Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 1140

 

 

 

 

 

 

 

 

 

Ш.О-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Г.Даваадорж, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 181/ШШ2020/00883 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Ш.О-ийн хариуцагч НШШГГ-т холбогдуулан гаргасан Анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2020 оны 5 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, гуравдагч этгээд Н.С, түүний өмгөөлөгч Т.У, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Одонтуяа нар оролцов.

 

Нэхэмжлэгч Ш.О-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.А шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ш.О- нь “М-” ХХК-ийн үүсгэн байгуулагч бөгөөд “М-” ХХК нь иргэн Н.С-тай 2013 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Орон сууц захиалгаар барих, бариулах гэрээ байгуулж, тус гэрээгээр гүйцэтгэгч “М-” ХХК нь Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Элчингийн хороолол, 28 айлын орон сууцанд 143.2 мкв талбай бүхий орон сууцыг барьж, захиалагч Н.С-гийн өмчлөлд хүлээлгэн өгөхөөр тохиролцсон. Гэтэл 2013 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн Орон сууц захиалгаар барих, бариулах гэрээ-ний талууд 2014 оны 10 дугаар сарын 31-ний өдөр тус гэрээг цуцалж, ийнхүү гэрээг цуцалж, тохиролцсон нөхцлийг баталгаажуулсан. Н.С- нь 2019 оны 03 дугаар сарын 04-ний өдөр “М-” ХХК-ийг хариуцагчаар тодорхойлж, хариуцагч “М-” ХХК-иас орон сууц захиалгаар бариулах гэрээний төлбөрт нийт 300 214 380 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хүлээн авч, тус шүүхийн шүүгчийн 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 181/Ш32019/02958 дугаар захирамжаар иргэний хэрэг үүсгэсэн байдаг. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талууд харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсаны дагуу Н.С-гийн нэхэмжлэлтэй “М-” ХХК-д холбогдох 300 214 380 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 181/ШШ2019/01290 дүгээр Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжаар хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч тус шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх хүсэлт гаргасан бөгөөд 545 дугаар гүйцэтгэх баримт бичгийн үндсэн дээр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа билээ. Нэхэмжлэгч Ш.О- миний өмчлөлийн Ү-2203032769 дугаарт бүртгэлтэй Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, 13 дугаар хороолол, Юнескогийн гудамж, 11 дүгээр байр, 8 тоот хаягт байрлах, 137.5 мкв талбай бүхий 4 өрөө орон сууцанд анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай ахлах шийдвэр гүйцэтгэгч дэслэгч Б.Саяболдын 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 1/16 дугаар тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байна. НШШГГ- нь хуулиар олгосон суурь эрх болох Үндсэн хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, 5.З, 16 дугаар зүйлийн 16.3 дах хэсэгт заасан эрх болон Иргэний хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, мөн хуулийн 103 дугаар зүйлийн 103.1 дэх хэсэгт заасныг тус тус зөрчиж, иргэн миний буюу гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндсөн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулсаар байна. НШШГГ- нь Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 1290 дугаар шийдвэр, 545 тоот гүйцэтгэх баримт бичгийн дагуу ажиллагаа явуулахдаа дур мэдэн иргэн Ш.О- намайг төлбөр төлөгчөөр тодорхойлж, миний өмчлөлийн эд хөрөнгөөр “М-” ХХК-ийн бусдын өмнө хүлээсэн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаануудыг гүйцэтгэж, хувь хүний өмчид халдаж байгаад гомдолтой байна. Миний бие “М-” ХХК-ийн төлөөлөгчийн хувьд иргэн Н.С-тай гэрээ байгуулж, гэрээний дагуу үүрэг төлбөр төлөх үүрэг “М-” ХХК-д үүссэн. Миний бие хувь хүн Ш.О-, төлбөр төлөгч “М-” ХХК нь тус тусдаа иргэний эрх зүйн субъект, “М-” ХХК нь эрх зүйн чадвар бүхий хуулийн этгээд юм. Гэтэл шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр хариуцагч “М-” ХХК-иас төлбөр буюу 300 214 380 төгрөг гаргуулах тухай шийдвэр гүйцэтгэлийн хэрэгт Ш.О-ийг төлбөр төлөгчөөр хууль бусаар дур мэдэн тогтоож, миний өмчлөх эрхэд халдсан, үйлдлүүдийг гаргаж, оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр орон байранд нэвтэрч хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд халдаж дураараа авирласан хууль бус үйлдэл гаргасан гэж үзэж байна. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь төлбөр төлөгч-хуулийн этгээдийн мөнгөн хөрөнгөөс төлбөр гаргуулах, төлбөр төлөгч-хуулийн этгээдийн хөрөнгийг хураан авах, худалдан борлуулах, төлбөрт суутгах дараалал буюу хуульд заасан журмыг зөрчиж, тус хуулийн этгээдийн эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах ямар ч ажиллагаа хийгээгүй төдийгүй, Н.С-гийн нэхэмжлэлтэй “М-” ХХК-д холбогдох 300 214 380 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн оролцогч биш бөгөөд 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 1290 дугаар шийдвэр, 545 тоот гүйцэтгэх баримт бичгийн дагуу явагдаж буй шийдвэр гүйцэтгэх ажиллагааны төлбөр төлөгч биш гуравдагч этгээдийн эд хөрөнгөд халдаж, уг маргааны барьцааны зүйл гуравдагч этгээдийн өмчлөлийн эд хөрөнгийг албадан дуудлага худалдаанд 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 10 цагт оруулахаар шийдвэрлэсэн. Иймд 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 1/16 дугаар тогтоолыг хүчингүй болгохыг хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж өгнө үү. Мөн Ш.О-ийн өмчлөлийн Ү-2203032769 дугаарт бүртгэлтэй Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, 13 дугаар хороолол, Юниескогийн гудамж, 11 дүгээр байр, 8 тоот хаягт байрлах, 137.5 мкв 4 өрөө орон сууцанд хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай ахлах шийдвэр гүйцэтгэгч дэслэгч Б.Саяболдын 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 2/11 дугаар тогтоолыг хүчингүй болгохыг хариуцагчид даалгаж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх шүүхэд гаргасан тайлбартаа болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ариунцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 1290 дүгээр захирамж, 545 дугаартай гүйцэтгэх хуудсанд дурдсан төлбөр төлөгч “М-” ХХК, захирал Ш.О-ээс 301 043 891 төгрөгийг гаргуулж төлбөр авагч Н.С-д олгохоор шийдвэрлэсэн гүйцэтгэх баримт бичгийг хүлээн авч шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж төлбөр төлөгч “М-” ХХК, Ш.О- нарын өмчлөл болон эзэмшилд эд хөрөнгө бүртгэлтэй эсэхийг тодруулахад төлбөр төлөгч “М-” ХХК-д хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө бүртгэлгүй болох нь тогтоогдсон ба харин төлбөр төлөгч Ш.О-ийн өмчлөлд үл хөдлөх эд хөрөнгө бүртгэлтэй болох нь тогтоогдсоны дагуу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд зааснаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулж эд хөрөнгийн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн. Мөн төлбөр төлөгч “М-” ХХК, захирал Ш.О- нарын арилжааны банкинд байрших харилцах болон хадгаламжийн дансны зарлагын гүйлгээг төлбөрийн үнийн дүнгийн хэмжээнд зогсоож, харилцах данснаас хасалт хийх тухай мэдэгдлийг хүргүүлэхэд дансандаа үлдэгдэлгүй талаар хариуг ирүүлсэн. Төлбөр төлөгч “М-” ХХК, захирал Ш.О-тэй уулзаж, төлбөр төлүүлэхээр шүүхийн шийдвэрт заагдсан хаягт удаа дараа очиж төлбөр төлөх талаар удаа дараа мэдэгдэхэд төлбөрийг төлөхгүй, уулзахгүй, уулзахаар шийдвэр гүйцэтгэгчийг доромжлох зэргээр шүүхийн шийдвэр биелүүлэхээс зайлсхийж, шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд саад учруулж байсан бөгөөд шийдвэр гүйцэтгэгчээс төлбөр төлөгч нь шүүхийн шийдвэртэй төлбөрийг сайн дураар биелүүлээгүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасны дагуу төлбөр төлөгчийн өмчлөлд бүртгэлтэй эд хөрөнгөөс төлбөр гаргуулах албадлагын арга хэмжээг хэрэгжүүлсэн. Ингэхдээ төлбөр төлөгч “М-” ХХК-ийн захирал Ш.О- нь тус газарт хандан гаргасан хүсэлтэндээ миний бие Ш.О- болон “М-” ХХК-ийн төлөх 301 043 891 төгрөгийг төлөх төлбөрт тооцон өөрийн өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Юнескогийн гудамж, 11 дүгээр байрны 14 тоот 147 м.кв орон сууцанд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулах хүсэлт гаргаж байсан бөгөөд уг орон сууцанд түүний гаргасан хүсэлтийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахаар удаа дараа уг орон сууцанд очиход эзгүй, түлхүүр нь байхгүй гэх зэргээр шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд саад учруулсны улмаас төлбөр төлөгчийн өмчлөлийн мөн байрны 8 тоот хаягт байрлах үл хөдпөх эд хөрөнгөөс төлбөр гаргуулах шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулж эхэлж үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжилж, хурааж, талуудаас үнийн санал авахад төлбөр төлөгчөөс үнийн саналаа ирүүлээгүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55, Иргэний хуулийн 177 дугаар зүйлд заасны дагуу хөндлөнгийн шинжээч томилж зах зээлийн үнийг тогтоолгож албадан дуудлага худалдаанд оруулсан шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь хууль зөрчөөгүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.4, Компанийн тухай хуулийн 9.5 дах хэсэгт тус тус заасны дагуу компанийн хувьцаа эзэмшигч Ш.О-ийн компанид оруулсан хөрөнгө нь өөрийнх нь хувийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээс тодорхой зааглагдаагүй холилдсон учраас Ш.О-ийн эд хөрөнгөнд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа болно. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.2-т заасны дагуу шүүхээс иргэний хэргийн талаар гарсан шүүхийн шийдвэр, шүүгчийн захирамжид шийдвэр гүйцэтгэх ажиллагааг шүүхээс албадан гүйцэтгүүлэхээр гарсан шүүгчийн захирамжийн дагуу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар төлбөр төлөгчийн өмчлөлд бүртгэлтэй эд хөрөнгөөс төлбөрийг албадан гаргуулах шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулдаг эрх бүхий байгууллага бөгөөд шүүхийн шийдвэрт заагдсан төлбөр төлөгч хуулийн этгээд болон төлбөр төлөгч иргэнээс төлбөр гаргуулах ажиллагааг явуулсан нь хууль зөрчөөгүй юм. Төлбөр төлөгч Ш.О- нь тус газарт хандан гаргасан хүсэлт болон шийдвэр гүйцэтгэх ажиллагааны бүхий л явцад өөрийн нэр дээр буюу хувь хүн дээр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгааг мэдэж байсан бөгөөд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа тус бүрт энэ тухай гомдлыг гаргах боломж байсаар байхад гомдол гаргаагүй атлаа хуулийн дагуу явагдаж байгаа шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүйд тооцуулахаар шүүхэд хандаж байгаа нь шүүхийн шийдвэрийг биелүүлэхээс зайлсхийж төлбөрөөс өнөөдрийг хүртэл нэг төгрөг ч төлөөгүй, төлбөрийг төлөхгүй байгаа нь цаашлаад хугацаа хожиж шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй байх зорилготой байх тул нэхэмжлэгчийн нэхэмжпэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Гуравдагч этгээд Н.С- шүүхэд гаргасан тайлбартаа болон өмгөөлөгч Н.Урангэрэл шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ш.О- нь тус шүүхэд би төлбөр төлөгч биш, манай компани Н.С-д төлбөр төлөх ёстой. Гэтэл гуравдагч этгээд миний өмчлөлийн орон сууцыг битүүмжилж шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулж байгаа нь буруу гэсэн агуулгатай нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй юм. Учир нь, нэхэмжлэгч нь “М-” ХХК-ийн үүсгэн байгуулагч юм. Би анх Ш.О-ийн нөхөр С.Батсамбуугаас 4 өрөө орон сууц худалдан авахаар амаар урьдчилан тохирсон байсан. Гэтэл С.Батсамбуу нь 1 гишүүнтэй, өөрийн эхнэр Ш.О-ийн үүсгэн байгуулсан, 100%-ийн хувьцаа эзэмшигч “М-” ХХК-тай гэрээ байгуулах санал тавьсан учраас би 2013 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Орон сууц захиалгаар барих, бариулах гэрээг байгуулсан. Намайг СБД-ийн 1-р хороо, 13-р хороолол /14230/, Юнескогийн гудамжны 11-р байрны 8 тоот, 137,5 мкв талбай бүхий 4 өрөө орон сууцны төлбөрөөс төлж, олон сая төгрөгний тохижилт хийлгэсэн байхад Ш.О- бидний хооронд мкв талбайн үнэ дээр маргаан үүсч уг гэрээг цуцлах болсон ба компанийн захирал Ш.О- нь гэрээ цуцлагдахад компанийн өр, төлбөрийг би хариуцана гэж надад төлбөрөө хэсэгчлэн төлөхөө илэрхийлж гэрээ цуцлах тухай баримт дээр 2014 оны 10 дугаар сарын 31-ний өдөр гарын үсгээ зурсан боловч 5 орчим жилийн хугацаанд төлбөрөө огт өгөхгүй намайг хохироож байсан учраас би “М-” ХХК-ийг 2019 оны 3 дугаар сард хариуцагчаар тодорхойлж, хариуцагчаас гэрээний үүрэгт 300 214 380 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хүлээн авч 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдөр 181 /ШЗ2019/02958 тоот шүүгчийн захирамжаар Иргэний хэрэг үүсгэсэн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад надад анх орон сууцыг худалдана гэж байсан түүнчлэн миний мөнгийг төлнө гэж удаа. дараа баталгаа гаргаж байсан С.Батсамбууг хамтран хариуцагчаар татах хүсэлт өгсөнийг шүүхээс хангаж шийдвэрлэсэний дараа түүний эхнэр Ш.О- нь манай нөхрийг энэ маргаандаа битгий оролцуулаач, манай компани Төрийн банкинд өртэй банкны зээлээр санхүүжсэн компанийн өмч хөрөнгийг өөрийн өмчлөлдөө шилжүүлсэн учраас би компанийн өмнөөс хувьцааг эзэмшигч гэдэг утгаараа чиний төлбөрийг төлөе гэдгээ 2019.05 дугаар сард хэлэхэд нь би итгэсэн, 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдөр итгэмжлэгдсэн төлөөлөгч Цэцэнбилэг нь надтай Эвлэрлийн гэрээ байгуулсан. Энэхүү Эвлэрлийн гэрээний хариуцагч тал нь “М-” ХХК, захирал Шагдарын Отгончимэг нар байсан юм. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 181/ШШ2019/01290 дугаартай захирамжийн үндэслэх хэсэгт Нэхэмжлэгч Н.С- нь хариуцагч “М-” ХХК-д холбогдуулан нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч хуулийн этгээдийн захирал Ш.О- нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөөд уг төлбөрийг 2019 оны 07 дугаар сарын 10-ны дотор төлж барагдуулахаар харилцан тохирч эвлэрлийн гэрээ байгуулсан нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээлийн хуулиар хамгаалагдсан эрх ашиг сонирхолыг хөндөхгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь хуульд нийцнэ гэж үзээд нэхэмжлэгч Н.С- нь хариуцагч "М-” ХХК захирал Ш.О-т холбогдуулан 300 214 380 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгуулсан Эвлэрлийг баталж. хэргийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч “М-” ХХК-иас 300 214 380 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н.С-д олгосугай гэсэн. Хариуцагч "Монгол цэцэнс Даймонд" ХХК-ийн хувьцаа эзэмшигч Ш.О- нь Эвлэрлийн гэрээнд заасан төлбөрөө гэрээнд заасан хугацаанд сайн дураараа барагдуулаагүй учраас би тус шүүхэд 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 181/ШШ2019/01290 дугаартай шүүгчийн захирамжийг албадан гүйцэтгүүлэх хүсэлтийг өгч шүүхээс шийдвэрлэсэн. Гүйцэтгэх хуудсанд төлбөр төлөгч нь “Монгол цэцэнс Даймонд" ХХК, /захирал Ш.О-/ гэж бичсэн байсан. Ийнхүү 00545 дугаар бүхий 2019 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн гүйцэтгэх хуудсаар төлбөр төлөгч нь нэр бүхий хуулийн этгээдийн захирал, төлбөр төлөгч хуулийн этгээдийн 100 хувийн хувьцааг эзэмшигч Ш.О- болсон юм. Өөрөөр хэлбэл, Ш.О- нь өөрийн үүсгэн байгуулсан “М-” ХХК-д оруулсан өмч хөрөнгөө компанийн дүрмээрээ тусгайлан өөрийн хувийн өмч хөрөнгөнөөсөө тусгайлан ялган зааглаагүй, тэдний өмч хөрөнгө нь хоорондоо холилдсон байсан учраас тухайн компанийн хувьцаа эзэмшигч Ш.О- нь өөрийн эд хөрөнгөөр компанийнхаа надад төлөх өр төлбөрийг давхар хариуцахаар тохиролцсон юм. Ш.О- нь “М-” ХХК-тай огт хамааралгүй этгээд биш, урьд нь хянан шийдвэрлэж байсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч компанийн захирал, хувьцаа эзэмшигч байсан ба түүний 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдөр нэхэмжлэгчтэй хүлээн зөвшөөрч байгуулж байсан Эвлэрлийн гэрээг шүүх үндэслэн компанийн төлбөрийг хариуцах төлбөр төлөгч мөн гэж шийдвэрлэсэн нь зөв бөгөөд Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газар нь дур зоргоороо хувь хүн Ш.О-ийг төлбөр төлөгчөөр тодорхойлоогүй юм. Иймд нэхэмжлэгчийн НШШГГ- нь хуулиар олгосон эд хөрөнгө өмчлөх суурь эрхийг зөрчиж шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулсан гэдэг нэхэмжлэл нь үндэслэлгүй байх тул Ш.О-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.3, 122.5 дахь хэсэгт зааснаар Ш.О-ийн НШШГГ-т холбогдуулан гаргасан 2020.01.07-ны өдрийн 1/16 дугаар Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол болон 2020.02.04-ны өдрийн 2/11 дугаар Хоёр дахь албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай тогтоол-ыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-д зааснаар нэхэмжлэгч Ш.О-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг Улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэр нь Монгол Улсын Үндсэн Хуулийн арванзургаа дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн нь нэхэмжлэгчийн хуулиар олгогдсон эрх, хууль ёсны ашиг сонирхолыг нь хөндсөн гэж үзэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар дараах үндэслэлээр гомдол гаргаж байна. Хэргийн нөхцөл байдал болон нотлох баримтын тухайд: Нэхэмжлэгч Ш.О- нь НШШГГ-т холбогдуулан түүний өмчлөлийн Ү-2203032769 дугаарт бүртгэлтэй Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, 13 дугаар хороолол, Юнескогийн гудамж, 11 дүгээр байр, 8 тоот хаягт байрлах, 137.5 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууцанд анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай ахлах шийдвэр гүйцэтгэгч дэслэгч Б.Саяболдын 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 1/16 дугаар тогтоол, хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 2/11 дүгээр тогтоолуудыг хүчингүй болгохыг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийн шаардпагыг шүүхэд гаргасан ба хариуцагч “М-” ХХК-иас төлбөр буюу 300 214 380 төгрөг гаргуулах тухай шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа үүсгэхдээ хувь хүн Ш.О-ийг төлбөр төлөгчөөр хууль бусаар дур мэдэн тогтоож, төлбөр төлөгч-хуулийн этгээдийн мөнгөн хөрөнгөөс төлбөр гаргуулах, төлбөр төлөгч-хуулийн этгээдийн хөрөнгийг хураан авах, худалдан борлуулах, төлбөрт суутгах дараалал буюу хуульд заасан журмыг зөрчиж, шууд нэхэмжлэгчийн өмчлөх эрхэд халдсан, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь тус хуулийн этгээдийн эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах ямар ч ажиллагаа хийгээгүй төдийгүй, Н.С-гийн нэхэмжлэлтэй “М-” ХХК-д холбогдох 300 214 380 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн оролцогч биш бөгөөд 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 1290 дугаар шийдвэр, 545 тоот гүйцэтгэх баримт бичгийн дагуу явагдаж буй шийдвэр гүйцэтгэх ажиллагааны төлбөр төлөгч биш гуравдагч этгээдийн эд хөрөнгөд халдаж, уг маргааны барьцааны зүйл биш гуравдагч этгээдийн өмчлөлийн эд хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулах ажиллагааг хүлээн зөвшөөрөхгүй гэж үндэслэлээ тайлбарлаж маргасан. Гэтэл шүүх шийдвэрийн “ҮНДЭСЛЭХ” хэсэгтээ: Иргэн Ш.О- нь ...орон сууцны өмчлөх эрхийг өөрийн нэр дээр бүртгүүлсэн байх боловч уг эд хөрөнгийн өмчлөх эрхийг “М-” ХХК-иас хуульд заасан арга журмын дагуу шилжүүлэн авсан гэдгээ баримтаар нотлоогүй буюу Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан үүргээ хэрэгжүүлээгүй тул иргэн Ш.О-ийг дээрх орон сууцны хууль ёсны өмчлөгч гэж үзэх үндэслэлгүй, Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, 13 дугаар хороолол, Юнескогийн гудамж, 11 дүгээр байрны, 8 тоот, 137.5 м.кв талбайтай 4 өрөө орон сууцыг М- ХХК-ийн хөрөнгө гэж үзэх үндэслэлтэй,” гэж дүгнэсэнийг дараах байдлаар эс зөвшөөрч байна. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-т “Иргэн, хуулийн этгээд Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 8.1.1-д заасан эрхийг хуульд заасан журмын дагуу эрхийн улсын бүртгэлд бүртгүүлснээр өмчлөх эрх үүснэ”, мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-т “Эрхийн улсын бүртгэл үнэн зөв байх бөгөөд улсын бүртгэгч өөрийн хийсэн бүртгэл бүрийг эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдээллийн санд оруулж, хууль, холбогдох журамд заасны дагуу баталгаажуулна” гэж заасан. Нэхэмжлэгч Ш.О- нь Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, 13 дугаар хороолол, Юнескогийн гудамж, 11 дүгээр байрны, 8 тоот, 137.5 м.кв талбайтай 4 өрөө орон сууцны хууль ёсны өмчлөгч бөгөөд Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн лавлагааг нэхэмжлэл гаргахдаа хавсарган өгсөн ба үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэл үнэн зөв, аливаа гуравдагч этгээдийн маргаангүйгээр тус үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх нотлогдож, өмчлөгч нь Ш.О- болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байхад шүүх нэхэмжлэлийн шаардлагаас хальсан дүгнэлт гаргаж, нэхэмжлэгчийг Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38.1-т заасан үүргээ хэрэгжүүлээгүй, иргэн Ш.О-ийг дээрх орон сууцны хууль ёсны өмчлөгч гэж үзэх үндэслэлгүй, “М-” ХХК-ийн хөрөнгө гэж үзэх үндэслэлтэй гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” 116.3-т “Шийдвэрийг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын үндсэн дээр гаргана” гэж заасанд нийцэхгүй байна. Өөрөөр хэлбэл,...хэрэгт авагдсан баримтаар үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх Ш.О-ийн нэр дээр бүртгэлтэй байхад түүнийг өмчлөгч биш гэж үзэж, нотлох баримтгүйгээр тус үл хөдлөх эд хөрөнгийг “М-” ХХК-ийн хөрөнгө гэж дүгнэж, нэхэмжлэлийн шаардлагаас хальсан хийсвэр дүгнэлт гаргасан нь хуулийн дээрх заалтыг зөрчсөн гэж үзэж байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 93 дугаар зүйлд зааснаар “М-” ХХК-ийн хөрөнгөөс төлбөр гаргуулах дарааллын дагуу ажиллагаа хийж, хэрвээ төлбөр төлөгчийн нийт хөрөнгө нь гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг хангахад хүрэлцэхгүй тохиолдолд хувьцаа эзэмшигчийн эд хөрөнгөөс төлбөр гаргуулах эсэх асуудал яригдахаас биш компани дээр гарсан шийдвэр болгонд хувьцаа эзэмшигч нарыг дураар шийдвэр гүйцэтгэлийн шатанд хариуцагчаар тодорхойлж, төлбөр төлөгчөөр тогтоож ажиллагаа хийх эрх Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт байхгүй хуульд заасан дарааллын дагуу ажиллагаа хийгээгүйн улмаас гуравдагч этгээдийн эрх ашиг хөндөгдсөн гэж үзэж тус нэхэмжлэлийг гаргасан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан дараалал журмын дагуу ажиллагаа хийгдээгүй болох нь иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тогтоолоос эхлээд харагдах бөгөөд шийдвэр гүйцэтгэлийн бүх ажиллагааг буруу дарааллаар буюу Ш.О-ийг төлбөр авагчаар анхнаасаа тогтоож явуулсан байдаг. Хариуцагч нь тус нэхэмжлэлийг шүүхэд гаргасаны дараа буюу 2020 оны 01 дүгээр сарын 28-ны 185/16280685 тоот албан бичгээр “М-” ХХК-ийн банк дахь харилцан дансны мэдээллүүдийг шаардаж, битүүмжлэх албан бичиг явуулсан, 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 3/2598 дугаар албан бичгээр “М-” ХХК-ийн газар эзэмших, ашиглах бүртгэлийн лавлагааг дүүргийн газрын албуудаас шаардсан байдал нь Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг Шийдвэр гүйцэтгэлийн тухай хуулийн 93 дугаар зүйлд заасан төлбөр төлөгч хуулийн этгээдийн хөрөнгөөс төлбөр барагдуулах дарааллын дагуу явуулаагүй болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогддог бөгөөд Ш.О-ийн “М-” ХХК-д оруулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх нь хувийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээс тодорхой зааглагдаагүй байдал хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй байхад шүүх ийнхүү дүгнэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Иймд дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардпагыг хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, зохигчдын хоорондын маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

 

            Нэхэмжлэгч Ш.О- нь хариуцагч НШШГГ-т холбогдуулан анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тогтоолыг хүчингүй болгуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэж маргажээ.

 

            Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 1290 дугаар захирамжаар “М-” ХХК /захирал Ш.О-/ нь Н.С-гийн нэхэмжилсэн 301 043 891 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хүчин төгөлдөр болжээ. /хэргийн 11-14 дүгээр тал/ Төлбөр төлөгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг биелүүлэх үүрэгтэй.

            Хариуцагч дээрх шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй тул төлбөр авагчийн хүсэлтээр 2019 оны 6 дугаар сарын 27-ны өдөр шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх захирамж гарч, 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдөр төлбөр төлөгч “М-” ХХК, Ш.О- нарт холбогдуулан шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэн, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1 дэх хэсэгт заасан журмын дагуу төлбөр төлөгч “М-” ХХК-ийн нэр дээрхи харилцах болон хадгаламжийн данс дахь мөнгөн хөрөнгөөс төлбөрийг гаргуулах ажиллагаа явуулахад Төрийн банк, Худалдаа хөгжлийн банкны дансанд бэлэн мөнгөгүй, Чингис хаан банк, Голомт банк, Капитрон банк, Улаанбаатар хотын банк, Хаан банкинд данс эзэмшдэггүй болох нь банкнуудаас ирүүлсэн албан тоотоор, мөн “М-” ХХК-ийн нэр дээр үл хөдлөх эд хөрөнгө, газар, тээврийн хэрэгсэл бүртгэлгүй болох нь 2019 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн Лавлагаа-Эд хөрөнгийн баримт, Тээврийн хэрэгсэл бүртгэлгүй гэх албан тоот, Багахангай дүүргийн газар зохион байгуулалтын албаны албан тоотоор тус тус тогтоогдсон байна. /хэргийн 73-86, 93-99 дүгээр тал/ Дээрх ажиллагааны хүрээнд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусаагүй байна.

 

            Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт “Компанийн эд хөрөнгө нь эзэмшиж байгаа эд хөрөнгө болон эд хөрөнгийн эрхээс бүрдэх бөгөөд компани нь эдгээр бүх эд хөрөнгөөрөө хариуцлага хүлээнэ.” гэж, 9.3. дах хэсэгт “Хувьцаа эзэмшигч нь компанийн хүлээх үүргийг хариуцахгүй бөгөөд гагцхүү өөрийн эзэмшлийн хувьцааныхаа хэмжээгээр хариуцлага хүлээнэ.” гэж, 9.5. дах хэсэгт “Хувьцаа эзэмшигчийн компанид оруулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх нь хувийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээс тодорхой зааглагдаагүй бол уг хувьцаа эзэмшигч өөрийн бүх эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээр компанийн өр төлбөрийг давхар хариуцна.” гэж тус тус заажээ. Нэхэмжлэгч буюу төлбөр төлөгч компаний хувьцааг Ш.О- зуун хувь эзэмшдэг талаар зохигч маргаагүй болон энэ талаар итгэмжлэгдсэн төлөөлөгч нь давж заалдах шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт тайлбарласан болно.

 

            Хуулийн этгээд хөрөнгөгүй тохиолдолд шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг үргэлжлүүлэн явуулж, төлбөр төлөгч “М-” ХХК-ийг үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч Ш.О-ийн өмчлөлд бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгөд ажиллагаа явуулсан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.1, Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.3, 9.5 дах хэсэгт заасанд нийцжээ. Тодруулбал, төлбөр төлөгч “М-” ХХК-д оруулсан хувьцаа эзэмшигч буюу нэхэмжлэгч Ш.О-ийг хөрөнгө тусдаа зааглагдсан гэх баримт хэрэгт авагдаагүй.

 

            Харин хэргийн 104 дүгээр талд авагдсан 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн Ү-2203032769 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээнээс үзэхэд маргаан бүхий орон сууцны өмчлөгчөөр нэхэмжлэгч Ш.О- бүртгэгдсэн байна. Энэ бүртгэлийг хүчингүй болгосон эрх бүхий байгууллагын шийдвэр гараагүй. Түүнчлэн, маргаан бүхий хөрөнгийн өмчлөл хууль ёсны эсэх талаар шаардлага гаргаж талууд маргаагүй байхад анхан шатны шүүх Ш.О-ийг дээрх орон сууцны хууль ёсны өмчлөгч гэж үзэх үндэслэлгүй гэж дүгнэсэн нь буруу байх боловч энэ нь шүүхийн шийдвэрийг өөрчлөх үндэслэл болохгүй.

 

            Иймд хариуцагч байгууллагаас Ш.О-ийн өмчлөлд бүртгэлтэй Сүхбаатар дүүргийн 1 хороо 13 хороолол, Юнескогийн гудамж, 11 байрны 8 тоот, 137,5 мкв талбайтай 4 өрөө орон сууцыг 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн тогтоолоор битүүмжилж, 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн Эд хөрөнгө хураах тухай тогтоолоор хураан авч, талуудаас төлбөрт хураагдсан эд хөрөнгийг дуудлага худалдаагаар худалдан борлуулах үнийн санал авч, шинжээчээр эд хөрөнгө үнэлүүлэх ажиллагаа явуулсан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4, 54 дүгээр зүйлийн 54.1, 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасантай нийцжээ. /хэргийн 108, 111, 115-121 дүгээр тал/

            Шинжээч “Мөнх-Оргил трейд” ХХК нь барьцаа хөрөнгийг 587 800 000 төгрөгөөр үнэлжээ./хэргийн 123-136 дугаар тал/

            Дээрх үнэлгээг төлбөр төлөгч “М-” ХХК болон Ш.О-, төлбөр авагч Н.С- нарт 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн албан бичгээр мэдэгдсэн байна. /хэргийн 139-141 дүгээр тал/ Төлбөр төлөгч “М-” ХХК болон Ш.О- нар нь дээрх үнэлгээний талаар гомдол гаргаагүй байна.

 

            Улмаар Ш.О-ийн өмчлөлийн орон сууцыг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар шинжээчийн үнэлгээ болох 587 800 000 төгрөгийн 70 хувь болох 411 460 000 төгрөгөөр 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн анхны албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулахаар тогтоож, мэдэгдлийг төлбөр төлөгч, төлбөр авагч нарт хүргүүлж, Өнөөдөр сонинд албадан дуудлага худалдаа 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 10 цагт болох талаар 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр зарлаж, анхны албадан дуудлага худалдааг явуулсан боловч борлогдоогүй тул 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 2/11 дугаар Хоёр дахь албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай тогтоолоор дээрх хөрөнгийн үнэлгээг 50%-иар тооцон 293 900 000 төгрөгөөр 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн хоёр дахь албадан дуудлага худалдаагаар худалдахаар тогтоож, талуудад мэдэгдлийг хүргүүлэн, Үндэсний шуудан сонинд 2 дах албадан дуудлага худалдаа 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 14-17 цагийн хооронд болох талаар нийтэд зарласан байна. /хэргийн 144-147, 150-151, 154-166 дугаар тал/

 

            Дээрхээс үзэхэд анхны болон хоёр дах дуудлага худалдаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 62, 63 дугаар зүйлийн 63.1, 64 дүгээр зүйлийн 64.5, 65 дугаар зүйлийн 65.1, 66, 68, 69, 72 дугаар зүйлд заасан шаардлагад нийцжээ.

 

            Анхан шатны шүүх Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан гаргасан анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

 

            Дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 181/ШШ2020/00883 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140 400 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ   

 

                                                    ШҮҮГЧИД                                   Г.ДАВААДОРЖ

                       

                                                                                                       С.ЭНХТӨР