Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 001/ХТ2022/00132

 

                              ,,,,,,,,,, , ,,,,,,,,, нарын нэхэмжлэлтэй

                                                 иргэний хэргийн  тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Х.Эрдэнэсувд даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 182/ШШ2020/00298 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 760 дугаар магадлалтай,

,,,,,,,,,, , ,,,,,,,,, нарын нэхэмжлэлтэй,

,,,,,,,,,,,,,,,,,,,,,,  газарт холбогдох

39,879,450 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Банзрагчийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,, , нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Б.Жаргалсайхан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Болортуяа, нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч ,,,,,,,,,, , ,,,,,,,,, нар нь хариуцагч ,,,,,,,,,,,,,  газарт холбогдуулан орон сууцны ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөрт 39,879,450 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

2. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 182/ШШ2020/00298 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хариуцагч ,,,,,,,,,,,,,  газарт холбогдуулан “Орон сууцны ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөрийн санхүүжилт олгох журмын” 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт заасны дагуу орон сууцны ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөр 39,879,450 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэгч ,,,,,,,,,, , ,,,,,,,,, нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 760 дугаар магадлалаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 182/ШШ2020/00298 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Санчиндорж хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.02.05-ны өдрийн 182/ШШ2020/00298 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.04.03-ны өдрийн 760 дугаар магадлалыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

4.1. ,,,,,,,,,,,,,  газарт холбогдуулан орон сууцны урьдчилгаа төлбөр 39,879,450 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба шүүх Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсгийг үндэслэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, уг шийдвэрийг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисонд гомдолтой байна.

4.2. Иргэн ,,,,,,,,,, , ,,,,,,,,, нар нь нийслэлийн гэр хорооллыг хөгжүүлэх зорилгоор орон сууцны ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөрийн санхүүжилт олгох журмыг Нийслэлийн Засаг даргын 2017.06.16-ны өдрийн А/449 дүгээр захирамжаар баталж хэрэгжилтийг хангахыг ,,,,,,,,,,,,,  газарт даалгасан. ,,,,,,,,,, , ,,,,,,,,, нар нь дээрх журамд заасан шаардлагыг хангаж материал бүрдүүлж өгч эхний шатны хурлаар орж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболдоос орон сууцны түлхүүрийг гардаж авсан. Мөн Гэр хорооллын дэд бүтцийн газраас 2017.07.20-ны өдөр журмын дагуу зээлийн урьдчилгаа 30 хувь авах нөхцөлийг хангасан, 70 м.кв-аас ихгүй, 1 м.кв-ийн үнэ 2 сая төгрөг хүртэл байх орон сууцнаас сонгон авах байрны урьдчилгаа 30 хувийг Нийслэлийн Гэр хорооллыг хөгжүүлэх сангаас санхүүжүүлэх боломжтой болно гэсэн хариу өгсний дагуу дээрх бичгийг банк, орон сууц борлуулж буй компанид тус тус үзүүлж зээлээ судлуулж хариу авсан. Зүгээр нэг иргэн байр авмаар байна гэхэд урьдчилгаа төлбөрийн санхүүжилтийн эх үүсвэрийг ямар ч байгууллага харж шалгадаг. Бидний материал эхний шатны хурлаар орж шийдвэрлэгдээд гарсан хариуны дагуу байр хүлээн авч банк ч зээл олгохоор зөвшөөрсөн бичгээ өгсөн.

4.3. Гэр хорооллын дэд бүтцийн газар хурал удахгүй болно, таны материал асуудалгүй гэж хүлээлгэж байгаад кадастрын зөрүүтэй гэсэн асуудал яригдсан. Үүнийг надад мэдэгдээгүй, би өөрөө асууж явж байж олж мэдэж кадастрын зөрүүг арилгуулж өгсөн. Хариуцагчийн төлөөлөгч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбар ямар ч үндэслэлгүй, тухайн үед ажиллаж байсан мэргэжилтэн нь солигдсон, байгууллага нь нүүсэн Засаг дарга солигдсон гэх шалтгаанаар намайг хүлээлгэдэг байсан. Материал чинь дутуу байна, гүйцээж ир гэсэн шаардлага надад тавьж байгаагүй. Материал дутуу гэдгээ мэдсэн бол би орон сууцтай болох гэж байгаа хүн гүйцээгээд л өгнө. Газар шилжүүлж авах гэрээ хийх, бусад холбогдох материалыг хүлээж авах үүрэг нь төрийн захиргааны байгууллагын үүрэг болохоос миний хариуцсан асуудал биш гэж үзэж байгаа бөгөөд иргэн намайг хохироож, газар дээрээ амьдрах боломжгүй, орон сууцанд ч амьдрах боломжгүй, банк байнга албан мэдэгдэл ирүүлж хүндрэл үзүүлж байна. Хүчин төгөлдөр худалдах-худалдан авах гэрээ байхгүй гэдэг шалтгаанаар ,,,,,,,,,, , ,,,,,,,,, бидний гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлгүй. Харин Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.2 дахь заалтад заасны дагуу гэрээ байгуулсанд тооцох боломжтой байсан.

4.4. Давж заалдах шатны шүүх Нийслэлийн Засаг даргаас иргэн ,,,,,,,,,, , ,,,,,,,,, нарт Сангийн хөрөнгөөс санхүүжилт олгох тухай шийдвэр гаргаагүй үндэслэлээр хариуцагчийн татгалзлыг зөвтгөж, эрх бүхий этгээд хөрөнгө гаргахыг зөвшөөрсөн нь тогтоогдоогүй, нэхэмжлэгч нарт хариуцагчаас үүрэг, шаардах эрх үүсээгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосоныг зөв гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Учир нь Нийслэлийн Засаг дарга түлхүүр гардуулж өгдөг, шийдвэр гаргах нь тодорхой гэж бодсон, мөн албан бичиг хийж өгч, зээлд хамрагдах боломжтой гэсэн. Үүнээс үзэхэд үүрэг үүссэн, хөрөнгө гаргах, шийдвэр гаргах нь төрийн захиргааны байгууллагын үүрэг тул анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

5. Хариуцагч “нэхэмжлэгчийн гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй, шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж өгнө үү” гэсэн тайлбар гаргав.

 

ХЯНАВАЛ:

6. Шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй байна.

7. Нэхэмжлэгч ,,,,,,,,,, , ,,,,,,,,, нараас хариуцагч ,,,,,,,,,,,,,  газарт холбогдуулан “орон сууцны ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөрт 39,879,450 төгрөгийг гаргуулах”-аар нэхэмжилснийг анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгосон, давж заалдах шатны шүүх хэвээр үлдээсэн.

8. Нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...Бид орон сууцны ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөрийн санхүүжилт олгох журамд заасан нөхцөл шалгуурыг хангасан тул холбогдох материалаа бүрдүүлж өгсөн, үүний дагуу 2017.07.06-ны өдөр Нийслэлийн Засаг даргаас Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Шинэ өргөө хорооллын 619-9 тоот хаягт байрлах орон сууцны түлхүүрийг гардан авсан...Гэр хорооллын дэд бүтцийн газраас байрны урьдчилгаа 30 хувийг “Нийслэлийн Гэр хорооллыг хөгжүүлэх сан”-аас олгох боломжтой талаар мэдэгдсэн тул төсөл хэрэгжүүлэгчтэй орон сууц худалдах-худалдан авах гэрээ байгуулж, Голомт банкнаас зээл авахаар болсон... Гэтэл  ,,,,,,,,,,,,,  газар нь журамд заасан 30 хувийн санхүүжилтийг олгохгүй биднийг хохироож байна. Иймд орон сууцны ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөрийн санхүүжилт олгох журам-ын 3.1-д заасны дагуу зээлийн урьдчилгаа төлбөр 39,879,450 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү” гэжээ.

9. Энэхүү нэхэмжлэлийн шаардлагын агуулгаас үзвэл, нэхэмжлэгч нар нь Нийслэлийн Засаг даргын 2017 оны А/449 дүгээр захирамжаар батлагдсан “Орон сууцны ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөрийн санхүүжилт олгох журам”-ын дагуу ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөрийг шаардсан байх бөгөөд уг журмын зорилго нь нийслэлийн гэр хорооллыг хөгжүүлэх, агаарын бохирдлын голомт, агаарын чанарыг сайжруулах I, II-р бүсийн айл өрхийг хөнгөлөлттэй нөхцөлөөр орон сууцаар хангах зорилтыг хэрэгжүүлэхийн тулд шаардлага хангасан иргэдэд Гэр хорооллыг хөгжүүлэх сангийн хөрөнгөөс тодорхой хэмжээний урьдчилгаа төлбөрийг олгох (оронд нь тухайн иргэн өөрийн газар өмчлөх, эзэмших, ашиглах эрхийг үнэ төлбөргүй шилжүүлэх)-д чиглэгдсэн нийтийн эрх зүйн хэм хэмжээ байх бөгөөд нэхэмжлэгч нарын шаардах эрхийн үндэслэл нь уг журам байна.

10. Дээрх журмын дагуу шаардлага хангасан иргэн, холбогдох баримт бичгийг бүрдүүлэн Сангийн удирдах хороонд хүргүүлэх ба хорооны Ажлын алба хянаад, шаардлага хангасан тохиолдолд Сангийн удирдах хорооны хуралд оруулах, хороо санхүүжилт олгох саналыг гаргаж Нийслэлийн Засаг даргад хүргүүлэх, улмаар эцсийн шийдвэрийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч гаргахаар заажээ.

11. Энэ хэргийн тухайд, нэхэмжлэгч нар нь “журмын дагуу холбогдох баримтаа өгсөн байхад хариуцагч асуудлыг шийдвэрлэхгүй, урьдчилгаа төлбөр өгөхгүй биднийг хохироож байна” гэж, хариуцагч “нэхэмжлэгчийн өгсөн материал нь зөрчилтэй байсан тул хурлаар оруулаагүй, эрх бүхий Засаг даргын шийдвэр гараагүй тул урьдчилгаа төлбөрийг олгох боломжгүй” гэж маргасан.

12. Үүнээс үзвэл, талуудын хооронд хувийн эрх зүйн (Иргэний хуулийн) хүрээнд бус, харин дээрх нийтийн эрх зүйн хэм хэмжээний хүрээнд захиргааны байгууллагын (хууль бус) эс үйлдэхүйтэй холбоотойгоор захиргааны маргаан үүссэн байна.

13. Гэтэл хоёр шатны шүүх харьяаллын бус маргааныг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.1.-д “энэ хуулийн 13 дугаар зүйлд заасан хэргийн харьяалал зөрчсөн” бол нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах журмыг зөрчсөн гэж үзнэ. Энэ үндэслэл хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед тогтоогдвол хэргийг хэрэгсэхгүй болгохоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1.-д зохицуулсан байна.

14. Нэгэнт харьяаллын бус маргаан тул хяналтын шатны шүүхээс нэхэмжлэгч нарын гомдлыг хянан хэлэлцэх боломжгүй. Нэхэмжлэгч нараас захиргааны журмаар гомдол, нэхэмжлэл гаргахад уг тогтоол саад болохгүйг дурдах нь зүйтэй.

15. Иймд, шүүх бүрэлдэхүүн нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангалгүй орхиж, шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгохоор тогтов. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 182/ШШ2020/00298 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 760 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1.-д заасныг баримтлан ,,,,,,,,,,,,,  газраас 39,879,450 төгрөг гаргуулах тухай ,,,,,,,,,, , ,,,,,,,,, нарын нэхэмжлэлтэй хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар нэхэмжлэгч нарын хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдөр төлсөн 357,348 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Х.ЭРДЭНЭСУВД

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                             Г.АЛТАНЧИМЭГ

                                    ШҮҮГЧИД                                                    Г.БАНЗРАГЧ

                                                                                                         П.ЗОЛЗАЯА

                                                                                                         С.СОЁМБО-ЭРДЭНЭ