Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 128/ШШ2016/0316

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарангэрэл даргалж, 2016 оны 05 дугаар сарын 02-ны өдөр тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд хийсэн шүүх хуралдаанаар Н ХХК-ийн нэхэмжлэлтэй, Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Л.Д, Т.О нарт холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцэж энэхүү шүүхийн шийдвэрийг гаргав.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.М*******, хариуцагч Л.Д, Т.О, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.А*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Н******* нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэлийн шаардлагын агуулга: Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчдын 2015 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 230013750 тоот актын 212,009,500 төгрөгийн зөрчилд ногдуулсан 38,338,837 төгрөгийн төлбөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах гэжээ.

Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд: Н ХХК нь Татварын улсын байцаагч нарын 2015 оны 02 дугаар сарын 06-ны өдөр тогтоосон 230013750 тоот актыг эс зөвшөөрч Татварын ерөнхий хуулийн 72 дугаар зүйлийн 72.1.3 дах хэсэгт зааснаар харъяаллын дагуу Нийслэлийн татварын газрын дэргэдэх маргаан таслах зөвлөлд хандсан.

Нийслэлийн татварын газрын дэргэдэх маргаан таслах зөвлөл манай гомдлыг 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн хурлаар хэлэлцээд 44 тоот тогтоолоор 230013750 тоот актыг хэвээр баталсан.

Ийнхүү Н ХХК нь Татварын газрын дэргэдэх маргаан таслах зөвлөлийн тогтоолыг эс зөвшөөрч Татварын ерөнхий газрын дэргэдэх маргаан таслах зөвлөлд хандсан.

Татварын ерөнхий газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлийн 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдөр гомдлыг авч хэлэлцээд 84 тоот тогтоолоор маргаан бүхий татварын улсын байцаагчийн актад өөрчлөлт оруулсан.

Энэхүү Татварын маргаан таслах зөвлөлийн тогтоолыг 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр гардаж авсан.

Тус компани нь гадаад, дотоод худалдаа, мэдээлэл технологийн чиглэлээр 2009 онд үүсгэн байгуулагдсан 100 хувийн монголын хөрөнгө оруулалттай компани юм. Хан-Уул дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагч Л.Д, Т.О нар манай компанийн 2012 оны албан татвар ногдуулалт, төлөлтийн байдалд санхүүгийн анхан шатны баримт болон нягтлан бодох бүртгэл, тайлан тэнцэл, албан татварын ногдуулалт, төлөлтийн тайлан, Улсын мөрдөн байцаах газрын албан тоот, бусад материалд үндэслэн нэмэгдсэн өртгийн албан татварын төрлөөр хэсэгчилсэн шалгалт хийн 2015 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 230013750 тоот акт тогтоосон.

Энэхүү актад дурдсан зөрчил, нөхөн татвар, торгууль, алдангийг компанийн зүгээс хүлээн зөвшөөрөх боломжгүй байсан тул Татварын ерөнхий хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.6 дах хэсэгт заасны дагуу албан ёсоор гомдлоо гарган уламжилж шийдүүлсэн талаар дээр дурдсан байгаа.

Татвар төлөгч бид энэхүү актыг хүлээн зөвшөөрөх боломжгүй, хууль зүйн үндэслэлгүй байгаа тул актыг хүчингүй болгуулахаар энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна.

Татварын улсын байцаагч нарын 26/0004234 тоот актад дурдсан зөрчлийн тухай бараа материал худалдан авснаар баримт бүрдүүлэн төсөвт төлөх НӨАТ-аас хасч тооцсон зөрчил нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т Худалдан авагч нь бэлтгэн нийлүүлэгчид нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн нь нэхэмжлэл, падаан... нягтлан бодох бүртгэлийн бусад баримт тусгагдаагүй бол уг албан татварыг хасч тооцохгүй... гэсэн заалтыг зөрчсөн гэж үзээд Татварын ерөнхий Татварын ерөнхий хуулийн 74.1, 74.1.5, 74.1.3-д заасныг тус тус үндэслэн 32,170,950,0 мянган төгрөгийн нөхөн татвар, 9,651,285,0 мянган төгрөгийн торгууль, 16,354,750,0 мянган төгрөгийн алданги нийт 58,176,985,0 мянган төгрөгийн төлбөр ногдуулсан.

Нэгдүгээрт: Манай компани нь үндсэн үйл ажиллагааныхаа дагуу Монгол Улсын Үндсэн хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.3, Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлүүдэд заасан үүргийн дагуу хуульд заасны дагуу татвараа ногдуулж төлж, тайлагнах үүргээ биелүүлж байсан.

Энэхүү үүргээ биелүүлж ирсэн байхад татварын улсын байцаагч нар нь манай компанид хуулиар хүлээлгээгүй үүргийг бидэнд хамааруулж, тухайн аж ахуйн нэгжүүдээс худалдан авалт хийснийг минь үгүйсгэж байгаа ба манай компанийн хувьд хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж татварын болон санхүүгийн тайлангаа үнэн зөв тодорхойлох үүргийн хүрээнд худалдан авалтандаа Монгол Улсын татварын албанд бүртгэлтэй аж ахуйн нэгжид татварын байгууллагаас олгогдсон нэмэгдсэн өртгийн албан татварын падаан, кассын баримт хүлээн авснаа хууль ёсны гэж үзэж байгаа ба тухайн падааныг худалдсан, хуурамч падаан гэдгийг бид мэдэхгүй, тогтоох боломжгүй юм. Монгол Улсад худалдаа эрхэлж байгаа байгууллага худалдан авагч нарын хооронд падааныг шалгах тухай бараа бүтээгдэхүүнийг худалдан авах үедээ тус байгууллага нь нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгч мөн эсэх, өгсөн татварын падаан нь хуурамч биш эсэх, худалдагч нь тус компанийн ажилтан мөн эсэх, нэмэгдсэн өртгийн албан татварын падаанд бичилт хийх эрх бүхий этгээд мөн эсэхийг шалгах эрх хэдийгээр байдаг боловч нэг бүрчлэн бидэнд шалгуулах компани байхгүй билээ.

Гэтэл Улсын мөрдөн байцаах газраас мэдэгдсэн албан бичиг мэдээллийн дагуу хяналт шалгалт хийн А******* ХХК, Ш******* ХХК, Х******* ХХК-ийн аж ахуйн нэгжүүдийн тэмдэг бүхий зарлагын падаан, кассын орлогын ордер байгаа ч хий бичилт, нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримтыг хуурамчаар бүрдүүлсэн гэж буруутгаж байгаа хэдий ч манай компани бодит байдал дээр тухайн үед тус компаниудаас худалдан авалт хийсэн ба тэр нь ч нотлох баримтаар нотлогдох ба бид авсан бараа бүтээгдэхүүнээ өөр иргэн, аж ахуйн нэгжүүдэд худалдсан болох нь хангалттай нотлогдох бөгөөд энэхүү актыг гаргахдаа эдгээр баримтуудыг шалгалгүйгээр шууд акт тогтоож байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзэж байгаа ба энэ нь хууль бус бөгөөд татвар төлөгчийн хууль ёсны эрх ашигт халдсан үйлдэл болж байна.

Манай компани нэмэгдсэн өртгийн албан татварын падааныг хүлээн зөвшөөрч бичилт хийх нөхцөлүүдийг хангасан. Өөрөөр хэлбэл худалдан авалтдаа падаан авсан, энэ нь нэмэгдсэн өртгийн албан татвар төлснийг нотлох бөгөөд хуулийн дагуу л худалдан авалтыг хийсэн.

Харин энэ татварыг төсөвт төлөлгүй завшсан, падааны ашиглалт, тайлагналтад хяналт муу тавьсан эсэх нь бидний эрх ашигт сөргөөр нөлөөлж байгаа, татварын байгууллага тийм хуурамч падаан байгаа эсэхийг шалгалтаар тухайн үед нь илрүүлж тогтоогоогүй улсад маш их хэмжээний хохирлыг учруулах боломжийг олгосон атлаа хууль бус үйлдэл хийсэн хүмүүсийн мэдээлэлд тулгуурлан хэвийн үйл ажиллагаа явуулж, цаг тухай бүртээ татвараа тайлагнаж байсан манай компанийг шууд буруутгаж байгаад гомдолтой байна.

Хяналт шалгалтыг нарийн шалгаж тогтоогоогүй үнэхээр худалдан авсан уу, үгүй юу гэдгийг бодит байдал дээр шалгалт явуулж тогтоогоогүй, зөвхөн холбогдох мэдээлэл, цахим тайлангийн системд падаан бүртгэлгүй байсан гэх зэрэг шалтгааныг үндэслэн энэхүү акт тогтоосон нь хууль бус байна.

Иймд дээр дурдсан хууль зүйн үндэслэлүүдийг хянан үзэж Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нийцүүлэн Хан-Уул дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2015 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 230013750 тоот актыг хүчингүй болгож өгөхийг хүсье гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Н ХХК-ийн 2012.01.01-2012.12.31 дуустал албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд татварын хяналт шалгалт хийсэн Хан-Уул дүүргийн татварын хэлтсийн Татварын улсын байцаагч Л.Д, Т.О нарын 2015 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 230013750 тоот актаар тогтоосон 321,709,500.00 төгрөгийн зөрчилд 32,170,950.00 төгрөгийн нөхөн татвар, 9,651,285.0 төгрөгийн торгууль, 16,354,750.0 төгрөгийн алданги нийт 58,176,985.0 төгрөгийн төлбөр тогтоосныг Татварын ерөнхий газрын дэргэдэх маргаан таслах зөвлөлийн 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 84 дүгээр тогтоолоор дээрх актаар тогтоосон төлбөрөөс 109,700,00.00 төгрөгийн зөрчилд ногдуулсан 19,838,148.00 төгрөгийн төлбөр хассаныг хүлээн зөвшөөрч, актын үлдэх 212,009,500.00 төгрөгийн зөрчилд ногдуулсан 38,338,837.00 төгрөгийн төлбөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах гэж тус шүүхэд гаргасан Хан-Уул дүүргийн татварын хэлтсийн Татварын улсын байцаагч Л.Д, Т.О нарын 2015 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 230013750 тоот актыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан байгаа.

Алтан ганьт ХХК 2012 онд, 12670093, Х******* ХХК 12670120, Ш******* ХХК 11238129, Алтайн жаргалан ХХК 12277696 НӨАТ-ын падаанаар Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т Худалдан авагч нь худалдан авалтын нэхэмжлэл, падааныг нягтлан бодох бүртгэлд тусгаагүй бол гэсэн заалт байгаа ба манай компани нь хуулийнхаа дагуу анхан шатны баримтыг бүрдүүлж тус компанийн НӨАТ-ын падааныг бүрдүүлэн авч тухайн сард нь өөрийн нягтлан бодох бүртгэл болон НӨАТ-ын тайланд тусгасан болно. Тус компани нь НӨАТ төлөгч биш юм бол яагаад татвар төлөгчийн дугаар болон татварын падааныг татварын газраас авч ашигласан, улмаар НӨАТ-ын тайлангийн сүлжээнд хэрхэн хүлээн зөвшөөрөгдөж байсан гэх асуудлууд урган гарна. Манай компанийн хувьд НӨАТ-ын падаан нь жинхэнэ байгаад тэр нь тайлангаар сүлжээнд хүлээн зөвшөөрөгдөж байгаа тохиолдолд бид өөрөөр НӨАТ төлөгч биш гэдгийг тодорхойлох боломжгүй юм.

НӨАТ-ын падаануудыг хуурамч гэдгийг мэдэх боломжгүй, татвар төлөгчийн үүргээ биелүүлж татварын албанд тайлангаа тушаасан нь Монгол Улсын Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлд заасан үүргээ биелүүлээгүй гэж үзэх үндэслэлгүй.

2012 онд худалдаа хийж зарлага гаргасан, маргаан бүхий падаануудад бичигдсэн дүнгээр өөрийн нягтлан бодох бүртгэлийн болон нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд төсөвт төлөх татварыг бууруулж тайлагнасан нь Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1-д татвар ногдох зүйл, татвараа үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1-д Монгол Улсын нутаг дэвсгэрт үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар худалдан авсан бараа, ажил, үйлчилгээнд төлсөн, 14.3-д Албан татвар суутган төлөгч хоорондын бараа борлуулсан, ажил гүйцэтгэсэн, үйлчилгээ үзүүлсэн тухай бүрд төлбөрийн баримт олгох бөгөөд уг баримтуудыг дангаар, эсхүл хамтатган нэмэгдсэн өртгийн албан татварын падаан үйлдэнэ, 14.4-д Албан татвар суутган төлөгч хоорондын бараа, ажил, үйлчилгээний борлуулалтыг баталгаажуулсан нэмэгдсэн өртгийн албан татварын падааныг үндэслэн албан татварын хасалтыг хийнэ гэж тус тус заасан үүргээ биелүүлж, тайлан гаргах хугацаанд тайлагнаж анхан шатны баримтаа бүрдүүлсэн.

Хэдийгээр эрүүгийн хэрэгт сэжигтнээр байцаагдсан Чинбат, Эрхэмхүү нарын мэдүүлэгт нэмэгдсэн өртгийн албан татварын падаанийг хуурамчаар бичиж, борлуулалтын дүнгээс 1 хувийн ашиг авдаг байсан гэх боловч яг Н ХХК-ийн арматур худалдан авсан гэх баримтад хий бичилт хийсэн эсэх нь тодорхойгүй, хөндлөнгийн мэдээллээр тогтоогдсон гэж үзэн нэхэмжлэгчийг шууд буруутган Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14.5-д Албан татвар суутган төлөгч нь бэлтгэн нийлүүлэгчид албан татвар төлсөн нь нэхэмжлэл, нэмэгдсэн өртгийн албан татварын падаан, нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол уг албан татварыг хасаж тооцохгүй гэж заасан зөрчлийг гаргасан гэж үзэн нөхөн татвар, торгууль, алданги, хүү нийт 38,338,837.00 мянган төгрөгийн төлбөр ногдуулсан нь үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгч компани нь нэмэгдсэн өртгийн албан татварын падааныг хүлээн зөвшөөрч бичилт хийх нөхцөлүүдийг хангасан. Өөрөөр хэлбэл худалдан авалтдаа падаан авсан, энэ нь нэмэгдсэн өртгийн албан татвар төлснийг нотолно. Харин энэ татварыг төсөвт төлөлгүй завшсан, падааны ашиглалт, тайлагнаад хяналт муу тавьсан эсэх нь бидний эрх ашигт сөргөөр нөлөөлж байна. Иймд үндэслэлгүй тавьсан маргаан бүхий захиргааны актын холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.

Хариуцагч Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Л.Д, Т.О нар шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: Цагдаагийн ерөнхий газрын Улсын мөрдөн байцаах газрын 2014 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 10/5-421 тоот албан тоотын дагуу Хан-Уул дүүргийн 2015 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 23150200035 тоот томилолтоор Хан-Уул дүүргийн Татварын хэлтэстэй харьцдаг 5337216 тоот регистрийн дугаартай Н ХХК-ийн 2012 оны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд 2015 оны 02 дугаар сарын 02-ноос 04-ний өдрүүдэд татварын байцаагч Л.Д, Т.О нар нэмэгдсэн өртгийн албан татварын хэсэгчилсэн шалгалт хийсэн.

Шалгалтаар Н ХХК нь ******* регистрийн дугаартай Ш******* ХХК-иас 2012 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 11238129 дугаарын нэмэгдсэн өртгийн албан татварын падаанаар 55,309,500 төгрөгийн, 5296226 регистрийн дугаартай Алтайн жаргалант өргөө ХХК-иас 2012 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 12277696 дугаарын нэмэгдсэн өртгийн албан татварын падаанаар 109,700,00 төгрөгийн, ******* регистрийн дугаартай Алтайн ганьт ХХК-иас 2012 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 12670093 дугаарын нэмэгдсэн өртгийн албан татварын падаанаар 75,100,000 төгрөгийн, ******* регистрийн дугаартай Х******* ХХК-иас 2012 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 12670120 дугаарын нэмэгдсэн өртгийн албан татварын падаанаар 81,600,000 төгрөгийн бараа худалдан авч нэмэгдсэн өртгийн албан татварыг бууруулсан нь Монгол Улсын нэмэгдсэн өртгийн албан татварын хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т Худалдан авагч нь бэлтгэн нийлүүлэгчид нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн нь нэхэмжлэл, падаан болон нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол уг албан татварыг хасч тооцохгүй гэсэн заалтыг зөрчсөнийг тэмдэглээд Монгол Улсын Татварын ерөнхий хуулийн 34 дүгээр зүйлийг үндэслэж, 2012 онд 321,709,500 төгрөгийн зөрчилд 32,170,950 төгрөгийн нөхөн татвар, 9,651,285 төгрөгийн торгууль, 16,354,750 төгрөгийн алданги тус тус ногдуулж татварын улсын байцаагчийн 2015 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 230013750 тоот акт үйлдсэн болно.

Дээрхи нэмэгдсэн өртгийн албан татварын падаантай холбоотой орлого, зарлагын мөнгө төлөгдсөн баримтууд шалгалтаар нотлогдоогүй болно гэжээ.

Хариуцагч Т.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2015 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 230013750 тоот актаар тогтоосон 321,709,500.00 төгрөгийн зөрчилд 32,170,950.00 төгрөгийн нөхөн татвар, 9,651,285.0 төгрөгийн торгууль, 16,354,750.0 төгрөгийн алданги нийт 58,176,985.0 төгрөгийн төлбөр тогтоосныг Татварын ерөнхий газрын дэргэдэх маргаан таслах зөвлөлийн 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 84 дүгээр тогтоолоор дээрх актаар тогтоосон төлбөрөөс 109,700,00.00 төгрөгийн зөрчилд ногдуулсан 19,838,148.00 төгрөгийн төлбөр хассаныг хүлээн зөвшөөрч, актын үлдэх 212,009,500.00 төгрөгийн зөрчилд ногдуулсан 38,338,837.00 төгрөгийн төлбөрийг төлөх шийдвэр гаргасан.

Мөн худалдан авагч нь НӨАТ төлсөн нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-т албан татвар суутган төлөгч нь бэлтгэн нийлүүлэгчид албан татвар төлсөн нь нэхэмжлэл, нэмэгдсэн өртгийн албан татварын падаан, нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол уг албан татварыг хасаж тооцохгүй гэж заасан байдаг. Бэлтгэн нийлүүлэгч нь НӨАТ төлсөн нэхэмжлэл байхгүй. Нягтлан бодох бүртгэлийг тусгахдаа ямар бараа бүтээгдэхүүн гэдгийг тусгаагүй бараа гэж бичсэн. Падаан бичээгүй гэдэг нь тоо ширхэг, үнийг дүнг тусгаагүй нь Нягтлан бодох бүртгэлийн Олон улсын стандартыг мөрдөж ажиллаагүй гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.А******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Цагдаагийн ерөнхий газрын Улсын мөрдөн байцаах газрын 2013 оны 12 дугаар сарын 27-ны 10/5/11077 тоот албан бичгээр ирсэн мэдээлэлд Баянзүрх дүүргийн Татварын хэлтэст харьцаж, үйл ажиллагаа явуулдаг ******* тоот регистрийн дугаартай Ш******* ХХК-ийн захирал Р.Түвшинбаяр тус компанийн НӨАТ-ын 183 ширхэг борлуулалтын падаанд 17 тэрбум 205 сая 917800 төгрөгийн хий бичилт хийж, татвараас зайлс хийх боломж олгосон. Худалдан авалтуудын хасалтуудыг импортын НӨАТ-аар хасаж бичсэн байж болзошгүй гэсэн байдаг. 183 ширхэг компанид Н ХХК багтсан байдаг. Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 166 дугаар зүйлийн 166.2-т заасны дагуу Ш******* ХХК-нд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа.

Үүний дагуу Хан-Уул дүүргийн Татварын хэлтсээс 175 сая төгрөгөөс доош худалдан авалт хийсэн аж ахуй нэгж, аймаг, дүүргийн Татварын хэлтсүүд акт гаргуулж, түүгээрээ шийдвэрлүүлэх ажлыг манай байгууллага зохион байгуулсан. Ш******* ХХК-аас 55сая 309.500 төгрөгийн дүн бүхий хий бичилттэй 11238129 дугаартай падааныг Н ХХК-нд олгогдсон мэдээллийг 2014 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 10/2-1762, 10/2-1765 дугаартай албан бичгүүдээр ирсэн мэдээллийг тус хэлтэст шалгагдаж буй Ц.Чинбат буюу Х******* ХХК-ийн захирал, ******* регистрийн дугаартай Хээрт талын салхи ХХК, 5599002 регистрийн дугаартай Алтан ганьт ХХК-ийн НӨАТ-ын падааныг 2012 оноос 2013 онд бусдад зарлаж борлуулан, татвар төлөхөөс зайлс хийсэн хэлбэрт хамаарч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 166 дугаар зүйлийн 166.2-т зааснаар 20130100498 тоот хэрэгт хавсралтад дурдсан регистрийн дугаартай нэр бүхий аж ахуй нэгжүүд нь дээрх компаниас худалдан авалт хийсэн мэтээр татварын тайлан гаргасан эсэх асуудалд хэсэгчилсэн шалгалт хийж, холбогдох акт, дүгнэлт гаргуулах ажлыг зохион байгуулан яаралтай шалгана уу гэсэн бичиг өгсөн. Үүний дагуу хяналт шалгалтыг хийж, акт тогтоосон нь хууль зүйн үндэслэлтэй гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Н ХХК-иас Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2015 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 230013750 тоот актыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасан ба хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2015 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 230013750 тоот актаар 212,009,500 төгрөгийн зөрчилд ногдуулсан 38,338,837 төгрөгийн төлбөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах гэж өөрчилжээ.

Нэхэмжлэгчээс Нэмэгдсэн өртгийн албан татварын падааныг хуурамч гэдгийг бид мэдэхгүй, тогтоох боломжгүй. Тус компани падаанд бичилт хийх эрх бүхий этгээд мөн эсэхийг шалгах эрх хэдийгээр байдаг боловч нэг бүрчлэн бидэнд шалгуулах компани байдаггүй, тухайн үед бид бодит худалдан авалт хийсэн гэдэг нь хангалттай нотлогдож байхад акт тогтоосон, татварын байгууллага хуурамч падаан байгаа эсэхийг шалгаж тогтоогоогүй атлаа хууль бус үйлдэл хийсэн хүмүүсийн мэдээлэлд тулгуурлан манай компанийг шууд буруутгаж байгаад гомдолтай байна гэж маргажээ.

Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Л.Д, Т.О нараас Татварын хяналт шалгалтын ерөнхий удирдамж, Хан-Уул дүүргийн татварын хэлтсийн хяналт шалгалтын хэлтсийн даргын 2015 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн татварын хяналт шалгалт хийх томилолт (хх 42)-ыг үндэслэж Цагдаагийн ерөнхий газрын Улсын мөрдөн байцаах газрын 2013 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 10/5-11077, 2014 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 10/5-421 тоот, 2014 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 10/2-1762, 10/2-1765 тоот дугаартай албан бичиг (хх 30, 62-64)-ийн дагуу нэхэмжлэгч Н ХХК-ийн 2012 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2012 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд хэсэгчилсэн шалгалт хийжээ.

Уг маргаан бүхий актаар 2012 онд Алтан ганьт ХХК-ийн 12670093 дугаар падаанаар, Х******* ХХК-ийн 12670120 дугаар падаанаар, Ш******* ХХК-ийн 11238129 дүгээр падаанаар, Алтайн жаргалант өргөө ХХК-иас 12277696 дугаар падаанаар тус тус бараа материал худалдан гүй, нягтлан бодох бүртгэл хөтлөөгүй 2012 оны Нэмэгдсэн өртгийн албан татварыг бууруулж, дээрх падаанаар хий бичилт хийн төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татварыг бууруулж тооцсон 321,709,500 төгрөгийн зөрчилд 32,170,950 төгрөгийн нөхөн татвар, 9,651,285 төгрөгийн торгууль, 16,354,750 төгрөгийн алданги, нийт 58,176,985 төгрөгийн төлбөрийг нэхэмжлэгч компанид ногдуулжээ (хх 43-44).

Татварын ерөнхий газрын дэргэдэх маргаан таслах зөвлөл татвар төлөгчийн гомдлыг хянан хэлэлцэх явцад Н ХХК-ийн 2012 оны 11 дүгээр сарын Нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд татвар төлөгчийн 5296226 дугаартай Алтайн жаргалант өргөө ХХК-ийн 109,700,000 төгрөгийн бичилттэй 12277696 тоот падаан тусгагдаагүй, Н ХХК нь уг худалдан авалтыг бүртгэн тайлагнасан мэдээлэл байхгүй нь тогтоогджээ.

Тус зөвлөлийн 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 84 дүгээр тогтоолоор татварын улсын байцаагчийн актад дурдагдсан Алтайн жаргалант өргөө ХХК-ийн 109,700,000 төгрөгийн бичилттэй, 12277696 дугаар падааныг Н ХХК нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд тусган хасалт хийгээгүй, төсөвт төлөх татварын дүнг 10,970,000 төгрөгөөр бууруулаагүй нь батлагджээ. Үүний учир татварын улсын байцаагч нарын 2015 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 230013750 тоот актаар тогтоосон нийт 58,176,985 төгрөгийн төлбөрөөс 109,700,000 төгрөгийн зөрчилд ногдуулсан 19,838,148 төгрөгийн төлбөрийг хасч 212,009,500 төгрөгийн зөрчилд ногдуулсан 38,338,837 төгрөгийн төлбөрийг төлүүлэхээр актад өөрчлөлт оруулжээ.

Иймд нэхэмжлэгч татварын улсын байцаагч нарын 2015 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 230013750 тоот актаар ногдуулсан төлбөрөөс 109,700,000 төгрөгийн зөрчилд ногдуулсан 19,838,148 төгрөгийн төлбөрийг хасаж тооцсоныг хүлээн зөвшөөрч, маргаагүй болно.

Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-т зааснаар санхүүгийн тайлан нь үнэн, зөв баримт материал, бодитой мэдээнд үндэслэх зарчимд нийцэхээр заажээ.

Н ХХК нь санхүүгийн болон нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангаа үнэн зөв баримтад үндэслэн гаргаснаа нотолж чадаагүй, өөрөөр хэлбэл барилгын материалыг худалдан авсан гэх боловч, нэмэгдсэн өртгийн албан татвар шингэсэн үнийг Алтан ганьт ХХК, Ш******* ХХК, Х******* ХХК-нд төлсөн гэж нэхэмжлэгчээс зааж авсан бараа бүтээгдэхүүнээ өөр иргэн, аж ахуйн нэгжүүдэд худалдсан болохыг нотлох Ажил гүйцэтгэх гэрээ (хх 146-251), анхан шатны зарлагын баримтууд (хх 6-15)-ыг хэрэгт хавсаргажээ.

Хэдийгээр нэхэмжлэгч дээрх аж ахуй нэгжүүдийн тэмдэг бүхий зарлагын баримт, кассын орлогын ордер зэргийг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн боловч Х******* ХХК, Алтан ганьт ХХК-иудаас ямар бараа бүтээгдэхүүнийг худалдан авсан нь баримтуудад тодорхой бичигдээгүй, бодит худалдан авалт хийсэн гэдгийг бүрэн нотолж чадахгүй байна.

Түүнчлэн нэхэмжлэгч бид авсан бараа, бүтээгдэхүүнээ өөр иргэн, аж ахуй нэгжүүдэд худалдсан болох нь хангалттай нотлогдож байгаа хэмээн маргаж байх боловч Алтан ганьт ХХК, Ш******* ХХК, Х******* ХХК-иудаас ямар барааг, хэдэн ширхэгээр худалдаж авсан нь нэмэгдсэн өртгийн албан татварын падаан, орлого зарлагын баримтуудад тодорхой тэмдэглэгдээгүй байх тул хавтас хэрэгт нотлох баримтаар хавсаргаж өгсөн Ажил гүйцэтгэх гэрээ-нүүдийн дагуу бусад этгээдүүдэд барааг нийлүүлсэн гэж шууд дүгнэх боломжгүй юм.

Мөн тус шүүх нь 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 1/2210 тоот албан бичгээр Н ХХК-иас падааны бичилтийн үнэн зөвийг тогтоох, Алтан ганьт ХХК, Ш******* ХХК, Х******* ХХК-иас авсан нэмэгдсэн өртгийн албан татварын падаануудаар бодит худалдан авалт хийсэн гэдгийг нотлох дансны хуулга, худалдах, худалдан авах гэрээ гэх мэт баримтуудыг шаардсан боловч гаргаж өгөөгүй байна.

Харин Алтан ганьт ХХК, Ш******* ХХК, Х******* ХХК-иуд нь нэмэгдсэн өртгийн албан татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор хуурамч буюу хий бичилттэй падааныг Н ХХК-нд худалдсан гэдэг нь дараах баримтуудыг харьцуулан үнэлэхэд тогтоогдож байна. Үүнд:

-Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас ирүүлсэн Ш******* ХХК-ийн албан татвар ногдуулалт, төлөлтийг шалгасан татварын улсын байцаагчийн 2013 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 24/0000219 тоот дүгнэлт (хх 108-115),

-Алтан ганьт ХХК-ийн албан татвар ногдуулалт, төлөлтийг шалгасан татварын улсын байцаагчийн 2014 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 24/0000226 тоот дүгнэлт (хх-121-129),

-Х******* ХХК-ийн албан татвар ногдуулалт, төлөлтийг шалгасан татварын улсын байцаагчийн 2014 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 24/0000225 тоот дүгнэлт (хх 130-136), Ш******* ХХК, Алтан ганьт ХХК, Х******* ХХК-иудын захирал Ц.Чинбатын сэжигтнээр байцаасан тэмдэглэл (хх 137-140, 144-145),

-Э.Эрхэмхүүгийн сэжигтнээр байцаасан тэмдэглэл.

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т "Худалдан авагч нь бэлтгэн нийлүүлэгчид нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн нь нэхэмжлэл, падаан болон нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол албан татварыг хасч тооцохгүй" гэж, Үндэсний татварын ерөнхий газрын даргын 2006 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 236 дугаар түшаалаар баталсан Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийг хэрэгжүүлэх аргачлалын 4.3.2-т "Худалдан авагчийн бэлтгэн нийлүүлэгчид төлсөн нэмэгдсэн өртгийн албан татвар нь бэлтгэн нийлүүлэгчийн бичсэн нэмэгдсэн өртгийн албан татварын падаан, нэхэмжлэлгүй, нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол татварыг хасч тооцохгүй" гэж тус тус заасны дагуу уг хуурамч буюу хий бичилттэй падааныг үндэслэж төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татвараас хасалт хийх үндэслэлгүй юм.

Хэдийгээр нэхэмжлэгч Ш******* ХХК, Алтан ганьт ХХК, Х******* ХХК-иуд борлуулалтаа тайландаа тайлагнасан байхад манай компанийг худалдан авалт хийсэн мэдээллээ тайландаа тусгаагүй гэж буруутгаж байгаа нь үндэслэлгүй хэмээн маргаж байх боловч дээрх компаниудын захирал борлуулалт хийгээгүй, хий бичилттэй падаан гаргаж байсан гэдгээ хүлээн зөвшөөрч эрүүгийн хэрэгт мэдүүлэг өгсөн байна.

Иймд Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2015 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 230013750 тоот актаар "Н" ХХК-д 212,009,500 төгрөгийн зөрчилд ногдуулсан 38,338,837 төгрөгийн төлбөрийг ногдуулсан нь Татварын ерөнхий хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.1, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.1.3, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т заасантай нийцсэн бөгөөд нэхэмжлэгч компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэдэг нь тогтоогдоогүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Гэвч Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д Энэ хуулийн зорилт нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг эрүүгийн хариуцлагаас, ялтныг ял эдлэхээс, зарим этгээдийг захиргааны шийтгэлээс чөлөөлөхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино, 4 дүгээр зүйлийн 4.3-т Хууль тогтоомж зөрчиж захиргааны зөрчил гаргасан болон шийтгэл хүлээсэн этгээдийг өршөөн хэлтрүүлнэ, 10 дугаар зүйлийн 10.2-т Энэ хуулийн 4 дүгээр зүйлд заасан өршөөлд хамааруулах үндэслэл нь 2015 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 24 цаг 00 минутаас өмнө шүүхийн хүчин төгөлдөр болсон шийтгэх тогтоол, шийдвэр, төрийн эрх бүхий байгууллагын захиргааны шийтгэл ногдуулах шийдвэр зэргээр тогтоогдсон байна гэжээ; Түүнчлэн Татварын ерөнхий хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6-д татварын хууль тогтоомж зөрчсөн татвар төлөгчид энэ хуулийн 74, 75 дугаар зүйлд заасан хариуцлага хүлээлгэнэ, мөн хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д ...Эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол татварын алба, татварын улсын байцаагч татварыг нөхөн төлүүлж, нөхөн төлүүлэх татварын 30 хувьтай тэнцэх хэмжээний торгууль ногдуулна, 74.2-т татварыг хугацаанд нь төлөөгүй бол төлөгдөөгүй татварын дүнд хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.1 хувьтай тэнцэх хэмжээний торгууль ногдуулна, 74.3-т энэ хуулийн 74.1, 74.2-т заасны дагуу нөхөн төлүүлэх болон хугацаанд нь төлөөгүй татварт алданги тооцох бөгөөд уг алдангийн хэмжээ нь нөхөн төлүүлэх татварын үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхээргүй байна гэж тус тус заажээ.

Хуулийн дээрх зохицуулалтаас үзэхэд татварын хууль тогтоомж зөрчсөн зөрчил, түүнд хүлээлгэж байгаа хариуцлага болох торгууль, алданги нь захиргааны шийтгэл байна. Иймээс маргаан бүхий захиргааны актад заасан торгууль, алданги нь захиргааны зөрчил гаргаж шийтгэл хүлээсэн этгээдэд өршөөл үзүүлэхээр заасан Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуульд хамаарахаар байна.

Түүнчлэн нэхэмжлэгч Н ХХК-ийг татварын хууль тогтоомж зөрчсөн хэмээн үзэж захиргааны хариуцлага болох торгууль, алданги ногдуулсан татварын улсын байцаагчийн 230013750 тоот акт нь 2015 оны 02 дугаар сарын 06-ны өдөр үйлдэгдсэн байна. Иймд Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2-т заасан хугацаанд хамаарч байна. Мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-т Хууль тогтоомж зөрчиж захиргааны зөрчил гаргасан болон шийтгэл хүлээсэн этгээдийг өршөөн хэлтрүүлнэ гэж заасны дагуу торгууль, алданги нь захиргааны шийтгэлд хамаарах тул татварын улсын байцаагчийн 2015 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 230013750 тоот актын тогтоох хэсгээр татварын хууль, тогтоомж зөрчсөн 212,009,500 төгрөгийн зөрчилд ногдуулсан 38,338,837 төгрөгийн төлбөрөөс 6,360,285 төгрөгийн торгууль, 10,770,083 төгрөгийн алдангийг өршөөлд хамруулах нь зүйтэй байна.

Иймд шүүх нэхэмжлэгч Н ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Хан-Уул дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагч Л.Д, Т.О нараас 2015 оны 02 дугаар сарын 06-ны өдөр гаргасан 230013750 дугаартай актаар 212,009,500 төгрөгийн зөрчилд ногдуулсан 38,338,837 төгрөгийн төлбөрөөс 6,360,285 төгрөгийн торгууль, 10,770,083 төгрөгийн алданги ногдуулсан хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэв.

3ахиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дүгээр зүйлийн 70.1, 70.2.8-д заасныг удирдлага ТОГТООХ нь:

1.Татварын ерөнхий хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.1, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.1.3, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Хан-Уул дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагч Л.Д, Т.О нарын 2015 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 230013750 тоот актын 212,009,500 төгрөгийн зөрчилд ногдуулсан 38,338,837 төгрөгийн төлбөрөөс 6,360,285 төгрөгийн торгууль, 10,770,083 төгрөгийн алдангийг хүчингүй болгож, 21,200,950 төгрөгийн нөхөн татвар ногдуулсныг хүчингүй болгуулах гэсэн нэхэмжлэлийн шаардлагын хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 70.200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

З.Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2-т заасны дагуу шүүхийн энэ шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1-д заасны дагуу хэргийн оролцогчид тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.САРАНГЭРЭЛ