Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 02 сарын 18 өдөр

Дугаар 571

 

2020 оны 02 сарын 18 өдөр

Дугаар 102/ШШ2020/00571

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

             

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 Нэхэмжлэгч: Б.Х-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: А ХХК-д холбогдох,

15,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Одгариг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Цэрэндагва, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ану оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Х-ынитгэмжлэгдсэн төлөөлөгч С.Одгариг шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Б.Хнь 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр А Т ХХК-тай Хөдөлмөрийн гэрээ болон Автомашин түрээслэх гэрээ байгуулсан. Тус компанийн өмч болох 35-06 улсын дугаартай автомашиныг чиргүүлийн хамт түрээслэн Таван толгой нүүрсний уурхайгаас Хятад улсын Ганц мод боомт хүртэл нүүрс тээвэрлэхээр тохиролцож. Автомашины барьцаа 15,000,000 төгрөгийг Хаан банк ХХК-ийн өөрийн 5379137700 тоот данснаас шилжүүлсэн. Гэтэл А Т ХХК нь 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдөр урьдчилж гэрээ цуцлах талаар мэдэгдэлгүй автомашиныг хүлээлгэж өг гэсэн шаардлага тавьж ажлаас чөлөөлсөн. Ямар эрх зүйн актыг үндэслэж уг шийдвэрийг гаргасан талаар тушаал, шийдвэр баримт байхгүй. Гэрээ цуцалж ажлаас халсан зэрэг нь ойлгомжгүйгээр ажлаас нь чөлөөлсөн. Иргэний хуульд заасан Түрээсийн гэрээний зохицуулалтаар эд хөрөнгийг ашиглах, эзэмших байдлаар түрээсэлдэг. Уг гэрээнд Б.Хнь А Т ХХК-д ажиллаж байсан гэж ойлгохоор харилцаа харагдаж байна. Түрээсийн гэрээ байгуулсан боловч ажил гүйцэтгэх гэрээний үүрэг үүссэн байна гэж үзсэн. Учир нь А Т ХХК-ийн автомашинаар нүүрсийг тодорхой чиглэлд зөөх ажил хийсэн. Тухайн нүүрсийг тодорхой мөнгөн дүнгээр үнэлж тээвэрлэсэн хөлснөөсөө тодорхой хэмжээний мөнгө авдаг байсан. Талуудын хооронд ямар гэрээний харилцаа үүссэн талаар баримтыг хариуцагч тал шүүхэд гаргаж өгөөгүй. Зөвхөн 15,000,000 төгрөгийг хэрхэн өгөхгүй үгүйсгэх талаар баримт гаргаж өгсөн. Иймд хариуцагч А Т ХХКбарьцаанд тавьсан 15,000,000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч А Т ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Цэрэндагва шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Б.Хнь А Т ХХКнэхэмжилсэн 15,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй гэж дараах хариу тайлбарыг гаргаж байна. Талуудын хооронд 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Автомашин түрээслэх гэрээ, 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Хөдөлмөрийн гэрээ тус тус байгуулж, компанид жолоочоор ажиллаж эхэлсэн. Жолоочоор ажиллаж байх хугацаандаа 35-06 УНБ улсын дугаартай, Бүгд Найрамдах Хятад Ард Улсад үйлдвэрлэгдсэн, тусгай зориулалтын HOVA маркийн автомашиныг 36-03 ТЧ улсын дугаартай, ачааны зориулалттай чиргүүлийн хамт өөрийн ашиглалтдаа шилжүүлж авсан. Б.Хнь А Т ХХК-ийн ажилтнаар Хөдөлмөрийн гэрээ байгуулж ажилласан. Уг маргаанд Хөдөлмөрийн гэрээ цуцалсан талаарх асуудал яригдаагүй учир тайлбар шаардлагагүй байх. Талуудын хооронд байгуулагдсан Автомашин түрээслэх гэрээний 2 дугаар зүйлийн 2.2-т заасны дагуу тухайн автомашиныг, чиргүүлийн хамт Б.Х-т шилжүүлэхийн өмнө автомашинтай холбоотой компанид учирсан хохирлыг барагдуулах, гэрээний үүргээ зөрчсөний улмаас учирсан хохирлыг арилгах, гэрээнд 15,000,000 төгрөгийг барьцаагаар А Т ХХК-д шилжүүлсэн талаарх баримтыг нэхэмжлэгч тал нотлох баримтаар гаргаж өгөөгүй боловч маргах шаардлагагүй гэж үзээд үгүйсгэж маргахгүй байна. Талуудын хооронд байгуулсан гэрээний дагуу тухайн автомашинаар түрээслэгч буюу Б.Хнь зөвхөн Таван толгойгоос Цагаан хад нүүрсний талбай, Цаг хадаас Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Ганц мод боомтын чиглэлд нүүрс тээвэрлэхдээ ашиглах нийт 220 удаагийн уртын тээвэр хийгээд түрээслүүлэгч буюу хариуцагчид хөлс төлөх бөгөөд энэ журмаар дээрх автомашины үнэ бүрэн төлөгдөж дууссан тохиолдолд Автомашиныг Б.Х-ынөмчлөлд шилжүүлэхээр харилцан тохиролцсон. Мөн гэрээний хугацаанд нэхэмжлэгч Б.Хзөвхөн А Т ХХК-ийн ачааг тээвэрлэх, автомашиныг ашиглах хугацаанд гарсан бусдын болон өөрийн буруутай үйл ажиллагаанаас учирсан эвдрэл гэмтэл, шатахууны зардал, замын хураамж, урьдчилан сэргийлэх үзлэг, сэлбэг хэрэгслийн зардлыг өөрөө бүрэн хариуцахаар харилцан тохиролцож гэрээнд тусгасан байдаг. Гэрээний хугацаанд Б.Хнь гэрээгээр хүлээсэн үүргээ удаа дараа ноцтой зөрчиж, компанид хохирол учруулж байсан тул 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдөр компанийн санаачлагчаар Хөдөлмөрийн гэрээ болон Автомашин түрээслэх гэрээг цуцалсан. Б.Хүрэлбаатараас уг автомашинтай холбоотойгоор А Т ХХК нь талуудын хооронд байгуулсан гэрээний дагуу төлөхөөр гарсан авлага, өглөгийн тооцоо гаргаж Б.Х-тай эцсийн байдлаар тооцоо нийлж 9,400,831.15 төгрөгийн өглөгтэй болох нь тогтоогдсон. Уг төлбөрийг нэхэмжлэгч Б.Ххүлээн зөвшөөрч тооцоо нийлсэн баримтад гарын үсэг зурсан. Б.Хнь анх 15,000,000 төгрөгийн барьцаа мөнгийг А Т ХХК-д шилжүүлэхдээ өөрт мөнгө байгаагүй учир иргэн Д.Алтангадасаас зээлж барьцаа байршуулсан. Д.Алтангадас нь 1 жилийн хугацаатай Б.Х-т мөнгө зээлсэн. Тус зээлсэн мөнгөө буцааж авмаар байна гэж А Т ХХК-д хандсан. Уг нөхцөл байдлыг А Т ХХК-ийн холбогдох ажилтнууд мэдэж байсан. Б.Хмөн хүлээн зөвшөөрч байсан учир 15,000,000 төгрөгөөс 5,060,000 төгрөгт тооцож тавилга хийлгүүлж Д.Алтангадас авсан. Д.Алтангадас нь Б.Хүрэлбаатараас авах ёстой 15,000,000 төгрөгөөс 5,060,000 төгрөг нь хасагдсан байна. Одоо 10,000,000 төгрөгийн тооцоо тэдгээр хүмүүсийн хооронд байгаа. Б.Хболон А Т ХХК-ийн хоорондох 15,000,000 төгрөгийн барьцаанаас 5,060,000 төгрөгийн асуудал дууссан байна. Б.Хнь барьцаа мөнгийг бүтнээр нь нэхэмжилж байгаа нь Иргэний хуулийн 496 дугаар зүйлд заасан үндэслэлгүйгээр хөрөнгөжих санаа, зорилго агуулж байна гэж үзэж байна. Мөн 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдөр А Т ХХК1,000,000 төгрөгийг Б.Хбуцааж авсан. Уг баримт хэрэгт авагдсан. Тооцоо нийлсэн баримтад урьдчилж авсан гэдгээ хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан байна. А Т ХХК-ийн 80-41 УБН улсын дугаартай, автомашинаас 1 ширхэг дугуй болон сэлбэг, хэрэгслийг зөвшөөрөлгүй авсан байдаг. Эдгээр сэлбэг хэрэгслийн үнийн дүн нь 1,987,000 төгрөг болсон. Уг мөнгийг мөн барьцаа 15,000,000 төгрөгөөс суутган тооцох үндэслэлтэй гэж үзэж байна. эдгээр үндэслэлүүд болон хэрэгт авагдсан баримтаар Б.Х-ынА Т ХХКнэхэмжилж буй 15,000,000 төгрөгийн барьцааг гэрээнд заасны дагуу компанид учирсан хохирол болон автомашинтай холбоотой гарсан шатахуун, сэлбэг хэрэгсэл гэх зэрэг зардалд тооцоход 15,000,000 төгрөгийг нэхэмжлэх үндэслэлгүй байна. Хууль зүйн хувьд 5,060,000 төгрөг бусдаас зээлж тус компанид 15,000,000 төгрөгийг шилжүүлсэн байдаг. Б.Х-т 15,000,000 төгрөгийг зээлсэн Д.Алтангадасын хүсэлт болон Б.Х-ынтохиролцооны дагуу иргэн Д.Алтангадаст тавилга хийж өгсөн. Иймд Иргэний хуулийн 496 дугаар зүйлд заасны дагуу нэхэмжлэх хууль зүйн үндэслэлгүй байна. 2019 оны 05 дугаар сард Хонгор бэст ХХК-иас 238,500 төгрөгийн сэлбэг авсан. 2019 оны 06 дугаар сарын 16-ны өдөр 780,000 төгрөгийн ажлын хөлсөнд авсан. Интер трансс ХХК-иас 615,000 төгрөгийн сэлбэг,1 удаагийн уртын тээврийн замын мөнгө 235,826 төгрөг, 1 удаагийн уртын тээврийн хучилтын төлбөр 7,150 төгрөг, гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж бусад этгээдэд тээвэр хийсэн тээврийн хөлс 73,45 тонн ачааг Гашуун сухайт авто зам ХХК-ийн ачааг тээвэрлэсэн 1,979,477 төгрөг, Б.Х-ынавч хэрэглэсэн шатахуун 1,400,000 төгрөг, 80-41 УБН улмын дугаартай автомашинаас сэлбэг хэрэгсэл авсан талаар тус автомашины жолооч М.Баатарсүрэнгийн автомашинаас 350,000 төгрөгийн сэлбэг хэрэгсэл авч хэрэглэсэн, А Т ХХК-д учруулсан хохирол техник хэрэгсэлд нийт 2,794,877 төгрөгийн хохирол, зардлыг тус тус учруулсан. Талуудын хооронд байгуулсан гэрээний 2 дугаар зүйлийн 2.2-т барьцаа мөнгийг ямар зориулалтаар барьцаалж байгааг тодорхой заасан байна. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байх тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

           

Нэхэмжлэгч Б.Хнь хариуцагч А Т ХХК-д холбогдуулан автомашин түрээслэх гэрээний дагуу барьцаалсан 15,000,000 төгрөгийг гэрээ цуцлагдсантай холбоотойгоор буцаан гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, автомашины сэлбэг, засварын ажлын хөлс, шатахуун, урьдчилгаа төлбөр зэрэгт тооцож суутгасан хэмээн маргажээ.  

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болох үндэслэлтэй байна гэж дүгнэв.

 

Нэхэмжлэгч Б.Хнь хариуцагч А Т ХХК-тай 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Автомашин түрээслэх гэрээ-г бичгээр байгуулсан байх бөгөөд уг гэрээнд 35-06 УБМ улсын дугаартай, БНХАУ-д үйлдвэрлэсэн, ND4260 Beiben маркийн тусгай зориулалтын зүтгүүр автомашиныг 36-03 ТЧ улсын дугаартай, Howo маркийн цэнхэр өнгийн ачааны зориулалттай чиргүүлийн хамт түрээслэх, түрээслэгч 15,000,000 төгрөгийг барьцаанд шилжүүлж, автомашинаар Тавантолгойн уурхайгаас Цагаанхад дахь нүүрсний талбай, Цагаанхаднаас БНХАУ-ын Ганцмод боомт дахь нүүрсний талбай хүртэл нийт 220 ресс нүүрс тээвэрлэж, нэг ресс тутамд 3500 юань түрээслүүлэгчид төлсөн тохиолдолд автомашины үнэ бүрэн төлөгдсөнд тооцож, автомашиныг түрээслэгчийн өмчлөлд шилжүүлэхээр тохиролцжээ.

 

Талуудын гэрээ байгуулах болсон шалтгаан, хүсэл зориг, гэрээний агуулга зэргээс дүгнэвэл тэдний хооронд Иргэний хуулийн 312 дугаар зүйлийн 312.1-д заасан санхүүгийн түрээсийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Иргэний хуулийн 313 дугаар зүйлд санхүүгийн түрээсийн гэрээг бичгээр байгуулах, гэрээнд гэрээний нийт үнэ, түрээсийн төлбөр, түүнийг төлөх журам, хугацаа, гэрээ хугацаанаас өмнө дуусгавар болох тохиолдолд гэрээний үнийг төлж дуусах журмыг заах, хэрэв энэхүү зүйлд заасан журмыг зөрчсөн буюу гэрээнд эдгээр нөхцөлийг талууд тохиролцоогүй бол  гэрээ хүчин төгөлдөр бус гэж байхаар хуульчилсан.

 

Талуудын байгуулсан гэрээний 2.5-д Таван толгойн уурхайгаас ачиж Цагаанхад болон Ган мод дахь гаалийн хяналтын талбайд нийт 220 ресс нүүр тээвэрлэнэ. Нэг ресс тутамд 3500 юань компанид төлнө. Тээврийн үнэ 100 юаниас бага болсон тохиолдолд ресс тоолохгүй гэсэн нөхцөлийг гэрээний нийт үнэ, түрээсийн төлбөр, түүнийг төлөх журам, хугацааг тохиролцсон гэж үзэх, тооцох боломжгүй байна. Түүнчлэн бичгийн хэлцэлдээ гэрээг хугацаанаас нь өмнө дуусгавар болох тохиолдолд гэрээний үнийг хэрхэн төлөхөөр тусгаагүй, тодорхойгүй байх тул энэ талаар тохиролцоо хийгдээгүй гэж үзэв.

 

Талуудын хооронд байгуулсан хэлцэл Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн хүчин төгөлдөр бус хэлцэл байна. Хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн талууд нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх үүрэг хүлээнэ.

 

Нэхэмжлэгч Б.Хнь хариуцагч А Т ХХКавтомашиныг шилжүүлж авахдаа 15,000,000 төгрөгийг барьцаалсан, гэрээний зүйл болох автомашиныг буцаан хураан авсан үйл баримтын талаар зохигч маргаагүй.

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй үндэслэлээ ...Б.Хнь А Т ХХК-д автомашины сэлбэг, засвар, тээврийн хөлс, замын мөнгө, хучилтын төлбөр, шатахуун, компанийн авлага, урьдчилгаа зэрэг нийт 9,400,831.15 төгрөгийн төлбөртэй. 2019 оны 06 дугаар сарын 30-ны өдөр тооцоо нийлсэн баримтыг үндэслэн. ... Б.Х-тайтохиролцсоны дагуу барьцааны мөнгөнөөс 5,060,000 төгрөгийн үнэ бүхий гэр ахуйн тавилгыг Д.Алтангадаст өгсөн гэж тайлбарласан байдаг.

 

Талуудын 2019 оны 06 дугаар сарын 30-ны өдөр тооцоо нийлсэн баримтаар нэхэмжлэгч нь урьдчилгаа 1,000,000 төгрөгийг авсан нь нотлогдож байх тул үлдэх 14,000,000 төгрөгийг хариуцагч буцаан өгөх үүрэгтэй.

 

Харин гэрээ хүчин төгөлдөр бус тул хариуцагч Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс автомашины сэлбэг, засвар, тээврийн хөлс, замын мөнгө, хучилтын төлбөр, шатахуун, компанийн авлага болон бусад авлагаа буцаан шаардах эрхтэй. Өөрөөр хэлбэл эдгээр нь буцаан шаардах шаардлагад хамаарна. Хариуцагч энэ талаар сөрөг шаардлага гараагүй тул нэхэмжлэлийн шаардлагатай харилцан тооцох боломжгүй.

 

Иймд хариуцагч А Т ХХК14,000,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Х-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгов.

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д заасны дагуу хариуцагч А Т ХХК14,000,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Х-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасны дагуу нэхэмжлэгч Б.Хүрэлбаатараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 232,950 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч А Т ХХК227,950 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Б.АЗБАЯР