Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 760

 

 

 

 

 

Н.О-, М.Б- нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Э.Золзаяа, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 182/ШШ2020/00298 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Н.О-, М.Б- нарын хариуцагч НЗДТГт холбогдуулан гаргасан 39 879 450 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.С, түүний өмгөөлөгч Б.Ж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М, А.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

 

Нэхэмжлэгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нийслэлийн Засаг даргын 2016 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн А/449 дүгээр Журам батлах тухай захирамжаар Нийслэлийн гэр хорооллыг хөгжүүлэх зорилгоор орон сууцны ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөрийн санхүүжилт олгох журам батлагдсан. Энэ журмын хэрэгжилтийг зохион байгуулж ажиллахыг НЗДТГт үүрэг болгон шийдвэрлэсэн. Миний бие “Орон сууцны ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөрийн санхүүжилт олгох журам”-д заасан нөхцөл шалгууруудыг бүрдүүлж өгсний дагуу 2017 оны 7 дугаар сарын 06-ны өдөр Нийслэлийн Засаг даргаас Хан-Уул дүүргийн 4 дугаар хороо, Шинэ өргөө хорооллын 619-9 тоот хаягт байрлах орон сууцны түлхүүрийг гардан авсан. Миний хүлээж авсан орон сууц нь 68.17 м.кв талбайтай, 2 өрөө бөгөөд 1 м.кв-ыг 1 950 000 төгрөг буюу нийт 132 931 500 төгрөгийн үнэтэйгээр төсөл хэрэгжүүлэгч компани болох “Ю ЭТ” ХХК-тай 2017 оны 7 дугаар сарын 06-ны өдөр №350 дугаартай “Орон сууц захиалгын гэрээ”-г байгуулсан. “Орон сууцны ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөрийн санхүүжилт олгох журам”-ын 3.5-д заасны дагуу би өөрийн эзэмшлийн газрыг Нийслэлийн гэр хорооллын дэд бүтцийн газарт шилжүүлсэн. Мөн журмын 4 дүгээр зүйлд заасан Сангаас хэрэгжүүлэх хөтөлбөрт хамрагдах иргэнд тавигдах шаардлагыг хангасан тул Нийслэлийн Засаг дарга надад орон сууцны түлхүүр гардуулж өгсөн. Орон сууц захиалгын гэрээний 4.1-т “Ар Ий Си” ХХК, “Ю ЭТ” ХХК болон “Голомт банк”-ны 2017 оны 3 дугаар сарын 16-ны өдөр байгуулсан тооцоо нийлэх замаар зээлийн төлбөр барагдуулах гэрээний хүрээнд Голомт банканд 2017 оны 7 дугаар сарын 26-ны дотор 30 хувь буюу 39 879 450 төгрөгийг, 2017 оны 8 дугаар сарын 16-ны дотор 70 хувь буюу 93 052 050 төгрөгийг төлөх үүргийг миний бие тус тус хүлээсэн. Үүний дагуу Голомт банкнаас зээл хүсэхэд “Голомт банкны зээлийн хороо”-ны 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн шийдвэрээр миний төрсөн охин болох М.Б-, Н.О- надад 88 000 000 төгрөгийн орон сууцны зээл олгохоор шийдвэрлэсэн. Нийслэлийн Засаг дарга түүний Тамгын газар нь журамд заасан 30 хувийн санхүүжилтийг олгохгүй иргэн Н.О-, М Бүжин биднийг хохироож байна. Миний бие гэр бүлийн хамт өөрийн амьдарч байсан байшин, газраа дахин төлөвлөлтөд оруулах төрөөс хэрэгжүүлж буй бодлогыг дэмжин чөлөөлж өгч өөрсдийнх нь санал болгож түлхүүрийг нь гардуулж өгсөн Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Яармаг, 17110/Наадамчдын гудамж, 619 дүгээр байрны 09 тоот хаягт амьдарч байгаа бөгөөд дээрх орон сууцыг захиран зарцуулах эрх нь Голомт банкинд шилжиж очсон. Голомт банк нь биднийг орон сууцны үлдэгдэл төлбөрөө төлж дуусгах, төлөөгүй тохиолдолд холбогдох хууль хяналтын байгууллагад хандах буюу орон сууцнаас албадан гаргуулах тухайгаа бичгээр удаа дараа мэдэгдэж, сануулж тайван амьдрах аргагүй болоод байна. Орон сууцны урьдчилгаа төлбөрийн асуудлыг журамд заасны дагуу шийдвэрлэж өгөлгүй иргэн намайг хохироож, Засаг дарга солигдсон, өмнөх ажилтан ажлаас чөлөөлөгдсөн зэрэг шалтгаануудаас болж урьдчилгаа төлбөрийн асуудал шийдвэрлэх үйл явц удааширч байна. Миний бие амьдарч байсан байшин, газраа чөлөөлж өгсөн очих газар байхгүй, одоо амьдарч байгаа орон сууцыг суллаж өгөхөд хүрээд байна. Иймд “Орон сууцны ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөрийн санхүүжилт олгох журам”-ын 3.1-т заасны дагуу орон сууцны ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөр 39 879 450 төгрөгийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас гаргуулж иргэн Н.О-, М.Б- нарт олгуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нийслэлийн гэр хорооллыг хөгжүүлэх зорилгоор Орон сууцны ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөрийн санхүүжилт олгох журмыг Нийслэлийн Засаг даргын 2017 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн А/449 тоот захирамжаар баталсан. Нийслэлийн агаарын бохирдлын голомт, агаарын чанарыг сайжруулах 1, 2 бүсийн айл өрхийг хөнгөлөлттэй нөхцөлөөр орон сууцаар хангах зорилтын хүрээнд Нийслэлийн төсвийн хөрөнгөөр орон сууцны ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөрийн санхүүжилт авах хүсэлтэй иргэдийн материалыг 2017 оны 7 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн хүлээн авч, 2017 оны 8 дугаар сарын 23-ны өдөр гэр хорооллыг дахин хөгжүүлэх сангийн удирдах хорооны зөвлөлийн хурал хуралдсанаар хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн. Иргэн Н.О-, М.Б- нараас Нийслэлийн Орон сууцны дэд бүтцийн газарт 2017 оны 7 сард хандаж байсан боловч, Гэр хорооллыг дахин хөгжүүлэх сангийн зөвлөлийн хурлаар энэ асуудлыг хэлэлцээгүй. Учир нь нэхэмжлэгч М.Б-гийн өмчлөлийн Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 44 дүгээр гудамжны 493 тоот 641 м.кв газар 2017 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр 400 м.кв болон өөрчлөгдсөн, газрын кадастрын мэдээлэл зөрүүтэй байсан гэх мэт зөрчил илэрсний улмаас түүний асуудлыг Сангийн удирдлагын хороогоор хэлэлцүүлэх боломжгүй байдалд хүрсэн. Энэ талаараа бид иргэн Н.О-, М.Б- нарт утсаар мэдэгдсэн бөгөөд тухайн үеэс хойш Сангийн удирдлагын хорооны хурал удаа дараа болоход баримт бичгийн үнэн зөв бүрдлийг хангуулж өгөөгүй. Өөрөөр хэлбэл бид Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах I, II бүсэд байрлах оршин суугч иргэдэд анхан шатны шалгуур болзлыг хангасан бол санхүүжилт олгох боломжтой гэсэн байдлаа илэрхийлж тухайн үедээ албан бичгүүд өгч байсан. Харин иргэд Нийслэлийн Засаг даргын 2017 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн А/446 дугаар захирамжаар баталсан “Орон сууцны ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөрийн санхүүжилт олгох журам”-д заасан шаардлагыг хангасан гэж үзвэл журмын        5.2-т заасны дагуу Сангийн удирдах хорооны хуралдаанд орох эрх нь нээгддэг. Сангийн удирдах хорооны хуралдаанаар иргэнд Орон сууцны ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөрийн санхүүжилт олгох боломжтой гэж үзсэн тохиолдолд хурлаас гаргасан шийдвэрийн төслийг боловсруулан ажлын 3 хоног дотор Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид хүргүүлж, “Орон сууцны ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөрийн санхүүжилт олгох журам”-ын 5.4-т заасны дагуу Сангийн хөрөнгөөс санхүүжилт олгох эцсийн шийдвэрийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч гаргаж байсан. Мөн дээрх нөхцөл байдлуудыг тайлбарлаж, 2017 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 02/416 дугаар албан бичгээр нэхэмжлэгч М.Б-д ...Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 44 дүгээр гудамж, 493 тоот 641 м.кв газрыг Нийслэлийн газрын санд авч гэр хорооллыг хөгжүүлэх сангаас орон сууцны урьдчилгаа төлбөрийг санхүүжүүлэх боломжтой тул орон сууцны ипотекийн зээлийг арилжааны банкнуудаар судлуулж болно гэх байдлаар мэдэгдсэн. Харин нэхэмжлэгч Н.О- нь төслийг хэрэгжүүлэгч “Ю ЭТ” ХХК-тай биднийг албан бичгээр хариу өгөхөөс өмнө буюу 2017 оны 7 дугаар сарын 06-ны өдрөөр 350 дугаартай орон сууц захиалгын гэрээг байгуулчихсан байсан нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдоно. Өөрөөр хэлбэл иргэн Н.О- болон “Ю ЭТ” ХХК-ийн хооронд байгуулсан гэрээ 2017 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн огноотой байхад манай газрын 2017 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 02/416 тоот албан бичгийг үндэслэл болгож гэрээг байгуулсан гэх нь үндэслэлгүй байна. Мөн 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 10/2209 дугаартай Голомт банкнаас Нийслэлийн гэр хорооллын дэд бүтцийн газарт хандсан зээлийн шийдвэрийн тухай албан бичигт “...Манай банкны зээлийн хорооны 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн хурлын шийдвэрээр зээлдэгч М.Б-, Н.О-, М.Отгон-Үжин нарт 88 000 000 төгрөгийн орон сууцны зээл олгохоор шийдвэрлэсэн гэснээс үзвэл Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн хөрөнгө гаргах тухай захирамж гараагүй байхад банк үндэслэлгүйгээр иргэнд зээл гаргасан байна. Нэхэмжлэгч нар нь манай газарт удаа дараа ирж хариуцсан мэргэжилтэн, удирдах албан тушаалтнуудтай уулзаж тайлбар мэдээллийг тухай бүр авч байсан атлаа баримт бичгийн бүрдэл хангаж дээр заасан зохих зөрчлөө арилгуулсан гэх баримтаа ирүүлээгүй. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нар нь Газрын тухай хууль, Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд тус тус заасны дагуу тухайн газрыг захиран зарцуулах эрхийн хүрээнд өмчлөл буюу эзэмшил, ашиглалтад байгаа газраа өөрсдийн хүсэлтээр Нийслэлийн газрын санд үнэ төлбөргүй шилжүүлэхээр болсон. Гэтэл нэхэмжлэгчийн өмчлөлийн газар болох 641 м.кв газар 2017 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр 400 м.кв болон өөрчлөгдсөн, газрын кадастрын мэдээлэл зөрүүтэй байсан гэх зэрэг зөрчил илэрч байсан тул Нийслэлийн газрын санд ямар хэмжээний газрыг өгөх нь ойлгомжгүй болсон. Иймээс “Орон сууцны ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөрийн санхүүжилт олгох журам”-ийн 4.1.4, 5.1.5-д заасны дагуу иргэний өгсөн материалыг шаардлагад нийцэхгүй гэж үзэж Сангийн удирдах хорооны хурлаар оролцуулаагүй болно. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хариуцагч НЗДТГт холбогдуулан Орон сууцны ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөрийн санхүүжилт олгох журмын 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт заасны дагуу орон сууцны ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөр 39 879 450 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэгч Н.О-, М.Б- нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 357 348 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

 

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.С давж заалдах гомдолдоо:

... Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

Шүүх Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсгийг үндэслэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой байна. Нийслэлийн гэр хорооллыг хөгжүүлэх зорилгоор орон сууцны ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөрийн санхүүжилт олгох журмыг Нийслэлийн Засаг даргын 2017 оны 6 дугаар сарын 16-ны өдөр А/449 тоот захирамжаар баталж хэрэгжилтийг хангахыг НЗДТГт даалгасан. Иргэн Н.О-, М.Б- нар нь дээрх журамд заасан шаардлагыг хангаж материалаа бүрдүүлж өгч эхний шатны хурлаар орж Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболдоос орон сууцны түлхүүрийг гардаж авсан.

Мөн “Гэр хорооллын дэд бүтцийн газраас 2017 оны 7 дугаар сарын 20-ны өдөр журмын дагуу зээлийн урьдчилгаа 30 хувь авах нөхцлийг хангасан 70 м.кв-аас ихгүй 1 м.кв-ийн үнэ нь 2 000 000 төгрөг хүртэл байх орон сууцнаас сонгон авах байрны урьдчилгаа 30 хувийг Нийслэлийн гэр хорооллыг хөгжүүлэх сангаас санхүүжүүлэх боломжтой болно” гэж хариу өгсний дагуу дээрх бичгийг банк, орон сууц борлуулж буй компанид тус тус үзүүлж зээлээ судлуулж хариу авч гэрээ байгуулсан. Зүгээр нэг иргэн байр авмаар байна гэхэд урьдчилгаа төлбөрийн санхүүжилтийн эх үүсвэрийг ямар ч байгууллага харж шалгадаг. Бидний материал эхний шатны хурлаар орж шийдвэрлэгдээд гарсан хариуны дагуу байр хүлээн авч банк ч зээл олгохоор зөвшөөрсөн бичгээ өгсөн. Гэр хорооллын дэд бүтцийн газар хурал удахгүй болно. Таны материал асуудалгүй гэж хүлээлгэж байгаад газрын кадастрын зөрүүтэй гэсэн асуудал яригдсан. Үүнийг надад мэдэгдээгүй би өөрөө асууж явж байж олж мэдэж кадастрын зөрүүг арилгуулж өгсөн. Хариуцагчийн төлөөлөгч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбар ямар ч үндэслэлгүй тухайн үед ажиллаж байсан мэргэжилтэн нь солигдсон байгууллага нь нүүсэн, Засаг дарга солигдсон гэх шалтгаанаар намайг хүлээлгэдэг байсан. Материал чинь дутуу байна гүйцээж ир гэсэн шаардлага надад тавьж байгаагүй, ийм баримт ч хэрэгт байхгүй. Бид материал дутуу гэдгээ мэдсэн бол орон сууцтай болох гэж байгаа хүмүүс тэр дор нь гүйцээгээд л өгөх байсан. Газар шилжүүлж авах гэрээ хийх, бусад холбогдох материалыг хүлээж авах үүрэг нь Төрийн захиргааны байгууллагын үүрэг болохоос биш, миний хариуцсан асуудал биш гэж үзэж байна. Бид одоо газар дээрээ амьдрах боломжгүй, орон сууцанд ч амьдрах боломжгүй банк байнга албан мэдэгдэл ирүүлж байраа суллахыг шаардаж хүндрэл үзүүлж байна.

Хүчин төгөлдөр худалдах, худалдан авах гэрээ байхгүй гэдэг шалтгаанаар Н.О-, М.Б- бидний гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлгүй. Харин Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.2-т заасны дагуу гэрээ байгуулсанд тооцож, нэхэмжлэлийг хангах боломжтой байсан гэж үзэж байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т зааснаар шийдвэрт нэмэлт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

                                                            ХЯНАВАЛ:

 

            Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байна.

 

            Нэхэмжлэгч Н.О-, М.Б- нар нь хариуцагч НЗДТГт холбогдуулан орон сууцны урьдчилгаа төлбөрт 39 879 450 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

            Нийслэлийн Засаг даргын 2017 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн А/449 тоот захирамжаар баталсан “Орон сууцны ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөрийн санхүүжилт олгох журам”-ыг хэрэгжүүлж эхлэх үед Нийслэлийн Засаг дарга уг журмаар тогтоосон шаардлагыг хангасан иргэдийн төлөөлөл болгон иргэн М.Б-д сонгосон орон сууцных нь түлхүүрийг 2017 оны 7 дугаар сарын 06-ны өдөр гардуулсныг хариуцагч үгүйсгээгүй.

 

            Мөн өдөр иргэн Н.О-, М.Б- нар нь Нийслэлийн орон сууцны дэд бүтцийн газарт хүсэлтээ гаргасанд гэр хорооллын дэд бүтцийн газраас 2017 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 2/416 дугаар албан бичгээр хариу өгөхдөө нэхэмжлэгчийн өмчлөлийн Чингэлтэй дүүрэг, 16 дугаар хороо, Согоотын 44 дүгээр гудамж, 493 тоот 641 м.кв газар нь Нийслэлийн гэр хорооллыг хөгжүүлэх сангаас ипотекийн зээлийн урьдчилгаа 30 хувийн дэмжлэг авах нөхцлийг хангасан, байрны урьдчилгаа 30 хувийг Нийслэлийн гэр хорооллыг хөгжүүлэх сангаас санхүүжүүлэх боломжтойг мэдэгджээ. /хх56/

 

            Дээрхээс үзвэл нэхэмжлэгч нарын өмчлөлийн газрыг орон сууцны урьдчилгаа 30 хувь олгох нөхцлийг хангасан гэж үзсэн, мөн сонгосон орон сууцных нь түлхүүрийг нэгэнт гардуулсан тул албан бичгээр хариу өгөхөөс өмнө орон сууцыг сонгож, гэрээ байгуулсан нь буруу гэх татгалзал үндэслэлгүй.

 

            Журамд заасны дагуу Нийслэлийн гэр хорооллыг хөгжүүлэх сангийн хурлаар хэлэлцүүлэх үед Н.О-, М.Б- нарын өмчлөлийн газрын хэмжээ 400 м.кв болж багассан нь 2017 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн өмчлөх эрхийн гэрчилгээгээр тогтоогдож байх бөгөөд газрын хэмжээний зөрүүтэй байдлаас хурлаар хэлэлцэгдээгүй болохыг Н.О-т 2019 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 02/646 дугаар албан бичгээр мэдэгдсэн байна. /хх58/ Нэхэмжлэгч нар нь уг мэдэгдлийн дагуу газрын хэмжээний зөрүүтэй байдлыг арилгасан байхад эрх бүхий этгээд үндэслэлгүйгээр шийдвэрлэхээс татгалзсан асуудлыг зохих ёсоор шийдвэрлээгүй гэж гомдол гаргаж шийдвэрлүүлсэн нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдохгүй байна.

 

Дээрхээс үзвэл Орон сууцны ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөрийн санхүүжилт олгох журмын 5.4-т заасны дагуу Нийслэлийн Засаг даргаас иргэн Н.О-, М.Б- нарт Сангийн хөрөнгөөс санхүүжилт олгох тухай шийдвэр гараагүй гэх үндэслэлээр гаргасан хариуцагчийн татгалзлыг буруутгах боломжгүй, зохих журмын дагуу эрх бүхий этгээд хөрөнгө гаргахыг зөвшөөрсөн нь тогтоогдохгүй байна.

 

            Иймд нэхэмжлэгч Н.О-, М.Б- нарын орон сууцны урьдчилгаа төлбөрийн 30 хувь болох 39 879 450 төгрөгийг Голомт банкинд төлөх үүрэг НЗДТГт хууль болон гэрээгээр үүссэн, тодруулбал, нэхэмжлэгч нарын өмнөөс өрийг нь шилжүүлж авсан, үүргийг гүйцэтгэх гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэл бүрдээгүй байна. Нэхэмжлэгч нарт хариуцагчаас үүрэг шаардах эрх үүсээгүй байх тул шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь зөв.

 

            Харин хариуцагч талын газрыг орон сууцны урьдчилгаа 30 хувийн төлбөрт авах боломжтой тухай мэдэгдсэн, түлхүүр гардуулсан үйлдлээс үүдэн нэхэмжлэгч нар нь өмчлөлийн газар дээрх хувийн сууцаа буулгасан, хохирол учирсан гэж үзвэл гэрээ байгуулах шатанд итгэл төрүүлсний улмаас учирсан хохирлыг арилгуулахаар Иргэний хуулийн 187 дугаар зүйлийн 187.3 дахь хэсэгт зааснаар шаардах эрхийг шүүхийн энэхүү шийдвэр, магадлал нь хөндөхгүй болно.

 

            Дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн    167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 182/ШШ2020/00298 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай. 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 357 348 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                                         ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                                       ШҮҮГЧИД                                    Э.ЗОЛЗАЯА

 

А.ОТГОНЦЭЦЭГ