Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 04 сарын 27 өдөр

Дугаар 181/ШШ2020/00883

 

 

 

 

 

 

 

 

 

   2020        04         06                                          181/ШШ2020/00883         

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Оюунтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ШО-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: НШШГГГҮ-т холбогдох,

Анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тогтоолыг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, гуравдагч этгээд Н.С, түүний өмгөөлөгч Т.У, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Я.Хандсүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ш.Оийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.А шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ш.О нь “Монголцэцэнс Даймонд” ХХК-ийн үүсгэн байгуулагч бөгөөд “Монголцэцэнс Даймонд” ХХК нь иргэн Н.Соёлмаатай 2013 оны 12 дугаар сарын 20-ны өдөр “Орон сууц захиалгаар барих, бариулах гэрээ” байгуулж, тус гэрээгээр гүйцэтгэгч “Монголцэцэнс Даймонд” ХХК нь Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Элчингийн хороолол, 28 айлын орон сууцанд 143.2 мкв талбай бүхий орон сууцыг барьж, захиалагч Н.Соёлмаагийн өмчлөлд хүлээлгэн өгөхөөр тохиролцсон. Гэтэл 2013 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн “Орон сууц захиалгаар барих, бариулах гэрээ”-ний талууд 2014 оны 10 дугаар сарын 31-ний өдөр тус гэрээг цуцалж, ийнхүү гэрээг цуцалж, тохиролцсон нөхцлийг баталгаажуулсан.

Н.Соёлмаа нь 2019 оны 03 дугаар сарын 04-ний өдөр “Монголцэцэнс Даймонд” ХХК-ийг хариуцагчаар тодорхойлж, хариуцагч “Монголцэцэнс Даймонд” ХХК-иас орон сууц захиалгаар бариулах гэрээний төлбөрт нийт 300 214 380 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хүлээн авч, тус шүүхийн шүүгчийн 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 181/Ш32019/02958 дугаар захирамжаар иргэний хэрэг үүсгэсэн байдаг.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талууд харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсаны дагуу Н.Соёлмаагийн нэхэмжлэлтэй “Монголцэцэнс Даймонд” ХХК-д холбогдох 300 214 380 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 181/ШШ2019/01290 дүгээр “Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” захирамжаар хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч тус шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх хүсэлт гаргасан бөгөөд 545 дугаар гүйцэтгэх баримт бичгийн үндсэн дээр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа билээ.

нэхэмжлэгч Ш.О миний өмчлөлийн Ү-2203032769 дугаарт бүртгэлтэй Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, 13 дугаар хороолол, Юнескогийн гудамж, 11 дүгээр байр, 8 тоот хаягт байрлах, 137.5 мкв талбай бүхий 4 өрөө орон сууцанд анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай ахлах шийдвэр гүйцэтгэгч дэслэгч Б.Саяболдын 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 1/16 дугаар тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь хуулиар олгосон суурь эрх болох Үндсэн хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-д “Төр нь нийтийн болон хувийн өмчийн аливаа хэлбэрийг хүлээн зөвшөөрч, өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална, 5.З.Өмчлөгчийн эрхийг гагцхүү хуульд заасан үндэслэлээр хязгаарлаж болно. Мөн хуулийн 16 дугаар зүйлийн 16.3-т “Хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно...”, Иргэний хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т “Хуульд өөрөөр заагаагүй бол төр, аймаг, нийслэл, сум, дүүрэг, иргэн болон хуулийн этгээд өмчлөгч байна., мөн хуулийн 103.1-т Өмчлөгчийн эрхийг гагцхүү хуульд заасан үндэслэлээр хязгаарлана” гэснийг тус тус зөрчиж, иргэн миний буюу гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндсөн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулсаар байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх гүйцэтгэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-т “Төлбөр төлөгч, төлбөр авагчийг иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд гэнэ.”, 32.3-т “Төлбөр авагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, үүргээ биелүүлээгүй гэж гүйцэтгэх баримт бичигт заасан хүн, хуулийн этгээдийг төлбөр төлөгч гэнэ” гэж заасан байдаг. Гэтэл Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 1290 дугаар шийдвэр, 545 тоот гүйцэтгэх баримт бичгийн дагуу ажиллагаа явуулахдаа дур мэдэн иргэн Ш.О намайг төлбөр төлөгчөөр тодорхойлж, миний өмчлөлийн эд хөрөнгөөр “Монголцэцэнс Даймонд” ХХК-ийн бусдын өмнө хүлээсэн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаануудыг гүйцэтгэж, хувь хүний өмчид халдаж байгаад гомдолтой байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2-т “Гүйцэтгэх баримт бичигт төлбөр төлөгчөөр гүйцэтгүүлэхээр заасан үүргийг төлөөлөгчөөр төлөөлүүлэн гүйцэтгэхийг хориглоно” гэж заасан. Миний бие “Монголцэцэнс Даймонд” ХХК-ийн төлөөлөгчийн хувьд иргэн Н.Соёлмаатай гэрээ байгуулж, гэрээний дагуу үүрэг төлбөр төлөх үүрэг “Монголцэцэнс Даймонд” ХХК-д үүссэн. Миний бие хувь хүн Ш.О, төлбөр төлөгч “Монголцэцэнс Даймонд” ХХК нь тус тусдаа иргэний эрх зүйн субъект, Монголцэцэнс Даймонд ХХК нь эрх зүйн чадвар бүхий хуулийн этгээд юм. Гэтэл шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр хариуцагч “Монголцэцэнс Даймонд” ХХК-иас төлбөр буюу 300 214 380 төгрөг гаргуулах тухай шийдвэр гүйцэтгэлийн хэрэгт Ш.Оийг төлбөр төлөгчөөр хууль бусаар дур мэдэн тогтоож, миний өмчлөх эрхэд халдсан, үйлдлүүдийг гаргаж, оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр орон байранд нэвтэрч хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд халдаж дураараа авирласан хууль бус үйлдэл гаргасан гэж үзэж байна. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь төлбөр төлөгч-хуулийн этгээдийн мөнгөн хөрөнгөөс төлбөр гаргуулах, төлбөр төлөгч-хуулийн этгээдийн хөрөнгийг хураан авах, худалдан борлуулах, төлбөрт суутгах дараалал буюу хуульд заасан журмыг зөрчиж, тус хуулийн этгээдийн эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах ямар ч ажиллагаа хийгээгүй төдийгүй, Н.Соёлмаагийн нэхэмжлэлтэй “Монголцэцэнс Даймонд” ХХК-д холбогдох 300 214 380 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн оролцогч биш бөгөөд 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 1290 дугаар шийдвэр, 545 тоот гүйцэтгэх баримт бичгийн дагуу явагдаж буй шийдвэр гүйцэтгэх ажиллагааны төлбөр төлөгч биш гуравдагч этгээдийн эд хөрөнгөд халдаж, уг маргааны барьцааны зүйл гуравдагч этгээдийн өмчлөлийн эд хөрөнгийг албадан дуудлага худалдаанд 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 10 цагт оруулахаар шийдвэрлэсэн. Иймд 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 1/16 дугаар тогтоолыг хүчингүй болгохыг хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж өгнө үү. Мөн Ш.Оийн өмчлөлийн Ү-2203032769 дугаарт бүртгэлтэй Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, 13 дугаар хороолол, Юниескогийн гудамж, 11 дүгээр байр, 8 тоот хаягт байрлах, 137.5 мкв 4 өрөө орон сууцанд хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай ахлах шийдвэр гүйцэтгэгч дэслэгч Б.Саяболдын 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 2/11 дугаар тогтоолыг хүчингүй болгохыг хариуцагчид даалгаж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх шүүхэд гаргасан тайлбартаа болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ариунцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 1290 дугаар захирамжаар “Монгол Цэцэнс даймонд” ХХК, захирал Ш.Оээс 301.043.891 төгрөгийг гаргуулж Н.Соёлмаад олгохоор шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 1290 дугаар шийдвэр, 545 тоот гүйцэтгэх баримт бичгийн дагуу ажиллагаа явуулахдаа дур мэдэн иргэн Ш.О намайг төлбөр төлөгчөөр тодорхойлж, миний өмчлөлийн эд хөрөнгөөр “Монголцэцэнс даймонд” ХХК-ийн бусдын өмнө хүлээсэн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаанууд гүйцэтгэж, хувь хүний өмчид халдаж байгаад гомдолтой байна.

Миний бие тус компанийн төлөөлөгчийн хувьд Н.Соёлмаатай гэрээ байгуулж, гэрээний дагуу төлбөр төлөх үүрэг компанид үүссэн, миний бие хувь хүн Ш.О, компани бол тусдаа эрх зүйн субъект, компани эрх зүйн чадвар бүхий хуулийн этгээд байтал дээрх шийдвэрийн дагуу төлбөр гаргуулах тухай шийдвэр гүйцэтгэлийг Ш.О намайг төлбөр төлөгчөөр хууль бусаар тогтоож, миний өмчлөх эрхэд халдаж орон байранд нэвтэрч, дураараа авирласан хууль бус үйлдэл гаргасан, төлбөр төлөгч хуулийн этгээдээс төлбөр гаргуулах ажиллагааг явуулаагүй, компанийн эд хөрөнгийг битүүмжилж, хураах, худалдан борлуулах журмыг зөрчсөн, хуулийн этгээдийн эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах ямар ч ажиллагаа хийгээгүй төдийгүй гуравдагч этгээдийн эд хөрөнгөнд халдаж, барьцааны зүйл биш хөрөнгийг буюу хувь хүн миний эд хөрөнгөнд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулах зөвшөөрөл олгогдоогүй байхад гуравдагч этгээдийн эд хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулж байгаа тул анхны болон 2 дахь албадан дуудлага худалдаанд оруулах тухай ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолыг хүчингүйд тооцуулахыг хүсчээ.

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 1290 дүгээр захирамж, 545 дугаартай гүйцэтгэх хуудсанд дурдсан төлбөр төлөгч “Монголцэцэнс даймонд” ХХК, захирал Ш.Оээс 301 043 891 төгрөгийг гаргуулж төлбөр авагч Н.Соёлмаад олгохоор шийдвэрлэсэн гүйцэтгэх баримт бичгийг хүлээн авч шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж төлбөр төлөгч “Монголцэцэнс даймонд” ХХК, Ш.О нарын өмчлөл болон эзэмшилд эд хөрөнгө бүртгэлтэй эсэхийг тодруулахад төлбөр төлөгч “Монголцэцэнс даймонд” ХХК-д хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө бүртгэлгүй болох нь тогтоогдсон ба харин төлбөр төлөгч Ш.Оийн өмчлөлд үл хөдлөх эд хөрөнгө бүртгэлтэй болох нь тогтоогдсоны дагуу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд зааснаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулж эд хөрөнгийн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн.

Мөн төлбөр төлөгч “Монголцэцэнс даймонд” ХХК, захирал Ш.О нарын арилжааны банкинд байрших харилцах болон хадгаламжийн дансны зарлагын гүйлгээг төлбөрийн үнийн дүнгийн хэмжээнд зогсоож, харилцах данснаас хасалт хийх тухай мэдэгдлийг хүргүүлэхэд дансандаа үлдэгдэлгүй талаар хариуг ирүүлсэн.

Төлбөр төлөгч “Монголцэцэнс даймонд” ХХК, захирал Ш.Отэй уулзаж, төлбөр төлүүлэхээр шүүхийн шийдвэрт заагдсан хаягт удаа дараа очиж төлбөр төлөх талаар удаа дараа мэдэгдэхэд төлбөрийг төлөхгүй, уулзахгүй, уулзахаар шийдвэр гүйцэтгэгчийг доромжлох зэргээр шүүхийн шийдвэр биелүүлэхээс зайлсхийж, шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд саад учруулж байсан бөгөөд шийдвэр гүйцэтгэгчээс төлбөр төлөгч нь шүүхийн шийдвэртэй төлбөрийг сайн дураар биелүүлээгүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасны дагуу төлбөр төлөгчийн өмчлөлд бүртгэлтэй эд хөрөнгөөс төлбөр гаргуулах албадлагын арга хэмжээг хэрэгжүүлсэн.

Ингэхдээ төлбөр төлөгч “Монголцэцэнс даймонд” ХХК-ийн захирал Ш.О нь тус газарт хандан гаргасан хүсэлтэндээ миний бие Ш.О болон “Монголцэцэнс даймонд” ХХК-ийн төлөх 301 043 891 төгрөгийг төлөх төлбөрт тооцон өөрийн өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Юнескогийн гудамж, 11 дүгээр байрны 14 тоот 147 м.кв орон сууцанд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулах хүсэлт гаргаж байсан бөгөөд уг орон сууцанд түүний гаргасан хүсэлтийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахаар удаа дараа уг орон сууцанд очиход эзгүй, түлхүүр нь байхгүй гэх зэргээр шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд саад учруулсны улмаас төлбөр төлөгчийн өмчлөлийн мөн байрны 8 тоот хаягт байрлах үл хөдпөх эд хөрөнгөөс төлбөр гаргуулах шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулж эхэлж үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжилж, хурааж, талуудаас үнийн санал авахад төлбөр төлөгчөөс үнийн саналаа ирүүлээгүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55, Иргэний хуулийн 177 дугаар зүйлд заасны дагуу хөндлөнгийн шинжээч томилж зах зээлийн үнийг тогтоолгож албадан дуудлага худалдаанд оруулсан шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь хууль зөрчөөгүй.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.4-т “Төлбөр төлөгчийн нийт хөрөнгө нь гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг хангахад хүрэлцэхгүй тохиолдолд тухайн хуулийн этгээдийн үүсгэн байгуулагч, хувь эзэмшигчийн эд хөрөнгөөс төлбөр гаргуулах эсэх асуудлыг үүсгэн байгуулагч, хувь эзэмшигчийн эд хөрөнгийн хариуцлагын харилцааг зохицуулсан хууль тогтоомжид заасан журмын дагуу шийдвэрлэнэ.” мөн Компанийн тухай хуулийн 9.5-д заасны дагуу “Хувьцаа эзэмииигчийн компанид оруулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх нь хувийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээс тодорхой зааглагдаагүй бол уг хувьцаа эзэмшигч өөрийн бүх эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээр компанийн өр төлбөрийг давхар хариуцна.” гэж заасны дагуу компанийн хувьцаа эзэмшигч Ш.Оийн компанид оруулсан хөрөнгө нь өөрийнх нь хувийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээс тодорхой зааглагдаагүй холилдсон учраас Ш.Оийн эд хөрөнгөнд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа болно.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.2-т заасны дагуу шүүхээс иргэний хэргийн талаар гарсан шүүхийн шийдвэр, шүүгчийн захирамжид шийдвэр гүйцэтгэх ажиллагааг шүүхээс албадан гүйцэтгүүлэхээр гарсан шүүгчийн захирамжийн дагуу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар төлбөр төлөгчийн өмчлөлд бүртгэлтэй эд хөрөнгөөс төлбөрийг албадан гаргуулах шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулдаг эрх бүхий байгууллага бөгөөд шүүхийн шийдвэрт заагдсан төлбөр төлөгч хуулийн этгээд болон төлбөр төлөгч иргэнээс төлбөр гаргуулах ажиллагааг явуулсан нь хууль зөрчөөгүй юм.

Төлбөр төлөгч Ш.О нь тус газарт хандан гаргасан хүсэлт болон шийдвэр гүйцэтгэх ажиллагааны бүхий л явцад өөрийн нэр дээр буюу хувь хүн дээр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгааг мэдэж байсан бөгөөд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа тус бүрт энэ тухай гомдлыг гаргах боломж байсаар байхад гомдол гаргаагүй атлаа хуулийн дагуу явагдаж байгаа шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүйд тооцуулахаар шүүхэд хандаж байгаа нь шүүхийн шийдвэрийг биелүүлэхээс зайлсхийж төлбөрөөс өнөөдрийг хүртэл нэг төгрөг ч төлөөгүй, төлбөрийг төлөхгүй байгаа нь цаашлаад хугацаа хожиж шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй байх зорилготой байх тул нэхэмжлэгчийн нэхэмжпэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэв. 

 

            Гуравдагч этгээд Н.Соёлмаа шүүхэд гаргасан тайлбартаа болон өмгөөлөгч Н.Урангэрэл шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ш.О нь тус шүүхэд би төлбөр төлөгч биш, манай компани Н.Соёлмаад төлбөр төлөх ёстой. Гэтэл гуравдагч этгээд миний өмчлөлийн орон сууцыг битүүмжилж шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулж байгаа нь буруу гэсэн агуулгатай нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй юм. Учир нь: 1. Нэхэмжлэгч нь “Монголцэцэнс Даймонд” ХХК-ийн үүсгэн байгуулагч юм. Би анх Ш.Оийн нөхөр С.Батсамбуугаас 4 өрөө орон сууц худалдан авахаар амаар урьдчилан тохирсон байсан. Гэтэл С.Батсамбуу нь 1 гишүүнтэй, өөрийн эхнэр Ш.Оийн үүсгэн байгуулсан, 100%-ийн хувьцаа эзэмшигч “Монголцэцэнс Даймонд’' ХХК-тай гэрээ байгуулах санал тавьсан учраас би 2013.12.20-ны өдөр “Орон сууц захиалгаар барих, бариулах гэрээ”-г байгуулсан.

2. Намайг СБД-ийн 1-р хороо, 13-р хороолол /14230/, Юнескогийн гудамжны 11-р байрны 8 тоот, 137,5 мкв талбай бүхий 4 өрөө орон сууцны төлбөрөөс төлж, олон сая төгрөгний тохижилт хийлгэсэн байхад Ш.О бидний хооронд мкв талбайн үнэ дээр маргаан үүсч уг гэрээг цуцлах болсон ба компанийн захирал Ш.О нь гэрээ цуцлагдахад компанийн өр, төлбөрийг би хариуцана гэж надад төлбөрөө хэсэгчлэн төлөхөө илэрхийлж гэрээ цуцлах тухай баримт дээр 2014.10.31-ний өдөр гарын үсгээ зурсан боловч 5 орчим жилийн хугацаанд төлбөрөө огт өгөхгүй намайг хохироож байсан учраас би “Монгол Цэцэнс Даймонд” ХХК-ийг 2019 оны 3 дугаар сард хариуцагчаар тодорхойлж, хариуцагчаас гэрээний үүрэгт 300 214 380 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хүлээн авч 2019.03.11-ний өдөр 181 /ШЗ2019/02958 тоот шүүгчийн захирамжаар Иргэний хэрэг үүсгэсэн.

3. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад надад анх орон сууцыг худалдана гэж байсан түүнчлэн миний мөнгийг төлнө гэж удаа. дараа баталгаа гаргаж байсан С.Батсамбууг хамтран хариуцагчаар татах хүсэлт өгсөнийг шүүхээс хангаж шийдвэрлэсэний дараа түүний эхнэр Ш.О нь манай нөхрийг энэ маргаандаа битгий оролцуулаач, манай компани Төрийн банкинд өртэй банкны зээлээр санхүүжсэн компанийн өмч хөрөнгийг өөрийн өмчлөлдөө шилжүүлсэн учраас би компанийн өмнөөс хувьцааг эзэмшигч гэдэг утгаараа чиний төлбөрийг төлөе гэдгээ 2019.05 дугаар сард хэлэхэд нь би итгэсэн, 2019.05.31-ний өдөр итгэмжлэгдсэн төлөөлөгч Цэцэнбилэг нь надтай “Эвлэрлийн гэрээ” байгуулсан. Энэхүү Эвлэрлийн гэрээний хариуцагч тал нь “Монголцэцэнс даймонд” ХХК, захирал Шагдарын Отгончимэг нар байсан юм.

4. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019.05.31-ний өдрийн 181/ШШ2019/01290 дугаартай захирамжийн үндэслэх хэсэгт Нэхэмжлэгч Н.Соёлмаа нь хариуцагч “Монголцэцэнс даймонд” ХХК-д холбогдуулан нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч хуулийн этгээдийн захирал Ш.О нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөөд уг төлбөрийг 2019.07.10-ны дотор төлж барагдуулахаар харилцан тохирч эвлэрлийн гэрээ байгуулсан нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээлийн хуулиар хамгаалагдсан эрх ашиг сонирхолыг хөндөхгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь хуульд нийцнэ гэж үзээд нэхэмжлэгч Н.Соёлмаа нь хариуцагч "Монголцэцэнс Даймонд” ХХК захирал Ш.От холбогдуулан 300 214 380 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгуулсан Эвлэрлийг баталж. хэргийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч “Монголцэцэнс Даймонд” ХХК-иас 300 214 380 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н.Соёлмаад олгосугай гэсэн.

5. Хариуцагч "Монгол цэцэнс Даймонд" ХХК-ийн хувьцаа эзэмшигч Ш.О нь Эвлэрлийн гэрээнд заасан төлбөрөө гэрээнд заасан хугацаанд сайн дураараа барагдуулаагүй учраас би тус шүүхэд 2019.05.31-ний өдрийн 181/ШШ2019/01290 дугаартай шүүгчийн захирамжийг албадан гүйцэтгүүлэх хүсэлтийг өгч  шүүхээс шийдвэрлэсэн. Гүйцэтгэх хуудсанд төлбөр төлөгч нь “Монгол цэцэнс Даймонд" ХХК, /захирал Ш.О/ гэж бичсэн байсан. Ийнхүү 00545 дугаар бүхий 2019.06.27-ны өдрийн гүйцэтгэх хуудсаар төлбөр төлөгч нь нэр бүхий хуулийн этгээдийн захирал, төлбөр төлөгч хуулийн этгээдийн 100 хувийн хувьцааг эзэмшигч Ш.О болсон юм. Өөрөөр хэлбэл Ш.О нь өөрийн үүсгэн байгуулсан “Монголцэцэнс Даймонд” ХХК-д оруулсан өмч хөрөнгөө компанийн дүрмээрээ тусгайлан өөрийн хувийн өмч хөрөнгөнөөсөө тусгайлан ялган зааглаагүй, тэдний өмч хөрөнгө нь хоорондоо холилдсон байсан учраас тухайн компанийн хувьцаа эзэмшигч Ш.О нь өөрийн эд хөрөнгөөр компанийнхаа надад төлөх өр төлбөрийг давхар хариуцахаар тохиролцсон юм. Ш.О нь “Монголцэцэнс Даймонд” ХХК-тай огт хамааралгүй этгээд биш, урьд нь хянан шийдвэрлэж байсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч компанийн захирал, хувьцаа эзэмшигч байсан ба түүний 2019.05.31-ний өдөр нэхэмжлэгчтэй хүлээн зөвшөөрч байгуулж байсан “Эвлэрлийн гэрээ”-г шүүх үндэслэн компанийн төлбөрийг хариуцах төлбөр төлөгч мөн гэж шийдвэрлэсэн нь зөв бөгөөд Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газар нь дур зоргоороо хувь хүн Ш.Оийг төлбөр төлөгчөөр тодорхойлоогүй юм. Иймд нэхэмжлэгчийн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь хуулиар олгосон эд хөрөнгө өмчлөх суурь эрхийг зөрчиж шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулсан гэдэг нэхэмжлэл нь үндэслэлгүй байх тул Ш.Оийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичмэл баримтуудыг шинжлэн судлаад,

     ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ш.О нь хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тогтоолыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ. Учир нь:

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 1290 дугаар захирамжаар “Монгол Цэцэнс даймонд” ХХК /захирал Ш.О/ нь Н.Соёлмаагийн нэхэмжилсэн 301 043 891 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь дээрхи шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааг явуулж, төлбөр төлөгч “Монгол Цэцэнс даймонд” ХХК-ийн нэр дээрхи харилцах болон хадгаламжийн данс дахь мөнгөн хөрөнгөөс төлбөрийг гаргуулах ажиллагаа явуулахад Арилжааны банкууд дахь дансанд бэлэн мөнгөгүй болох нь тогтоогдсон. Мөн “Монгол Цэцэнс даймонд” ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө, тээврийн хэрэгслийн лавлагааг гаргуулахад “Монгол Цэцэнс даймонд” ХХК-ийн нэр дээр үл хөдлөх эд хөрөнгө, тээврийн хэрэгсэл бүртгэлгүй болох нь тогтоогдсон байна. /хх-73-86, 93-99х/

 

 Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь “Монгол Цэцэнс даймонд” ХХК, захирал Ш.От шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл /хх-102, 107х/-ийг өгч, Ш.Оийн өмчлөлд бүртгэлтэй Сүхбаатар дүүргийн 1 хороо 13 хороолол, Юнескогийн гудамж, 11 байрны 8 тоот, 137,5 мкв талбайтай 4 өрөө орон сууцыг 2019.11.06-ны өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол”-оор битүүмжилж, 2019.11.14-ны өдрийн “Эд хөрөнгө хураах тухай тогтоол”-оор хураан авч, шинжээчээр “Мөнх-Оргил трейд” ХХК-ийг томилж, орон сууцны зах зээлийн үнэлгээ 587 800 000 төгрөг болохыг тогтоолгож, үнэлгээг “Монгол Цэцэнс даймонд” ХХК болон Ш.О нарт 2019.12.12-ны өдрийн албан бичгээр мэдэгдсэн байна. /хх-103-104, 108-143х/

 

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2020.01.07-ны өдрийн 1/16 дугаар “Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол”-оор Ш.Оийн өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 1 хороо 13 хороолол, Юнескогийн гудамж, 11 байрны 8 тоот, 137,5 мкв талбайтай 4 өрөө орон сууцыг шинжээчийн үнэлсэн үнэлгээ 587 800 000 төгрөгийн 70% болох 411 460 000 төгрөгөөр 2020.01.24-ний өдрийн анхны албадан дуудлага худалдаагаар худалдахаар тогтоож /хх-144х/, хэвлэл, мэдээллийн хэрэгслээр нийтэд зарлаж, дуудлага худалдаанд оруулах тухай тогтоол, мэдэгдлийг “Монгол Цэцэнс даймонд” ХХК, Ш.О нарт хүргүүлж /хх-145-146, 148-153/, анхны албадан дуудлага худалдааг явуулсан боловч үнийн санал ирээгүй байна. /хх-154-161х/

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2020.02.04-ны өдрийн 2/11 дугаар “Хоёр дахь албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай тогтоол”-оор Ш.Оийн өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 1 хороо 13 хороолол, Юнескогийн гудамж, 11 байрны 8 тоот, 137,5 мкв талбайтай 4 өрөө орон сууцыг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.4-д заасны дагуу шинжээчийн үнэлсэн үнэлгээ 587 800 000 төгрөгийн 50%-иар тооцон 293 900 000 төгрөгөөр 2020.02.21-ний өдрийн хоёр дахь албадан дуудлага худалдаагаар худалдахаар тогтоож /хх-162х/, хэвлэл, мэдээллийн хэрэгслээр нийтэд зарлаж, дуудлага худалдаанд оруулах тухай тогтоол, мэдэгдлийг “Монгол Цэцэнс даймонд” ХХК, Ш.О нарт гардуулан өгчээ. /хх-163-167х/

 

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дээрхи ажиллагаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 93 дугаар зүйлд заасан төлбөр төлөгч-хуулийн этгээдийн хөрөнгөөс төлбөр гаргуулах зохицуулалтад нийцсэн байна.

 

Учир нь: 2013.12.20-ны өдрийн “Орон сууц захиалгаар бариулах гэрээ”-гээр гүйцэтгэгч “Монголцэцэнс даймонд” ХХК нь Сүхбаатар дүүргийн 1 хороо 13 хороолол, Юнескогийн гудамж, 11 байрны 8 тоот, 137,5 мкв талбайтай 4 өрөө орон сууцыг барьж, захиалагч Н.Соёлмаагийн өмчлөлд хүлээлгэн өгөхөөр тохиролцож, захиалагч Н.Соёлмаа нь орон сууцыг бариулахаар мөнгө шилжүүлсэн, орон сууцыг тавилгаар тохижуулсан боловч талууд гэрээг цуцалж, захиалагч Н.Соёлмаагийн орон сууцыг барихад оруулсан төлбөрийг тавилгын үнийн хамт буцаан олгохыг гүйцэтгэгч “Монголцэцэнс даймонд” ХХК хүлээн зөвшөөрснийг баталж, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 1290 дугаар захирамж гарсан.

 

Иргэн Ш.О нь “Монголцэцэнс даймонд” ХХК-ийн барьж, ашиглалтад оруулсан Сүхбаатар дүүргийн 1 хороо 13 хороолол, Юнескогийн гудамж, 11 байрны 8 тоот, 137,5 мкв талбайтай 4 өрөө орон сууцны өмчлөх эрхийг өөрийн нэр дээр бүртгүүлсэн байх боловч уг эд хөрөнгийн өмчлөх эрхийг “Монголцэцэнс даймонд” ХХК-иас хуульд заасан арга журмын дагуу шилжүүлэн авсан гэдгээ баримтаар нотлоогүй буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан үүргээ хэрэгжүүлээгүй тул иргэн Ш.Оийг дээрхи орон сууцны хууль ёсны өмчлөгч гэж үзэх үндэслэлгүй байна. 

 

Иймээс Сүхбаатар дүүргийн 1 хороо 13 хороолол, Юнескогийн гудамж, 11 байрны 8 тоот, 137,5 мкв талбайтай 4 өрөө орон сууцыг “Монголцэцэнс даймонд” ХХК-ийн хөрөнгө гэж үзэх үндэслэлтэй тул уг үл хөдлөх эд хөрөнгөөс төлбөрийг гаргуулах ажиллагаа явуулсан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1-д заасантай нийцсэн байна.

 

 “Монголцэцэнс даймонд” ХХК-ийн Сүхбаатар дүүргийн 1 хороо 13 хороолол, Юнескогийн гудамж, 11 байрны 8 тоот, 137,5 мкв талбайтай 4 өрөө орон сууцны өмчлөх эрхийг Ш.О нэр дээр бүртгүүлсэн, Ш.О нь “Монголцэцэнс даймонд” ХХК-ийн гүйцэтгэх захирал тул түүнийг шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцуулсан нь хууль зөрчөөгүй байна.

 

Дээрхи үндэслэлээр нэхэмжлэгч Ш.Оийн өмчлөгчийн эрхийг зөрчсөн, гуравдагч этгээдийн хууль ёсны эрх ашгийг хөндсөн гэх гомдол үндэслэлгүй тул түүний Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан гаргасан Анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

       ТОГТООХ нь:

 

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.3, 122.5 дахь хэсэгт зааснаар Ш.Оийн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан гаргасан 2020.01.07-ны өдрийн 1/16 дугаар “Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол” болон 2020.02.04-ны өдрийн 2/11 дугаар “Хоёр дахь албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай тогтоол”-ыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-д зааснаар нэхэмжлэгч Ш.Оийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг Улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Н.ОЮУНТУЯА