-тай байгуулж Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Ривер гарден орон сууцны цогцолбор хотхоны 314 дүгээр байранд 138.4 м.кв талбай бүхий 5 дугаар давхрын 51 тоот орон сууцыг захиалсан. Гэрээ байгуулсан цаг хугацаанд тус 314 дүгээр байр баригдаагүй /газар шорооны ажил ч эхлээгүй байсан/ байсан бөгөөд гэрээгээр орон сууцыг гүйцэтгэгч тал захиалагч талд 2014 оны 1 дүгээр улиралд багтаан хүлээлгэн өгөхөөр тохиролцсон үйл баримт хэрэгт авагдсан баримтаар нотлогддог. Ц.Э нь гэрээ байгуулах үед орон сууцны үнийн төлбөрийг бүрэн төлсөн, энэ талаар хариуцагч тал маргаагүй буюу тухайн үед тус 314 дүгээр байр баригдаагүй байсныг хүлээн зөвшөөрдөг. Нэхэмжлэгч талын хувьд орон сууцны талбайн хэмжээ дутуу байгаа нь захиалсан зүйлийг тохирсон ёсоор хийгээгүй, ажлын үр дүн доголдолтой гэж үзэж Иргэний хуулийн 352 дугаар зүйлд заасны дагуу шаардах эрхээ хэрэгжүүлсэн. Өөрөөр хэлбэл, дээр дурдсан ажил гүйцэтгэх гэрээнд заасан ажлын үр дүн болох орон сууц, түүний талбайн хэмжээ дутуу байгаа нь тухайн доголдлыг арилгуулах, эсхүл ажлыг шинээр хийж гүйцэтгүүлэх боломжгүй учраас нэхэмжлэлийн шаардлагаа орон сууцны дутуу талбайн үнийн зөрүүг гаргуулах гэж тодорхойлсон байхад дутуу талбайн зөрүүг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нэхэмжлэгч тал өөрөө нотлоогүй гэх анхан шатны шүүхийн дүгнэлт нь учир дутагдалтай болсон.           Нэхэмжлэгч Ц.Э нь 2019.04.09-ний өдөр “Скайн-Лайн” ХХК-д хандан талбайн хэмжилт хийлгэсэн бөгөөд орон сууцны талбайн бодит хэмжээг 126.85 м.кв гэж гаргасан ба анх түүний захиалсан 138.4 м.кв талбайн хэмжээнд хүрэхгүй байгаа нь шинжээчийн дүгнэлтээр нотлогддог. Хэрэв захиалсан орон сууцны талбай хэмжээ нь 11.55 м.кв-р дутуу гэдгийг анхнаасаа /гэрээ байгуулахдаа/ мэдэж байсан бол дутуу талбайн үнийг төлөх хэрэгцээ шаардлага нэхэмжлэгч талд байхгүй байх байсан. Энэ талбайн зөрүү болох нэхэмжлэлийн шаардлагын тооцооллыг (440,900,000/138.4=3,179,200) гэж тооцсон бөгөөд 1 м.кв талбайн үнэ нь 3,179,200 /гурван сая нэг зуун далан есөн мянга хоёр зуу/ болно. Үүнээс дутуу талбай болох 11.55 м.кв х 3,179,200-36,719,760 /гучин зургаан сая долоон зуун арван есөн мянга долоон зуун жар/ төгрөгийн тооцоо гарч байгааг шүүх өөрсдөө энэ шаардлагаа нотлоогүй гэж дүгнэх боломжгүй бөгөөд шүүхээс хэрэглэх ёстой хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэхээр байгаа юм.      Ц.Э тухайн орон сууцанд амьдарч байгаа эсэх талаар мөн маргаагүй бөгөөд өнөөдрийг хүртэл тухайн орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг гаргуулан авч чадаагүй хохирсоор байгаа ба гэрчилгээ гаргуулж өгөхийг шаардахад “Н” ХХК-ийн зүгээс гэрчилгээг гаргаж өгөхгүй, тооцоо нийлэх талаар санал тавьж чирэгдүүлсээр байгаад гомдолтой байна. Нөгөө талаар “Н ХХК нь бусадтай орон сууц захиалан бариулах гэрээ байгуулах замаар талбайн хэмжээг бүрэн гүйцэд гэж итгүүлэн захиалагч нараас илүү мөнгө авч бусдыг хууран мэхлэх замаар залилж байна гэж үзэх үндэслэл бүхий эргэлзээг төрүүлж байх тул цааш миний зүгээс “Н” ХХК-ийн барьсан “Rever garden” орон сууцны хорооллын нийт оршин суугчид болон СӨХ, ашиглалтын контор зэрэгт мэдээлэх, цаашлаад хуульд заасан арга хэлбэрээр хэвлэл мэдээллийн хэрэгслээр тэдний энэхүү хууль бус үйлдлийн талаар мэдээлэх болно. Барилгын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 дахь хэсэгт: “...Барилга байгууламжийг ашиглалтад зүгшрүүлэх, тохируулах хугацаа нэг жил байна...”, мөн хуулийн 14.6-д “...Энэ хуулийн 14.3-т заасан хугацаа дуусгавар болсноос хойш барилга байгууламжийн гадна, дотор засал, бүх төрлийн материал, үндсэн хийц, бүтээц, цэвэр, бохир ус, уур, хий, дулаан, цахилгаан, харилцаа холбооны тоног төхөөрөмж, тоноглолын хэвийн ашиглалтын хугацаа гурваас доошгүй жил байна...” гэж нарийвчлан зааснаас гадна Иргэний хуулийн 349 дүгээр зүйлийн 349.1 дэх хэсэгт зааснаар ...хэвийн байдлаар хүлээн авах үед илрүүлэх боломжгүй дутагдлын тухай гомдлын шаардлагыг ажил хүлээн авснаас хойш 1 жилийн дотор гаргана. Барилга байшингийн ийм дутагдлын талаар ажил хүлээн авснаас хойш гурван жилийн дотор гомдлын шаардлага гаргаж болно...” гэж заасан тул нэхэмжлэгч Ц.Эыг гомдлын шаардлага гаргах хугацаа хэтрүүлсэн гэж дүгнэх нь илт үндэслэл муутай юм. Мөн Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.2-т зааснаар гэрээний үүрэгт шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтрээгүй бөгөөд нэхэмжлэгч нь эрхээ зөрчигдсөнийг мэдсэн үеэс эхлэн зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар шүүхэд хандсан юм. Давж заалдах шатны шүүхийн магадлалд дурдсанаар: “...шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан Ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь буруу болжээ. Учир нь талуудын хооронд байгуулагдсан гэрээний агуулга, шинж байдал, хүлээсэн үүргийн шинж чанараас үзвэл нэг тал нь өөрийн хийсэн зураг төсөл, зардлаар барьж гүйцэтгэсэн орон сууцыг шилжүүлэн өгөх, нөгөө тал нь мөнгийг төлөх үүрэг хүлээсэн байна. Иймд талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзнэ... гэж дүгнэсэн нь учир дутагдалтай болжээ. Давж заалдах шатны шүүхээс Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан худалдах, худалдан авах гэрээ, мөн хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээнүүдийн зүйл болон агуулгын талаар зөв дүгнэлт хийж чадаагүйгээс тухайн төрлийн харилцааг зохицуулсан хуулийн хэм хэмжээг зөв тодорхойлж чадаагүй байна. Дээр дурдсанчлан анх гэрээ байгуулах үед огт баригдаагүй байсан барилга дээр /эд хөрөнгө бий болоогүй/ худалдах, худалдан авах гэрээ байгуулах өөрөө боломжгүй байхад энэ талаарх хийсэн давж заалдах шатны шүүхийн магадлал үндэслэлгүй байна. Давж заалдах шатны шүүхээс гэрээний харилцааг зөв тодорхойлж чадаагүй учраас худалдах, худалдан авах гэрээний хүрээнд шаардах эрхийг хэрэгжүүлэх 6 сарын хугацаа хэтрүүлсэн гэх дүгнэлт үндэслэлгүй болж байна. Иймд Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 183/ШШ2020/00410 дугаартай шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 925 дугаартай магадлалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

5. Нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзлээ.

6. Нэхэмжлэгч Ц.Э нь “Н” ХХК-д холбогдуулан орон сууцны талбайн зөрүүд 36,797,838 төгрөг, орон сууцыг хугацаанд нь хүлээлгэж өгөөгүйн алдангид 700,000 төгрөг, нийт 37,497,838 төгрөг гаргуулахаар шаардсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагаас алдангийн 700,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, бусад шаардлагаас татгалзсан байна.

7. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, хариуцагчаас алдангийн төлбөрт 700,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, үлдэх орон сууцны талбайн зөрүү төлбөр гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулжээ.

8. Давж заалдах шатны шүүх талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзсэн нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасантай нийцсэн байна. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх..., худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүрэг хүлээнэ. 

9. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд, нэхэмжлэгч Ц.Э нь “Н” ХХК-тай 2012.09.16-ны өдөр орон сууц захиалга, хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж, Хан-Уул дүүрэг, 11-р хорооны нутаг дэвсгэр, River garden цогцолбор хотхоны 314-р байрны 51 тоотод байрлах 138.4 м.кв талбайтай, орон сууцыг 360,000,000 төгрөгөөр худалдан авч, үнийг төлсөн байх ба Байр хүлээлцэх акт, Санал хүсэлт барагдуулах акт /хх-60, 104 тал/ зэрэг баримтаар нэхэмжлэгч орон сууцыг 2014.06.10-ны өдөр хүлээн авсан үйл баримтууд тогтоогджээ.  

10. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг ...хариуцагч нь гэрээний 1.3-т заасан талбайгаас 11.55 м.кв дутуу орон сууцыг хүлээлгэн өгч, ...биет байдлын доголдолгүй эд хөрөнгийг шилжүүлэх үүргээ биелүүлээгүй, ...энэ нь хэмжилт хийсэн “Скайлайн” дизайн ХХК-ийн 2019.04.09-ний өдрийн дүгнэлтээр тогтоогдсон гэж маргасан байна.  

11. Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1-д гэрээгээр тогтоосон тоо, хэмжээ, чанар бүхий эд хөрөнгийг биет байдлын хувьд доголдолгүй гэж үзнэ, 254 дүгээр зүйлийн 254.1-д худалдан авагч нь эд хөрөнгийн доголдлыг арилгуулах буюу ...доголдлыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэх, ...тухай шаардлага гаргах эрхтэй, 254.6-д ...тухайн эд хөрөнгийг өмчлөх эрхийг шилжүүлэн авснаас хойш зургаан сарын дотор доголдлыг илрүүлсэн худалдан авагч мөн хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1-д заасан шаардлагын аль нэгийг гаргах эрхтэй гэж тус тус заасан.

12. Давж заалдах шатны шүүхээс ...нэхэмжлэгч нь 2014.06.10-ны өдөр орон сууцны түлхүүрийг хүлээн авснаас хойш 2019.04.19-ний өдөр хариуцагч байгууллагад хүсэлт гаргаж, хариуцагчаас 2019.05.02-ны өдөр хариу өгсөн байх тул Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6 дахь хэсэгт заасан гомдлын шаардлага гаргах 6 сарын хугацаа өнгөрсөн, ...хариуцагч байгууллагыг биет байдлын доголдолтой эд хөрөнгө шилжүүлсэн гэж үзэхгүй гэж дүгнэн, орон сууцны талбайн зөрүү төлбөрт 36,797,838 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь хуулийн дээрх зохицуулалтад нийцсэн байна.

13. Анхан шатны шүүхийн, нэхэмжлэлийн энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгосон шийдэл зөв боловч маргаанд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасныг буруу тайлбарлан хэрэглэж, талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан гэж үзсэн нь үндэслэлгүй болжээ.

14. Харин, хариуцагч алдангид 700,000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрсөн, хоёр шатны шүүх нэхэмжлэлийн энэ хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Иймд магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 925 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020.05.22-ны өдөр төлсөн 341,940 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      С.СОЁМБО-ЭРДЭНЭ

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Г.АЛТАНЧИМЭГ

ШҮҮГЧИД                                                       Г.БАНЗРАГЧ

П.ЗОЛЗАЯА

Б.МӨНХТУЯА